| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Маанийн Мөнхтөр |
| Хэргийн индекс | 102/2017/00897/И |
| Дугаар | 102/ШШ2017/01465 |
| Огноо | 2017-05-19 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 102/ШШ2017/01465
| 2017 оны 05 сарын 19 өдөр | Дугаар 102/ШШ2017/01465 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, Монос 2 дугаар гудамж, 27б тоотод оршин суух, Тугчин овогт Баатарын Мөнх-Очирын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 44 дүгээр байрны 68 тоотод оршин суух,Цагаагчид овогт Бэгзжавын Золзаяа,
Хариуцагч: Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 80 дугаар байрны 20 тоотод оршин суух, Хан хөгшин овогт Төмөрбатын Солонго нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2,316,300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Мөнхбаяр, хариуцагч Б.Золзаяа, Т.Солонго, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Түмэн-Өлзий нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Мөнхбаярын шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч Б.Мөнх-Очир нь 2016 оны 10 дугаар сарын 1-ний өдөр БНСУ-ын найдвартай виз гаргаж өгнө гэсэн зарын дагуу 90770522 дугаарын утсаар холбогдон, улмаар мөн сарын 5-ны өдөр Баянгол дүүргийн Эрүүл мэндийн 7 дугаар төвийн гадна Золзаяа гэгчтэй уулзахад “манай эгч Солонго БНСУ-ын Монгол дахь элчин сайдын яаманд ажилладаг, бид олон жил виз найдвартай гаргаж байна” гэж хэлсэн. Бид 10 хоногийн дотор материал бүрдүүлээд 14 хоногийн дотор элчинд өгөөд 24 цагийн дотор виз гаргуулахаар тохиролцсон. 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Золзаяа нь “урьдчилгаа 1,500,000 төгрөг хэрэгтэй” гэхээр нь зээлийн гэрээ байгуулж данс руу нь шилжүүлсэн. Гэвч удалгүй Т.Солонго утсаар ярьж банкинд байршуулах 500,000 төгрөг хэрэгтэй гэхээр нь түүний Хаан банкин дахь данс руу шилжүүлсэн. Үүнээс хойш удаа дараа утсаар ярьж лавлаж асуухад Т.Солонго гэгч нь “жоохон хүлээж бай” гэсээр 2016 оны 12 дугаар сарын 1-нд очиж уулзахад “чиний материал бүрдэхгүй байна, компанийн нэр дээр бүрдүүлье, Н.Ганбат гэх хүнээс “Эмээгийн мантуу” ХХК-г худалдаж ав” гэж хэлсний дагуу тухай компанийн ААНОА татвар болох 306,000 төгрөгийг надаар төлүүлсэн. Ингээд компанийн нэр дээр материал бүрдүүлж өгсөн боловч виз олгохоос татгалзсан хариуг өгсөн тул Б.Золзаяагаас түүнтэй байгуулсан зээлийн гэрээний дагуу шилжүүлсэн 1,500,000 төгрөгийг, Т.Солонгоос банкинд байршуулсан 500,000 төгрөг, болон “Эмээгийн мантуу” ХХК-ийн ААНОАТ-т төлсөн 306,000 төгрөг, нотариатын 10,3000 төгрөг, нийт 816,300 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Б.Золзаяагийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Т.Солонго “чи надад хүн олж өгсөн тохиолдолд чиний визийг хямралтай гаргана” гэж хэлсэн учраас би итернетэд зар тавьж, нэхэмжлэгч Б.Мөнх-Очирыг зуучилж Т.Солонготой уулзуулсан. Б.Мөнх-Очироос авсан 1,500,000 төгрөгийг би хувьдаа авч хэрэглээгүй, Т.Солонгод өгсөн. Нотариатын болон татварын 306,000 төгрөгийг би мэдэхгүй. Мөн Т.Солонгын данс руу шилжүүлсэн 500,000 төгрөгийг Б.Мөнх-Очирт буцааж өгсөн гэв.
Хариуцагч Т.Солонгын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 306,000 төгрөгийн хувьд би Б.Мөнх-Очирыг дагуулж яваад н.Ганбат гэдэг хүний компанийг Б.Мөнх-Очирын нэр дээр шилжүүлэхэд татварт төлсөн. Тэгээд Б.Мөнх-Очир “компанийн гэрчилгээг танд буцааж өгөхгүй би өөрөө виз ээ гаргаж авна” гэж хэлээд надад гэрчилгээг өгөөгүй. Б.Мөнх-Очир тэр компанийн татвар төлсөн баримт байгаа. Мөн “1,000,000 төгрөгөөр урилга” ирнэ гэхэд Б.Мөнх-Очир өөрөө зөвшөөрсөн. Бидний бүрдүүлсэн материалаар өөрөө Солонгос руу гарсан байж дараа нь шүүхээр явж байна гэв.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Мөнх-Очир нь хариуцагч Б.Золзаяа, Т.Солонго нарт холбогдуулж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2,316,300 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
Дараах үндэслэлээр шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Б.Мөнх-Очир нь хариуцагч Б.Золзаяатай 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 1,500,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, хүүгүйгээр зээлдүүлсэн бөгөөд гэрээний хугацаа дууссан боловч хариуцагч нь зээлсэн мөнгөө эргүүлж төлөөгүй байх тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар шаардах эрхтэй байна. Харин талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээгээр хүү, алданги төлөхөөр тохиролцоогүй, нэхэмжлэгч хүү, алдангийг нэхэмжлээгүй болно.
Мөн нэхэмжлэгч Б.Мөнх-Очир нь хариуцагч Т.Солонготой амаар харилцан тохиролцож буюу БНСУ-ын визэнд ороход шаардагдах 500,000 төгрөгийг түүний данс руу шилжүүлсэн нь Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-д “Зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс, шагнал төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан зуучлалын гэрээний шинжийг агуулсан байна. Хариуцагч Т.Солонго нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж чадаагүй тул нэхэмжлэгч Б.Мөнх-Очир шаардах эрхтэй, хариуцагч Т.Солонго төлбөрийг буцаан төлөх үүрэгтэй гэж үзлээ.
Харин “Эмээгийн мантуу” ХХК-ийг нэхэмжлэгч Б.Мөнх-Очирын нэр дээр шилжүүлж авахад тухайн компанийн улсад төлөх ёстой аж ахуйн нэгжийн орлогын албан татварын өр болох 306,000 төгрөгийг Б.Мөнх-Очир Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн дансанд тушаасан гэх баримт хэрэгт авагдсан боловч тухайн компани нь Н.Ганбат гэх хүний эзэмшлийнх байсан, одоо Б.Мөнх-Очирын нэр дээр шилжсэн болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар тогтоогдож байх тул энэ төлбөрийг хариуцагч Т.Солонгоос гаргуулах үндэслэлгүй гэж үзлээ.
Иймд хариуцагч Б.Золзаяагаас 1,500,000 төгрөг, хариуцагч Т.Солонгоос 500,000 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.Мөнх-Очирт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Б.Золзаяагаас 1,500,000 төгрөг, мөн Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-д зааснаар хариуцагч Т.Солонгоос 500,000 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.Мөнх-Очирт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 316,300 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 52,020 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Золзагаас 38,950 төгрөг, хариуцагч Т.Солонгоос 15,650 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасныг баримтлан шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР