| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хасбаатарын Ганболд |
| Хэргийн индекс | 108/2022/0089/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/84 |
| Огноо | 2022-04-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Баясгалан |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 04 сарын 12 өдөр
Дугаар 2022/ШЦТ/84
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож,
Улсын яллагч Г.Баясгалан,
Хохирогч Б.*******,
Шүүгдэгч Т.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******н *******ид холбогдох эрүүгийн 2207 00025 0065 дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ******* өдөр ******* аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, *******, жолооч ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт *******,******* тоотод оршин суудаг, урьд ял шийтгэгдэж байгаагүй, /РД: /,
******* овогт *******н *******.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т.******* нь тоот дахь гэртээ 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 18 цагийн орчимд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн харилцан хамаарал бүхий хүн болох өөрийн эхнэр Б.*******тай хэрүүл маргаан үүсгэж түүний биед гараараа цохих, өшиглөх зэргээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь гэмт хэргийн талаар дараах байдлаар мэдүүллээ. Үүнд:
Шүүгдэгч Т.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “....Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учраас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй....” гэв.
Хохирогч Б.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “....Хэрэг гарахын өмнө өдөр би аавындаа байсан. Маргааш нь гэртээ нөхөр өглөө ажилдаа явлаа гээд явсан. Өдөр 16 цагийн үед согтуу ирсэн. Орой 21 цагийн үед нөхөр гэртээ ирж, намайг зодсон. Дийлэхгүй болохоор нь цагдаа дуудлаа гэсэн. Гэтэл шонгийн модноос өөрийгөө боолоо гэсэн. Гэрт орж ирээд дахин өөрийгөө бооно гэсэн. Би эмэгтэй дүүгээ дуудсан. Дүүг ирэхэд Г.******* зөрж гараад зугтаасан. Хээр хамаг хувцсаа тайлаад дийлэхгүй болохоор нь цагдаа дуудаж өгсөн. Тэр шөнөдөө эрүүлжүүлэхэд хоносон. Маргааш нь гаргаж авсан...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт Улсын яллагчийн зүгээс гэмт хэргийн талаар дараах
байдлаар нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
Хохирогч Б.******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 21-ний шөнө нөхөр Т.******* орноосоо босож, ямар ч шалтгаангүйгээр намайг сэрээж “би ер нь чамтай хамт амьдарч чадахгүй, хоёулаа салъя” гээд надтай шөнөжин хэрүүл маргаан хийгээд...гэрээс гараад явчихсан...Маргааш үдээс хойш 16 цагийн үед гэртээ ирээд удаагүй байж байтал манай нөхөр Т.******* гаднаас архи уучихсан согтуу орж ирсэн. Тэгээд намайг орон дээр хэвтэж байхад татаж босгоод нүүр лүү буюу үүдэн шүд хавьцаа минь зүүн гараараа 1 удаа гараа атгаж байгаад цохисон, цохиулснаас болоод миний дээд үүдэн 1 шүд хөдөлж амнаас цус гарсан. Тэгээд би доошоо хараад нүүрээ дараад суутал намайг үсдэж босгож ирээд гэр дотор чирж байгаад нуруу руу маань хөлөөрөө 2-3 удаа өшиглөсөн...Т.******* надад “би чиний нүдэн дээр чинь үхэж гай болно” гэж хэлээд гэрийн тоононоос уртасгагч уяж өөрийгөө боох гээд дайраад байсан, тэгэхээр нь би түүнийг болиулах гээд байж байтал гаднаас манай дүү орж ирээд надтай хамт манай нөхрийг болиулахад Т.******* гэрээс гарч зугтаасан...” /хх-9-10/ гэх мэдүүлэг,
Насанд хүрээгүй гэрч С. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Н, тоот дахь Б.******* эгчийнд илүү гэр нь байж байхад 16 билүү 17 цагийн үед Б.******* эгчийн гэрээс Т.******* ахтай хэрүүл хийгээд байгаа чимээ шуугиан гарсан. Тэгээд гэр лүү нь яваад ортол Т.******* ах согтуу, Б.******* эгчийг үсдээд, гараараа нүүр лүү нь цохисон. Ингээд би тэр дариудаа Т.******* ахыг Б.******* эгчээс салгаад байж байтал Т.******* ах “би үхнэ, амиа хорлоно” гээд байсан... Тухайн үед Б.******* эгчийн амнаас нь цус гарч байсан..." /хх-15/ гэх мэдүүлэг,
Гэрч Б. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 21-ний...үдээс хойш 17 цагийн үед намайг гэртээ байж байтал Б.******* эгч над руу залгаад “яаралтай хүрээд ир” гэсэн. Тэгэхээр нь яваад очтол Т.******* архи уучихсан эгчтэй хэрүүл маргаан хийгээд байж байхаар нь цагдаа дуудлаа гэсэн. Тэгсэн чинь Т.******* “би өөрийгөө бооно” гэж орилж чарлаад гэрээс гараад явсан...” /хх-24/ гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 35 дугаартай дүгнэлт:
Шүүгдэгч Т.******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “... 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр цэргийн ангиасаа 100 жилийн ойн медалиар шагнагдаад баяраа тэмдэглээд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тухайн өдөр 16 цагийн үед уусан архинаасаа болоод өөрийн эхнэр *******тай гэртээ “ гэрээс гаргахгүй “ гэх шалтгаанаас болж хэрэлдсэн уурандаа Б.*******ын нүүр буюу үүдэн шүд рүү нь гараараа 1 удаа цохисон юм. /хх-46/ гэх мэдүүлэг,
Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-86-87/ ,
Шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шүүгдэгч Т.*******ид холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “санаатайгаар хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан“ гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай талаарх дүгнэлтийг гаргажээ.
Шүүх хуралдаанд шүүгдэгчийн үйлдлийн талаар шинжлэн судалсан дараах нотлох баримтууд болох:
Хохирогч Б.*******ын өгсөн: “...манай нөхөр Т.******* гаднаас архи уучихсан согтуу орж ирсэн. Тэгээд намайг орон дээр хэвтэж байхад татаж босгоод нүүр лүү буюу үүдэн шүд хавьцаа минь зүүн гараараа 1 удаа гараа атгаж байгаад цохисон, цохиулснаас болоод миний дээд үүдэн 1 шүд хөдөлж амнаас цус гарсан. Тэгээд би доошоо хараад нүүрээ дараад суутал намайг үсдэж босгож ирээд гэр дотор чирж байгаад нуруу руу маань хөлөөрөө 2-3 удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг, Насанд хүрээгүй гэрч С. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...гэр лүү нь яваад ортол Т.******* ах согтуу, Б.******* эгчийг үсдээд, гараараа нүүр лүү нь цохисон. Ингээд би тэр дариудаа Т.******* ахыг Б.******* эгчээс салгаад байж байтал Т.******* ах “би үхнэ, амиа хорлоно” гээд байсан... Тухайн үед Б.******* эгчийн амнаас нь цус гарч байсан..." гэх мэдүүлэг, Гэрч Б. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б.******* эгч над руу залгаад “яаралтай хүрээд ир” гэсэн. Тэгэхээр нь яваад очтол Т.******* архи уучихсан эгчтэй хэрүүл маргаан хийгээд байж байхаар нь цагдаа дуудлаа гэсэн...”гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 35 дугаартай дүгнэлтэд Б.*******ын биед баруун дээд 1-р шүдний сулрал, буйланд цус хуралт гэмтэл тогтоогдлоо, Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. гэх шинжээчийн дүгнэлт, Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл..” зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Т.******* нь тоот дахь өөрийн гэртээ 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 18 цагийн орчимд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн эхнэр Б.*******тай гэрээс явуулаагүй гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж түүний нүүрэнд гараараа цохих, нуруу нь хөлөөрөө өшиглөх зэргээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Т.*******ид холбогдох эрүүгийн хэрэгт авагдсан шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож буй дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.
Иймд шүүхээс шүүгдэгч Т.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн
11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол
санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Т.*******ид холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас шүүгдэгчтэй мөрдөн шалгах ажиллагаанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах талаар тохиролцсныг шүүх хянаад Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон түүнд тохиролцсон торгох ялыг оногдуулж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******н *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******ид 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******ид оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь хуулинд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Шүүгдэгч Т.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ГАНБОЛД