Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/91

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэпүрэв,

Улсын яллагч Д.Аянагүл,

Насанд хүрээгүй хохирогч Б.*******, түүний хууль ёсны төлөөлөгч Ц.*******,

Шүүгдэгч Ц.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******гийн *******д холбогдох эрүүгийн 2207 00000 0056 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, ******* өдөр *******т төрсөн 38 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, ******* мэргэжилтэй, ******* газарт ажилладаг, ам бүл 3, 4-14 насны  хүүхдүүдийн хамт тоотод оршин суух бүртгэлтэй,

урьд Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 311 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500,000 төгрөгөөр торгуулийн ялаар шийтгүүлсэн, регистрийн дугаар //,

******* овогт *******гийн *******.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Ц.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр тоотод насанд хүрээгүй Б.*******г “чимээгүй байцгаа, хүүхэд айлгаад байна” гэж хэлсэн үгэнд нь дургүйцэн түүний нүүрэн тус газарт нь цохих, маажих зэргээр халдсаны улмаас биед нь тархи доргилт, зүүн хацар, цээжинд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн оролцогч нар гэмт хэргийн талаар дараах байдлаар мэдүүллээ. Үүнд:

Шүүгдэгч Ц.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Намайг очиход тэднийх тогоо таслуулчихсан, хав харанхуй байсан. Ямар ч юм авч шидэх боломжгүй байсан бөгөөд бид нар гэрт нь ороод авчирсан архиа уугаагүй, пиво уучхаад гарахдаа архиа бүгдийг нь аваад гарсан. Архины шилээ шидээгүй, архиа бүгдийг нь аваад явсан. ******* рүү яагаад уурласан бэ гэхлээр ээжийгээ “тог тасарсан байна, тогныхоо мөнгийг өгчихөд яадаг юм бэ, гичий минь” гэж хэлэхээр нь би архи уучихсан байсан болохоор “чи яасан том толгойтой болчихсон юм бэ, аавынхаа араас явах гээд байгаа юм уу” гэж би хэлсэн. Тэгээд би очиж алгадсан. Шанагаар би цохиогүй, харанхуй байсан болохоор юу ч харагдаагүй. Ороход хүүхдүүд харанхуй байсан болохоор айчихсан байдалтай байсан...” гэв.

 

Насанд хүрээгүй хохирогч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Манайх тог тасарчихсан хав харанхуй байсан. Яагаад намайг зодсон бэ гэхлээр манайд хүмүүс ирчхээд дуулалдаад байсан. Манай хамгийн бага дүү 1 настай жоохон болохоор айгаад уйлаад байсан. Тэгэхээр нь би “та нар нялх, нярай хүүхэдтэй айлд орж ирчхээд жоохон чимээгүй байгаач ээ” гэж хэлтэл “чи яасан том болсон гичий вэ” гэсэн. Бас цуг орж ирсэн манай хамаатан гээд байсан эгч “энэ ноорхой чинь яасан том толгойтой болчихсон юм бэ, аавынхаа араас гарч ирж байгаа ялтан юм уу чи” гээд байхаар нь “миний ямар байх та нарт ямар хамаатай юм бэ, манайхаас зайлаа” л гэж хэлсэн...” гэв.

 

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Надад нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй. Гэхдээ сая ******* “ээжийгээ гичий” гэж худлаа ярьчихлаа. Манай хүүхэд ээжийгээ тэгж хэлэхгүй. Харин эгч аав чинь ялтан болоод явчихлаа одоо чи аавынхаа араас ялтан болох гээд том, том дуугараад байгаа юм уу гэсэн...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт Улсын яллагчийн зүгээс гэмт хэргийн талаар дараах

байдлаар нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.  Үүнд:

 

Насанд хүрээгүй хохирогч Б.******* нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 02 дугаар 10-ны орой 18 цагийн үед тоот гэрт маань гаднаас манай ээжийн төрсөн дүү Ц.******* ажлынхаа газрын /бүтэн нэрийг нь мэдэхгүй/, , гэх хүмүүсийн хамт 3 шил архи, 1 том савтай пивотой орж ирж манайд бөөндөө архиа хувааж ууцгаасан... Тэгсэн тэр хэд уусан архиндаа согтож дуу дуулцгаагаад чанга, чанга орилоод эхлэх үед манай дүү /1 настай/ тэд нараас айгаад уйлаад эхэлсэн. Тэгэхээр нь уур хүрээд тэр хэдэд “та нар айлд орж ирчхээд аятайхан чимээ шуугиангүй байгаа ч, хүүхэд айлгаад байна” гэсэн чинь Ц.*******аа над руу согтуурхаж “чи чинь яасан том толгойтой том болчихсон юм бэ, аавынхаа араас гарч байгаа ялтан уу” гэж уурласан. Тэгэхээр нь би тэд нарт “миний ямар байх та нарт хамаагүй одоо манайхаас архиа аваад гарцгаа” гэж уурласан чинь Ц.*******аа над руу архиныхаа шилийг шидэж миний нурууг оносон. Дараа нь сууж байсан хуванцар сандлаараа миний толгой руу хоёр удаа цохисон. Дараа нь гэрийн хуванцар шанагаар миний толгой руу хоёр удаа дахиад цохиод намайг үсдээд байсан. Тэгээд би түүнийг эсэргүүцэж хоёр гарыг нь бариад гэрээсээ гаргах гэж оролдсон... Ц.******* намайг хуванцар сандал, хуванцар шанагаар тэдгээр эд зүйл хугарч эвдэрсэн учир гаргаад хаячихсан. Одоо манайд байхгүй. Миний биед учирсан гэмтлийг тухайн үед Ц.*******аа миний толгой руу гараараа болон гэрийн хуванцар шанагаар цохиж тархи доргилт гэмтлийг надаас салахгүй зууралдаж байх үед миний нүүр, зүүн гарын шуу, зүүн бугалга, зүүн сарвуунд зулгаралт гэмтлийг тус тус учруулсан” /хх-7/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Ц.******* нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ц.******* Б.******* рүү уурлаж дайраад түүн рүү гэрт байсан хуванцар шанага, хуванцар сандлаар толгой руу нь цохиж нүүр рүү нь алгадаж байсан” /хх-11-12/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Э. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ц.******* Б.******* рүү “чиний аав шоронд ороо биздээ чамд ямар хамаатай юм бэ, чи яасан том болчихсон юм бэ” гэж уурлаад түүн рүү Ц.*******ын гэрт байсан гартаа тааралдсан эд зүйлсээ авч шидээд Б.*******г үсдээд нүүрийг нь маажаад алгадаад толгой руу нь цохиод айсан. Тэгэхээр нь би тэр хэдийн хэрүүл маргаанаас төвөгшөөгөөд буцаад гэр лүүгээ яваад өгсөн. Намайг тэднийхээс гарах гэж байхад Ц.******* л Б.******* рүү дайрч зодоод байсан. Бусад хүмүүс нь салгах гээд зууралдацгаагаад байсан. Ц.******* нь Б.******* рүү хуванцар шанага, жижиг хуванцар сандал авч шидээд байх шиг байсан. Би тэдгээр эд зүйлс эвдэрсэн эсэхийг мэдэхгүй байна.” /хх-13/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Х. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний мэдэхийн гэрт байхад Ц.*******аа Б.*******ий нүүр лүү нь алгадсан. Харин сүүлд хашаанд дотор надтай хэрүүл маргаан хийж зууралдаж байх үед Б.******* гэх хүүхэд өөрөө бид хоёрын дундуур орж ирээд байсан. Тэр үед санамсар болгоомжгүйгээр түүнийг бид нэг маажиж, шахаж, түлхсэн зүйл байгаа байх. Тэнд байсан хүмүүсээс өөр түүний биед халдаж цохиж, зодсон зүйл огт байхгүй” /хх-15/ гэх мэдүүлэг,

 

Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын Багахангай, Налайх дүүргийн Шүүхийн шинжилгээний хэсгийн шинжээч эмч С.ы гаргасан 107 дугаартай дүгнэлт:

  1. Б.*******ий биед тархи доргилт, зүүн хацар, цээж, зүүн бугалга, зүүн шуу, сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдагдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. /хх-30-32/ гэх дүгнэлт

          Шинжээч С.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ тархи доргилт гэмтэл нь толгойн аль нэг хэсэгт мохоо зүйлийн  нэг удаагийн болон түүнээс дээш удаагийн цохих , цохигдох хүчний үйлчлэлээр үүсэх ба үүссэн цагаас эхлэх зовиур шаналгаа илэрнэ. Тархи доргилт нь дангаараа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..” /хх-33/ гэх мэдүүлэг,

          Шүүгдэгч Ц.******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...тухайн үед Ц.*******ын гэрт очихдоо дэлгүүрээс авсан архи 2 шил 1 том савтай пиво бид хэд хувааж ууж байтал гэнэт *******ын хүү Б.******* ээж рүүгээ “ тогныхоо мөнгийг өгч байхад яасан юм бэ” гээд уурлаад эхэлсэн. Тухайн үед бид хэдийн хувааж ууж байсан архинаас 1 шил  нь олдохгүй алга болчихоор нь хоорондоо архи яав гээд ярилцаж байхад ******* “би тэр архийг чинь хараагүй шүү та нар одоо явцгаа” гээд уурлаад байхаар нь миний уур хүрээд түүнд “ чи аавынхаа араас шоронд орох чинь дутаа юу” гэж хэлээд түүний нүүр лүү баруун гараараа 1 удаа алгадчихсан юм. Алгадахдаа хумсаараа нүүрийг нь бага зэрэг маажчихсан..” /хх-44/ гэх мэдүүлэг,

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар бичгэн баримтууд /хх-50-72/,

Насанд хүрээгүй хохирогч Б.*******гийн нас тоолсон тэмдэглэл /хх-73/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.*******д холбогдсон гэмт хэргийн гэм буруутай гэж үзэн улсын яллагчаас “шүүгдэгч Ц.******* нь Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах”  дүгнэлтийг гаргажээ.

 

Шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Ц.******* нь : “******* рүү яагаад уурласан бэ гэхээр ээжийгээ “тог тасарсан байна, тогныхоо мөнгийг өгчихөд яадаг юм бэ, гичий минь” гэж хэлэхээр нь би архи уучихсан байсан болохоор “чи яасан том толгойтой болчихсон юм бэ, аавынхаа араас явах гээд байгаа юм уу” гэж би хэлсэн. Тэгээд би очиж алгадсан” гэж мэдүүлсэн ч шүүгдэгчийн холбогдсон үйлдлийн талаар талууд шинжлэн судалсан энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дараах нотлох баримтууд болох: Насанд хүрээгүй хохирогч Б.*******гийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ц.*******аа над руу согтуурхаж “чи чинь яасан том толгойтой том болчихсон юм бэ, аавынхаа араас гарч байгаа ялтан уу” гэж уурласан. Тэгэхээр нь би тэд нарт “миний ямар байх та нарт хамаагүй одоо манайхаас архиа аваад гарцгаа” гэж уурласан чинь Ц.*******аа над руу архиныхаа шилийг шидэж миний нурууг оносон. Дараа нь сууж байсан хуванцар сандлаараа миний толгой руу хоёр удаа цохисон. Дараа нь гэрийн хуванцар шанагаар миний толгой руу хоёр удаа дахиад цохиод намайг үсдээд байсан. Тэгээд би түүнийг эсэргүүцэж хоёр гарыг нь бариад гэрээсээ гаргах гэж оролдсон...Манайх тог тасарчихсан хав харанхуй байсан. Яагаад намайг зодсон бэ гэхлээр манайд хүмүүс ирчхээд дуулалдаад байсан. Манай хамгийн бага дүү 1 настай жоохон болохоор айгаад уйлаад байсан. Тэгэхээр нь би “та нар нялх, нярай хүүхэдтэй айлд орж ирчхээд жоохон чимээгүй байгаач ээ” гэж хэлтэл “чи яасан том болсон гичий вэ” гэсэн ” гэх мэдүүлэг, Гэрч Ц.******* нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ц.******* Б.******* рүү уурлаж дайраад түүн рүү гэрт байсан хуванцар шанага, хуванцар сандлаар толгой руу нь цохиж нүүр рүү нь алгадаж байсан” гэх мэдүүлэг, Гэрч Э. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б.*******г үсдээд нүүрийг нь маажаад алгадаад толгой руу нь цохиод айсан. Тэгэхээр нь би тэр хэдийн хэрүүл маргаанаас төвөгшөөгөөд буцаад гэр лүүгээ яваад өгсөн. Намайг тэднийхээс гарах гэж байхад Ц.******* л Б.******* рүү дайрч зодоод байсан. Бусад хүмүүс нь салгах гээд зууралдацгаагаад байсан. Ц.******* нь Б.******* рүү хуванцар шанага, жижиг хуванцар сандал авч шидээд байх шиг байсан. Би тэдгээр эд зүйлс эвдэрсэн эсэхийг мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг, Гэрч Х. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний мэдэхийн гэрт байхад Ц.*******аа Б.*******ий нүүр лүү нь алгадсан. Харин сүүлд хашаанд дотор надтай хэрүүл маргаан хийж зууралдаж байх үед Б.******* гэх хүүхэд өөрөө бид хоёрын дундуур орж ирээд байсан.” гэх мэдүүлэг, Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын Багахангай, Налайх дүүргийн Шүүхийн шинжилгээний хэсгийн шинжээч эмч С.ы гаргасан 107 дугаартай дүгнэлтэд Б.*******ий биед тархи доргилт, зүүн хацар, цээж, зүүн бугалга, зүүн шуу, сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо, Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...” гэх дүгнэлт зэргээр Шүүгдэгч Ц.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр тоотод насанд хүрээгүй Б.*******г “чимээгүй байцгаа, хүүхэд айлгаад байна” гэж хэлсэн үгэнд нь дургүйцэн түүний нүүрэн тус газарт нь цохих , хуванцар сандлаараа болон хуванцар шанагаар толгой руу удаа дараа цохиж нүүрийг маажих зэргээр биед нь халдсаны улмаас түүнд тархи доргилт, зүүн хацар, цээжинд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

            Шүүгдэгч Ц.*******д холбогдох эрүүгийн хэрэгт авагдсан шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож буй үйл баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.

           

Иймд шүүхээс шүүгдэгч Ц.*******ы хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүгдэгч Ц.*******д холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 800 нэгж буюу 800,000 төгрөгийн торгох ял оногдуулахаар эрүүгийн хариуцлагын талаар дүгнэлт гаргасныг шүүх хянаад Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон түүнд тухайн зүйлд заасан ял шийтгэлээс 600 нэгж буюу 600,000 төгрөгөөр торгох ялыг оногдуулахаар шийдвэрлэлээ.

 

Энэ гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогчийн эмчилгээ, шинжилгээтэй холбоотой 140,000 төгрөгийн зардал гарсныг шүүгдэгч нь иргэний нэхэмжлэгч Ц.*******т өгсөн талаар хэргийн оролцогч нар шүүх хуралдаанд мэдүүлснийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******д 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь шийтгэх тогтоолд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Ц.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                                      ДАРГАЛАГЧ,

                             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Х.ГАНБОЛД