Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 2130

 

Б.Мын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ч.Цэнд, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2017/02417 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.М,

Хариуцагч О.Оод холбогдох,

 

Эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 2 849 250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнхбаатарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнхбаатар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнхбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 02 дугаар сард МB моторс япон авто засвар, сэлбэгийн газрыг ажилуулдаг гэх О.Отой уулзаж Тоёота Истима маркийн автомашины мотор, кропыг хамтад нь худалдан авч, тэдний засварын газраар тавиулахаар хэлэлцэн тохиролцож, өөрийн автомашинаа түүний засварын газарт 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүргэж өгсөн бөгөөд дуусахаар нь автомашинаа авахаар болсон. 2016 оны 03 дугаар сарын 05-ны орой О.О утсаар холбогдон “... маргааш ирж машинаа аваарай. Гэхдээ хайбрид автомашины зориулалтын моторын тос, кропны тос, радиотарын шингэн, моторын шүүр зэргийг Ecco төвөөс авч ирэхийг зөвлөж бид маргааш нь Eccoтөвөөс тэдгээрийг нь 290 500 төгрөгөөр худалдан авч МВ авто засвар дээр очин автомашинаа тойрон харахад урд нүүрний шилэнд хатуу зүйлээр цохигдон цав гарсан байсныг засварчинд хэлж үзүүлэн засварын ажил дуустал хүлээсэн болно.

Засварын ажил дууссаны дараа автомашиныг асаах гэж оролдсон боловч асахгүй байсан бөгөөд засварчид “...мотор болон кроп асуудалгүй, цахилгаанд асуудал байна. Компьютер оношилгоо дуудаад ир...” гэсний дагуу Toyota Hybrid авто засварын газраас компьютер оношилгоог дуудан ирүүлж 50 000 төгрөгийн төлбөр төлөн компьютер оношилгоо хийлгэхэд “кропны холболт буруу хийгдсэн байна” гэсэн онош тавин холболтийг хэрхэн зөв хийхийг зөвлөөд буцсан. Ингээд тухайн өдөр автомашин засвараас гарах боломжгүй болсон.

2016 оны 03 дугаар сарын 09-ний өдөр автомашинаа авахаар очиход автомашин засварын газрын гадаа асаалттай байсан бөгөөд 2 400 000 төгрөгийн тооцоог хийн баталгаа гаргуулахад МВ моторс япон авто засвар, сэлбэгийн газрын танилцуулга нэрийн хуудсан дээрээ гараар 1 сарын баталгаа бичиж өгөөд автомашинаа унаад явах гэтэл мотор асар их дэргээтэй, зогсож байхад моторын нормал өндөр, хөдөлж явахад хаз өндөртэй байсан бөгөөд яагаад ийм байгааг асуухад “...дөнгөж тохируулж тавьсан мотор учраас жигдэртлээ ийм байдаг юм. Сайн яваад бай тэгээд зүгээр болно...” гэсний дагуу тус засварын газраас зөөлөн явсаар 2 км орчим замыг туулсны дараа автомашин унтарч асахгүй болсон.

Бид хамгийн ойрын засварын газарт хандан 50 000 төгрөгийн төлбөр төлөн компьютер оношилгоо хийлгэхэд “...Хөргөгч шингэнийг дутуу хийснээс болж цахилгаан мотор дээр хэт халалт үүсэн цахилгаан мотор шатсан байна...” хэмээн оношилсон бөгөөд энэ тухай О.Оод мэдэгдэн Toyota Hybrid засварын газраас цахилгаан мотор 850 000 төгрөгөөр худалдан авч тавиулж, цахилгаан моторын ражаторыг дахин өөр хөргөгч шингэнээр цэнэглэн 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Toyota Hybrid засварын газраас 2 км орчим газар яваад автомашин дахин унтарсан тул Toyota Hybrid засварын засварчдыг дуудан ирүүлэхэд цахилгаан моторт асуудал үүссэнийг оношлон, энэ гэмтэл нь кроптой холбоотой үүссэн гэмтэл болохыг хэлээд кропоо засуулахыг сануулснаар 23 цагийн орчим хөдөлсөн болно.

Ингээд бид 2016 оны 03 дугаар сарын 12-ны өдөр автомашинаа огт асаагаагүй өнжөөд 2016 оны 03 дугаар сарын 13-ны өдөр автомашинаа асаах гэсэн боловч асаагүй тул МВ моторс япон авто засвар, сэлбэгийн газар болон Toyota Hybrid засварын газруудад буцаж очин тэдгээрийн төлөөллийг дагуулан ирж шалтгааныг нь тодруулахад үзлэг хийн кропны генератор шатсан байна гэсэн дүгнэлтэд хүрснээр кропны генераторыг солиулж тавиулахаар МВ моторс япон авто засвар, сэлбэгийн газар машинаа хүргэн өгч кропны генераторыг солиулж тавиулахад 2016 оны 03 дугаар сарын 15-ны орой 22 цагийн орчим буцаан авсан болно. Гэвч 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдөр худалдаж авсан мотороос тос хаяж байгааг харж 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдөр О.Отой уулзаж худалдан авсан мотороо буцаах болсон. Мөн моторын хэт их дэргээнээс шилэнд суусан цав нэмж цуурсаар шил бүхэлдээ цуурсан тухай хэлж сольж өгөхийг шаардсан боловч МВ моторс япон авто засвар, сэлбэгийн газар зөвхөн моторыг буцаан авна, шил бидэнд хамаагүй хэмээн маргаж 2016 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Toyota Hybrid засварын газарт автомашинаа оруулан худалдан авсан моторыг автомашинаас салган авч, моторын тос болон моторын шүүрийн хамт МВ моторс япон авто засвар, сэлбэгийн газарт хүргэж өгсөн боловч О.О өөрөө байлцаж байж авна гэсэн шалтгаанаар ажилчид нь хүлээж аваагүй бөгөөд 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдөр О.Отой утсаар холбогдож байж моторыг ажилчдад нь буцаан хүлээлгэн өгсөн болно.

Гэвч О.О нь буцаан авсан моторыг зарсан тухай хэлсэн боловч мөнгө болох 1 500 000 төгрөгийг өнөөдрийг хүртэл буцаан өгөөгүй бөгөөд тус засварын газарт засуулахаар өгсөн миний автомашинд учруулсан хохирол болох нүүрний шилэнд цав гаргаж хагалсныг солиулахаар нүүрний шил худалдан авсан 170 000 төгрөг, моторын тос худалдан авсан 76 000 төгрөг, моторын тосны шүүр худалдан авсан 13 000 төгрөг, хөргөгч шингэн буюу аптиприз худалдан авсан 37 500 төгрөг, компютер оношилгооны 110 000 төгрөг, цахилгаан мотор худалдан авсан 850 000 төгрөг нийт 2 756 500 төгрөгийг өнөөдрийг хүртэл гаргаж өгөхгүй байгаа тул нэхэмжлэл гаргасан.

О.Ооос 1 500 000 төгрөгөөр Тоёота Истима автомашины мотор, 700 000 төгрөгөөр кроп худалдан авч түүний зөвлөснөөр өөрийнх нь ажиллуулдаг МВ моторс япон автомашины засварын газарт 200 000 төгрөг төлж худалдаж авсан мотор, кропоо автомашиндаа суурилуулан хэвийн ажиллагаанд оруулах ажлыг гүйцэтгүүлсэн боловч тус засварын газар нь ажил гүйцэтгэх явцдаа 1 256 500 төгрөгийн хохирол учруулж, худалдаж авсан мотор кроп нь гэмтэлтэй, мөн таарч тохирохгүй байснаас моторыг нь буцаасан боловч моторын үнэ 1 500  000 төгрөг буцааж олгоогүй бөгөөд нийт 2 756 500 төгрөгийн нэхэмжлэл дээр нэмэгдүүлж мотор кропны үнэ дээр маргаж эхэлсэн тул мотор кропны зах зээл дээрх үнийг тогтоолгох зорилгоор хийлгэсэн үнэлгээний үнэ 92 750 төгрөг нийт 2 849 250 төгрөгийг О.Ооос гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Б.Маас автомашиныг манай засварын газар хүлээж авахад мотор, кропгүй, урд салхины шил цуурсан, автомашинаа бүрэн бүтэн бус ачуулсан хамаг, юм нь задгай кабин дотор нь хийсэн байдалтай байсныг засварын газрын хашаанд оруулж тавиад явсан. Ингээд 5 хоногийн дараа автомашиныг нь Б.М болон бусад 4 хүнд бүрэн бүтэн асдаг явдаг болгоод хүлээлгэн өгсөн болно. Б.М нь 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдөр мотороо буцаахаар ирэхэд нь кроп буцаахгүй гэсэн шаардлага тавьсан.

2016 оны 03 дугаар сарын 27-ны өдөр автомашины мотороо өөр засварын газраар тайлуулан 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдөр буцаан авчирсан бөгөөд зарсан хойно нь мөнгийг нь өгнө гэж хэлсэн. Тэрнээс хойш өдийг хүртэл нэг ч удаа холбоо бариагүй болно. Иймд буцаасан моторын мөнгө болох 1 000 000 төгрөгийг буцаан өгнө. Харин илүү зардлууд гэх 1 756 500 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэжээ.

Шүүх: 343 дугаар зүйлийн 343.1, 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан О.Ооос 2 086 500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Мд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 762 750 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Маас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 63 650 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Ооос 48 334 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Мд олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнхбаатар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны иргэний хэргийг хянан хэлэлцээд шүүх хурлын шийдвэрээр нэхэмжилэгч талын нэхэмжлэлээс 2 586 500 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн гэж уншиж сонсгосон боловч 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 02417 дугаартай шүүхийн шийдвэрийг гардан авах үед нэхэмжлэгч талын нэхэмжлэлээс 2 086 500 төгрөгийг хангасан байдлаар бичигдсэн байна. Энэ нь шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох ёстой байтал бичмэл байдлаар гарахдаа өөрчлөгдөн гарч ирсэн байгаад гомдолтой байна. Иймд шүүхийн шийдвэрийг сонсгосноос хойш бичмэл хэлбэрт оруулах үеийн үйл ажилгааны явцад гарсан алдааг арилган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв. 

Нэхэмжлэгч Б.М нь хариуцагч О.Оод холбогдуулан эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 2 849 250 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагчаас моторын үнэ 1 500 000 төгрөг, моторын тос, шүүр, хөргөгч шингэний үнэ 126 500 төгрөг, компьютер оношилгооны төлбөр 110 000 төгрөг, цахилгаан мотор худалдан авсан 850 000 төгрөг, цонхны шилний үнэ 170 000 төгрөг, шинжээчийн ажлын хөлс 92 750 төгрөгийг тус тус гаргуулна гэснийг хариуцагч моторын үнэд 1 000 000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан зарлагын баримтууд, /хх 10-11,13-16, 19-20/ гэрчийн мэдүүлэг, /хх 56-57/ дуу бичлэгт /CD/ үзлэг хийсэн тэмдэглэл /хх 106-113/, прокурорын тогтоол, мэдэгдэх хуудас, /хх 24-26/ зэргийн агуулгаас үзвэл нэхэмжлэгч Б.М нь хариуцагч О.Ооос автомашины мотор, кропыг худалдан авч үнийг төлсөн, өөрийн автомашинд тавиулах ажлыг түүний засварын газарт хийлгэхээр харилцан тохирч, ажлын хөлсийг төлсөн үйл баримт тогтоогдсон ба зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний, мөн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна.

Нэхэмжлэгч Б.М нь хариуцагч О.Ооос Тоёота Истима маркийн автомашины мотор, кропыг худалдан авч, түүний авто засварын газарт нь хүлээлгэн өгч, автомашиндаа тавиулах ажлыг хийлгэсэн боловч автомашин асч, хэвийн ажиллаагүй, ийнхүү асахгүй унтарсан нь ажил гүйцэтгэгчийн кропыг буруу угсарсан, хөргөгч шингэнийг дутуу хийснээс болсон нь 2 удаагийн компьютер оношилгооны дүгнэлтээр тогтоогдсон, хариуцагч үүнийг няцаасан баримт гаргаагүй байна.

Дээрхээс ажил гүйцэтгэгч буюу хариуцагчийг захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй ажлын үр дүн шилжүүлэх Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6-д заасан үүргээ зөрчсөн гэж үзэх ба нэхэмжлэгч буюу захиалагч нь мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгүүлэхээс татгалзаж, учирсан хохирлоо шаардах эрхтэй.

Улмаар худалдах, худалдан авах гэрээнээс нэхэмжлэгч татгалзаж, моторыг буцаан өгснийг хүлээн авснаа хариуцагч үгүйсгээгүй бөгөөд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч моторын үнийг буцаан өгөх үүрэгтэй, үнийг буцаан төлөөгүй тул нэхэмжлэгч шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч моторын үнэд 1 500 000 төгрөг шаардсан үндэслэлээ моторыг 1 500 000 төгрөгөөр, кропыг 700 000 төгрөгөөр худалдаж авч, төлбөрийг төлсөн гэж тайлбарлажээ. Мөн нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан Ухаа шүрт консалтинг ХХК-ийн “Авто машин техникийн үнэлгээний тайлан”-д моторын үнийг 1 800 000 төгрөг гэж үнэлсэн, мөн Тоёота Хабрид засварын газраас Эстима бензин моторыг 1 700 000 төгрөгөөр худалдан авсан баримтыг шүүхэд гаргасныг зохигчдын автомашины засварын ажлын үр дүнгийн талаар ярилцсан бичлэгийг үзлэгийн тэмдэглэлээр баталгаажуулсантай харьцуулан үзвэл нэхэмжлэгч моторыг 1 500 000 төгрөгөөр үнэлж шаардаж байгааг хэргийн бодит үнэнд нийцсэн үндэслэлтэй гэж үзэхээр, харин хариуцагч моторын үнийг 1 000 000 төгрөгөөр тооцсон үндэслэлээ баримтаар нотлоогүй байна.

Шүүх хэргийн дээрх нөхцөл байдал, хэрэгт авагдсан бичгийн баримтыг харьцуулан үнэлэлгүйгээр хариуцагчийн тайлбарт үндэслэн моторын үнийг 1 000 000 төгрөг гэж үнэлэн шийдвэрлэхдээ нотлох баримтыг эргэлзээгүй, үнэн зөв, хэрэгт хамааралтай талаас нь харьцуулан үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмыг зөрчсөн байна.

Иймд нэхэмжлэгчийн моторын үнэд шаардсан 1 500 000 төгрөгийн хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй.

            Мөн үүрэг гүйцэтгэгчийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буруутай үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид учирсан хохирлыг тооцохдоо шүүх хэрэгт авагдсан баримтуудад үндэслэн моторын тос, тосны шүүр, хөргөгч шингэн худалдан авсан 126 500 төгрөг, компьютер оношилгооны зардалд 110 000 төгрөг, цахилгаан моторын үнэ 850 000 төгрөг, нийт 1 086 500 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасантай нийцжээ.

            Харин шинжээчийн ажлын хөлс 92 750 төгрөг, салхины шил хагалсны улмаас солиулсан гэх төлбөрт 170 000 төгрөгийг тус тус нэхэмжилсэн нь хариуцагчийн буруутай үйл ажиллагаанаас учирсан хохирол гэж үзэх баримт хэрэгт авагдаагүй ба нэхэмжлэгч  уг шаардлагын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу нотлоогүй гэж дүгнэн хэрэгсэхгүй болгосон нь хууль зөрчөөгүй байна.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 2 586 500 төгрөгийг хангаж, үлдэх 262 750 төгрөгийг хэрэгсэхгүй болгон, үүнтэй холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтад өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2017/02417 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “2.086.500 төгрөгийг” гэснийг “2 586 500 төгрөгийг” гэж, “762.750 төгрөгт” гэснийг “262 750 төгрөгт” гэж,

Тогтоох хэсгийн 2 дахь заалтын “48.334 төгрөгийг” гэснийг “56 334 төгрөгийг” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг  хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15 650 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Н.БАТЗОРИГ

ШҮҮГЧИД                                           Ч.ЦЭНД

А.ОТГОНЦЭЦЭГ