Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 38

 

 

            Увс аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Алтан даргалж,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор П.Удвал,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Дамдинсүрэн,

            Шүүгдэгч: Г.Наранбаатар,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулж, Увс аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тугтан овгийн Гомбын Наранбаатарт холбогдох 201620000079  эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 09 дүгээр сарын 20-нд Увс аймгийн Наранбулаг суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-5, аав, ээж, дүү, охины хамт Увс аймгийн Наранбулаг сумын Гүнбүрд багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, РД:ОЗ87092012, Тугтан овгийн Гомбын Наранбаатар.

            Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Г.Наранбаатар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 4 дүгээр сарын 11-ээс 12-нд шилжих шөнө Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Багш нарын 7 дугаар байрны 2 тоотод оршин суух иргэн А.Сайнжаргалын байшингийн цонхны шилийг архины шилээр цохиж санаатайгаар хагалж, гэмтээсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд :

           1. Хохирогч А.Сайнжаргалын мөрдөн байцаалтад өгсөн: “Би Увс аймгийн цагдаагийн газарт хэсгийн байцаагчаар ажилладаг бөгөөд 2016 оны 4 дүгээр сарын 03-ны өдрөөс 04-ний өдрүүдэд Тариалан сумын Бор хавцал гэх газарт Тариалан сумын Засаг даргын захирамжийн дагуу хэв журмын тасгийн даргаар ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж Бор хавцалд хувиараа алт олборлож байгаа хүмүүсийг тарааж ажилласан. Тэр өдөр хэсгийн байцаагч Ерлан гар аргаар алт олборлож байсан хүмүүсийн алтны багаж, хэрэгслийг хураан авч, тэмдэглэл үйлдэж Тариалан сумын ЗДТГ-ын ажлын хэсэгт хүлээлгэн өгсөн. 2016 оны 4 дүгээр сарын 11-ний шөнө Улаангом сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Багш нарын 7 дугаар байрны 2 тоотод байх гэртээ эхнэр Буянтын хамт 01 цаг 30 минут хүртэл телевизийн мэдээ үзэж байгаад жижиг өрөөндөө орж унтах гээд хэвтэж байтал манай байрны урагшаа харсан цонхны ус хаягч төмрийг хүн цохиж самардсан. Энэ үед эхнэр Буянт “хүн байна, босоорой ” гэж хэлэхэд нь би гэрэл асаалгүй босоод цонхны хөшиг татаад харахад нэг эрэгтэй хүн миний урдаас юм шидэж цонхны шил хагалсан. Тэр хүн цонхны шил хагалчихаад цааш эргээд явахад нь би араас нь дотуур хувцастайгаа гарч гүйгээд Мэргэжлийн хяналтын газрын байрны хажууд явж байхад нь очиж барьж авсан. Тэгээд тэр хүнээс  “Та яагаад манай гэрийн цонхны шил хагалж байгаа юм” гэж асуухад “Би танай гэрийн цонхыг хагалчихсан уу” гэж хэлсэн, би  “намайг харж байхад чи цонх хагалчихлаа” гэж хэлээд тэр хүнийг дагуулаад гэрлүү явж байтал цагдаагийн эргүүлийн машин ирсэн. Машинаас Дашдаваа, Батбямба хоёр бууж ирээд “Танай 6 дугаар байрны 1 давхарын айлын хаалгыг согтуу хүн цохиод байна гэсэн дуудлагаар очиход хүн байхгүй байсан. Тэгээд буцаад явж байтал танайхаас дуудлага ирэхээр нь энд ирээд таныг харчихаад ирлээ” гэж хэлсэн. Бид нарыг уулзаад зогсож байтал манай эхнэр Буянт бид нар дээр ирсэн. Тэгээд байрны гадаа очиж манай цонхыг харахад цонхны шилийг архины шилээр хагалсан байсан. Мөн тэр хэсгээс архи үнэртэж байсан. Манай байрны цонх 2 давхар шилтэй бөгөөд гадна талын шил нь хагарсан байсан. Манай гэрийн цонхны шилийг хагалсан хүн нь намайг Бор хавцалд очиж хувиараа алт олборлож байсан хүмүүсийг тараахаар ажиллаж байхад тэнд байсан залуу мөн байсан. Тэр залуугийн нэрийг Г.Наранбаатар гэдэг юм. Тухайн үед Г.Наранбаатарын алт мэдрэгч Гоулд гэх нэртэй багаж, хэрэгслийг нь хураан авч Тариалан сумын ЗДТГ-ын ажлын хэсэгт хүлээлгэн өгсөн юм. Би Г.Наранбаатарыг урьд өмнө нь таньж мэддэггүй байсан бөгөөд Бор хавцалд байхад Тариалан сумын Толь багийн Засаг даргын эхнэрийн дүү гэж сонсож байсан. Бид нар тухайн үед алтны багаж хэрэгслийг нь хураан авсан хүмүүст “Та нар хураалгасан эд зүйлээ Тариалан сумын Байгаль орчны байцаагч Цогоогоос аваарай” гэж хэлээд шилжүүлсэн юм. Г.Наранбаатар нь надад алтны багаж хэрэгслээ хураалгасан гэж өш санаж манай гэрийн цонхны шилийг хагалсан байх гэж бодож байна. Цонхны шил хагалсны дараа би Г.Наранбаатартай уулзаж яагаад манай цонхны шил хагалсан талаар асуухад тэр надад “Би Барилгын хороонд гэр нь байдаг Окоо гэх залуутай уулзаж танай гэрийг заалгаж авсан. Би тантай уулзаж багажаа яаж авах талаар асуух гэж байгаад ийм асуудал гаргачихлаа” гэж хэлж байсан. Г.Наранбаатарыг манай гэрийн цонхны шилийг шөнийн 01 цаг 40 минутын үед ирж санаатай хагалсан гэж би бодож байна. Бид цонхны шилээ 30.000 төгрөгөөр өөрсдөө шиллүүлж авсан. Дараа нь Г.Наранбаатар бидний хохирлыг барагдуулж өгсөн. Одоо нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй ” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19/,

            2. Гэрч Ц.Буянтын мөрдөн байцаалтад өгсөн: “2016 оны 4 дүгээр сарын 11-ний шөнө нөхөр А.Сайнжаргалын хамт гэртээ зурагтаар мэдээ үзэж байгаад 01 цаг 20 минутын орчимд жижиг өрөөндөө орж нөхрийнхөө хамт унтахаар хэвтсэн. Тэгж байтал манай жижиг өрөөний цонхны тавцанг хэн нэгэн цохисон. Тэгэхээр нь би А.Сайнжаргалыг “Хурдан бос, наана чинь хүн байна” гэж хэлэхэд А.Сайнжаргал босоод цонхны урд очоод харах үед цонхны шил хагарсан. Шил хагарахаар нь би босох гэтэл А.Сайнжаргал “Босох хэрэггүй, доошоо хэвт” гэж хэлээд өмдөө өмсөөд гэрээс гараад явсан. Тэгээд би босож цонхоо харахад цонхны шил хагарчихсан байсан тул цагдаад дуудлага өгөөд гэрээс гарсан. Зам дээр цагдаагийн машин ирчихсэн хүмүүс ярилцаад байхаар урдаас нь очиход нөхөр А.Сайнжаргал нэг согтуу залууг барьчихсан зогсож байсан. Би тэр залууд “Чи яагаад манай гэрийн цонхны шилийг хагалж байгаа юм. Өмнө нь бас манай гэрийн цонхны шил  хагарч байсан, чи 2 дахь удаагаа ирж хагалж байгаа юм байна” гэж хэлэхэд тэр залуу “Би хагалаагүй  Буянт эгч ээ” гэж хэлсэн. Тэгээд би “Чи яаж миний нэрийг мэддэг юм” гэж асуухад тэр дуугараагүй. Тэгээд бид очиж гэрийн цонхыг харахад Ерөөл гэх архины шилээр манай цонхны шилийг хагалсан байсан. Цонхноос архи үнэртэж байсан. Манай гэрийн цонхны шилийг хагалсан залуу манай гэрийг хэн нэгнээс асууж мэдэж ирсэн гэж бодож байна. Мөн миний нэрийг мэдэж байсан болохоор судалж байгаад зориуд ирж хагалсан гэж бодож байна. Тэр өдрөөс хойш айж сандарсанаас болж миний нойр хүрэхгүй, зүрх өвдөөд байгаа. Манай гэрийн цонхны шилийг хагалсан залууг би урьд өмнө нь харж байгаагүй, танихгүй залуу байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 32 х/,

           3. Гэрч П.Лувсаагийн мөрдөн байцаалтад өгсөн: “Г.Наранбаатар нь миний төрсөн хүү юм. Би 6 хүүхэд төрүүлж өсгөсөн бөгөөд Г.Наранбаатар манай хамгийн бага хүүхэд юм. Сургуульд сурч байгаад 4 дүгээр ангиасаа гарчихсан тул бага боловсролтой, мэргэжилгүй юм. Цэргийн албыг Ховд аймгийн Үенчийн заставд хаасан. 2012 онд Түргэн сумын Оюун гэдэг охинтой гэр бүл болж 2 жил хамтдаа амьдарч байгаад салсан. Нэг охинтой бөгөөд бидэнтэй  хамт амьдарч байгаа. 2011 онд хувиараа алт олборлож байгаад нүхэн дотор байхад нь дээрээс нь чулуу унаж, толгой, цээжиндээ гэмтэл авч байсан учраас биеийн байдал нь жаахан муу. Сүүлийн үед зүрх нь өвддөг болсон. Г.Наранбаатар нь 8 ханатай монгол гэр, жижиг суудлын автомашин зэрэг эд хөрөнгөтэй . Г.Наранбаатар албан ажил хийж байгаагүй ба зарим үед хувиараа алт олборлодог. Өвөл нь уурхайн аманд надтай хамт гуанз ажиллуулдаг юм. 2016 оны 4 дүгээр сарын 04-ний үед Г.Наранбаатар алтны багажаа цагдаа нарт хураалгасан. Цагдаа нар ажиллаж болохгүй гэж байхад 2-3 залуугийн гуйлтаар тэдний хэлсэн газарт багажаа тавьж байгаад хураалгасан байсан. Би Г.Наранбаатараас “Чи яагаад айлын цонхны шил хагалсан юм” гэж асуухад “хүнээс мөнгө авах гэж явж байгаад айлын цонх хагалсан” гэж хэлсэн. Г.Наранбаатар уул нь архи уудаггүй юм. Харин тэр өдөр яагаад архи уусан гэдгийг нь мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 х/,

           4. Гэрч Э.Алтанхуягийн мөрдөн байцаалтад өгсөн: “Намайг 2016 оны 4 дүгээр сарын 11-ний шөнө гэртээ унтах гэж байтал манай эхнэрийн холын төрөл болох Г.Наранбаатар халамцуу, 0.75 литерийн Ерөөл нэртэй архи барьчихсан орж ирсэн. Тэгээд манай эхнэр Өнөрмаа босож Г.Наранбаатарт цай хийж өгөөд сууж байтал Г.Наранбаатар намайг “Босоод ир, миний авч ирсэн архийг задал” гэхээр нь би босоод архийг нь аяганд хийж өгсөн. Тэгээд надад “Архи уу” гэж хэлэхээр нь “Би архи уухгүй” гэж хэлсэн ба Г.Наранбаатар архинаасаа өөрөө аягандаа хийгээд уугаад байсан. Г.Наранбаатар манайд орж ирээд манай эхнэрийн гар утсанд өөрийнхөө сеймийг хийгээд нэг эмэгтэй хүнтэй ярьсан. Би Г.Наранбаатар ахад “Та одоо архи уухаа болиод манайд унтаж амар” гэж хэлэхэд “Би айлд очиж хононо” гэж хэлээд ууж байсан архиа аваад явсан. Уг архи нь жаахан үлдчихсэн байсан бөгөөд Г.Наранбаатар гарахдаа манай эхнэрийг “Намайг хойд талын зам дээр гаргаад өгөөч” гэж хэлэхээр нь манай эхнэр түүнийг гаргаж өгчихөөд орж ирсэн. Г.Наранбаатар манай гэрээс гарахдаа нилээн согтуу байсан. Г.Наранбаатар манай гэрээс шөнийн 00 цаг 20 минут өнгөрч байх үед гарч явсан ба хаашаа, ямар айлд очиж байгаа талаараа ямар нэгэн зүйл хэлээгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 23 х/,

            5. Гэрч Л.Дашдаваагийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2016 оны 4 дүгээр сарын 11-ний шөнө Цагдаагийн газрын жижүүрийн жолоочийн үүрэг гүйцэтгэж байхад шөнийн 00 цагийн үед / яг цагийг нь сайн санахгүй байна/ жижүүрийн утсанд  Улаангом сумын 3 дугаар багийн Багш нарын 6 дугаар байрны 01 тоотод оршин суух иргэнээс “Манай гэрийн хаалгыг согтуу хүн цохиод байна” гэсэн дуудлага ирсэн тул уг дуудлагын дагуу цагдаа Батбямбын хамтаар хаягаар нь очиход дуудлага өгсөн айлын хаалганы хажууд согтуу хүн байхгүй байсан. Улмаар хаалгыг цохиход уг 01 тоотод оршин суух эхнэр, нөхөр 2 хаалгаа тайлж өгсөн. Тэр хоёроос юу болсон талаар асуухад “ согтуу хүн хаалга цохиж байгаад дөнгөж сая явчихлаа” гэж хэлсэн. Тэгээд Батбямба бид хоёр буцаж гараад маншиндаа суугаад хар зам дээр гараад цагдаагийн газар луу эргээд явж байтал цагдаагийн жижүүрээс “А.Сайнжаргал ахмадын гэрт яваад оч. Үл таних хүн цонхны шилийг нь хагалсан” гэсэн дуудлага өглөө гэж хэлсэн. Тэгэхээр нь би машинаа эргүүлээд буцаад явж байтал Мэргэжлийн хяналтын газрын байрны зүгээс А.Сайнжаргал ахмад  нэг хүн дагуулаад ирж явааг харчихаад урдаас нь очсон.  А.Сайнжаргал ахмад “Энэ хүн манай гэрийн цонх хагалчихаад зугатаад явж байхад араас хөөж барьж аваад ирж байна” гэж хэлсэн. Энэ үед А.Сайнжаргал ахмадын эхнэр нь бид нарын хажууд ирээд цонх хагалсан залууг загнахад нөгөө согтуу залуу “Буянт эгчээ би танай цонх хагалаагүй” гэж хэлсэн. Тэгэхээр нь А.Сайнжаргал ахмадын эхнэр “Чи яахаараа миний нэрийг мэддэг юм. Би чамайг огт танихгүй” гэж хэлсэн. Тэгээд бид нар тэндээсээ А.Сайнжаргал ахмадын гэрийн хагарсан цонхны хажууд очиход цонхны гадна талын шил хагарсан байдалтай, архины шилний хагархай хэсгүүд цонх дээр болон газарт уначихсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 24 х/,

            6. Гэрч Г.Пүрвээгийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би Гомбо овогтой Наранбаатарыг танихгүй. 2016 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Алтжин дэлгүүрийн худалдагчаар би ажилласан. Уг өдөр оройхон өндөр биетэй, хар царайтай залуу манай дэлгүүрт ганцаараа орж ирээд Ерөөл нэртэй 0.75 литерийн архи бэлэн мөнгөөр худалдаж аваад гарсан. Тэр хүн худалдаа хийж байхдаа архи уусан шинжгүй байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 х/,

7. Гэрч Б.Даваадоржийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би Г.Наранбаатарыг сайн танихгүй. Харин түүний ах Г.Цэнд-Аюушийг таньдаг юм. 2016 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Г.Цэнд-Аюуш Наранбулаг сумаас манайд ирсэн бөгөөд “Эхнэрээ эмнэлгээс гаргаж авах гэж байна” гэж хэлж байсан. Маргааш нь буюу 2016 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Г.Цэнд-Аюушын дүү Г.Наранбаатар мөн манайд ирсэн.  Тэгээд Г.Наранбаатар нь Бор хавцал гэх газарт алт олборлож байхдаа хураалгасан алтны багажаа Тариалан сум руу явж авахаар мотоцикльтой явсан ба орой 21 цагийн үед  буцаж ирчихээд ганцаараа гараад явсан бөгөөд хаашаа явсныг нь мэдэхгүй байна. Би Г.Цэнд-Аюушаас “Танай дүү чинь ирж хонох юм уу” гэж асуухад “ирж хононо” гэж хэлсэн тул ор засчихаад бид нар унтацгаасан. Тэр шөнө Г.Наранбаатар манайд ирж хоноогүй. Г.Наранбаатар Тариалан сумаас ирэхдээ архи уугаагүй, эрүүл байсан. Би Г.Наранбаатартай нэг их харьцаж байгаагүй тул түүний ааш зангийн талаар сайн мэдэхгүй байна. Ноомой л залуу яваад байдаг юм” гэх мэдүүлэг /хх-ийн 27 х/,

8. Гэрч Н.Өнөрмаагийн мөрдөн байцаалтад өгсөн: “2016 оны 4 дүгээр сарын 10-ны шөнө би нөхөр Э.Алтанхуяг болон хүүхдийнхээ хамтаар  гэртээ унтах гээд хэвтэж байтал Наранбулаг суманд гэр нь байдаг манай холын хамаатны ах Г.Наранбаатар манайд орж ирсэн тул би босож цай хийж өгчихөөд буцаад орондоо ороод хэвтсэн. Г.Наранбаатар ах куртикныхаа халааснаас Ерөөл нэртэй 0.75 литерийн архи гаргаж ирээд задлаад надад болон манай нөхөрт амсуулсан. Г.Наранбаатар уг архийг тал хүртэл нь ганцаараа уусан бөгөөд архи ууж байхдаа миний утсыг аваад хүнтэй ярьж байхад нь утасны цэнэг дуусаад унтарсан. Би Г.Наранбаатар ахыг унтаж амар гэж хэлээд ор засч өгсөн боловч унталгүй “Би харьж амарна” гэж хэлсэн. Би Г.Наранбаатар ахаас “Та хаана амрах гэж байгаа юм, манайд унтаж амар” гэж хэд хэдэн удаа хэлж, асуусан боловч “харьж амарна” гээд байсан. Тэгээд надад “намайг арын хар зам дээр гаргаад өг” гэж хэлэхээр нь би Г.Наранбаатар ахыг хашааны хаалгаар гаргаж өгчихөөд гэрлүүгээ орж амарсан. Г.Наранбаатар ах манай гэрээс гарахдаа ууж байсан Ерөөл нэртэй тал шил архиа аваад явсан юм. Манай гэрээс гараад хаашаа явсан болохыг нь би мэдэхгүй. Г.Наранбаатар ах манайхаас 01 цагийн үед гарсан бөгөөд манай гэрт ирээд цаг орчим л болсон байх” гэх мэдүүлэг /хх-ийн 28 х/,

9. Гэрч Г.Цэнд-Аюушын мөрдөн байцаалтад өгсөн: “...Г.Наранбаатар нь  “хураалгасан алтны багажаа авахаар Тариалан сумруу явж хүнтэй уулзчихаад ирье” гэж хэлээд мотоцикль аваад явсан. Тэгээд намайг Улаангомд Дорж ахын гэрт байхад орой 22 цагийн үед Г.Наранбаатар буцаж ирсэн ба “Тариалан сум руу явж хүмүүстэй уулзаад багажаа авах гэсэн бүтэхгүй юм шиг байна” гэж хэлчихээд хүнтэй утсаар яриад гараад явсан. Би Г.Наранбаатарыг гараад явахаар нь араас нь залгаж “Чи хаана байгаа юм” гэж асуухад “Би гудамжинд хүнтэй утсаар ярьж байна” гэж хэлсэн. Тэгээд удалгүй буцаж орж ирээд хоол идчихээд “Би хүнтэй уулзчихаад ирье” гэж хэлээд Дорж ахынхаас гараад явсан. Дорж ахын гэрээс гарахдаа хаашаа явж, хэнтэй уулзах гэж байгаа талаараа хэлээгүй. Г.Наранбаатар тэр шөнө Дорж ахын гэрт ирээгүй бөгөөд маргааш нь цагдаа нарын хамт ирсэн. 2016 оны 4 дүгээр сарын 10-ны орой Г.Наранбаатар Дорж ахын гэрээс гарахдаа ямар нэгэн согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, эрүүл байсан. Би Г.Наранбаатартай уулзаж, яагаад айлын цонхны шил хагалсан талаар асуухад “Архины халуунд ийм зүйл хийчихлээ” гэж хэлж байсан ” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 х/,

10. Гэрч С.Дэлгэртөгсийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2016 оны 4 дүгээр сарын 11-ний шөнө 00 цаг 50 минутын орчимд Улаангом сумын 3-р багт байрлах Багш нарын 6 дугаар байрны 01 тоотод байх гэртээ унтаж амарч байтал манай гэрийн хаалгыг хэн нэгэн хүн цохисон. Манай нөхөр Сайнбаяр босоод “Хэн бэ” гэж асуухад нэрээ хэлэхгүй, юм дуугарахгүй цохиод байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Цагдаад дуудлага өгсний дараа хаалга цохихоо болиод орцноос гараад явсан. Удалгүй цагдаагийн 2 албан хаагч ирсэн ба манай нөхөр Сайнбаяр гарч цагдаа нартай уулзсан. Миний хувьд уг шөнө манай хаалгыг хэн гэдэг хүн цохисон талаар мэдэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 33 х/,     

11. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-4, 5 х/,

12. хагарсан шилэнд үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 14, 15 х/,

13. “Увс Финанс-Аудит” ХХК-ийн 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн Цонхны шил үнэлсэн тухай тайлан /хх-ийн 35-36 х/,

14. Монгол Улсын Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 16/21 тоот Шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 40, 41х/,

15. Шүүгдэгч Г.Наранбаатарын сэтгэцийн хувьд эрүүл талаархи №6 тоот Акт /хх-ийн 47-48 х/,

16. Увс аймгийн Наранбулаг сумын Гүнбүрд багийн Засаг даргын 2016.05.10-ны өдөр гаргасан 203 тоот Тодорхойлолт /хх-ийн 61 х/,

17. Шүүгдэгч Г.Наранбаатарын ял шийтгэлгүй талаархи шалгах хуудас /хх-ийн 66 х/,

 18. Шүүгдэгч Г.Наранбаатарын шүүхийн хэлэцүүлэгт өгсөн: “ Бор хавцалд алтан дээр ажиллаж байхад миний алтны багажийг А.Сайнжаргал гэх цагдаа хажуудаа хэдэн цагдаа нарын хамт хурааж авсан. Тэр үед би А.Сайнжаргал цагдаад “Та миний алтны багажийг буцаагаад өгөөч. Би эндээс одоо гэрээ ачаад явлаа, машин ирж байна” гэж хэлэхэд цагдаа А.Сайнжаргал надад “Чи согтуу байна, цаашаа бай” гэж хэлээд миний цээж рүү цохиж түлхсэн юм. Би 2016 оны 4 дүгээр сарын 11-ний шөнө хүргэн Э.Алтанхуягийн гэрээс согтуу гарч яваад Багш нарын байрны хажууд ирсэн. Тэгээд А.Сайнжаргал цагдаагийн гэр багш нарын байранд байдаг гэдгийг мэдэж байсан болохоор уулзах санаатай эхлээд нэг айлын хаалга цохисон юм. Хаалгаа тайлахгүй болохоор нь гараад тойрч яваад урд талын байрны нэг давхрын урагшаа харсан цонхыг гараараа цохиж байгаад дараа нь өөрийн барьж явсан Ерөөл нэртэй архины шилээ шидэж цонхыг нь хагалсан юм. Архины шилэнд жаахан архи байсан байх. Би цонх хагалчихаад Дорж ахын гэрлүү явж байтал араас А.Сайнжаргал цагдаа ирж намайг барьж авсан. Би уул нь А.Сайнжаргал цагдаатай уулзаж алтны багажаа авах гэж байсан ба миний алтны багаж хурааж авсанд уур хүрээд А.Сайнжаргал цагдаагийн гэрийн цонхыг хагалсан юм. Буруу зүйл хийсэндээ маш их харамсч байна . Сайнжаргалын гэр бүлээс уучлалт гуйж, хохирлыг төлж өгсөн. Дахиж ийм зүйл хийхгүй байж чадна. Надад хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтууд болно.

 Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл: Шүүгдэгч Г.Наранбаатар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 4 дүгээр сарын 10-аас 11-нд шилжих шөнө Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт оршин суух хохирогч А.Сайнжаргалын байрны цонхны шилийг архины шилээр цохиж хагалж гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч А.Сайнжаргал, гэрч Ц.Буянт, Л.Дашдаваа, Э.Алтанхуяг, Н.Өнөрмаа, Г.Цэнд-Аюуш нарын мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хагарсан шилэнд үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар хураан авсан тогтоол, тэмдэглэл, шүүгдэгч Г.Наранбаатарын мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Энэ гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцлийг хэрэгт авагдсан баримтуудад үндэслэн судалж үзвэл : хохирогч А.Сайнжаргал  Увс аймгийн Цагдаагийн газарт хэсгийн байцаагчаар ажилладаг байх ба тэрээр 2016 оны 4 дүгээр сарын эхээр Увс аймгийн Тариалан сумын нутаг “Бор хавцал” гэх газарт хувиараа буюу хууль бусаар алт олборлож байгаа үйл ажиллагааг зогсоох, тэнд ажиллаж буй хүмүүсийг тараах Цагдаагийн газраас томилогдсон ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж ажилласан байна. Уг ажиллагааны үеэр хууль бусаар алт олборлож байсан хүмүүсийн дунд ажиллаж байсан Г.Наранбаатарын эзэмшлийн алт мэдрэгч багаж, хэрэгслийг  Цагдаагийн албан хаагч А.Сайнжаргал хураан авсан /багажийг Тариалан сумын Засаг даргын Тамгын ажилтанд хүлээлгэн өгсөн гэж мэдүүлсэн/-аас маргаан гарч тэдний хооронд таарамжгүй харилцаа бий болсон байна.

Улмаар шүүгдэгч Г.Наранбаатар нь 2016 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Тариалан сум уруу явж  алтны багажаа буцааж авах гээд чадалгүй буцаж ирсэн байх ба тэр шөнөө архи ууж согтууран  цагдаагийн алба хаагч А.Сайнжаргалын амьдардаг байрны цонхны шилийг өөрийн ууж байсан архины шилээр  цохиж хагалан гэмтээсэн нь түүнийг хувийн сэдэлтээр бусдын эд хөрөнгийг санаатайгаар хагалж гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх үндэслэлтэй байна. Хэргийн бүрдэл хангагдсан, хэргийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байх тул  шүүгдэгч Г.Наранбаатарыг бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар ял шийтгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

     Шүүгдэгч Г.Наранбаатарын үйлдсэн гэмт хэргийн улмаас 25.000 төгрөгийн хохирол учирсан нь хавтаст хэргийн 35-36 дугаар хуудсанд авагдсан “Увс Финанс-Аудит” ХХК-ийн цонхны шил үнэлсэн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгч нь хохирогч А.Сайнжаргалд учирсан хохирлыг төлж барагдуулсан нь хохирогч А.Сайнжаргалын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг болон шүүхэд гаргасан хүсэлтээр  нотлогдож байх тул гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураар төлж барагдуулсан гэж үзэх үндэслэлтэй байна.

            Шүүгдэгч Г.Наранбаатар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн эд зүйлгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан шилний хэлтэрхий хэсгүүдийг устгахаар шийдвэрлэв.

             Шүүгдэгч Г.Наранбаатар нь энэ гэмт хэргийг согтуугаар үйлдсэн хүндрүүлэх нөхцөл байгаа боловч анх удаа хүндэвтэр ангиллын гэмт хэрэг үйлдсэн, өөрийн гэм буруугаа ухамсарлаж гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураар төлж барагдуулсан зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон түүний хувийн байдлыг харгалзан үзэж түүнд оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж дүгнэв.

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 284 дүгээр зүйлийн 284.1, 286 дугаар зүйлийн 286.1, 294-296 дугаар зүйл, 297 дугаар зүйлийн 297.1-5 дахь хэсэг, 298 дугаар зүйлд  заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Тугтан овгийн Гомбын Наранбаатарыг бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар шүүгдэгч Г.Наранбаатарт 1 жил хорих ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар  шүүгдэгч Г.Наранбаатарт оногдуулсан 1 жил хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр тогтоосугай.

       4. Шүүгдэгч Г.Наранбаатараас гаргуулах хохиролгүй, энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.

       5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шилний хэлтэрхий хэсгүүдийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай. 

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг баримтлан шүүгдэгч Г.Наранбаатарт оногдуулсан 1 жил хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзах хугацаа тогтоосугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д зааснаар шүүгдэгч Г.Наранбаатарт өмнө авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүлийн 304.1-д зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

    ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Л.АЛТАН