Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 221/МА2016/0120

 

2016 оны 2 сарын 17 өдөр

Дугаар 221/МА2016/0120

Улаанбаатар хот

 

Т.Н-н нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Н.Хонинхүү, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 26 дугаар шийдвэртэй, Т.Н-н нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хариуцагч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор, шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Нэхэмжлэгч Т.Н би танай шүүхэд Ховд аймгийн Жаргалант сумын Засаг дарга болон Магсаржав багийн ИНХ-ын дарга нарт холбогдуулан “Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн Иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг зохион байгуулж, багийн Засаг даргыг томилуулахаар дээд шатны Засаг даргад санал болгохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг илт хууль бус болохыг тогтоолгох, Жаргалант сумын Магсаржав багийн Засаг даргыг сонгох Иргэдийн Нийтийн Хурлыг хуралдуулж, багийн Засаг даргыг томилуулахаар Жаргалант сумын Засаг даргад санал болгохыг даалгах, Жаргалант сумын Засаг даргын 2013 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн Б/05 дугаар захирамжийн С.Э-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэл гаргаж гурван шатны шүүхээр нэхэмжлэлийн шаардлага хангагдаж байсан. Магсаржав багийн ИНХ-аас Т.Н намайг тус багийн Засаг даргаас чөлөөлөх, С.Э-г багийн Засаг даргад томилох талаар санал уламжлаагүй байхад намайг тус багийн Засаг даргаас чөлөөлж, албан үүргийг багийн нийгмийн ажилтанд хавсруулсан Б/03 дугаар захирамжийг хариуцагч 2013 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр гаргажээ. Уг захирамжаа хариуцагч нь надад танилцуулаагүй, гардуулаагүй бөгөөд Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.5, 28 дугаар зүйлийн 28.4, 32 дугаар зүйлийн 32.1-д заасан зохицуулалтыг зөрчсөн болох нь илэрхий байна.

Гурван шатны шүүхийн шийдвэрээр Магсаржав багийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр С.Э-г томилсон Жаргалант сумын Магсаржав багийн Засаг даргын 2013 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн Б/05 дугаар захирамжийн 2 дахь заалт хүчингүй болсон билээ. Ийм байхад хариуцагч Жаргалант сумын Засаг дарга нь Магсаржав багийн үүрэг гүйцэтгэгчээр С.Э-г үргэлжлүүлэн ажиллуулж байгаа нь шүүхийн шийдвэрийг үл биелүүлсэн, нэхэмжлэгч миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус үйлдэл байна. Магсаржав багийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр С.Э-г үргэлжлүүлэн ажиллуулахдаа ямар нэгэн шийдвэр гаргаагүй байдаг нь хуулиар тогтоосон үндэслэл журамд нийцээгүй болно. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: “Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн Б/26 дугаар захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2013 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Б/03 дугаар захирамжийн 1 дэх заалтын Т.Н-д холбогдох хэсэг, Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн Засаг даргын үүргийг С.Э-р үргэлжлүүлэн гүйцэтгүүлж байгаа хариуцагчийн үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Б/26 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай хүссэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Төрийн албан тухай хуулиар багийн Засаг дарга нь улс төрийн албан тушаалтан юм. Улс төрийн албан тушаалтан Т.Нийг ажлаас чөлөөлсөн сумын Засаг даргын 2013 оны 01дүгээр сарын 28-ны өдрийн Б/3 дугаар захирамжид Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1 дэх заалтын баримталсан нь нь буруу. Уг хуулийн заалт нь “баг, хорооны Засаг даргын ажлыг чиглүүлэн удирдах”-ыг зохицуулсан ба улс төрийн албан тушаалтныг ажлаас чөлөөлөх заалт биш юм. Мөн багийн Засаг даргыг томилох чөлөөлөхдөө тухайн багийн Иргэдийн нийтийн хурлын саналыг үндэслэх ёстой.

Гэтэл Т.Н-н Магсаржав багийн Засаг даргын албан тушаалаас чөлөөлүүлэхээр Магсаржав багийн Иргэдийн нийтийн хурлаас ямар ч санал явуулаагүй гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байгаа. Мөн төрийн улс төрийн албыг төрийн жинхэнэ албан хаагчид хавсран гүйцэтгүүлэх асуудал байдаггүй. Гэтэл Жаргалант сумын Засаг даргын 2013 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Б/3 дугаар захирамжаар төрийн улс төрийн албан тушаалыг төрийн жинхэнэ албан хаагчид хавсруулан гүйцэтгэсэн нь хууль зөрчсөн явдал болсон байна. Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Б/26 дугаар захирамжийн хувьд Магсаржав багийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр С.Э-г томилсон байна. Гэтэл уг захирамжийг гаргахдаа баримталсан хуулийн заалт нь уг захирамжийн утга агуулгатай нийцэхгүй, үүрэг гүйцэтгэгчийг томилох тухай биш багийн Засаг даргын ажлыг удирдан чиглүүлэх сумын Засаг даргын эрхийг олгосон заалт баримталсан нь хэрэглэх ёсгүй хуулийн заалтыг хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Мөн багийн Иргэдийн нийтийн хурлаас Засаг даргад өргөн мэдүүлээгүй этгээдийг үүрэг гүйцэтгэгчээр томилсон нь буруу байна. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 164 дүгээр магадлалаар Жаргалант сумын Засаг даргын 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/05 дугаар захирамжийн С.Э-д холбогдох хэсгийг хүчингүй болгосон байдаг. Өөрөөр хэлбэл Магсаржав багийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр С.Э-г томилсон захирамж хүчингүй болгоод байхад хариуцагчаас С.Э-г ажлаас чөлөөлөхгүйгээр харин ч Магсаржав багийн Засаг даргаар ажиллуулсаар байдаг юм. Хариуцагчийн энэхүү үйлдлийг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хариуцагч, Ховд аймгийн Жаргалант сумын Засаг дарга шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “2013 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Жаргалант сумын Магсаржав багийн Иргэдийн нийтийн хурал болж, уг хурлаас багийн Засаг даргыг сонгох санал хураалт болсон байдаг. Улмаар Магсаржав багийн Иргэдийн нийтийн хурлын дарга Ц.Г-н2013 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор С.Э-г Магсаржав багийн Засаг даргаар томилуулахаар санал ирүүлсэн юм. Ингээд хуульд заасан бүрэн эрхийнхээ дагуу С.Э-г Магсаржав багийн Засаг даргаар томилсон юм. Үүнээс өмнө буюу 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 12 дугаар захирамжаар миний бие Жаргалант сумын Засаг даргаар томилогдсон. Засаг даргаар томилогдон ажиллаж байхад иргэд надтай биечлэн уулзаж, багийн Засаг дарга нар сонгуульдаа бэлдээд ажлаа хийхгүй байна гэсэн гомдол их ирэх болсон. Ингээд сонгуулийн тэгш байдлыг хангах, төрийн албыг тасралгүй явуулах үүднээс 2013 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Б/03 дугаар захирамж гаргасан. Гэвч энэхүү захирамж тухайн үед биеллээ олж хэрэгжээгүй, багийн Засаг даргын ажлыг хүлээлцээгүй байдаг юм. Нэхэмжлэгчийн зүгээс эс үйлдэхүй гэж тайлбарлаад байна. Жаргалант сумын Засаг дарга биш харин Магсаржав багийн Иргэдийн нийтийн хурлын дарга нь эс үйлдэхүй гаргаад байгаа юм. Яагаад гэвэл багийн Засаг даргыг сонгох санал хураахаар багийн иргэдийн нийтийн хурлыг зарладаггүй юм. Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн магадлал гарснаас хойш Жаргалант сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Н.Э-д Магсаржав багийн Иргэдийн нийтийн хурлыг хуралдуулж, багийн Засаг даргатай холбоотой шийдвэр гаргаж өгөхийг хүссэн хүсэлтийг амаар болон албан бичгээр хандсан бөгөөд Н.Энхтөр нь Магсаржав багийн ИНХ-ын дарга Ц.Г-д хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэн ажиллах талаар албан бичиг хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл хариу ирүүлээгүй байна. Энэ байдлын улмаас төрийн албыг тасралгүй явуулах үүднээс С.Э-г Магсаржав багийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр түр томилуулан ажиллаж байна” гэжээ.

Гуравдагч этгээд Ч.А шүүхэд гаргасан тайлбартаа: “Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2013 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Б/03 дугаар захирамжаар Жаргалант сумын бүх багийн Засаг дарга нарыг чөлөөлж, багийн нийгмийн ажилтнуудад уг ажлыг түр хугацаагаар хавсруулан ажиллуулахаар болсон. Гэхдээ багийн Засаг даргын ажлыг нийгмийн ажилтнуудад хүлээлцээгүй. Дараа нь 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/05 дугаар захирамжаар багийн Засаг дарга нарыг томилж, С.Э Засаг даргаар томилогдсон. Иймээс уг захиргааны хэрэгт миний бие гуравдагч этгээдээр оролцох шаардлагагүй, миний эрх зөрчигдөөгүй гэж үзэж байна гэжээ. Гуравдагч этгээд С.Э шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2013 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Жаргалант сумын Магсаржав багийн Засаг даргыг сонгох санал хураалтад миний бие нэр дэвшиж өрсөлдсөн билээ. Ингээд санал хураалтын үр дүнд миний бие 50.3 хувийн санал авч, багийн Иргэдийн нийтийн хурлын тогтоолоор намайг Магсаржав багийн Засаг даргаар томилуулахаар санал уламжилсны дагуу миний бие 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/05 дугаар захирамжаар Магсаржав багийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон. Үүний дараа Т.Н шүүхэд хандсан. Ингээд дахин Магсаржав багийн Иргэдийн нийтийн хурал зарлаж, санал хураалт явуулах гэсэн боловч иргэд “бид сонголтоо хийсэн, дахин санал өгөх шаардлагагүй” хэмээн тарсан. Дахин багийн засаг даргыг сонгох санал хураалтыг зарлах юм бол миний бие багийн иргэдээ оролцуулахад бэлэн гэжээ.

Ховд аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 26 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3, 26.5 дахь хэсэг, 28 дугаар зүйлийн 28.4, 28.5 дахь хэсгүүдэд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2013 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Б/03 дугаар “Ажлаас чөлөөлж, ажил хавсран гүйцэтгүүлэх тухай” захирамжийн Т.Н-д холбогдох хэсгийг, 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Б/26 дугаар “Үүрэг гүйцэтгэгчээр томилох тухай” захирамжийг тус тус хүчингүй болгож, Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр С.Э-г ямар нэгэн захиргааны акт гаргалгүйгээр 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүртэл ажиллуулсан хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоожээ.

Хариуцагч болон түүний өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль зүйн үндэслэлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж гарсан гэж үзэж байна.

Учир нь нэхэмжлэгч Т.Н нь 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн нэг дэх шаардлага нь Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2013 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Б/03 дугаар захирамж гарсныг Т.Н нь мэдэж байсан.

Өөрөөр хэлбэл, Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2013 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Б/03 дугаар захирамж гарсан өдрөөс эхлэн Т.Н ажил үүргээ гүйцэтгээгүй бөгөөд тус багийн Засаг даргад нэрээ дэвшүүлэн өрсөлдөж байсан.

Мөн Захиргааны хэргийн шүүх болон Иргэний хэргийн шүүхэд Т.Н нь нэхэмжлэгч, хариуцагчаар оролцох явцад хэлэлцэгдэж байсан асуудлуудаар Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2013 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Б/03 дугаар захирамж гарсан даруйдаа хэрэгжиж эхэлсэн үеэс Т.Н нь захирамжийг биелүүлэн ажлаа хийгээгүй гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “... эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор ...” түүнчлэн мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-д зааснаар Т.Н нь нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлэн шүүхэд нэхэмжлэл гаргасан байхад шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэн хуулийг ноцтой зөрчсөн.

Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэгч талаас хөөн хэлэлцэх хугацаа сэргээлгэхээр хүсэлт гаргаагүй бөгөөд анхан шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлээгүй гэж үзсэн үндэслэлийг хангалттай нотолж чадаагүй байна.

Түүнчлэн Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн Засаг даргын үүргийг С.Э-р гүйцэтгүүлж байсан бөгөөд энэ үед ямар нэгэн байдлаар шүүхийн шийдвэр эцэслэн шийдвэрлэгдээгүй буюу Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааныг 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хийсэн бөгөөд Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Б/26 дугаар захирамж гарсан байхад өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэр эцэслэн гарснаас хойш үүрэг гүйцэтгүүлж байсан мэтээр шүүх зөрүүтэй дүгнэлт хийжээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн байхад анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн нь мөн хуулийн 34 дүгээр зүйлийг ноцтой зөрчсөн.” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

            Нэхэмжлэгч Т.Н-ээс “Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2013 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Б/03 дугаар захирамжийн Т.Н-д холбогдох хэсэг, мөн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Б/26 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулах, Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн Засаг даргын үүргийг С.Э-р үргэлжлүүлэн гүйцэтгүүлж байгаа хариуцагчийн үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

            1. Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2013 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Б/03 дугаар захирамжийн Т.Н-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Анхан шатны шүүх маргаан бүхий акт болох Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2013 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Б/03 дугаар захирамжийг нэхэмжлэгчид гардуулж өгөөгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлээгүй гэж үзсэн нь үндэслэл муутай байна.

Нэхэмжлэгч Т.Н-ийг Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2013 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Б/03 дугаар захирамжаар Магсаржав багийн Засаг даргын үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байх ба нэхэмжлэгч уг захирамжийг мэдээгүй, гардуулж өгөөгүй гэсэн тайлбар гарган маргажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Т.Н Захиргааны хэргийн анхан шатны 17 дугаар шүүхэд /хуучин нэрээр/ Магсаржав багийн Засаг даргыг сонгох иргэдийн Нийтийн Хурлыг хуралдуулах, багийн Засаг даргыг томилуулахыг Жаргалант сумын Засаг даргад даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, олговрыг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 01 дүгээр шийдвэрээр шийдвэрлэсэн байх бөгөөд уг шүүхийн шийдвэрт одоо маргаж буй Б/03 дугаар захирамжаар нэхэмжлэгчийг багийн Засаг даргын албан тушаалаас чөлөөлснийг дурдаж, улмаар уг захирамж нь нэхэмжлэгч Т.Н-н эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, ажлаас чөлөөлөгдөх болсноо өөрөө мэдээгүй байсан гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэжээ.

Хэдийгээр дээрх 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 01 дүгээр шүүхийн шийдвэрээр Б/03 дугаар захирамжтай холбоотой маргаан шийдвэрлэгдээгүй ч нэхэмжлэгч Т.Н уг захирамж гарсныг мэдээгүй хэмээн уг захирамжийг хүчингүй болгуулахаар 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан хугацааг хэтрүүлсэн нь тогтоогдож байна.

Тодруулбал, хуульд зааснаар “...иргэн хуулийн этгээд ... холбогдох захиргааны актыг хүлээн авснаас, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор...” гомдлоо гаргахаар заасан бөгөөд уг хуулийн заалтыг маргааны үйл баримттай холбогдуулан авч үзвэл, нэхэмжлэгч уг захиргааны актыг хүлээн авсан гэх байдал тогтоогдоогүй ч түүний нэхэмжлэлээр үүсгэсэн захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолд маргаж буй Б/03 дугаар захирамжийг дүгнэсэн, нэхэмжлэгч уг шийдвэрүүдэд гомдол гаргаж байсан зэргээс үзэхэд Б/03 дугаар захирамж гарсныг мэдээгүй гэх тайлбар үндэслэлгүй байх тул анхан шатны шүүх энэ шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх байжээ. Энэ талаарх хариуцагчийн гомдол үндэстэй байна.

2. Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн “Үүрэг гүйцэтгэгчээр томилох тухай” Б/26 дугаар захирамжаар С.Э-г Жаргалант сумын Магсаржав багийн Засаг даргын үүргийг гүйцэтгэгчээр томилжээ.

Дээрх захирамжтай адил утга, агуулгатай Магсаржав багийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр С.Э-г томилсон Жаргалант сумын Засаг даргын 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/05 дугаар захирамжийг нэхэмжлэгчээс хүчингүй болгуулахаар шүүхэд хандсанаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 164 дүгээр магадлалаар уг Б/05 дугаар захирамжийг хууль бус болохыг тогтоож шийдвэрлэснийг Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 159 дүгээр тогтоолоор Б/05 дугаар захирамжийн үндэслэл болсон иргэдийн Нийтийн Хурлын тогтоол нь 2013 оны 5 дугаар шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон тул Б/05 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн талаар дүгнэлт хийж, эцэслэн шийдвэрлэсэн байна.

Харин одоо маргаж буй 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Б/26 дугаар захирамж нь өмнө гарсан Б/05 дугаар захирамжийг хууль бус болохыг тогтоож шийдвэрлэсэн шүүхийн магадлал хуулийн хүчин төгөлдөр болоогүй байхад гарсан хэдий ч хариуцагч Жаргалант сумын Засаг дарга Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь хэсэгт заасан журмын дагуу багийн Засаг даргад томилуулахаар иргэдийн Нийтийн Хурлаас санал болгоогүй байхад “Багийн Засаг даргын ажил үүргийг удирдан чиглүүлэх, төрийн албыг тасралтгүй явуулах үүднээс захирамж гаргасан хэмээн тайлбарлаж” төрийн улс төрийн албан тушаалыг түр орлон гүйцэтгүүлэхээр захирамж гаргасан нь хуульд нийцээгүй байх бөгөөд энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна.

3. Нэхэмжлэгчийн Магсаржав багийн Засаг даргын үүргийг С.Э-р үргэлжлүүлэн гүйцэтгүүлж байгаа хариуцагчийн үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан захиргааны актад хамаарахааргүй байна.

Өөрөөр хэлбэл шүүх нэхэмжлэлийн шаардлагад дурдсан “хариуцагчийн үйлдэхүй” гэсэн нэр томьёог “үйлдэл”, эсхүл “эс үйлдэхүй” гэсэн нэр томьёонд хамааруулж, нэхэмжлэлийн шаардлагаас өөрөөр шийдвэрлэх боломжгүй тул энэ шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1.1-д заасныг баримтлан хүлээн авахаас татгалзах нь зүйтэй байна.

Зүй нь анхан шатны шүүх уг нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч захиргааны байгууллага, албан тушаалтны ямар захиргааны хууль бус актын улмаас өөрийнх нь ямар эрх хэрхэн зөрчигдсөн, эрхээ хэрхэн сэргээлгэхийг хүсэж байгаа, түүний үндэслэлийг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан бүрдүүлбэр хангуулан, нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсны үндсэн дээр шийдвэрлэх ёстой байна.

Түүнчлэн анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэхдээ улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгчид буцаан олгоогүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасантай нийцээгүй байна.

Дээр дурдсан дүгнэлтийг үндэслэн шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 26 дугаар шийдвэрийн “ТОГТООХ нь” хэсгийн 1 дэх заалтыг “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь хэсэгт заасныг баримтлан  нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Б/26 дугаар захирамжийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1, 34.1.8 дахь хэсэгт заасны тус тус баримтлан “Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн Засаг даргын үүргийг С.Э-р үргэлжлүүлэн гүйцэтгүүлж байгаа хариуцагчийн үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2013 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Б/03 дугаар захирамжийн Т.Н-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай” гэж, “ТОГТООХ нь” хэсгийн 2 дахь заалтад “... үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

                                   

                                     ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

                      ШҮҮГЧ                                               Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                               Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                               Д.БААТАРХҮҮ