Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/32

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

Улсын яллагч: Б.Болор-Эрдэнэ,

Шүүгдэгч: Б.Б,

Өмгөөлөгч: Э.Дөлгөөн,

Нарийн бичгийн дарга: А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б-ийн Б-д холбогдох 2228000000034 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт: 

Б овогт Б-ийн Б, ......................

Шүүгдэгч Б.Б нь 2022 оны 02 дугаар сарын 05-ны орой 20 цагийн үед Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Хондот 3 дугаар баг Шарга уул гэх газарт 7 настай хүүхэд болох Б.М-гийн хоёр хацар, зүүн шанаа хэсэгт цохиж, биед тархины доргилт бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Б.Б-г яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Б шүүх хуралдаанд: Тухайн үед болсон асуудлын талаар мэдэхгүй байгаа учраас мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна.

Насанд хүрээгүй хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Б манай гэр рүү хутга бариад ороод ирсэн. Би гэртээ аав, дүү хоёртой хамт байж байсан. Аав унтаж байсан чинь Б аавыг нэг гараараа цохьсон, нөгөө гартаа хутга барьж байсан. Тэгсэн Ц эгч Бгийн хутгыг булааж авсан. Өвөө Б ахын гарнаас барьж байсан. Би зөрөөд гараад гүйгээд өвөөгийн гэрт орж эмээд хэлсэн. Тэгээд буцаад гэрт орсон Баатар хүү ах, өвөө, Ц гурав гарсан. Тэгээд би гараад өвөөгийн гэр рүү явж байсан чинь Б ах намайг цамцнаас барьж аваад ээждээ хэлээд үзээрэй шээс минь гээл миний хоёр хацар руу хоёр удаа алгадаад, тэгээд зүүн шанаа руу гараа зангидаж байгаад нэг цохьсон. Тэгээд наймаг тавиад өвөөгийн гэр рүү орсон. Тэгэхээр нь би буцаж гэр рүү ороод аав, дүү хоёртой ээж рүү очсон... Тухайн цохих үед их өвдсөн, толгой өвдсөн. Одоо толгой өвдөөд байгаа. Би жаахан гомдолтой байна./хавтаст хэргийн 9 дэх тал/

Гэрч У.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:Манайх Олон Овоо Хадан ус гэх газарт хадам аав Батпунцагтай хамт өвөлжиж байгаа. 2022 оны 02 дугаар сарын 05-нд 17-18 цагийн үед би гэртээ халамцуу унтаж байсан. Тэгсэн намайг Б цохьсон гэж манай хүүхдүүд хэлсэн. Намайг цохьсон яасан, юу болсон талаар надад мэдэх зүйл алга. Тэгээд би унтаж байгаад сэрсэн чинь гэрт манай 2 хүүхэд байсан. Тэгсэн манай охин М таныг унтаж байхад Б цохьсон гэж хэлсэн. Тэгээд би хоёр хүүхдээ аваад машинаараа эхнэр дээр очоод байж байхад араас Ц ирээд машинд суусан. Тэгээд айл руу явж байх замд Ц надад та унтаж байхад Б хутгатай ороод таныг ална гэж байхад аав бид хоёр ороод хутгыг нь булаан авч нуучаад зугтсан, тэгсэн аавыг зодож байгаа харагдсан гэж хэлсэн. Тэгээд айлд цагдаад дуудлага өгсөн. Өмнө нь манайд ийм асуудал гарч байгаагүй. Манай охин миний нүүрэн тус газар руу цохьсон гэж хэлсэн. Маргааш нь харахад улайсан байсан. Надад өөр юм мэдэгдээгүй. Нөгөө хэдийг яасныг мэдэхгүй байна... Хүүхдийг минь зодсонд гомдолтой байна, бусдаар бол нэхэмжлэх зүйл алга, гомдол санал алга.” /хавтаст хэргийн 10 дахь тал/

Гэрч Б.Бу мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Тухайн өдөр би Б 4 хүүхэд, Б, Ц-гийн хамтаар айлаар цагаалж яваад 15 цагийн үед гэрт ирцгээсэн. Б манай нөхөр хоёр жаахан согтуу байсан. Хүмүүс аавынд ирсэн байсан. Манай нөхөр гэрийнхээ хойморт унтаж байсан. Тэгээд би хонио харж ирнэ гээд явж байхад аавынд ирсэн зочид явж харагдсан. Тэгээд би зүүнтэйгээс хонио эргүүлээд туугаад гэр рүүгээ явж байсан чинь нөхөр Б өөрийн машинаа унаад урдаас гараад ирсэн. Тэгсэн дүү охин Ц хойноос гүйгээд ирж яваа харагдсан. Тэгсэн М, Бу хоёр машинд суусан байсан. М орилоод уйлж байсан. Энэ хүүхэд яасан бэ гэж асуухад нөхөр Б танай Б ах аавыг чинь зодоод алах нээ гэж хэлсэн. Тэгээд манай нөхөр 2 хүүхдээ аваад М гэдэг айл руу явсан. Тэгээд би хонио туугаад гэртээ орсон. Тэгсэн Б аав хоёр аавын гэрийн баруун талд юм яриад сууж байсан. Тэгээд энэ хоёр юм ярьж байгаа юм чинь гайгүй байх гэж бодоод гадаа гарчаад буцаад ороод ирсэн. Б гараа далайсан зогсож байсан. Аав газарт хэвтэж байсан. Аав Б-д хандан чи намайг зодлоо гэж хэлээд хэвтэж байсан. Тэгээд би Бг чирээд гаргасан чинь аав дагаад гараад ирсэн. Тэгээд би Бг хориод байсан чинь аав урагшаа айл руу явсан... Хүүхдээсээ асуусан чинь Б охины цамцнаас татаж ирээд нүүр рүү цохьсон гэсэн гал манараад яваад өгсөн, толгой өвдөөд байна гэж хэлсэн. Маргааш өглөө хүүхдийнхээ нүүрийг харсан чинь хоёр хацар нь хавдсан байсан. Охиныхоо үсийн самнах гэсэн чинь толгойнд хүргүүлэхгүй өвдөөд байна гээд байсан. Шинжээчийн дүгнэлттэй танилцсан гомдол алга. Эмнэлэгээр яваагүй учир хохирол учраагүй. Надад ямар нэгэн гомдол санал алга.” /хавтаст хэргийн 13-14 дэх тал/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 93 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Б.М-гийн биед тархины доргилт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” /хавтаст хэргийн 26-27 дахь тал/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 02 дугаар сарын 24ий өдрийн 111 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Г.Б-ийн биед гэмтэл тогтоогдсонгүй.” /хавтаст хэргийн 31-32 дахь тал/

Яллагдагч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:Манайх Өмнөговь аймаг Гэдрэг гэх газарт аавын гэрээс Б, Бу, Ц болон хүүхдүүдийн хамтаар Портер машинаар 2022 оны 02 дугаар сарын 05-ны өглөө эрт төрсөн ах, дүү нараар шинэлж явсан. Тэгээд бид хэд С гэдэг ахынд очоод монгол архи болон орос архи өгөөд дайлаад байсан. Би нэлээн уусан байсан. Тэгээд ээжийн дүү Н гэх айл руу явах замд Б Портер машин жолоодож яваад цас руу гулгаж жалаг руу ороод машинаа ойчуулчих гээд байсан. Тэгэхээр нь би тэрүүгээр яв гээд эвтэйхэн явчихаар зам заахад дуугүй бай гээд байсан. Тэгээд би дуугүй болсон. Тухайн үед их уур хүрсэн. Тэгээд Н гэдэг айлд очсон. Тэгээд дайлуулсан мөн архи уусан. Хэр уусан талаар мэдэхгүй байна. Тэгээд буцаад явахдаа Б-ийн ээж дүүгийн гэрээр орсон. Тэгээд бас дайлуулж байгаад гарсан. Архи уусан. Тэгээд цааш Булгантолгой гэдэг газарт Т гэдэг айл руу орсон, архи уусан. Тэгээд бид хэд гараад гэр рүүгээ Портер машинтай явж байсан. Бгийн эхнэр Бу зөөлөн яваач гээд байсан. Тэгээд түүнээс цааш юу болсон талаар надад мэдэх зүйл алга. Т гэдэг айлд нэлээн их архи уусан тул тасарсан байсан. Нэг мэдэхэд эрүүжүүлэхэд сэрсэн. Би дээр үед мотоцикльтэй явж байгаад онхолдсон. Тэрнээс хойш архи уух болон уурлахаараа юу хийсэн яаснаа санадаггүй.” /хавтаст хэргийн 41-42 дахь тал/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 4 дэх тал/

Насанд хүрээгүй хохирогч Б.Мгийн нас тоолсон тэмдэглэл /хавтаст хэргийн 43 дахь тал/

Насанд хүрээгүй хохирогч Б.Мгийн төрсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 44 дэх тал/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 54 дэх тал/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 52 дахь тал/

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 15 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 64-69 дэх тал/

Өмнөговь аймаг дахь сум дундын шүүхийн 2004 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 59 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 70-71 дэх тал/

Өмнөговь аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 09 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 72-75 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх нотлох баримтаар үнэлж, шийдвэрээ гаргах боломжтой байна гэж үзэв.

Эрүүгийн хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын мэтгэлцээн, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд дараах нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:

Шүүгдэгч Б.Б нь 2022 оны 02 дугаар сарын 05-ны орой 20 цагийн үед Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Хондот 3 дугаар баг Шарга уул гэх газарт 7 настай хүүхэд болох Б.Мг зодсон нөхцөл байдал тогтоогдож байна.

Улмаар шүүгдэгч Б.Б нь бага насны хохирогч Б.М-гийн хоёр хацар, зүүн шанаа хэсэгт цохьсон үйл баримт тогтоогдож байна. 

Тодруулбал: Насанд хүрээгүй хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.М-гийн: “...би гараад өвөөгийн гэр рүү явж байсан чинь Б ах намайг цамцнаас барьж аваад ээждээ хэлээд үзээрэй шээс минь гээл миний хоёр хацар руу хоёр удаа алгадаад, тэгээд зүүн шанаа руу гараа зангидаж байгаад нэг цохьсон./хавтаст хэргийн 9 дэх тал/,

Гэрч У.Б-ийн: “...Манай охин миний нүүрэн тус газар руу цохьсон гэж хэлсэн. Маргааш нь харахад улайсан байсан.” /хавтаст хэргийн 10 дахь тал/,

Гэрч Б.Бу-гийн: ... Хүүхдээсээ асуусан чинь Б охины цамцнаас татаж ирээд нүүр рүү цохьсон гэсэн гал манараад яваад өгсөн, толгой өвдөөд байна гэж хэлсэн. Маргааш өглөө хүүхдийнхээ нүүрийг харсан чинь хоёр хацар нь хавдсан байсан. Охиныхоо үсийн самнах гэсэн чинь толгойнд хүргүүлэхгүй өвдөөд байна гээд байсан.” /хавтаст хэргийн 13-14 дэх тал/ гэх мэдүүлгүүдээр тус тус тогтоогдож байна.  

Шүүгдэгч Б.Б-гийн гэм буруутай үйлдлийн улмаас бага насны хохирогч Б.М-гийн эрүүл мэндэд тархины доргилт бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 93 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 26-27 дахь тал/-ээр  тогтоогдож байна.

Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол гэж хуульчилсан ба Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7- д зааснаар “бага насны хүүхэд болохыг мэдсээр байж” эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн бол хүндрүүлэн зүйлчлэхээр заажээ.

Хохирогч Б овогтой М нь 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, одоо 7 настай болох нь хэргийн 44 дэх талд авагдсан төрсний бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байх бөгөөд гэмт хэрэг гарах үед хохирогч нь 14 насанд хүрээгүй байсан нь бага насны хүүхэд гэж үзэх хууль зүйн үндэслэл болно.

Иймд шүүгдэгч Б.Б-г бага насны хүүхэд болохыг мэдсээр байж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.     

Бага насны хохирогч Б.М, хууль ёсны төлөөлөгч Б.Бу нар нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ “...Гомдол санал алга/хавтаст хэргийн 13-14 дэх тал/ гэснээр шүүгдэгч Б.Б-г бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Б-гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Б.Б-гийн хувийн байдал нь ....................... зэрэг баримтуудаар тус тус тодорхойлогдож байна.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх нөхцөл байдлуудыг шүүх хуралдаанаар хянаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба шүүх ялын саналыг шүүгдэгчийн гэм бурууд нийцсэн гэж үзэж, улсын яллагчийн саналын хэмжээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Шүүгдэгч Б.Б нь шүүхээс оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв. 

Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, насанд хүрээгүй хохирогч Б.М, хууль ёсны төлөөлөгч Б.Бу нар нь хохирол төлбөр нэхэмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 4, 5 дахь хэсэг,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Б-ийн Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бага насны хүүхэд болохыг мэдсээр байж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Б.Б нь шүүхээс оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

5. Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бага насны хохирогч Б.М, хууль ёсны төлөөлөгч Б.Бу нар нь хохирол төлбөр нэхэмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

                                     ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Т.ДЭЛГЭРМАА