Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 102/ШШ2017/01560

 

 

 

 

2017 оны 05 сарын 26 өдөр

   Дугаар 102/ШШ2017/01560

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Энх тайвны өргөн чөлөө гудамж, 15 дугаар байр, 3 тоот хаягт оршин суух, Боржигон овогт Ёоёотонгийн Алтанцэцэг /РД: ЧП62041905/-ийн нэхэмжлэлтэй,

 

1978 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 402877 тоот

хөдөлмөрийн дэвтэр, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс 1994 оны 10 дугаар сарын 12-ны өдөр олгосон №398710 дугаар нийгмийн даатгалын дэвтрүүдийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Түмэн-Өлзий оролцов.

                      ТОДОРХОЙЛОХ нь:  

 

Нэхэмжлэгч Ё.Алтанцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ё.Алтанцэцэг миний бие 1980 оны 07 дугаар сарын 29-нөөс 1993 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Тээврийн яамны харьяа Автомашины засвар техникийн үйлчилгээний станцад токарьчнаар тасралтгүй 13 жил ажилласан. 1994 оны 09 дүгээр сарын 01-нээс “Женарал импекс” Бүрэн бус хариуцлагатай компанид электрон барааны худалдагч, касс, нярав зэрэг ажлуудыг хийж байгаад 2011 оны 06 дугаар сард цомхтголд орсон. 2017 оны 04 дүгээр сарын 19-нд 55 нас хүрч өндөр настны тэтгэвэрт гарах эрх үүсч материалаа өгтөл хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэрт миний овгийг буруу бичсэнийг залруулж ирэх шаардлагатай гэсэн тул хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоож өгнө үү  гэжээ.

 

Нэхэмжлэгчийн тайлбар, хавтаст хэрэгт байгаа нотлох баримтуудыг шинжлэн судлаад            

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ёоёотонгийн Алтанцэцэг нь 1978 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 402877 тоот хөдөлмөрийн дэвтэр, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын хэлтсээс 1994 оны 10 дугаар сарын 12-ны өдөр олгосон №398710 дугаар нийгмийн даатгалын дэвтрүүдийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд ирээгүй, хуралдааныг өөрийн эзгүйд хийлгэх хүсэлт ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасны дагуу түүний эзгүйд хэргийг хэлэлцлээ. 

 

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Ёоёотонгийн Алтанцэцэг нь 1978 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 402877 тоот хөдөлмөрийн дэвтэр, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын хэлтсээс 1994 оны 10 дугаар сарын 12-ны өдөр олгосон №398710 дугаар нийгмийн даатгалын дэвтрүүдийн жинхэнэ эзэмшигч мөн болох нь хавтаст хэрэгт авагдсан түүний №32 дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ё.Алтанцэцэгийн Монгол Улсын иргэний үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны Засаг дарга Д.Дорждуламын тодорхойлолт, Монгол улсын Архивын ерөнхий газрын Үндэсний төв архиваас ирүүлсэн 825 дугаар цалингийн тодорхойлолт, 1978 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Тээврийн техник мэргэжлийн сургуулиас олгосон Хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс олгосон 398710 тоот нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд, тус дэвтрүүдэд бичигдсэн нэхэмжлэгчийн ЧП62041905 дугаар регистр, шүүхэд хууль сануулж гэрчээр асуугдсан Н.Шийлэгбат /РД ЧМ59121478/, С.Батчулуун /РД: ШГ66012814/ нарын мэдүүлсэн мэдүүлгүүд, хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх дээрх баримтуудыг үндэслэн, Ёо ёон тонгийн Алтанцэцэг гэж бичигдсэн 1978 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Тээврийн техник мэргэжлийн сургуулиас олгосон 402877 тоот хөдөлмөрийн дэвтэр, Боржигон овогт Ёо Ёон Тон, Алтанцэцэг гэж бичигдсэн, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын хэлтсээс 1994 оны 10 дугаар сарын 12-ны өдөр олгосон №398710 дугаар нийгмийн даатгалын дэвтрүүдийн жинхэнэ эзэмшигч нь Боржигон овогт Ёоёотонгийн Алтанцэцэг /РД: ЧП62041905/ мөн болохыг тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116,  118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4 дэх хэсэгт заасныг баримтлан 1978 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Тээврийн техник мэргэжлийн сургуулиас олгосон 402877 тоот хөдөлмөрийн дэвтэр, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын хэлтсээс 1994 оны 10 дугаар сарын 12-ны өдөр олгосон №398710 дугаар нийгмийн даатгалын дэвтрүүдийн жинхэнэ эзэмшигч нь Боржигон овогт Ёоёотонгийн Алтанцэцэг /РД: ЧП62041905/ мөн болохыг тогтоосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн тухай 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М.Баатараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болох бөгөөд зохигч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             М.МӨНХТӨР