Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 2022/ШЦТ/116

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                          Хэргийн индекс:166/2022/0099/Э

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбат,

Улсын яллагч Г.Уянга,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.З-,

Шүүгдэгч О.Б- нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Б-ид холбогдох эрүүгийн 2218000000105 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1995 оны 10 дугаар сарын 23-ны өдөр, Дархан-Уул аймгийн Орхон суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “***********” ХХК-д мах шарагч ажилтай, урьд:

-Чингэлтэй дүүргийн 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 391 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жил 1 сар хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, О.Б-

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О.О.Б- нь 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 29-нд шилжих шөнө 04 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Gold” зочид буудлын 303 тоот өрөөнд амарч байсан иргэн Р.Р.Б-гийн монетон бөгжийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 651.300 төгрөгийн хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитой шинжлэн судлав.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч О.О.Б- нь 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 29-нд шилжих шөнө 04 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Gold” зочид буудлын 303 тоот өрөөнд амарч байсан иргэн Р.Р.Б-гийн монетон бөгжийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 651.300 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдлоо.

Хэргийн үйл баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах баримтаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

1. Шүүгдэгч О.О.Б- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Хохирол төлбөрийг төлж барагдуулсан. Бөгжийг нь буцааж өгсөн.” гэв.

2. Шүүгдэгч О.О.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...бид 2 хуучин Дарханд байрлах “Gold” нэртэй зочид буудлын 2 давхарт байрлах 2 ортой нэг өрөөнд орсон. Бид 2 өрөөнд орохоосоо өмнө 1 шил архи, гоймон, ундаа аваад орсон. Тэгээд бид 2 өрөөнд ороод гоймонгоо идчихээд, архиа уучихаад унтах гэж байтал нөгөө ах ахиад архи авч өг, архи уумаар байна гэсэн. ...00 харах гээд сэрээд хартал нөгөө ах унтаж байсан. Тэгэхээр нь би нөгөө ах дээр очоод зүүн талын гарын ядам хуруунд байсан мотетон бөгжийг аваад халаасандаа хийсэн.” гэх мэдүүлэг /хх 16/,

3. Хохирогч Р.Р.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би 2022 оны 01 дүгээр сарын 27-ны орой явж байгаад нэг эрэгтэй хүнтэй танилцаад “Gold” зочид буудалд орсон. Тэгээд бид 2 тэндээ 0.5 литрийн хэмжээтэй 1 шил Хараа архи хувааж уугаад унтсан. Тэгээд би унтаж байсан чинь нөгөө залуу миний орон дээр миний хажууд ирчихсэн байхаар нь би сэрээд “юу болоод байгаа юм бэ” гэхэд би таны юманд хүрээгүй, гэж хэлэхээр нь би халаасанд байгаа гар утсаа үзсэн чинь миний гар утас байсан. Тэгсэн нөгөө залуу өрөөнөөс гараад явахаар нь би араас нь гараад харъя гэж бодоод буудлын 1 давхар руу буусан чинь нөгөө залуу буудлын 1 давхарт утасныхаа гэрлийг тусгачихсан энд хамаг хаалга нь цоожтой байна гээд байж байсан. Тэгэхээр нь тухайн буудлын хаалгыг онгойлгох гээд оролдож байгаад эргээд харсан чинь нөгөө залуу алга болчихсон байхаар нь буцаад өрөө рүүгээ ороод харсан чинь манай өрөөнд хүн байхгүй байсан. Тэгээд би буудлын ажилтныг хайгаад тухайн буудлын өрөөнүүдийг тогшиж үзээд явж байтал буудлын ажилтан гарч ирэхээр нь би нөгөө залууг хайж байгаагаа хэлээд өрөөнүүдээр хайхад олоогүй. Тэгээд нөгөө залууг хайгаад явж байгаад гэнэт гар руугаа харсан чинь миний монетон бөгж алга болсон байсан. Тэгээд буудлын ажилтантай хамт хүнгүй хоосон байсан өрөө рүү ороод харсан чинь тухайн өрөөний цонх нь онгорхой байхаар нь очоод харсан чинь цонхны гадна талд хүний гутлын мөр байсан..” гэх мэдүүлэг /хх 12/,

4. Гэрч Г.Б- мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би “Gold” нэртэй зочид буудлыг түрээслэн ажиллуулдаг. Тухайн өдөр 23 цаг өнгөрч байхад 2 залуу орж ирээд 2 ортой өрөө байна уу гээд манай буудлын 303 тоот өрөөнд орсон. Тэгээд байж байтал шөнө 04 цагаас 05 цагийн үед 2 давхрын коридорт хүн яваад байхаар нь би очоод юу болсон талаар асуухад тухайн монетон бөгжөө алга болгосон гэх залуу надтай цуг орж ирсэн залуу алга болчихлоо гэж хэлсэн. Тэгээд бид 2 тухайн цуг байсан залууг буудал дотроо хайгаад олоогүй. Тэгээд хайж байгаад 304 тоот өрөө рүү орсон чинь тухайн өрөөний цонх нь онгорхой байхаар нь очоод хартал тухайн өрөөний цонхны харалдаа цасан дээр гутлын мөр гараад хүн буугаад явсан байдалтай байсан. Манай буудлын 304 тоот өрөөнөөс хүн буугаад явах боломжтой. Арын хашаагаар шууд дамжаад гарчихдаг юм.” гэх мэдүүлэг /хх 14/,

5. Гэрч Б.Э- мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр би эхнэрийн оронд ажиллаж байтал О.Б- гэх хүн ирж 4.9 граммын жинтэй эрэгтэй хүний монетон бөгжийг 380.000 төгрөгийн барьцаанд тавьсан юм. 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр өөрөө ирж барьцаанд тавьсан мөнгөө төлөөд манай эхнэрээс аваад явсан байсан.” гэх мэдүүлэг /хх 18/,

6. “Капитал зууч” ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт: “эрэгтэй хүний монетон бөгж /5.01 гр/ 1 ширхэг 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар 651300 төгрөг байна.” /хх 23-24/,

            Шүүгдэгч О.О.Б-ийн хувийн байдлыг тогтоосон оршин суух хаягийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх 43-51/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч О.О.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль ёсны ба шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан бусдад учруулсан хохирол төлбөрөө төлж барагдуулсныг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн хохирогч Р.Р.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “алдсан эд зүйлээ олж авсан тул гомдол санал байхгүй.” гэсэн тайлбар, шүүгдэгч О.О.Б-ийн...”үйлдсэн хэргээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн” зэргийг тал бүрээс нь харгалзан прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д заасан “согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоож шийдвэрлэсэн нь гэмт хэргийн шинж, хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд тохирсон, эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх зорилгод нийцсэн, цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үр нөлөөтэй гэж үзэв.

Шүүгдэгч О.О.Б- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй ба түүнд авагдсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Хохирол, хор уршгийн талаарх дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

 

Шүүгдэгч О.О.Б- нь бусдад учруулсан 651300 төгрөгийн хохирлоо төлж барагдуулсан буюу хулгайн эд зүйлээ биед байдлаар буцаан өгсөн болох нь хохирогч Р.Р.Б-гийн “алдсан эд зүйлээ олж авсан тул гомдол санал байхгүй” гэх мөрдөн шалгах ажиллагаанд бичгээр өгсөн тайлбараар тогтоогдож байх тул түүнийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйл, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

                                                             ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч О.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

   2.Шүүгдэгч О.О.Б-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

   3.Шүүгдэгч О.О.Б-ид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д заасан “согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авсугай.

 

   4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.О.Б-ид шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

   5.Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

   6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.О.Б-ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

   7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

   8.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч О.О.Б-ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 З.ТӨМӨРХҮҮ