Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 2022/ШЦТ/130

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                     Хэргийн индекс:166/2022/0116/Э

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,

Улсын яллагч Ч.Мядагбадам,

Шүүгдэгч Г.Г.Г- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  Г.Г-т холбогдох эрүүгийн 2218000000115 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1987 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, Барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй,  ам бүл-3, ээж, хүүхдийн хамт оршин суух урьд:

-Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 69 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 260 цаг албадан ажил хийлгэх ялаар,

-Дархан-Уул аймгийн Сум дундын 7 дугаар шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 137 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 10 хоног хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, Г.Г-

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Г.Г.Г- нь 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 17 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сум 1 дүгээр баг ********* дугаар гудамжны *-** тоотод насанд хүрээгүй М.М.О-тай маргалдаж улмаар нүүрэн тус газар нь гараараа 2 удаа цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэх гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитой шинжлэн судлав.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 4-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Г.Г.Г-т холбогдох эрүүгийн 2218000000115 хэргийг хуульд заасан үндэслэл журамд нийцнэ гэж үзэв.

2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 17 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сум 1 дүгээр баг ******** дугаар гудамжны *-** тоотод шүүгдэгч Г.Г.Г- нь  насанд хүрээгүй М.М.О-ыг зүй бус үг хэллэг хэрэглэн бие эрх чөлөөнд нь халдаж  зүүн хөмсгөнд шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдлоо.

 

Хэргийн нөхцөл байдлаас дүгнэхэд шүүгдэгч Г.Г.Г- нь насанд хүрээгүй хохирогч М.М.О-ын “утасны чинь кейс муухай болчихсон байна” гэснээс шалтаглан түүнийг цохисон үйлдэл, хохирогчид учирсан гэмтлийн хооронд шалтгаант холбоо тогтоогдож байна гэж дүгнэлээ.

 

Хэргийн үйл баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах баримтаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

 

     1. Шүүгдэгч Г.Г.Г-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Дахин ийм хэрэг хийхгүй. Миний буруу.” гэв.

2. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл...-Дархан сумын *-р баг,  *-*** тоотод оршин суух хаягтай  М.М.О-аас “бусдад зодуулсан гэх гомдол мэдээллийг 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 17:09 цагт хүлээн авсан.  /хх 2/,

 

            3. Насанд хүрээгүй хохирогч М.М.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 17 цагийн үед миний бие Дархан-Уул аймгийн Дархан сум 1 дүгээр баг ******* 2 дугаар гудамжны *-** тоотод дүүгийн найз Энхбаярын хашаанд турникийн дээр тоглоод байж байсан бөгөөд дулаацах гээд гэрт ороод байж байсан чинь Э- хамаатан гээд нэг ах орж ирээд бид нартай хамт Pubg гэдэг тоглоом тоглож байсан. Тухайн үед утасгүй байсан болохоор тоглолгүй тэд нарыг хараад байж байсан юм. Тухайн үед тэнд М-, Э- нар байсан юм. Тэгээд би тэр ахын утасны гадаргуу буюу кейсийг муухай болчихсон байна гэж хэлсэн чинь тухайн ах Энхбаяр дүүдээ хандаж “чи энэ хачин гөлөгнүүдийг битгий гэрт авч ирж байгаач” гэж хэлээд намайг шууд гөлөг пацаанаар дуудаад байсан. Тэгээд би тэр ахыг түлхсэн чинь намайг гараараа зүүн нүд хөмсөг хавьцаа нэг удаа цохисон юм. Дараа нь уруул шүд хэсэг рүү нэг удаа цохисон юм.” гэх мэдүүлэг /хх 04/,

 

            4. Насанд хүрээгүй гэрч О.Э- мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Өчигдөр буюу 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 16 цагийн үед манай найз М- ах М.О-ын хамт манай гэрт ирээд бид нар хамт хашаан дотор байдаг турник дээр тоглож байгаад дулаацах гээд гэр рүү орсон. Тэгээд манай гэрт байсан үеэл ах Г.Г-, М.О-, М- нарын хамт утсаараа “Pubg” тоглоом тоглоод суухаар нь би жоохон дулаацаж байгаад хэдүүлээ одоо гаръя гэхэд М- байж байгаарай гэхээр нь би түрүүлээд гараад турникийн дээр байж байхад хүмүүс ноцолдож байгаа юм шиг гэр дотор түжигнээд байсан. Тэгээд удалгүй манай найзын ах М.О- гэрээс гарч ирэхэд хөмсөг нь сэтэрчихсэн цус гоожсон байдалтай танай ах Г.Г-тай барьцалдаж авахад намайг цохичихлоо гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх 15/,

            5. Насанд хүрээгүй гэрч А.М- мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Өчигдөр буюу 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 16 цагийн үед өөрийн найз Э-н хашаанд байрлах турник дээр өөрийн төрсөн ах М.О-ын хамт тоглож байгаад дараа нь Э-н гэр рүү нь орсон. Э-н гэр рүү ороход түүний үеэл ах гээд нэг ах гар утсаараа Pubg тоглоом тоглоод сууж байхаар нь хамт тоглох гэж байхад манай ах М.О- тэр ахын гар утасных нь гэрийг та контрал дээрээ тааруулж кейсээ зүсчихсэн юм уу гэхэд нөгөө ах сандал дээр сууж байгаад босоод “ямар олон үгтэй гөлөг вэ? иймэрхүү юмнуудыг битгий хашаанд оруулж бай, зайл” гэхэд манай ах яасан юм гэж хэлээд хаалганы үүдэн дээр очоод намайг явъя гэж хэлээд би босоход манай ах тэр ахтай зууралдаад хоорондоо барьцалдаж байгаад салгахад манай ахын нүүр рүү гараараа хоёр удаа цохисон.” гэх мэдүүлэг /хх 18/,

6. Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 220 дугаартай шинжээчийн дүгнэлт:

-М.М.О-ын биед зүүн хөмсгөнд шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт тогтоогдлоо.

-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

-М.М.О-ын биед илэрсэн гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно.

-Уг гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх 26-27/,

 

Шүүгдэгч Г.Г.Г-ын хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлтийн талаарх тодорхойлолт /хх 44-47/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх 51-54/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх бүрэлдэхүүн үнэлсэн болно.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч Г.Г.Г-ыг эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль ёсны ба шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн шүүгдэгч Г.Г.Г-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “дахин ийм хэрэг үйлдэхгүй” гэх мэдүүлэг болон прокурорын ялын саналын хүрээнд түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г.Г-т оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд сар бүр 90000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Г.Г.Г- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй ба түүнд авагдсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Хохирол, хор уршгийн талаарх дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

Насанд хүрээгүй хохирогч М.М.О- болон түүний хууль ёсны төлөөлөгч Б.М-р нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “100000 төгрөг авсан. Гомдол санал байхгүй.” гэх тайлбар /хх 78/ өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйл, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Г.Г-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

   2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г.Г-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

   3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г.Г-т оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд сар бүр 90000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлсүгэй.

   4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г.Г- нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

   5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

   6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Г.Г-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

   7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

   8.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.Г.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                    

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 З.ТӨМӨРХҮҮ