Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/31

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

Улсын яллагч: О.Батнасан,

Шүүгдэгч: Т.О,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч: Б.От,

Нарийн бичгийн дарга: А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,                                  

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овгийн Т-ын О-ид холбогдох 2228000170021 тоот хоёр хавтас эрүүгийн хэргийг 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

А овгийн Т-ын О, ..............................    

Шүүгдэгч Т.О нь согтуугаар 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр багийн ...................... тоотод оршин суух Д.Г-ын гэрт Х.З-ыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхад нь түүний эзэмшлийн 350.000 төгрөгийн үнэлгээ бүхий Самсунг А12 маркийн гар утас, виза карт, виза картаас нь бэлнээр 1.400.000 төгрөг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан, түүнд 1.750.000 төгрөгийн хохирол учруулсан, 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төвөөс зүүн хойш 70 километрт байрлалтай Молцог элс гэх газарт буюу Даланзадгад сумын төвөөс Мандал-Овоо сум явах шороон зам дээр иргэн Б.О-ын эзэмшлийн 1.800.000 төгрөгийн үнэлгээ бүхий 25.87 улсын дугаартай “Colt маркийн автомашин, 80.000 төгрөгийн үнэлгээ бүхий самсунг G5 маркийн гар утас, мөн бэлнээр 80.000 төгрөг зэргийг хүч хэрэглэн довтолж дээрэмдэн, 1.960.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан, хохирогч Б.О-ын эд хөрөнгийг дээрэмдэж авах явцдаа түүний биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, өөртөө эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Т.О-ийг яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Т.О шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч: Б.О-т шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Намайг таксинд явж байхад шүүгдэгч 12 километр яваад өгөөч гэж гуйж авч явсан. Очих газраа мэдэхгүй явсаар байгаад аймгаас 70 орчим километр явж байгаад О-гоогийн гэх айлд өглөөний 06 цагт очиж Мандал-Овоо сумын айл байгаа юу гэж сурахад байхгүй гэж хэлсэн.  Тэгэхээр нь би явлаа гэж хэлэхэд би цуг яваад Мандах гэх газарт бууж үлдье гэж хэлээд хамт явах замдаа надад 80.000 төгрөг өгсөн. Тэгээд тухайн айлаас 2 километр орчим яваад би машинаас буулаа, үсэрлээ гэж хэлээд байхаар нь зогсоход үсэрч буугаад намайг татаж буулгаад хармаанд хийсэн байсан 80.000 төгрөгөө булааж аваад явсан. Татаж буулгахдаа баруун талын хөл рүү өшиглөчих шиг болсон. Цээжин дээр өвдөглөж байгаад гар утас, мөнгө булааж аваад машин асаалттай байсныг унаад явсан. Би өөрөө 2 гар дээрээ бөгсөө чирээд явах гэсэн боловч болоогүй. Хөл гэдрэгээ савж ойчоод явж болохгүй байсан. Тэгээд байж байхад мотоцикльтой хүн явахаар нь өмсөж байсан куртикээ тайлаад даллахад ирж амь гарсан. Шүүгдэгч намайг санаатай авч явж алах үйлдэл хийсэн. Надад хохирол төлбөр төлөх боломжгүй хүн учраас надад нэхэмжлэх зүйл байхгүй. Тохирсон ялыг нь оногдуулахыг хүсэж байна.

Хохирогч Х.З мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хувийн ажил хөөцөлдөхөөр Сэврэй сумаас Даланзадгад суманд ирсэн. 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Даланзадгад сумын төвд танил Э гэх хүнтэй тааралдаж Нисэх гэр хорооллын 17-6 тоот гэх гаднаа хаяггүй айлд очиж архи уусан. Э тэр хашаанд амьдардаг юм байна лээ. Намайг Этай хамт гэрт нь очиход ах нь гэх танихгүй залуу байсан. Бид нар Эгийн гэрт архи ууцгааж тэр айлд би хоносон. Маргааш өглөө нь 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн өглөө 10 цагийн орчимд мотоцикль унасан 2 залуу Эгийн гэрт ирсэн. Би урьд өдөр нь архи уусан байсан болохоор дотроо засаж архи авахаар дэлгүүр явсан. Дэлгүүр явахдаа мотоцикльтой ирсэн 2 залууд хамт дэлгүүр яваад өгөөч гэж гуйсан. Тэгтэл шар залуу нь тэгье тэгье гээд мотоциклио жолоодоод би араар нь сууж дэлгүүр явсан. Дэлгүүрт очоод хоёулаа дэлгүүр рүү орсон. Би дэлгүүрээс 1 шил хар Чингэс нэртэй архи, ундаа тамхи худалдаж авсан. Би дэлгүүрээс худалдаж авсан зүйлийнхээ тооцоог өөрийнхөө ХААН банкны картаар хийсэн ба худалдагчид картныхаа нууц дугаарыг хэлж өгсөн. Тэр үед надтай хамт явсан шар царайтай залуу хажууд зогсож байсан. Бид хоёр буцаж Эгийн гэрт очиж Э, Эгийн ах нь гэх залуу болон мотоцикльтой ирсэн 2 залуутай хамт дэлгүүрээс худалдаж авсан архиа хувааж ууцгаасан. Мотоцикльтой гаднаас ирсэн залуугийн нэг нь Булган сумын харъяат бордуу царайтай залуу байсан. Би нэрийг нь тогтоогоогүй. Харин хамт ирсэн буюу надтай хамт дэлгүүр явсан шар залуугийн нэрийг О гэдэг гэсэн. Би дэлгүүр рүү хамт явж байхдаа танилцаж нэрийг нь асууж байсан юм . Бид нарын ууж байсан архи дуусаж би дахиад архи авахаар дэлгүүр явахад О мотоцикль жолоодоод надтай хамт дэлгүүр явсан. Дэлгүүрт очоод би 1 шил архи худалдаж аваад тооцоогоо мөн өөрийн картаар хийсэн ба худалдагчид өөрийн картын нууц дугаараа урьдын адил 1111 гэж хэлж өгсөн. Худалдагчаас картаа аваад өөрийн гар утасныхаа ар талд гар утас гэр хоёрын завсар хавчуулж хийсэн. Тэр үед О хараад зогсож байсан. Тэгээд архиа аваад буцаад Эгийн гэрт очиж ууцгаасан. Архиа ууж дуусаад би О-ээр өөрийн ах Г-ын гэрт хүргүүлээд унтаж амарсан. О намайг ахынхаа гэрт унтсаны дараа миний гар утсыг авч гэрээс гарсан гэж хэлсэн. Гэрт байсан хүүхдэд ах нь утсаар нь ярьчихаад буцаагаад өгнө гэж хэлээд гэрээс гараад чигээрээ явж сураггүй алга болсон байсан. Би унтаж амарч байгаад 18 цагийн орчимд сэрэхэд Г ахын хүүхэд С таныг унтаж байхад дэрний чинь хажууд байсан гар утсыг хүргэж ирсэн хүн чинь ярьчихаад өгнө гэж хэлж авч гараад чигээрээ явчихсан гэж хэлсэн. Би уг гар утсанд өөрийнхөө ХААН банкны картаа хавчуулаад хийсэн байгаа гэдгээ санаад ХААН банкны лавлах руу картаа хаалгах зорилготой залгаж асуутал таны дансанд 3000 төгрөг үлдсэн байна гэж хэлсэн. Би Сэврэй сумаас ирэхдээ 2.600.000 төгрөгтэй ирсэн байсан ба өөрөө 500.000 орчмыг нь хэргэлсэн байсан байх. Сая гаруй төгрөг лав үлдсэн байх ёстой. Тэгээд би өөрийн мөнгө картаа олж авах зорилгоор цагдаагийн байгууллагад ирж гомдол гаргасан... Миний хулгайд алдсан утас хар өнгийн гэртэй, гадуураа тунгалаг өнгийн case гэртэй Samsang A12 маркийн хагарч гэмтээгүй 2021 оны 09 дүгээр сард шинээр нь 450.000 төгрөгөөр худалдаж авсан утас... О миний Самсунг А12 маркийн гар утсыг хулгайлж, гар утасны гэрэнд хавчуулаатай байсан Хаан банкны виза картнаас 1.400.000 төгрөгийг гарган авсан байснаас 1.029.450 төгрөгийг ашиглаж амжилгүй баригдсан байсан. Тэгээд надад Самсунг А12 маркийн гар утас болон ашиглаж амжаагүй байсан 1.029.450 төгрөг, Хаан банкны виза карт зэргийг хүлээлгэн өгсөн. Би 2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Даланзадгад суманд ирсэн. Тэгээд 01 дүгээр сарын 17-нд Отэй уулзахад надад 370.550 төгрөгийг хүлээлгэн өгсөн. О нь миний хохирлыг бүрэн барагдуулсан болохоор ямар нэгэн гомдол санал байхгүй. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. /хавтаст хэргийн 23-24, 26-27 дахь тал/ 

Хохирогч Б.О-т мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:  2021 оны 12 дугаар сарын 21-ний орой 23 цагийн үед таксины зогсоол дээр зогсож байхад зүс таних залуу ирээд аймгаас хойшоо 12 км гэрт хүргээд өг гэж хэлэхээр нь би тухайн залууг авч явсан. Тэгээд аймгаас хойш 12 км өнгөрөөд 80 гаруй км яваад айлаа олохгүй байна гээд дахиад цаашаа яв гэхээр нь бензин хүрэхгүй гээд Булган сумын нутаг Халзангийн ус гэх газар очиж Э гэх айлаас 10 литр бензин авч хийгээд хойшоо яваад Халзангийн ус гэх газар очоод энэ худаг нь мөн үү гэхэд биш гэж хэлсэн. Тэгэхээр нь баруун хойш яваад Огоо гэдэг айлд 12 дугаар сарын 22-ны өдөр үүрээр очиход тухайн айл биш гэж хэлсэн. Тэгээд яах юм би буцаад явлаа гэхэд хамт аймаг явсан. Айлаас хөдлөх үед надад 80.000 төгрөг өгөөд тэр айлаас 1-2 км орчим явчихсан байхад  машины хаалга нээгээд би буцлаа, үсэрлээ шүү гээд байхаар нь машинаа зогсоогоод буулгахад миний талын хаалга нээгээд надаас мөнгөө буцааж авах гэхэд нь өгөхгүй байсан чинь намайг машинаас хүчээр татаж буулгаад газар унагаж байгаад дээрээс өвдөглөж суугаад надад өгсөн 80.000 төгрөг, миний барьдаг Samsung  J5 загварын гар утас зэргийг булааж аваад машин унаад явсан. Тэгээд тал дээр намайг 6 цагийн үед үлдээчихээд явсны дараа би 2 хөлөө чирээд 2 гараараа зүтгээд айлын зүг явах гэж оролдсон боловч хол явж чадаагүй. Тэгж байтал нар гарсны дараа баруун зүгээс мотоцикльтой хүн ирж байхаар нь даллаж дуудсан. Тэгээд мотоцикльтой хүн ирээд надтай уулзаад зүүн айл руу ирээд аваарай гэж хэл хүргүүлсэн. Удаагүй зүүн айлын Огоо гэх залуу машинтай ирж намайг аваад гэртээ авч ирсэн. Утсаар нь эхнэртэйгээ ярьж болсон зүйлээ хэлсэн. Үдээс хойш 16 цагийн үед манай гэрийхэн болон цагдаа нар ирсэн. Миний машинд суусан залуу машинд суухдаа л тортой зүйл авч суусан. Тухайн үед суухдаа эрүүл юм шиг харагдаж байсан. Тэгээд надтай хамт явж байхдаа тортой зүйл доороосоо гаргаад  архи, пиво ууж хиам гаргаж ирээд байсан. Торноос гаргаж ирсэн 2.4 литртэй савтай пиво, нэг шил архи, ганцаараа ууж дуусгасан. Аймгийн төвөөс гараад 10 гаруй км явсны дараа гэр чинь дөхөж байна уу гэж асуухад болоогүй байна гэж байсан. Тэгээд тодорхой зүйл хэлэхгүй явсаар байгаад Халзангийн ус гэх газар очсон. Намайг хөгжлийн бэрхшээлтэйг мэдэж байсан болохоороо миний машинд сууж худлаа хэлж явсан байх гэж бодож байна. Би 2020 оны 8 дугаар сард зам тээврийн осолд ороод хэвлийн хэсгээс доош мэдээгүй болчихсон. Тэгээд 2020 оны 9 сард хөгжлийн бэрхшээлтэй групп тогтоолгосон. Намайг машинаас хүчээр буулгахдаа миний баруун хөл рүү өшиглөх шиг болсон чинь баруун хөлний өвдөгний дээд хэсгээр хугарчихсан байсан гэж эмч хэлсэн. Мөн миний машиныг унаж яваад Булган сумаас хойш 30 гаруй кмт эвдээд орхисон байсныг найз Батхүү очиж чирч ирсэн. Машины мотоор, радиотар, хоромний лаф зэрэг эвдэрсэн байна гэсэн. Мөн машинд байсан миний хэтэвчнээс 70.000 төгрөг байсныг түрийвчтэй нь аваад дотор нь байсан бичиг баримт виза карт зэргийг гаргаж хаясан байсан гэсэн. Би Samsung J5 маркийн гар утсыг авч явсан. Хөлөө хадуулахад 750.000 төгрөг, машин чирч ирэхэд 250.000 төгрөг, машины эвдэрсэн эд ангийг Улаанбаатар хотоос авахад 850.000 төгрөг болсон... Миний хугарсан хөлийг хадахад 750.000 төгрөг, машинаа Булган сумаас чирч ирэхэд 250,000 төгрөгний шатахуун, Улаанбаатар хотоос мотор захиж авахуулахад 800.000 төгрөг болсон. Нийт хохирол учирсан нь 1.700.000 төгрөг болсон. Тэгээд эм тариа гээд тооцвол бас нэмэгдэх л байх. Гэхдээ би тэр болгоныг тооцоод О-ээр төлүүлэх хүсэл алга. Тэр хүн тэр чигээрээ авах ёстой шийтгэлээ авна биз. Тухайн зардлуудыг нэхэмжлэхгүй. Т.О өгөх ёстой шийтгэлийг нь өгөх ёстой. /хавтаст хэргийн 30-31, 34-36 дахь тал/,

Гэрч Д.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр би өөрийн гэрээс 16 цагийн орчимд гараад .............. тоотод байх найз Цгийн гэрт очсон. Цгийн гэрт найз Б нь байсан. Тэгээд Ц, Б бид гурав пиво ууцгаасан. Намайг Ц-ийн гэрт пиво уугаад байж байх үед 21 цагийн орчимд нууцалсан дугаараас дуудлага ирж уг дуудлагыг авч ярихад О байсан. О надаас хаана байгаа юм гэж асуухад нь би өөрийн байгаа газрын хаягаа хэлсэн. Тэгээд байж байтал О гаднаас 2 шил Хараа гэсэн нэртэй архи бариад ороод ирсэн. О Цгийн гэрт ирээд авч ирсэн архиныхаа 1 шилийг нь задалж өгсөн боловч Ц, Б бид гурав архи уухгүй гэж хэлээд уг архинаас нь уугаагүй. О намайг хамт явах уу гэж асуухад нь би үгүй гэж хэлээд хамт яваагүй. О авч ирсэн 2 шил архиа буцааж аваад гадаа такси хүлээж байгаа гэж хэлээд явсан. Оийг явснаас хойш би Цгийн гэрт байж байгаад удалгүй гэр рүүгээ явсан. Намайг гэртээ очоод 5 минут болоогүй байж байтал манай гэрт О хүрээд ирсэн. Тухайн үед 22 цаг өнгөрч байсан байх О намайг гадаа такси ирсэн байгаа хамт гаръя гэж хэлсэн, би О-ийг дагаад хамт гэрээс гарсан. Гэрийн гадаа улаан өнгийн такси байсан ба машин дотор жолоочоос нь өөр хүн байгаагүй. Тэгээд уг таксинд нь би сууж О Гурвансайхан гэр хороолол руу явна гэж жолоочид хэлээд явсан. Замдаа зогсолгүй явсаар Гурвансайхан гэр хороололд байх танихгүй айлын гадаа очиж зогссон. О айлын гадаа очоод машинаас буугаад гэр рүү орсон. Жолооч бид хоёр уг айл руу ороогүй машин дотор сууж байсан. Тэгээд байж байтал О гэрээс гарч ирээд намайг машин дотор байгаа эсэхийг харчихаад буцаад айл руу орсон. О удалгүй уг айлаас гарч ирээд таксинд суугаад хөдлөөд явтал цагдаа нар ирсэн. Өөр зүйл болоогүй. Оээр би урьд өмнө нь ямар нэгэн зүйл худалдаж авахуулж байгаагүй, мөн би Оээс мөнгө авч байгаагүй. Би О гэх хүнтэй байнга харилцаатай байдаг хүн биш. 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр намайг пиво уучихсан байхад утсаар яриад надтай уулзчихсан болохоос биш би Отэй уулзаад байдаг хүн биш. О гэх хүнийг би  мөнгөтэй байдаг эсэх талаар мэдэх зүйл байхгүй. /хавтаст хэргийн 38 дахь тал/

Гэрч Ц.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хуучны танил З, О, Одонжагай бид нар архи ууцгаасан. Энэ өдрийн орой О, Бө хоёр Бөмбөөлэйгийн гэрт очиж хононо гээд явсан. З, Од хоёр манай гэрт хоносон. Маргааш өдөр нь буюу 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 10 цагийн орчимд гэртээ байж байхад гаднаас О, Бө хоёр мотоцикль унаад манай гэрт ирсэн. З дотроо засна гээд дэлгүүрээс архи авна гэсэн. О мотоцикль унаад З-той хамт архи авахаар дэлгүүр рүү явсан. З дэлгүүрээс 1 шил архи, 1 ширхэг ундаа, тамхи аваад ирсэн. Тэр архийг нь З, Од, Бө, О бид нар хувааж уугаад бүгдээрэй бага зэрэг согтоцгоож халамцсан байсан. Архи уугаад байж байх үед О, З-ын гар утсыг булааж авах гээд байсан. З гар утсаа О-эд өгөхгүй гээд байсан. Би О-эд чи хүний гар утас авах гээд яах гээд байгаа юм болиоч, өгөөч гэж уурлаж хэлсэн. З О-эд гар утсаа өгөөгүй. Тэгээд байж байтал З ахындаа очиж амарна гэсэн О хүргэж өгье гээд Бө-ийн мотоциклийг гуйж аваад унаад хамт явсан. Гэрт Бө, Од бид гурав үлдсэн. Надад өөр мэдэх зүйл байхгүй. Би гэртээ үлдсэн. /хавтаст хэргийн 40 дэх тал/

Гэрч Ц.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Манай нөхөр От нь цээж хэсгээс доош мэдээгүй алхаж чаддаггүй, машин барьж таксинд явдаг юм. Өчигдөр буюу 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр таксинд явж байгаад 23 цагийн орчимд 20 км-т хүн хүргэж өгнө гээд утсаар охин руугаа залгасан байсан. Тэгээд ойрхон яваад ирэх юм байна гэж ойлгосон боловч шөнийн 02 цагаас хойш ирэхгүй байхаар нь санаа зовоод машин эвдрээд утасны цэнэг нь дууссан байх гээд дүү Ба-тэй хамт хайгаад үрээр 05 цаг хүртэл яваад цагдаа руу дуудлага өгсөн. Дуудлага өгчихөөд найзтайгаа хайхад хөдөөний хүн над руу утсаар залгаад танай нөхөр От аймгийн төвөөс хойш 70 кт-т манай гэрт байна. Хөдөө замд машиныг нь хүн аваад буулгаж орхиод явчихсан гэж 9899.... дугаараас Огоо гэх хүн залгасан. Mitsubishi colt загварын 25-87 УНХ тээврийн хэрэгсэл нь манай нөхөр Оын эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Тухайн 25-87 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл 2002 онд үйлдвэрлэгдсэн. 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Цогтцэций сумаас 1,800,000 төгрөгөөр худалдаж авсан. Манай нөхрийн тээврийн хэрэгслийг авч явсан хүн нь О гэдэг улаан хүрэн өнгийн дээлтэй хүн байсан гэж хэлсэн... Би ах дүү нартайгаа нийлээд манай нөхөр байгаа гэх хөдөөний О-гоо гэх айлд очиход манай нөхөр сууж байсан. Нэг талын хөл гадагшаа болчихсон, цээж жоохон хөндүүр байна гэж байсан. Би юу болсон талаар асуухад манай нөхрийг тухайн О гэж хүн аймгаас хойш 20 км яваад айлд хүргүүлнэ гээд явсан боловч 12 дахь км-т очиход болоогүй байна гэж хэлээд явсаар байгаад 70 км-т очоод хөдөөний айлаас бензин аваад буцаад аймаг чиглэл рүү явж байхад О гэж хүн машинаас үсэрч буух гээд явж байхад машины хаалгыг онгойлгоод байхаар нь манай нөхөр машинаа зогсоосон чинь машиныг тойрч очоод манай нөхрийг машинаас хүчээр чирж буулгаж газар унагаагаад нэг удаа өшиглөөд машиныг чинь авч шатаалаа гээд унаад яваад өгсөн гэж хэлсэн. Манай нөхрийг дээш харуулаад хаясан юм байна лээ, бүсэлхийнээс доош мэдээгүй болохоор манай нөхөр эргэж харж чадахгүй хөдөө хээр 6 цаг болсон гэж хэлсэн. Хөдөөний мотоцикльтой хүн тааралдаад айлд авч очиж өгсөн юм байна лээ. Манай нөхөр одоо Бүсийн оношилгоо эмчилгээний төвд гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлж байна. Баруун хөлний дунд чөмөг хугарсан байна лээ, хадуулсан байгаа... Булган сумаас хойш 20 км-т байсан машинаа авсан. Манай нөхрийн машин асах боломжгүй эвдэрсэн байна гэж хэлсэн. /хавтаст хэргийн 45-46, 47 дахь тал/

Гэрч О.Ою мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би 2021 оны 12 дугаар сарын 22-ны өглөө гэрээсээ гараад нутгийн ах Ор-ынд очиж хүнсийг нь авалцах гээд мотоцикльтой явж байхад манай гэрээс Ор ахын гэрт очих замд Ор ахынхаас баруун тийш 1 км орчим зайд зам дээр нэг хүн даллаад сууж байхаар нь би очиж уулзахад нэг ах сууж байсан. Намайг очиход бөгсөө чирээд 3-4 метр орчим явсан мөртэй байсан. Тэгээд нөгөө ах чинь уйлаад хамт явсан хүн маань машинаас буулгаж хаячихаад явчихлаа гээд нэлээд даарсан байдалтай харагдсан. Тэгээд ах нь суугаа хүн байгаа юм, ядаж байхад баруун хөл нэг эвгүй болчихлоо хажуу тийшээ унаад байна, уг нь эгц, шулуун байдаг юм гээд намайг айлд хэл хүргээд өгөөч гэхээр нь би чигээрээ яваад Ор ахынд очиж хэлэхэд Ор ах машинаараа явж нөгөө ахыг авч ирсэн. Ор ах өөрийнхөө Портер загварын тээврийн хэрэгсэлтэй ганцаараа очиж нөгөө ахыг авч ирсэн. /хавтаст хэргийн 53-54 дэх тал/

Гэрч Ю.Ор мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2021 оны 12 дугаар сарын 22-ны өглөө үүрээр 06 цагийн үед От манайд нэг залуутай хамт цагаан өнгийн машинтай ирсэн. Тэгээд хамт ирсэн залуу нь манай гэрт ороод утсаар ярих гэсэн боловч тухайн дугаар нь холбогдохгүй байна гэж байсан. Харин Б.От машинаасаа бууж чадахгүй гээд машиндаа суугаад байсан. Тэгж байгаад 08 цагийн үед манай гэрийн гаднаас Даланзадгад сум руу явна гээд хөдөлсөн. Тэгээд 11 цагийн үед манай саахалт айлын Ою гэдэг залуу манай хүнсийг хийлцэхээр ирэхдээ замд мотоцикль дээр мордож чаддаггүй суугаа хүн байна, таныг ирж аваач гэж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөрийнхөө Понтер загварын 20-68 ӨМУ улсын дугаартай тээврийн хэрэгслээрээ авахаар явсан. Манайхаас баруун тийш 0.8-1 км орчимд Б.От газар суучихсан, хамт явсан залуу нь явж байхад машинаас буух гээд байхаар нь зогссон чинь намайг татаж буулгаад машин унаад явчихлаа гэсэн. Б.От нь 10 орчим метр газар бөгсөө чирээд, гараараа тулаад явсан мөртэй байсан. Тэгээд От гараараа тулаад би бөгс хэсгээс нь өргөөд машиндаа суулгаад гэр рүүгээ авч явсан. Гэртээ ирээд гэр рүүгээ өргөж оруулаад халуун цай уулгаад эхнэртэй нь утсаар холбогдуулсан. Удалгуй гэрийнхэн нь ирсний дараа цагдаа нар ирээд Оыг авч явсан. 2021 оны 12 дугаар сарын 22-ны өглөө 06 цагийн үед манай гэрийн гадна цагаан машин ирж зогссон. Тэгсэн чинь тухайн машиныг манай нутгийн От уначихсан явж байсан. Машинаас буухгүй байхаар нь гэрт ороод цай уугаач гэхэд От бөгсөн биенээс доош огт мэдээгүй болчихсон, гуурстай болохоор орж чадахгүй нь гэж хэлсэн. Хамт явсан залуу нь машинаас бууж манай гэрт орж утсаар ярих гэсэн боловч тухайн утас нь холбогдохгүй байсан... От-тай хамт явсан залуу нь эхнэрийндээ хүргүүлнэ гэж аймгийн төвөөс гарсан гэж байсан. Тэгээд замдаа төөрөөд манайд ирсэн гэж байсан. Тэгээд манай гэрийн гаднаас хөдлөөд явж байхад хамт явсан залуу нь машинаас буух гээд байхаар нь зогссон чинь Оыг машинаас нь татаж буулгачихаад явчихсан гэж байсан. Намайг очиж авахад Оын биед ил харагдах гэмтэл, шарх ажиглагдаагүй. Харин От өөрөө хэлэхдээ миний баруун хөл хажуу тийшээ эргээд байна, нэг сонин болчихлоо гэж байсан. /хавтаст хэргийн 56-57 дахь тал/

Гэрч Ч.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2021 оны 12 дугаар сарын 22-ны шөнө 3 цагийн үед гэртээ эхнэрийн хамт унтаж байхад гэрийн гадна машин ирээд зогссон. Тэгээд машины хаалга дуугараад нэг танихгүй дээлтэй 30 гаруй насны залуу орж ирээд Баттай нэр хэлээд хүүхдийн гэр хаана байдаг юм бэ гэж асуухаар нь би босоод хувцсаа өмсөх гэхэд намайг босоод яах вэ гэхээр нь хувцсаа өмсөж байх хооронд гэрээс гарч явсан. Тэгэхээр нь би хувцсаа өмсөөд араас нь гарч очсон чинь машины жолооч нь манай нутгийн жолооч байсан. Жолооч залуу нь намайг таниад надтай ярилцаж уг нь аймгаас хойш 15 км-т айлд очно гэж гарсан юм. Одоо 70 км явчихаад байхад айлаа олоогүй л явна гэж хэлсэн. Тэгээд одоо аймаг руу буцах бензин байхгүй гэхэд хамт явсан залуу нь ахаа танд бензин байхгүй юу гэж асуухад одоо буцах бензин байхгүй юм бол надаас 10 литр бензин аваад явахгүй юу гэхэд жолооч нь чи наад бензиний мөнгийг нь өгөөрэй гэхэд хамт явсан залуу нь надад 25.000 төгрөг өгсөн. Тэгээд 10 литр бензин саванд хийж өгсөн. Хамт явсан залуу нь савтай бензинийг авч явж юүлээд савыг нь авчирч өгсөн. Тэгээд Халзангийн замыг заах гэхэд жолооч би халзангийн замыг мэднэ. Гэхдээ халзангийн тийш хүүхэд, хүүхнийх байхгүй гэхдээ яахав халзан ороод үзье гэж хэлээд манай гаднаас хөдөлсөн. /хавтаст хэргийн 59-61 дэх тал/

Гэрч Ц.Тү мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:  2021 оны 12 сарын 23, 24-ний үед /хэдний өдрийг сайн санахгүй байна./ 10 цагийн үед гэртээ байж байхад гаднаас гэнэт хүн ороод ирсэн. 30 орчим насны хөх ноосон малгайтай улаан хүрэн дээлтэй залуу манай гэрт орж ирээд гэрийн зүүн урд талд байдаг угаалгын машины урд суугаад манайхыг Өвөрхангай аймгийн Богдын айл уу гэж асуухад тиймээ гэж хэлэхэд нөгөө залуу нь Сэврэй хаана вэ Уужим хаана вэ? эндээс хэдэн км вэ гэж асуухад нь 100 гаруй км байгаа гэхэд за нохойгоо хорь гэхэд нь би гарч нохой хорьж өгөхөд гэрийн гадаа тавьсан байсан хөх үүргэвчтэй зүйлээ аваад баруун тийш алхсан. Гэрт байхад нь манай эхнэр нөгөө хүнээс ямар унаатай явж байгаа юм бэ гэж асуухад нэг унаатай явж байгаад нөгөө хүнтэйгээ муудалцаад буугаад алчихсан гэж хэлж байсан. Гэрээс гараад алхаж явсны дараа овоон дээр гараад харахад баруун тийш замаар алхаж байгаа харагдсан. Тэгсэн чинь тэр хүнийг явснаас 2-3 цагийн дараа Өмнөговь аймгийн Булган сумын хэсгийн төлөөлөгч залгаад манай эхнэрээс нөгөө хүний талаар асуугаад Булган сумаас гарч байна гэж хэлсэн. Тэгээд намайг нутгийн хүн байна ойр хавиараа хайгаад үзээдэх гэж хэлэхэд би баруун бэлээр алхаад мөрийг нь олоод алдчихсан. Тухайн өдрөө хайгаад олоогүй. Маргааш нь буюу 2021 12 дугаар сарын 24-ний өдөр 11 цагийн үед манай хүргэн Баасансүрэн нөгөө хүний байгаа газрыг зааж бариулсан. Машинтай хүмүүс очиход нөгөө залуу жалганаас босоод алхаад гарч ирсэн гэсэн. Цагдаа мөн Өмнөговиос ирсэн гээд 2 залуу бор ногоон Фургонтой очоод авч явсан гэсэн. /хавтаст хэргийн 63-65 дахь тал/

Гэрч С.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2021 оны 12 дугаар сарын 23-ны өглөө 10 цагийн үед гэртээ байцгааж байгаад гэрийн гадаа хөлийн чимээ гарах шиг болсон чинь хүн ороод ирсэн. Улаан тэрлэгтэй хар гуталтай хөх билүү хүрэн ноосон малгайтай залуу гэрийн зүүн урд суугаад сайн байцгаана уу гэж мэнд мэдхэд нь би босч цай хийж, тавагтай идээ авч өгхөд боорцог авж байгаа харагдсан. Уужим Сэврэй хайрхан эндээс хэд вэ гэж асуухад нь манай нөхөр Түмэнбаяр 100 гаруй км гэж хэлэхэд нь би та ямар унаатай явж байгаа юм гэхэд замдаа унаагаа орхичихсон, хамт явсан хүнтэйгээ муудалцаад машинаас буугаад алхчихсан гэж ярьж байсан. Тэгээд за нохойгоо хорь гэхэд нөхөр гарч нохой хорьж өгөхөд нөгөө залуу гэрээс гарсан. Тэгээд тэрнээс хойш хонь мал бэлчээсний дараа 2-3 цагийн дараа утас дуугарахаар нь авсан чинь Өмнөговь аймгийн Булган сумын төлөөлөгч байна, сумаас гарч байна гэж ярьсан. Манайхаар хүн ирээд явлаа гэж манай нөхөр дүү Ө-д утсаар хэлсэн. Ө нь Б хэлээд Болд нь тэр хүнийг хайж байгаа талаар сонсчихсон байсан болхоороо Булган сумын төлөөлөгчид хэлж мэдэгдсэн юм билээ. Тэр үедээ бид нар хүн хайж байгаа талаар мэдээгүй сүүлд нь учрыг нь олсон. Тэр өдрөө хайгаад олоогүй маргааш нь олсон гэж байсан. /хавтаст хэргийн 67-69 дэх тал/

Гэрч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Нэг өглөө 10 цагийн үед улаан дээлтэй шар бүстэй, ногоон өнгийн үүргэвч үүрсэн залуу алхаад баруун хойд хөндийгөөс ирж байсан. Тэгэхээр нь би нохойгоо хориод гэртээ оруулсан. Тухайн хүнийг гэрт оруулахад гэрийн зүүн урд хатавчинд суугаад сайн байна уу гэж мэнд мэдээд тамхи байна уу гэхэд нь тамхи байхгүй тамхи татдаггүй гэж хэлсэн. Жоорныхоо тамхиа зарчихаач гэхэд нь байхгүй гэхэд тамхитай айл руу дөхүүлээд өгчих гэхээр нь би за ч гэж хээлээгүй үгүй гэж ч хэлээгүйгээр гэрээс гараад мотоциклио асаах гэхэд асахгүй байсан чинь эртхэн газар дөхий гээд Богд сум руу яаж явах уу гэж асуухад нь Богд сумын замыг заагаад бэлээ барьж яваарай гэж хэлсэн. Мөн манайхаас доош уруудаад 2-3 км-т тамхи татдаг  хүнтэй айл байгаа гэж хэлэхэд нөгөө залуу тэр айлын чигт алхсан. Тэгэхээр нь би утсаа аваад сүлжээнд гараад хадам ах Түмэнбаяр руу залгаад манайхаар нөгөө хүн чинь ороод гарлаа доошоо уруудаад явлаа гэхэд нөгөө хүнийг цагдаа нар хайж байгаа эрээд олоогүй гэхэд нь энэ хүнийг яах юм бэ? гэхэд намайг араас нь дагаад явж бай гэж хэлсэн. Тэгэхээр нь би араас нь дагаад мөрийг нь хөөгөөд алхсан. Тэр гэрээс нь зүүн тийш 2 км орчимд эргэнд унтаж байгаа харагдсан. Би 500 орчим метрийн зайтай дурандаад сууж байхад цагдаа нар ирээд бариад аваад явсан. Тийм л зүйл болсон. Тухайн залуугаас хаанаас хаашаа явж байгаа тухай асуухад урдаасаа хойшоо Өвөрхангай аймгийн Богд сум руу явж байгаад төөрчлөө гэж байсан. Тухайн хүнийг алга болчихсон эрж, хайж байгаа талаар урьд өдөр нь манай хадам ах надад хэлж байсан болохоор би тухайн залууг цагдаа нар хайж байгааг мэдчихсэн байсан болохоор манайхаас гарч явсны дараа утсаа аваад сүлжээнд гараад хадам ахад хэлсэн юм. /хавтаст хэргийн 71-73 дахь тал/

Гэрч Ц.Хи мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2021 оны 12 дугаар сарын 20-ноос 25-ны хооронд (хэдний өдрийг сайн мэдэхгүй байна) өглөө 10 цаг өнгөрч байхад намайг гэртээ байхад гаднаас нэг танихгүй залуу ороод ирсэн. Тухайн хүнийг цагдаа нар хайж байгааг мэдчихсэн байсан. Тэгээд хаанаас хаашаа явж байгааг нь асууж цай өгөхөд нөгөө залуу урдаас хойш явж байгаад төөрчихлөө гэж байсан. Тэгээд тамхи асуугаад тамхи байхгүй гэхэд зарчихаар жоорны тамхи байна уу гэхэд нь байхгүй гэсэн. Тэгсэн чинь манай нөхрийг тамхитай айл руу дөхүүлээд өгчих гэхэд нөхөр гэрээс хамт гараад мотоциклио асаах гэхэд асахгүй байсан. Би гарч нохойгоо хорьсон. Тэгээд нөгөө залууг хоол идчихээд яв гэхэд эртхэн газар дөхий гээд байхаар нь хаа хүрэх гэж байгаа юм гэж асуухад Богд сумаас наашаа 40 км айлд очно гэсэн. Тэгэхэээр нь ямар унаатай гарсан юм гэж асуухад би унаагүй гарсан гэж байсан. Тэгээд Богд сумын замыг нөхөр минь зааж өгөхөд уруудаад доошоо алхчихсан. Тухайн хүнийг доошоо уруудаад хошуу тойрсоны дараа нөхөр утсаа аваад ах Түмэнбаярт хэл хүргэсэн. Тэгээд удалгүй буцаж ирээд нөгөө хүний мөрийг дагана гээд гэрээс гарч явсан.  Тэгээд давснаасаа хойш 2 цаг орчмын дараа нөгөө хүнийг цагдаа нар аваад явчихлаа гээд нөхөр маань хүрээд ирсэн. /хавтаст хэргийн 75-77 дахь тал/

Гэрч М.Су мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2021 оны 12 дугаар сарын 22-ны өглөө Цагдаагийн газраас мэдээлэхдээ Төмөрбаатар овогтой О гэгч нь Өмнөговь аймгийн Булган сумын Дал багийн нутаг Халзангийн элсийн ойролцоо иргэн Т.О нь Б.Оыг зодож биед нь гэмтэл учруулан О-ын эзэмшлийн 25-87 УНХ улсын дугаартай Митсубиши колт маркийн тээврийн хэрэгслийг дээрэмдэн авч зугтсан гэх мэдээллийн дагуу О-ийг Булган сумын эрэн хайх ажиллагааг зохион байгуулж Булган сумын 4-н багийн Засаг дарга руу мэдээллийг хариуцсан багийнхаа малчид руу уг мэдээллийг тараах, Булган сумын төвд байх 2 колонкийн түгээгчид зарлан мэдээлж, эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлэн зохион байгуулах үед уг тээврийн хэрэгслийг Булган сумаас хойш 23 км-т байх Төгрөгийн ширээ гэх газраас урагш 5 км-т 25-87 УНХ улсын дугаартай цагаан цэнхэр өнгөтэй жижиг суудлын машин зам дээр эвдэрсэн байдалтай байна гэсний дагуу уг газарт очиход уг машин нь эвдэрсэн байдалтай байсан бөгөөд машинаас буугаад баруун хойшоогоо чиглэсэн хүний гутлын мөр байсныг уг гутлын мөрийг дагаад мөрдөөд явж байхад Цагдаагийн газраас 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Эрүүгийн мөрдөгч, ахмад Э.Ба, ахлах дэслэгч Г.Пү шинжээчийн хамтаар ирээд хамтран О-ийг мөрөөр нь хоёр өдөр хайгаад ололгүй буцацгаасан. Тэгээд 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Өвөрхангай амгийн Богд сумын малчин Б гэгч утсаар яриад хайж байгаа хүн чинь манай зүүн айлаар ороод гарсан байна гэж хэлэхээр нь С.На-ын хамтаар Өвөрхангай аймгийн Богд сумын Далан багийн нутаг Бага буга гэх газраар хайсаар байгаад харанхуй болоод Бо-д хонохоор болоод байж байхад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ажилтан ахмад Сод ирж хамт хоноод маргааш нь Т.О-ийн мөрийг үргэлжлүүлэн хайж байгаад өдрийн 12 цагийн үед Б-гийнд үл таних улаан дээлтэй хүн тамхи сурчихаад гараад явчихлаа гэсний дагуу Б-г араас нь харж байгаарай гэж хэлээд Ба-ийнх рүү явцгаасан.Тэгээд Б-ээс зүүн тийш явсан мөрөөр нь дагаж яваад Б-ээс 2-3 км-н зайд байхад очиж барьж Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч ахмад Содбаярт хүлээлгэн өгч явуулсан. /хавтаст хэргийн 79-80 дахь тал/

Гэрч Б.Ба мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би О-ийг зүс танихаас цаашгүй. Тухайн өдөр би өөрөө ч уучихсан нэлээд халамцуу байсан. О-тэй хамт таксинд явж байхад дотор муу байна гэхээр нь би дэлгүүр ороод архи, пиво аваад гэртээ хамт очсон. Тэгэхэд О мөнгөний хэрэг байна гэхээр нь би энэдээс аваад хэрэглэж бай хөгшөөн гээд картаа өгсөн. Тухайн үед би Эрдэнэс таван толгой ХК-д засварчнаар ажилладаг байсан болохоор мөнгөтэй ч байсан. Тухайн үед О өөрөө ч гэсэн нэлээд халамцуу байсан. Тэгээд надаас карт авч явснаа санахгүй байж болох юм. Гэхдээ надаас карт авч явсан оройдоо миний дансанд байсан 300,000 төгрөгийг гаргаж авсан байсан. Би О-эд картаа өгч явуулчихаад унтчихсан. Харин маргааш өглөө нь босоод утсаа харсан чинь дансны мэдээлэл ирчихсэн байсан. /хавтаст хэргийн 82-83 дахь тал/  

“Хас Үнэлгээ” ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 31 дугаартай үнэлгээний тайланд: “Mitsubishi Colt маркийн автомашин нь 2021 оны 12 дугаар сарын байдлаар зах зээлийн дундаж үнийг 1.800.000 төгрөгөөр тогтоов.” /хавтаст хэргийн 88-89 дэх тал/

“Ашид Билгүүн” ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн ТХҮ-622/3084 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: ““Mitsubishi Colt маркийн автомашины хөдөлгүүр, 1 ширхэг, нэгжийн үнэ 900.000 төгрөг, элэгдэл тооцсон нийт үнэ 720.000 төгрөг /дээрх тогтоолд дурьдагдсан автомашины үйлдвэрлэгдсэн он тодорхойгүй тул дундаж үнээр тогтоов./” /хавтаст хэргийн 122-123 дахь тал/

“Ашид Билгүүн” ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн ТХҮ-922/3176 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Samsung J5 гар утас, 1 ширхэг, 80.000 төгрөг, нийт үнэ 80.000 төгрөг, Samsung А12 гар утас, 1 ширхэг, 350.000 төгрөг, нийт үнэ 350.000 төгрөг, нийт үнэ 430.000 төгрөг.” /хавтаст хэргийн 130-131 дэх тал/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 53 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Б.Оын баруун дунд чөмөгний хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой. Б.Оын биед учирсан гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Б.Оын биед учирсан гэмтлүүд нь гэмлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. /хавтаст хэргийн 95-96 дахь тал/

Яллагдагч Т.О мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: ...Би 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 10 цагаас хойш Мө-ийн гэрт З, Бө, Од, Мө бид тав архи ууж байгаад би Зыг гэрт нь хүргэж өгөх замдаа Баянтөгрөг дэлгүүрээс 0,75 литрийн хэмжээтэй 1 шил архи, 2 литрийн ундаа аваад Баруун сайханд айлд очоод авсан архинаас нь 2-3 хундага уучихаад Зоос утсаа өгчих ярьчихаад өгье гэж хэлээд утсыг нь авч гараад хашааны гадна байсан мотоциклио унаж яваад Хайрхан дэлгүүрийн бэлэн мөнгөний автомат машинаас 500.000 төгрөгөөр 2 удаа аваад дахиад 500.000 төгрөгөөр уншуулахад дансны үлдэгдэл хүрэлцэхгүй байна гэхээр нь 400.000 төгрөг уншуулж, нийтдээ 1.400.000 төгрөгийг гаргаж аваад мотоциклио унаж яваад Худалдааны төвийн баруун талд очоод мотоциклио орхиод такси бариад архи, пиво аваад таксигаараа Баруун сайханы Баянбогд дэлгүүрээс 0,75 литрийн 3 шил Хараа архи, 3 сав 2,5 литрийн сэнгүр пиво, 2 литрийн 2 сав ундаа, парламент тамхи 4 хайрцаг, тэгээд чихэр жимс аваад Гурван сайхан 24 билүү 27-н 41 тоотод байдаг Богон гэх эгчийнд очиж айлд байсан 4 хүүхдэд тус бүр 5000 төгрөг, Богон эгчид 10.000 төгрөг өгсөн. Тэгээд тэндээ архи, пиво ууж байгаад цагдаад баригдсан. Зын картнаас 1.400.000 төгрөг гаргаж аваад мотоцикльтой худалдааны төвийн баруун талд очиж мотоциклио үлдээгээд такси бариад дэлгүүр ороод 0,75 литрийн 2 шил Тайга нэртэй архи, 2,4 литрийн савтай Сэнгүр 3 сав, 2 литрийн ундаа, хиам зэргийг авсан. Хэдэн төгрөг болсныг санахгүй байна. Тэгээд такситай Дунд сайхан 6-9 тоотод Тэгшээгийнд очиход хүнгүй байхаар нь Гурван сайхан руу явах замдаа Ноёнбогд дэлгүүрээс юу авснаа түрүү хэлсэн. Ямар ч байсан 100 гаруй мянган төгрөг болсон санагдаж байна. Тэгээд үлдсэн 1.029.450 төгрөг, Зын гар утас, Хаан банкны виза карт, дэлгүүрээс авсан 0,75 литрийн хэмжээтэй хараа архи, 2,4 литрийн хэмжээтэй 1 сав Сэрүүн пиво зэргийг хураалгасан. З Хаан банкны виза картаа утасныхаа гэр, утас хоёрынхоо завсар хавчуулаад хийж байхыг нь би харсан. Дэлгүүрт ороод тухайн картаараа гүйлгээ хийхэд нь нууц кодыг цээжилчихсэн байсан. Үнэтэй архи аваад байсан болохоор мөнгөтэй байгааг нь мэдсэн. Тэгээд З айлд хүргүүлэхдээ авсан архийг нь хамт ууж сууж байхдаа Зын картнаас мөнгө авах гэж утсаар нь ярьчихаад өгье гэж хэлж утсыг нь авч явсан. Тухайн үед З унтаагүй сэрүүн байсан... 2021 оны 12 дугаар сарын 21-ний өглөө 09 цагийн үед Цагдаагийн газар ирж Б байцаагчтай уулзахад маргааш 11 цагт ир гээд намайг явуулсан. Тэгээд төвөөр хэсэг алхаж байгаад орой 20 цагийн үед хойшоо алхаад хамтран амьдрагч М-ийнд очих гэж байгаад болиод гурван сайхан руу Бо эгчийнд очихоор явж байхад нэг залуу таарахаар нь би тамхи асуухад байхгүй гэсэн. Тэгсэн чинь нөгөө залуу намайг хаашаа явж байгаа юм гэхээр нь гурван сайхан руу гэж хэлэхэд хамт алхая гээд цаашаа явцгаасан. Тэгээд Есөн янгир дэлгүүрт нөгөө залуутай хамт ороод нэг хайрцаг тамхи 200 граммын шилтэй Хараа архи аваад дэлгүүрээс гарч хамт уучихаад дэлгүүрээс хойшоо Богон эгчийнд очихоор алхаж байхад замд хүрэн өнгийн хэтэвч байхаар нь аваад үзсэн чинь Хаан банк, Голомт банкны виза карт, цаасан дээр нууц кодыг нь биччихсэн мөн дотроо 6,000 төгрөгтэй байсан. Тэгэхээр нь би буцаж алхаж байгаад хүүхдийн паркын дэргэдээс такси бариад худалдааны төв рүү ороод таксины зогсоолын урт талд буугаад зам гатлаад таксины зогсоол дээр очоод урьд нь ганц нэг удаа машинд нь сууж явж байсан болохоор О-ын хажууд очоод явах уу гэхэд явна гэхэд нь би ойрхон 20км-т айлд оччихоод ирье хэд болох вэ гэхэд 30,000 төгрөгөөр явна гэсэн. Тэгэхээр нь машинд нь суугаад хөдлөөд хойшоо эргээд явахад 2 хүн гар өргөхөөр нь зогсож тэр хоёр хүнийг аваад хаашаа явах юм гэхэд Баруун сайхан руу явна гэсэн. Тэгээд тэр хоёр хүнийг суулгаад хөдлөөд явахаар нь би замдаа Голомт банкны АТМ ороод явъя гэхэд Голомт банкны АTM дээр очиж зогсохоор нь би ороод олсон хэтэвчнээс Голомт банкны виза картыг хийж уншуулахад код нэхэхээр нь цаасан дээр бичээтэй байсан кодыг хийхэд үлдэгдэл 302,000 орчим төгрөг байхаар нь 300,000 төгрөгийг нь гаргаж аваад таксиндаа суугаад Баруун сайхан руу явсан. Надтай хамт таксинд суусан эрэгтэй, эмэгтэй хоёр замдаа дэлгүүр орно гэхээр нь би ч гэсэн хамт дэлгүүр ороод хоёр хайрцаг парламент тамхи, 2 литрийн панта ундаа, Гоё ундаа 1 литрийн савтай, үхрийн лаазалсан жигнэсэн мах ,нэг уут боорцог, 0,75 литрийн ногоон шилтэй 0,75 литрийн Соёрхол, 0,75 литрийн Чингис архи, 0,5 литрийн хэмжээтэй Tiger нэртэй пиво 9 лаазыг, 2,4 литрийн том савтай пиво 1 ширхэг, хайч зэргийг аваад таксинд суугаад нөгөө эрэгтэй, эмэгтэй хоёр хүнийг буулгасны дараа нь би 30.000 төгрөгөө өгөхөд засмалаар чигээрээ яваад Монсуль колонк дээр очоод 25.000 төгрөгт бензин хийгээд аймгаас хойшоо гараад би зам заагаад явсан. От 20 гаруй километр яваад дөхөж байна уу гэхэд нь хоёр замын уулзвар байгаа тэрний голд дугуй байгаа гэж худлаа хэлж явсаар байгаад Мандах бригадаас хойшоо 80 орчим километр яваад От машинаа зогсоогоод ийшээ бол явахгүй, цааш явбал элс ихтэй гэж хэлсэн. Тэгээд тэндээсээ эргээд замын зүүн хойд талд байсан айлд очиж зам асуучихаад баруун урагшаа яваад бас нэг айл таарахаар нь 5 литр бензин аваад зам руу ороод айлаас урагшаа 1 километр орчим яваад зогсоод От надад энэ хол газар явлаа чи надад 100.000 төгрөг өг гэхээр нь би От-д 100.000 төгрөг өгөөд нэг шил архи задлаад уух уу гэхэд уухгүй гэж хэлээд намайг бензин авсан айлд хүргэж өгөөд өөрөө дүүгийндээ очлоо гэж хэлэхээр нь нэгэнт өдий газар явчихсан юм чинь хоёулаа Булган сумаас бензин нэмж хийгээд Өвөрхангай аймгийн Богд сум руу явъя гэхэд үгүй гэхээр нь би машинаас бууж От-ын талыг тойрч очоод хаалгыг нь нээгээд машинаас нь буулгах гэхэд буухгүй гээд миний урдаас модон таягаараа цохиж байгаад таягаа хугалчихаар нь таягыг нь булааж авч шидчихээд машинаас хүчээр өргөж буулгаж газар хаяад, миний өгсөн 100.000 төгрөгийг гартаа атгачихсан байхаар нь гараас нь хүчээр булааж аваад О-ын машиныг унаад Булган сум руу явсан. Тэгээд Булган суманд очоод 60.000 төгрөгөнд бензин хийгээд сумын төвийн хойд захад байсан дэлгүүрийн үүдэнд зогсоод 2 хайрцаг Эл ди тамхи аваад буцаж машинаа унаад сумаас хойшоо гарахад Богд 150 гэсэн самбарын хажуугаар гараад 30 орчим пошатр яваад машин унтраад зогссон. Тэгээд машинаас 0,75 литрийн тал шилтэй 0,23 литрийн бүтэн шилтэй архи 2 литрийн панта ундаа, ууттай боорцог,тамхи зэргийг машинаас аваад хойшоо алхсаар байгаад шөнө нь уул руу гараад уулаа урагш даваад өглөө 8-9 цагийн үед айлд очиж цай уух зуураа Богд сум хэдэн километр вэ гэж асуухад 100 орчим километр гэсэн. Тэгээд тэднийхээс гараад 10 гаруй километр алхаад унтаж амарсан. Тэгээд орой босоод үргэлжлүүлэн алхаж байхад хүйтрээд, салхилах шинжтэй болохоор нь агуйд орж унтсан. Үүрээр даарч жиндээд байхаар нь босоод уулын ар руу даваад алхаж байхад нэг айл байхаар нь орж тамхи асуухад тамхи татдаггүй гэж хэлсэн. Тэгээд тэр айлд цай ууж дулаацчихаад, айлаас гарч цаашаа алхаж байгаад нар гарахаар нь жалганд орж унтаж байхад машин дуугарахаар нь босоод харахад шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны авто машин бас Лексус 470 маркийн хоёр машин ирээд намайг авч явсан. Машинд суугаад явж байхад хөл сонин болоод бадайрч явсаар байгаад аймгийн төвд ирээд гутлаа тайлаад үзэхэд баруун хөлийн ядам, долоовор, дунд хуруунууд хөлдөөд хөл хавдчихсан байсан. Хүрэн өнгийн хэтэвчийг олоход дотор нь Хаан, Голомт банкны виза карт байсан. Голомт банкны виза картны нууц код нь цаасан дээр бичээтэй байсан. Мөн хэтэвчинд 6000 төгрөг байсан. Тэгээд надад картанд мөнгө байгаа эсэхийг шалгаж үзэх бодол төрөөд хэтэвчинд байсан 6,000 төгрөгний 3,000 төгрөгөөр нь такси бариад худалдааны төвд таксины зогсоол дээр таньдаг хүн байна уу үгүй юу байвал цуг явж картанд мөнгө байгаа үгүйг шалгая гэж бодож худалдааны төвийн таксины зогсоолын замын урд талд буусан. Тэгээд таксины зогсоол дээр ирэхэд урьд нэг удаа таксидаж байсан От ах байхаар нь очоод явах уу гэхэд явна гэсэн.Тэгээд такси авахдаа замаараа Голомт банкны АТМ ороод мөнгө байвал аваад байхгүй бол Дунд сайханд Тэгшээгийнд хүргүүлээд үлдэе гэсэн бодолтой байсан. Тэгсэн чинь Голомт банкны картанд нь 302,000 орчим төгрөг байхаар нь 300,000 тухайн үед төгрөгийг нь авсан. АТМ - ээс мөнгө аваад таксинд суугаад явж байх замд тогойд энэ чигээрээ Өвөрхангай аймгийн Богд сум руу явах бодол төрөөд таксинд хамт суусан эрэгтэй эмэгтэй хоёр хүнтэй хамт дэлгүүр ороод замынхаа хүнсийг бэлдсэн. Мөн хайч аваад зорчих эрхийг хязгаарладаг цахим гавыг таслахаар зориуд худалдаж авсан. Тэгээд эрэгтэй, эмэгтэй хоёрыг очих газарт нь хүргэсний дараа От ахтай ярилцаж аймгаас хойш 20 километрт хүргүүлэхээр тохиролцож 30,000 төгрөг өгөөд замдаа зогсоод цахим гаваа хайчаар оосрыг нь таслаад шидсэн. Тэгээд буцаж машинд суугаад колонк дээр очиж бензин хийгээд аймгийн төвөөс шууд гарсан... Би эрх хязгаарлах ялаар шийтгүүлж цахим гавтай байсан. Тэгээд мөнгөтэй болчихсон болохоор цахим гаваа авч хаяад зугтах бодолтой байсан юм. Өөрөөр миний таних, мэдэх хүн Өвөрхангай аймагт байхгүй. Баригдаагүй байсан бол баригдахгүйн тулд цаашаа л явах байх... Би эрх хязгаарлах ялтай байх хугацаандаа дахин гэмт хэрэг үйлдсэндээ харамсаж байна, дахин гэмт хэрэг үйлдээгүй байсан бол 2 жил 10 сарын дараа эрх хязгаарлах ял дуусах байсан. Би үнэхээр их харамсаж байна. /хавтаст хэргийн 148-149, 152-156, 159-163 дахь тал/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай /хавтаст хэргийн ... дахь тал/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 180-181 дэх тал/

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын ерөнхий боловсролын сургуулийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 25 дугаартай тодорхойлолт /хавтаст хэргийн 183 дахь тал/

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 46 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 188-194 дэх тал/

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 204 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 195-198 дахь тал/

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 81 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 200-205 дахь тал/

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 76 дугаартай шүүгчийн захирамжийн хуулбар /хавтаст хэргийн 206-209 дэх тал/

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 147 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 211-214 дэх тал/

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 02 дугаартай шүүгчийн захирамжийн хуулбар /хавтаст хэргийн 215-218 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх нотлох баримтаар үнэлж, шийдвэрээ гаргах боломжтой байна гэж үзэв.

Эрүүгийн хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын мэтгэлцээн, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд дараах нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:

Шүүгдэгч Т.О нь согтуугаар 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр багийн ...................... тоотод оршин суух Д.Г-ын гэрт Х.З-ыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхад нь түүний эзэмшлийн 350.000 төгрөгийн үнэлгээ бүхий Самсунг А12 маркийн гар утас, виза карт, виза картаас нь бэлнээр 1.400.000 төгрөг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан, 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төвөөс зүүн хойш 70 километрт байрлалтай Молцог элс гэх газарт буюу Даланзадгад сумын төвөөс Мандал-Овоо сум явах шороон зам дээр иргэн Б.О-ын эзэмшлийн 1.800.000 төгрөгийн үнэлгээ бүхий 25.87 улсын дугаартай “Colt” маркийн автомашин, 80.000 төгрөгийн үнэлгээ бүхий самсунг G5 маркийн гар утас, мөн бэлнээр 80.000 төгрөг зэргийг хүч хэрэглэн довтолж дээрэмдэн, улмаар хохирогч Б.О-ын эд хөрөнгийг дээрэмдэж авах явцдаа түүний биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, өөртөө эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Тодруулбал: Хохирогч Х.З-ын: “...Бид нарын ууж байсан архи дуусаж би дахиад архи авахаар дэлгүүр явахад О мотоцикль жолоодоод надтай хамт дэлгүүр явсан. Дэлгүүрт очоод би 1 шил архи худалдаж аваад тооцоогоо мөн өөрийн картаар хийсэн ба худалдагчид өөрийн картын нууц дугаараа урьдын адил 1111 гэж хэлж өгсөн. Худалдагчаас картаа аваад өөрийн гар утасныхаа ар талд гар утас гэр хоёрын завсар хавчуулж хийсэн. Тэр үед О хараад зогсож байсан. Тэгээд архиа аваад буцаад Эгийн гэрт очиж ууцгаасан. Архиа ууж дуусаад би О-ээр өөрийн ах Гын гэрт хүргүүлээд унтаж амарсан. О намайг ахынхаа гэрт унтсаны дараа миний гар утсыг авч гэрээс гарсан гэж хэлсэн. Гэрт байсан хүүхдэд ах нь утсаар нь ярьчихаад буцаагаад өгнө гэж хэлээд гэрээс гараад чигээрээ явж сураггүй алга болсон байсан. Би унтаж амарч байгаад 18 цагийн орчимд сэрэхэд Г ахын хүүхэд С таныг унтаж байхад дэрний чинь хажууд байсан гар утсыг хүргэж ирсэн хүн чинь ярьчихаад өгнө гэж хэлж авч гараад чигээрээ явчихсан гэж хэлсэн. Би уг гар утсанд өөрийнхөө ХААН банкны картаа хавчуулаад хийсэн байгаа гэдгээ санаад ХААН банкны лавлах руу картаа хаалгах зорилготой залгаж асуутал таны дансанд 3000 төгрөг үлдсэн байна гэж хэлсэн. Би Сэврэй сумаас ирэхдээ 2.600.000 төгрөгтэй ирсэн байсан ба өөрөө 500.000 орчмыг нь хэргэлсэн байсан байх. Сая гаруй төгрөг лав үлдсэн байх ёстой... О миний Самсунг А12 маркийн гар утсыг хулгайлж, гар утасны гэрэнд хавчуулаатай байсан Хаан банкны виза картнаас 1.400.000 төгрөгийг гарган авсан байснаас 1.029.450 төгрөгийг ашиглаж амжилгүй баригдсан байсан.” /хавтаст хэргийн 23-24, 26-27 дахь тал/, 

Хохирогч Б.О-ын:  2021 оны 12 дугаар сарын 21-ний орой 23 цагийн үед таксины зогсоол дээр зогсож байхад зүс таних залуу ирээд аймгаас хойшоо 12 км гэрт хүргээд өг гэж хэлэхээр нь би тухайн залууг авч явсан. Тэгээд аймгаас хойш 12 км өнгөрөөд 80 гаруй км яваад айлаа олохгүй байна гээд дахиад цаашаа яв гэхээр нь бензин хүрэхгүй гээд Булган сумын нутаг Халзангийн ус гэх газар очиж Э гэх айлаас 10 литр бензин авч хийгээд хойшоо яваад Халзангийн ус гэх газар очоод энэ худаг нь мөн үү гэхэд биш гэж хэлсэн. Тэгэхээр нь баруун хойш яваад О-гоо гэдэг айлд 12 дугаар сарын 22-ны өдөр үүрээр очиход тухайн айл биш гэж хэлсэн. Тэгээд яах юм би буцаад явлаа гэхэд хамт аймаг явсан. Айлаас хөдлөх үед надад 80.000 төгрөг өгөөд тэр айлаас 1-2 км орчим явчихсан байхад  машины хаалга нээгээд би буцлаа, үсэрлээ шүү гээд байхаар нь машинаа зогсоогоод буулгахад миний талын хаалга нээгээд надаас мөнгөө буцааж авах гэхэд нь өгөхгүй байсан чинь намайг машинаас хүчээр татаж буулгаад газар унагаж байгаад дээрээс өвдөглөж суугаад надад өгсөн 80.000 төгрөг, миний барьдаг Samsung  J5 загварын гар утас зэргийг булааж аваад машин унаад явсан. Тэгээд тал дээр намайг 6 цагийн үед үлдээчихээд явсны дараа би 2 хөлөө чирээд 2 гараараа зүтгээд айлын зүг явах гэж оролдсон боловч хол явж чадаагүй... Намайг машинаас хүчээр буулгахдаа миний баруун хөл рүү өшиглөх шиг болсон чинь баруун хөлний өвдөгний дээд хэсгээр хугарчихсан байсан гэж эмч хэлсэн. Мөн миний машиныг унаж яваад Булган сумаас хойш 30 гаруй кмт эвдээд орхисон байсныг найз Батхүү очиж чирч ирсэн. Машины мотоор, радиотар, хоромний лаф зэрэг эвдэрсэн байна гэсэн. Мөн машинд байсан миний хэтэвчнээс 70.000 төгрөг байсныг түрийвчтэй нь аваад дотор нь байсан бичиг баримт виза карт зэргийг гаргаж хаясан байсан гэсэн.” /хавтаст хэргийн 30-31, 34-36 дахь тал/,

Гэрч Ц.М-ийн: “...З дотроо засна гээд дэлгүүрээс архи авна гэсэн. О мотоцикль унаад Зтой хамт архи авахаар дэлгүүр рүү явсан. З дэлгүүрээс 1 шил архи, 1 ширхэг ундаа, тамхи аваад ирсэн... З ахындаа очиж амарна гэсэн О хүргэж өгье гээд Бөмбөлөөгийн мотоциклийг гуйж аваад унаад хамт явсан. /хавтаст хэргийн 40 дэх тал/,

Гэрч Ц.А-ын:Манай нөхөр От нь цээж хэсгээс доош мэдээгүй алхаж чаддаггүй, машин барьж таксинд явдаг юм. Өчигдөр буюу 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр таксинд явж байгаад 23 цагийн орчимд 20 км-т хүн хүргэж өгнө гээд утсаар охин руугаа залгасан байсан. Тэгээд ойрхон яваад ирэх юм байна гэж ойлгосон боловч шөнийн 02 цагаас хойш ирэхгүй байхаар нь санаа зовоод машин эвдрээд утасны цэнэг нь дууссан байх гээд дүү Б-тэй хамт хайгаад үрээр 05 цаг хүртэл яваад цагдаа руу дуудлага өгсөн... Би ах дүү нартайгаа нийлээд манай нөхөр байгаа гэх хөдөөний Огоо гэх айлд очиход манай нөхөр сууж байсан. Нэг талын хөл гадагшаа болчихсон, цээж жоохон хөндүүр байна гэж байсан. Би юу болсон талаар асуухад манай нөхрийг тухайн О гэж хүн аймгаас хойш 20 км яваад айлд хүргүүлнэ гээд явсан боловч 12 дахь км-т очиход болоогүй байна гэж хэлээд явсаар байгаад 70 км-т очоод хөдөөний айлаас бензин аваад буцаад аймаг чиглэл рүү явж байхад О гэж хүн машинаас үсэрч буух гээд явж байхад машины хаалгыг онгойлгоод байхаар нь манай нөхөр машинаа зогсоосон чинь машиныг тойрч очоод манай нөхрийг машинаас хүчээр чирж буулгаж газар унагаагаад нэг удаа өшиглөөд машиныг чинь авч шатаалаа гээд унаад яваад өгсөн гэж хэлсэн.” /хавтаст хэргийн 45-46, 47 дахь тал/,

Гэрч О.О-ы: Би 2021 оны 12 дугаар сарын 22-ны өглөө гэрээсээ гараад нутгийн ах О-ынд очиж хүнсийг нь авалцах гээд мотоцикльтой явж байхад манай гэрээс Ор ахын гэрт очих замд Ор ахынхаас баруун тийш 1 км орчим зайд зам дээр нэг хүн даллаад сууж байхаар нь би очиж уулзахад нэг ах сууж байсан. Намайг очиход бөгсөө чирээд 3-4 метр орчим явсан мөртэй байсан. Тэгээд нөгөө ах чинь уйлаад хамт явсан хүн маань машинаас буулгаж хаячихаад явчихлаа гээд нэлээд даарсан байдалтай харагдсан. Тэгээд ах нь суугаа хүн байгаа юм, ядаж байхад баруун хөл нэг эвгүй болчихлоо хажуу тийшээ унаад байна, уг нь эгц, шулуун байдаг юм гээд намайг айлд хэл хүргээд өгөөч гэхээр нь би чигээрээ яваад Ор ахынд очиж хэлэхэд Ор ах машинаараа явж нөгөө ахыг авч ирсэн. Ор ах өөрийнхөө Портер загварын тээврийн хэрэгсэлтэй ганцаараа очиж нөгөө ахыг авч ирсэн.” /хавтаст хэргийн 53-54 дэх тал/,

Гэрч Ю.Ор-ийн: ...11 цагийн үед манай саахалт айлын Ою гэдэг залуу манай хүнсийг хийлцэхээр ирэхдээ замд мотоцикль дээр мордож чаддаггүй суугаа хүн байна, таныг ирж аваач гэж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөрийнхөө Понтер загварын 20-68 ӨМУ улсын дугаартай тээврийн хэрэгслээрээ авахаар явсан. Манайхаас баруун тийш 0.8-1 км орчимд Б.От газар суучихсан, хамт явсан залуу нь явж байхад машинаас буух гээд байхаар нь зогссон чинь намайг татаж буулгаад машин унаад явчихлаа гэсэн. Б.От нь 10 орчим метр газар бөгсөө чирээд, гараараа тулаад явсан мөртэй байсан... Намайг очиж авахад О-ын биед ил харагдах гэмтэл, шарх ажиглагдаагүй. Харин От өөрөө хэлэхдээ миний баруун хөл хажуу тийшээ эргээд байна, нэг сонин болчихлоо гэж байсан.” /хавтаст хэргийн 56-57 дахь тал/,

Гэрч Ч.Э-ын: 2021 оны 12 дугаар сарын 22-ны шөнө 3 цагийн үед гэртээ эхнэрийн хамт унтаж байхад гэрийн гадна машин ирээд зогссон. Тэгээд машины хаалга дуугараад нэг танихгүй дээлтэй 30 гаруй насны залуу орж ирээд Ба-ай нэр хэлээд хүүхдийн гэр хаана байдаг юм бэ гэж асуухаар нь би босоод хувцсаа өмсөх гэхэд намайг босоод яах вэ гэхээр нь хувцсаа өмсөж байх хооронд гэрээс гарч явсан. Тэгэхээр нь би хувцсаа өмсөөд араас нь гарч очсон чинь машины жолооч нь манай нутгийн жолооч байсан. Жолооч залуу нь намайг таниад надтай ярилцаж уг нь аймгаас хойш 15 км-т айлд очно гэж гарсан юм. Одоо 70 км явчихаад байхад айлаа олоогүй л явна гэж хэлсэн... Халзангийн замыг заах гэхэд жолооч би халзангийн замыг мэднэ. Гэхдээ халзангийн тийш хүүхэд, хүүхнийх байхгүй гэхдээ яахав халзан ороод үзье гэж хэлээд манай гаднаас хөдөлсөн.” /хавтаст хэргийн 59-61 дэх тал/,

Гэрч Ц.Т-ын: 2021 оны 12 сарын 23, 24-ний үед /хэдний өдрийг сайн санахгүй байна./ 10 цагийн үед гэртээ байж байхад гаднаас гэнэт хүн ороод ирсэн. 30 орчим насны хөх ноосон малгайтай улаан хүрэн дээлтэй залуу манай гэрт орж ирээд гэрийн зүүн урд талд байдаг угаалгын машины урд суугаад манайхыг Өвөрхангай аймгийн Богдын айл уу гэж асуухад тиймээ гэж хэлэхэд нөгөө залуу нь Сэврэй хаана вэ Уужим хаана вэ? эндээс хэдэн км вэ гэж асуухад нь 100 гаруй км байгаа гэхэд за нохойгоо хорь гэхэд нь би гарч нохой хорьж өгөхөд гэрийн гадаа тавьсан байсан хөх үүргэвчтэй зүйлээ аваад баруун тийш алхсан. Гэрт байхад нь манай эхнэр нөгөө хүнээс ямар унаатай явж байгаа юм бэ гэж асуухад нэг унаатай явж байгаад нөгөө хүнтэйгээ муудалцаад буугаад алчихсан гэж хэлж байсан.” /хавтаст хэргийн 63-65 дахь тал/,

Гэрч С.Т-ийн: 2021 оны 12 дугаар сарын 23-ны өглөө 10 цагийн үед гэртээ байцгааж байгаад гэрийн гадаа хөлийн чимээ гарах шиг болсон чинь хүн ороод ирсэн. Улаан тэрлэгтэй хар гуталтай хөх билүү хүрэн ноосон малгайтай залуу гэрийн зүүн урд суугаад сайн байцгаана уу гэж мэнд мэдхэд нь би босч цай хийж, тавагтай идээ авч өгхөд боорцог авж байгаа харагдсан. Уужим Сэврэй хайрхан эндээс хэд вэ гэж асуухад нь манай нөхөр Тү 100 гаруй км гэж хэлэхэд нь би та ямар унаатай явж байгаа юм гэхэд замдаа унаагаа орхичихсон, хамт явсан хүнтэйгээ муудалцаад машинаас буугаад алхчихсан гэж ярьж байсан.” /хавтаст хэргийн 67-69 дэх тал/,

Гэрч Д.Б-ийн:Нэг өглөө 10 цагийн үед улаан дээлтэй шар бүстэй, ногоон өнгийн үүргэвч үүрсэн залуу алхаад баруун хойд хөндийгөөс ирж байсан. Тэгэхээр нь би нохойгоо хориод гэртээ оруулсан. Тухайн хүнийг гэрт оруулахад гэрийн зүүн урд хатавчинд суугаад сайн байна уу гэж мэнд мэдээд тамхи байна уу гэхэд нь тамхи байхгүй тамхи татдаггүй гэж хэлсэн. Жоорныхоо тамхиа зарчихаач гэхэд нь байхгүй гэхэд тамхитай айл руу дөхүүлээд өгчих гэхээр нь би за ч гэж хээлээгүй үгүй гэж ч хэлээгүйгээр гэрээс гараад мотоциклио асаах гэхэд асахгүй байсан чинь эртхэн газар дөхий гээд Богд сум руу яаж явах уу гэж асуухад нь Богд сумын замыг заагаад бэлээ барьж яваарай гэж хэлсэн. Мөн манайхаас доош уруудаад 2-3 км-т тамхи татдаг  хүнтэй айл байгаа гэж хэлэхэд нөгөө залуу тэр айлын чигт алхсан.” /хавтаст хэргийн 71-73 дахь тал/,

Гэрч Ц.Хи-ын: 2021 оны 12 дугаар сарын 20-ноос 25-ны хооронд (хэдний өдрийг сайн мэдэхгүй байна) өглөө 10 цаг өнгөрч байхад намайг гэртээ байхад гаднаас нэг танихгүй залуу ороод ирсэн. Тухайн хүнийг цагдаа нар хайж байгааг мэдчихсэн байсан. Тэгээд хаанаас хаашаа явж байгааг нь асууж цай өгөхөд нөгөө залуу урдаас хойш явж байгаад төөрчихлөө гэж байсан... Тухайн хүнийг доошоо уруудаад хошуу тойрсоны дараа нөхөр утсаа аваад ах Т-т хэл хүргэсэн. Тэгээд удалгүй буцаж ирээд нөгөө хүний мөрийг дагана гээд гэрээс гарч явсан.  Тэгээд давснаасаа хойш 2 цаг орчмын дараа нөгөө хүнийг цагдаа нар аваад явчихлаа гээд нөхөр маань хүрээд ирсэн. /хавтаст хэргийн 75-77 дахь тал/ гэх мэдүүлгүүдээр тус тус тогтоогдож байна. Энэхүү үйл баримттай талууд маргаагүйг дурдах нь зүйтэй.

Өмнөговь аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Т.О-ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн үйл баримттай тохирч байна.

Иймд шүүгдэгч Т.О-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан, мөн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, довтолж дээрэмдсэн, мөн хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, өөртөө эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор зодож эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Т.О-ийн үйлдлийн улмаас хохирогч Б.О-ын эрүүл мэндэд баруун дунд чөмөгний хугарал бүхий хүндэвтэр хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 53 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 95-96 дахь тал/-ээр  тогтоогдож байна.

Түүнчлэн хохирогч Б.О-ын эд хөрөнгөд 1.960.000 төгрөг, хохирогч Х.Зын эд хөрөнгөд 1.750.000 төгрөгийн хохирол тус тус учирсан болох нь хохирогч нарын мэдүүлэг, “Хас Үнэлгээ” ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 31 дугаартай үнэлгээний тайланд: “Mitsubishi Colt маркийн автомашин нь 2021 оны 12 дугаар сарын байдлаар зах зээлийн дундаж үнийг 1.800.000 төгрөгөөр тогтоов.” /хавтаст хэргийн 88-89 дэх тал/, “Ашид Билгүүн” ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн ТХҮ-922/3176 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Samsung J5 гар утас, 1 ширхэг, 80.000 төгрөг, нийт үнэ 80.000 төгрөг, Samsung А12 гар утас, 1 ширхэг, 350.000 төгрөг, нийт үнэ 350.000 төгрөг, нийт үнэ 430.000 төгрөг.” /хавтаст хэргийн 130-131 дэх тал/ гэснээр тус тус тогтоогдож байна.

Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.

Хохирогч Х.Зод учирсан 1.750.000 төгрөгийн хохирлоос биет байдлаар 450.000 төгрөгийн үнэ бүхий Samsung А12” загварын гар утас 1 ширхэг, Хаан банкны виза карт зэрэг эд зүйлүүдийг хохирогчид биет байдлаар буцаан олгосон ба виза картаас нь бэлнээр авсан 1.400.000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч нь хохирогчид барагдуулсан байх тул шүүгдэгчийг хохирогч Х.Зод төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Харин хохирогч Б.От-д 1.960.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирлоо нөхөн төлөөгүй тул шүүгдэгчээс гаргуулж хохирогч Б.От-д олгох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Т.О-ийн хувийн байдал нь ...................... гэснээр тус тус тодорхойлогдож байна.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Т.О-ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Т.О-ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, нийт 6 жил 6 сарын хорих ял оногдуулж, шүүгдэгч Т.О-ийн одоо эдэлж байгаа ялын үлдэх ялыг одоогийн ял дээр нэмж нэгтгүүлэх, дэглэмийн хувьд нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг, шүүгдэгч Т.О өөрөө өөрийгөө өмгөөлж дэглэмийг минь хаалттай болгож өгнө үү гэх тайлбарыг гаргав.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Т.О-ид 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх... шийдвэрлэж болно” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Т.О-ид оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар  хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялд тус тус нэмж нэгтгэн шүүгдэгчийн нийт эдлэх ялыг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож шийдвэрлэв.

Түүнчлэн шүүгдэгч Т.О нь Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 204 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 4 жил 1 сар 21 хоногийн хугацаагаар хорих ялыг эдэлж байхдаа Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 76 дугаартай шүүгчийн захирамжаар Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдан үлдсэн 3 жил 3 сар 16 хоногийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсон ба Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 02 дугаартай шүүгчийн захирамжаар зорчих эрхийг хязгаарлах ялыг 2 /хоёр/ жил 10 /арав/ сар 1 /нэг/ хоногийн хугацаагаар хорих ялаар сольж шийдвэрлэсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх... шийдвэрлэж болно.” гэж заасны дагуу шүүгдэгч Т.О-ид Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 02 дугаартай шүүгчийн захирамжаар зорчих эрхийг хязгаарлах ялыг 2 /хоёр/ жил 10 /арав/ сар 1 /нэг/ хоногийн хорих ялаар сольж шийдвэрлэснээс эдлээгүй үлдсэн 2 /хоёр/ жил 8 /найм/ сар 5 /тав/ хоногийн хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 /зургаа/ жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн шүүгдэгч Т.О-ийн нийт эдлэх хорих ялын хэмжээг 8 /найм/ жил 8 /найм/ сар 5 /тав/ хоногийн хугацаагаар тогтоох нь зүйтэй байна.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.О-ийн эдлэх  8 /найм/ жил 8 /найм/ сар 5 /тав/ хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “Сэрүүн” нэртэй 2.5 литрийн пиво 1 ширхэг, 0,75 литрийн “Хараа” архи 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, Шүүгдэгч Т.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Х.Зод  1.400.000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Т.О-ид нь хорих ял эдэлж байгаа болохыг дурдаж шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч А овгийн Т-ын О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, өөртөө эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор зодож эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, довтолж дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Т.О-ид 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Т.О-ид оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар  хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялд тус тус нэмж нэгтгэн шүүгдэгчийн нийт эдлэх ялыг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.    

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.О-ид Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 02 дугаартай шүүгчийн захирамжаар зорчих эрхийг хязгаарлах ялыг 2 /хоёр/ жил 10 /арав/ сар 1 /нэг/ хоногийн хорих ялаар сольж шийдвэрлэснээс эдлээгүй үлдсэн 2 /хоёр/ жил 8 /найм/ сар 5 /тав/ хоногийн хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 /зургаа/ жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн шүүгдэгч Т.О-ийн нийт эдлэх хорих ялын хэмжээг 8 /найм/ жил 8 /найм/ сар 5 /тав/ хоногийн хугацаагаар тогтоосугай.  

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.О-ийн эдлэх  8 /найм/ жил 8 /найм/ сар 5 /тав/ хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “Сэрүүн” нэртэй 2.5 литрийн пиво 1 ширхэг, 0,75 литрийн “Хараа” архи 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.О-ээс 1.960.000 /нэг сая есөн зуун жаран мянга/ төгрөгийг гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч Нөмгөн овгийн Борын От олгосугай.

8. Шүүгдэгч Т.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Х.Зод  1.400.000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

9. Шүүгдэгч Т.О-ид нь хорих ял эдэлж байгаа болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

      ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Т.ДЭЛГЭРМАА