Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/137

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                           Хэргийн индекс:166/2022/0118/Э

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбат,

Улсын яллагч Б.Батсүх,

Шүүгдэгч Д.Д.Э- нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  Д.Э-д холбогдох эрүүгийн 2218000000100 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 1986 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт оршин суух урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Д.Э- 

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Д.Э- нь 2022 оны 02 дугаар сарын 16-ны шөнө 23 цагийн орчим Дархан-Уул аймгийн Хонгор сумын Салхит 3 дугаар баг, Найрамдлын ** дугаар байрны ** тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Б.Б.Я-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэх гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитой шинжлэн судлав.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч Д.Д.Э- нь 2022 оны 02 дугаар сарын 16-ны шөнө 23 цагийн орчим Дархан-Уул аймгийн Хонгор сумын Салхит 3 дугаар баг, Найрамдлын ** дугаар байрны ** тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Б.Б.Я-ыг бусадтай хардан зодож түүний  эрүүл мэндэд тархи доргилт, баруун бугалга, зүүн гарын шуу, баруун сарвуунд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдлоо.

 

Хэргийн нөхцөл байдлаас дүгнэхэд шүүгдэгч Д.Д.Э-ий хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл, хохирогч Б.Б.Я-т учирсан гэмтлийн хооронд шалтгаант холбоо тогтоогдож байна гэж дүгнэлээ.

 

Хэргийн үйл баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах баримтаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

 

     1. Шүүгдэгч Д.Д.Э- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Би Солонгос улсаас 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ирсэн. Солонгос улсад ажилладаг байхдаа эхнэртээ мөнгөө явуулдаг байсан. Намайг ирэхэд мөнгийг үрэн таран хийсэн байсан. Тэгээд мөнгөнөөс болж хэрүүл маргаан үүссэн.” гэв.

2. Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл...-“Б.Б.Я- нь цагдаагийн байгууллагад 2022 оны 02 дугаар сарын 16-ний шөнийн 03 цагийн үед манай нөхөр Д.Э- намайг гэртээ зодоод байна гэх харилцаа холбооны хэрэгслээр гаргасан мэдээллийг 2022 оны 02 дугаар сарын 16-ны 03 цаг 10 минутад  хүлээн авсан.  /хх 1/,

 

3. Хохирогч Б.Б.Я-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би орой 17 цагт ажлаа тараад гэртээ ирсэн чинь манай нөхөр Д.Э- над руу залгаад би очиж хононо шүү гэсэн. Тэгээд Орой 23 цаг болж байхад Д.Э- гаднаас согтуу орж ирсэн. Цэвэгжав гэх хүн хүргэж ирсэн. Тэр хүнтэйгээ хоолоо идэж дуусаад Ц- гэх хүн гараад явсан. Тэгтэл миний утас дугарсан, маргааш нь манай ажил дээр шалгалт ирэх гэж байсан юмаа. Түүнтэй холбоотой манай ажлаас залгасан. Тэгтэл манай нөхөр наадах чинь хэн юм гээд уурлаад миний гар утсыг авч шидсэн. Миний утасны дэлгэц хагарсан байсан. Миний толгой руу гутлаар цохисон, миний нүүр хэсэг рүү цохисон.” гэх мэдүүлэг /хх 03/,

           

4. Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 237 дугаартай шинжээчийн дүгнэлт:

-Б.Б.Я-ын биед тархи доргилт, баруун бугалга, зүүн гарын шуу, баруун сарвуунд цус хуралтын гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

-Б.Б.Я-ын биед илэрсэн гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно.

-Уг гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” /хх 12-13/,

 

5. Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх 43-44/,

 

Шүүгдэгч Д.Д.Э-гийн хувийн байдлыг тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах /хх 24/, арилжааны банкуудад харилцах болон хадгаламжийн данстай эсэх тодорхойлолтууд /хх 26-30/, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух хаягийн лавлагаа, эд хөрөнгийн лавлагаа /хх 32-34/, мэргэжлийн боловсролын үнэмлэх, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх 38-39/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх бүрэлдэхүүн үнэлсэн болно.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

“Гэр бүлийн хүчирхийлэл” гэдгийг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие мах бодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг тус тус ойлгохоор тодорхойлсон байна.

 

Шүүгдэгч Д.Д.Э-, хохирогч Б.Б.Я- нар нь гэр бүлийн хамаарал бүхий эхнэр нөхөр тул Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарна. /хх-39/

 

Шүүгдэгч Д.Д.Э-гийн гэмт үйлдэл нь хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан байх ба Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүйн/-н улмаас хохирол, хор уршиг учруулсныг гэмт хэрэгт тооцох зохицуулалттай.

 

Иймд шүүгдэгч Д.Д.Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Д.Д.Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д тус тус заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн шүүгдэгч Д.Д.Э- гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч байгаа болон хохирогч Б.Б.Я-ын нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь гэмт хэргийн шинж, хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд тохирсон, эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх зорилгод нийцсэн, цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үр нөлөөтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч Д.Д.Э- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй ба түүнд авагдсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй.” гэж заасан тул шүүхээс шүүгдэгч Д.Д.Э-д оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх хугацаа тогтоох шаардлагагүй гэж үзсэн болно.

 

Хохирол, хор уршгийн талаарх дүгнэлт:

Хохирогч Б.Б.Я- нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирол төлбөртэй холбогдуулан нотлох баримт гаргаж өгөөгүй тул шүүгдэгч Д.Д.Э-ийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

                                                             ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Д.Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

   2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д.Э-д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

   3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д.Э- нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

   4.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

   5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Д.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

   6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

   7.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Д.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                    

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               З.ТӨМӨРХҮҮ