Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 102/ШШ2017/02111

 

2017 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 102/ШШ2017/02111

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Сөүлийн гудамж 42, өөрийн байранд байрлах, Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэг /РД: 2076675/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Өндөр гэгээн Занабазарын гудамж, 1-89 тоотод оршин байх, Даяар хас ХХК /РД: 5072395/-д холбогдох,

Газар чөлөөлүүлж, түрээсийн төлбөр 24,000,000 төгрөг гаргуулах  тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Оюумаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туул нар оролцов.

                                     ТОДОРХОЙЛОХ НЬ:

 Нэхэмжлэгч Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Оюумаагийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Манай байгууллага Зорчигч үйлчилгээний төв буудлын баруун талд байрлах 6000 м2 талбайг түр ашиглуулахаар Даяар хас ХХК-тай 2014 оны 10 дугаар сарын 6-ны өдөр ТГ/14/093 тоот гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан ба 2015 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр 10/03 тоот мэдэгдлээр уг гэрээг түрээслүүлэгчийн санаачилгаар цуцалсан. Манай байгууллагын энэхүү мэдэгдлийг Даяар хас ХХК-ийн захирал О.Мөнх-Эрдэнийн эхнэр, орлогч захирал Б.Ууганцэцэгт 2015 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр гардуулж өгсөн ба Даяар хас ХХК нь 2015 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр А/1505 тоот албан бичгээр манай мэдэгдлийн хариуг ирүүлсэн. Үүний дараа 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 10/1566 тоот мэдэгдлийг мөн хүргүүлж, төлбөр тооцоогоо барагдуулж, талбайг чөлөөлөхийг, мөн 1 дүгээр сард гэрээ цуцлагдсан болохыг мэдэгдсэн.

Хариуцагч Даяар хас ХХК нь 2015 оны 10 дугаар сарын 29, мөн оны 11 дүгээр сарын 9-ний өдрүүдэд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан ТГ/14/093 тоот гэрээг дагаж мөрдөн 2 жилийн хугацаанд Даяар хас ХХК-д дарамт шахалт үзүүлэхгүй байхыг даалгах, талбай түр ашиглуулах гэрээг үргэлжлүүлэн сунгахыг үүрэг болгох тухай нэхэмжлэлүүдийг гаргасан боловч шүүгчийн захирамж, шүүхийн шийдвэрээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Энэ хугацаанд Даяар хас ХХК нь зар явуулж дээрх хашаанд 20 гаруй контейнер буулгаж, хашааг нураах, эвдэн сүйтгэх, хаалга гаргаж зам татах зэргээр дураараа авирлаж байсан тул 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Зорчигч үйлчилгээний буудлын дарга О.Батчимэг 500 дугаартай албан бичгээр мөн оны 10 дугаар сарын 31-ний дотор талбайг чөлөөлж, түрээсийн төлбөр 19,500,000 төгрөгийг төлөхийг мэдэгдсэн.

1949 оны Монгол Зөвлөлтийн Засгийн газар хооронд байгуулсан Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийг байгуулах тухай гэрээ нь Монгол Улсын Олон улсын гэрээ бөгөөд уг гэрээний 5 дугаар зүйлийн Б-д Төмөр замын бүх чиглэлийн дагуух нийтдээ 120 метр өргөн зурвас газар ба харин станцууд дээр уртаашаа 2000 метр хүртэл, өргөнөөрөө 300 метр газрыг нийгэмлэгийн ашиглалтад хугацаагүйгээр шилжүүлэн хэрэглүүлнэ. ... гэж, мөн Төмөр замын тээврийн тухай 27 дугаар зүйлийн 27.1-д Төмөр замын байгууллага нь төмөр замын зурвас газарт хамаарах сул, чөлөөтэй газрыг газар, тариалан, зорчигч үйлчилгээ, шатамхай болон аюултай ачаанаас бусад ачааг хадгалах, буулгах, үйлчилгээ эрхлэн болон бусад зориулалтаар төмөр замын тээврийн аюулгүй байдлын шаардлагад чанд нийцүүлэн иргэн, хуулийн этгээдэд түрээслүүлэн ашиглуулж болно. гэж заасны дагуу анх 2008 онд дээрх хашаа бүхий талбайг Даяар хас ХХК-д түрээслүүлэхээр гэрээ байгуулан хүлээлгэн өгсөн.

Иймд Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн Монгол Улсын Олон улсын гэрээний дагуу эзэмшиж буй Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Зорчигч үйлчилгээний буудлын баруун талд байрлах 6000 м2 тохижуулсан газрыг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасны дагуу Даяар хас ХХК-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, 2015 оны 10 дугаар сараас шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийг хүртэлх хугацааны буюу нийт 16 сар талбай ашигласны төлбөр 24,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Даяар хас ХХК-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэбаярын шүүхэд гаргасан хариу тайлбарт: Улаанбаатар төмөр замын тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд дараах хариу тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ Даяар хас ХХК нь 2015 онд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүгчийн захирамж, шүүхийн шийдвэрээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн гэжээ. Манай компани нэхэмжлэл гаргаж байсан нь үнэн боловч Улаанбаатар төмөр зам нь тухайн маргаан бүхий газрын эзэмшигч биш хэрнээ иргэдийг төөрөгдүүлж, хууль бусаар газар түрээслэх гэрээ байгуулсан байдаг.

Үүнийг Даяар хас ХХК нь мэдсэн даруйдаа Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхэд хандаж, шүүгчийн 1814 тоот захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн байдаг. Үүний дараа нэгэнт Улаанбаатар төмөр замын газар биш болох нь тогтоогдсон тул Даяар хас ХХК нь иргэний шүүхэд гаргасан нэхэмжлэлээ татан авсан. Харин Улаанбаатар төмөр замын газар гэж төөрөгдөж явах үеийнхээ түрээсийн төлбөрийг бүрэн төлсөн болно. Дээрх маргаан бүхий газарт Нийслэлийн засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 951 дүгээр захирамжаар Эс Жи Би Юу ХХК-д 1000 м2 хэмжээтэй газрыг олгосон. Эс Жи Би Юу ХХК нь энэ манай газар гэж Даяар хас ХХК-д холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргаж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШЗ2015/21857 тоот захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн боловч захиргааны хэргийн шүүхэд хянагдаж буй хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаагаар иргэний хэргийг түдгэлзүүлсэн болно.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7-д заасныг үндэслэн мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар Улаанбаатар төмөр замын нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,              

           ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэг нь Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Зорчигч үйлчилгээний буудлын баруун талд байрлах 6000 м2 тохижуулсан газрыг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасны дагуу Даяар хас ХХК-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж, 16 сар талбай түрээсэлж ашигласны төлбөр 24,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэбаярт шүүх хуралдааны товыг 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр мэдэгдэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч баримтад гарын үсэг зурсан боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Оюумаа хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ. гэж заасантай харшлахгүй гэж үзлээ.

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Зорчигч үйлчилгээний буудлын баруун талд байрлах 6000 м2 газар бүхий газрыг авто худалдааны зогсоолын зориулалтаар ашиглуулахаар Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэг болон Даяар хас ХХК-ийн хооронд 2014 оны 10 дугаар сарын 6-ны өдөр ТГ/14/093 тоот Талбай түр ашиглуулах гэрээг байгуулж, түрээслүүлэгчийн зүгээс газар ашиглах эрх олгох, түрээслэгчийн зүгээс газар ашигласны төлбөр 1,500,000 төгрөгийг сар бүр түрээслүүлэгчид төлөх үүргийг тус тус хүлээж, Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-д зааснаар эрх бүхий этгээд гарын үсэг зурж, бичгийн хэлцэл байгуулсан байна.

Талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан түрээсийн гэрээ байгуулагджээ.

Нэхэмжлэгч Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэг нь 2014 оны ТГ/14/093 тоот гэрээний 8 дугаар зүйлийн 8.3-т заасан үндэслэлээр гэрээг цуцлах тухай мэдэгдлийг /түрээслэгч/ хариуцагч Даяар хас ХХК-д 2015 оны 1 дүгээр сарын 8-ний өдөр хүргүүлж, үүнээс хойш 11 хоногийн дараа буюу 2015 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр Талбай түр ашиглуулах тухай гэрээг цуцалжээ. Гэрээ цуцлах тухай мэдэгдлийг хариуцагч хүлээж авсан болох нь Даяар хас ХХК-ийн 2015 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн А/1505 тоот 10/03 тоот мэдэгдлийн хариу гэх албан бичгээр тогтоогдож байна.

Гэрээ цуцлагдсанаас хойш 2 жил 6 сарын хугацаанд хариуцагч Даяар хас ХХК нь тухайн газрыг үргэлжлүүлэн ашигласаар байгаа нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэх татгалзсан хариу тайлбар болон хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.1-д Түрээслэгч түрээсийн гэрээ дуусгавар болсны дараа ердийн буюу гэрээгээр тохиролцсон элэгдлийг тооцож түрээсэлсэн эд хөрөнгийг буцаан өгөх үүрэгтэй., мөн зүйлийн 326.2-т Түрээслүүлэгч өөрт учирсан хохирол, хэтэрсэн хугацааны түрээсийн төлбөрийг нөхөн төлөхийг шаардаж болно. гэж заасан байх тул хугацаа хэтэрсний буюу 16 сарын түрээсийн төлбөр 24,000,000 төгрөгийг төлөх үүрэгтэй, нэхэмжлэгч хугацаа хэтрүүлсний төлбөрийг шаардах эрхтэй гэж үзлээ.

Хариуцагч Даяар хас ХХК нь дээрх маргаан бүхий газрыг нэхэмжлэгч Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэг эзэмших эрхгүй, иргэдийг төөрөгдүүлж түрээсийн гэрээ байгуулсан гэж маргажээ.

Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн газар, Зөвлөлийн Засагт Нийгэм Журамт Бүгд Найрамдах Холбоот Улсын Засгийн газар хооронд байгуулсан Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийг байгуулах тухай 1949 оны гэрээний 5 дугаар зүйлийн 5.б-д Төмөр замын бүх чиглэлийн дагуух нийтдээ 120 метр өргөн зурвас газар ба харин станцууд дээр уртаашаа 2000 метр хүртэл, өргөнөөрөө 300 метр газрыг нийгэмлэгийн ашиглалтад хугацаагүйгээр шилжүүлэн хэрэглүүлнэ. ... гэж, мөн Төмөр замын тээврийн тухай 27 дугаар зүйлийн 27.1-д Төмөр замын байгууллага нь төмөр замын зурвас газарт хамаарах сул, чөлөөтэй газрыг газар, тариалан, зорчигч үйлчилгээ, шатамхай болон аюултай ачаанаас бусад ачааг хадгалах, буулгах, үйлчилгээ эрхлэн болон бусад зориулалтаар төмөр замын тээврийн аюулгүй байдлын шаардлагад чанд нийцүүлэн иргэн, хуулийн этгээдэд түрээслүүлэн ашиглуулж болно. гэж, Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Өмчийн харилцааны газрын 2015 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 5/8129 тоот албан бичигт тус тус зааснаас үзвэл гэрээний зүйл болох дээрх газар нь Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн ашиглалтад байдаг, мөн бусдад хуульд заасан журмын дагуу түрээслүүлэх эрхтэй болох нь тогтоогдож байна.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй. гэжээ. Мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.4 дэх хэсэгт заасны дагуу эд хөрөнгийг хуулийн дагуу эзэмшиж байгаа этгээд нь мөн хуулийн 106.2, 106.3 дахь хэсэгт заасан шаардлага гаргах эрхтэй ба 106.3 дахь хэсэгт 106.1 дэх хэсгийн дагуу шаардлага гаргах эрхийн талаар заасан байх тул нэхэмжлэгч бусдын хууль бус эзэмшлээс газраас шаардах эрхтэй гэж үзлээ.

Иймд Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Зорчигч үйлчилгээний буудлын баруун талд байрлах 6000 м2 тохижуулсан газрыг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасны дагуу Даяар хас ХХК-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, хариуцагчаас 16 сар газар ашигласны төлбөр 24,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

Харин нэхэмжлэгч шүүхэд бусдын хууль бус өмчлөлөөс эд хөрөнгөө чөлөөлүүлэх болон түрээсийн төлбөр гаргуулах тухай 2 шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан атлаа зөвхөн мөнгөн төлбөрийн шаардлагадаа улсын тэмдэгтийн хураамж төлж, газар чөлөөлүүлэх тухай шаардлагадаа тохирох улсын тэмдэгтийн хураамжийг төлөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс 702,000 төгрөг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, Зорчигч үйлчилгээний буудлын баруун талд байрлах 6000 м2 тохижуулсан газрыг хариуцагч Даяар хас ХХК-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй.

2.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 326 дугаар зүйлийн 326.1, 326.2-т заасныг баримтлан хариуцагч Даяар хас ХХК-иас 24,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгт олгосугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгч Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгээс 70,200 төгрөгийг нөхөн гаргуулж, улсын орлогод оруулсугай.

 

4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 348,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 348,150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР