Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/134

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                     Хэргийн индекс:166/2022/0120/Э

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбат,

Улсын яллагч Ч.Мядагбадам,

Шүүгдэгч О.О.О- нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.О-од холбогдох эрүүгийн 2218000000117 дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 1979 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Дархан-Уул аймаг Дархан сумд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжил үгүй, “*********” ХХК-д манаач ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт оршин суух, урьд ял шийтгэлгүй, О.О-

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О.О.О- нь 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр шөнийн 02 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сум 15 дугаар баг ****** хэсгийн *-**тоотод буюу гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр П.П.Э-эд бие мах бодийн хүчирхийлэл үйлдэж гараараа нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэх гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитой шинжлэн судлав.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч О.О.О- нь Дархан сум ********** баг 10 дугаар хэсгийн *-**тоотод эхнэр П.П.Э-ийн бие махбодид хүчирхийлэл үйлдэж, бусадтай хардан зодож зүүн нүдний зовхи орчмын зөөлөн эдийн няцрал, нүдний ухархай ясны хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдлоо.

 

Хэргийн нөхцөл байдлаас дүгнэхэд шүүгдэгч О.О.О-ын хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл, хохирогчид учирсан гэмтлийн хооронд шалтгаант холбоо тогтоогдож байна гэж дүгнэлээ.

 

Хэргийн үйл баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах баримтаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

 

     1. Шүүгдэгч О.О.О- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Хийсэн хэрэгтээ маргах зүйлгүй.” гэв.

2. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл...-“ П.Э-ээс өөрийн биеэр гаргасан “Дархан-Уул аймгийн Дархан сумын **-р баг, **-р хэсэг, *-**тоотод 2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр нөхөр О.О.О-од зодуулж биедээ гэмтэл авсан” гэх гомдлыг 2022 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 19:45 цагт хүлээн авсан.  /хх 1/,

 

3. Шүүгдэгч О.О.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...согтуу байсан болохоор юу болсон талаар санахгүй байна. Маргааш өглөө босоод ирэхэд манай эхнэрийн 2 нүд хөхөрчихсөн байхаар нь юу болсон талаар тодруулахад “чи намайг хардаад, зодоод ийм болгосон” гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх 25/,

 

            4. Хохирогч П.П.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...21 цагийн орчим ирээд зурагт үзэж байгаад амрах гэтэл манай нөхөр “чи надтай ерөөсөө унтахгүй байна өөр хүнтэй болсон янхан гичий” гэх мэтээр харааж хэрүүл ам хийж эхэлсэн. Би эвийг нь олоод амраах гэтэл амрахгүй үргэлжлүүлээд хэрүүл хийгээд байхаар нь цаг хартал 02 цаг болж байсан тэгээд үүр амрахгүй болохоор нь би нөхрийгөө амраад өг гээд нуруу руу нь гараараа 2 удаа цохисон чинь хэвтэж байгаад уурлаад босож ирээд миний 2 гараас барьж аваад гарыг тавиад нүүр лүү хоёр нүдний гол хэсэгт гараа атгаж байгаад нэг удаа цохиод авсан.” гэх мэдүүлэг /хх 15-16/,

 

            5. Насанд хүрээгүй гэрч О.О- мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...ээж нэлээн их согтуу байсан тэгээд ээж маань ангийн хүүхдүүдээ гаргаж өгчхөөд буцаад ор луу гаа явахдаа бүдрээд унахдаа гараараа зуухан дээр дараад гараа түлчихсэн. Ээж босоод ажилдаа явчхаад орой ирээд надаас гараа яагаад түлсэн талаар асуухад нь өөрөө бүдэрч унаад түлсэн гэдгийг нь хэлсэн.” гэх мэдүүлэг /хх 19/,

            6. Гэрч Г.А- мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...цагаан сарын үеэр нөхөртөө зодуулсан гээд нүд нь хөхөрсөн ирж байсан. Тэрнээс хойш манай 3 сарын эхээр ирж хонож байх хугацаанд тийм ямар нэг харагдах гэмтэл шарх харагдаж байгаагүй.” гэх мэдүүлэг /хх 23/,

            7. Гэрч Н.Н- мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...битүүний өдөр П.Э-э над руу чат бичихдээ дүү нь өнгөрсөн шөнө унтаж чадсангүй нөхөр согтуу агсам тавиад зодчихлоо хүүхдээ хүртэл зодох шахлаа гэж байсан. Ингэснээс хойш хэсэг хугацаанд гэртээ очиж чадахгүй айгаад цех дээр ганц нэг хоноод одоо нөхөр нь ажилтай үед гэртээ харьж хоноод харин ажилгүй үедээ дүүгийнхээ гэрт хонож байгаа гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг /хх 27/,

            8. Гэрч Ч.Б- мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...битүүний урд өдөр ажил дээрээсээ юм авах гээд очиход С- таарсан. Тэгээд харахад нүд нь хөхөрсөн байхаар нь асуухад “О.О- согтуудаа зодчихсон” гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /хх 29/,

9. Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 222 дугаартай шинжээчийн дүгнэлт: П.П.Э-ийн биед зүүн нүдний зовхи орчмын зөөлөн эдийн няцрал, нүдний ухархай ясны хугарлын гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. П.П.Э-ийн биед илэрсэн гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно.” /хх 25-36/

 

Шүүгдэгч О.О.О-ын хувийн байдлыг тогтоосон “Цуурай Цо” ХХК-ийн тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн хуулбар /хх 63-65/, оршин суух хаягийн тодорхойлолт /хх 69/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх бүрэлдэхүүн үнэлсэн болно.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

“Гэр бүлийн хүчирхийлэл” гэдгийг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг тус тус ойлгохоор тодорхойлсон байна.

 

Шүүгдэгч О.О.О-, хохирогч П.П.Э-э нар нь гэр бүлийн хамаарал бүхий этгээд буюу хамтран амьдрагч болох нь шүүгдэгч,  хохирогч, насанд хүрээгүй гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарна.

 

Шүүгдэгч О.О.О-ын гэмт үйлдэл нь хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан байх ба Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүйн/-н улмаас хохирол, хор уршиг учруулсныг гэмт хэрэгт тооцох зохицуулалттай.

 

Иймд шүүгдэгч О.О.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн шүүгдэгч О.О.О- гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн,  гэм буруугаа хүлээн зөвшөөрснөөс үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, прокурорын сонсгосон ялын саналыг хүлээн зөвшөөрсөн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан журамд нийцсэн байх тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ялаар, торгох ялыг 6 сарын хугацаанд эхний 5 сард 80000 төгрөг, сүүлийн сард 100000 төгрөгөөр тус тус хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч О.О.О- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй ба түүнд авагдсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Хохирол, хор уршгийн талаарх дүгнэлт:

Хохирогч П.П.Э-э хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “...Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх тайлбар /хх 76/ өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйл, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

                                                             ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч О.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

   2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.О.О-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

   3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.О.О-од оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд эхний 5 сард 80000 төгрөг, сүүлийн сард 100000 төгрөгөөр тус тус хэсэгчлэн төлүүлсүгэй.

 

   4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.О.О- нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

   5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

   6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.О.О-од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

   7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

   8.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч О.О.О-од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 З.ТӨМӨРХҮҮ