Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/35

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,

Улсын яллагч: Б.Болор-Эрдэнэ,

Шүүгдэгч: А.Ю,

Нарийн бичгийн дарга: А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн Б овогт А-ийн Юд холбогдох 2228000000044 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт: Б овогт А-ийн Ю, .............................    

Шүүгдэгч А.Ю нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 02 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Урт багийн .............. тоотод орших Ц.Ба-ийн гэрт З.Г-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүнийг сандлаар толгой, зүүн нүд хэсэгт цохиж, биед тархи доргилт, баруун, зүүн нүдэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөгт шарх, баруун гарт зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч А.Ю-г яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч А.Ю шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Ба-тэй уулзаж гэрт нь тоглоод байж байгаад орой болсон. Орой Г ах шилний хагас архитай орж ирээд түүнийг нь хувааж уугаад байж байхад Г ах над руу хуруугаараа чичээд амандаа юм хэлээд байсан. Миний нүүр рүү хуруугаараа чичээд байхаар нь хурууг нь цааш дарж байгаад нүүр рүү нь цохисон. Дээр нь гарч байгаад хэд хэдэн удаа цохисон. Хажууд байсан сандлыг авсан байж магадгүй. Нэг мэдэхэд сандалгүй нүүр рүү нь гараараа цохиж байсан. Урд гэрээс 2 хүн орж ирж салгасан.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч З.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2022 оны 02 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө би өөрийн гэртээ дүү Ба-тэй юм яриад сууж байсан. Тухайн үед Ю гэх залуу манайд хонох гээд хамт байж байсан. Би гадуур найзтайгаа уулзаад нэг шил архи уугаад тэрийгээ дуусгаагүй гэртээ авч ирсэн байсан. Тэр архиа Ю, Ба нарт хийж өгсөн. Тэр хоёр тийм их уугаагүй би өөрөө уг архинаас ганцаараа уугаад дууссан. Ба-тэй юм яриад хэвтэж байхад Ю гэнэт босч ирээд сандлаар миний зүүн нүдний дээд хажуу чамартай орчимд цохисон. Би тэрнээс хойш юу болсныг мэдээгүй эмнэлэгт очоод оёдол хийлгээд өвдөлт мэдрээд ухаан орсон. Би Ю-тэй хэрүүл маргаан хийж муудалцаагүй Ю нь манай хамаатан садангийн хүүхэд байгаа юм. Ээж, аавд тус дэм болж л явдаг байсан. Ямар шалтгаанаар намайг зодсоныг би мэдэхгүй байна. Зүгээр байж байгаад гэнэт л намайг зодсон. Миний хоёр нүд хөхөрч хавдсан нүдэнд цус хурсан, зүүн нүдний орчимд хөмсөгний хажууд 4 оёдол тавиулсан, үүдэн шүд хөдөлсөн байгаа, зүүн талын хавирганууд хөндүүртэй байгаа, гэмтэл гэмтэл байхгүй... Надад 300.000 төгрөг бэлнээр өгсөн тэрийг нь би авч эм тарианы төлбөр эмчилгээндээ зарцуулсан. Би өмнө мэдүүлэгтээ гомдолгүй гэж өгсөн надад эмчилгээний зардал, хохирлын мөнгө болгож 300.000 төгрөг өгсөн. Одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” /хавтаст хэргийн 13, 14 дэх тал/

Гэрч Г.Аа мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Ю нь 1996 оны 03 дугаар сарын 18-нд манай том хүү болж төрсөн. 2003 онд 7 настайдаа сургуульд сурч 10 жилээ төгссөн юм. Улаанбаатар хотод оюутан болж сурч байгаад ээжийгээ харахаар сургуулиа орхиод хөдөө мал дээрээ ирсэн. Манай хүү бол үг дуу цөөтэй даруу төлөв зантай хүүхэд байгаа юм. Манай эхнэр Түмэндэмбэрэл нь 2012 онд хөдөө байж байгаад гэнэт сэтгэцийн өвчинтэй болсон. Тэр жил шөнө гэнэт гэр дээр тасдаад тавьсан малын толгой байна гэж яриад гэрт орж ирсэн. Харанхуй бүрийд гадаа байж байгаад дайрлагад дайруулсан байх тэрнээс хойш эхнэрийгээ байнгын эмчилгээ хийлгээд тогтмол сэтгэцийн эмнэлэгт хэвтүүлж эмчлүүлж байдаг болсон. Ю нь надтай хамт ээжийгээ харсаар байгаад стресс дарамтанд байсаар байгаад сэтгэл санаа нь тогтворгүй болчихсон гэнэт огцом уурладаг болчихсон. Үе үе сэтгэл санаа нь өөрчлөгдөөд байдаг юм шиг байна лээ, би хүүгээ ээж шигээ өвчтэй болчих вий гэж санаа зовдог болсон. Ю доороо нэг эрэгтэй дүүтэй Жаргалсайхан нь одоо 24 настай Бласт ХХК-д ажилладаг... Тэр өдөр 2022 оны 02 дугаар сарын 27-ны шөнө байсан шиг санагдаж байна намайг гэртээ эхнэртэйгээ унтаж байх үед шөнийн 01-02 цагийн хооронд байх Сайнзаяа над руу утсаар залгаж Ю Гийг зодоод байна ирж ав гэж хэлсэн. Би тухайн үед яараад хувцсаа өмсөөд машинаа асаагаад хашаагаар гараад очиход Ю өмнөөс гүйгээд ирж байсан. тэгээд би Ю-г аваад гэр рүүгээ орсон. Тухайн үед гүйгээд амьсгаадчихсан юу болсон талаар асуухад юу ч дуугарахгүй байж байгаад унтсан.” /хавтаст хэргийн 18-19 дэх тал/

Гэрч П.С мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Тэр өдөр би гэртээ аавыгаа сахиад байж байсан хойд гэрт манай хүү Ба, Ю хоёр байсан. Г нь орой болсон хойно тал шил архи барьчихсан ирсэн. Би гэрт байж байхад арын гэрт хүмүүс түжгэнээд чимээ гараад байхаар нь би босоод очиж үзэхэд Ю нь Гийг зодчихсон нүүр, толгой цус болчихсон байсан. Тэгээд би боль ахыгаа яах гэж зодож байгаа юм гэхэд намайг арагшаа түлхчихээд Г-ийн цээж рүү өшиглөөд гэрээс гаргаж хаяна гэхээр нь би Ю-г салгаж гэр рүүгээ яв гэж хэлж явуулсан. Тэгээд Ю нь гэрээс гараад явсан... Г нүүр толгойндоо гэмтэл авсан байсан. Эмнэлэг рүү Ба-тэй хамт хүргэж өгсөн толгойдоо оёдол тавиулсан. Манай гэрт байдаг сандлаар Ю нь Г-ийн толгойг цохисон гэж хэлсэн.” /хавтаст хэргийн 21 дэх тал/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 140 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “З.Г-ийн биед тархи доргилт, баруун, зүүн нүдэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөгт шарх, баруун гарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой. З.Г-ийн биед учирсан гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. З.Г-ийн биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” /хавтаст хэргийн 24-25 дахь тал/

Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Шүүх сэтгэцийн 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 34 дугаартай дүгнэлтэд: “Шинжлүүлэгч нь А.Ю сэтгэцийн хувьд эрүүл. Шинжлүүлэгч нь А.Ю нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. Шинжлүүлэгч А.Ю нь хэрэг хариуцах чадвартай.” /хавтаст хэргийн 32-34 дэх тал/

Шүүгдэгч А.Ю мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “-Тухайн үед Г нь согтуу орж ирээд тал шил архи Ба бид хоёрт аягалж өгч байгаад гараараа чичээд над руу юм яриад байсан. Би тэрийг намайг цохих гэж байна гэж бодож сандлаар нүүр рүү нь цохисон байсан. Би Г ахад 300.000 төгрөг бэлнээр өгч эмчилгээний зардал гомдол,  хохирлыг нь барагдуулсан.” /хавтаст хэргийн 45-46 дахь тал/

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 5 дахь тал/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 68 дахь тал/

Өмнөговь аймаг Гурвантэс сумын Тост багийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 14 дугаартай тодорхойлолт /хавтаст хэргийн 62 дахь тал/

Суурь боловсролын гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 66 дахь тал/

Бүрэн дунд боловсролын үнэмлэхийн хуулбар /хавтаст хэргийн 67 дахь тал/

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 92 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 70-71 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын мэтгэлцээн, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд дараах нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:  

Шүүгдэгч А.Ю нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 02 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Урт багийн .............. тоотод орших Ц.Ба-ийн гэрт З.Г-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдсан нөхцөл байдал тогтоогдож байна.

Улмаар шүүгдэгч А.Ю нь хохирогч З.Гийг сандлаар толгой, зүүн нүд хэсэгт цохисон үйл баримт тогтоогдож байна.

Тодруулбал: Хохирогч, иргэний нэхэмжлэгч З.Гийн: “...Ба-тэй юм яриад хэвтэж байхад Ю гэнэт босч ирээд сандлаар миний зүүн нүдний дээд хажуу чамартай орчимд цохисон. Би тэрнээс хойш юу болсныг мэдээгүй эмнэлэгт очоод оёдол хийлгээд өвдөлт мэдрээд ухаан орсон.” /хавтаст хэргийн 13, 14 дэх тал/,

Гэрч Г.А-ийн: “... Тэр өдөр 2022 оны 02 дугаар сарын 27-ны шөнө байсан шиг санагдаж байна намайг гэртээ эхнэртэйгээ унтаж байх үед шөнийн 01-02 цагийн хооронд байх Сайнзаяа над руу утсаар залгаж Ю Г-ийг зодоод байна ирж ав гэж хэлсэн. Би тухайн үед яараад хувцсаа өмсөөд машинаа асаагаад хашаагаар гараад очиход Ю өмнөөс гүйгээд ирж байсан. Тэгээд би Ю-г аваад гэр рүүгээ орсон. Тухайн үед гүйгээд амьсгаадчихсан юу болсон талаар асуухад юу ч дуугарахгүй байж байгаад унтсан.” /хавтаст хэргийн 18-19 дэх тал/,

Гэрч П.С-ын: “...Би гэрт байж байхад арын гэрт хүмүүс түжгэнээд чимээ гараад байхаар нь би босоод очиж үзэхэд Ю нь Гийг зодчихсон нүүр, толгой цус болчихсон байсан. Тэгээд би боль ахыгаа яах гэж зодож байгаа юм гэхэд намайг арагшаа түлхчихээд Гийн цээж рүү өшиглөөд гэрээс гаргаж хаяна гэхээр нь би Ю-г салгаж гэр рүүгээ яв гэж хэлж явуулсан. Тэгээд Ю нь гэрээс гараад явсан... Г нүүр толгойндоо гэмтэл авсан байсан. Эмнэлэг рүү Ба-тэй хамт хүргэж өгсөн толгойдоо оёдол тавиулсан. Манай гэрт байдаг сандлаар Ю нь Гийн толгойг цохисон гэж хэлсэн.” /хавтаст хэргийн 21 дэх тал/

Шүүгдэгч А.Ю-гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч З.Гийн эрүүл мэндэд тархи доргилт, баруун, зүүн нүдэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөгт шарх, баруун гарт зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 140 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 24-25 дахь тал/-ээр  тогтоогдож байна.  

Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.

Шүүгдэгч А.Ю нь З.Гийн бие эрх чөлөөнд халдаж, сандлаар цохиж буй үйлдлээ хууль бус гэдгийг ухамсарлах боломжтой байсан хэдий ч түүнийг хүсч үйлдсэнийг санаатай үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч А.Ю нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 02 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Урт багийн .............. тоотод орших Ц.Ба-ийн гэрт З.Г-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүнийг сандлаар толгой, зүүн нүд хэсэгт цохиж, биед тархи доргилт, баруун, зүүн нүдэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөгт шарх, баруун гарт зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.

Хохирогч З.Г нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ надад эмчилгээний зардал, хохирлын мөнгө болгож 300.000 төгрөг өгсөн. Одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” /хавтаст хэргийн 13, 14 дэх тал/ гэснээр шүүгдэгч А.Ю-г бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч А.Ю нь хохирогчид 300.000 төгрөгийн хохирол төлбөрийг төлж барагдуулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож шийдвэрлэв.

Харин шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ. 

Шүүгдэгч А.Ю-гийн хувийн байдал нь ................. зэрэг баримтуудаар тус тус тодорхойлогдож байна.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх нөхцөл байдлуудыг шүүх хуралдаанаар хянаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч А.Ю-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба шүүгдэгч А.Ю нь өөрийгөө өмгөөлж хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахиж ийм үйлдэл хийхгүй байхыг хичээнэ гэх тайлбарыг гаргав.

Шүүх улсын яллагчийн санал болгосон ялын саналыг шүүгдэгчийн гэм бурууд нийцсэн гэж үзэж, улсын яллагчийн саналын хэмжээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэв.  

Шүүгдэгч А.Ю нь шүүхээс оногдуулсан 800.000 /найман зуун мянга/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын дотор төлж барагдуулахыг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ю нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сандлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэв. 

Шүүгдэгч А.Ю нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч А.Ю нь хохирогч З.Гэд 300.000 /гурван зуун мянга/ төгрөгийн хохирол төлбөр төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Ю-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Шүүгдэгч А.Ю өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргасан тул Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан өөрийгөө өмгөөлөх эрх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...шүүх нь шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана.” гэсэн эрхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хангаж ажилласан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 4, 5 дахь хэсэг,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт А-ийн Ю-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ю-д 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 

3. Шүүгдэгч А.Ю нь шүүхээс оногдуулсан 800.000 /найман зуун мянга/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын дотор төлж барагдуулахыг даалгасугай.   

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ю нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сандлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.  

6. Шүүгдэгч А.Ю нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч А.Ю нь хохирогч З.Г-эд 300.000 /гурван зуун мянга/ төгрөгийн хохирол төлбөр төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.   

7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Ю-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Э.ОЮУН-ЭРДЭНЭ