Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 221/МА2015/0175

 

Б.А-ийннэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Зоригтбаатар нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 89 дүгээр шийдвэрт нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу Б.А-ийн нэхэмжлэлтэй, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдад холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Боловсрол, соёл, шинжлэх ухаааны яам Төрийн албаны тухай хуулийн 27.2-т заасны дагуу өөр ажил, албан тушаалд шилжүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг илт хууль бус болохыг тогтоолгох, мэргэжил, мэргэшлийн дагуу төрийн захиргааны өөр ажил, албан тушаалд шилжүүлэхийг даалгах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал болон бусад шимтгэлийг төлүүлэх гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...спорт, аялал жуулчлалын яаманд /хуучин нэрээр/ чиг үүрэг нь шилжин, иргэн Б.А-ийнажлаас хууль бус чөлөөлөгдсөн гэх маргаан нь 2013 оны 7 дугаар сараас эхэлсэн. Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас манай яаманд шилжүүлэн ажиллуулахаар ирүүлсэн иргэдийн нэр, ажлын байр дотор иргэн Б.А-ийннэр байхгүй. Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны соёлын бодлого зохицуулалтын газарт "Номын сан, ном хэвлэл, цахим бичвэрийн бодлого зохицуулалт хариуцсан мэргэжилтэн/-ний орон тоог шинээр бий болгон түүнд Соёл, спорт, аялал, жуулчлалын яам /хуучин нэрээр/-наас шилжин ирсэн хүнийг хуулийн дагуу томилон ажиллуулж байна. Иймд тус яам иргэн Б.А-ийннэхэмжлэлийн шаардлагыг хангах ямар ч хууль зүйн үндэслэлгүй болно. гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 89 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.А-ийнгаргасан "...Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т заасны дагуу өөр ажил, албан тушаалд шилжүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг илт хууль бус болохыг тогтоолгож, мэргэжил, мэргэшлийн дагуу төрийн захиргааны өөр ажил, албан тушаалд шилжүүлэхийг даалгуулж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал болон бусад шимтгэлийг төлүүлэх" тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: Б.Ариунаа миний бие Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамд холбогдуулан "...1. Захиргааны хэргийн анхан шатны Хорьдугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн №89 тоот шийдвэрийн ҮНДЭСЛЭХ нь хэсэгт "... Нэгэнт батлагдсан орон тоонд дахин нэмж орон тоо батлан ажиллуулах боломжгүй талаар урьд нь захиргааны байгууллага тайлбарлаж, 6 сарын цалинтай тэнцэх тэтгэлэг, төрийн үйлчилгээний албан тушаал санал болгож байсан нь тогтоогдсон тул төрийн албан хаагчийн нэмэлт баталгаагаар буюу төрийн захиргааны албан тушаалаар Б.А-г хангаагүй гэж захиргааны байгууллагыг буруутгах үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн ямар албан тушаалд ажиллах хүсэл сонирхолтой нь тодорхойгүй байхад зайлшгүй мэргэжил, мэргэшлийн дагуу ажиллуулахыг хариуцагчид даалгах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв" хэмээн дурьдсан байдаг.

ССАЖЯ-ны санал болгосон ажлын байр нь төрийн албан хаагчийн албан тушаалын ангиллын хувьд төрийн үйлчилгээний албан тушаал бөгөөд цалин хөлсний хувьд урьд эрхэлж байсан ажил, албан тушаалын цалингаас бага юм.

ССАЖЯ-ны зүгээс 6 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэлэг санал болгосон, эсхүл төрийн захиргааны бус төрийн үйлчилгээний албан тушаал санал болгосон дүр эсгэж хариу ирүүлсэн боловч нэхэмжлэгч миний бие Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх хэсэгт "Төрийн байгууллага татан буугдсан өөрчлөн байгуулагдсан ... тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу ажлын байраар хангуулах ..." гэж заасны дагуу төрийн захиргааны албан тушаалд ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Нэхэмжлэгч миний бие тэтгэлэг авах болон төрийн үйлчилгээний албан тушаалд ажиллах боломжгүй, төрийн захиргааны албан тушаалд ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэхэд ССАЖЯ-ны зүгээс миний хүсэлтийн хариуг хүлээн авч, сул орон тоо гарсан тохиолдолд ажилд авахаар мэдэгдэж байсан бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч мөн шүүхэд болон шүүх хуралдааны явцад мэдүүлдэг байсан.

Үүнээс үзэхэд 6 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэлэг өгөх, эсхүл төрийн үйлчилгээний ажлын байраар хангах асуудал нэг мөр шийдвэрлэгдээгүй бөгөөд ССАЖЯ-ны зүгээс харин ч төрийн захиргааны ажлын байраар хангуулах хүсэлтийг маань хүлээн авч, төрийн захиргааны ажлын байраар хангахыг ССАЖЯ хүлээн зөвшөөрсөн юм.

Мөн Захиргааны хэргийн анхан шатны Хорьдугаар шүүхийн 2014 оны №122 тоот шийдвэрт ч энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байдаг.

      2.   Нөгөөтэйгүүр Монгол Улсын Засгийн газрын 2012 оны №06 тоот тогтоолоор Соёл урлагийн хороог татан буулгаж, албан хаагчдыг орон тоо, цалингийн хамт ССАЖЯ-д шилжүүлсэн боловч нэхэмжлэгч Б.Ариунаа намайг шилжсэн ажилчдын жагсаалтад оруулаагүй ба энэ талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдааны явцад мэдүүлдэг.

ССАЖЯ-ны буюу төрийн захиргааны байгууллагын дээрх эс үйлдэхүйн улмаас Б.Ариунаа миний бие Төрийн албаны тухай хуулиар олгогдсон төрийн албан хаагчийн баталгааг эдлэх огт боломжгүй болсон юм.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Б.Ариунаа миний бие Засгийн газрын 2012 оны №06 тоот тогтоолоор ССАЖЯ-ны мэдэлд шилжсэн боловч ССАЖЯ томилох, эсхүл чөлөөлж, 6 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэлэг олгох шийдвэр гаргаагүй учир Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27,2,4 дэх хэсэгт заасан 6 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэлэг авах хууль зүйн үндэслэл бүрдээгүй. ССАЖЯ-ны зүгээс томилох, эсхүл чөлөөлөх шийдвэр гаргаагүй атлаа төрийн үйлчилгээний албан тушаал, эсхүл 6 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэлэг санал болгосон нь Төрийн албан тухай хууль болон бусад холбогдох хууль зөрчсөн үйлдэл юм.

Нэгэнт ССАЖЯ нэхэмжлэгч намайг томилох, эсхүл чөлөөлөх шийдвэр гаргаагүй тул Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам мөн адил томилох, эсхүл чөлөөлөх шийдвэр огт гаргаагүй.

3.   Шүүхийн шийдвэрийн ҮНДЭСЛЭХ нь хэсэгт "... Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасны дагуу зөвхөн мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил албан тушаалд шилжүүлэхийг даалгуулахаар маргаж байгаа тул Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т "... эрх бүхий албан тушаалтан шалгаруулж авна" гэж заасны дагуу сонгон шалгаруулж аваагүй талаар маргаагүй тул шүүхээс үүнд дүгнэлт өгөөгүй болно" хэмээн дурьдсан байдаг. Уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг "Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны яам Төрийн албаны тухай хуулийн 27.2 дахь хэсэгт заасны дагуу өөр ажил, албан тушаалд шилжүүлэхгүй байгаа эс үйлдэхгүйг илт хууль бус болохыг тогтоолгож, Мэргэжил, мэргэшлийн дагуу төрийн захиргааны өөр ажил, албан тушаалд шилжүүлэхийг даалгах" хэмээн тодруулга хийсэн.

Гэтэл захиргааны хэргийн анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг зөвхөн Төрийн албаны тухай хуулийн 27.2.4-т заасны дагуу гаргасан хэмээн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийсэн байна. Захиргааны хэргийн шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргааныг шийдвэрлэх ёстой атал нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг явцууруулан дүгнэлт хийж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн байна.

Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс ийнхүү дээрх байдлаар хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийж, төрийн захиргааны байгууллагын хууль зөрчсөн үйл ажиллагааг зөвтгөсөн шийдвэр гаргасан тул Захиргааны хэргийн анхан шатны Хорьдугаар шүүхийн 2015 оны №89 тоот шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн гомдолд дурдсан үндэслэлээс гадна Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3 дахь хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзэхэд шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргээ бүрэн хэрэгжүүлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Нэхэмжлэгч Б.Ариунаа нэхэмжлэлийн шаардлагаа Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т заасны дагуу өөр ажил, албан тушаалд шилжүүлэхгүй байгаа Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны эс үйлдэхүйг илт хууль бус болохыг тогтоолгож, мэргэжил, мэргэшлийн дагуу төрийн захиргааны өөр ажил, албан тушаалд шилжүүлэхийг даалгаж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал болон бусад шимтгэлийг төлүүлэх гэж тодорхойлжээ.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ шүүхээс нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлтэй холбоотой нэхэмжлэлийг 2 удаа бичгээр тодруулан авсан бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасны дагуу мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжүүлэхийг даалгуулах-аар маргаж байгаагаас Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т ...эрх бүхий албан тушаалтан шалгаруулж авна гэж заасны дагуу сонгон шалгаруулж аваагүй талаар маргаагүй гэж үзэж дүгнэлт өгөөгүй, мөн нэхэмжлэгч Б.Ариунаа нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны номын сан, ном хэвлэл, цахим бичвэрийн бодлого, зохицуулалт хариуцсан мэргэжилтэн-ий орон тоонд ажиллах, Б.Баяраа сонгон шалгаруулалтгүй, хууль бусаар томилогдсон талаар улмаар яамны бүтэц орон тоо батлагдсан тушаал зэрэгт маргаагүй гэсэн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болсон бөгөөд шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д заасан нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, агуулга, тайлбар болон өмгөөлөгч А.Зоригтбаатарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр түүний хүсэл, зориг нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаагаар хангагдах, түүн дотроо байгууллагын бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөөс үүдэн өөрийг нь өөр ажил, албан тушаалд шилжүүлэхгүй байгаа эс үйлдэхүй байгаа болохыг тогтоолгох, улмаар байгууллагын бүтэц зохион байгуулалт өөрчлөгдсөнтэй холбоотойгоор шинээр өөрчлөн бий болсон байгууллагын орон тоонд буюу мэргэжил, мэргэшлийн дагуу номын сан, ном хэвлэл, цахим бичвэрийн бодлого, зохицуулалт хариуцсан мэргэжилтэн-ий ажил, албан тушаал эрхлэх ашиг сонирхолтой болох нь илэрхийлэгдэж байна.

Хэдийгээр анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах ажиллагаа хийсэн гэх боловч нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдож байгаа нэхэмжлэгчийн тэрхүү хүсэл зориг нь юу болох, төрийн байгууллага, албан тушаалтны ямар буруутай үйл ажиллагаанаас болж түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэзээ, хэрхэн зөрчигдсөн, уг зөрчигдсөн гэх эрхийг сэргээх боломжтой, эсвэл боломжгүй шалтгаан нөхцөл юу болох, нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т заасны дагуу гэж тодорхойлсон байхад шүүх яагаад нэхэмжлэгчийг Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т ...эрх бүхий албан тушаалтан шалгаруулж авна гэж заасан үндэслэлээр маргаагүй гэж үзсэн, мөн эрх бүхий албан тушаалтанд мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасан шалгаруулалтыг явуулах боломж байсан зэргийг шүүх тодруулж, хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байна.

Анхан шатны шүүх хэрэгт ач холбогдол бүхий дараах нөхцөл байдлыг тодруулж, холбогдох нотлох баримтыг цуглуулж, дүгнэлт өгч, хэргийг шийдвэрлэх шаардлагатай.

Мөн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 258 дугаар магадлалд дурдсан хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулах ажиллагааг шүүхээс хийгээгүй, тэр талаар дүгнэлт өгөөгүй нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-д заасныг зөрчсөн байна.

Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн Засгийн газрын агентлагийн талаар авах арга хэмжээний тухай 06 дугаар тогтоолоор Засгийн газрын хэрэгжүүлэгч болон тохируулагч агентлагийг татан буулгаж, татан буугдсан агентлагийн албан хаагчдыг орон тоо, цалингийн сангийн хамт тухай асуудлыг хариуцсан яамны мэдэлд шилжүүлсний дагуу нэхэмжлэгч Б.А-ийнажлын байрны орон тоо, цалингийн хамт Соёл, спорт, аялал жуулчлалын яаманд шилжүүлсэн байна.

Соёл, спорт, аялал, жуулчлалын яамны бүтцээр Соёл, урлагийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт 3 мэргэжилтний орон тоо батлагдаж, улмаар Соёл, спорт, аялал жуулчлалын яамны Төрийн нарын бичгийн даргын 2012 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн Бүтэц, орон тоог баталж, ажилтнуудыг чөлөөлөх тухай Б/09 дүгээр тогтоолоор тус яамны бүтэц орон тоог баталсан бөгөөд нэхэмжлэгч Б.А-ийнСоёл, урлагийн хороонд эрхэлж байсан Номын сан, хөдөөгийн соёлын болон номын сан, мэдээллийн технологийн асуудлыг эрхлэн хариуцсан чиг үүргийг тус яамны Соёл, урлагийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Номын сан, ном хэвлэлийн асуудал хариуцсан мэргэжилтэн, Төрийн захиргааны удирдлагын газрын мэдээллийн технологийн мэргэжилтэн гэсэн орон тоонд харъяалуулж, уг орон тоонд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас шилжин ирсэн 2 мэргэжилтнийг ямар шалгуур үзүүлэлтээр томилсон эсэхийг тодруулаагүй байна.

Өөрөөр хэлбэл, Б.Ариунаа нь мэдээллийн технологийн магистрын зэрэгтэй мэдээллийн сүлжээний мэргэжилтэй байхад, мөн өмнө 2010 оноос хойш Соёл, урлагийн хороонд номын сан, мэдээллийн технологи хариуцсан мэргэжилтэн-ээр ажиллаж байсан байхад Соёл, спорт, аялал жуулчлалын яамны Төрийн нарын бичгийн даргын 2012 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн Бүтэц, орон тоог баталж, ажилтнуудыг чөлөөлөх тухай Б/09 дүгээр тогтоолоор зарим ажилтнуудыг томилж, чөлөөлөхдөө нэхэмжлэгч Б.А-ийнажлын байрны орон тоог хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй, захиргааны зүгээс ямар нэгэн шийдвэр гаргаагүй атлаа Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас шилжин ирсэн 2 мэргэжилтнийг томилон ажиллуулж байгаа нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйл, 27 дугаар зүйлийн 27.2.3-д нийцэж байгаа эсэх, мөн Соёл, спорт, аялал жуулчлалын яамны Төрийн нарын бичгийн даргын 2012 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн Бүтэц, орон тоог баталж, ажилтнуудыг чөлөөлөх тухай Б/09 дүгээр тогтоолоор зарим ажилтнуудыг томилж, чөлөөлөхдөө нэхэмжлэгч Б.А-ийнажлын байрны орон тоог шийдвэрлэлгүй орхигдуулсан нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчиж байгаа эсэх, ажлын байрны бүтэц, орон тоо өөрчилсөн шийдвэрүүд, ажлын байрны тодорхойлолтыг бүрэн цуглуулж, орон тоо цөөрөх, хасагдах, өөрчлөгдсөн алин болохыг тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т заасан нэмэгдэл баталгаагаар хангагдах эсэхэд анхан шатны шүүх дүгнэлт хийх шаардлагатай байна.

Мөн хэрэгт нотлох баримтаар авагдсан Соёл, спорт, аялал жуулчлалын төрийн нарын бичгийн даргын 2012 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн Бүтэц, орон тоо, баталж, ажилтнуудыг чөлөөлөх тухай Б/09 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралтаар яамны зохион байгуулалт бүтцийг баталж, хоёрдугаар хавсралтаар орон тоог баталсан бөгөөд уг тушаалтны хоёрдугаар хавсралтад Соёл, урлагийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын орон тоог нийт 5 байхаар тогтоон баталж, Төрийн нарын бичгийн даргын 2012 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн Ажилд томилох тухай Б/13 дугаар тушаалаар Соёл, урлагийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт Д.Мөнгөнтуул, Б.Баяраа, Ц.Алтанцэцэг, Ж.Бодьбаатар, Д.Мэндсайхан нарыг томилон ажиллуулахаар болсон байна.

Хэрэгт нотлох баримтаар Д.Мөнгөнтуул, Б.Баяраа, Ц.Алтанцэцэг, Ж.Бодьбаатар нарын ажлын байрны тодорхойлолтыг цуглуулсан байх бөгөөд уг ажлын байрнуудын тодорхойлолтод тавигдах шаардлагыг Б.Ариунаа нь мэргэжил, мэргэшлийн хувьд хангаж байгаа, хангахгүй байгаа тухайд дүгнэлт өгөх, мөн ажлын байранд тавигдах шаардлагыг хангасан байхад хариуцагч өөр бусад шалтгаанаар нэхэмжлэгчийг ажил, албан тушаалд томилохгүй байгаа эс үйлдэхүй байгаа зэргийг тогтоож, шүүх дүгнэлт өгснөөр үйл баримтыг тогтоох боломжтой юм. Мөн Д.Мэндсайханы ажлын байрны тодорхойлолтыг хэрэгт авах шаардлагатай байна.

Мөн хэргийн нөхцөл байдлаас үзэхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Монгол Улсын Засгийн газрын хуульд өөрчлөлт орж, Засгийн газрын 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 382 дугаар тогтоолоор Яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар батлагдаж, Соёл, спорт, аялал жуулчлалын яамыг татан буулгаж, уг яамны орон тоо, цалингийн сан, эд хөрөнгийн чиг үүрэг нь хууль тогтоомжийн дагуу хамаарах яаманд шилжүүлсэн байна.

Шүүх дээрх үндэслэлээр Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамыг хариуцагчийн эрх залгамжлагчаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан бөгөөд Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас манай яаманд шилжүүлэн ажиллуулахаар ирүүлсэн иргэдийн нэр, ажлын байр дотор иргэн Б.А-ийннэр байхгүй, ... яамны соёлын бодлого зохицуулалтын газарт номын сан, ном хэвлэл, цахим бичвэрийн бодлого зохицуулалт хариуцсан мэргэжилтний орон тоо шинээр бий болгон түүнд Соёл, спорт, аялал, жуулчлалын яам /хуучин нэрээр/-наас шилжин ирсэн хүнийг хуулийн дагуу томилон ажиллуулж байна гэсэн хариу тайлбарыг хариуцагч Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 2/1225 дугаар албан бичгээр ирүүлжээ.

Хариуцагчийн дээрх тайлбараас үзэхэд шүүх, Соёл, спорт, аялал жуулчлалын яамны Төрийн нарын бичгийн даргын 2012 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн Бүтэц, орон тоог баталж, ажилтнуудыг чөлөөлөх тухай Б/09 дүгээр тогтоолоор Б.А-г ажлаас чөлөөлөөгүй, ажилд томилолгүй орхигдуулсан шалтгаан нөхцөл тогтоосноор цаг хугацааны хувьд өмнө гаргасан захиргааны байгууллагын шийдвэрийн эрх зүйн үндэслэлээс хамааран одоо Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны соёлын бодлого зохицуулалтын газарт номын сан, ном хэвлэл, цахим бичвэрийн бодлого зохицуулалт хариуцсан мэргэжилтнээр томилон ажиллуулах боломжтой эсэхэд мөн шүүх дүгнэлт өгч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эцэслэн шийдвэрлэхээр байна гэж үзлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5, 70 дугаар зүйлийн 70.1-д зааснаар шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах ажиллагааг явуулаагүй, мөн дээр дурдсан Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 6 дугаар тушаалаар Соёл, урлагийн хороог татан буулгаж, орон тоо, цалингийн сангийн хамт Соёл, спорт, аялал жуулчлалын яаманд шилжүүлэх үед, мөн дараа дараагийн захиргааны байгууллагын бүтэц зохион байгуулалт өөрчлөгдөж ажилчдын орон тоог шилжүүлэхэд нэхэмжлэгч Б.Ариунаа нь урьд эрхэлж байсан номын сан, мэдээллийн технологийн мэргэжилтэн-ий ажлын байрны орон тооны чиг үүрэг өөрчлөгдсөн, өөрчлөгдөөгүй эсэхийг тогтоож, түүнтэй холбоотой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг анхан шатны шүүх явуулснаар шүүхээс гарах шийдвэр нь нэхэмжлэгчийн эрхийг хэрхэн хангахад ач холбогдолтой, түүнчлэн захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаа байгаа эсэхийг шалгаж тодруулах нь зүйтэй байна.

Тиймээс анхан шатны шүүх нь дээр дурдсан үйл ажиллагааг явуулж эдгээр болон бусад хэрэгт ач холбогдол бүхий бусад нотлох баримтуудыг бүрэн цуглуулсны эцэст хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байх тул анхан шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.4 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 89 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурьдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

               

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Б.МӨНХТУЯА

                ШҮҮГЧ                                                           С.МӨНХЖАРГАЛ

                ШҮҮГЧ                                                           Э.ХАЛИУНБАЯР