Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 41

 

 

            Увс аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Алтан даргалан

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор П.Удвал,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ө.Нарантуяа,

            Шүүгдэгч: О.Саран,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд явуулж, Увс аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1, 153 дугаар зүйлийн 153.1-д заасан гэмт хэргүүдэд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Алтандуулга овгийн Отгонбаатарын Саранд холбогдох 201620000076 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 5 дугаар сарын 14-нд Увс аймгийн Цагаанхайрхан суманд төрсөн, 27 настай, эмэгтэй, дээд боловсролтой, сувилагч мэргэжилтэй, Увс аймгийн Өндөрхангай сумын эмнэлэгт лаборантаар ажилладаг, ам бүл-3, нөхөр, хүүхдийн  хамт Увс аймгийн Өндөрхангай сумын Жаргалант багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, РД:ОС89051401, Алтан дуулга овгийн Отгонбаатарын Саран.

            Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч О.Саран нь 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Увс аймгийн Өндөрхангай сумын төвд хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн Д.Энхбаярын бөгсөн тус газарт хутгалж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан, мөн маргалдах явцдаа түүний байшингийн цонхны шилнүүдийг санаатайгаар хагалж, устгаж гэмтээсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд :

           1. Хохирогч Д.Энхбаярын мөрдөн байцаалтад өгсөн: “О.Саран нь миний авга ах Х.Пүрэвсүрэнгийн эхнэр, миний бэр эгч юм. 2016 оны 3 дугаар сарын 15-ны өглөө авга ах Х.Пүрэвсүрэн надруу залгаад “Би гэртээ байна, чи хүрээд ирээч” гэж хэлэхээр нь тухайн үед ажилтай байсан тул ажлаа дуусгаад 15 цагийн үед Х.Пүрэвсүрэн ахын гэрт очиход тэдний гэрт Батцэнд байсан. Намайг очсоны дараа Х.Пүрэвсүрэн ах надад 10.000 төгрөг өгөөд “Чи яваад нэг шал архи аваад ирээч” гэхээр нь би дэлгүүр орж архи авч ирээд Батцэнд, Х.Пүрэвсүрэн ах бид гурав уг архийг уугаад сууж байтал Цэрэндорж, Баяртогтох ирсэн. Тэр хоёр архи уухгүй болохоор нь би гарч 2 ширхэг 2.5 литерийн пиво авч ирээд эхнийхээ пивыг уучихаад 2 дахь пивоо задлаад сууж байтал 17 цагийн орчимд гаднаас Х.Пүрэвсүрэн ахын эхнэр О.Саран уурлаж бухимдсан байдалтай орж ирээд гартаа барьж ирсэн зүйлээ орон дээр шидчихээд гараад явсан. Тэгэхээр нь бид “Айлын эхнэр аашилж байна, хэдүүлээ гарцгаая” гэж хэлээд байж байтал О.Саран буцаж орж ирээд ширээн дээр байсан пивоны сав, архины шилийг гаргаад шидчихсэн тул Цэрэндорж, Баяртогтох, бид гурав гэрээс гараад 00-ийн хажууд тамхи татаад зогсож байтал О.Саран, Х.Пүрэвсүрэн нар хоорондоо хэрэлдсэн. Тэгэхээр нь би гэрийнх нь үүдэнд очиход Х.Пүрэвсүрэн ах миний урдаас гэрээсээ гараад ирсэн. Тэгээд бид нартай хамт хашаанаас гарах гэж байтал О.Саран араас шилэн стакан шидээд Х.Пүрэвсүрэнгийн толгойн тус газарт оноход Х.Пүрэвсүрэн ах газарт унасан. Тэр үед би авга ахыгаа өмөөрч уурлаж бухимдаад О.Саранг 2 удаа алгадахад О.Саран миний энгэр заамнаас заамдаад авахад би түүнийг түлхээд унагаачихсан. Газарт унахад нь зүүн талын бөөр хавьд нь нэг удаа өшиглөөд куртикных нь захаас бариад чирсэн. Тэгээд би Х.Пүрэвсүрэн ахын гэрийн хойно байдаг эмээ Оюунжаргалын гэрт орсон ба намайг ороод удаагүй байтал О.Саран гартаа хутга барьчихсан араас орж ирэхэд нь тэнд байсан хүмүүс хориглоод гаргасан. Тэгтэл О.Саран эмээгийн гэрээс гараад өөрийнхөө гэр лүү ороод гэрийнхээ хаалгыг дотроос нь цоожилчихсон тул эмээ Оюунжаргал болон Х.Пүрэвсүрэн ах хоёр “Та хэд наадахаа гаргаад ир. Наадах чинь амиа хорлочих вий дээ” гэж хэлэхээр нь хаалгыг  татахад цоожтой байсан. Тэгтэл эмээ “Эвдээд ч болов ор” гэхээр нь Баяртогтох Х.Пүрэвсүрэн ахын гэрийн хаалгыг татаж онгойлгоод орсон. Би араас нь ороод “Чи яаж байгаа юм бэ, нөхрийнхөө толгой руу стакан шидээд” гэж хэлчихээд зогсож байтал О.Саран надруу заазуур шидсэн. Заазуур ойгоод газарт унаад намайг оноогүй бөгөөд би тэдний гэрт байсан өөрийнхөө утсыг аваад гарах гээд үүд рүү эргэхэд О.Саран хутга авсан. Тэгэхээр нь би арай ч хутгалчихгүй байх, намайг айлгах гэж байна гэж бодоод хаалгаар гартал араас миний зүүн талын өгзөг тус газарт өвдөлт мэдрэгдээд хутгалчих шиг болсон. Тухайн үед О.Саран намайг айлгах зорилготой уг үйлдлийг хийсэн гэж бодож байна. Би тэднийхээс гараад Баяртогтохоор эмнэлэгт хүргүүлээд оёдол тавиулаад байж байтал манай эхнэр Ц.Цогзолмаа надруу залгаад “Чи хаана байна” гэж асуухаар нь “Би эмнэлэг дээр байна. Юу болсон бэ” гэж асуухад “Чи ирээд энэ гэр орон юу болсныг хараач” гэхээр нь би гэртээ очиход Ц.Цогзолмаа надад “би хүүгээ аваад гэрт ирэхэд О.Саран манай байшингийн цонхыг хагалчихлаа” гэж хэлсэн. Би О.Саранд “ах дүү, хамаатан садны холбоотой хүмүүс байна. Хутга шөвөгнийхөө асуудлыг яах вэ, цонхыг маань янзлаад өгчих” гэж хэлээд 20 гаруй хоносон боловч О.Саран манай цонхыг янзалж өгөхгүй болохоор нь цагдаагийн газарт өргөдөл гаргасан юм. Х.Пүрэвсүрэнгийнх болон манай гэр  нэг гудамжинд байдаг юм. 100 гаруй метр газар л байгаа байх. О.Саран бид хоёр урьд өмнө нь хэрэлдэж, маргалдаж байгаагүй. Бид хоёрын дунд өр авлага, өш хонзонгийн асуудал байхгүй. О.Саран бид хоёр ахлах сургуульд нэг ангид сурч байсан юм. О.Саран нь үг дуу цөөтэй, найз нөхдийн хүрээлэл муутай, сурлага нь дундаж сурагч байсан. Зан аашийн хувьд огцом ууртай бөгөөд бусадтай харьцахдаа жаахан тааруухан гэж хүмүүсээс сонсож байсан. Миний биед учирсан гэмтэл зүгээр болсон, надад одоо санал, гомдол байхгүй. Харин би 2 цонхоо засварласан зардлыг гаргуулж авах хүсэлтэй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 х/,

            2. Гэрч Б.Ганхуягийн мөрдөн байцаалтад өгсөн: “2016 оны 3 дугаар сарын 15-ны өдөр миний ээж Сүрэн бид хоёр Оюунжаргал эгчийн гэрт орж цай уучихаад гарч явтал бид хоёрын ард дуу чимээ гарахаар нь эргээд хартал Х.Пүрэвсүрэн газарт уначихсан, Д.Энхбаяр О.Саранг өшиглөж байсан ба О.Саран мөн газарт уначихсан байсан. Тухайн үед миний дүү Батцэнд тэнд байсан бөгөөд Х.Пүрэвсүрэнг босгоод Оюунжаргал эгчийн гэрлүү оруулах гээд цаашаа аваад явчихсан. Тэгээд ээж бид хоёрыг хашаанаас гарахад Баяртогтох, Цэрэндорж хоёр зөрөөд орсон. Түүнээс цааш юу болсон талаар надад мэдэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 х/,

           3. Гэрч Ц.Цогзолмаагийн мөрдөн байцаалтад өгсөн: “Д.Энхбаяр нь миний нөхөр, О.Саран нь миний хадам эгч юм. 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдөр би 1 нас 3 сартай хүүгээ айлд хүргэчихээд багшлах эрхийн шалгалтанд бэлдэж байгаад 17 цагийн үед очиж хүүхдээ аваад гэртээ ирэхэд хадам эгч О.Саран хашааны үүдэнд тааралдсан. Тэр “Нөхөр чинь байна уу” гэж асуухаар нь би “Д.Энхбаяр гэртээ байхгүй байна” гэж хэлчихээд хашаа руугаа ороод гэрийнхээ хаалгыг онгойлгох гээд зогсож байтал О.Саран гүйж орж ирээд манай байшингийн хойд талын цонхыг гараараа цохиж хагалчихаад дахин цохих гэхэд нь би “Болиоч” гэж хэлээд хүүхдээ тэврээд очиход газраас нүүрс аваад түүгээрээ манай том өрөөний цонхыг цохиж хагалчихаад явчихсан. Би хойноос нь  “Чи яаж байгаа юм бэ, айлын цонх хагалчихаад” гэж хэлэхэд “ юу болсныг нөхрөөсөө асуу” гэж хэлчихээд яваад өгсөн. Би О.Саранг явсны дараа нөхөрлүүгээ залгаж юу болоод байгаа талаар асуухад “Би эмнэлэг дээр оёдол тавиулж байна, очиж байгаад тухтай ярья” гэж хэлээд утсаа тасалсан. Тэгээд удалгүй нөхөр Д.Энхбаяр гэртээ ирээд надад “Х.Пүрэвсүрэнгийн гэрт пиво ууж байгаад гараад явах гэтэл Х.Пүрэвсүрэн хамт явна гэж хэлснээс болж О.Саран уурласан” гэж хэлсэн ” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 х/,

            4. Гэрч Б.Батцэндийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдөр өвс, тэжээл хайж яваад Х.Пүрэвсүрэнгийн гэрт очиход Д.Энхбаяр, Цэрэндорж, Сүх-Очир нар байсан. Тэд  пиво задалчихсан сууж байтал гаднаас Х.Пүрэвсүрэнгийн эхнэр О.Саран орж ирээд “Гэрт архи уулаа” гээд хэрүүл хийгээд байхаар бид нар гэрээс гарцгаасан. Тэгээд хашаанаас гарах гээд явж байтал О.Саран гэрээсээ стакан авч гарч ирээд Х.Пүрэвсүрэн лүү шидэхэд толгойн тус газар нь онож Х.Пүрэвсүрэн газарт унасан. Тэгтэл Д.Энхбаяр  О.Саран луу гүйж очоод барьцалдаж аваад газарт унагаасан. Би Х.Пүрэвсүрэнг өргөж ээжийнх нь гэрт оруулчихаад гараад ирэхэд О.Саран Д.Энхбаярын бөгсөн тус газарт нь хутгалчих шиг болсон ба Д.Энхбаяр гуя хэсгээ дараад гүйгээд байсан. Х.Пүрэвсүрэн ээжийнхээ гэрт байж байгаад хүргэн ахынхаа гэрлүү явна гээд байхаар нь би Х.Пүрэвсүрэнг хүргэн ахынх нь гэрт хүргэж өгсөн. О.Саран нь их догшин цочмог ууртай, бусадтай зөв боловсон харьцаж чаддаггүй хүн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 106 х/,

            5. Гэрч Ч.Баяртогтохын мөрдөн байцаалтад өгсөн: “О.Саран нь миний бэр, Д.Энхбаяр нь миний ээжийн дүү байгаа юм. Д.Энхбаяр бид хоёр хамт Өндөрхангай сумын сургуульд ажилладаг бөгөөд 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдөр үдээс хойш би Д.Энхбаярлуу залгаж хаана байгаа талаар нь асуухад “Х.Пүрэвсүрэнгийн гэрт байна” гэж хэлэхээр нь би Цэрэндорж гэх найзтайгаа хамт Х.Пүрэвсүрэнгийн гэрт очиход Х.Пүрэвсүрэн, Д.Энхбаяр хоёр 0.5 л-ийн  Улаанбаатар нэртэй архи ууж байсан. Тэгтэл Д.Энхбаяр гарч яваад 2 л -ийн 2 ширхэг пиво авч ирээд эхний пивоо задлаад сууж байтал Х.Пүрэвсүрэнгийн эхнэр О.Саран орж ирээд уурласан. Тэгэхээр Д.Энхбаяр, Цэрэндорж бид гурав гараад 00-ийн гадна зогсож байтал Д.Энхбаяр “Би Х.Пүрэвсүрэнгийн гэрт утсаа үлдээчихсэн байна” гэж хэлээд буцаад орсон. Тэгээд гарч ирэхгүй болохоор нь Х.Пүрэвсүрэнгийн гэрт буцаад ороход О.Саран, Д.Энхбаяр нар хэрэлдээд, Д.Энхбаяр нь О.Саранг өшиглөөд цохиж байхаар нь Цэрэндорж бид хоёр салгасан. Харин энэ үед Х.Пүрэвсүрэн гэрийнхээ гадна хэвтэж байсан. Би Д.Энхбаярт “Чи яагаад эмэгтэй хүн цохиж байгаа юм” гэж хэлэхэд Д.Энхбаяр “О.Саран нь нөхөр Х.Пүрэвсүрэнгээ цохиод унагаачихлаа, арай хэтэрч байна” гэж хэлж байсан. Тэгээд бид Х.Пүрэвсүрэнг ээжийнх нь гэрт оруулчихаад буцаад Х.Пүрэвсүрэнгийг гэрт орох гэтэл О.Саран гэртээ ороод хаалгаа цоожилчихсон байсан. Тэгтэл О.Сарангийн хадам ээж  “Хаалгыг нь эвдээд ч болов ор. Наадах чинь уурандаа яаж ч магадгүй” гэхээр нь би хаалгыг нь татаад ороход О.Саран орныхоо доод талд сууж байсан. Тэгээд би О.Сарангаас “Зүгээр үү” гэж асуухад О.Саран босоод тавиур дээрээс хутга авахаар нь би түүнийг үлдээгээд гараад явсан. Намайг гарахад Д.Энхбаяр надтай зөрөөд орохоор нь би “Наадах чинь хутгатай байна” гэж хэлээд Д.Энхбаярыг татахад О.Саран Д.Энхбаярын араас бөгсөн тус газарт нь хутгалчихсан. Тэгээд би Д.Энхбаярыг эмнэлэг рүү авч явсан. О.Саран ер нь их огцом, түргэн, догшин зан авиртай, бусадтай хүйтэн хөндий харьцаатай хүн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 42 х/,

6. Гэрч Ж.Цэрэндаваагийн мөрдөн байцаалтад өгсөн: “Надад О.Саран, Д.Энхбаяр нартай садан төрлийн холбоо байхгүй. 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдөр би Х.Пүрэвсүрэнгийн ээж Оюунжаргалын гэрт цай ууж байтал Х.Пүрэвсүрэнгийн гэрт хэсэг хүмүүс пиво ууж байна гэж сонсогдсон. Тэгээд байж байтал Х.Пүрэвсүрэнгийн эхнэр О.Саран ирж байна гэж хэлээд удаагүй байтал гадна хүмүүс чанга, чанга дуугараад байхаар нь гараад харахад О.Саран нь нөхөр Х.Пүрэвсүрэнлүү стакан шидээд Х.Пүрэвсүрэн нь газарт уначихсан хэвтэж байсан. Тэр үед Д.Энхбаяр О.Саранг 2 удаа өшиглөж харагдсан ба хүмүүс салгаж байсан. Тэгээд Х.Пүрэвсүрэнг ээжийнх нь гэрт оруулж ирээд хэвтүүлчихсэн байхад О.Саран араас нь орж ирээд Х.Пүрэвсүрэнг алгадаад, өшиглөсөн тул тэнд байсан хүмүүс О.Саранг салгахад гүйж гараад гэрээсээ хутга аваад бариад ороод ирсэн. Тэнд байсан хүмүүс хутгыг нь аваад гэрлүү нь оруулахад О.Саран гэртээ орчихоод хаалгаа цоожлоод авчихаар нь гэр дотроо янз бүрийн юм болчих вий гэж ярилцаад О.Сарангийн хадам ээж нь “Хаалгыг нь эвдээд ч болов ор” гэж хэлээд тэнд байсан залуучуудыг Х.Пүрэвсүрэнгийн гэрлүү оруулсан. Тэгтэл Д.Энхбаяр хутгалуулчихлаа гэж хэлээд гарч ирсэн юм. Д.Энхбаярыг тэнд байсан хүмүүс аваад эмнэлэг явсны дараа О.Саран “Д.Энхбаярын гэрийг очиж тараана” гэж хэлээд гараад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 х/,

7. Гэрч Ж.Цэрэндоржийн мөрдөн байцаалтад өгсөн: “2016 оны 3 дугаар сарын 15-ны өдөр би Баяртогтохтой хамт явж байгаад Х.Пүрэвсүрэнгийн гэрт очсон. Тэднийд очиход Х.Пүрэвсүрэн, Энхбаяр нар дундаа 1 шил архи тавьчихсан ууж байсан. Баяртогтох бид хоёрыг ороод сууж байтал Д.Энхбаяр гарч яваад 2 ширхэг 2.5 литерийн пиво авч ирээд эхний пивыг нь ууж дуусаад дараагийн пивыг нь задлаад сууж байтал Х.Пүрэвсүрэнгийн эхнэр О.Саран гэртээ орж ирээд орон дээрээ нэг зүйл шидчихээд гараад явахаар нь Баяртогтох, Д.Энхбаяр бид гурав тэдний гэрээс гараад хашааны үүдрүү явж байтал Д.Энхбаяр “Утсаа үлдээчихсэн байна” гэж хэлээд Х.Пүрэвсүрэнгийн гэрлүү буцаад орсон. Тэр үед Баяртогтох бид хоёр хашааны гадна байсан. Тэгж байтал хашааны үүдэнд нэг ахын мотоцикль асахгүй болохоор нь асааж өгөх гээд зогсож байтал Баяртогтох буцаад хашааруу гүйгээд орсон. Би уг хүний мотоциклийг асааж өгчихөөд Х.Пүрэвсүрэнгийн хашааруу буцаад ороход Х.Пүрэвсүрэнгийн толгойноос цус гарчихсан миний урдаас ирэхээр нь би түүнийг ээжийнх нь гэрт оруулаад цусыг нь цэвэрлэж өгсөн. Тэр үед О.Саран гэртээ ороод гэрийнхээ хаалгыг цоожилчихсон байхаар нь Д.Энхбаяр, Баяртогтох хоёр гэрт нь орж харахаар яваад Д.Энхбаяр О.Сарангаар хутгалуулсан байсан. Тэгээд би Д.Энхбаярыг аваад эмнэлэгрүү явсан. Би О.Сарантай ахлах сургуульд нэг ангид сурч байсан. О.Саран  ер нь их хүйтэн хөндий, зожиг, догшин ширүүн зан авиртай хүн юм. Бусадтай харьцахдаа тааруухан, харьцааны доголдолтой хүн байгаа юм” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43 х/,

8. Гэрч С.Оюунжаргалын мөрдөн байцаалтад өгсөн: “О.Саран нь миний бага хүү Х.Пүрэвсүрэнгийн эхнэр буюу миний бэр юм. 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Цэрэндаваа, Сүрэн бид нар манай гэрт цай ууж байтал гадна хүмүүс чанга, чанга дуугараад байхаар нь гараад харахад Д.Энхбаяр нь О.Саранг цохиж байсан. Тэгэхээр нь би “Та нар болиоч, яаж байгаа юм” гэж хэлээд болиулсан. Тухайн үед миний хүү Х.Пүрэвсүрэн газарт суучихсан, толгойноос нь цус гарч байсан. Би юу болсон талаар асуухад “Сараа шилэн аягаар цохиод миний толгойноос цус гаргачихаар Д.Энхбаяр О.Саранг цохисон” гэж хэлсэн. Тэгээд би хүүгээ гэртээ оруулаад Цэрэндорж цусыг нь арчиж байтал О.Саран гэртээ ороод хаалгаа цоожилчихсон байхаар нь “Наадах чинь амиа хорлочих вий, хаалгыг нь эвдээд ч хамаагүй ороод аваад ир” гэж хэлэхэд Д.Энхбаяр тэдний хаалганы цүүг нь сугалж гэрт нь орсон. Би Д.Энхбаярын араас Х.Пүрэвсүрэнгийн гэрлүү орох гэтэл урдаас Д.Энхбаяр “Би хутгалуулчихлаа” гэж хэлээд гараад ирсэн ба тэнд байсан хүмүүс Д.Энхбаярыг аваад эмнэлэг явцгаасан. Түүний дараа О.Саран манай гэрт орж ирээд буцаад гарч яваад Д.Энхбаярын гэрийн цонхны шилийг хагалсан байсан. Өмнө нь Д.Энхбаяр, О.Саран нарын хооронд хувийн таарамжгүй харьцаа байгаагүй. Миний хүү Х.Пүрэвсүрэн нь 2015 оны 9 дүгээр сард авто осолд ороод бие муутай болсон. О.Саран нь манай бэр болоод 4 жил болж байгаа. Х.Пүрэвсүрэн, О.Саран нар 3 настай 1 хүүтэй. О.Саран одоогоор Өндөрхангай сумын эмнэлэгт лаборантаар ажилладаг юм. О.Саран нь догшин ширүүн зан ааштай хүн бөгөөд би дотно уулзаж ярилцаад байдаггүй юм” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45 х/,

9. Гэрч Х.Пүрэвсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: “О.Саран нь миний эхнэр, Д.Энхбаяр нь миний төрсөн ахын хүүхэд юм. 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 10 цагийн үед би гэртээ ганцаараа байж байтал эхнэрийн ангийн найзууд гэх Д.Энхбаяр, М.Цэрэндорж, Ч.Сүхээлээ гурав манайд ирсэн. Тэгээд бид гурав 2 литерийн 2 пиво, 0.5 литерийн 1 шил архи уугаад дуусаж байтал өдөр 13 цагийн үед эхнэр О.Саран “Цайгаа уух гэж байна” гээд гэртээ орж ирсэн. О.Саран гаднаас орж ирээд бид нар луу уурлаж “Та нар яагаад гэр оронд архи ууж байгаа юм” гэж хэлэхэд нь бид дөрөв гэрээс гараад хашааны хаалгаруу явж байхад эхнэр О.Саран уурандаа миний араас архи хундагладаг жижиг аяга аваад шидсэн. Шидсэн аяга нь миний толгойг онож, миний толгойны ар талын арьс хэсэг нь хууларч шалбараад жаахан цус гарсан. Тэгээд би шууд ахынхаа гэрлүү явсан бөгөөд ахынхаа гэрт очоод байж байтал оройхон Д.Энхбаяр надруу залгаад “Танай эхнэр миний бие рүү хутга дүрээд, манай гэрийн цонхны шилийг хагалчихлаа” гэхээр нь Д.Энхбаярын гэрт очиход тэдний байшингийнх нь 2 цонх хагарсан байсан. Тэгээд 17 цагийн үед гэртээ харихад эхнэр О.Саран гэртээ уйлаад хэвтэж байсан ба юу болсон талаар асуухад “Та дөрвийг гэрээс гарсан чинь Д.Энхбаяр намайг гэрийн үүдэнд зодож өшиглөөд байхаар нь зугатааж гэрлүүгээ ороод хаалгаа түгжихэд Д.Энхбаяр манай хаалгыг эвдээд гэрлүү ороод ирсэн. Тэгэхээр нь айсандаа хутга аваад бөгсрүү нь хутгалчихсан” гэж хэлсэн. Тухайн үед эхнэрийн маань нуруу, дал хэсэгт нь гарын алганы хэмжээтэй хөхрөлт үүссэн, мөн толгой нь өвдөж байсан. Би Д.Энхбаяраас “Чи юунаас болж манай эхнэрийг зодож байгаа юм. Юунаас болж чамайг хутгалсан юм бэ” гэж асуухад тэр “Би таныг өмөөрөөд О.Саранг 2-3 удаа өшиглөсөн юм” гэж хэлсэн. Эхнэр маань хэлэхдээ Д.Энхбаярын эхнэртэй муудалцаад гэрийнх нь цонхны шилийг хагалсан гэж хэлсэн. Юугаар яаж хагалсан болохыг нь би мэдэхгүй байна. Д.Энхбаяр, О.Саран хоёр нэг нэгнийгээ зодож, цохиж байхыг би хараагүй, намайг хэн нэгэн хүн зодоогүй. Би эрүүл байгаа бөгөөд шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Би эхнэр О.Сарантай гэр бүл болоод 4 жил болж байгаа бөгөөд бид хоёр нэг хүүтэй. Эхнэр маань архи дарс уудаггүй, дээд боловсролтой, эмч хүн юм. Зан байдлын хувьд төлөв томоотой, ааш зан сайтай, сайн хүн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47 х/,

10. Эд зүйлд үзлэг хийж, хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 7-8 х/,

11. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-16, 17-18 х/,  

12. Эд зүйл /хутга, нүүрс/ хураан авах тогтоол, хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 22, 23, 24 х/,

13. Монгол Улсын Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгээс 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 175 тоот шинжээчийн дүгнэлтэд: “Үзүүлэгч Д.Энхбаярын биед тухайн үед гэмтэл учирсан байна.Зүүн өгзөгний булчинд зүсэгдсэн шарх үүссэн, одоо эдгэрэлтийн шатандаа байна.Дээрхи гэмтэл нь гадны хурц, ир үзүүртэй багажийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Урьд нь бэртэл гэмтэл, хууч өвчин байхгүй. Дээрхи гэмтэл нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрхи гэмтэл нь эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт тодорхой хугацаанд нөлөөлнө” гэжээ /хх-ийн 50 х/,

14.  Монгол Улсын Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгээс 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр гаргасан 181 тоот шинжээчийн дүгнэлтэд: “Үзүүлэгч О.Сарангийн биед тухайн үед гэмтэл учирсан байна. Тархи доргилт, зүүн шуу, зүүн суганы ар, бүсэлхийн ар хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, үүдэн дээд зүүн нэгдүгээр шүдний эмтрэл гэмтэл учирсан байна. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эмчлүүлэгчийн картанд урьдын бэртэл гэмтлийн талаар дурьдагдаагүй байна. Дээрхи гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрхи гэмтэл нь эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт тодорхой хугацаанд нөлөөлнө” гэжээ /хх-ийн 54 х/,

15. “Увс Финанс-Аудит” ХХК-ийн 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр гаргасан 115 тоот Вакум цонх үнэлсэн тухай тайлан /хх-ийн 58-59 х/,

16. Увс аймгийн Өндөрхангай сумын Жаргалант багийн засаг дарга Б.Эрдэнэбатын Тодорхойлолт /хх-ийн 94 х/,

17. Шүүгдэгч О.Сарангийн ял шийтгэлгүй талаархи шалгах хуудас /хх-ийн 101 х/,

18. Шүүгдэгч О.Сарангийн хохирогч Д.Энхбаярт хохирол төлсөн талаархи Зарлагын баримт /хх-ийн 115 х/,  

19. Хохирогч Д.Энхбаярын шүүгдэгч О.Сарантай эвлэрсэн, гомдол тэмцэл, нэхэмжлэх хохиролгүй талаархи Тодорхойлолт /хх-ийн 116, 118 х/,

20. Шүүгдэгч О.Сарангийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “ 2016 оны 03 сарын 14-ний шөнө нөхөр бид хоёр муудалцаад би айлд очиж хоносон юм. Тэгээд 2016 оны 03 дугаар сарын 15-ны өглөө ажилдаа очоод 16 цаг өнгөрч байхад ажлаас гараад замдаа малын эмчээс малын эм аваад гэртээ харьсан. Манай гэрт миний нөхөр Х.Пүрэвсүрэн болон найзууд болох Д.Энхбаяр, Батцэнд, Ч.Баяртогтох, Цэрэндорж нар 1 шил архи ууж байхаар нь би уурлаад барьж байсан эмээ орон дээрээ шидчихээд гадаа гараад сууж байгаад нөхөрлүүгээ залгаад “Чи наадах хүмүүсээ явуулчихаач, би орой ажилтай, хувцсаа солимоор байна” гэж хэлсэн боловч манай гэрт байсан хүмүүс гарахгүй байсан. Тэгээд би хүлээгээд суусан боловч манайхаас гарахгүй болохоор нь би уурандаа гэрлүүгээ ороод “Та нар гарцгаа” гэхэд Батцэнд, Энхбаяр хоёр үлдээд бусад нь гараад явахаар нь би гэрт байсан архины шил, пивоны савыг нь гаргаж хаясан. Тэгж байтал манай нөхөр нөгөө хэдтэй хамт гарна гээд хувцсаа өмсөөд Д.Энхбаяртай хамт гараад явахаар нь би уурлаад  архины рунк, пивотой стакан хоёрыг аваад шидэхэд пивоны стакан нь  нөхөр Х.Пүрэвсүрэнгийн чихний ард нь оноод газар унаад хагарсан. Тэгээд нэг мэдэхэд Д.Энхбаяр намайг нэг удаа шилэн хүзүүн дээр цохиод намайг газарт унах үед өшиглөж зодсон. Тэгээд би гэртээ ороод хаалга түгжээд цусаа арчиж байтал Д.Энхбаяр манай хаалганы нугасан түгжээг эвдлээд ороод ирсэн. Тэгээд Д.Энхбаяр “Чи дандаа нөхрөө дарамталж байдаг” гэж хэлэхэд нь би хоолны шүүгээн дээр байсан хутганы комноос хутга аваад хатгахад Д.Энхбаярын өгзөг тус газарт нь хутга орсон байсан. Тухайн үед би Д.Энхбаярыг хутгалчихна гэж бодоогүй, хутгалсан ч гэж бодоогүй. Тэгээд би манай хойд талд байдаг хадам ээжийн гэрт ороод “Х.Пүрэвсүрэн өчигдөр бас архи уусан, би танд хэлсэн. Тэгээд өнөөдөр дахин уучихсан байна. Хэрэв өнөөдөр архи уугаагүй бол ийм асуудал болохгүй байсан” гэж хадам ээжид хэлчихээд нөхөр Х.Пүрэвсүрэнг алгадахад хадам ээж “Чи өвчтэй хүнийг алгадлаа, гэрээс гар” гэхээр нь би гараад гэртээ орчихоод Д.Энхбаяртай уулзах гээд гэрт нь очиход эхнэр нь дөнгөж гэртээ ирж байсан. Тухайн үед гэрт нь хүн байгаагүй бөгөөд би эхнэрт хандаж “Танай нөхөр Д.Энхбаяр намайг зодлоо. Манай нөхөртэй нийлж архи уусан байна, өмнө нь ч гэсэн олон удаа хамт ууж байсан” гэж хэлэхэд   эхнэр Ц.Цогзолмаа нь  “Танай нөхөр ч гэсэн манайд ирж архи уудаг” гэхээр нь би “Танай нөхөр л ирээд худал, үнэн хэлж авч явдаг шүү дээ” гэж хэлээд гал тогооны өрөөний цонхыг гараараа цохиж хагалсан. Тэгээд хашаанаас нь гарах замд нэг том нүүрс байхаар нь түүнийг аваад шидэхэд том өрөөнийх нь цонх хагарсан ба би гараад явчихсан юм. Анх манай гэрт хүмүүс архи уугаад гэр орон бохирдуулчихсан, хаа хамаагүй газарт тамхины иш, үнс хаячихсан байхаар нь би ууралсан. Тухайн үед уурандаа бухимдаж дээрх үйлдлийг гаргасан. Би Д.Энхбаяраас уучлалт гуйж,  учирсан хохирлыг төлж барагдуулсан, бид 2 учраа олж эвлэрсэн, одоо ямар нэг гомдол санал байхгүй. Би хийсэн хэргээ ойлгож, ухамсарлаж байгаа. Дахин ийм алдаа гаргахгүй. Надад хөнгөн ял шийтгэж өгнө үү” гэх мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн баримтууд болно.        

 Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл: Шүүгдэгч О.Саран нь 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Увс аймгийн Өндөрхангай сумын төвд хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч  Д.Энхбаярыг хутгалж, бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан, мөн тухайн өдөр хохирогч Д.Энхбаярын амьдардаг байшингийн цонхны шилнүүдийг санаатайгаар хагалж гэмтээсэн гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь хохирогч Д.Энхбаяр, гэрч Б.Ганхуяг, Б.Батцэнд, Ч.Баяртогтох, Ж.Цэрэндаваа, Х.Пүрэвсүрэн, Ц.Цогзолмаа нарын мэдүүлэг, 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 175 дугаар  шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч О.Сарангийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн эд зүйл /хутга, нүүрс/-д үзлэг хийж, хураан авсан тухай тэмдэглэл, тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тус тус нотлогдож тогтоогдсон байна.

Хохирогч Д.Энхбаяр нь шүүгдэгч О.Сарангийн нөхөр Х.Пүрэвсүрэнгийн ач дүү байх ба 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Д.Энхбаяр, Х.Пүрэвсүрэн нар нийлж архи ууснаас болж О.Саран уурлаж нөхөртэйгээ маргалдсан байна. Маргалдах явцад О.Саран нь нөхрөө шилэн стаканаар цохисноос болж Д.Энхбаяр нь авга ах  Х.Пүрэвсүрэнг өмөөрч О.Саранг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан,  улмаар О.Саран нь Д.Энхбаярын өгзөгний хэсэгт хутгалж хөнгөн гэмтэл учруулсан нь тус тус нотлогдсон.

Мөрдөн байцаалтын явцад Д.Энхбаярыг  хохирогч О.Сарангийн бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар, О.Саранд хохирогч Д.Энхбаярын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар, О.Саранг хохирогч Д.Энхбаярын байшингийн цонхны шилнүүдийг санаатайгаар хагалж гэмтээсэн үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар тус тус яллагдагчаар татсан үндэслэлтэй байх бөгөөд яллагдагч Д.Энхбаярт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан эрүүгийн хэргийг хохирогч нь яллагдагчтай эвлэрсэн буюу Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасан үндэслэлээр Увс аймгийн Прокурорын газрын 2016-5-24-ний өдрийн 05 дугаар Прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж дүгнэв.

            Шүүгдэгч О.Саран нь гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас дээрхи гэмт хэргүүдийг үйлдсэн, тэрээр гэм буруугаа ойлгож ухамсарлан хохирогчоос уучлалт гуйж эвлэрсэн, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг төлж барагдуулсан, хохирогч Д.Энхбаяр нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон байна.

             Шүүгдэгч О.Саран нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн бөгөөд тэрээр анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг арилгасан, хохирогч Д.Энхбаяр нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн нь нотлогдож байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар О.Саранд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.  

     Шүүгдэгч О.Сарангийн үйлдсэн бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгаж гэмтээсэн гэмт хэргийн улмаас 648.000 төгрөгийн хохирол учирсан нь хавтаст хэргийн 58-59 дүгээр хуудсанд авагдсан “Увс Финанс-Аудит” ХХК-ийн эд зүйлд /вакум цонх/ үнэлгээ тогтоосон дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгч нь хохирогч Д.Энхбаярт учирсан хохирлыг төлж барагдуулсан нь хохирогч Д.Энхбаярын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг болон шүүхэд гаргасан хүсэлт, тодорхойлолтоор нотлогдож байх тул шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй гэж дүгнэв.

            Шүүгдэгч О.Саран нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хутга 1 ширхэг, нүүрс 1 ширхэгийг тус тус устгахаар шийдвэрлэв.

            Шүүгдэгч О.Сарангаас гаргуулах хохирол, төлбөргүй тул түүний дундын өмчлөлийн эд хөрөнгө болох битүү шалтай Монгол гэр 1-ийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

             Шүүгдэгч О.Саран нь  анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, өөрийн гэм буруугаа ухамсарлаж гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураар төлж барагдуулсан зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж түүнд оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж дүгнэв.

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283 дугаар зүйлийн 283.1, 284 дүгээр зүйлийн 284.1, 286 дугаар зүйлийн 286.1, 294-296, 297 дугаар зүйлийн 297.1-5 дахь хэсэг, 298 дугаар зүйлд  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Алтандуулга овгийн Отгонбаатарын Саранг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан, бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгаж гэмтээсэн гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

            2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасныг баримтлан шүүгдэгч О.Саранд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар шүүгдэгч О.Саранд 1 жил 6 сар хорих ял шийтгэсүгэй.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар  шүүгдэгч О.Саранд оногдуулсан 1 жил 6 сар хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр тогтоосугай.

            5. Шүүгдэгч О.Саран энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй болохыг тус тус дурдсугай.

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг баримтлан шүүгдэгч О.Саранд оногдуулсан 1 жил 6 сар хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзах хугацаа тогтоосугай.

       7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хутга 1 ширхэг, нүүрс 1 ширхэгийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай. 

       8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар шүүгдэгчийн дундын өмчлөлийн  монгол гэр 1-ийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д зааснаар шүүгдэгч О.Саранд өмнө авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүлийн 304.1-д зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

    ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Л.АЛТАН