| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Маанийн Мөнхтөр |
| Хэргийн индекс | 102/2017/02394/И |
| Дугаар | 102/ШШ2017/02099 |
| Огноо | 2017-07-25 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 102/ШШ2017/02099
| 2017 оны 07 сарын 25 өдөр | Дугаар 102/ШШ2017/02099 | Улаанбаатар хот |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, өөрийн байранд байрлах, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ХК-ийн Баянгол хэрэглэгчдэд үйлчлэх төв /РД: 2646161/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 21 дүгээр хороо, Горькийн 24 дүгээр гудамж, 1007 тоот хаягт оршин суух, Боржин овогт Цэрэнхүүгийн Түмэнжаргал /РД: ЧИ63032901/-д холбогдох,
721,052 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ХК-ийн Баянгол хэрэглэгчдэд үйлчлэх төв нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Хэрэглэгч Ц.Түмэнжаргал нь 2009 оноос 2017 оны 05 сар дуусах хүртэлх хугацаанд цахилгаан эрчим хүч хэрэглэсний төлбөрөө зохих хугацаандаа төлж барагдуулаагүйгээс төлөгдөөгүй төлбөрийн үлдэгдэл хуримтлагдан 721,052 төгрөгийн авлага үүссэн байна. Хэрэглэгч Ц.Түмэнжаргал нь АТП-1458 дэд станцаас хэрэглэгчийн 3032971 кодоор 1112360646 дугаарын тоолуураар хэрэглээтэй бөгөөд удаа дараа цахилгааны хэрэглээг түдгэлзүүлж таслагдаж байсан. Гэвч өөрсдөө дур мэдэн залгаж эрчим хүч хэрэглэсээр байна. Хэрэглэгч Ц.Түмэнжаргал нь цахилгаан эрчим хүчээр хангах гэрээний үүргээ биелүүлээгүй ба хэрэглэгчийн хэрэглэсэн цахилгааны төлбөрийн үлдэгдэл 721,052 төгрөгийн авлага үүссэнийг нөхөн төлөхийг шаардаж, төлбөр барагдуулах тухай мэдэгдэл хүлээлгэн өгч байсан. Иймд Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ Хувьцаат Компанийн Баянгол хэрэглэгчдэд үйлчлэх төвд учруулсан 721,052 төгрөгийн төлбөрийн хохирлыг нөхөн төлүүлэхээр хэрэглэгч Ц.Түмэнжаргалаас нэхэмжилж байна” гэжээ.
Хариуцагч Ц.Түмэнжаргал 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Миний бие Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ХК-ийн Баянгол хэрэглэгчдэд үйлчлэх төвийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Тус төвийн нэхэмжилсэн 721,052 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг 2017 оны 09 дугаар сарын 30-ны өдрийн дотор бүрэн барагдуулж дуусгах болно. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Хавтаст хэрэгт байгаа нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ХК-ийн Баянгол хэрэглэгчдэд үйлчлэх төв нь хариуцагч Ц.Түмэнжаргалд холбогдуулан 721,052 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.Түмэнжаргал нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоож байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ХК-ийн Баянгол хэрэглэгчдэд үйлчлэх төвийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.Түмэнжаргалд холбогдох 721,052 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Ц.Түмэнжаргалийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21,855 төгрөгийн тал хувь болох 10,927.5 төгрөгийг хариуцагч Ц.Түмэнжаргалаас, үлдэх 10,927.5 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ М.МӨНХТӨР