Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/49

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.А,

Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Д-,

Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч К.К-,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Х.Т-,

Шүүгдэгч К.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор А.Д-ээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт К-ын Б-т холбогдох эрүүгийн 2213000000063 дугаартай хэргийг хүлээн авч, ердийн журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2004 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Баян-Өлгий аймгийн Толбо суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, яс үндэс казах, бүрэн бус дунд боловсролтой, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ерөнхий боловсролын “.......” дугаар сургуулийн 12Б ангид суралцдаг, ам бүл-7, аав, ээж, ах дүү нарын хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Толбо сумын 01 дүгээр багт оршин суух хаягтай, Улсаас авсан гавьяа шагнал үгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б овогт К-ын Б-, регистрийн дугаар БЙ...............,

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч К.Б- нь насанд хүрээгүй хохирогч А.М-гийн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт гээгдүүлсэн 350,000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгө болох  Hulan 21 plus маркийн гар утсыг бусдын өмчлөл, эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж завшиж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэм буруугийн талаар:

  1. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал дүгнэлт:

1.1. Улсын яллагч А.Д- шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч К.Б-ийн үйлдсэн гэмт хэрэг нь өөрийн өгсөн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай” гэв.

 

1.2. Шүүгдэгч К.Б- мэдүүлэхдээ: “Миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. хуулийн хөнгөлөлт үзүүлж  өгнө үү”  гэв.

1.3. Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч К.К- шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан саналдаа: “Хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү”  гэв.

 

1.4. Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Т- шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч К.Б-ийг гэм буруутайд тооцоход татгалзах зүйлгүй, хохирлыг төлж барагдуулсан”  гэв.

 

2. Эрүүгийн 2213000000062 дугаартай хэргээс, улсын яллагч болон хэргийн оролцогч нараас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд улсын яллагчаас:

 

2.1. 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр А.Б-ээс гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 01 дэх тал/,

 

2.2. Шүүгдэгч К.Б-ээс гаргаж өгсөн Hulan 21 plus маркийн гар утсыг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 03 дахь тал/,

 

2.3. Шүүгдэгч К.Б-ээс гаргаж өгсөн Hulan 21 plus маркийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 04-06 дахь тал/,

 

2.4. Насанд хүрээгүй хохирогч А.М-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 11 дэх тал/,

 

2.5. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 13 дахь тал/,

 

2.6. Гэрч А.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дахь тал/,

 

2.7. Гэрч К.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 18, 21 дэх тал/,

 

2.8. Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ний 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн БӨА-22-081 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 37-41 дэх тал/,

 

2.9. Иргэний хариуцагч К.К-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 66-67 дахь тал/,

 

2.10. Шүүгдэгч К.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 61-62 дахь тал/ зэргийг болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч К.Б-, түүний хууль ёсны төлөөлөгч К.К-, шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Т- нараас хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.

 

3. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгчийн хувийн байдлын талаар шинжлэн судалсан нотлох баримтууд нь тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хамааралтай, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байна.

Шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч К.Б-т холбогдох хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.

 

3.1. Хэргийн үйл баримт:

Шүүгдэгч К.Б- нь насанд хүрээгүй хохирогч А.М-гийн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт гээгдүүлсэн 350,000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгө болох  Hulan 21 plus маркийн гар утсыг бусдын өмчлөл, эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж завшсан гэх үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:

3.1.1. 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр А.Б-ээс гаргасан “...хүргэн ах А.А-ийн охин болох А.М- нь 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр миний авч өгсөн Hulan 21 plus маркийн гар утсыг гээгдүүлсэн байна...” гэх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 01 дэх тал/,

 

3.1.2. Шүүгдэгч К.Б-ээс гаргаж өгсөн Hulan 21 plus маркийн гар утсыг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 03 дахь тал/,

 

3.1.3. Шүүгдэгч К.Б-ээс гаргаж өгсөн Hulan 21 plus маркийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 04-06 дахь тал/,

 

3.1.4. Насанд хүрээгүй хохирогч А.М-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2021 оны 10 дугаар сард байсан. Амралтын өдөр аав, ээж, дүү нарын хамтаар гэрээсээ гарч төв халуун усны тэнд байрлах Дастархан нэртэй дэлгүүрт очиж тоглоом, хувцас зэрэг эд зүйл авахаар очсон ба тухайн үед гар утсаа гээгдүүлээд эргэж олж чадаагүй..., ...миний гээгдүүлсэн утас Hulan 21 plus маркийн цэнхэр өнгийн андройд гар утас байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11 дэх тал/,

 

3.1.5. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Охин А.М-гийн гээгдүүлсэн Hulan 21 plus маркийн гар утсыг буцааж авсан тул цаашид нэхэмжлэхгүй зүйлгүй болно...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13 дахь тал/,

 

3.1.6. Гэрч А.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүргэн ах А.А-ийн охин болох А.М-д Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах МJS цамхгийн 2 дугаар давхарт гар утас худалддаг К- гэх хүнээс Монголд үйлдвэрлэгдсэн Hulan 21 plus маркийн гар утас худалдаж авч өгсөн. Тэгээд би уг гар утсыг худалдаж аваад хайрцаг савыг нь өөрөө авч, утас дагалдах хэрэгслийг нь А.М-д өгөөд 10 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хот руу явсан..., ...Би К-гээс гар утсыг 599.000 төгрөгөөр авч өгсөн. Уг гар утас нь цэнхэр өнгийн 354396900372958, 354396900372966 имей кодтой...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дахь тал/,

 

3.1.7. Гэрч К.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...К.Б- аймгийн төвөөс Нulan нэртэй, цэнхэр өнгийн гар утас олж авлаа гээд ашиглаад явж байгаа, чухам хэзээ, хаанаас олж авсныг нь мэдэхгүй...”, “...миний санаж байгаагаар 2021 оны 11 дүгээр сарын сар, идэшний үеэр байх, тухайн үед надад гар утас олж авлаа гэж хэлээд нэг цэнхэр өнгийн ухаалаг гар утсыг үзүүлж байсан. Марк энэ тэрийг нь би сайн мэдэхгүй, тэгэхээр нь би түүнд чи наад утсыг хулгайлж аваагүй биз, үнэхээр олж авсан уу? гэхэд тэр надад Дастархан үйлчилгээний төвийн урдаас олж авлаа гэсэн. Тэгээд би хэд хоног хөдөө явж байгаад ирэхэд К.Б- нөгөө цэнхэр өнгийн гар утсаа ашиглаад бариад явж байсан....” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18, 21 дэх тал/,

 

3.1.8. Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ний 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн БӨА-22-081 дугаартай “...2021 оны 10 дугаар сарын байдлаар дэлгэц нь хагарсан Hulan 21 plus загварын гар утас 350,000 төгрөг байх боломжтойг тодорхойлов...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 37-41 дэх тал/,

 

3.1.9. Шүүгдэгч К.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:  “...Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа, тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Яг хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна. Ямар ч байсан 2021 оны 10 дугаар сарын үеэр л байсан. Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Алтай трейд дэлгүүр ороод тэр дэлгүүрээс гараад Дастархан үйлчилгээний төвийн урдуур явж байтал цэнхэр өнгийн ухаалаг гар утас олж авсан. Тухайн үед уг гар утасны дэлгэц нь цуурчихсан, асаалттай байсан бөгөөд утсыг унтраачхаад хэд хоногийн дараа гар утасны сим картуудыг нь авч хаячихаад өөрийнхөө “............” дугаарыг хийж аваад ашиглаад явж байтал саяхан 2022 оны 02 дугаар сарын үеэр цагдаад дуудахаар нь уг гар утсыг сайн дураараа мөрдөгчид гаргаж өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 61-62 дахь тал/,

 

3.1.10. Иргэний хариуцагч К.К-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:  “...хүү маань хичээлийн амралтаар хөдөө очиход бид нарт нэг гар утас олж авлаа, унтраагаад авга ахын гэрт орхисон гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 66-67 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

4. Эрх зүйн дүгнэлт:

4.1. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх бүрэлдэхүүн үнэллээ.

 

4.2. Хөрөнгө, даатгал хохирлын үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн БӨА-22-081 дугаартай дүгнэлтээр “2021 оны 10 дугаар сарын байдлаар дэлгэц нь хагарсан Hulan 21 plus загварын гар утас 350,000 төгрөг” үнэтэй болохыг тогтоосон байх тул шүүгдэгч К.Б- нь бусдын гээгдэл хөрөнгийг завшсаны улмаас 350.000 төгрөгийн хохирол учруулсан гэж үзнэ.

 

4.3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-д “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгоно” гэж заасан ба шүүгдэгч К.Б-ийн гэмт үйлдлийн улмаас учирсан 350.000 төгрөгийн хохирол нь бага хэмжээний хохирол болох гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг болох гурван зуун мянгаас дээш байна.

 

4.4. Шүүгдэгч К.Б- нь тухайн “Hulan 21 plus” маркийн гар утсыг өөрийнх нь биш бусдын өмчлөлийнх гэдгийг мэдсээр байж цагдаагийн болон орон нутгийн захиргааны байгууллагад мэдэгдэхгүйгээр, хохирогчийн гээгдэл хөрөнгийг өөрөө дур мэдэн эзэмшилдээ авч, бусдад нэгж шилжүүлж, захиран зарцуулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн обьектив болон субьектив шинжийг бүрэн хангаж байна.  

 

4.5. Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургаадугаар зүйлийн 3-д “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах дайчлан авахыг хориглоно. Төр түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө”, Тавдугаар зүйлд “Мал сүрэг бол үндэсний баялаг бөгөөд төрийн хамгаалалтад байна”, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах эрхтэй бөгөөд аливаа халдагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааж, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаалж, баталгаажуулсан байна.  

 

Гэтэл шүүгдэгч К.Б- нь хохирогчийн хуулиар баталгаажуулсан өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр, идэвхтэй үйлдлээр халдаж хохирол учруулсан нь тогтоогдож байна. 

 

4.6. Шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэйг ухамсарлан ойлгож байсан хэдий ч түүнийг хүсэж үйлдэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул К.Б-ийг бусдын гээгдэл эд хөрөнгийг завших гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.

 

4.7. Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгчийн амар хялбар аргаар эд хөрөнгөтэй болох гэсэн шунахайн сэдэлт, хуулийн мэдлэггүй байдал шууд нөлөөлсөн байна.

 

4.8. Шүүгдэгч К.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

 

5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

5.1. Гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээг тодорхойлох гол шинж нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг юм. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцдог.

 

5.2. Уг гэмт хэргийн улмаас хохирогчид 350.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь Ашид билгүүн ХХК-ны 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн БӨА-22-081 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 37-41 дэх тал/-ээр тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч К.Б- нь мөрдөн байцаалтын шатанд хохирогчид гар утсыг буцаан өгч,  хохирогчийг хохиролгүй болгосон тул  түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

5.3. Мөн түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй

 

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

 

2.1. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч К.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т зааснаар  “2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах” ял шийтгэх дүгнэлтийг,

 

2.2. Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Т-аас “...Улсын яллагчаас санал болгосон 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналыг дэмжиж байна” гэх дүгнэлтийг гаргасан болно.

 

2.3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ.” хэмээн хуульчилсан бөгөөд шүүгдэгч К.Б-ийн үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарна.

 

2.4. Эрүүгийн хуулийн 8.1  дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн үйлдсэн дээрх гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна.

 

2.5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

 

2.6. Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч К.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2, мөн зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу ял хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, харин хүндрүүлэх нөхцөл байдалгүй болохыг харгалзан үзлээ.

 

2.7. Шүүгдэгч К.Б- нь 2004 оны 3 дугаар сарын 29-ний өдөр төрсөн, гэмт хэрэг үйлдэх өдөр 17 нас, 6 сар, 11 хоногтой, өнөөдрийн байдлаар 18 нас 9 сар 13 хоногтой болох нь хэрэгт хавсаргасан иргэний үнэмлэхийн лавлагаа, шүүгдэгч К.Б-ийн насыг тоолсон тухай тэмдэглэл зэргээр тогтоогдож байна.

 

2.8. Шүүгдэгч К.Б- нь хувийн байдлын хувьд урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь цагдаагийн байгууллагын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 76 дахь тал/-аар тогтоогдож байна.  

 

2.9. Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүгдэгчийг гэм буруутай болохыг үндэслэл болгосон нотлох баримтууд болон хэрэгт авагдсан yасанд хүрээгүй шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон бусад баримтуудыг үндэслэн шүүгдэгч К.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний үйлдсэн гэмт хэргийнх нь төлөө цээрлүүлэн, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлж, нийгэмшүүлэх зорилгоор, эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг баримтлан түүний үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохируулж, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, насны байдал зэрэг хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв.

 

2.10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх энэ хуулийн тусгай ангид зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэн насанд хүрээгүй хүнд энэ хуулийн 5.5 дугаар зүйлд заасан журмаар тусгай ангид заасан зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж эдлэх ялыг хоёр дахин багасгана.” гэж заасныг үндэслэн шүүгдэгч К.Б-т оногдуулсан 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг хоёр дахин багасгаж, 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр тогтоов.

 

2.11. Шүүгдэгч К.Б-т улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, шүүгдэгчийн гэр бүлийн байдал, гэм бурууд тохирсон бөгөөд түүнийг цээрлүүлэх болон нийгэмшүүлэх бодит үр нөлөөтэй гэж үзэв.

 

2.11. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай хүнд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахдаа:

Эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох;

Эрх бүхий байгууллагын хяналтад тодорхой газар очихыг хориглох;

Эрх бүхий байгууллагын хяналтад шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих;

Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх;

Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр зорчих гэсэн үүргүүдээс нэгийг, эсхүл хэд хэдийг сонгож хүлээлгэхээр хуульчилжээ.

 

2.12. Шүүгдэгч К.Б- нь Баян-Өлгий аймгийн Толбо сумын 01 дүгээр багт оршин суух хаягтай боловч одоо Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ерөнхий боловсролын “..........” дугаар сургуулийн 12Б ангид суралцдаг, төгсөлтийн ерөнхий шалгалт эхэлж буйтай холбогдуулан зорчих эрх хязгаарлах ялыг Өлгий сумын хэмжээнд тогтоож өгнө үү гэх саналыг хүлээн авч, шүүгдэгч К.Б-т оногдуулсан 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрээс буюу өөрийн оршин суугаа газраас явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэхээр тогтов.

Тодруулбал, шүүгдэгч К.Б- нь зорчих эрхийг хязгаарлах ялын хүрээнд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа эхэлснээс хойш 1 /нэг/ сарын хугацаанд Баян-Өлгий аймгийн Өлгий сумаас оршин суух газраа өөрчлөх бол, мөн хаа нэгтээ зорчих бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хяналт тавьж буй албанаас заавал зөвшөөрөл авах шаардлагатай бөгөөд хэрэв ажил хөдөлмөр эрхлэхээр болсон тохиолдолд ажил гэр хоорондын зорчих хөдөлгөөний зөвшөөрлийг авсан байх үүргийг хүлээнэ.

 

2.13. Хэрэв шүүгдэгч К.Б- нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг сануулах нь зүйтэй.

 

2.14. Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч К.Б- нь баривчлагдаж, цагдан хоригдоогүй, түүний хувийн бичиг баримт ирээгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн болон битүүмжилсэн зүйлгүй, энэ хэрэгт нэгтгэсэн болон энэ хэргээс тусгаарласан хэрэг байхгүй болохыг дурдаж байна.

 

2.15. Шүүгдэгч К.Б-т урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ  нь:

 

1. Шүүгдэгч Б овогт К-ын Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т заасан “Гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч К.Б-т 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

 

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч К.Б-т оногдуулсан 1 /нэг/ сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрээс буюу өөрийн оршин суугаа газраас явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч К.Б- нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг сануулсугай.

 

5. Шүүгдэгч К.Б- нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн болон битүүмжилсэн хөрөнгө үгүй, түүний хувийн бичиг баримт шилжиж ирээгүй, энэ хэрэгт нэгтгэсэн болон энэ хэргээс тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдсугай. 

 

6. Шүүгдэгч К.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         А.ДАУРЕНБЕК