Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 102/ШШ2017/02047

 

 

2017 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 102/ШШ2017/02047

Улаанбаатар хот

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, 2 дугаар дөчин мянгат, 19-22 тоот хаягт оршин суух Боржигон овогт Чулуунхүүгийн Хишигт /РД: УУ58031500/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, 51 дүгээр байр, 53 тоот хаягт оршин суух, Элээт овогт Баттулгын Чинзориг /РД: ХЖ87032411/-д холбогдох,

 

2,056,803 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.Хишигт нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Ч.Хишигт 2016 оны 11 дүгээр сарын 01-нээс өөрийн орон сууцыг /73.7 м2 талбайтай/ 2017 оны 05  дугаар сарын 01 хүртэл 6 сарын хугацаагаар иргэн Б.Чинзоригтой гэрээ байгуулан түрээслүүлсэн юм. Гэтэл Б.Чинзориг 3, 4 дүгээр сарын түрээсийн төлбөр төлөөгүй, мөн 3, 4 дүгээр сарын түрээсийн төлбөр төлөөгүй болно. Гэрээт хугацаа дууссанаас хойш төлбөрөө хийхгүйгээр барахгүй байрны маань түлхүүрийг өгөлгүй зугтаасаар өдийг хүрлээ. Одоогийн байдлаар дараа саруудын орон сууцны төлбөр төлөгдөөгүй байна. Мөн надад байрны түлхүүрийг хүлээлгэж өгөхгүй байгаа тл 5, 6 дугаар сарын түрээсийн төлбөрийг гаргуулж авах хүсэлтэй байна. Учир нь би дараагийн хүнд байраа түрээслэх боломжоо алдаад байна. Иймд миний хүсэлтийг харгалзан үзэж намайг хохиролгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч Б.Чинзориг 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдөр шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Миний бие Ч.Хишигтийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Ч.Хишигтийн нэхэмжилсэн 2,056,803 төгрөгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг 2017 оны 08 дугаар сарын 31-нд 1,000,000 төгрөг, үлдэгдэл 1,056,803 төгрөгийг 2017 оны 09 дүгээр сарын 30-нд бүрэн төлж барагдуулах болно. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

Хавтаст хэрэгт байгаа нотлох баримтуудыг шинжлэн судлаад   

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.Хишигт нь хариуцагч Б.Чинзоригт холбогдуулан 2,056,803 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Чинзориг нь  нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.  

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоож байна.                                                                                       

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийг удирдлага болгон

 

             ЗАХИРАМЖЛАХ нь:                                                                                                                     

 

1. Нэхэмжлэгч Ч.Хишигтийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Чинзоригт холбогдох 2,056,803 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.Чинзоригийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48,185 төгрөгийн тал хувь болох 24,092.5 төгрөгийг хариуцагча Б.Чинзоригоос, үлдэх тал хувь болох 24,092.5 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.       

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                         М.МӨНХТӨР