Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 102/ШШ2017/02043

 

2017 оны 07 сарын 19 өдөр

 Дугаар 102/ШШ2017/02043

Улаанбаатар хот

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, 32 дугаар байр, 41 тоот хаягт оршин суух, Амгалан тойн овогт Энхбаатарын Сарантуяа /РД: ДЮ91042905/-гийн нэхэмжлэлтэй

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Д.Ариунболдыг эрэн сурвалжлуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туул оролцов.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Э.Сарантуяа нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Э.Сарантуяа би Довдонгийн Ариунболдтой 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 4,000,000 төгрөгийг хүүгүйгээр зээлдүүлсэн. Иргэн Д.Ариунболд нь 2017 оны 03 дугаар сарын 01-нд 2,000,000 төгрөгийг эргүүлэн төлсөн бөгөөд үлдсэн 2,000,000 төгрөгийг өнөөг хүртэл өгөөгүй байна. Иргэн Д.Ариунболдын хаяг тодорхойгүй, хаана байгааг нь мэдэхгүй байна. 99002003 утас нь холбогдохгүй байх тул хариуцагч Д.Ариунболдыг эрэн сурвалжилж өгнө үү” гэжээ.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад        

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Э.Сарантуяа нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Д.Ариунболдыг эрэн сурвалжлуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд ирээгүй, хуралдааныг өөрийн эзгүйд хийлгэх хүсэлт ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасны дагуу түүний эзгүйд хэргийг хэлэлцлээ. 

 

Д.Ариунболд нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн бөгөөд оршин суудаг гэх хаяг болох Чингэлтэй дүүрэг, 11 дүгээр хороо, Нуурын 12-96 тоот хаягт бүртгэлгүй, оршин суудаггүй болох нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 182/ШЗ2017/06135 дугаар захирамж, 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хэргийн материалд авагдсан бусад бичмэл нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч хариуцагчийн хаягийг мэдэхгүй, хаягийг тогтоох боломжгүй байгаа тул иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Д.Ариунболдыг эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлтийг хангах үндэслэлтэй байна.

 

Д.Ариунболдын оршин суудаг гэх албан ёсны хаяг: Чингэлтэй дүүрэг, 11 дүгээр хороо, Нуурын 12-96 тоот, утас-99002003 болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118,133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 дэхь хэсэгт зааснаар Шангас овогт Довдонгийн Ариунболд /РД: ОЮ85060616/-ыг эрэн сурвалжилсугай.

 

2. Шангас овогт Довдонгийн Ариунболд /РД: ОЮ85060616/-ыг эрэн сурвалжлах ажиллагааг Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст даалгасугай.

 

3.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

 4. Шийдвэрийг нэхэмжлэгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 М.МӨНХТӨР