| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Маанийн Мөнхтөр |
| Хэргийн индекс | 102/2017/01324/И |
| Дугаар | 102/ШШ2017/02041 |
| Огноо | 2017-07-19 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 07 сарын 19 өдөр
Дугаар 102/ШШ2017/02041
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 99 дүгээр байрны 6 тоотод оршин байх, Шигтгээ үүд СӨХ-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 85 дугаар байрны 47 тоотод оршин суух, Халзат овогт Нямдэлэгийн Ууганбаатарт холбогдох,
Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон зардал 344,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Баярмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Түмэн-Өлзий нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Шигтгээ үүд сууц өмчлөгчдийн холбооны шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Баярмаагийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Шигтгээ үүд СӨХ-ны харьяа тус дүүргийн 18 дугаар хороо, 85-47 тоотод оршин суугч Н.Ууганбаатар нь 8-н сарын хугацаанд өөрсдийн ашигласан дундын өмчлөлийн үйлчилгээний төлбөрөө төлөөгүйгээс сар бүр 2 удаа гэрт нь мэдэгдэл хүргэдэг, тайлангийн хурлын шийдвэрийг биечлэн сууж сонсдог мөртлөө оршин суугчдын нийтлэг эрх ашгийг үл хүндэтгэж, хамтын аж байдлын хэв журмыг санаатайгаар зөрчиж байна. Орцны цэвэрлэгээ, жижүүрийн ажил хөдөлмөрийн бүтээмж, лифтийн техник ашиглалт, орцны гэрэлтүүлэг, дулаан, сангийн магистраль шугамын засварууд, байранд хийгдсэн тохижилтын ажлууд, хогны төлбөр, гражийн ашиглалт гэх мэт СӨХ-ны нийтлэг үйл ажиллагааны үр дүнг 8-н сарын /2016 оны 8-аас 12 дугаар сар, 2017 оны 1-ээс 3 дугаар сар/ турш хэрэглэсэн атлаа төлбөрөө төлөөгүйгээс 344,800 төгрөгийн өр авлага үүссэн болно. Иймд Иргэний хуулийн 149 дүгээр зүйлийн 149.1.1, 149.2, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-д заасныг үндэслэж Н.Ууганбаатараас 344.800 төгрөгийг нэхэмжилж байна гэв.
Хариуцагч Н.Ууганбаатарын шүүхэд гаргасан тайлбарт: Миний бие тус СӨХ-ны нэхэмжилсэн 344,800 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Шигтгээ үүд СӨХ нь 2015 оны 4 дүгээр сараас эхлэн 85 дугаар байрыг харьяалан СӨХ-ны үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл албан ёсны зөвшөөрөл аваагүй тул би 2016 оны 7 дугаар сараас эхлэн төлбөрөө төлөхөө зогсоосон. Тус СӨХ нь надтай ямар нэгэн алданги тооцох гэрээ байгуулаагүй мөртлөө алданги нэхэмжилсэн, гадна талбайд хаалт хийнэ гэж айлуудаас 25,000 төгрөг авсан мөртлөө хаалт хийгээгүй, мөн тус СӨХ нь 2015 оны 4 дүгээр сараас 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хууль бусаар үйл ажиллагаа явуулж байсан болох нь танай шүүхээр тогтоогдсон гэжээ.
Шүүх хуралдаанаар талуудын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Шигтгээ үүд сууц өмчлөгчдийн холбоо /СӨХ/ нь хариуцагч Н.Ууганбаатарт холбогдуулан 2016 оны 8 дугаар сараас 2017 оны 3 дугаар сар хүртэлх хугацааны СӨХ-ны төлбөр 344,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрөх бөгөөд татгалзлын үндэслэлээ ...СӨХ нь хууль бусаар үйл ажиллагаа явуулж байгаа гэж тайлбарлажээ.
Хариуцагч Н.Ууганбаатарт шүүх хуралдааны товыг 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдөр мэдэгдэж, хариуцагч баримтад гарын үсэг зурсан боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Баярмаа хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ. гэж заасантай харшлахгүй гэж үзлээ.
Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.4.-т орон сууцанд оршин суугаа сууц өмчлөгч бусад этгээд заавал тухайн холбооны гишүүн байна. гэж, Орон сууцны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1.-д орон сууц гэж хүн суурьшин амьдрах зориулалттай нийтийн болон амины орон сууцны байшин, сууц, гэрийг хэлнэ гэж тус тус заасан байх ба дээрх заалтуудаас үзэхэд орон сууцны зориулалттай байшингийн сууц өмчлөгч нь заавал сууц өмчлөгчдийн холбооны гишүүн байхаар зохицуулжээ.
Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 85 дугаар байрны 47 тоот орон сууцны өмчлөгч нь хариуцагч Н.Ууганбаатар мөн эсэхэд талууд маргаагүй, харин Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 85 дугаар байр нь тус СӨХ-нд харьяалагддаг болох нь Баянгол дүүргийн засаг даргын 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 235 дугаартай гэрчилгээгээр тогтоогдож байх тул хариуцагч нь тус СӨХ-ны гишүүн мөн байна.
Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар гишүүн нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэгтэй ба мөн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-т зааснаар орон сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн засвар, үйлчилгээний зардлыг санхүүжүүлэхэд оролцох үүрэгтэй гэж хуульчилжээ.
Хариуцагч Н.Ууганбаатар нь 2016 оны 8 дугаар сараас 2017 оны 3 дугаар сарыг хүртэл хугацааны СӨХ-ны төлбөрт нийт 344,800 төгрөгийг төлөөгүй нь Төрийн банкны нэхэмжлэх болон хариуцагчийн ... тус СӨХ-ны үйл ажиллагаа хангалтгүй, хууль бусаар үйл ажиллагаа явуулж байгаа учир би 2016 оны 8 дугаар сараас хойш СӨХ-ны төлбөрийг төлөөгүй гэх тайлбараар нотлогдож байна.
Иймд хариуцагчийг Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-т заасан үүргээ биелүүлсэн гэж үзэх боломжгүй байна. Нөгөөтэйгүүр, Шигтгээ үүд СӨХ-ны үйл ажиллагаа доголдолтой, хууль бусаар үйл ажиллагаа явуулж байгаа гэх нотлох баримт хэрэгт авагдаагүй.
Иймд хариуцагч Н.Ууганбаатараас 344,800 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Шигтгээ үүд СӨХ-нд олгох нь зүйтэй гэж үзлээ
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Н.Ууганбаатараас 344,800 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Шигтгээ үүд сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн нийт 11,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд 11,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР
| ||||
| |