Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 43

 

 

           Увс аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Алтан даргалж,        

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Сувд-Эрдэнэ,

Улсын яллагч хяналтын прокурор: П.Удвал,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Б.Цагцалмаа,

Шүүгдэгч Ц.Нямдаш, Б.Сүхбат нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Очир овгийн Цэвээний Нямдаш, Хоньч хүүхэн овгийн Баатарсүрэнгийн Сүхбат нарт холбогдох 201620000068 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.         

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:         

            1. Монгол улсын иргэн, 1964 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Увс аймгийн Давст суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-5, эхнэр, 3 хүүхдийн хамт Увс аймгийн Давст сумын 2 дугаар багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, РД:ОВ64022311, Очир овгийн Цэвээний Нямдаш.

            2. Монгол улсын иргэн, Увс аймгийн Малчин суманд 1990 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Увс аймгийн Давст суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, аялал жуулчлал, байгаль орчны хөтөч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, эхнэр, хүүхдийн хамт Увс аймгийн Давст сумын 2дугаар багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, РД:ОБ90111513, Хоньч хүүхэн овгийн Баатарсүрэнгийн Сүхбат.

           

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Ц.Нямдаш, Б.Сүхбат нар нь 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Увс аймгийн Давст сумын Торхилог багийн нутаг “Цагаан тохой” гэх Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос зохих зөвшөөрөлгүй хэрэгцээний нойтон бургас мод бэлтгэж, ойн санд 285.120 төгрөгийг хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

1. Иргэний нэхэмжлэгч /хохирогч/ Г.Лхагважав/ Давст сумын Засаг даргын орлогч/-ын мөрдөн байцаалтанд өгсөн:  “Манай сумын иргэн Ц.Нямдаш, Б.Сүхбат нар 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Торхилог багийн нутгийн ойгоос зохих зөвшөөрөлгүй гэрийн унь, хана хийх зориулалттай мод бэлтгэсэн талаар манай байгаль хамгаалагч, байгаль орчны байцаагч нараас мэдээлэл авсан. Тэд нар зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн байсан. Миний хувьд Ц.Нямдаш, Б.Сүхбат нарын мод бэлтгэсэн гэх газарт очиж үзээгүй тул ямар хэмжээний ямар мод бэлтгэсэн талаар мэдэхгүй байна. Миний зүгээс Ц.Нямдаш, Б.Сүхбат нараас ойн санд учирсан хохирол нэхэмжилж байна ”  гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 х/,

 

- Иргэний нэхэмжлэгч /хохирогч/ Г.Лхагважавын мөрдөн байцаалтанд дахин өгсөн: “Ц.Нямдаш, Б.Сүхбат нар нь Давст сумын байгаль хамгаалах санд 285.120 төгрөгийн хохирол төлж барагдуулсан тул одоо тэднээс нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдол, санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 39 х/,

 

 2. Гэрч Б.Бат-Эрдэнийн мөрдөн байцаалтанд өгсөн:  “Би Увс нуурын ай савын Улсын тусгай хамгаалалттай газрын Давст сумын Торхилог хэсгийн Дархан цаазат газрын байгаль хамгаалагчаар 4 дэх жилдээ ажиллаж байна. 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдөр ажил үүргийн хуваарийн дагуу Торхилог хэсгийн Цагаан тохой гэх газарт хяналт шалгалт хийж явахдаа Цагаан тохойн голын дагуу мод тайрч чирсэн мөр илрүүлсэн. Тэгээд уг мөрийг мөшгиж яваад Цагаан тохойн өвөлжөөний хашаанд хэрэгцээний нойтон бургас мод тайрч бэлтгэж, хураасан байсныг илрүүлээд тоолж байтал модон дотроос манай сумын иргэд болох Ц.Нямдаш, Б.Сүхбат нар гарч ирсэн. Тэд гартаа ямар нэгэн мод бариагүй байсан. Би Ц.Нямдаш, Б.Сүхбат хоёроос “Та хоёр хаагуур явав” гэж асуухад Ц.Нямдаш “Ах нь шар ус ирэхээс өмнө хүүгийнхээ гэрийн мод тайрч явна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “Тэгвэл энэ хураасан мод та хоёрын мод юм байна. Та нарын гутлын мөр таарч байна. Би шалгалт хийж яваад мөрийг чинь мөшгөөд ирж байна. Мод бэлтгэх зөвшөөрлийн бичигтэй юу, зөвшөөрлийн бичгээ шалгуул” гэж хэлэхэд Ц.Нямдаш “Мод бэлтгэх зөвшөөрөл аваагүй. Ах нь дараа зөвшөөрлийн бичиг авчихъя” гэж хэлсэн тул би Ц.Нямдашд “Та дархан цаазат газрын ойгоос хууль бусаар мод бэлтгэж яваа юм байна” гэж хэлсэн. 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдөр гэхэд мод бэлтгэх зөвшөөрөл олгогдоогүй байсан. Ер нь Давст сумын байгаль хамгаалагч С.Батсүх, байгаль орчны улсын байцаагч Ганболд нараас мод бэлтгэх эрхийн бичиг аваад надад ирж мэдэгдээд тухайн зөвшөөрөлд заагдсан хугацаанд миний зааж өгсөн газраас мод бэлтгэх ёстой байдаг юм. Би мод бэлтгэсэн хүмүүст хяналт тавих журамтай. Намайг модон дотор мөр мөшгөж байхад нэг нь арзгар хээтэй ултай гутлын мөр, нөгөө нь савхин гутлын мөр гарсан байсан. Тухайн үед би гутлын ул мөрийг бэхжүүлж зураг авах гэсэн боловч зургийн аппарадны зай дууссан учир чадаагүй юм. Ц.Нямдаш, Б.Сүхбат нар нь 2016 оны 03 дугаар сарын 16-ны өглөө сумын төвөөс мотоцикльтой ирээд тэр өдрөө мод бэлтгэж орой нь Адилбиш гэдэг айлд хоёулаа хоноод өглөө нь дахин мод бэлтгэж байгаад надтай 15 цаг 30 минутын үед таарсан юм. Би Адилбиш ахаас Ц.Нямдаш, Б.Сүхбат нарыг хэзээ ирсэн талаар асуухад тэрээр “Ц.Нямдаш, Сүхбат хоёр 2016 оны 03 дугаар сарын 16-нд ирж мод бэлтгээд шөнө нь манайд хоноод, өглөө босож дахин мод бэлтгэж байгаа” гэж хэлсэн. Би Б.Сүхбатаас “Чи удахгүй Дархан цаазат газрын байгаль хамгаалагч болох гэж байгаа хүн шүү дээ. Хууль, дүрмээ мэдэж байна уу” гэж асуухад Б.Сүхбат “Мэдэж байна” гэж хэлсэн. Би тухайн үед тайрсан мод бүр дэр очиход хоёр хүний гутлын мөр тод байсан. Бэлдсэн модыг чирч явсан байсан. Тийм болохоор Ц.Нямдаш, Б.Сүхбат нар хамт мод бэлтгэсэн гэдэг нь тодорхой байсан. Мөн 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Б.Сүхбат сум руу яваагүй, Ц.Нямдаштай хамт мод бэлтгэсэн болохыг Адилбиш гэх хүн мэдэж байгаа. Адилбиш, Ц.Нямдаш нар нь хоорондоо садан төрлийн холбоотой хүмүүс юм. Ц.Нямдаш, Б.Сүхбат нар нь гар хөрөө, сүх ашиглан мод бэлтгэсэн байсан. Бэлтгэсэн модоо эзэнгүй айлын өвөлжөө рүү явганаар зөөж хүргэсэн байсан. Ц.Нямдаш, Б.Сүхбат нарын мод бэлтгэсэн газар нь Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын бүсэд хамаардаг. Уг газраас зөвшөөрөлгүй мод бэлтгэхийг хориглодог ” гэх мэдүүлэг /хх-ийн 40-42 х/,

            3. Гэрч М.Адилбишийн мөрдөн байцаалтад өгсөн:  “2016 оны 03 дугаар сарын 16-ны орой 19 цагийн үед манай сумын иргэн Ц.Нямдаш өөрийн хүргэн болох Б.Сүхбат гэх залуугийн хамтаар мотоцикльтой ирсэн. Тэгээд бид цай, хоол хийж өгөөд нэг шил архи ууцгаасан. Ц.Нямдаш надад “Хүүдээ энэ жил гэр тааруулж өгөх гэж байгаа тул гэрийн  модыг нь бэлтгэж явна” гэж хэлсэн. Тэгээд тэр өдрийн буюу 2016 оны 03 дугаар сарын 16-ны орой манайд ирсэн юм. Тухайн үед би Ц.Нямдашаас “Мод бэлтгэх зөвшөөрөлтэй юу” гэж асуухад тэр “3өвшөөрөлтэй” гэж хэлээд инээж байсан. 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдөр би үхэр малаа хариулаад явчихсан болохоор тэр хоёрыг мод бэлтгэсэн эсэх талаар мэдэхгүй. Мөн тэр өдрийн орой нь Ц.Нямдаш бид хоёр 2 шил архи хувааж уугаад би унтчихсан тул Ц.Нямдашийг манайд хоносон эсэхийг мэдэхгүй байна. Намайг өглөө босоход Б.Сүхбат манайд байхгүй байсан бөгөөд Б.Сүхбатыг манай гэрт хоносон эсэхийг мөн мэдэхгүй байна. 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдөр байгаль хамгаалагч Б.Бат-Эрдэнэ ирээд Ц.Нямдаш, Б.Сүхбат хоёртой уулзаад  та нар хууль бусаар мод бэлтгэсэн байна гэж хэлж байсан. Тэр хоёр манай гэрээс урд зүгт, холгүй газарт мод бэлтгэсэн байсан. Надад өөр мэдэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44 х/,

            4. Гэрч Н.Бүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “2016 оны 03 дугаар сарын 16-ны өдөр би сумын төвөөс 16 цагийн үед гэртээ ирэхэд нөхөр Адилбиш ганцаараа гэртээ байсан. Тэгээд гэрийн ажил төрлөө хийгээд байж байтал 18 цаг өнгөрч байхад Ц.Нямдаш, хүргэн Б.Сүхбатын хамт  мотоцикльтой манайд ирсэн юм. Тэр хоёр сумын төвөөс ирж байна гэсэн. Бид цай хоол хийж идчихээд сууж байтал Ц.Нямдаш нэг шил архи гаргасныг нь  Ц.Нямдаш, Адилбиш нар хувааж ууцгаасан, харин Б.Сүхбат архи уугаагүй. Би түрүүлээд унтчихсан бөгөөд өглөө манай нөхөр дуудахаар нь босоход гэрийн гадна Б.Сүхбат, Ц.Нямдаш хоёрын мотоцикль байсан. Тэр хоёр цай, хоол идэж уулгүй мод руу явчихаар нь би цай, хоол хийчихээд Ц.Нямдаш, Б.Сүхбат нарыг дуудахад тэр хоёр модноос гарч ирээд гэрт ирж хоол идчихээд  буцаад мод руу орсон. Тэгээд байж байтал 15 цагийн үед байгаль хамгаалагч Б.Бат-Эрдэнэ, Ц.Нямдаш, Б.Сүхбат гурав манайд ирсэн. Б.Бат-Эрдэнэ тэр хоёрт хандаж “Би та хоёрын мөрийг мөшгиж яваад ирлээ. Та хоёр зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн байна” гэж хэлж байсан. Би 2016 оны 3 дугаар сарын 16-ны шөнө гэрт байсан хүмүүсээс түрүүлээд унтчихсан тул Ц.Нямдаш, Б.Сүхбат нарыг манай гэрт хоносон эсэхийг мэдэхгүй байна. Маргааш өглөө нь босоход тэр хоёр явчихсан байсан бөгөөд тэр хоёрын мотоцикль гэрийн гадаа байсан” гэх мэдүүлэг/хх-ийн 45-46 х/, 

5. Гэрч Б.Ганболдын мөрдөн байцаалтад өгсөн: “Ц.Нямдаш, Б.Сүхбат нар нь 2016 онд хэрэглээний модны зөвшөөрөл аваагүй. Хэрэглээний модны зөвшөөрөл авах талаар ямар нэгэн өргөдөл өгч байгаагүй. Хэрэв хэрэглээний модны зөвшөөрөл авах бол өргөдлөө албан ёсоор гаргаж, Засаг даргын Тамгын газарт өгдөг. Уг өргөдлийн дагуу модны зөвшөөрөл байвал тухайн иргэнээр төлбөрийг төлүүлж, мод бэлтгэх эрхийн бичгийг сумын байгаль хамгаалагч С.Батсүх бичиж өгдөг журамтай. Ц.Нямдаш, Б.Сүхбат нар зохих зөвшөөрөл авалгүй ойгоос хэрэглээний мод бэлтгэсэн байсан. Увс аймгийн Давст сумын Торхилог багийн нутаг Цагаан тохой гэх газар нь Улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаардаг тул зөвшөөрөлгүй мод бэлтгэхийг хориглодог. Гэрийн унь, хана бэлтгэх модны зөвшөөрлийг батлагдаж ирсэн хэмжээнд нь тодорхой шаардлагатай гэх иргэдэд олгодог” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48 х/, 

            6. Гэрч Ю.Ганболдын мөрдөн байцаалтад өгсөн: “Ц.Нямдаш нь эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг бөгөөд нэг хүүхэд нь хөгжлийн бэрхшээлтэй. Ц.Нямдаш өмнө нь сургуульд галчаар ажиллаж байгаад 2015 оны 11 дүгээр сард цомхтголоор ажлаас гарсан. Түүнээс хойш ажилгүй гэртээ байгаа. Ц.Нямдашд эд хөрөнгө болоод байх зүйл байхгүй бөгөөд 3 тооны үхэр, хашаа зэрэг л байгаа. Ц.Нямдаш нь зан аашийн хувьд хүнд тусархуу, илүү дутуу ааш зангүй, бүрэг, үг дуу цөөтэй хүн юм. Тамхи татдаг, хааяа архи уучихдаг, урьд өмнө нь хэрэг зөрчилд холбогдож байгаагүй хүн юм. Харин Б.Сүхбат нь Ц.Нямдашийн охинтой гэр бүл болсон, хүргэн нь юм. Б.Сүхбатын эхнэр нь Давст сумын ЗДТГ-ын газрын даамал ажилтай. Б.Сүхбат тодорхой эрхэлсэн ажилгүй, дээд боловсролтой залуу юм. Б.Сүхбат нь одоогоор хадам аав Ц.Нямдашынхаа хашаанд амьдардаг. Хувийн жижиг автомашинтай, 1 үхэр тоолуулж байсан өрх юм. Б.Сүхбат нь зан аашийн хувьд хүнд тусархуу, найзархаг, нийгмийн идэвхи сайтай, архи, тамхи огт хэрэглэдэггүй залуу юм. Урьд өмнө нь хэрэг зөрчилд холбогдож байгаагүй юм” гэх мэдүүлэг /хх-ийн 49-50 х/ ,   

            7. Гэрч Ж.Батсүхийн мөрдөн байцаалтад өгсөн: “2015 онд Ц.Нямдаш хэрэглээний модны зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргасныг шийдвэрлэж өгөх талаар байгаль хамгаалагчид цохолт хийж өгсөн. Ц.Нямдаш нь тухайн жил хэрэглээний мод авч чадаагүй талаар ярьж хэлж байсан. 2016 оны 3 дугаар сард хэрэглээний мод бэлтгэж авах талаар өргөдөл гаргаж өгснийг байгаль хамгаалагч руу шилжүүлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 52 х/,

            8. Гэрч С.Батсүхийн мөрдөн байцаалтад өгсөн: “Ц.Нямдаш, Б.Сүхбат нар хэрэглээний гэрийн мод бэлтгэж авах зөвшөөрөл аваагүй байсан. Хэрэглээний болон гэрийн модны зөвшөөрлийг албан ёсоор Засаг даргад өргөдөл гаргаж тухайн иргэний өргөдлийн дагуу би мод бэлтгэх эрхийн бичгийг бичиж, бэлтгэх газрыг зааж өгдөг журамтай байсан. 2016 оны дугаар сарын 18-ны өдөр Торхилог хэсгийн байгаль хамгаалагч Б.Бат-Эрдэнэ надруу гар утсаар залгаж “Ц.Нямдаш, Б.Сүхбат нар ойгоос гэрийн мод бэлтгэж байна. Энэ хоёр хүн гэрийн модны зөвшөөрөл авсан уу?” гэж асуусан юм. Би түүнд “одоогоор нэг ч хүн гэрийн модны зөвшөөрөл аваагүй байна” гэж хэлсэн. Цагаан тохой гэх газар Давст сумын Торхилог багийн нутагт байдаг Улсын тусгай хамгаалалттай газрын хязгаарлалтын бүсэд хамаарагдана. Хязгаарлалтын бүс гэдэг нь  зөвшөөрөл авч мод бэлтгэж болдог газар юм. Заасан хугацаанд дээрээс ирсэн зөвшөөрлийн дагуу тодорхой хэмжээний мод бэлтгэх үйл ажиллагаа явуулах, нөхөн сэргээлт хийх газрыг хэлдэг” гэх мэдүүлэг /хх-ийн 53-54 х/,

             9. Гэрч М.Гомбын мөрдөн байцаалтад өгсөн: “Бид нар нэгнийхээ гэр орноор хааяа орж гардаг юм. Сар өдрийг нь сайн мэдэхгүй байна, манай гэрт Ц.Нямдашийн эхнэр Пагма орж ирээд “Энэ жил хүүдээ гэр тааруулж өгөх гэж байна. Манай нөхөр Ц.Нямдаш гэрийн мод бэлтгэхээр явах гэж байгаа” гэж хэлж байсан. Удалгүй хэд хоногийн дараа Ц.Нямдаш манайд орж ирээд “Мод бэлтгэж байгаад баригдчихлаа” гэж хэлсэн. Миний хувьд Ц.Нямдаш хэзээ, хэнтэй, хаанаас мод бэлтгэсэн талаар мэдэхгүй. Ц.Нямдаш бор тоорог амьдралтай хүн юм. Сургуульд галч хийж байгаад 2015 онд ажлаасаа гарсан. Эхнэр нь ажилгүй, ганц хүүтэй айл юм. Хүүдээ энэ жил гэрийн мод бэлтгэж, гэр бүрж өгөх гэж байсан. Ц.Нямдашд эд хөрөнгө болоод байх зүйл байхгүй бөгөөд тэднийх хашаа, гэрт амьдардаг. Ц.Нямдаш хүнтэй нэг их харьцаж, үг хэлж чаддаггүй, дуу цөөтэй, гэрээс гардаггүй хүн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 55 х/,

             10. Шинжээч Н.Ганхөлөгийн мөрдөн байцаалтад өгсөн: “Бургас модыг хэрэглээний болон түлшний аль альныг сийрэг шоо метрээр бодож гаргадаг. Энэ нь урт, өргөн, өндөр гурвын үржвэр юм. Хэсгийн төлөөлөгч Баттулгын ирүүлсэн модонд хийсэн үзлэгийн тэмдэглэл болон модны эзлэхүүнийг хэмжихэд урт нь 3 метр, өргөн нь 80 см, өндөр нь 110 см байсан. Эдгээрийг үржихээр 2.64 метр/куб хэмжээтэй болж байсан. Увс аймгийн Давст сумын Торхилог багийн нутагт байх Торхилогын голын дагуу байх ой мод нь Улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаардаг. Цагаан тохой гэх газар нь Торхилог хэсгийн улсын тусгай хамгаалалттай газар нутагт орно. Улсын тусгай хамгаалалттай газар нутгаас мод бэлтгэж болно. Гэхдээ талбайн тусгаарлалтын ажил гүйцэтгэсний дараа зохих зөвшөөрлийг олгодог. Өнөөдрийн байдлаар Торхилог хэсэгт талбайн тусгаарлалтын ажил хийгдээгүй байна” гэх мэдүүлэг /хх-н 58 х/,

            11. Гэрч М.Анхбаярын мөрдөн байцаалтад өгсөн: “2016 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Увс аймгийн Давст сумын Торхилог хэсгийн байгаль хамгаалагч Б.Бат-Эрдэнэ над руу залгаад “Торхилог хэсгийн Цагаан толгой гэх газар Давст сумын иргэн Ц.Нямдаш, Б.Сүхбат гэх хоёр хүн зөвшөөрөлгүй гэрийн унь, хананы мод бэлтгэж байсныг илрүүллээ. Бэлтгэсэн модыг нь сумын цагдаа нарт тоолж хүлээлгэж өглөө” гэж хэлсэн. Давст сумын Торхилог багт орших Торхилог хэсгийн Цагаан тохой гэх газрын ой нь Увс нуурын ай савын дархан цаазат газар нутагт хамаардаг юм. Би Баатарсүрэн овогтой Сүхбатын танина. Манай байгууллагаас 2016 онд Давст сумын байгаль хамгаалагчийн орон тоо зарлахад Б.Сүхбат гэх залуу шалгалтанд орж 2-р байранд орсон байсан ба 1-р байранд орсон эмэгтэй нь Давст суманд ажиллахгүй гэсэн тул Б.Сүхбатыг 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдөр сургалтанд хамруулж 4дүгээр сарын 04-ний өдөр Б.Сүхбатад Давст сумын Торхилог хэсгийн байгаль хамгаалагчийн ажлыг хүлээлцэх гэж байсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 74 х/,

12. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 03 х/,

13. Модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн  04-09 х/,

14. Эд зүйл /гар хөрөө, сүх/ хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-12 х/,

15. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 19-21 х/,

16. Мод битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 23 х/,

17. Гар хөрөө, Сүхэнд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 30-31 х/,

18. Увс аймгийн Түргэн сум дахь Сум дундын ойн ангийн 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 03 тоот Шинжээчийн дүгнэлтэд: “Увс аймгийн Давст сумын Торхилог багийн нутаг Цагаан тохой гэх газрын ой нь  УТХГНутагт хамаарна. Уг газарт 2016 онд ойгоос мод бэлтгэх талбай тусгаарлах ажил хийгдээгүй байна. УТХГН-ийн хязгаарлалтын бүсэд орно. Ц.Нямдашын бэлтгэсэн мод нь нийт 2.64 м3 хэмжээтэй байна. Ц.Нямдашын бэлтгэсэн мод нь Бургас нэртэй. Уг бэлтгэсэн мод нь хэрэгцээний, нойтон мод байна. Уг модны экологи, эдийн засгийн үнэлгээ нь 285.120 төгрөг болж байна. Ц.Нямдаш нь Ойн тухай хуулийн 47.2.4 дахь заалтыг зөрчсөн байна” гэжээ /хх-ийн 64-65 х/,

19. “Увс Финанс-Аудит” ХХК-ийн 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Бургас мод, Хөрөө, Сүх үнэлсэн тухай тайлан /хх-ийн 70-71, 76-77 х/,

20. Увс аймгийн Давст сумын Зүүнхөвөө багийн засаг дарга Ю.Ганболдын 2016.04.08-ны өдөр гаргасан 92 тоот Тодорхойлолт /хх-ийн 104, 105 х/,

21. Шүүгдэгч Ц.Нямдаш, Б.Сүхбат нарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-118, 121 х/,  

22. Увс аймгийн Давст сумын Байгаль орчин хамгаалах сангийн 150355402 тоот дансанд шүүгдэгч Ц.Нямдаш 285.120 төгрөг төлсөн баримт /хх-ийн 138х/,

23. Шүүгдэгч Ц.Нямдашын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би өөрийн 3 дахь хүү болох Нямбаярын гэрийг бүрж өгөх санаатай байсан тул гэрийн модыг нь Торхилог багийн Цагаан тохой гэх газраас түүж тааруулж авья гэж бодоод 2016 оны 3 дугар сарын 16-ны өдөр 15 цагийн үед сумын төвөөс Цагаан тохой гэх газар луу хүргэн Б.Сүхбатаар мотоциклоор хүргүүлсэн. Б.Сүхбат намайг Цагаан тохойд хүргэчихээд буцаад явсан бөгөөд би Б.Сүхбатад “намайг маргааш нь буюу 17-ны өдөр ирж ав” гэж хэлээд явуулсан. Тэгээд би Цагаан тохойд бууж үлдээд тэр өдрөө Бургас модыг сүх, гар хөрөө хоёр ашиглан бэлтгэсэн. Орой нь Цагаан тохойд өвөлжиж байсан Адилбиш гэх хамаатныхаа айлд очиж хоносон ба тэднийд Адилбиш, эхнэр Бүрэнгийн хамт байсан. Би тэр хоёрт Цагаан тохойгоос гэрийн хананы мод бэлтгэж байгаа талаараа хэлсэн. Би 2016 оны 3 дугаар сарын 17-ны өглөө Цагаан толгойд очиж орой 17 цаг хүртэл гэрийн хананы бургас мод бэлтгэсэн бөгөөд бэлтгэсэн модоо мод бэлтгэсэн газраас 300 орчим метр зайтай байдаг Уртнасан гэх хүний эзэнгүй байсан өвөлжөөний хашаанд хүргэсэн. Ингэхдээ бэлтгэсэн модоо 10-15 ширхэгээр нь мөрөлж, цагаалж зөөж хүргэсэн. Бэлтгэсэн бодоо өвөлжөө рүү зөөгөөд дуусчихсан байхад хүргэн Б.Сүхбат мотоцикльтой ирсэн. Тэгээд бид хоёрыг явах гэж байтал Торхилог багийн ойн хамгаалагч Б.Бат-Эрдэнэ ирээд “Та яагаад эндээс мод тайрч байгаа юм” гэж асуусан. Тэгэхээр нь би түүнд “Гэрийн хананы мод тайрлаа. Би 2015 оны 5 дугаар сард хананы мод бэлтгэх зөвшөөрөл аваад төлбөр болох 38.000 төгрөгийг нь дансанд нь хийчихсэн байгаа. Манай эхнэр Пагма мөнгийг нь тушаасан, баримт нь гэрт байгаа” гэж хэлсэн. Б.Бат-Эрдэнэ надад “2015 онд мод бэлтгэх эрх 2015 ондоо л хүчинтэй” гэж хэлээд явсан. Би 2015 онд мөнгөө тушаасан болохоор 2016 онд авч болно гэж бодсон юм. Би 2016 онд унь, хананы мод бэлтгэх зөвшөөрлийг зохих газраас нь аваагүй байсан. Би Цагаан тохой гэх газраас ганцаараа 250 орчим мод бэлтгэсэн. Би бэлтгэсэн модоо өөрөө мөрлөж зөөсөн бөгөөд ямар нэгэн унаа ашиглаагүй. Мөн би Торхилог багийн нутаг нь Улсын тусгай хамгаалалттай газар гэдгийг мэдээгүй. Би мод бэлтгэхдээ Б.Сүхбатад “2015 онд мөнгөө төлөөд зөвшөөрлөө авчихсан” гэж хэлсэн. Миний бие зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Ар гэрийн амьдрал байдлыг харгалзан надад хөнгөн ял шийтгэж өгнө үү. Хийсэн хэргтээ гэмшиж байна” гэх мэдүүлэг,

24. Шүүгдэгч Б.Сүхбатын мөрдөн байцаалтад сэжигтнээр өгсөн: “Намайг 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдөр гэртээ байж байтал хадам аав Ц.Нямдаш манайд орж ирээд “Намайг Торхилог руу Адилбишийн гэрт хүргээд өгөөч” гэж хэлсэн. Аав өөрөө мотоцикль барьж чадахгүй болохоор намайг гуйсан байх. Тэгээд би аав Ц.Нямдашийг мотоциклоор Торхилог багийн Цагаан тохой гэх газарт байх Адилбиш гэх айлд 17 цагийн үед хүргэж өгсөн. Адилбишийн гэрт очиход тэр хүн эхнэртэйгээ хамт байсан бөгөөд жаахан согтуу, халамцуу байсан. Аав бид хоёрыг Адилбиш ахын гэрт очоод байж байтал Адилбиш ах “Манай хэдэн үхэр харагдахгүй байна, чи яваад хараад өгөөч” гэсэн тул би явж үхрийг нь олж ирээд тэр шөнөө Адилбиш ахын гэрт хоносон. Маргааш өглөө нь босоод мотоциклоо Адилбиш ахын гэрийн гадна үлдээгээд хадам аав Ц.Нямдашийн хамт мод руу орж мод бэлтгэсэн. Хадам аав модыг тайраад мөрчийг нь цавчиж бэлэн болгоход нь би бэлэн болгосон модыг нь зөөж айлын өвөлжөөний хашаан дээр хүргэсэн. Тэгээд 15 цаг өнгөрч байхад Торхилог хэсгийн байгаль хамгаалагч Б.Бат-Эрдэнэ ирээд аавд “Та Улсын тусгай хамгаалалттай газар нутгаас зохих зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн байна” гэж хэлсэн. Тэр үед Адилбиш ахын гэрээс “Хоол болж байна, ирж хоол ид” гэж дуудахаар нь би Адилбиш ахын гэрлүү явсан ба аав Б.Бат-Эрдэнэтэй ярилцаад үлдсэн. Миний хувьд мод тайрч бэлтгээгүй. Харин аавын бэлтгэсэн модыг зөөж өвөлжөөн дээр хүргэж байсан. Би хадам аавыг хичнээн тооны, ямар төрлийн мод бэлтгэсэн болохыг мэдэхгүй байна. Би зөвхөн модыг өвөлжөөн дээр зөөж хүргэсэн юм. Сүүлд харахад аав өөрийнхөө хөрөө, сүхийг авч явж мод бэлтгэсэн байсан. Манай гэрт хөрөө, сүх байдаггүй юм. Би Увс аймгийн Давст сумын Торхилог багийн нутаг Цагаан тохой гэх газрыг Улсын тусгай хамгаалалттай газар гэдгийг мэдэхгүй. Би Бөхмөрөн суманд төрж өссөн бөгөөд Давст суманд ирээд 1 жил гаруй хугацаанд амьдарч байна. Би мод тайрч бэлдээгүй” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Б.Сүхбатын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “...2016 оны 3 дугаар сарын 16-ны өдөр 17 цагийн үед би хадам аав Ц.Нямдашийг Торхилогын голд байдаг Адилбиш гэх айлд хүргэж өгсөн ба Адилбиш гэртээ эхнэртэйгээ хоёулаа байсан. Тэгээд орой болсон, миний унаж ирсэн мотоцикль гэрэлгүй байсан тул би гэрлүүгээ буцаж чадалгүй Адилбиш ахын гэрт хоносон. Маргааш өглөө нь би 10 цаг өнгөрч байхад босоход аав байхгүй байсан. Намайг босоод цай ууж байхад Адилбиш ах надад “манай хоёр, гурван үхэр ирээгүй байна. Хоёулаа чиний мотоциклоор доод талын өвөлжөөний хашаан дээр оччихоод ирье” гэж хэлсэн тул бид хоёр Адилбиш ахын гэрээс урагшаа нэг айлын өвөлжөөн дээр оччихоод буцаж ирсэн. Бид хоёрын очсон өвөлжөөн дээр айл байхгүй байсан. Бид хоёр буцаад Алилбиш ахын гэрт очиход Адилбиш ахын эхнэр хоол хийчихсэн байсан ба надад “Аавыгаа дуудаж хоол өг” гэхээр нь би гэрийн гаднаас аавыг дуудахад аав ирж хоол идсэн. Удалгүй аав ирж хоол идэж байхдаа надад “Гучаад мод үлдчихлээ. Чи аавдаа очоод зөөлцөөд өгөөч” гэхээр нь модыг нь зөөлцсөн. Би ааваас “Таны бэлтгэж байгаа мод ямар учиртай мод вэ?. Зөвшөөрөлтэй юм уу?” гэж асуухад “Зөвшөөрөлтэй” гэж хэлсэн тул би модруу орж аавтай хамт үлдсэн 30 гаруй модыг зөөлцөөд сүүлчийн модыг нь чирээд ойгоос гарч ирж байхад зөөж бөөгнүүлсэн модны хажууд байгаль хамгаалагч Б.Бат-Эрдэнэ ирчихсэн зогсож байсан. Б.Бат-Эрдэнэ аавтай уулзаад “Таны бэлтгэсэн мод зөвшөөрөлтэй юм уу, бичиг баримт байна уу” гэж асууж байсан. Би тэр хоёрын хажуугаар зөрөөд Адилбиш ахын гэрлүү орсон ба аав Б.Бат-Эрдэнэтэй юм яриад үлдсэн. Би мод тайрч, хадам аавтай мод бэлтгээгүй. Хэдэн ширхэг мод үлдчихсэн байхаар нь зөөлцсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 102 х/,

Шүүгдэгч Б.Сүхбатын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:  “…Аав өөрөө мотоцикль барьж чаддаггүй тул би Адилбиш гэдэг айлд хүргэж өгсөн. Орой 17 цагийн үед Адилбишийн гэрт очиход Адилбиш, Бүрэн нар согтуу байсан. Адилбиш нь архи их уугаад хордлогод орж гэдэс гүйлгэж байна гэж хэлээд хэвтэж байсан. Би эргээд буцаад явах гэхэд мотоциклийн урьд талын гэрэл байхгүй болохоор тэр айлд хоносон.  Адилбиш, Бүрэн хоёр согтуу байсан тул аав орой хоол хийж өгсөн. Өглөө босоход Адилбиш гэдэг хүн “ манай хэдэн үхэр алга болсон байна, мотоциклиороо өвөлжөөнд хүргээд өгөөч” гэж хэлэхээр би өвөлжөөнд хүргэж өгөөд ирсэн. Намайг ирэхэд Бүрэн гэдэг хүн гайгүй болсон бололтой хоол хийж байсан, тэгээд надад “ аав тань мод руу орчихлоо, дуудаж ирж  хоол цай өгөөч” гэж хэлсэн. Би гарч ирээд мод руу орохгүйгээр модны наанаас “ ааваа ирж хоол ид гэж байна” гэхэд аав гарч ирсэн. Өдөр 2-3 цагийн үед Сумо бөхийн барилдааныг үзээд эргэж мод руу орно гээд бөхөө үзээд  аав надад хандаж “ энд 30-40 тооны мод нэг газар байна түүнийг очоод зөөлцөөд өгөөч” гэж хэлэхэд би явж байх замдаа “ модны зөвшөөрөл авсан уу?” гэхэд аав “ авсан авсан” гэж хэлэхээр би 30-40 тооны модыг зөөлцөж өгөөд модноос гарч ирж байтал Бат-Эрдэнэ модны цаад захаас гарч ирээд уулзсан. Бат-Эрдэнэ аавтай юм ярьж байсан. Тэр үед би эхнэр, хүүхэддээ санаа зовоод Адилбиш гэдэг айлд очиж тэдний утсаар эхнэртэйгээ ярьсан. Тухайн үед Бат-Эрдэнэ, аав хоёр юу ярьсан талаар мэдэхгүй. Би зохих зөвшөөрөлгүй мод бэлтгэх гэмт хэрэг үйлдээгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн баримтууд болно. 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалж дүгнэвэл:

Шүүгдэгч Ц.Нямдаш, Б.Сүхбат нар 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Увс аймгийн Давст сумын Торхилог багийн нутаг “Цагаан тохой” гэх улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос зохих зөвшөөрөлгүй 2.64 м3  хэрэгцээний нойтон бургас мод бэлтгэж, ойн санд 285.120 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь иргэний нэхэмжлэгч Г.Лхагважав, гэрч Б.Бат-Эрдэнэ, М.Адилбиш, Н.Бүрэн, С.Батсүх, шинжээч Н.Ганхөлөг нарын нарын мэдүүлэг, модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйл /гар хөрөө, сүх/ хураан авсан тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, мод битүүмжилсэн тэмдэглэл, Увс аймгийн Түргэн сум дахь Сум дундын ойн ангийн 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 03 тоот Шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Шүүгдэгч Б.Сүхбат нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт “Миний бие хадам аав Ц.Нямдаштай хамт мод тайрч бэлтгээгүй,  аавын бэлтгэсэн модыг зөөлцсөн. Би ааваас зөвшөөрөлтэй мод бэлтгэж байгаа эсэхийг нь асуухад зөвшөөрөл авсан гэж хэлсэн тул модыг нь зөөлцсөн. Би мод тайрч, бэлтгээгүй” гэж мэдүүлж байгаа боловч хэрэгт авагдсан гэрч Б.Бат-Эрдэнийн “...тэгээд уг мөрийг мөшгиж яваад Цагаан тохойн өвөлжөөний хашаанд хэрэгцээний нойтон бургас мод тайрч бэлтгэж, хураасан байсныг тоолж байтал модон дотроос манай сумын иргэд болох Ц.Нямдаш, Б.Сүхбат нар гарч ирсэн.. ...Намайг модон дотор мөр мөшгөж байхад нэг нь арзгар хээтэй ултай гутлын мөр, нөгөө нь савхин гутлын мөр гарсан байсан бөгөөд тэр мөрүүд тайрсан мод бүр дээр очсон, хамт явсан байсан. ... Би Адилбиш ахаас Ц.Нямдаш, Б.Сүхбат нарыг хэзээ ирсэн талаар асуухад тэрээр “Ц.Нямдаш, Сүхбат хоёр 2016 оны 03 дугаар сарын 16-нд ирж мод бэлтгээд шөнө нь манайд хоноод, өглөө босож дахин мод бэлтгэж байна гэж хэлсэн” гэх мэдүүлэг, гэрч Н.Бүрэнгийн “Тэр хоёр цай, хоол идэж уулгүй мод руу явчихаар нь би цай, хоол хийчихээд Ц.Нямдаш, Б.Сүхбат нарыг дуудахад тэр хоёр модноос гарч ирээд гэрт ирж хоол идчихээд буцаад модруу орсон” гэх мэдүүлэг зэргээр Б.Сүхбат нь Ц.Нямдаштай хамт Торхилог багийн нутаг Цагаан тохой гэх газраас зохих зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн болох нь нотлогдож байна.

Шүүгдэгч нарын мод бэлтгэсэн Увс аймгийн Давст сумын Торхилог багийн “Цагаан тохой” гэх газар нь Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газрын Давст сумын Торхилог хэсгийн Дархан цаазат газар нутгийн  хязгаарлалтын бүсэд хамаардаг, уг ойд тухайн жилд ой цэвэрлэх зориулалтаар мод бэлтгэх талбай тусгаарлалт хийгдээгүй, зөвшөөрөл олгогдоогүй болох нь  хэрэгт авагдсан 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн  03 тоот шинжээчийн дүгнэлт, гэрч Б.Бат-Эрдэнэ, Б.Ганболд, С.Батсүх, шинжээч Н.Ганхөлөг нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар  нотлогдсон.

Иймд шүүгдэгч Ц.Нямдаш, Б.Сүхбат нарыг улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.2-д зааснаар ял шийтгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Ц.Нямдаш, Б.Сүхбат нарын ойгоос зохих зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн гэмт хэргийн улмаас ойн санд учруулсан хохирлын хэмжээг хэрэгт авагдсан шинжээчийн 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 3 тоот дүгнэлтээр 285.120 төгрөгөөр тогтоосон ба энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 29 дүгээр зүйлийн 29.1-д заасан бага бус хэмжээнд хамаарч байх тул бага бус хэмжээний хохирол учирсан гэж үзэв.             

            Шүүгдэгч Ц.Нямдаш нь ойн санд учруулсан хохирол нийт 285.120 төгрөгийг Давст сумын байгаль хамгаалах сангийн Увс Төрийн сангийн 150355402 /Төрийн банк/ тоот дансанд тушаасан нь хэрэгт авагдсан мөнгөн шилжүүлгийн баримтаар нотлогдож байх тул гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо арилгасан гэж үзэх үндэслэлтэй байна. 

            Шүүгдэгч Ц.Нямдаш нь анх удаа хүндэвтэр ангиллын гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас ойн санд учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, гэм буруугаа ухамсарлаж гэмшсэн зэрэг хуулинд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал  болон хувийн амьдрал байдлыг нь харгалзан үзэж түүнд оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй үзэн хянан харгалзах хугацаа тогтоож, харин шүүгдэгч Б.Сүхбат нь анх удаа хүндэвтэр ангиллын гэмт хэрэг үйлдсэн ял хөнгөрүүлэх үндэслэл байгаа боловч гэм буруугаа хүлээхгүй, гэмшихгүй байгаа тул түүнд оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэв.

             Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн 4.000 төгрөгийн үнэ бүхий жижиг гар хөрөө, 5.000 төгрөгийн үнэ бүхий модон иштэй, төмөр сүх /хуучин/, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 256 ширхэг буюу 2.64 м3  нойтон бургас модыг тус тус хурааж улсын орлогод оруулах  үндэслэлтэй байна.

             Шүүгдэгч нараас гаргуулах хохирол төлбөргүй тул шүүгдэгч Б.Сүхбатын эзэмшлийн улаан зүсний 4 настай үхэр 1, улаан зүсний 3 настай үхэр 1, шүүгдэгч Ц.Нямдашийн улаан зүсний 10 настай үхэр 1, улаан зүсний 3 настай эм үхэр 1-ийг тус тус битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй.                        

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 284 дүгээр зүйлийн 284.1, 286 дугаар зүйлийн 286.1, 294-296, 297 дугаар зүйлийн 297.1-5 дахь хэсэг, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Очир овгийн Цэвээний Нямдаш, Хоньч хүүхэн овгийн Баатарсүрэнгийн Сүхбат нарыг улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд зохих зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.2-д зааснаар шүүгдэгч Ц.Нямдаш, Б.Сүхбат нарт тус тус 1 жил хорих ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Ц.Нямдаш, Б.Сүхбат нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Ц.Нямдаш, Б.Сүхбат нар энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах хохирол, төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг баримтлан шүүгдэгч Ц.Нямдашд оногдуулсан  1 жил хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзах хугацаа тогтоосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-д зааснаар 256 ширхэг буюу 2.64 м3  нойтон бургас мод, гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн хөрөө 1 ширхэг, сүх 1 ширхэгийг тус тус улсын орлогод оруулсугай.

            7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар шүүгдэгч Б.Сүхбатын эзэмшлийн улаан зүсний 4 настай үхэр 1, улаан зүсний 3 настай үхэр 1, шүүгдэгч Ц.Нямдашийн улаан зүсний 10 настай үхэр 1, улаан зүсний 3 настай эм үхэр 1-ийг  битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг  тус тус хүчингүй болгосугай.  

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д зааснаар шүүгдэгч Ц.Нямдашд өмнө авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга  хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол  хэвээр хэрэглэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д зааснаар шүүгдэгч Б.Сүхбатад өмнө авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.  

   Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

     ДАРГАЛАГЧ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Л.АЛТАН