Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 221/МА2015/0174

 

С ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 60 дугаар шийдвэрт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу С ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нийслэлийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн А/257 дугаар захирамжийн С ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Нийслэлийн Засаг даргын 2010 оны 822 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт аж ахуйн зориулалтаар 50000 м.кв газрыг эзэмшиж байсан. Газрыг анх эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 33.1.2 дахь заалтыг зөрчин дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтгүйгээр эзэмшүүлсэн. Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/309 дүгээр захирамжийн дагуу дуудлага худалдааны анхны үнийг төлүүлэх тухай утсаар болон мэдэгдлээр хүргүүлсэн боловч төлөөгүй тул С ХХК-ийн газар эзэмших эрхийг цуцласан. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 60 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 33 дугаар зүйлийн 33.1.2, 34 дүгээр зүйлийн 34.1, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн А/257 дугаар захирамжийн С ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: "С" ХХК-ийн нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шийдвэрлэсэн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 60 дугаар шийдвэрт дараахь үндэслэлээр гомдол гаргаж байна.

"С" ХХК нь нийслэлийн Засаг даргын 2010 оны 12 дугаар сарын 08-ний өдрийн 822 тоот захирамжаар Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, 11 дүгээр хороонд аж ахуйн зориулалтаар 50000 м.кв газрыг эзэмшиж байсан байна. Уг газрыг эзэмшүүлэхдээ нийслэлийн Засаг дарга нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дах заалтыг зөрчин дуудлага худалдаа, төсөл шалгаруулалт явуулалгүйгээр эзэмшүүлсэн байдаг.

Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т "Энэ хуулийн 33.1.2-т заасан шийдвэрийн дагуу газар эзэмших эрх авсан этгээд нь заасан хугацаанд газар эзэмших эрхийн гэрчилгээний үнийг төлөөгүй бол уг эрхийн гэрчилгээг дахин дуудлага худалдаанд оруулна", 61 дүгээр зүйлийн 61.1-д "Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж ... зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан ... уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно" гэж заасны дагуу нийслэлийн Засаг дарга 2014 оны А/257 тоот захирамж гаргаж шийдвэрлэсэн.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хариуцагч нь газар эзэмших эрх үүссэн, гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн гүйцэд биелүүлж байгаа этгээдэд хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзсэн нь нэхэмжлэгчийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байгааг огт дүгнэлгүй шийдвэрлэсэн нь учир дутагдалтай хэт нэг талийг барьж шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч байгууллага болох "С" ХХК нь 2010 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 822 дугаар захирамжаар газар эзэмшсэн ба одоо хүртэл тухайн эзэмшиж байсан газар дээрээ хашаа хатгаагүй гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй нь анхан шатны шүүхийн газрын үзлэгээр тогтоогдсон бөгөөд анхан шатны шүүх гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчөөгүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй хариуцагчийн үйлдлийг хэт буруутган шийдвэрлэсэн хэргийн бодит нөхцөл байдлыг харгалзан үзэлгүй шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Түүнчлэн хариуцагчийг газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасан газар эзэмшигч нь хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа ноцтой зөрчсөн талаар үндэслэл бүхий тайлбар нотлох баримтыг шүүхэд гаргаагүй гэж дүгнэсэн нь шүүх хуралдааны явцад тайлбарласан тайлбар мэтгэлцээн, хавтас хэрэгт фото зураг хэргийн газрын үзлэгээр дээрхи хуулийн заалтад тусгасан гэрээний үүргээ биелүүлээгүй гэдэг нь тодорхой нотлогдож байхад хянан авч шийдвэрлэлгүй дүгнэсэн нь буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

Тус шүүх нь "С" ХХК нь 2011 оны 02 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан "Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх тухай гэрээ"-нд заасан үүргээ бүрэн биелүүлж ирсэн байна гэж дүгнэсэн нь учир дутагдалтай ба энэхүү гэрээнд заасан зориулалтын дагуу газраа ашиглаагүй үйл явцыг дүгнэлгүй шууд шийдвэрлэсэн нь буруу юм.

Газраа зориулалтын дагуу ашиглаж байсан гэх нотлох баримт нь сүүлд авагдсан ба хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй нотлох баримтыг дүгнэн шийдвэрлэсэн нь буруу ба Гео зураглал ХХК-тай "Төмөрлөгийн үйлдвэрийн зураг төсөв боловсруулалтын ажил гүйцэтгэх гэрээ"-г газар ашигласан гэж үзэх үндэслэлгүй юм.

Иймд анхан шатны шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 60 тоот шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

ХЯНАВАЛ:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээс гадна Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Нийслэлийн Засаг даргын 2010 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 822 дугаар захирамжаар Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газар болон С ХХК-д Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 50000 м.кв газрыг аж ахуйн зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж, гэрээ байгуулан гэрчилгээ олгожээ.

2013 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Нийслэлийн Засаг дарга төрийн байгууллагатай хамтран газар эзэмшиж байгаа этгээдүүдэд тухайн газраас нь хүсэлт гаргасан хэмжээгээр нь хуульд нийцүүлэн шилжүүлж, газрын дуудлага худалдааны анхны үнийг төлүүлэх тухай Газрын харилцааны талаар авах арга хэмжээний тухай А/307 дугаартай захирамжийг гаргасан байх бөгөөд нэхэмжлэгч С ХХК-д газар эзэмшүүлсэн шийдвэрийг уг захирамжийн дагуу газрын эрхийн дуудлага худалдааны анхны үнийг төлж, гэрээгээ шинэчлэх үүрэг, чиглэл өгсөн албан ёсны мэдэгдлийг удаа дараа хүргүүлэн, хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлсээр байхад шаардлагыг биелүүлээгүй гэсэн үндэслэлээр 2014 оны 04 дугаар сарын 04-ний өдрийн А/257 дугаар захирамжаараа хүчингүй болгожээ.

С ХХК-аас хариуцагчийн дээрх шийдвэрийг эс зөвшөөрч, хүчингүй болгуулахаар шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан бөгөөд үндэслэлээ гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор нь биелүүлсээр ирсэн, мөн төсөвт байгууллагатай хамтран газар эзэмшиж байгаа тул Газрын тухай хуулийн 33.1.2-д заасан дуудлага худалдаа явуулах заалт хамаарахгүй гэж тайлбарлажээ.

 

Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т энэ хуулийн 33.1.1/...төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй/-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно. гэж заажээ.

Хэрэгт авагдсан С ХХК болон Нийслэлийн газрын албаны хооронд байгуулсан Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, газар эзэмших эрхийн 0228907 дугаартай гэрчилгээ, тухайн газарт нимгэн төмөрлөгийн үйлдвэр байгуулах гэж байгаа гэсэн нэхэмжлэгчийн тайлбар зэргээс үзэхэд маргаан бүхий газрыг Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газар буюу төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газар гэж үзэх боломжгүй бөгөөд анхан шатны шүүхээс нэхэмжлэгч дангаар газрын төлбөрийг барагдуулж байсан, нимгэн төмөрлөгийн үйлдвэрийн зураг төсөл, хамтран ажиллах санал бичигт Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газар ямар нэгэн байдлаар оролцоогүй тул газрын нэхэмжлэгч хуулийн этгээд дангаар эзэмшиж байсан гэж үндэслэлтэй дүгнэжээ.

Үүнээс үзвэл нэхэмжлэгчийн төсвийн байгууллагатай хамтран эзэмшиж байгаа тул дуудлага худалдаа явуулахгүй гэсэн тайлбар үндэслэлгүй бөгөөд маргаан бүхий газрыг Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасны дагуу дуудлага худалдаа, төсөл шалгаруулах замаар эзэмшүүлэх байжээ.

Нийслэлийн Засаг дарга дээрх шийдвэрээ хуульд нийцүүлэх зорилгоор мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 / Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно./д заасны дагуу 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдөр А/307 дугаар захирамжаараа төрийн байгууллагатай хамтран газар эзэмшиж байгаа этгээдүүдийн хүсэлт гаргасан газрын хэмжээнд журмын дагуу дуудлага худалдааны анхны үнийг төлүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс тухайн захирамжийг эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчсөн эсэх талаар маргаагүй байна.

Үүнээс гадна хариуцагчаас дуудлага худалдааны анхны үнийг төлүүлэх тухай мэдэгдэж байсныг нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хүлээн зөвшөөрсөн байна.

Иймд нэхэмжлэгч С ХХК нь анх уг газрыг дуудлага худалдаа төсөл шалгаруулах замаар эзэмшээгүй, захиргааны байгууллагаас мэдэгдсээр байхад шаардлагыг биелүүлээгүй тул хариуцагчийг буруутгах үндэслэлгүй, өөрөөр хэлбэл, тус компанид газар эзэмших эрх хуульд заасан журмын дагуу үүсээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Түүнчлэн анхан шатны шүүхээс хийсэн үзлэгийн баримтууд болон нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбараас үзэхэд С ХХК нь маргаан бүхий газарт үйл ажиллагаа явуулаагүй болох нь тогтоогдож байгаа бөгөөд нэхэмжлэгч уг газарт нимгэн төмөрлөгийн үйлдвэр барихаар хөрөнгө оруулагчтай гэрээ байгуулан, үйлдвэрийн барилгын зураг төслийг хийлгэсэн зэргээр аж ахуйн үйл ажиллагаагаа явуулсныг газраа зориулалтын дагуу ашигласан гэж үзэх үндэслэлгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж үзэв.

            Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 60 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч С ХХК-ийнНийслэлийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн А/257 дугаар захирамжийн С ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

               

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Б.МӨНХТУЯА

                ШҮҮГЧ                                                        Э.ЗОРИГТБААТАР

                ШҮҮГЧ                                                            Э.ХАЛИУНБАЯР