Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 1011

 

 

 

 

 

 

 

 

 

               Р.Э, Ж.Г нарт холбогдох

               эрүүгийн хэргийн тухай

 

               Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Оюунчулуун, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                                                        

            прокурор Ч.Отгонсүрэн,

            шүүгдэгч Р.Э-гийн өмгөөлөгч Д.Батсүх,

            нарийн бичгийн дарга Д.Оргил нарыг оролцуулан,

 

                  Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 377 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Ч.Отгонсүрэнгийн бичсэн 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 40 дугаартай эсэргүүцлийг үндэслэн Р.Э, Ж.Г нарт холбогдох 201601000046 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 10 дугаар сарын 1-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Ч овгийн Р.Э, Дундговь аймгийн Гурвансайхан суманд 19.. оны .. дугаар сарын ..-ний өдөр төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ .................... ажиллаж байсан, одоо ............... дарга ажилтай гэх, ам бүл 6, эхнэр,  хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн ....... дүгээр хороо, ....... дугаар хорооллын ......... байрны ........ тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ............./,

 

2. Б овгийн Ж.Г, Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, хөдөлмөрийн эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн ... дугаар хороо, “..........” хотхоны .. дугаар байрны ... тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ......................../;

 

Р.Э нь 2012 оноос 2015 оны хооронд Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, Төрийн нарийн бичгийн дарга, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга буюу нийтийн албан тушаалтнаар тус тус ажиллах үедээ 1,141,800,000 төгрөгийн үнэ бүхий Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Ривер гарден” хотхоны 302 дугаар байрны 6 давхрын 602 тоот, 344.8 м.кв талбайтай орон сууц, 2 ширхэг автомашины зогсоолын хамт худалдан авч, хөрөнгө нь их хэмжээгээр нэмэгдсэн боловч уг хөрөнгө хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй гэмт хэрэгт,

Ж.Г нь найз Р.Э-г нийтийн албан тушаалтнаар ажиллах хугацаандаа хууль ёсны орлогоосоо гадна 1,141,800,000 төгрөгийн үнэ бүхий Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Ривер гарден” хотхоны 302 дугаар байрны 602 тоот орон сууц, 2 автомашины зогсоол худалдаж авахад нь 2012 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр RG17730261 дугаартай “Орон сууцны захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ”-г өөрийн нэр дээр байгуулан, улмаар 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр өөрийн нэрээр Ү-220604407 дугаарт улсын бүртгэлд бүртгүүлж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулах зэргээр Р.Эг үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэрэг үйлдэхэд учрах саадыг арилган дэмжлэг үзүүлж хамтран оролцсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Нийслэлийн прокурорын газраас Р.Э-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Ж.Г-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Нийслэлийн прокуророос Р.Э-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Ж.Г-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож, Р.Э, Ж.Г нарыг цагаатгаж, тэдэнд урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хориглосон хязгаарлалт тогтоох таслан сэргийлах арга хэмжээг тус тус хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 хавтас 189 хуудастай баримт бичгүүдийг, бичлэг бүхий 1 ширхэг CD-г эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээж, Ж.Гийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2206044073 дугаартай Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Их Монгол улс гудамж, “Ривер гарден” 302 дугаар байрны 602 тоот орон сууц, зоорийн давхарын 2-8, 2-9 тоот хаягт байршилтай автомашины зогсоолыг тус тус битүүмжилснийг хүчингүй болгож, эд хөрөнгийг битүүмжлэлээс чөлөөлж, энэ хэрэгт Р.Э нь 14 хоног цагдан хоригдсон, Ж.Г цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор Ч.Отгонсүрэн бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг дараах үндэслэлүүдээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1. Үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэргийг Эрүүгийн хуульд тусгай субьект буюу албан тушаалтан, бүрэн эрхийн хугацаанд, хууль ёсны эх үүсвэрээс хэт давсан хөрөнгө, орлого олсон, санаатай үйлдсэн, эд хөрөнгөө тайлбарлаж эс чадах гэсэн бүрэлдэхүүний таван шинжийг зэрэг хангаж байхаар тодорхойлсон байна.

Р.Э нь 2012 оноос 2015 оны хооронд Засгийн газрын шийдвэрээр Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, Төрийн нарийн бичгийн дарга, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдож, нийтийн албан тушаалтнаар ажиллах хугацаандаа 1,141,800,000 төгрөгийн үнэ бүхий орон сууц, 2 ширхэг автомашины зогсоолыг найз Ж.Гийн нэр дээр худалдан авч, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулан, одоо уг хөрөнгийг эзэмшин ашиглаж, гэр бүлийн хамтаар амьдарч байгаа нь хэргийн үйл баримтаар тогтоогдсон.

Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “... Энэ хуулийн 4.1 дэх заалтад заасан этгээдэд бусад хууль тогтоомжид тусгайлан хориглосноос гадна авлигын дараах зөрчлийг хориглоно...”, “Энэ хуулийн 7.1 дүгээр зүйлийн 8 дахь заалтад “...үндэслэлгүйгээр хөрөнгөжих...” гэж, мөн зүйлийн тайлбарт “...Албан тушаалтан зургаан сарын албан тушаалын цалин хөлс, орлогоос илүү хөрөнгө, орлогыг хууль ёсны дагуу олсон болохоо үндэслэлтэй тайлбарлаж чадахгүй тохиолдолд үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэж үзнэ...” гэж, мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь заалтад “Мэдүүлэг гаргагч нь өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хөрөнгө, орлого, зээлийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй” гэж заасан.

Р.Э нь нийтийн албан тушаалтнаар ажиллаж байх хугацаандаа өөрийн хөрөнгө, орлогын талаарх мэдүүлгийг гаргаж өгч байсан ба уг мэдүүлэгтээ гэр бүлийн гишүүний хөрөнгө, орлого, зээл болон бусдаас авах авлага, өглөгийн талаар огт мэдүүлээгүй байна.

Гэтэл анхан шатны шүүхээс “... бусдаас авсан их хэмжээний авлага, зээл, гэр бүлийн гишүүний хувиараа эрхлэх үйл ажиллагааны орлого...” зэргийг өөрийн хөрөнгө орлогын мэдүүлэгт мэдүүлээгүй зөрчил гаргасан хэдий ч тэрээр их хэмжээний орлого олсон эх үүсвэрээ “...бодитой, үнэн зөв, хууль ёсны болохыг үндэслэлтэй тодорхойлон тайлбарлаж чадаагүй” гэх нөхцөл байдал хангалттай, эргэлзээгүй буюу хөдөлбөргүй байдлаар тогтоогдоогүй...” гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзнэ.

Учир нь, шүүгдэгч Р.Э-гээс орон сууц, автомашины зогсоолуудыг худалдан авсан эх сурвалжаа “...өөрийн эхнэрийн хувиараа эрхэлдэг үнэт эдлэлийн худалдааны орлогоос 412,462,000 төгрөг, төрсөн дүү Р.Бүрэнжаргалын үл хөдлөх хөрөнгө борлуулсан орлогоос 106,000,000 төгрөг, хувь хүнээс буюу найз Ж.Г-өөс зээлж авсан 380.000.000 төгрөг, хуулийн этгээдээс авсан авлага буюу “Лозво ЖЛС” ХХК анх байгуулагдах үед түүхий эд худалдан авахад нь зарцуулж зээлсэн 160,000,000 төгрөг, хувь хүнээс буюу найз М.Нарангэрэлээс авсан авлага ба зээлийн 85,000,000 төгрөгийг тус тус орон сууц худалдан авахад зарцуулсан...” гэж тайлбарласан боловч түүний тайлбар нь дараах нотлох баримтуудаар үгүйсгэгдсэн. Үүнд:

Ж.Г сэжигтнээр өгсөн мэдүүлэгтээ “... Р.Э утсаар яриад намайг дуудаад Р.Э-тэй “Ривер гарден” хотхоны борлуулалтын албан дээр очсон. Тэгээд энэ байрыг худалдан авах гэрээг би хийж өгсөн. Р.Э-гийн хувьд би байр авах гэсэн юм, байрны захиалга өгөх гэсэн юм,чи очоод гэрээ хийгээд өгөөч гэсэн,...би гэрээг нь хийж өгсөн юм. Энэ байр бол миний байр биш, Э-гийн байр юм. Төлбөр мөнгийг нь хэрхэн төлсөн талаар мэдэхгүй байна. Захиалах байрны хаягийг нь Р.Э надад хэлж өгч байсан юм. Р.Э бид хоёрын хооронд ямар
нэгэн өр, авлага байхгүй. Бид хоёрын дунд бие, биедээ мөнгө, төгрөг зээлж байсан
тохиолдол байхгүй болно. Бид жирийн найзууд юм. Миний хувьд Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн дагуу нуусан ямар нэгэн хөрөнгийг ил болгосон зүйл байхгүй болно. Р.Э, Г.Батчимэг нартай хамтран бизнес эрхэлж байсан зүйл байхгүй болно. Би ямар нэгэн байдлаар Р.Э-гийн эзэмшлийн компанийг ажиллуулж байсан зүйл байхгүй...” /1-р хх 15-16/ гэсэн мэдүүлэг, сэжигтнээр байцаалт өгч байх явцыг бэхжүүлсэн бичлэг бүхий CD,

Ж.Г-ийн “Нүүдэлчдийн соёл” эртний үнэт эдлэлийн дэлгүүрийн албан татвар төлсөн байдал /12-р хх 127-128/,

Гэрч Г.Батчимэгийн /Р.Э-гийн эхнэр/ “...Бид одоо гэр бүлээрээ Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Ривер гарден” хотхоны 302-602 тоот байрандаа амьдарч байгаа. Энэ байр бол манай байр. Уг байрыг бид 2012 онд гэрээ байгуулан, гэрээний дагуу төлбөрийг төлж худалдаж авч байсан юм...” /1-р хх 133-134/, “Лозво ЖЛС” ХХК нь манай нөхөр Р.Эгийн төрсөн дүү Р.Бүрэнжаргалын компани юм. Манай найз М.Нарангэрэл 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Монголд ирэх үеэрээ надад бэлнээр өгсөн юм. Орон сууц захиалгын гэрээний төслийн хувьд манай хадам ээж Э.Очирхуягийн нэр дээр байр захиалахаар анх ярьж байх үеийн гэрээ байна. Ямар учраас ээж Э.Очирхуягийн нэр дээр захиалаагүй учрыг би мэдэхгүй байна, манай нөхөр Р.Э мэднэ. Би Ж.Г-ийн нэрээр миний бие байрны мөнгийг тушаасан гэдгээ мэдүүлж байгаа шүү дээ. ...” /1-р хх 135-136/ гэх мэдүүлэг,

Гэрч Р.Б-ын /Р.Э-гийн төрсөн дүү/ “Лозво ЖЛС” ХХК-ийг миний бие 2007-2008 оны үед үнэт эдлэлийн үйлдвэрлэл эрхлэх, гадаад худалдааны үйл ажиллагаа явуулахаар үүсгэн байгуулж байсан. Тус компани үнэт эдлэл үйлдвэрлэх үйл ажиллагааг 2009-2010 оны үед идэвхитэй явуулж байгаад үйл ажиллагаагаа зогсоосон юм. Тус компани нь монет худалдаж аваад, түүгээрээ ээмэг, бөгж хийх үйлдвэрлэл явуулж худалдан борлуулдаг байсан. Надад компанитай холбоотой санхүүгийн бүртгэл, данс тооцоо гэх зүйл байхгүй. ...” гэсэн /1-р хх 137/, “... Батчимэг хөрөнгө оруулалт гэх зүйл хийж байсан зүйл байхгүй. Миний хувьд 2010 оноос компанийн үйл ажиллагаа явуулаагүй. ...” гэх мэдүүлэг,

Гэрч Р.Д-ийн “.../Улсын бүртгэлийн ерөнхий газрын дэд даргаар ажиллаж байсан/ “...Эрдэнэбүрэнгийн эхнэр нь нэг хавтастай бичиг баримт барьчихсан Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн ажлын хэсгийн хүмүүс хаана сууж байгаа талаар надаас асуусан. Тэгэхэд Р.Э-гийн эхнэр нь тэнд юм асуугаад үлдсэн юм. ...” гэх мэдүүлэг /1-р хх 143/,

Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн
20-3/1221 дугаар албан бичгээр ирүүлсэн Татварын хяналт шалгалт хийсэн дүнгийн
танилцуулга, Татварын улсын байцаагчийн 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн
240012512, 240012513 дугаар акт /2-р хх 93-101/,

Татварын улсын байцаагч, гэрч О.Энхтуяагийн “...Түүнд татвар ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хөндлөнгийн мэдээлэл, санхүүгийн баримт, материалыг үндэслэн шалгасан. Мөн Г.Батчимэгтэй ярилцлага хийсэн болно. Мөн Г.Батчимэгээс ирүүлсэн өөрийнх нь хөтөлж, бүртгэж байсан данс бүртгэлийн хар дэвтэр дээрх мэдээлэл, ярилцлагаар авсан мэдээлэл зэргийг үндэслэн 240012513 тоот акт үйлдсэн юм. Дээрх хуулийн гол зорилго нь нуусан хөрөнгө, орлогыг ил болгох, тайлагнах явдал юм. Гэтэл өөрийн нэр дээр гэрээ байгуулан орон сууц худалдан авч, төлбөрийг нь төлж, үл хөдлөхийн гэрчилгээг гаргуулан авсан буюу хуулийн дагуу эд хөрөнгө худалдан авсан иргэн ямар учраас эд хөрөнгөө Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуульд хамруулж байгаа учрыг бид мэдэхгүй. Тухайн эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь хэн бэ гэдгийг хуулийн байгууллага шалгаж тогтоох нь зүйтэй юм. ...” гэх мэдүүлэг /11-р хх 108/,

Татварын улсын байцаагч С.Тамираагийн “...Иргэн Г.Батчимэгийн татвар ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийхэд хөндлөнгийн мэдээлэл байхгүй, банкны дансны гүйлгээгээр дээрх 8.500.000 төгрөгийн гүйлгээнээс өөр орлого байхгүй байсан тул өөрийнх нь тайлагнасан буюу авч ирсэн данс бүртгэлийн дэвтэр, ярилцлагаас олж авсан мэдээллийг үндэслэн борлуулалтын орлогын хэмжээг тодорхойлохоос өөр арга байгаагүй. ...” гэх мэдүүлэг /11-р хх 109/,

“Сенор аудит” ХХК-ийн аудитор, гэрч Д.Бүдрагчаагийн “...Уг дүгнэлтийг хүсэлт гаргасан иргэн Г.Батчимэгийн гаргаж өгсөн орлого, зарлага бүртгэх дэвтэр болон банкны дансны хуулгыг үндэслэсэн. Уг орлогыг яг алт мөнгө борлуулснаас олсон орлого мөн, биш гэдгийг хүсэлт гаргагч Г.Батчимэг өөрөө л тайлбарласныг үндэслэсэн. Түүнээс биш манай компани цааш нь эцэслэн шалгаагүй. ...Нийт 395.406.000 төгрөгийн орлого олсон гэж гараар хөтөлж бүртгэсэн байсныг баталгаажуулсан. Түүнээс биш өөрөөр гаалийн мэдүүлэг, бүрдүүлэлт, тухайн жилд татвар төлсөн байдал зэргийг нь үзэж харсан зүйл байхгүй. Зөвхөн өөрийнх нь гаргаж өгсөн баримтанд үндэслэж дээрх аудитын дүгнэлтэнд оруулж, баримтанд дурьдагдсан орлогыг баталгаажуулсан гэдгийг дахин хэлье. ...” гэх мэдүүлэг /13-р хх 38-39/,

“Лозво ЖЛС” ХХК-ийн 2008 оноос 2009 онуудын Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан, Цалин хөлс болон түүнтэй адилтгах орлогын тайлангуудын хуулбар /11-р хх 117-138/,

Хил хамгаалах ерөнхий газрын 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 7-2/4415 дугаартай албан бичиг, М.Нарангэрэлийн иргэний үнэмлэхний лавлагаа /11-р хх 113, 116/,

Р.Э-гийн хөрөнгө, орлогын мэдүүлгүүд болон хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримтуудаар шүүгдэгч Р.Э, Ж.Г нарын үйлдсэн гэмт хэрэг тогтоогдсон байна.

Дээрх нотлох баримтуудаар Р.Э нь 1,141,800,000 төгрөгийн орон сууцыг албан тушаалын бүрэн эрхийн хугацаандаа хууль ёсны эх үүсвэрээсээ хэт давсан хөрөнгөөр худалдаж авсан бөгөөд тухайн эд хөрөнгөө тайлбарлаж чадаагүй болох нь нотлогдоно.

2. Үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг болохыг Авлигын эсрэг конвенцын 20 дугаар зүйл болон 3 дугаар бүлэгт тодорхойлж, санаа, сэдэлтийг заавал тогтоохыг үүрэг болгосон боловч энэ гэмт хэрэг нууц далд аргаар үйлдэгддэг болохыг харгалзан санаа, зорилгыг хэргийн үйл баримт, нөхцөл байдлаас дүгнэн тогтоож болохыг конвенцийн 28 дугаар зүйлээр зөвшөөрсөн байна.

Иймд Р.Э нь Ж.Г-ийн нэр дээр худалдан авсан орон сууц, 2 автомашины зогсоолыг Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн үйлчлэлд хамруулсан нь өөрийн үйлдсэн гэмт хэргийг нуун далдалсан санаатай үйлдэл гэж үзнэ.

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн зорилт нь хувь хүн, хуулийн этгээд бусдын нэр дээр бүртгүүлсэн, нуун дарагдуулсан өөрийн өмчлөлийн хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй адилтгах бусад хөрөнгө, олсон орлого, үзүүлсэн үйлчилгээгээ ил тод болгон үнэн зөв, шударгаар санхүү, татварын болон нийгмийн даатгалын тайланд тусгаж, шинээр тайлагнасан, гаалийн байгууллагад нөхөн мэдүүлсэн, улсын бүртгэлд шинээр бүртгүүлсэн байх ба эдгээр үйл ажиллагаа нь хувь хүн, хуулийн этгээдийн зүгээс сайн дурын үндсэн дээр хийгдсэн тохиолдолд тэдгээрийг хуульд заасан хариуцлага болон албан татвараас нэг удаа чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахаар заасан.

Дээрх үл хөдлөх эд хөрөнгүүд Ж.Гийн хууль ёсны өмч байсан бол тухайн хуулийн үйлчлэлд хамруулах шаардлагагүй байсан.

Гэтэл Р.Э нь Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 6.1 дүгээр зүйл  “... Энэ хуулийн 4.1, 5.1 дэх заалтад заасны дагуу хуулийн хариуцлагаас чөлөөлөгдөх хувь хүн, хуулийн этгээдэд ийнхүү чөлөөлөгдөхөөр заасан үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэх, захиргааны хариуцлага хүлээлгэх, гүйцэтгэх ажил явуулахыг хориглоно...” гэж, мөн зүйлийн 6.2 дугаар зүйл “...энэ хуулийн 6.1 дэх заалтад заасан хувь хүн, хуулийн этгээдэд холбогдох мэдээлэл, ... тэдгээрийн эх үүсвэр, хэмжээ, үнэ, өртгийг нууцлах бөгөөд нотлох баримт болгон ашиглахыг хориглоно” гэж заасныг ашиглан өөрийн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэмт хэргээ нуун далдлах зорилгоор орон сууц, автомашины зогсоолыг уг хуулийн үйлчлэлд хамруулсан. Энэхүү нөхцөл байдлыг анхан шатны шүүхээс харгалзан үзэлгүйгээр, шүүгдэгч Р.Эгийн хууль бусаар буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн үл хөдлөх хөрөнгийг Ж.Гийн хууль ёсны өмч хэмээн дүгнэж, хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгасан нь хэргийн бодит байдалтай нийцээгүй бөгөөд дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан байна.

Иймд Хан-уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 377 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү ...” гэв.

 

Шүүгдэгч Р.Э-гийн өмгөөлөгч Д.Батсүх тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Прокурортой нэг зүйл дээр санал нэгдэж байна. Миний үйлчлүүлэгчийг буруутгасан гэмт хэргийн байвал зохих шинжүүдийг улсын яллагч тав гэж үзсэн. Ер нь дөрвөн үндсэн шинжийг тогтоосон байх ёстой. Прокурорын тодорхойлоод байгаа шинжүүдээс албан тушаалын бүрэн эрхийн хугацаанд хамаарах асуудлаар гэмт хэрэгт буруутгасан. Энэ албан тушаалтан байх ёстой гэдэгт маргах зүйл байхгүй.

Харин хэргийг мөрдөн шалгах явцад энэ маргаан бүхий хөрөнгийг хууль ёсны дагуу олж авсан хөрөнгө, орлогоос хэт давсан орлогоор бий болсон гэдгийг нотолсон байх ёстой. Энэ олсон эд хөрөнгөө тайлбарлаж эс чадах гэсэн ийм үндсэн шинжүүд зайлшгүй бүрэн тогтоогдсон байх ёстой. Тэгэхээр энэ бүгд бүрэн тогтоогдоогүй. Хөрөнгө худалдан авах орлого нь хууль бус байсан гэдгийг улсын яллагчийн хувьд анхан шатны шүүхэд нотолж чадаагүй. Харин эд хөрөнгөө тайлбарлаж эс чадсан гэдэгт мөрдөн байцаалтын шатнаас мэдүүлгүүдээ өгсөн. Ямар эх үүсвэрээс, хаанаас бий болгосон, хэдэн төгрөгөөр авсан талаараа маш тодорхой мэдүүлсэн. Сая прокуророос шүүхийн хэлэлцүүлгийн явцад тийм зүйл ярьсан мэтээр ярих гэж байна. Тийм зүйл байхгүй. Энэ эд хөрөнгийг авах болсон зээлийн эх үүсвэрийг албан тушаал эрхэлж байх хугацаандаа хөрөнгө орлогын мэдүүлэгт мэдүүлээгүй учраас энэ нь гэмт хэргийн шинжийг агуулж байна гэж тайлбарлаж байна. Хөрөнгө орлогын мэдүүлэгт мэдүүлээгүй зөрчлийн асуудал байгаа. Уг зөрчил нь энэ гэмт хэргийн шинжид хамаарах эсэхэд анхан шатны шүүхээс холбогдох баримтуудыг үндэслээд, үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Хөрөнгө, орлогын мэдүүлэгт тусгаагүй асуудалд холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээдэг. Захиргааны болон албан тушаалын хариуцлага хүлээнэ. Гол нь энэ хөрөнгийн эх үүсвэр юу байсныг эргэлзээгүй нотолж чадаагүй. Ж.Г сэжигтнээр өгсөн мэдүүлгийн талаар ямар нөхцөлд, яаж өгснөө тодорхой мэдүүлсэн. Энэ мэдүүлгийг үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүй. Ж.Г сэжигтнээр өгсөн мэдүүлэгтээ “бид хоёрын хооронд ямар ч өглөг, авлага байхгүй” гээд тухайн үед мэдүүлж байсан боловч хэрэгт авагдсан нотлох баримтаар уг гэрээг Ж.Г өөрөө хийсэн болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Мөн гэрээний төлбөрийн эхний хэсэг болох 100.000.000 төгрөгийг Ж.Г өөрөө банкаар шилжүүлж төлсөн болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Тэгэхээр Ж.Г-ийн сүүлд өгсөн мэдүүлгүүд эдгээр баримтуудаар батлагдсан. Ямар нөхцөл байдалд анхны мэдүүлгүүдийг өгсөн бэ гэдэг тал дээр батлаад байгаа. Р.Эгийн эхнэр Батчимэгийн мэдүүлгийн хэсгээс эсэргүүцэлдээ дурдсан. Тэгвэл Батчимэгийн өгсөн удаа дараагийн мэдүүлгүүдийг бүхэлд нь хянаж үзэх ёстой. Энэ дурдсан мэдүүлэгт ч гэсэн Р.Э-г буруутгасан мэдүүлэг байхгүй. Энэ хүмүүс анхнаасаа энэ байр манай байр гэж хэлээд байгаа. Ямар агуулгаар нь хэлээд байгаа вэ? гэхээр нийтдээ 1,148,800,000 төгрөгийн 380,000,000 төгрөгийг Ж.Г-өөс зээлсэн, бусдыг нь хүнээс зээлсэн, тодорхой хэмжээний мөнгийг гэр бүлийнхээ бизнесийн орлогоос олсон гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Тийм учраас ирээдүйд энэ зээл төлөгдөөд дуусахаар энэ байр манай байр болох юм гэдэг агуулгаар үнэн зөв мэдүүлгүүдийг өгсөн. Энэ эргэлзээтэй мэдүүлгүүдээс улсын яллагч зөвхөн яллах талын, буруутай талын хэсгийг нь аваад шүүхийн шийдвэрт гомдож эсэргүүцэл бичээд байгаа нь үндэслэлгүй. Цагаатгах талын нотлох баримтуудыг мушгиж тайлбарлаад байна. Батчимэг гэж хүн өөрийн хувийн үнэт эдлэлийн худалдааны чиглэлээр олсон орлогоо үнэн зөвөөр эргэж тайлагнаад, татварын байгууллагаас акт тавигдсан. Энэ үйл баримтыг яллах талын нотлох баримт болгож байгаа нь үндэслэлгүй. Энэ нь эсрэгээрээ цагаатгах талын нотлох баримтууд байгаа. Хил хамгаалах Ерөнхий газрын албан бичгийг дурдсан. Хэргийн 11 дүгээр хавтасны 116, 113 дахь хуудаст байгаа. Тэгэхээр энэ асуудлыг бүрэн шалгаагүй. Батчимэг мэдүүлэгтээ “энэ Нарангэрэл гэж хүн Америкийн Нэгдсэн Улсын иргэн болчихсон учраас үүнийг шалгаж өгөөч” гэсэн ийм агуулгатай мэдүүлэг өгөөд байхад Нарангэрэл гэдэг хүнийг Монгол Улсын иргэн гэдгээр регистерээр нь хайгаад олж авсан баримтаар худлаа ярьсан гэж үзэж буруутгасан. Гэтэл Америкийн Нэгдсэн Улсын иргэний хувьд Америкийн Нэгдсэн Улсын иргэний бичиг баримтын хүрээнд энэ асуудлыг шалгаж, тогтоох ёстой байсан. Энэ ажиллагаа бүрэн гүйцэт хийгдээгүй.

Энэ хөрөнгийг Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуульд бүртгүүлсэн талаарх асуудалд улсын яллагч хуулийн зүйл заалтыг буруу ойлгоод байна. Хуульд бусдын нэр дээр бүртгүүлсэн гэж, нуун дарагдуулсан гэж тус тусдаа ойлголт байгаа. Бусдын нэр дээр байхгүй ч гэсэн ил болгоогүй хөрөнгийг гэж ойлгож байгаа. Ж.Г гэж хүний энэ үл хөдлөх хөрөнгөд зээлдүүлсэн 380,000,000 төгрөг байгаа учраас өөрийн нэр дээрээ бүртгүүлсэн. Үл хөдлөх хөрөнгө Ж.Гийн нэр дээр явж байгаа боловч 380,000,000 төгрөгөө ил тод болгож байгаа юм. Ингэж ил тод болгосон нь хууль зөрчөөгүй.

Анх энэ үл хөдлөх хөрөнгийг Р.Э хахуульд авсан гэдэг үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэсэн. “Номин констракшн” ХХК-д зээл олгосон учраас хахуульд нь уг үл хөдлөх хөрөнгийг авсан гэж үзсэн. Үүнийг шалгаад тогтоож чадаагүй. Тэгээд болохгүй болохоор нь энэ асуудал руу орсон гэж харж байна. Прокурорын эсэргүүцэлдээ дурдсан үндэслэлүүд бусад нотлох баримтаар үгүйсгэгдэж байгаа. Энэ талаар цагаатгах талын нотлох баримтууд, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад өмгөөлөх талаас мэтгэлзэж гаргасан нотлох баримтуудаар хангалттай бүрэн гүйцэт нотлогдсон баримтууд биш. Хэргийн бодит байдлыг эргэлзээгүйгээр тогтоох баримт болж чадахгүй байна. Тухайн үед улсын яллагч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “хэргийн бодит байдлыг тогтоохын тулд прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч, яллах нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох”  гэж заасан үүргээ хэрэгжүүлж чадаагүй. Иймээс анхан шатны шүүх Р.Э, Ж.Г нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан нь хуульд нийцсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна. Иймд прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Р.Э, Ж.Г нарт холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ улсын яллагчийн эсэргүүцлээр хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

 

Прокуророос шүүгдэгч Р.Э-г 2012-2015 оны хооронд Барилга, хот байгуулалтын яам /Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам/-ны Төрийн нарийн бичгийн  дарга болон үүрэг гүйцэтгэгчээр ажиллах хугацаандаа 1,141,800,000 төгрөгөөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Ривер гарден” хотхоны 302 дугаар байрны 602 тоот, 344.8 м.кв талбайтай орон сууцыг 2 автомашины зогсоолын хамт худалдан авснаа хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, шүүгдэгч Ж.Г-ийг уг орон сууц болон автомашины зогсоолуудыг худалдан авах гэрээг өөрийн нэр дээр байгуулж, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулах зэргээр Р.Э-г үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж хамтран оролцсон гэж үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийг 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлжээ.

 

1. Аливаа гэмт хэргийн нотолбол зохих байдлууд, нотлох ажиллагаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн шинжээр хязгаарлагддаг.

 

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2701 дүгээр зүйлд заасан “Хууль бусаар хөрөнгөжих” гэмт хэргийн шинжийг “Нийтийн албан тушаалтан хууль ёсны орлогоосоо гадна их хэмжээний эд хөрөнгө, орлого олсон нь тогтоогдсон бол ... ял шийтгэнэ” гэж тодорхойлсноос үзвэл хэргийн бодит байдлыг тогтоохын тулд мөрдөгч, прокурор нь нийтийн албан тушаалтны хууль ёсны орлогоосоо гадна олсон их хэмжээний хөрөнгө, орлого, түүний хэмжээ, эх үүсвэрийг шалгаж, нотлох үүрэгтэй байв.

Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлд дээрх гэмт хэргийг “Үндэслэлгүйгээр хөрөнгөжих” гэсэн нэршлээр тусгаж, гэм буруутай үйлдлийг “Нийтийн албан тушаалтан өөрийн хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй бол ... ял шийтгэнэ” гэж тодорхойлжээ. Үүний дагуу үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэргийн нотлох ажиллагааны хамгийн чухал хэсэг болох албан тушаалтны хууль ёсны орлогоос хэт давсан хөрөнгө, орлогын эх сурвалжийг тогтоох ажиллагаа нь албан тушаалтны өөрийнх нь тайлбар, нотолгоонд тулгуурлан үндэслэлтэй, бодитой эсэхийг шалгах замаар хэрэгжихээр зохицуулсан байна.

 

“Үндэслэлгүйгээр хөрөнгөжих” гэмт хэргийн шинжийг хуульчилсан дээрх хуулийн зохицуулалтуудаас шалтгаалан нотлох ажиллагаа, нотолбол зохих байдлууд харилцан адилгүй байгаа нөхцөлд албан тушаалтны оролцоогүйгээр хэргийн байдлыг бүрэн тогтоох үүргийг мөрдөгч, прокурорт хариуцуулсан агуулгатай 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2701 дүгээр зүйл нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн, ашигтай нөхцөл байдлыг үүсгэжээ.  

 

Гэтэл прокуророос шүүгдэгч Р.Э-г нийтийн албан тушаалд ажиллах хугацаандаа орон сууц, автомашины зогсоолуудыг худалдан авснаа хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй гэж үзэн шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр хэргийг зүйлчилж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан нь мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “... гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж заасан хууль буцаан хэрэглэх зарчмыг зөрчиж байна.  

 

2. Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судалж үзвэл шүүгдэгч Ж.Г нь найз Р.Э-гийн нийтийн албан тушаалтнаар ажиллах хугацаандаа үндэслэлгүйгээр хөрөнгөжиж олж авсан гэх Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “River garden” хотхоны 302 дугаар байрны 602 тоот орон сууц болон зоорийн давхарын 2-8, 2-9 тоот автомашины зогсоолуудыг “Номин констракшн” ХХК-иас 1,141,800,000 төгрөгөөр худалдан авах тухай 2012 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн “Орон сууцны захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ”, 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн “Нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ”-г байгуулж, өөрийн нэр дээр улсын бүртгэлийн Ү-2206044407 дугаарт бүртгүүлэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000437893 дугаар гэрчилгээ авсан бөгөөд уг үл хөдлөх хөрөнгүүд Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн үйлчлэлд хамрагдсан болох нь:

№ RG17730261 тоот “Орон сууц захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ, түүнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай RG17730261 тоот гэрээ /1-р хх 26-31/,

Нийслэлийн Улсын бүртгэлийн газрын 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 000437893 дугаар “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ” /1-р хх 18/,

Орон сууцны хувийн хэрэгт үзлэг хийж, холбогдох материалыг хуулбарлан авах талаар Авилгатай тэмцэх газрын 2016 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 06/1049 дүгээр албан бичиг /2-р хх 80/,

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2 дахь хэсгүүдийг үндэслэн үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэрэгт үзлэг хийлгэхээс татгалзсан Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын 2016 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 1/2320 тоот албан бичиг /2-р хх 81/ зэргээр тогтоогдож байна.   

 

Дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг шүүгдэгч Ж.Г-ийн нэрээр улсын бүртгэлд бүртгүүлж, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн үйлчлэлд хамруулсан талаар яллах болон өмгөөлөх талууд маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт энэ хуулийн зорилтыг “... хувь хүн, хуулийн этгээд бусдын нэр дээр бүртгүүлсэн, нуун дарагдуулсан өөрийн өмчлөлийн хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй адилтгах бусад хөрөнгө, олсон орлого, үзүүлсэн үйлчилгээгээ ил тод болгон үнэн зөв, шударгаар санхүү, татварын болон нийгмийн даатгалын тайланд тусгаж, шинээр тайлагнасан, гаалийн байгууллагад нөхөн мэдүүлсэн, улсын бүртгэлд шинээр бүртгүүлсэн байх ба эдгээр үйл ажиллагаа нь хувь хүн, хуулийн этгээдийн зүгээс сайн дурын үндсэн дээр хийгдсэн тохиолдолд тэдгээрийг хуульд заасан хариуцлага болон албан татвараас нэг удаа чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.” гэж тодорхойлсон.

 

Хөрөнгө, орлогоо ил болгож бүртгүүлэх, мэдүүлэх, тайлагнах хугацааг Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 2016 оны 2 дугаар сарын 20-ны өдөр дуусгавар болгохоор заасан бөгөөд мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.4 дэх хэсэгт зааснаар бусдын нэр дээр бүртгүүлсэн, нуун дарагдуулсан үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэн ил болгохоор зохицуулсан байна.

 

Гэтэл прокуророос Ж.Г-ийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлж, дээрх хуулийн үйлчлэлд хамруулсан үл хөдлөх эд хөрөнгүүдийн эх сурвалжийг тогтоох зорилгоор Р.Э-д эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэмт хэрэгт яллагдагчаар татсан зөрчил тогтоогдов.

 

Тухайлбал: Хөрөнгө, орлогоо ил болгож мэдүүлэх хуульд заасан хугацаа дууссаны дараа буюу 2016 оны 2 дугаар сарын 15-ны өдөр Авилгатай тэмцэх газрын Гүйцэтгэх ажлын хэлтсээс Р.Э-д эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулахаар холбогдох материалыг хүргүүлсэн /1-р хх 16/, Авилгатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2016 оны 2 дугаар сарын 29-ний өдөр Эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн байцаалт явуулах тогтоол үйлдэн Р.Эрдэнбүрэн, Ж.Г нарт холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсны үр дүнд прокурорын яллах дүгнэлтэд дурьдсан яллах нотлох баримтууд хэрэгт цугларчээ.

 

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 4.1...-д заасны дагуу хуулийн хариуцлагаас чөлөөлөгдөх хувь хүн, хуулийн этгээдэд ийнхүү чөлөөлөгдөхөөр заасан үндэслэлээр дахин эрүүгийн хэрэг үүсгэх, захиргааны хариуцлага хүлээлгэх, гүйцэтгэх ажил явуулахыг хориглоно.” гэж, 6.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 6.1-д заасан хувь хүн, хуулийн этгээдэд холбогдох мэдээлэл, тэдний мэдүүлсэн ... албан татвар ногдох зүйл, ... түүнтэй адилтгах орлого, тэдгээрийн эх үүсвэр, хэмжээ, үнэ, өртгийг нууцлах бөгөөд нотлох баримт болгон ашиглахыг хориглоно” гэж тус тус заасныг мөрдөгч, прокурор зөрчин хуулиар хориглосон хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байх тул прокурорын яллах дүгнэлтэд дурьдсан яллах талын нотлох баримтуудыг бүгдийг хууль зөрчиж цуглуулсан гэж үзнэ. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийн хуулийг жинхэнэ агуулгаар нь зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Харин шүүх цагаатгах тогтоол гаргахдаа хууль зөрчин явуулсан мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд цугларсан нотлох баримтуудыг үнэлж, дүгнэсэн байх боловч шүүгдэгч нарыг цагаатгасан үндэслэл нь хуульд нийцсэн гэж үзсэн тул давж заалдах шатны шүүхээс энэ алдааг зөвтгөн шийдвэрлэсэн болно. 

 

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт “Энэ хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдсон журмыг Засгийн газар батлана” гэсний дагуу Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 348 дугаар тогтоолын хавсралтаар хууль хэрэгжүүлэх журмыг баталжээ.

 

Дээрх хууль болон журамд зааснаар бусдын нэр дээр бүртгүүлсэн, нуун дарагдуулсан үл хөдлөх эд хөрөнгийг хуулийн үйлчлэлд хамруулж ил болгон мэдүүлэх үйл ажиллагаа нь улсын бүртгэлд бүртгүүлснээр хэрэгжихээр зохицуулсан байна. Гагцхүү бүртгүүлэхээс өмнө тухайн хөрөнгийг гэмт хэрэг үйлдэж олсон болохыг холбогдох төрийн байгууллага, албан тушаалтны хяналт шалгалтаар тогтоосон, эсхүл энэ төрлийн хяналт шалгалт хийгдэж байх үед хариуцлагаас зайлсхийх зорилгоор Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн үйлчлэлд хамруулж улсын бүртгэлд бүртгүүлсэн бол хөрөнгөө ил болгосон гэж үзэхгүй.

 

Уг хуулиар гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогод хязгаарлалт тогтоохгүйгээр тухайн этгээд нуусан, бусдын нэр дээр бүртгүүлсэн хөрөнгө, орлогоо сайн дурын үндсэн дээр ил гаргаж, хууль ёсны болгон бүртгүүлэх, мэдүүлэх, тайлагнах боломжийг олгосны зэрэгцээ чөлөөлөгдөхөөр заасан үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэх, гүйцэтгэх ажил явуулах, тухайн хүний нэр болон хөрөнгийн эх сурвалжийн талаарх мэдээллийг нууцалж, нотлох баримт болгон ашиглахыг хоригложээ. “... Чөлөөлөгдөхөөр заасан үндэслэлээр ...”  гэдэгт нуун дарагдуулсан, бусдын нэр дээр бүртгүүлсэн байдлыг хамааруулан ойлгох бөгөөд ямар шалтгаантай болохыг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагаа явуулахыг хуулиар хориглосон гэж үзэх тул “... Р.Э нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэмт хэргээ нуун далдлах зорилгоор Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг ашигласан байхад энэхүү нөхцөл байдлыг шүүх харгалзан үзээгүй ...” гэсэн прокурорын эсэргүүцэл хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Иймд анхан шатны шүүх Эрүүгийн хууль, бусад хуулийг жинхэнэ агуулгаар нь зөв тайлбарлан хэрэглэж, шүүгдэгч Р.Э, Ж.Г нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 377 дугаар цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Ч.Отгонсүрэнгийн бичсэн 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 40 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Т.ӨСӨХБАЯР

                                    ШҮҮГЧИД                                                       Д.ОЮУНЧУЛУУН

                                                                                                            М.ПҮРЭВСҮРЭН