Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 102/ШШ2017/02030

 

 

 

 

 

2017 оны 07 сарын 19 өдөр                      Дугаар 102/ШШ2017/02030                          Улаанбаатар хот

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 50 дугаар байр, 3 дугаар орц, 0 тоот хаягт байрлах “Дулаан хаан-50” сууц өмчлөгчдийн холбооны  нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 15-1 дүгээр байр, 01 тоот хаягт оршин суух, Ч.Отгонгэрэлд холбогдох

 

Сууц өмчлөгчдийн холбооны үйлчилгээний төлбөрт 138,573 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч, хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:   

     

Нэхэмжлэгч “Дулаан хаан-50” сууц өмчлөгчдийн холбоо нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Тус 15-1 дүгээр байрны 01 тоотын суугч Ч.Отгонгэрэл нь 2016 оны 12 дугаар сараас 2017 оны 1, 2, 3, 4, 5 дугаар сар хүртэл сууц өмчлөгчдийн холбооны төлбөрөө төлөлгүй үндсэн төлбөр 106,800 төгрөг, алданги 31,773 төгрөг, бүгд 138,573 төгрөгийн хохирлыг байгууллагад учруулаад байна. Уг суугчийн сарын төлбөр нь 17,800 төгрөг ба төлбөрөө төлөөгүйн улмаас бусдад учруулсан хохирол нь сууц өмчлөгчдийн холбооны дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээ сангийн засвар хийх сууц өмчлөгчдийн холбоог хуримтлалгүй болгож хөрөнгийн хомсдолд оруулж байна. Мөн амьжиргааны доод зэрэглэлийн цалин авч цаг хугацаагүй ажилтай байдаг үйлчлэгчийг хэдэн сар жилээр хөлс мөнгөгүй зарж байгаа нь үүргээ ухамсарладаггүйгээс гадна хүний эрхийн хэм хэмжээг зөрчиж байгаа юм. Сууц өмчлөгчдийн холбооноос төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч одоог хүртэл нэг ч төгрөг барагдуулаагүй тул хуулийн дагуу 138,573 төгрөгийг уг суугчаас гаргуулж өгнө үү” гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Өнөхишиг нь 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Дулаан хаан-50” сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч Ч.Отгонгэрэлээс 138,573 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Хариуцагч Ч.Отгонгэрэл нь төлбөрөө барагдуулсан тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байгааг хүлээн авна уу гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Дулаан хаан-50” сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч Ч.Отгонгэрэлд холбогдуулан сууц өмчлөгчдийн холбооны үйлчилгээний төлбөрт 138,573 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “Дулаан хаан-50” сууц өмчлөгчдийн холбоо нь төлбөрөө төлсөн шалтгаанаар нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлт гаргасан байна. Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон                                                                                                        

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч Ч.Отгонгэрэлд холбогдох сууц өмчлөгчдийн холбооны үйлчилгээний төлбөрт 138,573 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч “Дулаан хаан-50” сууц өмчлөгчдийн холбооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Өнөхишиг нь татгалзсаныг баталж, хэргийг  хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4,807 төгрөгийн тал хувь болох 2,403.5 төгрөгийг улсын орлогод үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 2,403.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгосугай.

 

3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                             М.МӨНХТӨР