Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 2022/ШЦТ/37

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалан,

           Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Алтанлхам,

           Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр,

Хохирогч: Т.О,

Хохирогчийн өмгөөлөгч: Т.Уянга,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Лхагважав,

            Шүүгдэгч: Ц.Г  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын ãазрын хяналтын прокурор А.Анхбаяраас Ýð¿¿ãèéí õóóëèéí òóñãàé àíãèéí 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт ÿëëàх дүгнэлт ¿éëäýæ èð¿¿ëñэн шүүгдэгч Ц овогт Цын Год холбогдох  2235000000023  äóãààðòàé эрүүгийн хэргийг 2022 оны 02 дугаар сарын  08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,1992 оны 1 дүгээр сарын 16-нд Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Хаан банкинд мэдээлэл үйлчилгээний ажилтан ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн 2-р 48 айлын орон сууцны 17 тоотод оршин суудаг, урьд 2017 оны 9 дүгээр сарын 15-ны 85 дугаартай шийтгэх тогтоолоор 500.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, Ц овогт Цын Г /РД:ОЮ83042013/.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Г нь Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр багийн нутагт байрлах “Ачит нуур” зочид буудалд 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнө хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан иргэн Т.Отай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгч Ц.Гыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Ц.Г нь Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр багийн нутагт байрлах “Ачит нуур” зочид буудалд 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнө хохирогч Т.Оыг зодсон болох нь:

- хохирогч Т.Оын  мөрдөн байцаалтад өгсөн: “2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр манай Хаан банкны шинэ жил болоод байгууллага "Ачит нуур" ресторанд хүлээн авалт болсон. Улмаар манай хувцас солих өрөөний зориулалтаар нэг буудлын өрөө гаргаж өгсөн бөгөөд 17 цаг өнгөрч байхад шинэ жилдээ очсон. Шинэ жилд очоод тухайн хувцас солих өрөөнд тортой хувцсаа орхиод шинэ жилдээ орсон. Манай шинэ жил 23 цаг болж байхад ерөнхийдөө тарсан, таарсны дараа хэсэг хүмүүс үргэлжлүүлэн сууцгаахаар болсон бөгөөд сууж байтал манай ажлын Ч гэх ах орилоод, хашигчаад байхаар манай ажлын 2-3 хүн дагуулаад гарсан. Би хувцасны өрөө орж хувцсаа авахаар ороход миний тортой хувцас байхгүй байсан. Тухайн хувцасны өрөөнд Чийг тайвшруулаад манай ажлын Н, Э, Г нар сууж байсан бөгөөд би тэр өрөөнд орж ирээд сууж байтал араас М орж ирсэн мөн манай ажлын хүмүүс араас ганц нэгээрээ орж ирсээр байж тэнд хүмүүс цуглачихсан байсан. Ингээд тэр хувцасны өрөөнд хэн нэгэн архи задлаад архи тойруулаад ууцгаасан. Нэг харахад Г ирчихсэн сууж байсан бөгөөд би Год хандаж чи яагаад шинэ жилд ирээгүй юм бэ гэж хэлээд гар утсаа гээчихсэн байсан тул хайгаад явсан. Намайг хөшигний араар Мтэй юм ярилцаад гар утсаа хайж байтал надад архины хундага ирсэн. Би мэдэлгүй тэр архины хундага цохиод асгачихсан чинь Г намайг архи асгачихлаа гээд уурлаад байхаар би архины хундагаа уухгүй гээд хаячхаад Гыг алгадах гэсэн боловч оноогүй зөрчихсөн тэгтэл Г намайг гичий минь гэж хэлсэн. Ингээд М намайг салгаж авсан. Тэгээд би эсрэг талын хүнгүй өрөөрүү ороод энэ хүмүүс гарахаар утсаа олж авъя чи намайг хүргэж өгөөрэй гэж хэлээд тухайн өрөөнд байж байтал М нойр хүрээд байна гэж хэлээд нэг орон дээр хэвтээд унтчихсан. Удалгүй Год гаднаас орж ирээд намайг орон дээр сууж байтал зодох гэсэн юм уу ямар зорилгоор бүү мэд цээжээрээ дараад унасан би зайлаач гээд түлхсэн тэгтэл миний хоолойг боогоод яасан юм мэдэхгүй би орны араар уначихсан тэгтэл Г миний нүүрэн тус газарт гутлаараа дэвсчихсэн юм. Би чи яаж байгаа юм гэж орилж босож иртэл М унтаж байсан юм шиг байсан босоод ирсэн тэгээд би намайг хүргээд өг гэж хэлээд нойлын өрөө орж хамраас гарсан цусаа угааж байтал Г нойлын өрөөрүү орж ирээд уучлаарай гээд миний араас тэврэхээр чи болиоч гэж хэлээд Гыг түлхэж байгаад усан дээр хальтирч унаад уруулаасаа цус гаргачихсан юм. Тэгээд уруулаас гарсан цусаа мөн адил угаагаад зогсож байтал Г нь өмдөө шувталчихсан зогсож байсан. Тухайн үед асуудлууд болж байхад М Г бид 3-аас өөр хүн буудалд байгаагүй. Тэгээд бид 3 гараад явж байтал Гын эхнэр ирчихсэн Гыг аваад явсан. Харин би Мэр гэртээ хүргүүлсэн бөгөөд би тухайн үед Гын эхнэрт ямар нэгэн зүйл хэлээгүй.Тухайн өдөр Г нь намайг архи асгахад гичий минь гэж хэлсэн бөгөөд би Гыг алгадах гэсэн боловч оноогүй. Тэгээд орон дээр байтал цээжээрээ дарсан мөн миний хоолой боосон, гуталтай хөлөөрөө нүүрэн тус газарт дэвсэж миний биед халдсан юм. Би Г, М хоёртой ажлын холбоо хамааралтай өөрөөр ямар нэгэн холбоо хамаарал байхгүй. Харин М, Г нар хоорондоо найзуудын холбоо хамааралтай юм. Намайг зодож, миний гоо сайхныг алдагдуулсанд гомдолтой байна. Би эмчилгээнийхээ бүх зардлыг гаргуулан авна. Мөн сэтгэл зүй, нэр хүндийн хувьд хэцүү байна. Мөн би түр хугацаагаар хөдөлмөрийн чадвараа алдаж акттай байсан тул орлогын хэмжээ тодорхой хэмжээгээр буурсан тул хохирлоо барагдуулан авна. ... Цусаа угааж байтал Г нойлын өрөөрүү орж ирээд 00-ийн өрөөний хаалга хаагаад уучлаарай яасан вэ гэхээр би чи миний нүүр лүү дэвсээд хаячихлаа хамраас цус гараад байна гэхэд уучлаарай гээд миний араас тэврэхээр чи болиоч гэж хэлээд Гыг түлхэж, эсэргүүцэж байгаад унаад уруулаа угаалтуурт цохчихсон. Тухайн үед миний хамар, уруулаас цус гараад цусаа угаагаад зогсож байтал Г нь өмд болон дотуур хувцсаа шувталчихсан миний араас ташаа хэсгээс татаад чангаагаад байсан, Би уурлаж чи яагаад байгаа юм бэ, чи ямар хөгийн юм бэ гэж хэлээд хашигчиж, түлхээд эсэргүүцэж байгаад дахин хальтирч унахад Г гараараа татаж авах гээд байхаар би зайлаач гээд суугаарай зугтаж сарваад хөлөөрөө жийгээд холдсон. Г 00-ийн өрөөн дотор гартаа алчуур ороочхоод хана цохиод пизда гээд хашигчаад байсан. М 00-ийн хаалга гаднаас нь онгойлгохоор би 00-аас гараад Мийг явъя намайг хүргээд өг гэж хэлээд гарч байтал Г миний араас гарч ирж байсан. Тухайн үед Гын эхнэр үүдэн дээр урдаас ирж байсан. Гоос юу болоод байгаа юм бэ гэж асуугаад зогсож байсан. Би Мэр гэртээ хүргүүлсэн. Надад учирсан бодит хохирол бол эмчийн магадпагаа, эм, тариа авч хэрэглэсэн баримтууд мөн томографик зэрэг баримтуудаар 731,580 төгрөгийн хохирол учирсан байгаа. Миний хамар муруйж, Увс аймгийн нэгдсэн эмнэлэгт янзлах боломжгүй гэсэн тул Улаанбаатар хотод очиж хамарныхаа муруйг янзлуулах, зардал, унааны мөнгө болон бусад шаардлагатай зүйлсэд хичнээн төгрөг зарцуулах талаар мэдэхгүй байгаа тиймээс нэхэмжлэх мөнгөн дүнгээ хэлэх боломжгүй байна. 00-ийн өрөөнд Гтой ноцолдож эсэргүүцэл үзүүлж байхдаа хөл, болон гар хөхөрч гэмтсэн байсныг сүүлд мэдсэн. Би гомдолтой байна.” гэх мэдүүлэг(хавтаст хэргийн 5-6, 9-10 дахь тал),

- гэрч Д.Бийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би эхнэр 2 хүүхдийн хамтаар Улаангом сумын 3-р багт амьдардаг бөгөөд эхнэр О "Хаан банк"-нд теллер хийдэг юм. Улмаар 2021 оны 12 сарын 25-ны өдөр эхнэрийн байгууллагын шинэ жилтэй гээд оройны 17 цагийн үед явсан. Тэгээд шөнийн буюу 2021 оны 12 дугаар сарын 25-наас 26-ны шилжих шөнийн 23 цаг орчим би 2 хүүхдийн хамтаар унтаж байтал гэрт орж ирж байсан. Тэгээд 00 өрөөнд ус гоожуулах чимээ гараад байхаар би усанд орж байгаа юм байхдаа гэж бодоод нойлын өрөө ороход хамар болон ам хэсгээс нь цус гарсан байдалтай зогсож байхаар би яасан юм бэ юу болсон юм бэ гэж асуухад “манай ажлын нийлдэг хэдэн хүмүүс үлдээд үргэлжлүүлээд суусан тэгээд би сая тараад хувцас солих өрөөнд ороод хувцсаа сольж байтал манайд ажилдаг Г гэх залуу орж ирээд намайг орон дээр дарж унгаагаад би түлхэж байгаад газар унатал нүүрэн дээр хөлөөрөө дэвсчихсэн гэж хэлсэн. Тэгээд би яг чамайг яасан юм гэж асуухад намайг оролдоод байсан” гэж хэлсэн. Манай эхнэр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бөгөөд цагдаагийн байгууллага дээр ирж согтуурал шалгахад 1.86% тай гарч байсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14 дахь тал),

- гэрч Б.Бгийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би нөхөр Г болон 3 настай хүүгийн хамтаар Улаангом сумын 3-р багт амьдардаг бөгөөд нөхөр Г нь Хаан банкинд теллер хийдэг. Нөхрийн байгууллагын шинэ жил 2021 оны 12 сарын 25-ны өдөр болж байсан боловч мөн адил манай гэр бүлийн найзуудын шинэ жил болоод нөхөр байгууллагын шинэ жилд явахгүйгээр найзуудынхаа шинэ жилд орохоор болж би нөхөртэйгөө хамт явсан. Ингээд оройны 23 цаг өнгөрч байхад шинэ жил тараад манай хэдэн найзууд манай гэрт ирэхээр болж нөхөр бид хоёрыг дагаад гэрт ирсэн. Тухайн хүмүүс хоёр нэгээрээ гарч явсаар байж Г гэх залуу үлдээд нөхөр Гтой хамт гараад машинаа тавьчхаад ирье гэж хэлээд гараад явсан тухайн үед цаг хэд болж байсан талаар мэдэхгүй байна. Ингээд хэсэг хугацааны дараа орж ирэхгүй болохоор би Г руу залгаад нөхөр Гыг асуухад танай үүдэн дээр гараад салсан би мэдэхгүй байна Гтэй утсаар яриад байсан гэж хэлэхээр Г гээд бас бидний найз байдаг тухайн хүн рүү залгахад би Гтой утсаар ярьсан Ачит нуурт байна гэсэн гэж хэлэхээр машинтай үүрийн 3 цаг өнгөрч байхад Ачит нуур дээр явж очоод машинаас бууж байтал тухайн Ачит нуурын хаалгаар нөхөр Г болон тэдний ажлын залуу М болон О 3 гарч ирсэн. Тэгээд би нөхрөө сугадаад машинд суугаад явсан. Би нөхөртэйгөө хамт машинд суугаад хөдөлж байхад О нь тухайн М гэх залууг сугадаад алхаад явж байсан. Ингээд би нөхөртэйгөө хамт гэртээ ирээд амарсан нөхөр мөн адил надад ямар нэгэн зүйл хэлээгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16 дахь тал),

- гэрч Б.Мийн мөрдөн байцаалтад өгсөн: “2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр байгууллагын шинэ жил Ачит нуур ресторанд болсон улмаар шинэ жил оройны 23 цаг өнгөрч байхад тарсан бөгөөд хэсэг хүмүүс үргэлжлүүлэн сууцгаасан. Тухайн үед сумаас бас ажилчид ирсэн тул хонох газар байхгүй гээд буудлын хоёр өрөө авчихсан байсан. Ингээд бид сууж байтал манай ажлын Ч, А нар хоорондоо муудалцаад байхаар бид салгаад Чийг буудлын өрөөнд оруулаад суулгачихсан байсан. Тухайн үед манай ажилчин Г шинэ жилд ороогүй орой нь ганцаараа сүүлд ирсэн. Би тухайн үед Чийн араас ороод буудлын өрөөнд сууж байтал манай ажлын 2-3 хүмүүс араас орж ирж байсан. Тэгээд тухайн буудлын өрөөнд хүмүүс цуглараад байсан тул би цүнхэндээ байсан архи гаргаж задлаад бид хувааж ууцгаасан. Хэсэг байж байгаад хажуугийн өрөөнд нойр хүрээд байхаар ортол манай ажлын О, Т, С нар байсан тэгтэл О миний гар утас хаана байна олоод өгөөч гэхээр Оын гар утсыг хайж байгаад би нойр хүрээд байхаар орон дээр унтчихсан юм. Хэсэг хугацааны дараа хаалга дугарахаар бостол Г гаднаас орж ирж байсан бөгөөд О миний хажууд байсан. Ингээд О, Г нар хоорондоо юм яриад сууж байгаад юунаас болсон талаар мэдэхгүй маргалдаад байхаар та хоёр одоо хэрэлдэхээ болиоч гээд эргэж хараад би унтсан. Унтаж байтал хүн орилох чимээ гарахаар сэрээд хартал миний унтаж байсан орны хажуугийн орны араар О уначихсан босож ирж байсан. Оыг орны араас босож ирж байгааг хартал хамраас нь цус гарчихсан босож ирж байсан. Тэгээд би за явцгаая гээд куртикаа хайгаад нөгөө өрөөнд орчхоод гараад иртэл О нойлын өрөөнд хамраа угаагаад зогсож байсан. Г нойлын өрөөний үүдэнд байсан тухайн үед би Г, О нараас юу болсон юм бэ гэхэд хэн нэгэн надад ямар нэгэн зүйл хэлээгүй. Тэгээд бид 3 буудлаас гартал Гын эхнэр урдаас ирж байсан бөгөөд Гыг аваад явчихсан. Би тэгээд Оыг гэрийнхэн гадна хүргээд явсан юм. Г 00-ын үүдэнд зогсож байсан 00-ын өрөө рүү орох боломж гараагүй би хажуугийн зэргэлдээ буудлын өрөө рүү ороод куртикаа хараад гараад иртэл 2-3 минут орчим болсон. Намайг орж байхад Г 00-ын үүдэнд очоод зогссон гарч ирж байхад тухайн зогссон газартаа үүдэнд нь зогсож байсан тэгээд бид 3 явсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19 дэх тал),

- гэрч Т.Сын мөрдөн байцаалтад өгсөн: “2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр байгууллагын шинэ жил Ачит нуур ресторанд болсон улмаар би тухайн өдөр 18 цагийн үед шинэ жил дээрээ очсон бөгөөд очоод удаагүй байтал би азтан болсон юм. Тэгээд ширээн дээрээ очоод сууж байснаа санаж байна тэгээд тэрнээс цааш юу болсон талаар санахгүй байна. Манай ажлын жолооч Эрдэнэжаргал надад хэлэхдээ манай ажлын хүмүүст хувцас солих өрөө гээд буудлын өрөө гаргаж өгсөн байсан тухайн өрөөн дотор би тасарчихсан унтаж байсныг жолооч Эрдэнэжаргал ташаад байж сэрээгээд аваад гарсан гараад хаашаа явсан талаараа мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23 дахь тал),

- гэрч Ч.Чийн мөрдөн байцаалтад өгсөн: “2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр манай байгууллагын шинэ жил болсон. Улмаар би тухайн өдрийн 17 цагийн үед "Ачит нуур" ресторанд шинэ жилдээ очсон. Ингээд манай байгууллагын шинэ жил оройны 23 цаг хүртэл болсон бөгөөд би тухайн ресторанд байхдаа ажлынхаа А гэх хүнтэй маргалдаж байсан чухам яагаад юунаас болж маргалдсан талаараа санахгүй байна. Манай ажлын газрын хүмүүс намайг Агаас салгаад тухайн Ачит нуур дотор бид нарт хувцасны өрөө зориулалтаар буудлын өрөө гаргаж өгсөн байсан. Өрөөнд ороод сууж байгаад тасраад унтчихсан байсан. Удалгүй шөнийн 12 цагийн үед манай эхнэр намайг ирж авч байсан. Тухайн өдөр намайг "Ачит нуур"-т намайг байх үед Г байхгүй байсан. Намайг эхнэр ирээд авч явсны дараа Г ирсэн юм шиг байсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25 дахь тал),

- гэрч Б. гын мөрдөн байцаалтад өгсөн: “Би тухайн өдөр 16 цагийн үед шинэ жил дээрээ очсон бөгөөд очоод удаагүй байтал азтан тодруулж үйл ажиллагаа болсон юм. Тухайн үед манай ажлын хүмүүст хувцас солих өрөөний зориулалтаар буудлын нэгэн өрөө гаргаж өгсөн. Байгууллагын шинэ жил оройны 23 цагийн үед тарсан бөгөөд шинэ жил тараад ажлын зарим хүмүүс үргэлжлүүлэн суусан ингээд бид ширээндээ сууцгаагаад идэж ууцгаасан. Хэсэг хугацааны дараа буюу шөнийн 12 цагийн үед ажлын газрын хүн болох Итгэлтбаяр намайг машин байхгүй болохоор хүргэж өгнө гээд намайг хүргэж өгөхөөр аваад явсан. Намайг байх хугацаанд манай ажлын О ямар нэгэн хүнтэй маргалдаж муудалцсан зүйл болоогүй, мөн ажлын газрын Г шинэ жилд ирээгүй тул би тухайн хүмүүсийн хооронд юу болсон талаар ямар нэгэн зүйл мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27 дахь тал),

- Т.Оын амбулториор эмчлүүлэгчийн карт (хавтаст хэргийн 75-84, 86 дахь тал),

- Шүүгдэгч Ц.Гын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2021 оны 12 сарын 25-ны өдөр манай байгууллага болох Хаан банкны шинэ жил болсон. Улмаар тухайн өдөр манай гэр бүлийн найзуудын шинэ жил болж байсан тул би байгууллагын шинэ жилдээ очихгүй найзуудын шинэ жилд эхнэрийн хамт очсон. Найзуудын шинэ жилд очоод 23 цагийн үед 2-3 найзуудын хамт гэртээ харьсан. Ингээд манай найзууд гэр гэр рүүгээ явцгаагаад би гадаа гарч тамхилах зорилгоор гараад зогсож байгаад ажлын залуу М над руу залгаад байгууллагын шинэ жил тарсан хэсэг хүмүүс үргэлжлүүлэн "Ачит нуур" зочид буудалд сууж байна хүрээд ирээ гэж намайг дуудсан. Ингээд би шөнийн 2 цагийн үед "Ачит нуур" буудал дээр очиход манай ажлын жолооч Эрдэнэжаргал, С, М, Сайнбилэг, О нар буудлын өрөөнд байсан. Ингээд бид нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж ууцгаасан. Тухайн үед хундагатай архи М тойруулж байгаад Од өгөхөд О нь архиа ууж чадахгүй газар асгаад байхаар би Од хандаж битгий архи асгаад бай гээд хэлчихсэн чинь О над руу уурлаж, тухайн үед бид хоёр үл ойлголцон маргалдаж байсныг санаж байна. Тэгээд юу болсон талаар сайн санахгүй байна. Удалгүй би явахаар болж гарч байгаад хажуу өрөөнд хүн дугарах чимээ гарахаар ортол өрөөний гэрэл унтраастай, харанхуй байхаар би өөрөө гэрэл асаасан. Гэрэл асаахад О, М нар босож ирж байсан. Тэгээд О чухам юунаас болсон талаар бүү мэд над руу уурлаж, хашигчиж, цээж рүү гараараа цохиод байсан. Тухайн буудалд О, М бид 3-аас өөр хүн байгаагүй, манай ажлын үлдсэн хүмүүс явчихсан. Тэгээд би Оыг түлхээд газар унгаачихсан. Тухайн үед яг нүүрэн газарт нь дэвссэн талаар санахгүй байна. О нь намайг цохиод надаас салахгүй зууралдаад байсан. Тэгээд би Мийг явъя гэж хэлээд О, М бид 3 хамт гарсан. Гарахдаа замаараа О 00-ийн өрөө рүү хамраас нь цус гараад цусаа угаах гэж ороод 1-2 минут болоод гарч ирсэн. Тэр үед би 00-ийн өөрөөний үүдэнд зогсож байгаад Мөнх- Эрдэнэ, О бид 3 Ачит нуур буудлаас гарахад эхнэр гадаа ирж байсан. Ингээд эхнэр намайг аваад харьсан. Харин О, М нар хамт явчихсан юм. Тухайн үед би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан хэдий ч хэрхэн юу болсон яасан талаараа санаж байна. О, М нар мөн адил архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, О надтай маргалдаад, архины хундагаа асгаад байсан тул их хэмжээний согтолттой байсан байх гэж бодож байна. Тухайн үед намайг буудлын өрөө рүү ороход О нь миний урдаас уурлаж, хашигчаад, цээж рүү цохиод, салахгүй зууралдаад байхад түлхэж газар унгаасан. Өөр яаж биед нь халдсан талаар санахгүй байна. Би Оын эсрэг хүч хэрэглэж, хүчиндэхийг завдаж, ямар нэгэн үйлдэл хийгээгүй. Тухайн үед М байсан тул энэ талаар мэдэж байгаа. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.гэх мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдсон байна.

Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 27 дугаартай шинжээчийн “Үзүүлэгч Т.Оын биед тархи доргилт, хамар ясны хугарал, хамрын таславч ясны хугарал, мурийлт, хамрын нуруунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн нүдний дээд, доод зовхинд, баруун нүдний алимны салстад цус хуралт, дээд, доод уруулд зулгаралт, уруулын салстад цус хуралт, хүзүү, баруун, зүүн бугалга, шуу, баруун, зүүн гуя, баруун өвдөгт цус хуралт, баруун сарвууны ард зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дүгнэлтийн 1 дэх хэсэгт бичигдсэн байгаа. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь 1 хоногийн дотор үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Тархи доргилт, хамар ясны хугарал, хамрын таславч ясны хугарал, мурийлт, хамрын нуруунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн нүдний дээд, доод зовхинд, баруун нүдний алимны салстад цус хуралт, дээд, доод уруулд зулгаралт, уруулын салстад цус хуралт, зулгаралт гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул "Гэмтлийн зэрэг тогтоох журам" -ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Т.Оын биед дээрх гэмтлийн зэрэгт нөлөөлөх өмнө нь учирсан гэх гэмтэл тогтоогдоогүй. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг" түр хугацаагаар сарниулах ба ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 32-34 дэх тал)-ээр хохирогчийн биед учирсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь тогтоогдсон байна.

Шүүгдэгч Ц.Г нь энэ үйлдлийг хийх зайлшгүй /гарцаагүй байдал, аргагүй хамгаалалт гэх мэт/ шаардлага бий болоогүй байхад өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдэж, хохирогчийн биед гэмтэл учруулж болохыг ухамсарлаж, зориуд цохиж байгаа санаатай үйлдэл бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирогч Т.Оын биед тархи доргилт, хамар ясны хугарал, хамрын таславч ясны хугарал, мурийлт, хамрын нуруунд зулагралт, зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн нүдний дээд, доод зовхинд, баруун нүдний алимны салстад цус хуралт, дээд, доод уруулд зулгаралт, уруулын салстад цус хуралт, хүзүү, баруун, зүүн бугалга, шуу, баруун, зүүн гуя, баруун өвдөгт цус хуралт, баруун сарвууны ард зулгаралт гэмтэл учирч, хохирол, хор уршигт хүргэсэн байгаа тул түүнийг санаатайгаар энэ гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Ц.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ц.Г нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.

Хохирол, хор уршигийн талаар:

Хохирогч Т.Оын биед тархи доргилт, хамар ясны хугарал, хамрын таславч ясны хугарал, мурийлт, хамрын нуруунд зулагралт, зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн нүдний дээд, доод зовхинд, баруун нүдний алимны салстад цус хуралт, дээд, доод уруулд зулгаралт, уруулын салстад цус хуралт, хүзүү, баруун, зүүн бугалга, шуу, баруун, зүүн гуя, баруун өвдөгт цус хуралт, баруун сарвууны ард зулгаралт гэмтэл үүссэн ба уг гэмтлийг нарийн шинжилж, оношлуулж эмчлүүлэхээр Улаанбаатар хот явсан автобусны 2 талын зардал, ЭМЖЖ эмнэлэгт үзүүлж оношлуулсан төлбөр, эмчилгээ болгон худалдаж авсан эмийн зардал зэрэгт нийтдээ 1.084.000 төгрөгийн зардал гарсныг шүүгдэгч Ц.Г 2022 оны 01 сарын 25-нд өөрийн 5800525783 дугаар данснаас Т.Оын 5819299866 дугаар данс руу 500.000 төгрөг шилжүүлсэн хаан банкны шилжүүлгийн баримт (хавтаст хэргийн 65 дахь тал), Ц.Г 2022 оны 03 сарын 02-нд өөрийн 5800525783 дугаар данснаас Т.Оын 5819299866 дугаар данс руу 584.000 төгрөг шилжүүлсэн хаан банкны шилжүүлгийн баримт (шүүхийн хэлэлцүүлэгт гарган өгөв)-уудаар тогтоогдсон бөгөөд талууд энэ хохирлын талаар маргаагүй болно.

Хохирогч хамрын гэмтэл засах хагалгаа хийлгэхтэй холбоотойгоор 4.188.000 төгрөгийн зардал гарах талаарх “ЭМЖЖ чих, хамар, хоолойн эмнэлэг”-ийн хамрын мэс заслын зөвшөөрөл гэх баримт гаргаж өгсөн боловч нэгэнт дээрх эмчилгээг хийлгээгүй байгаа тул шүүх бодит баримтаар тогтоогдоогүй зардлыг урьдчилан гаргуулах хууль зүйн үндэслэлгүй тул эмчилгээгээ хийлгэсний дараа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж, хохирогч Т.Оын 4.188.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Ц.Г нь хохирогч Т.Од 1.084.000 төгрөгийн хор уршиг учирсныг төлж барагдуулсан нь нотлох баримтаар тогтоогдсон  тул шүүгдэгчээс шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв.

2. Шүүгдэгч Ц.Год эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч Ц.Г нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ц.Г урьд нь Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 85 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах лавлагаа, шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 50, 53-55 дахь тал)-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч Ц.Гын хувийн байдлын талаар гэрч Н.Дын өгсөн: “Ц.Г нь 1992 онд Улаангом суманд айлын 3 дахь хүү болон мэндэлсэн бөгөөд дээрээ 2 ахтай бөгөөд Г нь ихэр буюу ихэр нь эмэгтэй хүн байдаг. Төрсөн цагаасаа хойш эцэг эхийн гар дээр өсөж хүмүүжсэн бөгөөд цэцэрлэг, сургуулиар дамжин суралцаж төгсөөд МУИС-ийн эдийн засгийн сургуулийг 4 жил суралцаж төгсөөд эдийн засагч мэргэжлээр 2014 онд ирсэн. Улмаар дахин хөдөлмөрийн дээд сургуульд 1 жилийн хугацаатай сурч төгсөөд 2016 онд Хаан банкинд теллерээр ажиллаж эхэлсэн. Тухайн үеэс өдийг хүртэл хугацаанд Хаан банкинд ажиллаж байна. Г нь 2017 онд Увс аймгийн тэс сумын иргэн Б гэх хүнтэй албан ёсны гэр бүл болж хамтран амьдраад 1 хүүхэдтэй бөгөөд хүүхэд нь 3 настай Э гэдэг. Түүний эхнэр  хувиараа Номин худалдааны төвд лангуун дээр хувцас зардаг. Одоогоор тодорхой эрхэлсэн ажилгүй гэртээ хүүхдээ хараад байж байгаа. Зан байдлын хувьд багаасаа спорт, урлагт сайн мөн багаасаа хичээл номдоо сайн байсан, толгой сайтай, зөөлөн сэтгэлтэй, харьцааны өндөр соёлтой, боловсон тусархаг, үг дуу цөөтэй, найз нөхдийн дунд нэр хүнд сайтай, гэр бүлдээ хайр халамж сайтай залуу байгаа юм.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12 дахь тал), гэрч Э.Бгийн өгсөн: “Ц.Г нь 1992 онд Улаангом суманд айлын 3 дахь хүү болон мэндэлсэн бөгөөд дээрээ 2 ахтай бөгөөд Г нь ихэр буюу ихэр нь эмэгтэй хүн байдаг. Төрсөн цагаасаа хойш эцэг эхийн гар дээр өсөж хүмүүжсэн бөгөөд улмаар цэцэрлэг, сургуулиар дамжин суралцаж төгсөөд их дээд сургуульд суралцаж төгсөөд эдийн засагч мэргэжлээр 2014 онд ирсэн. Г нь 2016 онд Хаан банкинд теллерээр ажиллаж эхэлсэн. Тухайн үеэс өдий хүртэл хугацаанд Хаан банкинд ажиллаж байна. Г нь 2017 онд Увс аймгийн Тэс сумын иргэн Б гэх хүнтэй албан ёсны гэр бүл болж хамтран амьдраад дундаасаа 1 хүүхэдтэй бөгөөд хүүхэд нь 3 настай Э гэдэг. Түүний эхнэр Б нь хувиараа Номин худалдааны төвд лангуун дээр хувцас зардаг байсан бөгөөд одоогоор тодорхой эрхэлсэн ажилгүй гэртээ хүүхдээ хараад байж байгаа. Ц.Гын нэр дээр 2 өрөө байр байдаг өөрөөр ямар нэгэн эд хөрөнгө гэх зүйл байхгүй бөгөөд одоогоор Гантонтох нь Улаангом сумын 3-р баг 2-48 айлын орон сууцанд 2 өрөө байранд эхнэр хүүхдийн хамтаар амьдарч байгаа. Зан байдлын хувьд багаасаа спорт, урлагт сайн, мөн багаасаа хичээл номдоо сайн байсан, толгой сайтай, зөөлөн сэтгэлтэй, харьцааны өндөр соёлтой, боловсон тусархаг, даруухан үг дуу цөөтэй, найз нөхдийн дунд нэр хүнд сайтай, үр хүүхэд болон эхнэртэй хайр халамж сайтай залуу байгаа юм.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21 дэх тал) -үүд авагдсан байна.

Шүүгдэгч Ц.Г согтуугаар гэмт хэрэг үйлдсэн болох нь согтуурал шалгасан “2.34% согтолттой байсан” гэх магадлагаа (хавтаст хэргийн 90 дэх тал)-гаар тогтоогдсон байна.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, урьд нь энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж, торгох ял шийтгүүлсэн боловч, зан үйлд нь нөлөөлгүй  байдал, түүний хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинж зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчим, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1-т “гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх эрүүгийн хариуцлагын зорилго”-д нийцнэ гэж дүгнээд шүүгдэгчийн “торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн санал, шүүгдэгчийн өмгөөлөгч, улсын яллагч нарын торгох ял оногдуулах талаар гаргасан дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

Ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 164 дүгээр зүйлийн 164.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Ц.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Ц.Год шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэхээр тогтоов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ц овогт Цын Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Гыг 320 /гурван зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-т заасныг баримтлан хохирогч Т.Оын 4.188.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай.

5. Шүүгдэгч Ц.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч  Ц.Год шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                                          ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Б.ГАНСҮХ