Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/42

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Г даргалан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Булгаа,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр,

Шүүгдэгч Д.Гийн өмгөөлөгч: Б.Батгэрэл,

Шүүгдэгч А.Ды өмгөөлөгч: Т.Уянга,

Хохирогч: Ч.Н,

Шүүгдэгч: Д.Г, А.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т тус тус заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Дгийн Г, Т овогт Аын Д нарт холбогдох эрүүгийн 2135000000152 дугаартай ýð¿¿ãèéí õýðãèéã хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1985 оны 11 дүгээр сарын 16-нд Увс аймгийн Малчин суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хөдөө мал малладаг, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Увс аймгийн Малчин сумын 3 дугаар /Баянмандал/ багт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй Х овогт Дгийн Г /РД:ОЖ85111611/,

Монгол Улсын иргэн, 1988 оны 02 дугаар сарын 21-нд Увс аймгийн Тэс суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хөдөө мал малладаг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Увс аймгийн Зүүнговь сумын 3 дугаар /Суварга/ багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Сум дундын 24 дүгээр шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 51 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-т заасан гэмт хэрэгт 100 цаг албадан ажил хийлгэх ял, мөн шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 64 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт 5 сар 13 хоног баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан Т овогт Аын Д /РД:ОО88022116/.

Холбогдсон хэргийн утга:

Шүүгдэгч Д.Г, А.Д нар нь бүлэглэн 2021 оны 7 дугаар сарын дундуур Увс аймгийн Малчин сумын нутаг Тээгийн худаг гэх газраас хохирогч Ч.Нийн 3 тооны үхэр буюу олон тооны бод малыг машин механизм ашиглан хулгайлж, 2.800.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт Улсын яллагч:

- Мал, амьтанд үзлэг хийж, хүлээлгэн өгсөн тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 7-14 дэх тал),

- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийж, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дэх хавтаст хэргийн 15-20 дахь тал),

- Хохирогч Ч.Нийн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 32-37 дахь тал),

- Гэрч М.Бын мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 41-43 дахь тал),

- Гэрч Г.Бын мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 44-47 дахь тал),

- Гэрч Ч.Бын мэдүүлэг(1 дэх хавтаст хэргийн 48-52 дахь тал),

- Гэрч Б.Сын мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 64-67 дахь тал),

- гэрч Д.Оийн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 69-71 дэх тал),

- гэрч Д.Чгийн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 73-74 дэх тал),

- гэрч Д.Ягийн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 76-77 дахь тал),

- гэрч Т.Бийн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 79 дэх тал),

- Хөрөнгийн шинжээчийн 2021 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 219 дугаартай дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 95 дахь тал),

- Яллагдагч А.Ды мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 134-138 дахь тал)-үүдийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Д.Гийн өмгөөлөгч Б.Батгэрэл:

- Мал, амьтанд үзлэг хийж, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дэх хавтаст хэргийн 7-14 дэх тал),

- Хохирогч Ч.Нийн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 32-37 дахь тал),

- гэрч М.Мгийн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 83-85 дахь тал),

- гэрч Ц.Бий мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 87 дахь тал) -үүдийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч А.Ды өмгөөлөгч Т.Уянга:

- Мал, амьтанд үзлэг хийж, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дэх хавтаст хэргийн 7-14 дэх тал),

- Хохирогч Ч.Нийн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 32-37 дахь тал),

- Хөрөнгийн шинжээчийн 2021 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 219 дугаартай дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 95 дахь тал),

- гэрч Д.Ягийн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 76-77 дахь тал),

- Яллагдагч А.Ды мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 134-138 дахь тал)-үүдийг шинжлэн судлав.

Шүүгдэгч хохирогч Ч.Н, Д.Г, А.Д нар шинжлэн судлуулах баримт байхгүй гэсэн болно.

Шүүгдэгч Д.Г, А.Д нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 04 дугаартай магадлал (2 дахь хавтаст хэргийн 14-24 дэх тал)-аар хэрэгт цугларсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, энэ хэргийг шийдвэрлэхэд хангалттай байна гэж дүгнээд анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр ирүүлсэн тул хэргийг нотлох баримтын хүрээнд эцэслэн шийдвэрлэв.

- хохирогч Ч.Нийн  мөрдөн байцаалтад өгсөн: “Би Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар багт эхнэр хүүхдийн хамтаар амьдардаг юм. Манай үхэр Увс аймгийн Малчин сумын нутаг "Таригын худаг" гэх газар С гэх хүний малтай хамт үхэр байсан юм. Тэгээд 2021 оны 07 дугаар сарын 22-ний өдрөөс үхрээ хайж эхэлсэн юм. Тэгэхэд мана 3 тооны үхэр байхгүй байсан юм. Уг үхрийг бэлчээрээр их гүйдэг болохоор нь тэр хавьд байгаа байх гэж бодоод хайгаад байсан юм. Тэгээд 2021 оны 08 дугаар сарын дундуур Малчин сумын Х гэх хүнээс 3 тооны үхэр сураг гарч байна гэж сонссон юм тэгээд 2021 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Улаангом сумаас гараад 3 үхрээ сурагласан юм. Зүүнговь сумын Ш гэх залуу бас танай үхэр Малчин сумын нутагт бана гэж хэлсэн юм. Тэгээд би Х гэх айлын залуу Бтай хамт үхэр байгаа газар очсон юм тэгэхэд манай 2021 оны 07 дугаар сард хулгайд алдсан цагаан үхэр мөн байсан уг үхэр бэлчээрт айлын үхэрт байхаар нь би аваад явсан юм. Тэгээд би одоо хоёр үхрээ олоогүй юм. Уг "'Тээгийн худаг"-т байх хүмүүсээс уг үхрийг хэн авсан талаар асуухад Д, Малчин сумын М 2 залуу авсан гэж сонсоод М, Д хоёртой уулзахаар болоод Малчин сумын 1 дүгээр багийн нутаг хээр хөдөө уулзсан юм. Тэгээд та хоёр миний үхэр авсан байна гаргаж өг гэхэд та уучлаарай бид хоёр хулгайлан авсан юм, үхэр тань байгаа биднийг битгий хэлээрэй уучлаарай энэ мөнгөөр хайсан бензин тосоо хийгээрэй гээд надад бэлнээр 2 сая төгрөг өгсөн. Тэгээд цагдаад битгий хэлээрэй таныг би хохиролгүй болгоно гэж хэлсэн. Тэгээд би миний үхрийг М, Д хоёр хулгайлсан талаар мэдсэн юм. Цагаан үхэр баруун чих он имтэй зүүн чих сөд имтэй 6 настай үхэр, бор цоохор үхэр адилхан имтэй, 7 настай үхэр, харин цагаан толботой шар галзан бяруу гэсэн 3 үхэр хулгайд алдсан. Би хулгайн гэмт хэргийн улмаас алдсан 3 тооны үхрээс, цагаан зүстэй эм үхэр, бор цоохор зүстэй эм үхэр зэрэг нийт 2 тооны үхрийг буцаан авч, үлдсэн 1 үхэрний оронд 2.000.000 төгрөгийг авсан бөгөөд миний хохирол бүрэн төлөгдсөн. Надад одоо ямар нэгэн санал хүсэлт нэхэмжлэх зүйл байхгүй. Ямар нэгэн гомдол санал байхгүй юм.” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 35, 37 дахь тал),

 

- хохирогч Ч.Нийн  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Манай болон ээжийн үхэр С гэдэг манай зээ хүүгийнд байдаг юм. Ээжийн үхэр, манай үхэр нийлээд 20, 30 тооны үхэртэй. Манай төрсөн дүү Н нь Малчин сумын Зах, Тээгийн худаг гэдэг газруудад зусаад намар нүүдэг байхад алдагдсан цагаан үхэр  бяруу байхдаа тэнд байсан учраас тэр газар луу гүйсэн байсныг С 2021 оны 6 дугаар сарын дундуур нэг удаа авч ирсэн боловч буцаад алга болсон. С дахиж тэр орчмоор хайхад олдоогүй гэсэн. Сын Таригын хутаг гэдэг газарт байдаг, Нын байсан газар буюу үхэр гүйдэг газар нь тэндээс 10 гаруй км зайтай, Тээгийн хутаг гэдэг газар бөгөөд Хагшаал гэдэг нэртэй газраас ус уудаг юм. С 2021 оны 7 дугаар сарын 20-ны үед надад 3 үхэр олдохгүй байгаа талаар хэлсэн. Би тухайн үед хүүхдийн хадаг сүй тавих ажилтай байгаад малаа хайж чадаагүй.  Хэд хоногийн дараа хэд хэдэн удаа Зүүнговь, Тэс орж хайгаад олоогүй. Би эхнэртэйгээ Зүүнговь, Малчин, Тэс сумын нутгаар машинтай явж хайгаад олоогүй. Сүүлд сураглаж байхад Зүүнговь сумын Ш гэдэг хүн Малчин сумын Улаанбулаг гэдэг газарт 3 үхэр байна гэж Малчин сумын Х гэдэг хүн хэлсэн талаар мэдсэн. Тэгээд 8 дугаар сард сураг гаргаад машинтай Улаанбулаг гэдэг газарт очиход айлууд нүүгээд үхрийг туугаад явчихсан байсан болохоор Б гэдэг залуутай мотоциклтой Рашаан булаг гэдэг газар өөрийн биеэр үхрээ харахаар очиж зүсээрээ харсан. Үхэр зүсээрээ мөн байсан. Тэр залууд үхрээ захиад, зургийг нь дарж аваад буцсан. Нөгөө 2 үхэр нь байгаагүй. Эхлээд над дээр Б.Г гэдэг залуу ирж уулзаад “Ах таны үхрийг эргүүлж өгнө” гээд явсан. Сүүлд Г, Д нар хамт ирээд 2.000.000 төгрөгийг нэг үхрийн үнэ болон үхэр эрж, хайсан зардал гэж өгсөн” гэх мэдүүлгээр хохирогч Ч.Нийн 3 тооны үхэр 2021 оны 6 дугаар сарын дундуур  Тэс сумын нутаг Таригын худаг гэдэг газраас Сын үхрээс салж 10 гаруй км зайтай байх Малчин сумын нутаг Тээгийн худаг гэдэг газар руу гүйсэн болох нь тогтоогдож байна.

 

Уг 3 тооны үхэр нь 2021 оны 6 дугаар сарын дунд үед Сын үхрээс салсан цагаас 2021 оны 7 дугаар сарын дунд үед гэмт халдлагад өртөгдөх үе хүртэл хаана байсан, хэн нэгний эзэмшилд байсан эсэх талаар:

- Шүүгдэгч Д.Гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би 2021 оны 6 сарын эхээр А.Дг “надад өрөө өгөөч” гэж утсаар ярихад “надад одоохондоо өгөх юм алга” гэж хэлсэн. Тэгээд 2021 оны 7 дугаар сарын 20-ны үед А.Д руу залгаж дахин өрөө нэхэхэд “Надад өгөх юм алга. Манайд 3 үхэр ирээд сар гаруй болж байна. Үүнийг авбал ав” гэхээр нь  золбин /алдуул/ мал байна гэж би ойлгоод “авъя” гэхэд “Нэг үхрийг нь Ж ламд өгөөрэй” гэж хэлэхээр нь зөвшөөрөөд машинтай очиж ачиж аваад, нэг үхрийг нь Ж ламд өгсөн” гэх мэдүүлэг,

- шүүгдэгч А.Д шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Тээгийн худаг гэдэг нэртэй газарт манайх 2021 оны 6 дугаар сарын 18-нд Малчин сумын Зах гэдэг газраас нүүж буусан.  Манай 2021 оны 6 дугаар сарын 19-нд сувай үхрүүдээ гэр дээрээ авч ирэхэд  тэр 3 үхэр нийлсэн байсан. 20 гаруй хоног манай үхрээс салаагүй болохоор эзэнгүй юм байна гэж ойлгоод Д.Гэд өгөх ёстой нэг малын өр, Ж ламд өгөх нэг үхрийнхээ оронд хулгайлаад өгчихье гэж бодоод Д.Гийг дуудаад өгөөд явуулчихсан юм” гэх мэдүүлгүүдээс өөр нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Шүүгдэгч нарын дээрх мэдүүлэг нь нэг нэгнийхээ мэдүүлгийг давхар нотолж байгаа тул мэдүүлгийнхээ эх сурвалжийг заасан гэж дүгнээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2, 3-т зааснаар нотлох баримтаар үнэлээд хохирогч Ч.Нийн 3 тооны үхэр нь 2021 оны 6 дугаар сарын дунд үед Сын үхрээс салсан цагаас 2021 оны 7 дугаар сарын дунд үед гэмт халдлагад өртөгдөх үе хүртэл шүүгдэгч А.Ды үхэрт нийлсэн байсан гэх үйл баримтыг тогтоов.

Харин тухайн 3 тооны үхэр шүүгдэгч А.Ды үхэрт өөрийн хөлөөрөө нийлсэн үү? Хэн нэгний нөлөөгөөр буюу хүний идэвхтэй үйлдлийн улмаас нийлсэн үү? гэдэг нь хэргийн зүйлчлэлд чухал ач холбогдолтой юм.

Хохирогчийн 3 тооны үхэр шүүгдэгч А.Ды үхэрт хэрхэн ирсэн талаар:

- Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт “Хохирогч Ч.Нийн 3 тооны үхэр шүүгдэгч А.Ды үхэрт байсан гэдэгтэй маргахгүй. Харин шүүгдэгч А.Ды идэвхтэй үйлдлийн улмаас тухайн 3 тооны үхэр А.Ды үхэрт нийлсэн, идэвхтэй үйлдэл хийж Д.Гэд өгч явуулсан учраас шүүгдэгч Д.Г, А.Д нарын үйлдэл мал хулгайлах гэмт хэргийн шинжтэй гэж мэтгэлцсэн боловч шүүгдэгч А.Д хэзээ, ямар идэвхтэй үйлдэл хийж 3 тооны үхрийг өөрийн үхэрт нийлүүлсэн талаар баримтыг гаргаж чадаагүй,

 

- Шүүгдэгч А.Ды шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Тээгийн худаг гэдэг нэртэй газарт манайх 2021 оны 6 дугаар сарын 18-нд Малчин сумын Зах гэдэг газраас нүүж буусан.  Манай 2021 оны 6 дугаар сарын 19-нд сувай үхрүүдээ гэртээ авч ирэхэд  тэр 3 үхэр нийлсэн байсан. 20 гаруй хоног манай үхрээс салаагүй болохоор эзэнгүй юм байна гэж ойлгоод Д.Гэд өгөх ёстой нэг малын өр, Ж ламд өгөх нэг үхрийнхээ оронд хулгайлаад өгчихье гэж бодоод Д.Гийг дуудаад өгөөд явуулчихсан юм” гэх мэдүүлэг,

 

- Шүүгдэгч Д.Гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би 2021 оны 6 сарын эхээр А.Дг надад өрөө өгөөч гэж утсаар ярихад надад одоохондоо өгөх юм алга гэж хэлсэн. Тэгээд 2021 оны 7 дугаар сарын 20-ны үед А.Д руу залгаж дахин өрөө нэхэхэд “Надад өгөх юм алга. Манайд 3 үхэр ирээд сар гаруй болж байна. Үүнийг авбал ав” гэхээр нь  золбин /алдуул/ мал байна гэж би ойлгоод “авъя” гэхэд “Нэг үхрийг нь Ж ламд өгөөрэй” гэж хэлэхээр нь зөвшөөрөөд машинтай очиж ачиж аваад, нэг үхрийг нь Ж ламд өгсөн” гэх мэдүүлэг,

 

Хохирогч Ч.Нийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Манай төрсөн дүү Н нь Малчин сумын Зах, Тээгийн худаг гэдэг газруудад зусаад намар нүүдэг байхад алдагдсан цагаан үхэр  бяруу байхдаа тэнд байсан учраас тэр газар луу гүйсэн байсныг С 2021 оны 6 дугаар сарын дундуур нэг удаа авч ирсэн боловч буцаад алга болсон. С дахиж тэр орчмоор хайхад олдоогүй гэсэн. Сын Таригын хутаг гэдэг газарт байдаг, Нын байсан газар буюу үхэр гүйдэг газар нь тэндээс 10 гаруй км зайтай, Тээгийн хутаг гэдэг газар бөгөөд Хагшаал гэдэг нэртэй газраас ус уудаг юм. С 2021 оны 7 дугаар сарын 20-ны үед надад 3 үхэр олдохгүй байгаа талаар хэлсэн” гэх мэдүүлгүүдээс өөр нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Мал хулгайлах болон алдуул мал завших гэмт хэргүүдийн хувьд хууль ёсны эзэмшигчээс далд аргаар үйлдэгддэгээрээ хоорондоо төстэй боловч хууль ёсны эзэмшлээс гэмт этгээдийн эзэмшилд шилжиж буй байдлаараа ялгагдан зүйлчлэгдэнэ. Гэмт этгээдийн идэвхтэй үйлдлийн үр дүнд эд хөрөнгийн шилжилт хийгдэх нь хулгайн гэмт хэрэг бөгөөд мал өөрийн хөлөөр эсхүл гэмт этгээдээс үл хамаарах хүчин зүйлийн үр дүнд түүний эзэмшилд шилжин ирсэн бол завших гэмт хэргийн шинжтэй гэж үзнэ[1].

Шүүгдэгч нарын үйлдэл нь Эрүүгийн туулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан “Мал хулгайлах” гэмт хэрэг үү, 17.5 дугаар зүйлд заасан “Алдуул мал завших” гэмт хэрэг үү гэдгийг тогтооход гэмт этгээдийн идэвхтэй үйлдлийн үр дүнд эд хөрөнгийн шилжилт хийгдсэн эсэх нь чухал ач холбогдолтой, хэргийн зүйчлэлд шууд нөлөөлөх  нөхцөл байдал бөгөөд уг үйл баримтыг эргэлзээгүй тогтоосон байх ёстой.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн бодит үнэнийг тогтоохын тулд нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор шалгах, ингэхдээ яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох үүргийг мөрдөгч, прокурор хүлээдэг.

Энэ хэргийн хувьд шүүгдэгч Д.Г, А.Д нарыг хохирогч Ч.Нийн 3 тооны үхрийг өөрийн эзэмшилдээ авахын тулд ямар идэвхтэй үйлдэл хийснийг тогтоосон баримт байхгүй.

 

Хэргийн зүйчлэлд нөлөөлөх дээрх үйл баримтыг эргэлзээгүйгээр тогтоож чадаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн  2-т “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан гэм буруугүйд тооцох зарчмыг баримтлан шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т заасан “Алдуул мал завших” гэмт хэрэг үйлдсэн гэж  эрх зүйн байдлыг нь дээрдүүлэн ашигтайгаар шийдвэрлэх үндэслэл боллоо.

Хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг цуглуулж бэхжүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулсан боловч шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд, эргэлзээ үүссэнийг шүүгдэгч нарын хувьд ашигтайгаар шийдвэрлэх нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт, түүний хууль ёсны байх зарчимд нийцнэ гэж дүгнэлээ. 

Хулгайлах гэмт хэрэг ихэвчлэн эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах байдлаар илэрдэг бол алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших гэмт хэргийн хувьд гэмт этгээд бусдын өмчийг өөрт олж авахын тулд идэвхтэй үйлдэл хийдэггүй ба хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа гэмт этгээдэд завших сэдэлт төрж, шамшигдуулан, захиран зарцуулдаг болно[2].

2021 оны 6 дугаар сарын дунд үед Тэс сумын Таригын худаг гэдэг газраас Сын үхрээс хохирогч Ч.Нийн 3 тооны үхэр салж, 10 гаруй км зайтай байх Малчин “Тээгийн худаг” гэдэг газарт шүүгдэгч А.Ды үхэрт 2021 оны 6 дугаар сарын 19-нд нийлсэн байсныг 2021 оны 7 дугаар сарын дундуур шүүгдэгч Д.Г, А.Д нар бүлэглэн, машин механизм ашиглан Малчин сумын Улаанбулаг гэдэг газар луу авч явсан нь хохирогчийн мал тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас буюу бэлчээрээр нийлж өөрийнхөн эзэмшилд шилжсэний дараа завших сэдэлт төрж,  захиран зарцуулахаар хийсэн үйлдэл тул алдуул мал завших гэмт хэргийн шинжийг  бүрэн хангасан байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын “Шүүгдэгч нарыг Эрүүгийн туулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар зүйлчилж ирүүлснийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчлүүлэх” талаар гаргасан дүгнэлтийг хүлээн авах үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т “гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж  бүлэглэн гэмт хэрэг үйлдэх хэлбэрийг тодорхойлсон бөгөөд шүүгдэгч нар дээрх гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн болох нь тогтоогджээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт бүлэглэн гүйцэтгэхийг энгийн болон хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг хуульчлаагүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасан “гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэх”  гэмт хэрэгт хамтран оролцох хэлбэрийг журамлах нь зүйтэй.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2-т заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т заасныг баримтлан Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Д.Г, А.Д нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн  1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг” гэж хөнгөрүүлэн өөрчилж,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т заасан “Алдуул мал завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

.

Улсын яллагчийн яллах үндэслэл болгосон:

- Мал, амьтанд үзлэг хийж, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 7-14 дэх тал),  Тээврийн хэрэгсэлд үзлэг хийж, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 15-20 дахь тал)-үүд нь гэмт хэрэг үйлдэгдэж, илэрсний дараа гэмт халдлагад өртөгдсөн мал, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг хураан авах, хүлээлгэн өгөх, битүүмжлэхтэй холбоотой хийгдсэн ажиллагаа тул хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй болно.

 

- гэрч М.Бын мөрдөн байцаалтад өгсөн: “2021 оны 08 дугаар сарын 01-ний үед Са манай гэрийн гадна бор цоохор үхэр авч ирсэн юм машинаар ачиж ирсэн. Тэгээд би энэ ямар учиртай үхэр вэ гэж асуухад танай сумын Ж ламын үхэр барьцааны үхэр удахгүй ирж авна гэж хэлсэн юм. Тэгээд тэр бор цоохор үхэр хэд хоноод төрсөн. Цагаан цоохор тугал гарсан юм. Тэгээд би Сад та энэ үхрээ ирж ав төрсөн байна гэхэд манай авга ахын залуу Г өгч явуулсан юм гэж хэлэхээр нь Ж ламд утсаар таны үхэр гэсэн үхэр байна ирж ав гэж хэлсэн. Тэгээд энэ үхэр манай үхрийг дагахгүй хөл муудаж улдаад байхаар нь Сад дахиад хэлэхээр нь тэгнэ наадах чинь Тэс сумын үхэр гэж хэлсэн.” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 42-43 дэх тал),

- гэрч Г.Бын мөрдөн байцаалтад өгсөн: “Манай нөхөр Б ачааны автомашинтай юм. Тэгээд 2021 оны 07 дугаар сард Г манайд ирээд манай нөхрийг та нэг машинтай үхэр ачаад өгөөч гээд гуйгаад байсан юм. Тэгээд би Гээс чи ямар учиртай үхэр ачуулах гээд байна гэж асуухад Наранбулаг сумын Ж ламын үхэр юм тэр хүн бэлдэж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь бид нар бас Ж ламд үзүүлдэг болохоор манай нөхөр би яваад өгье гэж хэлээд 2021 оны 07 дугаар дундуур өдрийг сайн санахгүй байна оройхон явсан. Тэгээд тэр шөнө унтаж байтал манай нөхөр ирээд 3 үхэр хөдөөнөөс ачууллаа гэж байсан. Тэгээд би Гийн гэрт буулгаж орхиод ирлээ гэж хэлсэн.” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 45-47 дахь тал),

- гэрч Ч.Бын мөрдөн байцаалтад өгсөн: “... Би М буюу Г гэх залууг сайн танина. Манай багийн залуу аавыг нь пааргүй Д гэж дууддаг. Харин Д надад Гийг танилцуулсан юм. 2021 оны 07 дугаар сарын дундуур Г намайг нэг 3 үхэр малчин сумын Тээгийн худаг гэх газраас ачаад өг гэж гуйсан. Тэгээд би очиж ачиж өгөхөд А.Д гэх залууг танидаг болсон юм. Г, Д нар 2021 оны 07 дугаар сарын дундуур манайх Малчин сумын 1 дүгээр багийн нутаг "Улаан булаг гэх газар байж байтал М буюу Г манай гэрт ирээд та надад "Тээгийн худаг" гэх газраас 3 тооны үхэр ачаад өгөөч би гэртээ авч ирмээр байна гэсэн юм. Тэгэхээр нь би эхнэр, аавтай зөвлөлдөж байгаад ачиж өгөхөөр болсон юм. Тэгээд 2021 оны 07 дугаар сарын дундуур сар өдрийн сайн мэдэхгүй байна Г бид хоёр орой болж байтал миний 07-62 улсын дугаартай Пронтер ЖиЗ маркын ачааны машинаар Малчин сумын Тээгийн худаг гэх газар явсан. Тэгээд орой харанхуй болж байтал Тээгийн худаг гэх газар очсон. Тэнд зогсож байтал А.Д гэх залуу мотоцикльтой 3 тооны үхэр тууж ирсэн тэгээд тэр 3 үхэр Г, Д хоёр дээсээр уг 3 үхрийг барьж аваад машин дээр ачсан. Тэгээд Д үлдээд Г бид хоёр уг 3 үхрийг авч ирээд Малчин сумын "Хоогийн ар" гэх газар Гийн гэрийн гадна буулгаж өгсөн. Тэгээд би гэр рүүгээ явсан. Тухайн үед ачиж ирсний хөлс гэж Г надад 40.000 төгрөг өгсөн юм.” гэх мэдүүлэг(1 дэх хавтаст хэргийн 49-52 дахь тал),

- гэрч Б.Сын мөрдөн байцаалтад өгсөн: “2021 оны 07 дугаар сарын 24-ний өдөр байх Г над руу гар утсаар залгаад та манайд ирээд Ж малын үхэр ачаад дөхүүлээд өгсөн гэсэн юм. Тэгээд ямар учиртай үхэр вэ гэж асуухад Тэс сумын Д гэх залуу Ж ламд өгөх ёстой үхэр гэж хэлсэн. Би тухайн үед манайх Наранбулаг сумын Багануур гэх газар байсан юм тэгээд ярьсан болохоор манай эхнэр О бид хоёр өөрийнхөө 25-62 УВХ улсын дугаартай Л200 маркийн машинаар Малчин сумын Улаан үзүүр гэх газар очиж Гийн гэрийн гаднаас бор цоохор эх үхэр ачиж ирсэн. Тэгээд тэр үхрийг Наранбулаг сумын Улаан үзүүр багийн Б гэх айлд хүргэж өгөөд та энэ үхрийг хадгалж байгаарай танай сумын Ж гэх ламд өгөх ёстой үхэр гэж хэлсэн. Тухайн үед Ж лам Хайстын шил гэх нэртэй газар хол байсан юм.” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 65-67 дахь тал),

- гэрч Д.Оийн мөрдөн байцаалтад өгсөн: “2021 оны 7 дугаар сарын 20-24-ний хооронд Малчин сумын Улаан булаг гэх газраас Гийн гэрээс бор цоохор зүсмийн нэг тооны үхэр очиж аваад шууд гэр  рүүгээ ирсэн. Тухайн үед өөрийн эзэмшлийн машинаар нөхөр хүүхдийн хамт явсан. Г нь өөрөө Наранбулаг сумын харъяат Ж гэх хүнд өгөх ёстой та хэд ирээд авчих гэсэн. ...Наранбулаг сумын Ж гэх айлд өгөх гэсэн юм. Ойр хавьд айл байхгүй бөгөөд Б гэх айлд түр хадгалуулах гэсэн юм гэж хэлээд гэр рүүгээ явсан.” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 69-71 дэх тал),

 

- гэрч Т.Бийн мөрдөн байцаалтад өгсөн: “А.Д нь 2017 оны намар 11 дүгээр сард надаас идэшний дөрвөн настай 1 тооны гүү аваад оронд нь дараа жил унагатай гүү өгнө гэж хэлээд авсан юм. Тэгээд 2018 оны 06 дугаар сард байх сарыг сайн санахгүй байна. А.Д нь надаас авсан гүүнийхээ оронд нас гүйцсэн хээр зүсмийн, зүүн гуяндаа аагт олом тамгатай 1 тооны гүү авч ирж өгсөн. Тухайн гүү нь тэр жилдээ төрөөгүй юм. Тухайн гүүг би өөрийн адуундаа байлгаж байгаад өнгөрөн намар буюу 2020 оны 11 дүгээр сард өөрийн хүнсэндээ хэрэглэсэн юм. Өөрөөр бол би А.Дгаас ямар нэгэн адуу мал худалдаж авсан зүйл байхгүй, би ч гэсэн түүнд ямар нэгэн адуу мал өгсөн зүйл байхгүй юм. Тухайн үед А.Д нь надад өнгөрсөн жилийн малынхаа өртөгт өгч байна гэж хэлээд уг гүүг надад өгсөн юм.” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 79 дэх тал),

 

- гэрч Д.Чгийн мөрдөн байцаалтад өгсөн: “Г нь надад мал авч ирж өгөөд би тэр малыг нь худалдаж авдаг юм. Би ямаа худалдаж авч байгаа. 2021 оны 7 сарын 02-ны хавьд яг өдрийг нь сайн санахгүй байна. Г ирээд та надад 2 сая төгрөг өгөөч надад яаралтай мөнгөний хэрэг байна гэж хэлээд надаас 2 сая төгрөг авсан юм. Харин би тэгвэл чи хариуд нь надад ямаа өг гэж хэлсэн.” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 73-74 дэх тал)-үүд нь шүүгдэгч нар 3 тооны үхрийг хэзээ, хаанаас авч хаана хүргэсэн, хохирлыг хэрхэн нөхөн төлсөн, урьд нь шүүгдэгч нарын хооронд өр, авлагын асуудал байсан эсэхийг тогтоосноос бус шүүгдэгч нар 2021 оны 7 дугаар сарын дундуур Малчин сумын Тээгийн худаг гэдэг газраас хохирогч Ч.Нийн 3 тооны үхрийг хулгайлсан болохыг гэрчлээгүй тул шүүгдэгч нарыг мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах нотлох баримт болгох үндэслэлгүй байна.

 

Шүүгдэгч А.Ды эхнэр Д.Ягийн мөрдөн байцаалтад гэрчээр өгсөн: “2018 оны хавар 05 дугаар сард байх сар өдрийг нь сайн санахгүй байна. Дгийн Г нь манай нөхөр Дг дуудаж уулзаад эхнэр нь Улаанбаатар хот руу явсан мөнгөний хэрэг гараад байна миний адуунаас 3 адуу авч яваад зараад өгөөч, мөнгө хийж авмаар байна гэж хэлээд өөрийнхөө адуунаас 3 тооны адууг манай нөхөрт өгч явуулсан байсан юм. Уг 3 тооны адуу нь бор халтар зүсмийн 2 настай, үрээ /эр морь/, дэгэрээ тамгатай, 5 настай хээр зүсмийн гүү, хүрэн зүсмийн нас гүйцсэн адуу, аагт олом тамгатай морьнууд байсан юм. Уг морийг манай нөхөр Д нь гэрт авч ирээд өөрийнхөө адуунд байлгаж байгаад 5 настай хээр зүсмийн гүүг Малчин сумын 1-р багийн малчин Ш буюу Тгийн Бэ ахад урьд жил нь хүнсэндээ авч хэрэглэсэн адууныхаа оронд Д.Гээс авсан 5 настай, хээр зүсмийн гүүг 2018 оны 06 дугаар сард өгсөн. Мөн бор халтар зүсмийн 2 настай үрээ морийг Малчин сумын иргэн Улаанаагаас урьд жил авсан алаг морины өртөгт өгсөн, үлдсэн хүрэн зүсмийн нас гүйцсэн адуу нь одоо манай адуунд байгаа юм. Манай нөхөр Д нь Д.Гээс авсан 3 адуунаас хээр зүсмийн гүүг 700.000, 2 настай бор халтар үрээг 500.000 төгрөгөөр тус тус тооцож эхлээд 2018 оны 06 дугаар сарын 10-ны үеэр Д.Г манайд адууныхаа мөнгийг нэхэж ирэхээр нь нөхөр бид хоёр хээр зүсмийн гүүний 700.000 төгрөгийг бэлнээр өгч явуулсан, дараа нь Д.Г нь 2018 оны 06 дугаар сарын 20-ны үеэр дахин адууныхаа морины өртөг авна гэж ирэхээр нь нөхөр бид хоёр 2 настай үрээг морины мөнгө болох 500.000 төгрөг бэлнээр өгч явуулсан. Тэгээд үлдсэн 1 тооны нас гүйцсэн хүрэн зүсмийн морины өртгийг өгөх боломжгүй байсан бөгөөд Д.Г нь уг морийг буцааж авна гэж хэлээд одоо болтол уг адуу манай адуунд байгаа юм. Манайх Д.Гээс авсан 3 адуунаас 2 адууны 1.200.000 төгрөг Д.Гэд тухайн үед нь буюу 2018 оны 06 дугаар сард мөнгийг нь өгсөн, үлдсэн 1 адууг нь Г өөрөө буцаж авна гэж хэлчхээд ирж аваагүй байгаа юм. Өөрөөр бол манайх Д Гэд ямар нэгэн өр зээл байхгүй, адууны мөнгийг тухайн үед нь өгчихсөн байсан. Энэ 3 адуунаас өөрөөр бол Д.Гээс манайх ямар нэгэн адуу мал худалдаж аваагүй. Ямар нэгэн өр зээлийн асуудал байхгүй юм. Одоо манайх Д.Гэд ямар нэгэн өр зээл байхгүй юм. Тухайн үед Г нь эхнэр Улаанбаатарт байгаа мөнгөний хэрэг гараад байна гэж хэлхээр нь манай нөхөр уг 3 адууг авч ирсэн байсан бөгөөд уг адуунаас 2 адууны мөнгийг нь тухайн үед Г ирээд мөнгөний хэрэг байна гээд бэлнээр аваад явсан юм. ... "Д.Г нь над руу утасдаад мөнгөний хэрэг гараад байна, наанаасаа хэдэн үхэр туугаад гаргаж өг" гээд байхаар нь би Тээгийн худгаас 3 үхэр хулгайлж хүргэж өгсөн гэж надад хэлсэн юм. Тэр явдлаас хойш Дгийн Г нь над руу утсаар залгаж "Дг хэрэг ээ даачих гээд хэлчих" гэж над руу утсаар залгаж байсан, мөн манай нөхөр Дг Д.Г нь "энэ хэргийг ганцаараа даачих, би хохирлыг арилгаад өгнө, чи ганцаараа даачих" гэж удаа дараа хэлээд байгаа юм. Тухайн гэмт хэргийг Д.Г нь өөрөө манай нөхөр рүү утсаар залгаж дуудаад байж үхэр туулгуулж гаргуулаад өөрөө ирж аваад явсан мөртлөө цагдаад баригдсаны дараа манай нөхрийг ганцаараа хэрэг үйлдсэн гээд цагдаад хэлчих, хэрэг ээ ганцаараа даачих гэж хэлээд гуйгаад яваад байгаа юм. Д.Г нь өөрөө зохион байгуулж энэ хулгайн гэмт хэргийг үйлдчихээд одоо болохоор манай нөхрийг даачих гэж хэлээд байгаа юм. Уг хэргийн хохирлыг Д.Г нь өөрөө бүгдийг нь төлж барагдуулсан бөгөөд манайхаас ямар нэгэн мөнгө төгрөг гарсан зүйл байхгүй. Д.Г нь өөрөө манай нөхрөөр мал хулгайлуулаад уг 3 үхэр ээ ачаад явсан учраас ганцаараа хохирол төлсөн юм. Түүнээс биш манайхаас мөнгө төгрөг гарсан зүйл байхгүй.” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 76-77 дахь тал),

Шүүгдэгч Д.Гийн эхнэр М.Мгийн мөрдөн байцаалтад гэрчээр өгсөн: “2021 оны 7 дугаар сарын дундуур өндрийг нь сайн санахгүй байна. Манай нөхөр рүү Д утсаар залгаад манайд өгөх ёстой 3 адууны өртөгт үхэр ирж ав гэж хэлсэн. Нөхөр манайхтай айл байсан Бтай яриад хамт Малчин сумын Тээгийн худаг гэх газар руу яваад тэр шөнөдөө буцаад ирсэн. Ирэхдээ Дгаас 2 эм үхэр, 1 эр үхэр нийт 3 үхэр авч ирсэн. Дд манай нөхөр Г нь 2018 оны 6 сард өөрийн адуунаас 3 тооны адууг худалдсан. Тухайн үед Дгаас 700.000 төгрөг бэлнээр авсан. Үлдсэн 2 адууны мөнгийг өгөөгүй байж байгаад 2021 оны 7 сард уг 2 адууны оронд 2 үхэр өгсөн. Мөн нэг үхрийг нь Ж ламд явуулсан байсан. 2018 оны  6 сард манай бага хүү өвдөж Улаанбаатар нарийн гэдэсний хагалгаанд орохоор болоод би хүүгээ аваад явсан. Тухайн үед мөнгөний хэрэг гарсан тул нөхөр 3 адуу зарсан байсан. Тэр худалдаж авсан адууны үнээ Д нь өгөхгүй байж байгаад сүүлд 2021 оны 7 сард уг 2 адууны оронд 2 үхэр өгч явуулсан.” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 83-85 дахь тал),

Шүүгдэгч А.Ды яллагдагчаар өгсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 134-138 дахь тал)-үүд нь бусад нотлох баримтаар нотлогдоогүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3-т “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй” гэж заасныг үндэслэн нотлох баримтаар үнэлээгүй болно. Мөн  гэрч Д.Я, М.М, яллагдагч А.Д нар нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т зааснаар өөрийн болон гэр бүлийн гишүүний эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй, мэдүүлэг өгөхдөө үнэн зөв мэдүүлэг өгөөгүйн төлөө хариуцлага хүлээхгүй этгээдүүд болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч нар нь Эрүүгийн туулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т заасан “Алдуул мал завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд тэдгээрийн өмгөөлөгч нар нь Эрүүгийн туулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчлүүлэх дүгнэлт гаргаж, мэтгэлцсэнийг хүлээн авсан тул шүүгдэгч болон тэдгээрийн өмгөөлөгч нарыг гэм буруугийн талаар маргасан гэж үзэх үндэслэл болохгүй.

 

Хохирол, хор уршгийн талаар:

 

Хохирогч Ч.Нийн  мэдүүлгээр “Цагаан үхэр баруун чих он имтэй зүүн чихэндээ сөд имтэй 6 настай эм үхэр, баруун чих он имтэй зүүн чихэндээ сөд имтэй, 7 настай, бор цоохор  эм үхэр, цагаан толботой шар халзан, эр бяруу /2 настай/ гэсэн 3 үхэр алдсан болох нь тогтоогдсон байна.

 

Увс Финанс Аудит ХХК 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 219 дугаартай “2021 оны 7 дугаар сарын байдлаар Малчин суманд 7 настай эм үхэр 1.200.000 төгрөг, 6 настай эм үхэр 1.100.000 төгрөг, 2 настай эр бяруу 500.000 төгрөгийн үнэтэй болохыг тодорхойлов.” гэх дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 95 дахь тал)-ээр хохирогч Ч.Нийн алдсан 3 тооны үхэр нь 2.800.000 төгрөгийн үнэтэй болох нь тогтоогджээ.

 

Хохирогч Ч.Нийн  мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би хулгайн гэмт хэргийн улмаас алдсан 3 тооны үхрээс, цагаан зүстэй эм үхэр, бор цоохор зүстэй эм үхэр, 2 тооны үхрийг буцаан зүсээр нь буцааж авсан, бярууны үнэ болон эрж хайсны зардалд 2.000.000 төгрөгийг авсан. Одоо миний хохирол бүрэн төлөгдсөн. Надад одоо ямар нэгэн санал хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлгийг үнэлээд шүүгдэгч нараас гаргуулах хохиролгүй гэж дүгнэв.

 

2. Шүүгдэгч Д.Г, А.Д нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Д.Г, А.Д нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д алдуул мал завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул тэдэнд энэ зүйл, заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүхийн хэлэлцүүлэгт:

Улсын яллагч: Шүүгдэгч Д.Г, А.Д нарт тус бүрт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 2.800.000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулах, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ уналга болгон ашигласан Киа фронтер авто машины үнэ 4.003.500 төгрөгийг шүүгдэгч Д.Гээс, шүүгдэгч А.Ды өмчлөлийн 150.000 төгрөгийн үнэ бүхий Мустанг-5 мотоциклийг шүүгдэгч А.Даас тус тус хурааж улсын орлого болгох санал,

Шүүгдэгч Д.Гийн өмгөөлөгч Б.Батгэрэл:  Миний үйлчлүүлэгч Д.Гэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т заасан  Торгох ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү гэсэн санал,

Шүүгдэгч А.Ды өмгөөлөгч өмгөөлөгч Т.Уянга: Миний үйлчлүүлэгч А.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т заасан  Торгох ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү гэсэн санал тус тус гаргасан байна.

 

Шүүгдэгч А.Д нь Сум дундын 24 дүгээр шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 51 дугаартай шийтгэх тогтоол (1 дэх хавтаст хэргийн 192-194 дэх тал)-оор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-т заасан гэмт хэрэгт 100 цаг албадан ажил хийлгэх ял, мөн шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 64 дугаартай шийтгэх тогтоол (1 дэх хавтаст хэргийн 195-197 дахь тал)-оор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт 5 сар 13 хоног баривчлах ялаар тус тус шийтгүүлж байжээ.

Шүүгдэгч Д.Г нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь ял шийтгүүлсэн эсэхийг шалгасан лавлагаа (1 дэх хавтаст хэргийн 147 дахь тал)-р тогтоогдож байна.

Шүүгдэгч А.Ды хувийн байдлын талаар: гэрч Д.Ягийн өгсөн: “Би Аын Дтай 2007 онд гэр бүл болсон бөгөөд бид хоёр хамт амьдраад 14 дэх жил болж байна. А.Д бид хоёр 4 хүүхэдтэй бөгөөд одоогоор Увс аймгийн Зүүнговь сумын 3-р багийн нутагт хөдөө мал маллаж амьдарч байгаа юм. Манай нөхөр Д нь зан аашийн хувьд гайгүй зантай, хүнд худал яриад байдаггүй, янз бүрийн зан ааш байдаггүй юм. Манай нөхөр хааяа нэг найз нөхөдтэйгөө архи уучихдаг бөгөөд архи уусан үедээ агсам согтуу тавиад байдаггүй юм. Манайх эд хөрөнгийн хувьд 200 гаруй тооны бог мал, 10 гаруй тооны адуу, 10 гаруй тооны үхэртэй юм. Мөн манайд ногоон өнгийн хятад хуучин мотоцикльтэй, уг мотоциклыг 2014 онд 1.200.000 төгрөгөөр худалдан авч байсан юм. Манайх 4 хүүхэдтэй бөгөөд 5-аас 13 насны хүүхдүүдтэй 3 хүүхэд маань Зүүнговь сумын төв дээр сургуульд сурдаг юм. Манай нөхөр Д нь урьд өмнө нь 2 удаа гэмт хэрэг үйлдэж ял шийтгэгдэж байсан бөгөөд манай амьдралын хувьд нэг их хулгай хийхээр түвшний биш, хэдэн малаа маллаад амьдарч яваа өрх юм. А.Д нь бие эрүүл мэндийн хувьд эрүүл биетэй, ямар нэгэн архаг хууч өвчин байдаггүй юм.” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 76-77 дахь тал),

 

Шүүгдэгч Д.Гийн хувийн байдлын талаар:  гэрч М.Мгийн өгсөн: “Манай нөхөр Д.Г нь даруу төлөв, архи уугаад байдаггүй. Гэр бүлдээ анхаарал халамж сайн тавьдаг. Адуу малын хашаа саравч барих гэх зэрэг малчин айлын бүхий л хийж болох ажлыг хийдэг. Эрүүл чийрэг.” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 83-85 дахь тал),  гэрч Ц.Бийн өгсөн: “Дгийн Г нь Увс аймгийн Малчин сумын 1-р багийн иргэн бөгөөд тус багт эхнэр М болон 4-13 насны 4 хүүхэдтэй, ам бүл 6-уулаа Увс аймгийн Малчин сумын 1-р багийн нутагт мал маллаж амьдардаг юм. Д.Г нь зан аашийн хувьд даруухан нэг их уурлаад байдаггүй, хүнтэй боломжийн сайхан харилцаатай, элдэв муу зан ааш байхгүй даруухан, үг дуу цөөтэй залуу юм.” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 87 дахь тал)-үүд хэрэгт авагдсан байна.

 

Шүүгдэгч нарт ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 “...анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 “...учруулсан хохирлоо нөхөн төлсөн” гэх ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, тэдгээрийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Д.Гэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т  зааснаар торгох ял, шүүгдэгч А.Д урьд нь өмчлөх эрхийн эсрэгт гэмт хэргийг 2 удаа үйлдэж, албадан ажил хийлгэх болон баривчлах ял шийтгүүлж байсныг харгалзан үзээд Зорчих эрх хязгаарлах ял тус тус  оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.

Шүүгдэгч Д.Гэд оногдуулсан торгох ялыг биелүүлэхэд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаа /90 хоног/-аас илүү хугацаа тогтоох шаардлагагүй гэж үзлээ.

Шүүгдэгч А.Ды хөдөлгөөнийг хязгаарлаж, дахин энэ гэмт хэргийг үйлдүүлэхгүй байх зорилгын үүднээс зорчих эрх хязгаарлах ялын хугацаанд  эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр өөрийн оршин суух Увс аймгийн Зүүнговь сумын нутаг дэвсгэрээс  гарахыг хориглох, хязгаарлалт тогтоох нь зүйтэй гэж дүгнэв.

Ялтан Д.Г нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих, ялтан А.Д  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-т зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалтыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр зөрчсөн тохиолдолд ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-т “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж,

Мөн зүйлийн 2-т “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж, 3-т “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Д.Г, А.Д нарын  завшсан 3 тооны үхэр нь Увс Финанс Аудит ХХК 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 219 дугаартай дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 95 дахь тал)-ээр 2.800.000 төгрөгийн үнэтэй болох нь тогтоогдсон бөгөөд 2 тооны эм үхрийг зүсээр нь буцааж хохирогч Ч.Нт өгсөн, 1 тооны бяруу нь гээгдсэн болох нь тус тус тогтоогдсон тул гэмт хэрэг үйлдэж ашиг, орлого олсон гэж үзэхгүй тул шүүгдэгч нараас 2.800.000 төгрөгийг хурааж улсын орлого болгох үндэслэлгүй байна.

Шүүгдэгч Д.Г, А.Д нар гэмт хэрэг үйлдэхдээ уналга болгон ашигласан  болох нь тогтоогдож, битүүмжлэгдсэн Увс Финанс Аудит ХХК 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 239 дугаартай дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 103 дахь тал)-ээр 4.003.500 төгрөгийн үнэтэй болох нь тогтоогдсон "Киа пронтер" загварын, 26-07 УВА улсын дугаартай автомашин нь иргэний нэхэмжлэгч Ч.Бын өмчлөлийн эд хөрөнгө болох нь иргэний нэхэмжлэгч Ч.Бын мөрдөн байцаалтад өгсөн: “Би өөрийн эзэмшлийн 26-07 УВА улсын дугаартай киа пронтер маркийн автомашиныг 2020 оны 03 дугаар сарын 08-ны өдөр 7.500.000 /долоон сая таван зуун мянган/ төгрөгөөр худалдаж авч байсан юм. Би өөрийн автомашиныг анх 2020 оны 03 дугаар сарын 08-ны өдөр 7.500.000 төгрөгөөр худалдаж авсан бөгөөд би нэг жил унаж ашигласан бөгөөд би өөрийн машиныг 5.000.000 төгрөгөөр үнэлж байна. Би тухайн үед Г, Д нарыг хулгайн гэмт хэрэг үйлдэж байгаа гэж мэдээгүй бөгөөд энэ хэргийн улмаас миний тээврийн хэрэгслийг улсын орлого болгох юм бол би өөрийн автомашины үнэ, өртгийг гэмт хэрэг үйлдсэн хүмүүсээс нэхэмжлэх болно.” гэх мэдүүлэг(1 дэх хавтаст хэргийн 40 дэх тал)-р тогтоогдож байх тул авто машин битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, буцаан олгож, түүний үнэ 4.003.500 төгрөгийг шүүгдэгч Д.Гээс, шүүгдэгч А.Ды өмчлөлийн улсын дугааргүй 150.000 /Нэг зуун тавин мянган/  төгрөгийн үнэ бүхий Мустанг-5 загварын хуучин мотоциклийг А.Даас  тус тус хурааж улсын төсөвт шилжүүлэх үндэслэлтэй байна.

 Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэхээр тогтоов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  1.15 дугаар зүйлийн 2-т заасныг баримтлан Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас шүүгдэгч Д.Г, А.Д нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн  1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг” гэж хөнгөрүүлэн өөрчилсүгэй.  

2. Шүүгдэгч Х овогт Дгийн Г, Т овогт Аын Д нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн  1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т заасан алдуул мал завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн  1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гэд 700 /долоон зуу/ нэгжтэй  тэнцэх хэмжээ буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял,

шүүгдэгч А.Дд 4 /дөрөв/ сар сар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-т зааснаар ялтан А.Дг зорчих эрх хязгаарлах ялын хугацаанд өөрийн оршин суух Увс аймгийн Зүүнговь сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох хязгаарлалт тогтоосугай.

5. Ялтан Д.Г нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-т зааснаар ялтан  А.Д зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалтыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр зөрчсөн бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

7. Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хэрэгт битүүмжлэгдсэн, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ уналга болгон ашигласан Киа фронтер авто машины үнэ 4.003.500 төгрөгийг шүүгдэгч Д.Гээс, шүүгдэгч А.Ды өмчлөлийн 150.000 төгрөгийн үнэ бүхий Мустанг-5 мотоциклийг шүүгдэгч А.Даас тус тус хурааж улсын орлого болгосугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасныг баримтлан иргэний нэхэмжлэгч Ч.Бын 26-07 УВА улсын дугаартай Киа фронтер авто машин битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, улсын дугааргүй, Мустанг-5 мотоциклийг хурааж улсын орлого болгох ажиллагаа эхлэх хүртэл битүүмжилсэн тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч нарт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Б.Гансүх

 

[1] С.Б-д холбогдох 1912006950082 эрүүгийн хэрэг, УДШ (Эрүүгийн хэргийн танхим) 2020 оны 11 сарын 11 өдрийн  653 дугаар тогтоол х.4

[2] С.Б-д холбогдох 1912006950082 эрүүгийн хэрэг, УДШ (Эрүүгийн хэргийн танхим) 2020 оны 11 сарын 11 өдрийн  653 дугаар тогтоол х.4