| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Маанийн Мөнхтөр |
| Хэргийн индекс | 102/2017/02175/И |
| Дугаар | 102/ШШ2017/01956 |
| Огноо | 2017-06-30 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 102/ШШ2017/01956
| 2017 оны 06 сарын 30 өдөр | Дугаар 102/ШШ2017/01956 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, Жалханц хутагт Дамдинбазарын гудамж, 37-61 тоот хаягт байранд байрлах “Грийн кровн” ХХК /РД: 5830699/-ийн нэхэмжлэлтэй
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд “Юу ди эс” ХХК, гүйцэтгэх захирал Э.Энх-Амарыг эрэн сурвалжлуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Грийн кровн” ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Грийн Кровн” ХХК нь гадаадаас импортлон оруулж ирдэг бүтээгдэхүүнийг “Юу Ди Эс” ХХК-иар борлуулалт хийлгэхээр тохиролцож 2016 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 16/22 дугаартай Бараа бүтээгдэхүүн хөлсөөр тээвэрлэх, түгээх гэрээг 3 сарын хугацаатай байгуулж, нэг бүр нь 1500 төгрөгийн үнэтэй 9 888 / Есөн мянга найман зуун наян найман/ ширхэг, нийт 14 832 000/Арван дөрвөн сая найман зуун гучин хоёр мянга/ төгрөгийн үнэ бүхий Апуйте нэрийн ариун цэврийн хэрэгслийг “Юу Ди Эс” ХХК-д гэрээнд заасан журмын дагуу 2016 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр акт үйлдэн хүлээлгэн өгсөн.
Гэтэл “Юу Ди Эс” ХХК-аас гэрээний үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй тул “Грийн кровн” ХХК-иас 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Хариуцагчийн хаягаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 183/11132017/01050 дугаартай Шүүгчийн захирамжаар “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” шийдвэрлэсэн. Захирамжийн ҮНДЭСЛЭХ хэсэгт “Нэхэмжлэлд дурдсан Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Зайсангийн гудамж, Спирт бал бурам ХХК-ийн байранд бүртгэлгүй, тухайн хаягт оршин суудаггүй болохыг тус хорооны Засаг дарга тодорхойлон ирүүлсэн байх тул хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй байна”, мөн нэхэмжлэгч нь хариуцагчийн оршин байгаа хаягийг тодруулсны дараа харьяалах шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй гэжээ.
Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийн хаягийг тодруулах боломжгүй байгаа тул “Юу Ди Эс” ХХК болон түүний Гүйцэтгэх захирал Э.Энх-Амарыг шүүхийн журмаар эрэн сурвалжилж, хаягийг тодруулж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Грийн кровн” ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд “Юу ди эс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Энх-Амарыг эрэн сурвалжлуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд ирээгүй, хуралдааныг өөрийн эзгүйд хийлгэх хүсэлт ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасны дагуу түүний эзгүйд хэргийг хэлэлцлээ.
“Юу ди эс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Энх-Амар нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн бөгөөд оршин суудаг гэх хаяг болох Хан-Уул, дүүрэг, 15 дугаар хороо, Зайсангийн гудамж 31, Спирт бал бурам ХХК-ийн байранд оршин байдаггүй болох нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл, “Юу ди эс” ХХК-ийн 216 оны 08 дугаар сарын 26-н ы өдрийн 16/72 дугаар албан бичиг, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 183/ШЗ2017/01050 тоот нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж, хэргийн материалд авагдсан бусад бичмэл нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Нэхэмжлэгч хариуцагчийн хаягийг мэдэхгүй, хаягийг тогтоох боломжгүй байгаа тул иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд “Юу ди эс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Энх-Амарыг эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлтийг хангах үндэслэлтэй байна.
“Юу ди эс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Энх-Амарын оршин суудаг гэх албан ёсны хаяг: Хан-Уул, дүүрэг, 15 дугаар хороо, Зайсангийн гудамж 31, Спирт бал бурам ХХК-ийн байр, компанийн РД: 5824648, утас-75778000, 8907000 болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118,133 дугаар зүйлийн 133.1.9 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 дэхь хэсэгт зааснаар “Юу ди эс” ХХК /РД: 5824648/, -ийн гүйцэтгэх захирал Э.Энх-Амарын эрэн сурвалжилсугай.
2. “Юу ди эс” /РД: 5824648/ ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Энх-Амарыг эрэн сурвалжлах ажиллагааг Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
4. Шийдвэрийг нэхэмжлэгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР