| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Маанийн Мөнхтөр |
| Хэргийн индекс | 102/2017/00981/И |
| Дугаар | 102/ШШ2017/01763 |
| Огноо | 2017-06-17 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 102/ШШ2017/01763
| 2017 оны 06 сарын 14 өдөр | Дугаар 102/ШШ2017/01763 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 10 дугаар хороолол, ЭТӨЧ гудамж, UB platinum 702 тоотод оршин байх Нью энержи стар ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 36а-44 тоотод оршин суух, Баян хишиг ХХК-д холбогдох,
Зээлээр худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 20,192,250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Учрал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Түмэндэмбэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Учралын шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд түүний гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч Нью энержи стар ХХК, хариуцагч Баян хишиг ХХК-ийн хооронд 2015 оны 5 дугаар сарын 5-ны өдөр NES-15-34 дугаар Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан. Гэрээний дагуу хариуцагч тал газрын тосны бүтээгдэхүүний төлбөрөө төлөлгүй хойшлуулдаг. Бид төлбөрөө төлөхийг удаа шаардсаар 2017 оны 3 дугаар сарын байдлаар үлдэгдэл төлбөр 13,461,500 төгрөг болоод байна. Бид төлбөрийг хэрхэн барагдуулах талаар удаа дараа уулзаж ярилцсан боловч тохиролцоонд хүрээгүй. Гэрээний 4.2-т зааснаар 0.5 хувийн алданги тооцож үзвэл энэ хугацаанд 50,412,625 төгрөгийн алданги болж буй хэдий бид Иргэний хуульд нийцүүлж 6,730,750 төгрөгийн алданги, үндсэн төлбөр 13,461,500 төгрөг, нийт 20,192,250 төгрөгийг хариуцагч Баян хишиг ХХК-иас нэхэмжилж байна гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Түмэндэмбэрэлийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй. Манай компани нэхэмжлэгчээс газрын тосны бүтээгдэхүүн авсан, төлбөрийг тодорхой хугацаанд төлнө гэсэн боловч төлж чадаагүй, Уг гэрээгээр үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан байгаа. Үл хөдлөх эд хөрөнгийг худалдах боломжгүй учир төлбөр төлөхийг хойшлуулсан. Алдангийг тодорхой хэмжээгээр багасгаж өгөөчээ гэсэн байр суурьтай байгаа. Үндсэн төлбөр 13,461,500 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна, алдангийг төлж чадахгүй гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Нью энержи стар ХХК нь хариуцагч Баян хишиг ХХК-д холбогдуулж зээлээр худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 20,192,250 төгрөг гаргуулахаар шүүхэд ханджээ.
Дараах үндэслэлээр шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
Талууд 2015 оны 5 дугаар сарын 5-ны өдөр № NES-15-34 тоот Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээний дагуу нэхэмжлэгч тал 1 литр нь 1,550 төгрөгийн үнэ бүхий 19,300 литр, нийт 29,961,500 төгрөгийн үнэ бүхий газрын тосны бүтээгдэхүүнийг хариуцагчийн эзэмшилд шилжүүлэх, гэрээний 4.2-т ... төлбөр төлөх хугацаа хэтэрсэн 2 дахь хоногоос хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.5 хувиар тооцож худалдагч талд алданги төлөх үүргийг худалдан авагч тал хүлээнэ. гэж харилцан тохиролцсон байдлаас үзэхэд талуудын хооронд зээлээр худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд дээрх гэрээ Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 263 дугаар зүйлийн 263.1, 263.2 дахь хэсгүүдэд нийцсэн байна.
Хариуцагч гэрээ үргэлжлэх хугацаанд үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, газрын тосны бүтээгдэхүүнийг хүлээн авсан, хүлээлгэн өгсөн тал дээр зохигчид маргаагүй.
Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээх бөгөөд нэхэмжлэгч Нью энержи стар ХХК нь гэрээний үүргийг хариуцагчаас шаардах эрхтэй.
Түүнчлэн, хариуцагч нь нэхэмжлэгч талаас гэрээгээр тохирсон эд зүйлийг хүлээн авсан тул гэрээнд заасан хугацаанд худалдан авсан эд зүйлийн үнийг төлөх үүрэгтэй бөгөөд хугацаа хэтрүүлсэн буруутай учраас алданги төлөх үндэслэл бий болжээ. Өөрөөр хэлбэл, үүргээ зөрчсөн тохиолдолд алданги төлөх хариуцлагыг гэрээнд тусгасан нь талуудын өөрсдийнх нь тохиролцоо бөгөөд хариуцагч нь үндсэн үүргээ хугацаандаа биелүүлээгүй учраас гэрээний хариуцлага болох алдангийг төлөх үүрэгтэй.
Хариуцагч ... алдангийн хэмжээ хэт их байх тул хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан боловч нэхэмжлэгч алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д нийцсэн хэмжээгээр нэхэмжилсэн байх тул алдангийн хэмжээг багасгах боломжгүй байна.
Иймд хариуцагч Баян хишиг ХХК-иас зээлээр худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн төлбөр 13,461,500 төгрөг, алданги 6,730,750 төгрөг, нийт 20,192,250 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Нью энержи стар ХХК-д олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 262 дугаар зүйлийн 262.1-д заасныг баримтлан Баян хишиг ХХК-иас үндсэн төлбөр 13,461,500 төгрөг, алданги 6,730,750 төгрөг, нийт 20,192,250 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Нью энержи стар ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 258,912 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Баян хишиг ХХК-иас 258,912 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Нью энержи стар ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ М.МӨНХТӨР