Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 102/ШШ2017/01951

 

2017 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 102/ШШ2017/01951

Улаанбаатар хот

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 53 дугаар байранд байрлах “Орчлон-10” сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 53 дугаар 60 тоот хаягт оршин суух Жоргоон халбин овогт Сүхбаатарын Бүжин /РД: СЙ79042900/-д холбогдох,

 

Сууц өмчлөгчдийн холбооны үйлчилгээний төлбөрт 432,745 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Орчлон-10” Сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирал Б.Үүрцайх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  “Орчлон 10” сууц өмчлөгчдийн холбоо нь Баянгол дүүргийн 6 дугаар хорооны 51, 53 дугаар байрны дундын өмчлөлийн эд хөрөнгийг хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, тухайн орон сууцны байрны ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх ашиг сонирхлыг хамгаалах, орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийг эзэмших, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах зорилгоор 2013 оны 04 дүгээр сард тус 51, 53 дугаар байруудыг хүлээн авсан Иргэн Б.Үүрцайх миний бие 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн гүйцэтгэх захирлаар сонгогдон зохих хууль тогтоомжийн дагуу ажиллаж байна. Манай сууц өмчлөгчдийн холбооны зарим оршин суугчид сууц өмчлөгчдийн холбоонд төлөх төлбөрөө цаг хугацаанд төлдөггүй бөгөөд бид хугацаанд нь зохих төлбөрөө төлөхийг байнга шаардсаар ирсэн. МУ-ын иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-т “Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа орон сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун цэвэр ус, ариутгалд хог цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, “Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний холбогдсон зардлыг өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө.” Мөн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-т “Сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох үүрэгтэй гэж заасан байдаг. МУ-ын иргэний хуулийн 149 дүгээр зүйлийн 149.1.2-т энэ хуулийн 148.2.3-т заасан үүргээ 6 сарын турш биелүүлээгүй бол сууц өмчлөгчдийн холбоо төлөөлөгчөөрөө дамжуулан нэхэмжлэл гаргах эрхтэй. Иймд “Орчлон 10” СӨХ-ийн гишүүн, сууц өмчлөгч 53 дугаар байрны 60 тоотын оршин суугч С.Бүжингээс тус сууц өмчлөгчийн холбоонд төлөх ёстой 2015 оны 03, 10-12 дугаар сар, 2016 оны 01-12 дугаар сар, нийт 432,745 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч С.Бүжингийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Отгонбаатар шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “С.Бүжингийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Отгонбаатар миний бие “Орчлон-10” Сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлага буюу 432,745 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг 2017 оны 07 дугаар сарын 31-ний дотор бүрэн барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хавтаст хэрэгт байгаа нотлох баримтуудыг шинжлэн судлаад  

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Орчлон-10” Сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч С.Бүжинд холбогдуулан сууц өмчлөгчдийн холбооны үйлчилгээний төлбөрт 432,745 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.Бүжингийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Отгонбаатар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. 

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоож байна.

                                                                                        

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийг удирдлага болгон

 

             ЗАХИРАМЖЛАХ нь:

                                                                                                                      

1. Нэхэмжлэгч “Орчлон-10” Сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй, хариуцагч С.Бүжинд холбогдох сууц өмчлөгчдийн холбооны төлбөрт 432,745 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч С.Бүжингийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Отгонбаатарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13,635 төгрөгийн тал хувь болох 6,817.5 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 6,817.5 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч “Орчлон-10” Сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.         

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай. 

 

 

 

ШҮҮГЧ                                     М.МӨНХТӨР