| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Маанийн Мөнхтөр |
| Хэргийн индекс | 102/2017/01210/И |
| Дугаар | 102/ШШ2017/01769 |
| Огноо | 2017-06-14 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 102/ШШ2017/01769
| 2017 оны 06 сарын 14 өдөр | Дугаар 102/ШШ2017/01769 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, Райзин стар ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 25-26 тоотод оршин суух, Юмэй агар ХХК-д холбогдох,
Зээлээр худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 4,684,677 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мандахсайхан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Өлзий-Орших, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Энхээ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Жүгдэрдорж оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Райзин стар ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Нэхэмжлэгч Райзин стар ХХК-иас хариуцагч Юмэй агар ХХК нь 2015 оны 11 дүгээр сарын 2-ны өдрөөс мөн оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд 648 кг 3,518,923 төгрөгийн бараа зээлээр, 2016 оны 7 дугаар сарын 7-ны өдрөөс мөн сарын 10-ны өдрийн хооронд 217 кг 1,156,426 төгрөгийн бараа, нийт 866 кг 4,675,348 төгрөгийн барааг зээлээр авсан. Хариуцагч нь барааны үнэд 1,552,230 төгрөгийг төлсөн бөгөөд 3,123,118 төгрөгийг одоо хүртэл төлөөгүй болно. Юмэй агар ХХК-ийн захирал Ч.Энхээтэй уулзахаар удаа дараа ажил дээр нь очиход хаалгаа тайлдаггүй, гар утсаа авахгүй зугтаагаад байдаг. Иймд Юмэй агар ХХК-иас үлдэгдэл төлбөр 3,123,118 төгрөг, алданги 1,561,559 төгрөг, нийт 4,684,677 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Өлзий-Оршихын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2015 оны 2 сарын 2-ны өдөр талуудын хооронд зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд 2015 оны 2 сарын 14-ний өдрөөс тахианы мах нийлүүлж эхэлсэн. 2016 он хүртэл Райзин стар ХХК-ийн захирал Мандахсайхан, Тунгалагтуяа, хариуцагч Юмэй агар ХХК-иас захирал Энхээ, Дугартуяа нар 6 удаа эргэн төлөлтийн тооцоо нийлсэн бөгөөд одоогоор нийт 3,123,128 төгрөг төлөгдөөгүй. Талуудын хооронд байгуулсан зээлээр худалдах гэрээний 4.5-д заасны дагуу 0,5%-ийн алданги тооцох заалттай бөгөөд 1,561,559 төгрөгийн алдангийг нэмж нийт 4,684,677 төгрөгийг нэхэмжилж байна гэв.
Хариуцагчийн төлөөлөгч Ч.Энхээгийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч тал нь өөрийн давуу байдлыг ашиглаж манай байгууллагын нууцыг мэдсэн байна. Манай лангуун дээр очиж манай худалдагчийг дарамталсан. Би эхний ээлжинд зугтаасан нь үнэн. Би өмнө нь өр зээлийн асуудалд орж байгаагүй учир сандарсан бөгөөд Мандахсайхан утсаар ярихад нь би санаа зовоод утсаа авдаггүй байсан. Мандахсайхан манай 3 байрыг мэддэг. Гэхдээ би зугтаасан гэж үзэхгүй байна. Манайх 6,000,000 төгрөгийн орлого олж байгаа нь үнэн. Би энэ орлогоос цалин гэж ажилчиддаа өгнө, түрээсийн төлбөр өгнө. Ингээд эхний ээлжинд эргэлтийн хөрөнгө үүсгэхийн тулд төлбөрөө өгөөгүй байсан. Нэхэмжлэгч талаас байнга дарамталсан бөгөөд тухайн үед төлөх боломжгүй байсан. Би одоо эдийн засгийн хувьд чадамжтай болсон учир энэ төлбөрийг төлөх боломжтой болж байгаа. Би гэрээг хүчин төгөлдөр гэж үзэхгүй байна. 2016 оны 2 сард удирдлагын академийн цайны газар ажиллаж байхад өр төлбөр гарч ирсэн. Мандахнаран нь эхний гэрээний хуудсыг урсан. Дараа нь намайг байнга дарамталж байсан. Би төлбөрийг өгөхгүй гэж хэлээгүй, харин алдангийг төлөх боломжгүй, үндсэн төлбөрийг хугацаа тогтоосон тохиолдолд төлөх боломжтой гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Райзин стар ХХК нь хариуцагч Юмэй агар ХХК-д холбогдуулж зээлээр худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 4,684,677 төгрөг гаргуулахаар шүүхэд ханджээ.
Дараах үндэслэлээр шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
Талууд 2015 оны 2 дугаар сарын 2-ны өдөр № 15/15 тоот Худалдааны хамтран ажиллах авах гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээний дагуу нэхэмжлэгч тал 3,123,118 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг хариуцагчийн эзэмшилд шилжүүлсэн, гэрээний 4.5-т ... хэрэв худалдан авагч нь нийлүүлсэн барааны төлбөрийг цаг тухайд нь төлөөгүй тохиолдолд худалдан авагч нь биелүүлээгүй хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алдангийг нийлүүлэгчид төлнө. гэж харилцан тохиролцсон байдлаас үзэхэд талуудын хооронд зээлээр худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд дээрх гэрээ Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 263 дугаар зүйлийн 263.1, 263.2 дахь хэсгүүдэд нийцсэн байна.
Хариуцагч гэрээ үргэлжлэх хугацаанд үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, бараа бүтээгдэхүүнийг хүлээн авсан, хүлээлгэн өгсөн тал дээр зохигчид маргаагүй.
Нэхэмжлэгч тал ...хариуцагч бүтээгдэхүүний төлбөрийг дутуу төлсөн, гэрээний хугацаа дууссан тул үндсэн төлбөр, алдангийн хамт нэхэмжлэх эрхтэй гэж, хариуцагч ... хямралд орж төлбөрөө төлөх боломжгүй болсон, алдангийг төлөхгүй гэж тус тус маргажээ.
Талуудын хооронд байгуулсан гэрээ нь Худалдааны хамтран ажиллах гэрээ гэх боловч гэрээний агуулгаас үзвэл худалдагч нь тодорхой бараа бүтээгдэхүүнийг худалдан авагч үнийг төлөхөөс өмнө шилжүүлсэн, худалдан авагч нь гэрээгээр тогтоосон хугацаанд төлбөрийг төлөх үүргийг хүлээсэн нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасан Зээлээр худалдах-худалдан авах гэрээг талууд байгуулсан гэж үзлээ.
Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээх бөгөөд нэхэмжлэгч Райзин стар ХХК нь гэрээний үүргийг хариуцагчаас шаардах эрхтэй.
Түүнчлэн, хариуцагч нь нэхэмжлэгч талаас гэрээгээр тохирсон эд зүйлийг хүлээн авсан тул гэрээнд заасан хугацаанд худалдан авсан эд зүйлийн үнийг төлөх үүрэгтэй бөгөөд хугацаа хэтрүүлсэн буруутай учраас алданги төлөх үндэслэл бий болжээ. Өөрөөр хэлбэл, үүргээ зөрчсөн тохиолдолд алданги төлөх хариуцлагыг гэрээнд тусгасан нь талуудын өөрсдийнх нь тохиролцоо бөгөөд хариуцагч нь үндсэн үүргээ хугацаандаа биелүүлээгүй учраас гэрээний хариуцлага болох алдангийг төлөх үүрэгтэй.
Алдангийн хэмжээ Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д заасан хэмжээнээс хэтрээгүй байх тул алдангийн хэмжээг багасгах боломжгүй байна.
Иймд хариуцагч Юмэй агар ХХК-иас зээлээр худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн төлбөр 3,123,118 төгрөг, алданги 1,561,559 төгрөг, нийт 4,684,677 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Райзин стар ХХК-д олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 262 дугаар зүйлийн 262.1-д заасныг баримтлан Юмэй агар ХХК-иас үндсэн төлбөр 3,123,118 төгрөг, алданги 1,561,559 төгрөг, нийт 4,684,677 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Райзин стар ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 89,905 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Юмэй агар ХХК-иас 89,905 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Райзин стар ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ М.МӨНХТӨР