Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 128/ШШ2020/0123

 

 

 

 

 

 

2020 оны 02 сарын 13 өдөр            Дугаар 128/ШШ2020/0123       Улаанбаатар хот  

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С.Н,

Хариуцагч: Убег,

Гуравдагч этгээд: Г.М, “Гк” ХХК,

Нэхэмжлэлийн шаардлага: Баянзүрх дүүрэг, хороо, Х хотхон, Б.Доржийн гудамж, байрны хаягт байрлах орон сууцны өмчлөх эрхийг улсын бүртгэлийн Ү-2204 дугаарт бүртгэсэн, №00068 дугаартай гэрчилгээг олгосон улсын байцаагчийн үлдлийг хууль бус болохыг тогтоолгох, Ү-2204 дугаартай бүртгэл, № №00068 дугаартай гэрчилгээг хүчингүй болгуулах,

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Н, түүний өмгөөлөгч Ш.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Л, гуравдагч этгээд Г.Мгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, түүний өмгөөлөгч Ш.С, гуравдагч этгээд ”Г к” ХХК-ийн төлөөлөгч Ж.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хулан нар оролцов.

        ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянзүрх дүүрэг, 4-р хороо, Х хотхон, /13360/ Б.Доржийн гудамж, байр, хаягт байрлах орон сууцны өмчлөх эрхийг улсын бүртгэлийн Ү-2204 дугаарт бүртгэсэн, №00068 дугаартай гэрчилгээг олгосон Нийслэлийн Улсын бүртгэлийн газрын улсын байцаагчийн үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, Ү-2204 дугаартай бүртгэл, №00068 дугаартай гэрчилгээг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргаж байна.

Тухайн барилгад Улсын бүртгэлийн дагуу бүртгэж гэрчилгээ олгосон бол мэргэжлийн хяналтын дүгнэлт байх ёстой. Улсын бүртгэлийн ерөнхий газрын баримтаас харахад байртай холбоотой мэргэжлийн хяналтын дүгнэлт байхгүй. Улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргаж өгсөн баримтад хөндлөнгийн хяналтын дүгнэлт байхгүй. Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас Убегт явуулсан “бүртгэ” гэсэн удаа дараагийн албан бичиг байна. Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн шүүхэд өгсөн баримтыг хавсралтаар өгсөн. Тухайн баримтад 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 020700792 тоот дүгнэлт ШУТИС-ийн дэргэдэх “Р” төвийн гаргасан дүгнэлтүүд манайд байхгүй гэх хариу өгсөн. н.У Убег албан бичгээ явуулахдаа өөрт байхгүй баримтгүй зүйл дээр бичиг явуулсан. Улсын бүртгэлийн ерөнхий газраас тухайн баримтыг шаардаагүй, дүгнэлт байхгүй.

Хамгийн гол нь барилгыг Улсын комиссод хүлээлгэж өгөөгүйгээс оршин суугчид хохирдог. Энэ бол барилгын компанийн үүрэг хариуцлага. Улсын комиссод хүлээлгэж өгөөгүй байхад цахилгаан дулаан, усны хангамжийн үйлчилгээ өгөхийг хориглодог хуультай. Айл өрхүүд 10 жилийн турш хөөцөлдсөн. Онцгой байдлын ерөнхий газарт олон удаа хандсан. Нийслэлийн Засаг дарга, Улсын Их Хурлын гишүүн н.Г*******, Баянзүрх дүүргийн засаг даргад тус тус хандаж байсан ... оршин суугчид хандаагүй газар байхгүй. Бичиг баримтын бүрдэл дутуу байхад бүртгэсэн асуудлыг хууль бус гэж байна. Өмнөх хуралд хэлсэн тайлбараа дэмжиж байна.

Нотлох баримтад Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Б.М хариуцагчаар оролцож мэдүүлсэн. Өөрөө болон өөр гэрчүүдтэй хамт оролцсон. Тус хуралд “компани олгосон батламж нь ордерийн үүрэг гүйцэтгэж байсан, захиран зарцуулах эрхийн акт болохыг энэ хүмүүс гэрчилнэ” гэж мэдүүлсэн. Тэгэхэд “Даргалагчаас: Танайх ямар үед батламж өгч байсан бэ” гэхэд “төлбөрөө бүрэн өгсөн айлд өгсөн” гэсэн. Өмнөх хуралд батламж маргааныг зохицуулах гэж түр өгсөн бичиг гэж мэдүүлсэн. Тухайн барилга Улсын комисс аваагүй тул анхнаасаа асуудалтай байсан ... Улсын мэргэжлийн хяналтын дүгнэлтийн техникийн нөхцөлд хаалттай депо барихыг “Г” ХХК-д даалгасан. Үүнийг компани огт хийгээгүй, оршин суугчид хийлгэсэн. Мэргэжлийн хяналтын газар барилгыг хүлээн аваагүй тул өөрсдөө түлшээ авч галлаж байсан. 2012 он хүртэл хөөцөлдөж байгаад Мянганы хөгжлийн санд төсөл бичиж уурын зуухны асуудлыг шийдүүлсэн ... Айлууд нөхцөл тааруу байсан бол зарах асуудал үүссэн. Зарим үед “Г” ХХК –ийн захирал Б.Э төлбөр авах хөдөлгөөн явагдаж байсан. Энэ асуудлыг шийдэхийн тул “Г” ХХК-иас батламжийн асуудал яригдаж байсан. Яагаад төлбөрөө гүйцэд төлж батламж өгч байна гэхээр энэ бол ордер гэж хэлсэн. Надад энэ утгаар үүнийг өгсөн. Баримт нь ордерийн үүрэг гүйцэтгэнэ гэсэн . Батламжийг бичиж өг гэж аваагүй. Компанийн эрх бүхий хүний тамга тэмдэгтэй батламжийг авч тухайн байрыг шилжүүлсэн. Би 100 хувь мөнгөө төлж авсан. Худалдан авахдаа н.П*******атай гэрээ хийж, 25.000.000 төгрөгийг өгсөн. Миний худалдан авах гэрээнд “барилгын компаниас батламж өгсөн тохиолдолд худалдаж авна” гэх өгүүлбэр бий. Барилгын компани надад батламж гаргаж өгсөн тул 25.000.000 төгрөгийг төлсөн. Өмнөх хурал дээр 4.000.000 төгрөг өгсөн гэж уншиж байсан ч цааш нь уншаагүй. Нийт 25.000.000 төгрөг өгсөн. 8.000.000 төгрөгийг н.Ц гэх хүний гарт өгсөн. Миний нүдэн дээр тооцоо дуусгаж надад гэрчилгээ өгсөн. н.Ц гэдэг нь энгийн л нэг гэрийн эзэгтэй гэж байсан. Энэ хүн бол “И ” ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаал хашдаг. Өөрөөр хэлбэл надад юу өгч байснаа мэдэж байсан.

Гэрээнд байгаа м.кв дутуу асуудлыг мэдэхгүй. Би хэмжиж үзээгүй. Хэмжиж авдаг айл байдаг юм уу? Надад батламжийг гаргаж өгсөн хүн бүх бичиг баримтыг шалгах ёстой. Би өөрийнхөө хувьд шалгасан. Мөнгөө тухайн үед надад өг гэхэд өгөх боломжтой. Иймд гуравдагч этгээд, гурвалсан гэрээ байхгүй гэж тайлбар хэлсэн. Тухайн үед компанийн оролцоо тийм байсан бөгөөд байрны орчин нөхцөл хүнд учраас олноороо байрыг түрээсэлж байсан.

Тэр байрыг түрээсэлж ашиг олсон талаар гуравдагч этгээд “Г” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М дурдсан. Гэвч маргаан бүхий байрыг зараад хэзээ ч ашиг олохгүй. Тухайн байрыг түрээсэлж арай илүү нөхцөлтэй байрыг өөрсдөө түрээсэлдэг байсан ... Миний байранд 10 жил гаруй зүгээр амьдарлаа гэж тайлбар хэлсэн ч тус байранд дээд тал нь 70 хувийн төлөлттэй айлууд байсан. Үүнд ганцхан миний асуудал үүсээгүй. Надад ордерийн үүрэг гүйцэтгэнэ гэж батламж гаргаж өгсөн. Цааш нь өмчлөх баталгаажуулах миний эрх зөрчигдөж байна. 70 төлсөн дутуу төлөлттэй айлуудаас өнөөдрийн ханшаар мөнгөө нэхэхэд тухайн айлууд маргаан гаргасан. Маргаан гаргахад байрыг өөр хүмүүст зарж шууд ордер гаргасан. Ордер гарсан талд Иргэний хэргийн шүүх шийдэж айлууд хохирч байна.

Өнөөдрийн нөхцөл харьцангуй сайжирсан. 2018 оноос дулааны ерөнхий шугамд холбогдсон. Цахилгааны асуудлыг бид шийдэх гэж байна. Улс арай аваагүй. Мөнгөө цуглуулж дотор монтажийн шийдэж байгаа. 2015 онд шоронгоос гарч ирэхэд балгас болсон байсан гэж хэлсэн. С.Нийн эгч С.А өөрийгөө байрны даргаар өргөмжлөөд гэж мөн хэлсэн. 2008-2015 оноос байрны дарга хийхдээ уурын зуухыг шинэчилж улсад хүлээлгэж өгсөн ... Миний эрх зөрчигдөж байна. Эдний компаниас гаргасан батламжийг бариад Убегт “батламжийг үндэслэн гэрчилгээ гаргаж өгнө үү” гэж бичиг баримт өгсөн. “Айлуудад өгсөн батламжийг үндэслэн гэрчилгээг оршин суугчдад гаргаж өгнө үү” “Г” ХХК-ийн захирал Б.Мын гарын үсэгтэй баримт байдаг. Энэ бүхэн миний өмчлөх эрхийг хангаж байхад зөрчсөн... байрыг давхар зарсан...

Хавтаст хэрэгт байгаа ШУТИС-ийн дэргэдэх “Р” төвийн дүгнэлтийг унших гэж байна. Олон зүйл дээр зөрүүтэй худлаа ярьж байна. Энэ бол бүтээцийн дүгнэлт хийдэг байгууллага. Мэргэжлийн хяналтын дүгнэлт нь дулаахан амьдрах тог цахилгаан байгаа эсэх бүгд орно. Энэ хүн амьдарч болно гэсэн энд тийм дүгнэлт байхгүй. Барилга нь 7 баллын газар хөдлөлтийн бүсийн гурван үзүүлэлтийг хангаагүй. Улсын бүртгэлийн газарт анх удаа бүртгүүлэх гэж материалаа өгөхдөө батламж зэрэг бүгдийг өгсөн. Өөрт байгаа бүх бичиг баримтыг нотариатын баталгаатай өгсөн. Иргэний хуульд заасны дагуу тухайн эд хөрөнгийг худалдахдаа давуу эрхтэй байгууллагад мэдэгдэнэ гэж заасан. Давуу эрхтэй байгууллага татгалзаагүй тохиолдолд худалдах худалдан авах гэрээг хүчинтэйд тооцно ... Өөрийнхөө бүх зүйлийг тайлбарлахгүй. Хэрэв би өөрийн бичиг баримтыг хуурамч гэвэл цагдаад хандахгүй ... Батламж болон захиалгын худалдах худалдан авах гэрээнд 77м.кв гэж заасан. Энэ бол компаниас өгсөн баримт.

Миний хувьд компанийн оролцоотойгоор худалдан авсан. Би энэ хүмүүсийн хооронд хичнээн янзын төлбөр тооцоо байгааг мэдэхгүй байна. Бид хоорондоо төлбөр тооцоо дууссан гэж ярилцсан. Миний мэдэж байгаагаар 17,3,27,28,29,30 тоотын айлуудыг давхар зарсан. Шүүхээр маргаж байгаад бүгд ялагддаг. Учир нь бүртгэлийн гэрчилгээ гарсан. Би ч гэсэн адил хохирч байна.” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэлийн шаардлагын агуулга нь Улсын комиссын акт гараагүй, ашиглалтад хүлээн аваагүй барилгыг шинээр баригдсан үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлд бүртгэхдээ хууль тогтоомжийг зөрчиж хууль бус бүртгэл хийсэн. Иймд хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэгч С.Н нь тухайн маргаан бүхий улсын бүртгэгчийн хууль бусаар бүртгэсэн байранд 2009 оноос хойш амьдарч байгаа. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4.3-д “тухайн нэгж талбар газар дээрх үл хөдлөх хөрөнгийн хэмжээ, зориулалт, ашиглалтад орсон он, сар, өдөр, үнэ” буюу ашиглалтад орсон он сарыг заавал бүртгэхээр заасан. Тухайн үл хөдлөх хөрөнгийг ашиглалтад оруулж, хүн амьдран суух зориулалттай гэж мэргэжлийн байгууллагаас тогтоосны үндсэн дээр үл хөдлөх хөрөнгийг өмчлөх ёстой. Маргаан бүхий гэрчилгээ олгогдсон явдал нь дуусаагүй байрны гэрчилгээ бус шинээр баригдсан орон сууцны зориулалтаар олгогдсон үл хөдлөх хөрөнгө. Улсын бүртгэгч улсын бүртгэлд бүртгэхдээ тухайн үл хөдлөх хөрөнгө орон сууцны зориулалттай ашиглаж болох талаар тодорхойлсон баримтыг заавал үзэх ёстой. Орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө мөн болохыг тодорхойлсон баримт нь улсын комиссын акт гэж үзэж байна.

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмын зүйлийн 4.4.2, 5 дугаар зүйлд зааснаар улсын комиссын актыг үндэслэж бүртгэл хийхээр заасан. Хэрвээ орон сууцыг ашиглалтын комиссод оруулж, улсын комисс Убегт жагсаалтын хамт өгсөн бол мэдүүлэг гаргагч комиссын актыг өгөх шаардлагагүй. Харин барилгын компани улсын комиссын актыг урьдчилж өгөөгүй тохиолдолд мэдүүлэг гаргаж заавал комиссын актыг хавсаргаж өгөхөөр журамд тодорхой заасан.

Хариуцагч тал Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас албан бичиг ирсэн тул бүртгэсэн гэж байна. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу улсын бүртгэлийг Нийслэлийн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг даалгах байдлаар бүртгэл хийлгэх эрх зүйн үндэслэл байхгүй. Мэргэжлийн комиссын дүгнэлт гаргаагүй байранд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргаж өгсөн үйлдэл хууль бус. Иймд улсын бүртгэгчийн үйлдлийг хууль бус болгож, эд хөрөнгийн гэрчилгээг хүчингүй болгож өгнө үү ... Барилгын тухай хуульд улсын комисс авч болно авахгүй ч байсан болно гэх байдлаар тайлбарлаж байгаа боловч тус хуульд энэ асуудал дурдагдаагүй. 10 жил хоригдсон тул барилгын бичиг баримт алдагдсан гэх байдлаар тайлбарлаж байна. Гэвч “Г” ХХК нь өөрөө хуулийн этгээд. Б.М өөрөө гүйцэтгэх захирал гэж байгаа ч мөн эсэх нь эргэлзээтэй. “Г” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Ж.Э гэх хүн байдаг. Барилга барьсан хуулийн этгээд улсын комиссод байрыг хүлээлгэж өгөх үүрэгтэй. Б.Мын хорих ял эдэлсэн нь хэрэгт хамааралгүй.

ШУТИС-ийн дэргэдэх “Р” төвийг төрийн эрх бүхий байгууллага гэж тайлбарлаж байгаа ч энэ нь ШУТИС-ын харьяа барилга архитектурын сургуулийн дэргэдэх бүтээцийн хийц зураг төсөлд дүгнэлт хийдэг төв. Энэ нь бүхэлдээ ашиглалтад оруулж болох талаар мэргэжлийн хяналтын дүгнэлттэй дүйцэхгүй. Зөвхөн зураг төсөлд дүгнэлт хийдэг компани байна.

Гуравдагч этгээдийн тайлбартаа хэлсэн ШУТИС-ийн дэргэдэх “Р” төвийн дүгнэлт нь Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар очоод, түүнээс Убегт газарт очин бүртгэл хийсэн гэх тайлбарыг хийх боловч Улсын бүртгэлийн ерөнхий газраас нотлох баримтаар өгсөн баримтад ШУТИС-ийн дэргэдэх “Р” төвийн дүгнэлт байхгүй ба ганц байгаа дүгнэлт нь 36 дугаар байранд хамааралтай дүгнэлт байна. Энэ орон сууцыг орон сууцны зориулалтаар ашиглаж болох эсэх талаар тодорхойлоогүй байхад орон сууцны зориулалттай гэж бүртгэсэн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ нь хууль бус юм.

Тухайн үед Улсын комисс хүлээж аваагүй барилгыг хэрхэн бүртгэх асуудал хуулиар зохицуулагдаагүй. Иймд Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар, Мэргэжлийн хяналтын газар, Убег нь төрийн байгууллага тул хуулиар зөвшөөрөгдсөнөөс бусад үйл ажиллагаа хориглогддог. Иймд Улсын бүртгэлийн ерөнхий газрын хууль бус үйлдэл нь улсын бүртгэлийн хүчингүй болгох үндэслэлд орно.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй ... Баянзүрх дүүргийн хороо, Х хотхон /13360/, Б.Доржийн гудамж 32 байр хаягтай, орон сууцны зориулалттай барилгыг “Г” ХХК нь шинээр баригдсан орон сууц анх удаа бүртгэж баталгаажуулах тухай жагсаалтыг гаргасан байна. а/ Баянзүрх дүүргийн хороонд байршилтай, “Г” ХХК-ийн захиалгаар баригдсан орон сууцны зориулалттай барилгыг бүртгүүлэхийг хүссэн өргөдөл, “Г” ХХК-ийн 2016 оны 02 сарын 15-ны өдрийн 06/02 тоот, 2015 оны 0 сарын 09-ний өдрийн 04/01 тоот, 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 11/16 тоот, 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 12/01 тоот, 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 12/09, 12/10 тоот, 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 01/19 тоот, 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 01/14 тоот, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 07/1920 тоот. 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 5/3895 тоот, 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 04/4094 тоот, Мэргэжлийн хяналтын газар 2015 оны 06 дугаар сарын 25-ны 02-07-005/972 тоот, Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 3/11168 тоот, Баянзүрх дүүргийн засаг даргын 2004 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 113 дугаартай захирамж, газар эзэмших гэрээ, гэрчилгээ, “Г” ХХК, “Д*******” ХХК нарын хооронд байгуулсан 2003 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн барилга худалдах, худалдан авах гэрээ, 2005 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн №БЗ/04-2005 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар, техникийн нөхцөлүүд, батлагдсан ажлын план болон фото зураг гэх мэт холбогдох бусад нотлох баримтыг үндэслэн эрхийн улсын бүртгэлд жагсаалтаар бүртгэсэн болно.

“Г” ХХК-ийн гаргасан жагсаалт нь холбогдох эрхийг бүртгэх талаар шийдвэр гаргахад шаардлагатай бүх мэдээллийг багтаасан нотлох баримтыг бүрдүүлэх үүрэгтэй бөгөөд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.3, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.9 дэх хэсэгт “Улсын бүртгэлд бүртгүүлэхээр хүсэлт гаргаж байгаа этгээд нь бүртгүүлэхээр мэдүүлж байгаа эрхийн нотлох баримтыг бүрэн гүйцэт, үнэн зөв гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүйн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө” хэмээн заасан байдаг.  Захиалгаар баригдсан орон сууц, авто зогсоолын өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэхэд “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль”-ийн 13 дугаар зүйл, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2011 оны 38 дугаар тушаалаар батлагдсан “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам”-ын зүйлийг тус тус үндэслэн бүртгэдэг. Иргэн Г.М нь тус бүртгэлийн хэлтэст хандаж, 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр гаргасан мэдүүлэг нотлох баримтыг үндэслэн, анх удаа өмчлөх эрх үүсгэн бүртгэсэн тухайн бүртгэл нь хууль тогтоомжийн дагуу бүртгэл хийсэн болох нь доорх нөхцөл байдлаар тодорхойлогдоно. Баянзүрх дүүргийн хороо, Ц******* /13360/, Б.Доржийн гудамж байр орон сууцыг бүртгүүлэхийг хүссэн мэдүүлэг, 32/ орон сууцны захиалгын гэрээ, “Г” ХХК-ийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 12/05 тоот, 12/03 тоот албан бичиг зэрэг бусад нотлох баримтуудыг үндэслэн иргэн Г.Мгийн өмчлөлд анх удаа өмчлөх эрх үүсгэн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204 дугаарт бүртгэгдсэн байна. Тухайн орон сууц нь хууль дүрэм журмын дагуу бүртгэгдсэн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хариу тайлбараа дэмжиж байна ... Маргаантай айлууд урьдчилсан тэмдэглэгээ хийлгэдэг. Урьдчилсан тэмдэглэгээ хийлгээгүй тул бүх баримтаа бүрдүүлж өгсөн хүнд манай байгууллага бүртгэл гаргаж өгнө...” гэжээ.

Гуравдагч этгээд Г.Мгийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Нэхэмжлэгч өмчлөх эрхтэй этгээд гэж маргаж байна. Өмчлөх эрхтэй этгээд гэдгээ тогтоолгох эрх нээлттэй. Өнөөдрийн шүүх хуралдаанд Х.М*******гийн өмчлөх эрхийг бүртгэсэн маргаан байх тул нэхэмжлэгчийн нэмэлт тайлбар нэхэмжлэлийн шаардлагатай холбоогүй ... Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болсон улсын комиссын акт байхгүй байхад Убег бүртгэлээ гэх үндэслэлээр бүртгэлийн хүчингүй болгоно гэж маргаж байгаа. Гэтэл улсын комисс хүлээж аваагүй, авах боломжгүй талаар хэрэгт цугларсан баримт талуудын тайлбараар хангалттай нотлогдож байна. Нэхэмжлэгч өөрөө ч 10 жилийн турш улсын комисс аваагүй байранд амьдарч байгаагаа хэлж байна. Үүнийг хүчингүй болголоо гэхэд Улсын комисс хүлээж авах боломжгүй талаар Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар илэрхийлсэн. Энэ нэхэмжлэлийн шаардлагыг улсын комисс хүлээж аваагүй үндэслэлээр хангах үндэслэл тогтоогдохгүй байна ... Батламжтай холбоотойгоор улсын бүртгэлийг хүчингүй болгох талаар тайлбар хэлэхгүй байна. Убег нэхэмжлэгч 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хандахдаа батламжаа хавсаргаагүй байна. Түүнийг хавсаргаж өгөөд, батламжгүй Г.Мг бүртгэсэн байна гэх бол асуудал өөрөөр яригдана. Тухайн батламжаар нэхэмжлэгч өмчлөх эрхтэй болохыг Иргэний шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй ... Олон айл хохирсон талаар ярьж байна. Хохирсон олон айлын эрх ашгийг төлөөлөх эрхтэй этгээд нэхэмжлэгч биш. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч барилгын тухай хууль заасан актгүйгээр улсын бүртгэлийн газар бүртгэсэн талаар ярьж байна. Үүнийг хууль зүйн үндэслэлдээ хуулиар зөвшөөрөгдсөнөөс бусад үйл ажиллагаа хориглогддог гэж хуульчийн хувьд тайлбар хэлж байна. Миний хувьд хуулиар хориглогдоогүй бүхэн зөвшөөрөгдөх тул Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас уламжилж байгаа албан бичгийг үндэслэж Убег бүртгэсэн нь үндэслэлтэй. Энд ганц С.Нийн эрх ашиг бус тухайн байранд оршин сууж байгаа оршин суугчийн асуудал яригдаж байна. Улсын комисс актгүйгээр Х.М*******гийн бүртгэлийг хүчингүй болголоо гэхэд бүртгэгдсэн оршин суугчдын эрх ашиг хөндөгдөнө. С.Н хувийн эрх ашгийн төлөө олон хүний эрх ашгийг сөргөөр шийдвэрлүүлэх үндэслэл байхгүй. Шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх хэсэгт заасныг баримтлан шийдвэрлэх үндэслэлтэй байна.” гэжээ.

Гуравдагч этгээд “Г” ХХК-ийн төлөөлөгч Ж.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн тайлбарыг дэмжиж байна ... Өмчлөх эрхийн бүртгэлийг хүчингүй болгох гэж байгаа. Г.Мгийн өмчлөх эрхийг хүчингүй болгоход сэргэх эрх нь тодорхойгүй. Улсын комисс ажлаагүйгээр байрыг ашиглалтад өгч гэрчилгээ гаргах боломжгүй тул нэхэмжлэгч дээр ч мөн адил гаргахгүй. Цаашдаа хэзээ ч гарахгүй. Учир нь улсын комисс ажиллах боломжгүй болсон нь тодорхой болсон. Улсын комисс ажиллах боломжгүй нь “Г” ХХК-иас шалтгаалаагүй. Бүх бичиг баримтыг баривчилгаа явуулж байхад алдагдсан. Зураг төслийг Б.М авч шоронд ороогүй, цагдаа авсан тэгээд үрэгдсэн ... Тэр зураг ганцхан компанид байсан. Улсын комисс тухайн зурганд үндэслэж дүгнэлт хийдэг. Бусад техник хэрэгсэл барилгын зурагтай хамааралгүй. Хэрэв Улсын комисс тухайн барилгыг аваагүй нь улсын бүртгэлд бүртгэх үндэслэл биш бол нэхэмжлэгч хэрхэн эрхээ сэргээлгэх нь тодорхойгүй. Сэргэх эрх нь тодорхойгүй тул нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй ... Хууль ёсны баримт бичгээр сэргээх гэж байгаа эрхээ нотлоогүй. Хууль ёсны баримт бичиг нь батламж болон худалдан худалдан авах гэрээ, н.П*******ын компанитай хийсэн гэрээгээр би өмчлөх эрхтэй гэж шаардаж байна ... Компанитай н.П*******а харилцаа үүсгэсэн. С.Нтэй нэг ч харилцаа үүсгээгүй. н.Цтай гэрээ хийсэн гэж ярьж байна. н.Ц тухайн компанид ямар ч хамааралгүй. Энэ компанийн шоронд орсон гүйцэтгэх захирлынх нь эхнэр. Өөр компанийн гүйцэтгэх захирал байсан учир “Г” ХХК-д хамааралтай гэж үзэж байна. Тэр компани өөрийнх нь үүсгэн байгуулсан өөрийнх компани ... С.Н болон н.П*******а компанитай ямар ч харилцаа үүсгээгүй. н.П*******а нь Б.М гэх хүнтэй хувийн харилцаа үүсгэж, тухайн байранд зовлон ярьж нэг өвөл орсон.

Нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор батламжийн асуудал ярьж байна. Өөрийн эрхийг нотлох баримтаар хангаж байгаа зүйл нь батламж, үүнийг ямар арга замаар олж авсан эсэх. Худалдах худалдан авах гэрээ болон н.П*******ын компанитай байгуулсан гэрээг үндэслэж, нэхэмжлэгч гэрээ хийсэн гэж хэлсэн. Тухайн гэрээнд Л*******ийн П*******а гэж байгаа. Л*******гийн П*******а, Ч*******ын П*******а эсэх нь тодорхойгүй. Өмчлөх эрхийг олж авсан батламж нь хууль бусаар хуурамч гэрээг үндэслэн олж авсан. Өөрөөр хэлбэл овог нь өөр байна.

Нэхэмжлэгч байшингийн м.кв хэмжих ёсгүй гэж байна. Авч байгаа хүн нь м.кв-ыг нотлуулах ёстой. н.П*******а, С.Н нарын худалдах худалдан авах гэрээнд байрлах 77 м.кв бүхий байр н.П*******ын хөрөнгө болох нь тогтоогдож байна гэж худалдах худалдан авах гэрээнд заасан. Яаж нотлогдож байгаа, хэрхэн нотолсон гэдэг нь тодорхойгүй. н.П*******атай компанийн хийсэн гэрээнд гэж тоо нэг ч байхгүй. н.П*******ын компанитай хийсэн гэрээг гэж нотлох боломжгүй. 32,31 гэх тооноос өөр зүйл байхгүй. Иймд н.П*******ын компанитай хийсэн гэрээг үндэслэж хийсэн худалдах худалдан авах гэрээ нь хүчингүй.

Энэ хүний өмчлөх эрхээ нотлож байгаа зүйл нь батламж гэж байна. Өөрөөр хэлбэл Л*******гийн эсвэл Ч*******ын П*******а эсэх нь тодорхойгүй, байрны өмчлөх эрх нь батламжаар нотлогдож байна гэж байна. Батламж нь юугаар нотлогдож байгаа эсэх нь тодорхойгүй. Ямар ч гэрээнд гэж байхгүй. 32-21 гэдэг нь өөр орон сууцны гэрээ. Байрны м.кв батламжид 80 м.кв гэж байгаа бол худалдах худалдан авах гэрээнд 77 м.кв гэж заасан. Нэг м.кв зөрсөн байсан ч хамаагүй өмчлөх эрх хүчингүй болно. Иймд худалдах худалдан авах гэрээ хүчингүй тул батламж нь дагаад хүчингүй болно. Үүнийг тухайн “Г” ХХК-ийн захирал эзгүй хойгуур эхнэрийг нь төөрөгдүүлсэн.” гэжээ.

                                                      ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Гуравдагч этгээд Г.М нь 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн Эд хөрөнгийн бүртгэлийн хэлтэст /ЭУБ-01/ маягтаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн хороо, Доржийн гудамж, 32 байрны од байрлах үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлд анх удаа бүртгүүлэхээр хандаж, холбогдох баримтуудыг хавсаргасан ба улмаар үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204 дугаарт бүртгэж, №00068 дугаартай гэрчилгээг олгожээ.

Нэхэмжлэгчээс “тухайн барилгыг улсын комисс хүлээн аваагүй байхад бүртгэл хийсэн гэж, хариуцагч, гуравдагч этгээд нараас барилгыг улсын комисс хүлээж авах боломжгүй нөхцөл байдал үүссэн, бүртгэл хуулийн дагуу хийгдсэн” гэж тус тус маргажээ.

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-д үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг анх удаа бүртгүүлэхэд тусгах мэдээллийг, 10.6-д мэдүүлэгт хавсаргах нотлох баримтыг тус тус хуульчилсан байх бөгөөд үүнд мэргэжлийн комиссын барилгыг хүлээн авсан актыг хавсаргах, мэдээлэлд тусгах талаар хуульчлаагүй байна.

Харин Улсын бүртгэлийн Ерөнхий газрын даргын 2011 оны 01 дүгээр сарын 17-ний өдрийн № 38 дугаар тушаалаар баталсан “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөдлөх журам”-ын зүйлийн 4.5-д “Иргэд хуулийн этгээд нь өөрийн хөрөнгөөр захиалан бариулсан байр, орон сууц, объектыг өмчлөх эрхээ бүртгүүлэхдээ Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу мэдүүлэг гаргаж, нотлох баримтыг бүрдүүлж үйлчлүүлэх бөгөөд мэдүүлэгт шаардлагатай бол улс, аймаг, нийслэлийн мэргэжлийн комиссын барилга хүлээн авсан акт, улсын байцаагчийн дүгнэлтийг хавсаргана. Нийтийн зориулалттай орон сууцны тухайд улс, аймаг, нийслэлийн мэргэжлийн комиссын барилга хүлээн авсан акт нь энэхүү журмын 4.4.2-т зааснаар урьдчилан ирсэн бол жагсаалтын дагуу бүртгүүлэхээр мэдүүлэг гаргаж буй өмчлөгчид улсын комиссын актыг хавсаргах шаардлагагүй. Энэ тохиолдолд улсын бүртгэгч энэхүү журмын 8.12, 8.13-т заасан үндэслэл байгаа эсэхийг шалгаж бүртгэнэ” гэж заажээ.

Маргаан бүхий барилгыг “Г” ХХК-ийн захиалгаар 2005 оны хооронд ашиглалтад оруулсан гэх бөгөөд тухайн хуулийн этгээдийн гүйцэтгэх захирал эрүүгийн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байх явцад уг барилгын баримт бичгүүд үрэгдэж, улсын комисс хүлээн авах боломжгүй нөхцөл байдал үүссэн гэх бөгөөд оршин суугчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүднээс Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн №07/1920, 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн № 5/3895 тоот албан бичгүүдийг Баянзүрх дүүргийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тасагт хүргүүлсэн байх бөгөөд уг албан бичигт “зураг төсөл зохиогч байгууллагын төлөөлөл, гүйцэтгэгч байгууллагын төлөөлөл комиссын бүрэлдэхүүнд оролцох боломжгүй болсон, зураг төсөл улсын архивд байхгүй байгаа тул улсын комисс зохион байгуулах боломжгүй” талаар дурьджээ.

Дээрхээс дүгнэвэл тухайн барилгад нэгэнт улсын комисс ажиллах боломжгүй болсон тул Шинжлэх ухаан техникийн их сургуулийн Оношилгоо, зураг төсөл, судалгааны “Р*******” төвөөр дүгнэлт гаргуулж оршин суугчдын өмчлөх эрхийг баталгаажуулах арга хэмжээ авсан төрийн захиргааны байгууллага, уг баримтуудыг үндэслэж бүртгэл хийсэн хариуцагчийг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл хуульд бүртгэл хийлгэхдээ заавал мэргэжлийн комиссын барилга хүлээн авсан актыг хавсаргах, мэдээлэлд тусгахыг шаардаагүй боловч үүссэн нөхцөл байдалд тохируулан тухайн байрны нийт оршин суугчдын нийтлэх эрх ашгийн төлөө дээрх зохицуулалтыг хийснийг буруутгах үндэслэлгүй.

Харин нэхэмжлэгч нь тухайн орон сууцанд “2009 оноос хойш амьдарч байгаа, уг орон сууцыг н.П*******аас худалдаж авсан, “Г” ХХК-иас батламж олгосон” гэх бөгөөд тухайн шүүх уг асуудлыг харьяалан шийдвэрлэхгүй тул өмчлөх эрхтэй холбоотой маргаанаа ердийн харьяаллын шүүхээр хянан шийдвэрлүүлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн өмчлөх эрхтэйгээ холбоотой эрх бүхий байгууллага албан тушаалтанд өргөдөл, гомдол, нэхэмжлэл гаргахад уг шүүхийн шийдвэр саад болохгүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2, 10.3, 10.6-д заасныг тус тус баримтлан С.Нийн нэхэмжлэлтэй Убегт холбогдох “Баянзүрх дүүрэг, хороо, Х хотхон, Доржийн гудамж, байрны хаягт байрлах орон сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2204 дугаарт бүртгэсэн, №00068 дугаартай гэрчилгээг олгосон улсын байцаагчийн үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, Ү-2204 дугаартай бүртгэл, № №00068 дугаартай гэрчилгээг хүчингүй болгуулахыг хүссэн” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын улсын тэмдэгтийн хураамжид тус бүр төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.МӨНХ-ЭРДЭНЭ