Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 46

 

 

Увс аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Алтан даргалж, 
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Анхбаяр,
Хохирогч: Э.Гантулга, 
Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Д.Бунжаа, 
Шүүгдэгч: Ц.Баттулга, С.Баянмөнх, 
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд явуулж, 
Увс аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Булгадар овгийн Цэнд-Аюушийн Баттулга, Дэн алаг морьт овгийн Самбуугийн Баянмөнх нарт холбогдох 201620000082 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

    Монгол Улсын иргэн, 1992 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, аав, ээж, дүү нарын хамт Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар баг, 10-11 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй,  РД:ОО92090158, Булгадар овгийн Цэнд-Аюушын Баттулга.  

     Монгол Улсын иргэн, 1992 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 24 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, ээж, дүү нарын хамт Увс аймгийн Улаангом сумын  2 дугаар баг 10-25 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, РД:ОЮ92061711, Дэн алаг морьт овгийн Самбуугийн Баянмөнх.  
 
      Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Ц.Баттулга, С.Баянмөнх нар согтуугаар 2016 оны 4 дүгээр сарын 08-аас 09-нд шилжих шөнө Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин хохирогч Э.Гантулгыг зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлан танхайрсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд : 
1. Хохирогч Э.Гантулгын  мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би 2016 оны 04 дүгээр сарын 08-ны орой 20.0 цаг орчимд ажил тараад хамт ажилладаг Алтангэрэл болон түүний эхнэр, эхнэрийнх нь дүү Батболд гэх залуу бид 4 Жангар ресторанд орсон. Тэнд 1 шил архи хувааж уунгаа дуулж байгаад гарч яваад Нямдорж гэх айлд очсон юм. Тэднийд орохдоо Алтангэрэл нэг шил архи авсан байсан. Нямдоржийн гэрт тэр архиа хувааж ууж дуусгаад тэднийхээс гарч яваад би доошоо гэрлүүгээ салж явсан. Нөгөө гурав  дээшээ эргээд гэрлүүгээ явцгаасан юм. Би явсаар Ундрага Увс ШТС-ын уулзвараар Таван -Од зочид буудал руу эргэж хатуу хучилттай замаар доош явж байтал явган хүний зам дээр нэг залуу утсаар яриад зогсож байхтай тааралдсан. Тэр залуу надаас тамхи нэхэхээр нь би байхгүй гэхэд Чи намайг доромжлоод байна уу, яах гээд байна гээд намайг хэл амаар доромжилсон. Тэгж байтал цаанаас нь цагаан өнгийн савхин куртиктай залуу гүйж ирснээ Чи миний найз дээр томордог юу юм бэ гэж хэлээд үг хэлэх завдалгүй баруун гараараа миний зүүн шанаан тус газарт нэг удаа цохисон. Би хойш савахдаа хальтирч газарт унахад тэр хоёр нийлж байгаад миний дээрээс өшиглөөд эхэлсэн. Би нүүрээ хамгаалж гараараа дарсан боловч дээрээс гар, толгой орчмоор өшиглөөд байсан бөгөөд би эсэргүүцэл үзүүлж чадаагүй. Би сүүлдээ тэр хоёрт хандаж Одоо болно шүү дээ залуучуудаа гэж хэлэхэд тэр хоёр зодохоо болиод намайг татаж босгосон юм. Тэгтэл эхлээд тамхи нэхсэн залуу нь над руу дайраад зодох гээд байсан цагаан куртиктай залууг Чи зүгээр байж бай гэж хэлээд цаашаа түлхээд байсан. Тэгж байтал тэр хоёрын нэг нь надаас мөнгө нэхсэн бөгөөд би түүнд Мөнгө байхгүй гэж хэлээд түрийвч, гар утсаа гаргаж өгөхөд миний түрийвчийг үзчихээд Мөнгө алга гээд надад буцааж шидэж өгсөн. Тэр үед хар куртиктай залуу нь намайг гражын буланд шахаад цохиход миний хамар болон дух орчмоос цус гарсан. Тэр үед цагаан куртиктай залуу ирж салгасан бөгөөд би цусаа арчаад зогсож байтал миний түрийвч, гар утсыг өгөхөөр нь би салаад цаашаа явж байгаад эргээд хартал нөгөө цагаан куртиктай залуу гүйж ирээд Юугаа хараад байгаа юм бэ гэж хэлээд миний зүүн шанаанд нэг удаа гараараа цохичихоод яваад өгсөн. Би тэр чигтээ гүйж харьсан юм. Тухайн үед харанхуй шөнө болчихсон байсан бөгөөд баримжаагаар 00.30 цаг орчим болсон байсан байх. Цагаан куртиктай залуу нь эхлээд толгойруу нэг удаа цохиж унагаад газарт унахад хоёулаа нийлж өшиглөөд байсан. Хар куртиктай залуу нь өшиглөж байгаад босч ирэхэд толгой руу 4-5 удаа гараараа цохисон. Сүүлд хар куртиктай залуу намайг 4-5 удаа цохиход миний хамар болон дух орчмоос цус гарсан юм. Тэгтэл цагаан курткатай залуу нь салгаад намайг нэг удаа шанаадсан. Тэд дандаа толгой руу цохиод байсан юм. Тухайн үед би архинаас бараг уугаагүй эрүүл байсан. Тэр хоёр залуу нилээд согтуу бололтой байсан бөгөөд тэр хоёр залууг намайг цохиж байхад би эсэргүүцэл үзүүлж чадаагүй. Би зодуулсан дороо гэртээ харьсан бөгөөд гайгүй байх гэж бодсон. Тэгтэл өглөө нь толгой өвдөөд байсан тул хэвтэж байтал ээж хөдөөнөөс ирээд болсон явлдын талаар мэдээд цагдаад дуудлага өгсөн юм. Намайг шөнө гэртээ ороход аав ганцаараа байсан. Тухайн үед миний толгой доргисон, дух орчимд болон шанаа орчимд зулгарсан, хамар тэр чигтээ хавдаж цус гарсан, баруун нүдний орчимд тэнийж хавдсан байсан. Мөн уруулын дотор хэсэг язарсан байсан. Ц.Баттулга, С.Баянмөнх нар надаас уучлалт гуйж надад учирсан хохирлыг арилгаж өгсөн. Одоо нэхэмжлэх хохирол, санал, гомдолгүй гэх мэдүүлэг , 
2. Гэрч Т.Эрдэнэдэлгэрийн мөрдөн байцаалтад өгсөн: Би 2016 оны 04 дүгээр сарын 08-ны орой гэртээ ганцаараа амрахаар хэвтэж байтал шөнө 01.00 цагийн үед миний хүү Э.Гантулга гаднаас орж ирсэн юм. Тухайн үед Э.Гантулга нүүрээ нуугаад байхаар нь би түүнээс юу болсныг лавлаж асуухад Таван од зочид буудлын дэргэд 2 залуу нийлж намайг зодсон гэж хэлж байсан. Тухайн үед Э.Гантулгын биед баруун шанаа шалбарсан, баруун нүд орчим улайж хавдсан, дээд уруул нь хавдсан, хамар нь шалбарч хавдаж цус гарсан байдалтай байсан бөгөөд Э.Гантулга нүүрээ угаачихаад унтаж амарсан юм. Би тухайн үед ямар хүмүүсээр зодуулсныг нь асуухад Танихгүй залуучууд байсан, Улаанбаатар хотынх гэж хэлсэн. Надаас тамхи нэхээд зодсон гэж хэлсэн юм. Маргааш нь Э.Гантулга ажилдаа очиж чөлөө аваад буцаж гэртээ ирээд толгой өвдөөд байна гэж хэлээд хэвтээд байсан юм. Тэгж байтал миний эхнэр хөдөөнөөс ирээд Цагдаад мэдэгдэхгүй бол болохгүй гэж хэлээд өөрийн биеэр цагдаагийн байгууллагад мэдэгдсэн юм. Тухайн үед Э.Гантулга үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан эсэхийг би анзаараагүй, эрүүл юм шиг байсан. Э.Гантулга нь хувийн гутлын цехэд ажилладаг бөгөөд ажилдаа явах үед түүний биед ямар нэгэн гэмтэл бэртэл огт байгаагүй. Э.Гантулга нь даруу төлөв зантай, хөдөө голдуу мал дээр өссөн тул гадуур яваад байдаггүй хүүхэд байгаа юм. Э.Гантулга нь эрүүл саруул, ямар нэгэн өвчин хуучгүй хүүхэд байгаа юм. Зодуулснаас хойш Толгой өвдөөд байна гэж хэлэх болсон. Тэдгээр залуучууд Э.Гантулгын толгойруу нь зодсон бололтой байсан. Э.Гантулга эд зүйл дээрэмдүүлээгүй байсан гэх мэдүүлэг /хх-ийн 25 х/, 
3. Гэрч Ц.Чандманийн мөрдөн байцаалтад өгсөн: Би 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хөдөө хувийн ажлаар яваад 04 сарын 09-ний өдөр 10.00 цагийн орчимд гэртээ ирэхэд миний хүү Э.Гантулга орон дээрээ хэвтэж байсан юм. Би ажилдаа яагаад яваагүй талаар асуухад Өчигдөр шөнө харьж явтал хоёр танихгүй залуу гудамжинд намайг зодчихсон. Толгой өвдөөд ажилдаа явж чадаагүй, чөлөө авлаа гэж хэлсэн юм. Тухайн үед Э.Гантулгын баруун нүд орчим тэр чигтээ хавдаж шалбарсан, дух, хамар, уруул нь хавдсан байдалтай байсан тул би цагдаагийн байгууллагад мэдэгдсэн юм. Э.Гантулга надад Харихаар явж байтал Таван-Од зочид буудлын дэргэд нэг залуу тааралдаад тамхи нэхээд зогсоосон. Тэгтэл цаанаас нь нэг залуу хүрч ирээд хоёулаа нийлж байгаад газарт унагаж дээрээс нь өшиглөж зодсон гэж хэлсэн юм. Тухайн үед тэр залуучууд дандаа толгой руу нь цохиод байсан гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 26 х/, 
4. Гэрч Ц.Бурмаагийн мөрдөн байцаалтад өгсөн: Ц.Баттулга нь миний төрсөн ах юм. 2016 оны 04 дүгээр сарын 08-ны орой ахын найз Ганаа манай гэрт өнжсөн бөгөөд орой 18.00 цаг орчимд гарч яваад буцаж 19.00 цаг орчимд С.Баянмөнхийн хамт ирсэн юм. Тэгэхэдээ нэг шил том архи авч ирснийг Ц.Баттулга ах тэр гурав хувааж уучихаад хамт бүжгэнд явна гэж хэлээд гарсан юм. Нилээд удаж байгаад Баянмөнх, Баттулга ах хоёр гэрт орж ирээд байж байгаад дахин гарч яваад биднийг шөнө унтаж байхад хамтдаа орж ирж манайд хоносон юм. Тэр шөнөө С.Баянмөнх, Ц.Баттулга нар хүнтэй зодолдсон талаар юм яриагүй. Харин маргааш өглөө нь Ц.Баттулга ах өчигдөр орой нь өмсөж явсан цагаан өнгийн куртикаа цус болчихсон талаар ярихад нь би юу болсныг асуухад Өчигдөр орой С.Баянмөнх хүнтэй зодолдоод би очиж салгаж авсан. Ах нь юу гэж хүнтэй зодолдох вэ гэж хэлсэн юм. Түүнээс өөр зүйл яриагүй. Мөн С.Баянмөнх Минийн баруун гарын хуруу хөдлөхгүй болчихлоо гэж хэлж байсан. Өөр ямар нэгэн гэмтэл бэртэл анзаараагүй. 2016 оны 04 дүгээр сарын 08-ны орой С.Баянмөнх хар өнгийн савхин куртиктай, ногоон цоохор өмдтэй байсан. Ц.Баттулга ах цагаан өнгийн савхин куртиктай, жинсэн өмдтэй байсан юм  гэх мэдүүлэг /хх-ийн 27 х/,   
5. Гэрч Б.Буянжаргалын мөрдөн байцаалтад өгсөн: Ц.Баттулга нь миний төрсөн хүү байгаа юм. 2016 оны 04 дүгээр сарын 08-ны орой 19.00-20.00 цагийн орчимд хүү Ц.Баттулгын найзууд болох Ганаа, Баянмөнх нар гаднаас 1 шил архитай манайд ирээд уг архиа тэр гурав хувааж уучихаад хамтдаа Бүжгэнд явна гэж хэлээд гараад явсан юм. Би 22.00 цагийн орчимд тэднийг ирэхгүй болохоор нь охины хамт унтаж амарсан. Биднийг унтаж байхад Ц.Баттулга, С.Баянмөнх нар гаднаас орж ирээд унтаж амарсан юм. С.Баянмөнх, Ганаа нар манайд байнга ирдэг орж гараад явж байдаг юм. Гэхдээ ирэх тоолондоо архи дарс ууддаггүй юм. Тэд миний хажууд зодоон, цохион хийсэн талаар ямар нэгэн зүйл яриагүй. Тухайн үед Ц.Баттулга, С.Баянмөнх, Ганаа нар халамцуу байсан бөгөөд их согтоогүй байсан. Тэд ууж байсан архиа дутуу орхиод гарч явчихаад буцаж ирээд ууж дуусгасан юм. Гэрээс гарахдаа Ц.Баттулга цагаан өнгөтэй, ханцуй хэсгээрээ улаан канттай савхин куртиктай, С.Баянмөнх нь хар өнгийн савхин куртиктай байсан. гэх мэдүүлэг /хх-ийн 28 х/, 
        6. Гэрч С.Энхбаярын мөрдөн байцаалтад өгсөн: С.Баянмөнх нь миний төрсөн хүү байгаа юм. Би 4 хүүхдийн хамт амьдардаг бөгөөд С.Баянмөнх нь миний 4 дэх хүүхэд юм. С.Баянмөнх нь гадуур гарсан тохиолдолд надруу утасдаж хаана байгаагаа хэлдэг юм. Тэр орой буюу 2016 оны 4 дүгээр сарын 08-ны орой 21.00 цаг орчимд надруу Найзындаа хөзөр тоглож байна гэж ярьсан юм. Тэгээд түүгээрээ айлд хоноод маргааш өглөө нь 08.00 цаг орчимд Найзындаа хоноод ирлээ гэж хэлээд гэртээ ирсэн юм. Тухайн үед С.Баянмөнхийн баруун гарын эрхий хуруу нь хавдсан байсан тул юу болсныг асуухад Миний гар цэрэгт байхдаа гэмтсэн юм. Түүнээс хойш байнга тулаад байдаг болчихсон. Одоо бас тулчихаад өвдөөд байна гэж хэлсэн юм. Тухайн үед С.Баянмөнхийн гар их хавдсан байсан тул маргааш нь 4 замд байдаг Сайнбуян гэх бариачид би өөрөө дагуулж очиж бариулсан. Нэг удаа бариулаад зүгээр болсон юм. С.Баянмөнх надад зодоон болсон талаар огт яриагүй. С.Баянмөнх нь тухайн үед хар өнгийн савхи мэт куртиктай, аавынхаа хуучин ногоон цоохор цэрэг өмдтэй, хагас түрийтэй гуталтай байсан. С.Баянмөнх нь үг дуу цөөтэй, даруу төлөв зан араншинтай, найз нөхөд цөөхөн, байнга уулздаг цөөн тооны найзуудтай, бага сургуулиас хичээлээс гарч завсардсан. Бичсэн зүйлийг уншиж ойлгодог боловч бичихдээ тааруу. Цэргийн албыг 2012 онд Баян-Өлгий аймагт хаасан. С.Баянмөнхөд хувьд ногдох хөрөнгө гэх байх зүйл байхгүй, тусдаа гараагүй. Дүү нь оюутан тул төлбөрийг нь олох зорилгоор ажил хийх гэж Улаанбаатар хотруу 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр орчимд яваад сая дуудагдаж ирсэн юм гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 х/,     
        7. Гэрч Ц.Алтангэрэлийн мөрдөн байцаалтад өгсөн: Э.Гантулга бид хоёр гутлын цехэд хамт ажилладаг юм. 2016 оны 04 дүгээр сарын 08-ны орой манай ажил 20.30 цаг орчимд тарсан бөгөөд уг өдөр манай эхнэрийн төрсөн өдөр болох байсан тул Э.Гантулга бид хоёр эхнэрийг утсаар дуудаж хамтдаа Жангар ресторанд орж пиво ууж, нийтийн караокед нь дуулаад сууж байтал эхнэрийн дүү Батболд гэдэг залуу ирсэн юм. Бид хамтдаа 1 цаг өнгөрүү тэнд суугаад тэндээсээ гараад Батболд бид хоёр нийлж нэг шил архи дэлгүүрээс аваад Хаана уух вэ гэтэл Батболд Надад нэг таньдаг айл байна,тэднийд очино гэж хэлээд биднийг дагуулаад Төв номын сангийн ар талд хашаа нь байдаг Нямдорж гэх айлд очсон юм. Тэднийд нэг шил архиа хувааж уугаад тэднийхээс гараад Э.Гантулга гэртээ харихаар явсан. Эхнэр, Батболд бид гурав хамтдаа гэртээ харихаар дээшээ салаад явсан юм. Э.Гантулгын гэр Таван-Од зочид буудлаас доошоо байдаг тул ганцаараа доошоо явсан юм. Гэтэл маргааш нь Э.Гантулга ажилдаа маск зүүчихсэн ирэхээр нь юу болсон талаар асуухад Өчигдөр орой харьж яваад танихгүй хоёр залууд зодууллаа гэж хэлсэн юм. Тэгээд Толгой өвдөөд байна гэж хэлээд чөлөө аваад явсан юм. Тухайн үед Э.Гантулгын биед баруун нүд нь хавдсан, дух хамар орчмын хэсэгт шалбарч хавдсан байдалтай байсан бөгөөд толгой өвдөж байна гээд байсан. Э.Гантулга бидэндтэй уулзаж эхнэрийн төрсөн өдөр тэмдэглэхдээ согтоогүй байсан бөгөөд ганц нэг пиво уусан, архинаас амсаад өгч байсан. Бидний хооронд ямар нэгэн хэрүүл маргаан болоогүй. Биднийг салж явахад 00.00 цаг болж байсан байх гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 х/, 
        8. Гэрч Д.Сэржмаагийн мөрдөн байцаалтад өгсөн: Э.Гантулга нь миний нөхөртэй хамт гутлын цехэд ажилладаг юм. Би Ц.Баттулга, С.Баянмөнх гэх хоёр залууг нь танихгүй, бидэнд садан төрлийн холбоо байхгүй. 2016 оны 04 дүгээр сарын 08-ны орой миний төрсөн өдөр болж байсан тул нөхөр маань 20.00 цаг орчимд над руу утасдаад Жангар ресторанд хүрээд ир гэж хэлсэн тул би тэнд очиход нөхөр маань Э.Гантулгын хамт байсан юм. Бид тэндээ нэг нэг пиво уугаад дуулж байтал миний төрсөн дүү Батболд ирсэн бөгөөд Батболдыг ирээд удалгүй бид гарч яваад замдаа Хүлэг дэлгүүрээс нэг шил 0.75 литерийн  архи авсныг Батболдын танил айлд очиж уугаад шөнө 00.00 цаг болж байхад тэднийхээс гарсан юм. Э.Гантулга Би харилаа гэж хэлээд Таван-Од зочид буудлын тийшээ байдаг гэр лүүгээ явган явсан. Бид гурав дээш эргэж алхаад харьсан юм. Маргааш нь нөхөр маань ажилдаа явж ирчихээд надад Э.Гантулга харьж яваад Таван-Од буудлын урд талд танихгүй хоёр залууд зодуулсан байна. Нүүр нүд нь хавдчихсан байна. Тэгээд ажлаас чөлөө аваад явлаа гэж хэлсэн. Бид нарын уулздаг орой Э.Гантулгын биед ямар нэгэн гэмтэл, бэртэл байгаагүй. Э.Гантулга биднээс салж явахдаа архинаас их уугаагүй тул эрүүл шахуу явсан. Биеэ хэвийн авч явж байсан юм. Бид нар шөнө 00.00 цаг болж байхад Батболдын танил айлаас гарч явсан юм. Тэр айл нь төв номын сангийн арын хороололд байдаг юм гэх мэдүүлэг /хх-ийн 33 х/, 
         
         
        9. Гэрч Б.Отгонгэрэлийн мөрдөн байцаалтад өгсөн: Э.Гантулгын чихэнд үзлэг хийхэд зүүн чихний хэнгэрэг хальс улайсаж, доод хэсэгт завсар гарсан, шингэн ялгадастай, төв хэсэгт нь маш жижиг зүүний сүвний дайтай цооролт харагдсан. Баруун чихний хэнгэрэг нь хуучин цоорхойтой байсан. Э.Гантулга өмнө нь удаа дараа надад үзүүлж байсан бөгөөд 2 чихнийх нь хэнгэрэг цоорхой байж байгаад 2012 онд Улаанбаатар хотод очиж зүүн чихэндээ хэнгэрэг нөхүүлэх хагалгаа хийлгэсэн юм. Э.Гантулга надад сүүлд үзүүлэхдээ 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр бусдад зодуулсан, чих өвдөөд чихнээс шингэн юм гараад байна гэж хэлж байсан. Зүүн чихний шинээр үүссэн жижиг цоорол нь цаашид мэс ажилбар хийхгүйгээр эдгэрэх боломж байдаг тул гадуур эмчилгээ бичиж, байнгын хяналтад байхыг зөвлөөд явуулсан юм. Уг цоорол нь бусдад зодуулсны улмаас үүсэх боломжтой юм гэх мэдүүлэг /хх-ийн 36 х/, 
        10. Гэрч Р.Баасанхүүгийн мөрдөн байцаалтад өгсөн: 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр миний бие Э.Гантулгын биед амбулаториор үзлэг хийсэн. Үзлэгээр түүний биед толгой өвдөнө, биеийн байдал дунд зэрэг, арьс салст ердийн, нүүрний хэсэгт дух, хамрын хэсэгт зулгарсан шархтай, баруун нүд дээд уруулны хэсэг хавагнасан хавантай, ухаан санаа саруул, орчиндоо харьцаатай, асуусан асуултанд зөв тодорохой хариулна, мөчдөд саа, саажилтгүй, зүүн чамархайн хэсгийн хуйханд болон хамрын нуруунд, духны хэсэг зэрэгт зулгаралттай, хамрын нуруугаар бага зэрэг хаван хавдартай, тэмтэрэхэд эмзэглэлгүй байсан. Баруун нүдний дээд зовхинд хүрэн өнгийн цус хуралттай, бага зэрэг хавантай, гавал ясны хажуугаас авсан зургаас харахад гадна, дотно пластинка хэвийн байсан. Э.Гантулга нь 2016 оны 04 дүгээр сарын 08-нд бусдад зодуулсан гэж хэлж байсан. Тухайн үед Э.Гантулга нь надад чихний хэнгэрэг цоорсон талаар болон чих өвдөж байгаа талаар ямар нэгэн зүйл хэлээгүй юм гэм мэдүүлэг /хх-ийн 37 х/,  
        11. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-13 х/, 
        12. Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 14-19 х/, 
13. Монгол улсын Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 180 тоот Шинжээчийн дүгнэлтэд: Үзүүлэгч Э.Гантулгын биед гэмтэл учирсан байна. Тархи доргилт, дух, зүүн чамархай, хамрын нуруу, зүүн өвдөгт зулгаралт, баруун нүдний дээд зовхи, дээд уруулын салстад цус хуралт, баруун хацар, дээд уруулд зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан байна. Дээрх гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн  үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тогтоолд заасан болсон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрх гэмтэл нь эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт тодорхой хугацаанд нөлөөлнө гэжээ /хх-ийн 39 х/, 
14. Увс Финанс-Аудит  ХХК-ийн Эд зүйлс үнэлсэн тухай тайлсан /хх-ийн 44-45, 49-50 х/, 
            15. Монгол улсын Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 211 тоот Шинжээчийн дүгнэлтэд: Үзүүлэгч Э.Гантулгын чихний хэнгэрэг цоорсон байна. Баруун чихний хэнгэрэг өмнө нь цоорхой байсан байна. Зүүн чихний хэнгэргэн хальсны цоорол нь тогтоолд заасан болсон хэргийн хугацаанд үүссэн байхыг үгүйсгэхгүй. Э.Гантулга нь 2012 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр ЭМЖЖ эмнэлэгт зүүн чихэндээ хэнгэрэг нөхүүлэх эмчилгээ хийлгэж байсан байна. Зүүн чихний хэнгэргэн хальсны цоорол нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.8.36.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. 2016.04.12-ны өдрийн 180 тоот шинжээчийн дүгнэлтийн гэмтлийн зэрэгт нөлөөлөхгүй. Зүүн чихний хэнгэргэн хальсны цоорол нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг 10 хувиар алдагдуулна гэжээ /хх-ийн 55 х/, 
16. Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багийн засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр гаргасан 769, 752 тоот Тодорхойлолт /хх-ийн 80, 97 х/, 
17. Хохирогч Э.Гантулгын амбулаториор эмчлүүлэгчдийн карт /хх-ийн 82-87 х/, 
18. Хохирогч Э.Гантулгын нэхэмжлэх хохирол, гомдолгүй талаархи тодорхойлолт /хх-ийн 88 х/, 
19. Шүүгдэгч Ц.Баттулга, С.Баянмөнх нарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 91, 94 х/, 
20. Увс аймгийн Улаангом сумын 2 дугаар багийн засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр гаргасан 245 тоот Тодорхойлолт /хх-ийн 96 х/, 
    21. Шүүгдэгч Ц.Баттулгын мөрдөн байцаалтад өгсөн: Би 2016 оны 4 дүгээр сарын 08-ны орой 18.00 цаг орчимд гэртээ байж байтал миний найзууд болох Ганаа, С.Баянмөнх нар манайд 1 шил Түмний хишиг нэртэй архи авчихсан ирсэн. Түүнийг нь бид гурав манай гэрт хувааж ууж байтал Ганаа ажилтай гэж хэлээд гараад явчихсан юм. Тэгэхээр нь С.Баянмөнхтэй хамт уг архийг ууж дуусгачихаад байж байтал танил ах маань утасдаад  гэрт хүрч ирээд хүүхэд хараад өг гэсэн тул С.Баянмөнхийг хамт явъя гэтэл Үгүй би унтаж амарлаа гэж хэлсэн. Би түүнийг гэртээ үлдээгээд ганцаараа 4 замруу яваад 3-р сургуулийн дэргэд очих үед С.Баянмөнх надруу утасдаад Буцаад хүрээд ир гэсэн тул би буцаад гэрийнхээ зүг очиход С.Баянмөнх манай гэрийн ар талын буюу Таван-Од зочид буудлаас доош явдаг зам дээр нэг танихгүй залуутай зогсож байсан юм. Би явж очоод юу болсныг асуухад тэр танихгүй залуу надад Танай найз намайг зогсоогоод тамхи нэхсэн. Би байхгүй гэж хэлтэл намайг зодсон гэж хэлсэн юм. Тэгтэл С.Баянмөнх тэр залуу руу дайрч тэр хоёр зодолдсон тул би тэр хоёрыг салгаад тэр хоёрыг хоёр хоёр шанаадаад Та хоёр одоо боль гэж хэлэхэд С.Баянмөнх намайг түлхчихээд нөгөө залуутай дээр, доороо ороод зодолдоод байсан. С.Баянмөнх тэр залууг доороо оруулчихаад гараараа цохиод, өшиглөөд байсан. Би арай гэж салгаад нөгөө залуугийн хамарнаас цус гоожоод байхаар нь цусыг нь арчиж өгч байтал С.Баянмөнх хүрч ирээд нөгөө залуугаас Утсаа өгөөдөх гэж нэхсэн. Тэгэхэд нөгөө залуу цусаа арчиж байгаад Май гэж хэлээд гар утсаа С.Баянмөнхөд гаргаж өгсөн. С.Баянмөнх түүний гар утсыг оролдоод цаашаа эргээд явчихсан. Би нөгөө залуугийн цусыг арчиж өгөөд эргэтэл С.Баянмөнх түүний гар утсыг авч ирж өгсөн. Тэр залуугийн гар утас нь Нокиа-3310 маркийн гар утас байсан. Би С.Баянмөнхөөс тэр залууг салгаж явуулахад надад Баярлалаа гэж хэлчихээд доошоо эргээд зам дагуу яваад өгсөн. Би С.Баянмөнхтэй хамт гэрлүүгээ буцаж ороод унтаж амарсан юм гэх мэдүүлэг /хх-ийн 64-67 х/, 
Шүүгдэгч Ц.Баттулгын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би Баянмөнхийн хамт Э.Гантулгыг зодсоноо хүлээн зөвшөөрч байна. Миний буруу, дахиж ийм асуудал гаргахгүй байж чадна. Бид 2 хохирогч Э.Гантулгаас уучлалт гуйж, учирсан хохирлыг барагдуулж өгсөн байгаа. Хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна.Надад хөнгөн ял шийтгэл ногдуулж өгнө үү  гэх мэдүүлэг , 
    22. Шүүгдэгч С.Баянмөнхийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би 2016 оны 04 дүгээр сарын 08-ны орой хамаатны айлдаа очоод тэндээсээ найз  Ц.Баттулгын гэрт очсон. Тэгээд тэднийд 1 шил архи уугаад дуусах гэж байтал Ц.Баттулга ээждээ уурлаад гараад явчихсан юм. Тэр үед Ц.Баттулгын ээж нь надад Чи араас нь гараад аваад ирээч. Болохгүй бол холоос дагаад явж бай гэж хэлсэн тул би Ц.Баттулгын араас гараад утсаар залгахад Таван-Од зочид буудлын хажууд явж байна гэж хэлэхээр нь Чи буцаад ир, танайд очьё, болохгүй бол манайд очиж хоноё гэж хэлээд өөрийнхөө байгаа газрыг зааж өгсөн. Би тэндээ зогсож байтал нэг залуу тааралдахаар нь тамхи нэхэхэд Байхгүй гэхээр нь би утсаар ярьж байсан тул эргээд алхтал Ц.Баттулга Таван-Одын доод талын гэр хорооллын гудамжаар гарч ирсэн. Тэр үед Э.Гантулга надаас холдоогүй байсан бөгөөд Ц.Баттулга шууд Э.Гантулга дээр очоод Чи миний найз дээр томордог юу вэ? гэж хэлээд Э.Гантулгыг шанаадаад, хавирч унагасан юм. Э.Гантулга газарт унахад дээрээс нь зодоод байсан ба би хажуунаас нь очиж Э.Гантулгыг 2 удаа гараараа цохисон. Тэгчихээд Э.Гантулгыг босгож ирээд Ц.Баттулга түүнээс тамхи нэхээд байхгүй гэхэд нь гал асуусан. Дахин мөнгө асуухад Э.Гантулга Надад мөнгө байхгүй гэж хэлээд халаасанд байсан эд зүйлээ гаргаж Ц.Баттулгад өгсөн. Намайг харахад түрийвч, Нокиа-33-10 маркийн гар утас байсан. Ц.Баттулга тэр түрийвчийг үзчихээд Мөнгө алга гэж хэлээд буцааж Э.Гантулгад өгсөн. Тэгээд гар утсыг нь аваад цаашаа эргээд зогссон. Тэр хооронд би Э.Гантулга гэх  залууг заамдаж аваад хашааны буланд байх гаражид тулгаад шахаж түлхэж зодсон . Тэгтэл Э.Гантулгын хамарнаас цус гарсан юм. Тэгэхээр нь түүнийг барихаа больсон. Тэр үед хажуугаас Ц.Баттулга хүрч ирээд тэр залууд гар утсыг нь буцааж өгөөд яв гэж хэлээд явуулсан. Бид хоёр цаашаа эргээд алхтал араас нөгөө залуу хараад зогсоод байсан. Тэгтэл Ц.Баттулга түүнд дээр буцаж очоод Чи юугаа хараад зогсоод байгаа юм бэ? гэж хэлээд түүнийг нэг удаа шанаадсан юм. Тэгээд Ц.Баттулга бид хоёр дээшээ явж замын уулзварт хүрээд гудамжаар жаахан алхаж байгаад Ц.Баттулгын гэрт очиж унтаж амарсан юм. Ц.Баттулга тэр залууг эхлээд шанаадаж дараа нь хавирч унагаад дээрээс нь өшиглөж, гараараа цохисон. Э.Гантулга нь нүүрээ гараараа хамгаалаад байсан. Э.Гантулга бидний өмнөөс хэрэлдэж, маргалдаж, зодолдоогүй дуугүй зогсоод байсан. Бид хоёр Э.Гантулгаас ямар нэгэн эд зүйл, мөнгө төгрөг аваагүй. Э.Гантулга нь Ц.Баттулгыг мөнгө асуухад халаасанд байсан эд зүйлсээ гаргаж харуулахад түрийвч, гар утас байсныг буцааж өгсөн юм. Миний бие хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Би Гантулгаас уучлалт гуйж хохирлыг арилгаж өгсөн. Дахиж ийм хэрэгт оролцохгүй байж чадна, маш их гэмшиж байна.  Надад хөнгөн ял шийтгэж өгнө үү гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтууд болно.

          Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалж дүгнэвэл: Шүүгдэгч Ц.Баттулга, С.Баянмөнх нар согтуугаар  бүлэглэн 2016 оны 4 дүгээр сарын 08-аас 09-нд шилжих шөнө Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багийн нутагт байрлах "ССТ-5-Од" зочид буудлын орчим бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин хохирогч Э.Гантулгыг зодож, түүний бие махбодид хөнгөн гэмтэл учруулан догшин авирлан танхайрсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Э.Гантулга, гэрч Г.Эрдэнэгэрэл, Ц.Чандмань, Ц.Алтангэрэл, Б.Отгонгэрэл, Р.Баасанхүү нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Монгол улсын Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 180 тоот Шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. 

            Шүүгдэгч Ц.Баттулга, С.Баянмөнх нар бүлэглэн хохирогч Э.Гантулгыг зодож танхайрах явцдаа түүний бие махбодид хөнгөн гэмтэл  учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон тул тэднийг бүлэглэн, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тус тус тооцож,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй гэж дүгнэв. 

Шүүгдэгч Ц.Баттулга, С.Баянмөнх нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Э.Гантулгын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсон бөгөөд шүүгдэгч нар нь хохирогч Э.Гантулгад гэмт хэргийн улмаас учирсан хохирол, эмчилгээний зардалд 300.000 төгрөг төлсөн болох нь хохирогч Э.Гантулгын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэг өгсөн мэдүүлэг, тодорхойлолт зэргээр нотлогдож байх тул шүүгдэгч нараас гаргуулах хохиролгүй гэж үзлээ. 

    Шүүгдэгч Ц.Баттулга, С.Баянмөнх нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй. 

Шүүгдэгч нараас гаргуулах хохирол, төлбөргүй тул шүүгдэгч Ц.Баттулгын дундын эзэмшлийн эд зүйл болох угаалгын машин 1 ширхэг, систем хөгжим 1 ширхэг, зурагт 1 ширхэг, С.Баянмөнхийн дундын эзэмшлийн эд хөрөнгө болох хөлдөөгч 1 ширхэг, угаалгын машин 1 ширхэг тус тус битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй. 

           Шүүгдэгч Ц.Баттулга, С.Баянмөнх нар нь согтуугаар гэмт хэрэг үйлдсэн ял хүндрүүлэх үндэслэл байгаа боловч анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа ухамсарлаж гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн  зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан тэдэнд оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж дүгнэв.      

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 284 дүгээр зүйлийн 284.1, 286 дугаар зүйлийн 286.1, 294-296 дугаар зүйл, 297 дугаар зүйлийн 297.1-5 дахь хэсэгт, 298 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Булгадар овгийн Цэнд-Аюушийн Баттулга, Дэн алаг морьт овгийн Самбуугийн Баянмөнх нарыг бүлэглэн догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар шүүгдэгч Ц.Баттулга, С.Баянмөнх  нарт тус тус 3 жил 5 хоног хорих ял шийтгэсүгэй. 
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Ц.Баттулга, С.Баянмөнх нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлэхээр тогтоосугай. 
4. Шүүгдэгч Ц.Баттулга, С.Баянмөнх  нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгч нараас гаргуулах хохирол, төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай. 
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг баримтлан шүүгдэгч Ц.Баттулга, С.Баянмөнх нарт оногдуулсан 3 жил 5 хоног хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн тус тус тэнсэж, тус бүрт 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзах хугацаа тогтоосугай. 
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар хэрэгт шүүгдэгч Ц.Баттулгын дундын эзэмшлийн эд зүйл болох угаалгын машин 1 ширхэг, систем хөгжим 1 ширхэг, зурагт 1 ширхэг, С.Баянмөнхийн дундын эзэмшлийн эд хөрөнгө болох хөлдөөгч 1 ширхэг, угаалгын машин 1 ширхэг тус тус битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.  
 7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д зааснаар шүүгдэгч Ц.Баттулга, С.Баянмөнх нарт өмнө авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр хэрэглэсүгэй. 

    Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүлийн 304.1-д зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.


                           ДАРГАЛАГЧ 
               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ             Л.АЛТАН