Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол

2022 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 2022/ШЦТ/51

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Булгаа,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул,

Шүүгдэгч  У.Тийн өмгөөлөгч: Д.Бунжаа, Л.Эрдэнэцэцэг,

Шүүгдэгч Э.Эын өмгөөлөгч: Б.Цагцалмаа,

Шүүгдэгч У.Т, Э.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуулаас шүүгдэгч Б овогт Угийн Тд Эрүүгийн хэргийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, Д овогт Эгийн Эад Эрүүгийн хэргийн ерөнхий 3.5  дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хэргийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2135000880107 дугаартай хэргийг хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1973 оны 8 дугаар сарын 04-нд Увс аймгийн Ховд суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч, нягтлан бодох бүртгэл мэргэжилтэй, Увс аймгийн Ховд сумын Засаг дарга ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Увс аймгийн Ховд сумын 1 дүгээр багт оршин суух Б овогт Угийн Т /РД:ОП73080417/.

Монгол Улсын иргэн, 1987 оны 3 дугаар сарын 18-нд Увс аймгийн Ховд суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ХАА-н цахилгаан хангамжийн инженер мэргэжилтэй, Увс аймгийн Ховд сумын ЗДТГ-ын хүнс, жижиг дунд үйлдвэр, хоршоо мэргэжилтэн ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Увс аймгийн Ховд сумын 1 дүгээр багийн 1-2-3 тоотод оршин суух Д овогт Эгийн Э /РД:ОЭ87031830/.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч У.Т нь Увс аймгийн Ховд сумын Засаг даргын албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, тус сумын Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөнөөс 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн А/76 дугаартай захирамжаар “Цаст сүрлэг гурван хороо” хоршооны нэхий боловсруулах төсөлд 15.000.000 /арван таван сая/ төгрөгийн зээлийг Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 153 дугаартай тогтоолын хавсралтаар батлагдсан "Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах, хяналт тавих журам"-ын 3.3.3-д заасан сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах чиг үүрэг бүхий орон тооны бус зөвлөлөөр хэлэлцүүлэхгүйгээр шууд олгож, бусдад давуу байдал бий болгосон гэх гэмт хэрэг,

 - шүүгдэгч Э.Э нь Увс аймгийн Ховд сумын Засаг даргын тамгын газарт хүнсний аюулгүй байдал, жижиг дунд үйлдвэр, хоршоо хариуцсан мэргэжилтэн, сум хөгжүүлэх сангийн зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажиллахдаа тус сумын засаг даргаар ажиллаж байсан У.Тийг албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, тус сумын Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөнөөс 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн А/76 дугаартай захирамжаар “Цаст сүрлэг гурван хороо” хоршооны нэхий боловсруулах төсөлд 15.000.000 /арван таван сая/ төгрөгийн зээлийг Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 153 дугаартай тогтоолын хавсралтаар батлагдсан “Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах, хяналт тавих журам”-ын 3.3.3-д заасан сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах чиг үүрэг бүхий орон тооны бус зөвлөлөөр хэлэлцүүлэхгүйгээр шууд олгож, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт урьдчилан амлаж, бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн  гэх гэмт хэрэгт  тус тус  холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгч У.Т, Э.Э нарыг цагаатгах үндэслэлийн талаар:

1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Сувдаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  “Би Ховд сумын Засаг дарга У.Тийг тухайн сумын Засаг дарга гэдгээр нь мэднэ, мэргэжилтэн Э.Эыг танихгүй байна. Би уг хоёр хүнтэй ямар нэгэн садан төрлийн болон нэгдмэл ашиг сонирхол байхгүй. Би хавтаст хэргийн материалтай танилцсаны дараа уг асуудлын талаар тодорхой хүсэлт, тайлбар гаргах боломжтой, хэрэв хохирол учирсан гэж үзэж байгаа бол хохирлыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хувьд гэм буруутай этгээдүүдээс нэхэмжлэх болно. Уг 15.000.000 төгрөгийг Ховд сумын сум хөгжүүлэх сангийн 100151655401 тоот дансанд төвлөрүүлж, хохирлыг бүрэн барагдуулах хүсэлттэй байна.” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 5-6 дахь тал),

2. Иргэний хариуцагч Б.Сгийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн: “Би “Цаст сүрлэг гурван хороо хоршоо”-ны тэргүүн ажилтай. Би энэ хоршоог 2019 оны 06 дугаар сард байгуулаад тэрнээс хойш өнөөдрийг хүртэл тэргүүнээр нь ажиллаж байна. Би 2020 онд "Цаст сүрлэг гурван хороо хоршоо"-ны нэр дээр төсөл бичиж Увс аймгийн Ховд сумын сум хөгжүүлэх сангаас 15 сая төгрөгийн зээл авсан. Манай хоршоо нь малчдын сайн дурын санаачлагаар байгуулагдсан бөгөөд Дэлхийн байгаль хамгаалах сангийн хөрөнгөөр хэрэгжиж буй "Ирвэстэй нутгийн ирээдүй" төслийн багийн зүгээс манай "Цаст сүрлэг гурван хороо жишиг хоршоо"-нд 23 сая төгрөгийн арьс, нэхий элдэх, боловсруулах цехийн тоног төхөөрөмжийг 2020 оны 06 дугаар сарын сүүлээр өгсөн. Мөн хоршооны үйл ажиллагааг Увс аймгийн Ховд сумын Засаг даргын тамгын газрын зүгээс дэмжинэ гэдгээ илэрхийлсэн байсан учраас “Арьс, нэхий боловсруулах бага оврын цех” нэртэй төсөл бичиж 2020 оны 9 дүгээр сарын сүүлээр Увс аймгийн Ховд сумын Засаг даргын тамгын газрын жижиг дунд үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтэн Э.Эад өгсөн. Улмаар манай төсөл дэмжигдэж, сум хөгжүүлэх сангаас 15 сая төгрөгийн зээл олгогдсон. Манай төслийг яаж хэлэлцэж, шийдвэрлэсэн талаар би сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан төслийн зээлийн мөнгө нь 2020 оны 10 дугаар сарын 07-ны үед манай “Цаст сүрлэг гурван хороо жишиг хоршоо”-ны дансанд шилжиж орж ирсэн. Тэр мөнгийг одоогоор зарцуулж эхлээгүй байгаа. Манай "Цаст сүрлэг гурван хороо жишиг хоршоо"-ны нэр дээр бичигдсэн "Арьс, нэхий боловсруулах бага оврын цех" нэртэй төслийг Увс аймгийн Ховд сумын сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх ажлыг сонгон шалгаруулах орон тооны бус зөвлөлийн хурлаар хэлэлцсэн байх гэж бодож байна. Учир нь 2020 оны 10 дугаар сарын эхээр Ховд сумын Засаг дарга У.Т надад "Танай хоршооны төслийг зөвлөлөөр хэлэлцүүлээд дэмжсэн шүү. Танай хоршоонд одоо 15 сая төгрөгийн зээл олгогдоно" гэж хэлсэн. Манай "Цаст сүрлэг гурван хороо хоршоо"-ны нэр дээр бичигдсэн "Арьс, нэхий боловсруулах бага оврын цех" нэртэй төслийг Увс аймгийн Ховд сумын сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх ажлыг сонгон шалгаруулах орон тооны бус зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх үед би уг хуралд өөрийн биеэр оролцоогүй.” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 52-53 дахь тал),

- иргэний хариуцагч Б.Сгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  “Би Ховд сумын сум хөгжүүлэх сангаас "Арьс нэхий боловсруулах бага оврын цех" төслөөр 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 15.000.000 төгрөгийн хөнгөлөлттэй зээл авсан. Уг төслийг 2020 оны 05 дугаар сард жижиг дунд үйлдвэр хариуцсан мэргэжилтэнд өгсөн шиг санагдаж байна. Уг 15.000.000 төгрөгийг арьс нэхий худалдаж авах, боловсруулах үйл ажиллагаанд зарцуулсан. Одоо манай хоршооны 161600104843 тоот дансанд 17.300.000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Уг дансны 1-р гарын үсгийг би өөрөө, 2-р гарын үсгийг нягтлан бодогч зурдаг юм. Би уг төслийг сонгон шалгаруулах зөвлөлийн хуралд хоршоог төлөөлж өөрийн биеэр оролцсон зүйл байхгүй. Би уг 15.000.000 төгрөгийг сум хөгжүүлэх сангийн орон тооны бус зөвлөл хуралдаагүй байхад манай хоршооны дансанд шилжүүлсэн талаар мэдэх зүйл байхгүй. Надад хоршоо хариуцсан мэргэжилтэн, сумын Засаг дарга нар нь танай хоршоонд 15.0 сая төгрөг шийдвэрлэсэн гэж хэлсэн. Манай хоршоо нь өнөөдрийн байдлаар уг 15.000.000 төгрөгөөс буцааж төлсөн зүйл байхгүй, гэрээний дагуу хүүг нь төлж байгаа, уг мөнгийг хэд хэдэн удаа хувааж төлөх нөхцөлтэй юм. Гэрээний дагуу жилийн 1 хувийн хүүтэй гэж санагдаж байна.” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 28-30 дахь тал),

3. Гэрч Б.Оын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Миний  бие 2016 оны 9 дүгээр сараас хойш Увс аймгийн Ховд сумын сум хөгжүүлэх хөрөнгөөр хэрэгжүүлэх ажлыг шалгаруулах орон тооны бус зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна. Би 2020 онд Увс аймгийн Ховд сумын сум хөгжүүлэх хөрөнгөөр хэрэгжүүлэх ажлыг шалгаруулах орон тооны бус зөвлөлийн хуралд огт суугаагүй. 2020 онд дээрх зөвлөлийн хурал болох гэж байгаа талаар хэлж мэдэгдсэн хүн байхгүй. Орон тооны бус зөвлөл нь 2020 оны 09 дүгээр сарын 29-нд хуралдсан эсэхийг би мэдэхгүй байна. Тухайн үед хурал болох гэж байгаа талаар надад хэлж мэдэгдсэн хүн байхгүй. Увс аймгийн Ховд сумын сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх ажлыг шалгаруулах орон тооны бус зөвлөл нь 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хуралдсан эсэхийг ч би мэдэхгүй байна. Тухайн үед хурал болох гэж байгаа талаар надад хэлж мэдэгдсэн хүн байхгүй. Ямар ч байсан миний хувьд 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хуралд суугаагүй.” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 13-14 дэх тал),

4. Гэрч Д.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл Увс аймгийн Ховд сумын сум хөгжүүлэх хөрөнгөөр хэрэгжүүлэх ажлыг шалгаруулах орон тооны бус зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна. Увс аймгийн Ховд сумын сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх ажлыг шалгаруулах орон тооны бус зөвлөл нь 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хуралдаагүй. Тухайн үед хурал болох гэж байгаа талаар надад хэлж мэдэгдсэн хүн байхгүй. Ямар ч байсан миний хувьд 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хуралд суугаагүй. Увс аймгийн Ховд сумын сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх ажлыг шалгаруулах орон тооны бус зөвлөл нь 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хуралдсан. Тухайн үед би хувийн ажилтай байсан учраас Засаг даргын тамгын газрын жижиг дунд үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтэн Э.Эад мэдэгдээд, хурлаас чөлөө авч, уг хуралд оролцоогүй юм. Би уг хуралд оролцоогүй учраас хэн, хэний ямар, ямар төслийг хэлэлцэж, яаж шийдвэрлэсэн талаар мэдэхгүй. 2020 оны 07-08 дугаар сарын үед /хэдэн сарын хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна/ “Цаст сүрлэг гурван хоршоо”-ны тэргүүн Б.С гэдэг хүн “Би төсөл бичиж, сум хөгжүүлэх сангаас зээл авна” гэж надад хэлж байсан. Гэхдээ миний хувьд “Цаст сүрлэг гурван хоршоо”-ны төслийг сонгон шалгаруулах хуралд оролцоогүй. Тийм болохоор "Цаст сүрлэг гурван хоршоо" нь Увс аймгийн Ховд сумын сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх ажлыг шалгаруулах орон тооны бус зөвлөлөөр төсөл хэлэлцүүлж, сум хөгжүүлэх сангаас зээл авсан эсэхийг мэдэхгүй байна..” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 16-17 дахь тал),

5. Гэрч Д.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Увс аймгийн Ховд сумын сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх ажлыг сонгон шалгаруулах орон тооны бус зөвлөл нь одоо 9 гишүүнтэй үйл ажиллагаагаа явуулдаг. Зөвлөлийн даргаар Ховд сумын Засаг дарга У.Т, нарийн бичгийн даргаар Ховд сумын Засаг даргын тамгын газрын жижиг дунд үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтэн Э.Э, гишүүдээр Д.Б, Б.О, А.Ш, Я.Н, О.Х, Б.О бид нар ажилладаг. А.Ш гэдэг хүн 2020 онд нас барсан. Увс аймгийн Ховд сумын сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх ажлыг шалгаруулах орон тооны бус зөвлөл нь жилд 1 удаа хуралддаг. Хурлын товыг хэн тогтоож өгдгийг би сайн мэдэхгүй. Жижиг дунд үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтэн Э.Э нь хурлын зарыг надад хэлж, мэдэгддэг. Увс аймгийн Ховд сумын сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх орон тооны бус зөвлөл нь 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хуралдсан. Тухайн үед би өөрийн биеэр оролцсон. 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр болсон хуралд Засаг дарга У.Т, Засаг даргын тамгын газрын жижиг дунд үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтэн Э.Э болон гишүүд оролцсон. Гишүүдээс хэн хэн оролцсон болохыг одоо би огт санахгүй байна. Ямар ч байсан хурлын ирц бүрдсэн гэж үзээд хуралдааныг эхэлсэн. Уг хурлаар Д.Ц, С.Э, Д.Б, Я.Г нар болон Цаст сүрлэг гурван хорооноос ирүүлсэн төслүүдийг хэлэлцсэн. Дээрх хүмүүсийн төслүүдийг хэлэлцээд Д.Цын бичсэн төсөлд 8 сая, С.Эгийн бичсэн төсөлд 7 сая, Д.Бын төсөлд 8 сая, Я.Гийн бичсэн төсөлд 10 сая, Цаст сүрлэг гурван хоршооноос ирүүлсэн төсөлд 15 сая төгрөг тус тус олгохоор шийдвэр гаргасан. Тухайн хурал дээр Ховд сумын Засаг дарга У.Т "Цаст сүрлэг гурван хоршооны тэргүүн Б.Сгийн бичсэн төсөл нь манай суманд зайлшгүй шаардлагатай төсөл учраас дэмжих шаардлагатай байна" гэж хэлсний дагуу бид нар Цаст сүрлэг гурван хоршооноос ирүүлсэн төсөлд 15 сая төгрөг олгохоор шийдвэрлэсэн юм. Цаст сүрлэг гурваны хоршооны тэргүүн Б.Сгийн бичсэн Арьс, нэхий боловсруулах бага оврын цех" нэртэй төслийн зээлийн мөнгө болох 15 сая төгрөгийг урьдчилж өгсөн болохыг би мэдэхгүй. Увс аймгийн Ховд сумын сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх ажлыг шалгаруулах орон тооны бус зөвлөл нь 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хуралдаагүй. Тухайн үед хурал болох гэж байгаа талаар надад хэлж мэдэгдсэн хүн байхгүй. Ямар ч байсан миний хувьд 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хуралд суугаагүй.” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 19-20 дахь тал),

6. Гэрч Б.Огийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Увс аймгийн Ховд сумын сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг шалгаруулах орон тооны бус зөвлөл нь 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр  хуралдсан. Тухайн үед би өөрийн биеэр оролцсон. 2020 оны 10 дугаар сарын 30-ны эхээр болсон хуралд Засаг дарга У.Т, Засаг даргын тамгын газрын жижиг дунд үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтэн Э.Э болон гишүүд оролцсон. Гишүүдээс хэн, хэн оролцсон болохыг одоо би огт санахгүй байна. Ямар ч байсан ирц бүрдсэн гэж үзээд хуралдааныг эхэлсэн. Уг хурлаар Д.Ц, Э, Д.Б, Я.Г нар болон Цаст сүрлэг гурван хоршооноос ирүүлсэн төслүүдийг хэлэлцсэн. Дээрх хүмүүсийн төслүүдийг хэлэлцээд Д.Цын бичсэн төсөлд 8 сая, С.Эгийн бичсэн төсөлд 7 сая, Д.Бын төсөлд 8 сая, Я.Гийн бичсэн төсөлд 10 сая, Цаст сүрлэг гурван хоршооноос ирүүлсэн төсөлд 15 сая төгрөг тус тус олгохоор шийдвэр гаргасан. Би 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хуралд суухдаа өөрийнхөө дэвтэр дээр, өөрийнхөө гараар тэмдэглэл хөтөлсөн. Уг тэмдэглэлийн хуулбарыг гаргаж өгөх боломжтой. Цаст сүрлэг гурваны хоршооны тэргүүн Б.Сгийн бичсэн “арьс нэхий боловсруулах бага оврын цех" нэртэй төслийн зээлийн мөнгө болох 15 сая төгрөгийг урьдчилж өгсөн болохыг би мэдэхгүй. Би өөрийн саналаар уг төслийг дэмжиж саналаа өгсөн. Цаст сүрлэг гурваны хоршооны тэргүүн Б.Сгийн бичсэн “арьс нэхий боловсруулах бага оврын цех" нэртэй 20 сая төгрөгийн төслийг Увс аймгийн Ховд сумын сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх ажлыг шалгаруулах орон тооны бус зөвлөлийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаар хэлэлцээд уг төсөлд 15 сая төгрөгийн зээл олгохоор шийдвэрлэсэн. Ямар ч байсан миний хувьд 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хуралд суугаагүй.” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 25-26 дахь тал),

7. гэрч Я.Нгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Увс аймгийн Ховд сумын сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх ажлыг сонгон шалгаруулах орон тооны бус зөвлөл нь одоо 9 гишүүнтэй үйл ажиллагаагаа явуулдаг. Зөвлөлийн гишүүн А.Ш нь 2020 онд нас барсан. Зөвлөлийн даргаар Ховд сумын Засаг дарга У.Т, нарийн бичгийн даргаар Ховд сумын Засаг даргын тамгын газрын жижиг дунд үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтэн Э.Э, гишүүдээр Д.Б, Б.О, Д.Б, О.Х, Б.О бид нар ажилладаг. Увс аймгийн Ховд сумын сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх ажлыг шалгаруулах орон тооны бус зөвлөл нь 1 жилд 1 удаа хуралддаг. Хурлын товыг хэн тогтоож өгдгийг би сайн мэдэхгүй. Жижиг дунд үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтэн Э.Э нь хурлын зарыг надад хэлж, мэдэгддэг. Увс аймгийн Ховд сумын сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх ажлыг шалгаруулах орон тооны бус зөвлөл нь 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хуралдсан. Тухайн хуралд би өөрийн биеэр оролцсон. 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр болсон хуралд Засаг дарга У.Т, Засаг даргын тамгын газрын жижиг дунд үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтэн Э.Э болон гишүүдээс Б.О, Д.Б, О.Х бид нар оролцсон шиг санаж байна. Ямар ч байсан хурлын ирц бүрдсэн гэж үзээд хуралдааныг эхэлсэн. Уг хурлаар Д.Ц. С.Э, Д.Б, Я.Г нар болон Цаст сүрлэг гурван хоршооноос ирүүлсэн төслүүдийг хэлэлцсэн. Дээрх хүмүүсийн төслүүдийг хэлэлцээд Д.Цын бичсэн төсөлд 8 сая, С.Эгийн бичсэн төсөлд 7 сая, Д.Бын төсөлд 8 сая, Я.Гийн бичсэн төсөлд 10 сая, Цаст сүрлэг гурван хоршооны тэргүүн Б.Сгаас ирүүлсэн төсөлд 15 сая төгрөг тус тус олгохоор шийдвэр гаргасан. Цаст сүрлэг гурваны хоршооны тэргүүн Б.Сгийн бичсэн “Арьс, нэхий боловсруулах бага оврын цех” нэртэй төслийн зээлийн мөнгө болох 15 сая төгрөгийг урьдчилж өгсөн болохыг би мэдэхгүй. Увс аймгийн Ховд сумын сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх ажлыг шалгаруулах орон тооны бус зөвлөл нь 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хуралдсан эсэхийг би мэдэхгүй байна. Тухайн үед хурал болох гэж байгаа талаар надад хэлж мэдэгдсэн хүн байхгүй. Ямар ч байсан миний хувьд 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хуралд суугаагүй.” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 31-32 дахь тал),

8. гэрч М.Огийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би Увс аймгийн Ховд сумын Засаг даргын тамгын газарт нягтлан бодогч ажилтай. Би энэ ажлыг 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл хийж байна. Увс аймгийн Ховд сумын харъяат Цаст сүрлэг гурваны хоршооны тэргүүн Б.С нь "Арьс, нэхий боловсруулах бага оврын цех" нэртэй төсөл бичиж Увс аймгийн Ховд сумын сум хөгжүүлэх сангаас зээл авахаар болсон байсан. Би энэ талаар 2020 оны 10 дугаар сарын 04-ний үед мэдсэн. Тухайн үед Увс аймгийн сумын Засаг даргын тамгын газрын жижиг дунд үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтэн Э.Э надад иргэн Б.Сд сум хөгжүүлэх сангаас 15 сая төгрөг олгох сумын Засаг даргын захирамж, зээлийн гэрээ, бэлэн мөнгө олгохын хүссэн өргөдөл, зээлдэгчийн анкет, барьцааны гэрээ болон бусад холбогдох баримт бичгүүдийг авчирч өгөх үед мэдсэн. Увс аймгийн Ховд сумын Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн А/76 дугаартай захирамжаар иргэн Б.Сд сум хөгжүүлэх сангаас 15 сая төгрөгийн зээл олгохоор захирамж гарч, гэрээ хийгдсэн байсан учраас би дээрх баримтуудыг үндэслэн Увс аймгийн Ховд сумын Засаг даргын тамгын газрын сум хөгжүүлэх сангийн 100151655401 дугаарын данснаас иргэн Б.Сгийн "Цаст сүрлэг гурван хороо хоршоо"-ны Төрийн банкны 161600104843 дугаарын данс руу 15 сая төгрөгийг шилжүүлж өгсөн. Увс аймгийн Ховд сумын сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх ажлыг шалгаруулах орон тооны бус зөвлөл нь 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс өмнө хуралдсан эсэх, хэрэв хуралдсан бол Цаст сүрлэг гурваны хоршооны тэргүүн Б.Сгийн бичсэн "Арьс, нэхий боловсруулах бага оврын цех" нэртэй төсөлд зээл олгох шийдвэр гаргасан эсэх талаар надад мэдэх зүйл огт байхгүй.” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 37-38 дахь тал),

9. гэрч О.Х мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би Увс аймгийн Ховд сумын Шивэр багт мал маллаж амьдардаг. Мөн би 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл Увс аймгийн Ховд сумын сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх ажлыг сонгон шалгаруулах орон тооны бус зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна. Увс аймгийн Ховд сумын сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх ажлыг сонгон шалгаруулах орон тооны бус зөвлөл нь 9 гишүүнтэй үйл ажиллагаагаа явуулдаг байсан. Зөвлөлийн гишүүн А.Ш нь 2020 онд нас барсан. Зөвлөлийн даргаар Ховд сумын Засаг дарга У.Т, нарийн бичгийн даргаар Ховд сумын Засаг даргын тамгын газрын жижиг дунд үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтэн Э.Э, гишүүдээр Д.Б, Б.О, Д.Б, Я.Н, Б.О бид нар ажилладаг. Увс аймгийн Ховд сумын сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх ажлыг шалгаруулах орон тооны бус зөвлөл нь жилд 1 удаа хуралддаг. Хурлын товыг хэн тогтоож өгдгийг би сайн мэдэхгүй. Жижиг дунд үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтэн Э.Э нь хурлын зарыг надад хэлж, мэдэгддэг. Увс аймгийн Ховд сумын сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх ажлыг шалгаруулах орон тооны бус зөвлөл нь 2020 онд хуралдсан эсэхийг би мэдэхгүй байна. Миний хувьд 2020 онд Увс аймгийн Ховд сумын сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх ажлыг шалгаруулах орон тооны бус зөвлөлийн хуралд огт суугаагүй. 2020 онд дээрх зөвлөлийн хурал болох гэж байгаа талаар надад хэлж мэдэгдсэн хүн байхгүй.” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 40-41 дэх тал),

10. гэрч Б.Нийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би Увс аймгийн Ховд сумын Засаг даргын тамгын газарт Төрийн сангийн мэргэжилтэн ажилтай. Энэ ажлыг 2017 оны 12 дугаар сараас хойш өнөөдрийг хүртэл хийж байна. Өмнө нь 2008-2017 он хүртэл Увс аймгийн Ховд сумын Засаг даргын тамгын газарт нягтлан бодогчоор ажиллаж байсан. Увс аймгийн Ховд сумын харъяат, Цаст сүрлэг гурваны хоршооны тэргүүн Б.С нь "Арьс, нэхий боловсруулах бага оврын цех" нэртэй төсөл бичиж Увс аймгийн Ховд сумын сум хөгжүүлэх сангаас зээл авахаар болсон байсан. Би энэ талаар 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр мэдсэн. Тухайн үед Увс аймгийн Ховд сумын Засаг дарга У.Т, Засаг даргын тамгын газрын нягтлан бодогч М.О нар нь Увс аймгийн Ховд сумын иргэн Б.Сгийн "Цаст сүрлэг гурван хороо хоршоо"-нд сум хөгжүүлэх сангаас 15 сая төгрөгийн зээл олгох төлбөрийн хүсэлт бичиж, уг төлбөрийн хүсэлтийг нягтлан бодогч М.О надад өгсөн. Төлбөрийн хүсэлтийн хамт сумын Засаг даргын захирамж, сум хөгжүүлэх сангаас зээл олгох гэрээ болон бусад баримт бичгүүдийг өгсөн. Би төлбөрийн хүсэлт болон дээрх баримтыг үндэслэн сум хөгжүүлэх сангийн хөрөнгөнөөс иргэн Б.Сгийн "Цаст сүрлэг гурван хороо хоршоо"-ны данс руу 15000000 шилжүүлж өгсөн. Би нягтлан бодогч М.Огийн надад өгсөн төлбөрийн хүсэлтийг үндэслэн сум хөгжүүлэх сангийн хөрөнгөнөөс иргэн Б.Сгийн "Цаст сүрлэг гурван хороо хоршоо"-ны данс руу 15000000 шилжүүлж өгсөн.” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 43-44 дахь тал),

11. гэрч Ш.Нгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би Увс аймгийн Ховд сумын Засаг даргын тамгын газарт Санхүү албаны даргаар ажилладаг. Би энэ ажлыг 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл хийж байна. Өмнө нь 2009-2020 оны 08 дугаар сар хүртэл ХААН банкны Увс аймгийн Ховд сум дахь салбарын харилцааны менежер, ахлах теллер, эрхлэгчээр ажиллаж байсан. Увс аймгийн Ховд сумын иргэн Б.С нь төсөл бичиж Увс аймгийн Ховд сумын сум хөгжүүлэх сангаас 15 сая төгрөгийн зээл авч байгаа талаар 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр гүйлгээ батлах үедээ мэдсэн. Чухам ямар төсөл бичсэн эсэх талаар надад мэдэх зүйл байхгүй. Уг гүйлгээг төрийн сангийн мэргэжилтэн Б.Н хийсэн. Увс аймгийн Ховд сумын сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх ажлыг шалгаруулах орон тооны бус зөвлөл нь 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс өмнө хуралдсан эсэх, хэрэв хуралдсан бол Цаст сүрлэг гурваны хоршооны тэргүүн Б.Сгийн бичсэн "Арьс, нэхий боловсруулах бага оврын цех" нэртэй төсөлд зээл олгох шийдвэр гаргасан эсэх талаар надад мэдэх зүйл огт байхгүй.” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 46-47 дахь тал),

12. гэрч Д.Тын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Дэлхийн байгаль хамгаалах сангийн санхүүжилтээр 23.0 сая төгрөгийн өртөг бүхий нэхий боловсруулах цехийн тоног төхөөрөмжүүдийг 3 талт гэрээний /Дэлхийн байгаль хамгаалах сан, Цаст сүрлэг 3 хороо хоршоо, Ховд сумын Засаг даргын тамгын газар/ үндсэн дээр 2020 оны 08 сарын үед Цаст сүрлэг 3 хороо хоршоонд хүлээлгэж өгсөн. Мөн тухайн газар дээр нь мэргэжлийн инженерүүдийг ирүүлэн технологийн сургалтыг зааж, сургах ажлыг манай байгууллага өөрийн санхүүжилтээр зохион байгуулсан. “Ирвэстэй нутгийн ирээдүй” төслийн хүрээнд хөдөөгийн хөгжлийн загвар хоршоог дэмжих, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор уг ажлыг зохион байгуулсан. Дээрх тоног төхөөрөмж болон технологийн сургалтад улсын төсвөөс, тухайн сум орон нутгийн төсвөөс нэг ч төгрөгийн зарлага гаргаагүй. Бүгдийг нь манай байгууллагын санхүүжилтээр хийсэн. Санамж бичгийг 2020 оны 11-12 сарын үед байгуулсан. Харин 2020 оны 07-08 сард гурван талт гэрээ байгуулсан. Үүний хүрээнд манайх хүлээсэн үүргийн дагуу техник тоног төхөөрөмж нийлүүлнэ. Манай зүгээс Ховд сумын ЗДТГ-аас “Цаст сүрлэг гурван хороо” хоршоонд зээл олгох гэрээгээр хүлээсэн үүргээ хуулийн дагуу хэрэгжүүлж ажиллахыг шаардаж, хүсэж байсан. Мөн Хоршоо болон сумын ЗДТГ- т хоршооны байрыг барих, усаа татах, цахилгааны асуудлыг шийдвэрлэх, бохирын цооног шийдвэрлэх, газрын асуудлаа шийдвэрлэх зэрэг асуудлыг шийдвэрлэхийг хүсэж, зөвлөж байсан. Би У.Т болон хоршоонд бүхий л үйл ажиллагааг Монгол улсын хууль тогтоомжид нийцүүлэн, тухайлбал мэргэжлийн хяналтын байгууллагаас тавьж байгаа шаардлагуудыг биелүүлж, тухайн ажлыг хийж гүйцэтгэхийг шаардаж зөвлөж байсан. Түүнээс биш хууль бус зүйл хийхийг уг хүнээс огт шаардаж байгаагүй. Манай Дэлхийн байгаль хамгаалах сангаас бүхий л үйл ажиллагааг Монгол улсын хууль тогтоомжийн хүрээнд хийж гүйцэтгэхийг надад даалгаж байсан. Би тухайн сумыг тоног төхөөрөмжтэй болчихсон юм чинь сум хөгжүүлэх санд нь мөнгө байвал тухайн асуудлыг холбогдох хууль, дүрэм, журмын дагуу шийдвэрлэж цехтэй болоод хаягдаад байгаа хонины арьсыг элдэж боловсруулж, бүтээгдэхүүн хийх хэрэгтэй л гэж бодсон. Би У.Тээс тухайн үйл ажиллагааг эхлүүлэхийг шаардсан нь үнэн боловч, хууль дүрэм зөрчиж тухайн ажлыг эхлүүлэхийг шаардсан зүйл байхгүй. Тоног төхөөрөмж хүлээлгэж өгснөөс хойш хэрхэн шийдвэрлэх нь тухайн албан тушаалтан, хоршооны дарга нарын бүрэн эрхийн асуудал шүү дээ.” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 59-61 дэх тал),

13. Увс аймгийн Ховд сумын сум хөгжүүлэх сангийн зөвлөлийн 2020 оны 9 сарын 29-ний өдрийн “Хуралдаанд зөвлөлийн дарга Т, нарийн бичиг Э.Э, гишүүд О.Х, Д.Б, Б.О, Д.Б нар байлцсан ба Я.Н, Б.О нар Улаангом сум руу сургалтад явсан чөлөөтэй ба Ш нас барсан. Иймд ирц ирвэл зохих 8 хүнээс 6 ирсэн 75%-ийн ирцтэй хуралдлаа. Хуралдаан тухайн өдрийн 15.00 цагт Засаг даргын өрөөнд эхэллээ. Хуралдаанд хэлэлцэх асуудал

– 2019 он хүртэл олгосон зээлийн мэдээлэл Э.Э,

- 2020 онд ирүүлсэн төсөл танилцуулах Э.Э тус тус танилцуулахаар боллоо. Хуралдааныг нээж зөвлөлийн дарга У.Т үг хэллээ. Мөн Э.Э 2019 оны хүртэл авсан зээл болон зээлийн үлдэгдэлтэй байгаа 25 иргэнийг танилцуулав. Хугацаа хэтэрсэн нийт 7 ба үүнээс шүүхэд өгсөн 2, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт өгсөн 4, мэдэгдэл өгсөн 1, мөн хувийн зээлдэгч 18 байгааг танилцуулсан.

Б: шүүх болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт байгаа зээлүүд яагаад төлөгдөхгүй байна.

Э.Э: Шүүхэд байгаа иргэдийг шүүхийг шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж албадан барагдуулдаг. Ю.Ттай зээл төлөх хугацааг тохирсон. Одоо болтол зээл төлөгдөөгүй байна.

Д.Б: Хэвийн зээлдэгч нарт хугацаа хэтрэлт байгаа юу.

Э.Э: Хүүгийн хугацаа хэтрэлттэй 4 зээлдэгч үлдсэн. Зээлийн хугацаа  хэтэрсэн 3 зээлдэгч байна. 7 хоногийн дотор төлөхийг шаардаж ажиллаж байна.

2020 онд ирүүлсэн төслүүд: Я.Г “Үхрийн фирм”, Д.Б “Сүүний үхрийн ферм”, С.Э “Ямаа” төсөл, Д.Ц “Сүүний аж ахуй эрхлэх” төсөл, Цаст сүрлэг 3 хороо “Арьс нэхий боловсруулах цех” гэсэн төслүүд байна.

У.Т: эдгээр төслүүд өрхийн аж ахуй эрхэлж байгаа тул  Я.Гт 10 сая, С.Эд 7 сая, Д.Бд 8 сая, Цаст сүрлэг 3 хороо хоршоод 15 сая, Д.Цд 8 сая төгрөг олгох санал гаргаж саналаа илээр илэрхийллээ.

Б.О: Дээрх саналтай санал нэг байна. Аж ахуй нэгжийг 15 сая, бусад төслүүд өрхийн үйлдвэрлэл гэж үзэж байна. Цаашид багт ковот өгөх хүссэн зээлийг олгодог болгомоор байна. Суманд нэгдсэн том зээл 1 олгоод давхар өрхийн үйлдвэрлэлээ дэмжих.

Я.Н: Энэ оны санхүүжилтэд зохицуулаад олгох нь зүйтэй. Мөн Монгол банкны системтэй холбогдсон учир эрсдэлгүй болж байна. Цаашид хяналт сайн тавьж ажиллах хэрэгтэй.

Д.Б: өрхийн үйлдвэрлэл эрхлэх боломжоор хангаж өгөх нь зүйтэй. Цаашид үр дүнтэй хэрэгжүүлэхэд анхаарах. Мөн дээрх төслүүдийг мөнгөн дүнгээр дэмжихэд санал нэг байна.

Э.Э: санал нэг байна.” гэх хуралдааны тэмдэглэл (2 дахь хавтаст хэргийн 86-87,123-124 дэх тал),

 

14. Увс аймгийн Ховд сумын Засаг даргын 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн А/76 дугаартай “Сум хөгжүүлэх сангийн зээл олгох тухай” захирамж (1 дэх хавтаст хэргийн 82 дахь тал),

15. . Увс аймгийн Ховд сумын “Сум хөгжүүлэх сан”-аас 15.000.000 төгрөгийг “Цаст сүрлэг гурван хороо” хоршооны нэхий боловсруулах цех төсөлд олгох тухай төлбөрийн хүсэлт (1 дэх хавтаст хэргийн 85 дахь тал),

 

16. “Цаст сүрлэг гурван хороо” хоршооны нэхий боловсруулах цех төслийн бичиг баримт (1 дэх хавтаст хэргийн 86-112 дахь тал),

 

17. Увс аймгийн Ховд сумын Засаг дарга “Цаст сүрлэг гурван хороо” хоршоотой байгуулсан Сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээ (1 дэх хавтаст хэргийн 115 дахь тал),

18. Ховд суманд арьс нэхийний цех байгуулах талаарх талуудын уулзалтын тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 131 дэх тал),

 

19. Дэлхийн байгаль хамгаалах сан, Увс аймгийн Ховд сумын Засаг дарга, “Цаст сүрлэг гурван хороо” хоршоотой байгуулсан “Цаст сүрлэг гурван хороо хоршоонд түшиглэн арьс нэхий боловсруулах бага оврын цех байгуулах чиглэлээр хамтран ажиллах гурван талт гэрээ (1 дэх хавтаст хэргийн 117-120, 127-130 дахь тал),

20. “Цаст сүрлэг гурван хороо” хоршооны улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (2 дахь хавтаст хэргийн 19 дэх тал),

 

21. Шүүгдэгч У.Тийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би тухайн зээлийг олгоход сум орон нутагтаа нэг ч гэсэн хоршооны хөгжлийг дэмжих гэж бодож явсан. "Цаст сүрлэг гурван хороо" хоршоог жишиг хоршоо болгон хөгжүүлэх зорилгоор Манай ЗДТГ, Дэлхийн байгаль хамгаалах сан, "Цаст сүрлэг гурван хороо" хоршоо гурвалсан гэрээ байгуулж, Дэлхийн байгаль хамгаалах сангийн “Ирвэстэй нутгийн ирээдүй” төслөөс хоршоонд 23 сая төгрөгийн үнэтэй нэхий боловсруулах цехийн төхөөрөмж нийлүүлэх, хоршоо өөрөө цехийн байр барих, ЗДТГ-аас эргэлтийн хөрөнгөнд сум хөгжүүлэх сангаас 40 сая төгрөгийн зээлийг 2020 оны  6 дугаар сард 20 сая, 9 дүгээр сард 20 сая төгрөгийн зээл олгохоор тохиролцсон. Сум хөгжүүлэх сангийн мөнгөн хөрөнгө эргэн төлөлт хийгдэхгүй, эх үүсвэр нь бүрэлдэхгүй байсаар байгаад 2020 оны 06 дугаар сарын үүргээ ЗДТГ биелүүлээгүй, хоёрдугаарт 2020 оны 09 дүгээр сард гэрээний дагуу үүрэг бас биелэгдээгүй. Энэ нөхцөлд "Ирвэстэй нутгийн ирээдүй" төслөөс хоршоонд оруулсан хөрөнгө оруулалттаа эргүүлэн татаж, өөр сум руу шилжүүлэх асуудал яригдаад байна. Иймээс зайлшгүй, мөнгөн санхүүжилтийг олгох шаардлагатай байна гэдгийг хоршоо хариуцсан мэргэжилтэн Э.Э надад танилцуулсан. Мөн уг хоршооны дарга Б.С нь гэрээний үүргээ биелүүлэхгүй бол манай хоршоонд Дэлхийн байгаль хамгаалах сангаас оруулсан техник, тоног төхөөрөмжөө өөр сум руу, өөр төсөл хэрэгжүүлэх газар руу шилжүүлнэ гэж байгааг надад хэлж байсан. Ядаж сумын ЗДТГ-ын зүгээс 9 сарын гэрээний үүргээ биелүүлээч гэсэн зүйлийг хэлсэн. Ингээд мэргэжилтэн Э.Э 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр миний өрөөнд орж ирээд "Ийм боломж нөхцөл байна, хууль дүрэм, журамд нийцүүлж болохоор байна гэж хэлээд "Цаст сүрлэг гурван хороо хоршоонд 15.0 сая төгрөгийн санхүүжилт олгох захирамж төлөвлөж оруулж ирээд надаар гарын үсэг зуруулсан. Би уг захирамжид гарын үсэг зурж өгөхдөө Эад "Энэ ажлыг хууль журамд таарч тохирч байгаа эсэхийг анхаараарай, би хууль журамд нийцэж байна гэж ойлгоод гарын үсэг зурлаа шүү" гэж хэлсэн. Захирамж хэрэгжиж 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн төлбөрийн хүсэлтээр "Цаст сүрлэг гурван хороо" хоршооны данс руу 15.0 сая төгрөг шилжүүлсэн. Тухайн үед гурван талт гэрээ байгуулагдсан байсан. Манай суманд ирэх гэж байсан хөрөнгө өөр газарт хөрөнгө оруулалт хийх гэж байна гэж танилцуулж байсан. Тухайн үед хөл хорио хязгаарлалттай байсан. Олныг хамааруулахгүй, хурал цуглаан хийхгүй байх дэглэм мөрдөж хэрэгжиж байсан. Тэгээд зөвлөлийн хурлаах хэлэлцүүлэхгүйгээр үйл ажиллагаа эхлүүлж байсан. Түүний дараа сум хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах орон тооны бус зөвлөлийн хурал 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр болсон. Би уг хурлыг даргалж, төслүүдийг сонгон шалгаруулсан. Би уг 10 дугаар сарын 30-ны өдөр болсон хурал дээр уг орон тооны бус зөвлөлийн гишүүдэд "Цаст сүрлэг гурван хороо" хоршоонд 40.0 сая төгрөг олгох үүрэг хүлээсэн, гэтэл ямар нэгэн боломж гарахгүй байна, эргэн төлөлтөөс хамаарч байна, гэрээний үүргийг ЗДТГ-аас биелүүлэх шаардлага бий болоод байна, та нар уг төслийг дэмжиж байна уу гэж асуусан. Уг зөвлөлийн гишүүд бүгд дэмжсэн. Үүн дээр хамгийн гол асуудал нь 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр зөвлөл хуралдаагүй гэдэг л асуудал байна. Харин уг орон тооны бус зөвлөлийн гишүүд нь 10 дугаар сарын 30-ны өдрийн хуралдсан хуралдаан дээр "Цаст сүрлэг гурван хороо" хоршооны 15.0 сая төгрөгийн төслийг 100 хувийн саналаар дэмжиж байсан. Э.Э нь надад "2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хурлын тэмдэглэлийн огноог 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр болгож өөрчилсөн" гэдгийг хэлсэн. Энэ журмын 3.5.2-т заасан заалт нь 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр орон тооны бус зөвлөлийн хурал бодитоор болоогүй гэдэг байдлаар л зөрчигдөж байна. Түүнээс биш 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр болсон хурлаар зөвлөлийн хуралдаанд оролцсон бүх гишүүд "Сум орон нутагт арьс нэхий боловсруулах бага оврын цех зайлшгүй байх хэрэгтэй, ийм бодит зүйлийг сум хөгжүүлэх сангаас дэмжих ёстой гэж 100 хувийн саналаар дэмжиж байсан юм. Өөрөөр уг журам зөрчигдсөн асуудал байхгүй. Тухайн үед орон нутгийн сонгууль болж байсан. Энэ үед бусад хүлээгдэж байгаа төслүүд нь хэлэлцэгдэж таарах бөгөөд сонгуулийн тухай хуультай зөрчилдөх, иргэдийн саналыг хууль бусаар авсан гэх нөхцөл байдал үүсэхээс болгоомжлоод тухайн үедээ хуралдаагүй юм. Би сумын Засаг даргын хувьд болон төсөл сонгон шалгаруулах орон тооны бус зөвлөлийн даргын хувьд "Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах, хяналт тавих журам"-ыг маш сайн мэднэ. Би албан үүргийн хувьд уг журмыг хэрэгжүүлэх үүрэгтэй. Дэлхийн байгаль хамгаалах сангийн “Ирвэстэй нутгийн ирээдүй” төслөөс хоршоонд 23 сая төгрөгийн үнэтэй нэхий боловсруулах цехийн төхөөрөмжийг буцааж татах гээд байсан учраас "Цаст сүрлэг гурван хороо" хоршоонд авч үлдэж, иргэдийнхээ амжиргааг дэмжих зорилгоор л энэ үйлдлийг түргэн шуурхай хийх шаардлагатай байсан учраас хийсэн.

 

 22. Шүүгдэгч Э.Эын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би Ховд сумын Засаг даргын тамгын газарт хүнсний аюулгүй байдал, жижиг дунд үйлдвэр, хоршоо хариуцсан мэргэжилтний хувьд сум орон нутагдаа нэг ч гэсэн хоршоог хөгжүүлэх төрийн бодлогыг хэрэжүүлж ажиллах үүрэгтэй. “Цаст сүрлэг гурван хороо" хоршоо нь албан ёсны бүртгэлтэй 24 гишүүнтэй, бүртгэлгүй ч гишүүнчлэлтэй 150 гаруй хүний оролцоотой, эзэн төвгүй, гишүүддээ үйлчилдэг хоршоо учраас "Хоршоог хөгжүүлэх нийгмийн хэмжээний хөтөлбөр III"-ын хүрээнд  улсын жишиг хоршоо болгож хөгжүүлэх зорилготой үйл ажиллагааг нь дэмжин ажиллаж байгаа юм. Манай сумын ЗДТГ, Дэлхийн байгаль хамгаалах сан, "Цаст сүрлэг гурван хороо" хоршооны хооронд байгуулсан гурвалсан гэрээний дагуу Дэлхийн байгаль хамгаалах сангийн “Ирвэстэй нутгийн ирээдүй” төслөөс хоршоонд 23 сая төгрөгийн нэхий боловсруулах цехийн төхөөрөмжийг өгчихсөн, хоршоо байраа барьчихсан, манай ЗДТГ-аас олгох эргэлтийн хөрөнгөгүйгээс түүхий эд, материалаа авч үйл ажиллагаагаа явуулж чадахгүй байгааг би мэдэж байсан. 2020 оны 9 дүгээр сарын 27-нд Дэлхийн байгаль хамгаалах сангийн “Ирвэстэй нутгийн ирээдүй” төслийн Увс аймгийн орон нутгийн зохицуулагч Д.Т ирж уулзаад “Танайх санхүүжилтээ олгохгүй бол манайх төхөөрөмжөө татаж, өөр газарт төслөө хэрэгжүүлнэ” гэж хэлсэн. Мөн хоршооны тэргүүн С ирж уулзаад “Яаралтай эргэлтийн хөрөнгө 20 сая төгрөг шийдвэрлэж өгөөчээ. 10 дугаар сарын эхээр цехийн нээлтээ хийж, үйл ажиллагаагаа эхлүүлэхгүй бол Дэлхийн байгаль хамгаалах сангийн “Ирвэстэй нутгийн ирээдүй” төслийнхөн төхөөрөмжөө буцааж авах гээд байна” гэж хэлсэн. Ийм учраас би яаралтай шийдэхгүй бол болохгүй гэж үзээд Сум хөгжүүлэх санд 17 сая гаруй төгрөгийн эргэн төлөлт хийгдсэн байсан болохоор 15 сая төгрөгийг нь яаралтай олгоё гэж Засаг даргад танилцуулахад зөвшөөрч шийдвэрлэсэн. Урьд нь би өөрөө хөөцөлдөж Дэлхийн байгаль хамгаалах сангаас сумандаа “Сүү, цагаан идээ боловсруулах” 2 цехийн төхөөрөмж авахаар болоод хэрэгжүүлэхэд ийм асуудал гарсан учраас тоног төхөөрөмж татаж, нэгийг нь Сагил суманд, нэгийг нь Баян-Өлгий аймгийн Баяннуур сум руу шилжүүлж байсан учраас дахин ийм асуудал гарахаас өмнө нь яаралтай шийдэж, хөрөнгө оруулалтыг сум орон нутагтаа авч үлдэх нь зорилготой хийсэн. Түүнээс биш надад энэ хоршоотой ашиг сонирхолын зөрчил байхгүй. Засаг дарга бид хоёр ярилцаад яаралтай шийдэхгүй бол болохгүй гэж үзээд шийдвэр гаргасан. Би өөрөө сум хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах орон тооны бус зөвлөлийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэдэг. 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр тус сумын сум хөгжүүлэх сангийн орон тооны бус зөвлөл хуралдсан зүйл байхгүй. У.Т дарга надад 2020 оны 09 дүгээр сарын 29,30-ны өдрийн үед уг зөвлөлийн гишүүдээс амаар болон утсаар саналыг нь асуу гэж хэлсэн зүйл байхгүй. "Цаст сүрлэг гурван хороо" хоршоонд олгогдсон 15.0 сая төгрөгийн зээл нь жилийн 3 хувийн хүүтэй зээл юм. Уг 36 сарын хугацаатай буюу 2023 онд эргэн төлөгдөж дуусах ёстой хөнгөлөлттэй зээл юм. Би Захирамж төлөвлөж Засаг дарга У.Тийн албан өрөөнд ороход бид хоёр сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах, хяналт тавих журам зөрчигдөж байгаа талаар мэдэж байсан. Орон тооны бус зөвлөл хуралдахгүйгээр захирамж гаргаж болохгүй.  Харин 2020 оны 10 дугаар сарын 30-нд болсон хуралдаанаар уг төслийг хэлэлцүүлэхэд гишүүд дэмжсэн. Уг хуралд мөнгийг нь олгосон гэдгийг танилцуулаагүй. 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хурлын тэмдэглэлийг 2020 оны 9 дүгээр сарын 29 гэж би засаж, зээлийн материалд хавсаргасан” гэх мэдүүлгүүдээр:

Увс аймгийн Ховд сумын Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн А/76 дугаартай захирамжаар "Цаст сүрлэг гурван хороо” хоршооны нэхий боловсруулах төсөлд 15.000.000 /арван таван сая/ төгрөгийн зээлийг Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах чиг үүрэг бүхий орон тооны бус зөвлөлөөр хэлэлцүүлэхгүйгээр олгосон болох нь тогтоогдож байна.

Авлигын эсрэг НҮБ-ын конвенцийн 2 дугаар зүйлийн (a)-д "Нийтийн албан тушаалтан” гэж оролцогч улсын хууль тогтоох, гүйцэтгэх, захиргааны буюу шүүхийн албан тушаалд томилогдон буюу сонгогдон, байнга буюу түр хугацаагаар, цалинтай буюу цалингүйгээр ажилладаг аливаа хүнийг албан тушаалын зэрэглэлээс нь үл хамааран оролцогч улсын дотоодын хууль тогтоомжид тодорхойлсны дагуу нийтийн чиг үүрэг гүйцэтгэдэг, түүний дотор нийтийн байгууллага буюу улсын үйлдвэрийн газарт зориулж нийтийн чиг үүрэг гүйцэтгэдэг буюу нийтийн үйлчилгээ үзүүлдэг аливаа бусад хүнийг хэлнэ” гэж,

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “нийтийн албан тушаалтан” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг ойлгоно” гэж, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т “Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна” гэж,

Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т “Төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан”   гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч У.Тийн эрхэлж буй Увс аймгийн Ховд сумын Засаг даргын албан тушаал нь улс төрийн удирдах, шүүгдэгч Э.Э нь Увс аймгийн Ховд сумын Засаг даргын тамгын газарт хүнсний аюулгүй байдал, жижиг дунд үйлдвэр, хоршоо хариуцсан мэргэжилтэн албан тушаал нь төрийн захиргааны гүйцэтгэх албан тушаалд тус тус хамаарч байгаа тул нийтийн албан тушаалтан болно.

Албан тушаалын гэмт хэрэг нь хуулиар хамгаалсан нийгмийн ашиг сонирхлыг зөрчиж тодорхой материаллаг хохирол учруулахаас гадна Төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллын үнэлэмжийг сулруулах зэрэг бусад хор уршиг учруулдаг онцлогтой.

Нийтийн албан тушаалтны “албан үүрэг, бүрэн эрх” гэдгийг сонгуульт болон томилолтын албан тушаалтанд хууль тогтоомжоор олгосон бүрэн эрх, үндсэн чиг үүргийн нэгдлийг, “албан тушаалын байдал” гэж албан тушаалтны хэрэгжүүлж байгаа эрх үүрэгт хамааралгүй боловч тухайн албан тушаалтай холбоотой нэр хүнд, нөлөөг тус тус ойлгоно.

Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг ойлгоно” гэж тодорхойлсон байна.

 

Ховд сумын Засаг дарга У.Т нь Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-т “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, дэмжлэг үзүүлэх арга хэмжээг орон нутагт зохион байгуулах ажлыг хариуцан гүйцэтгэнэ” гэж заасан үүргээ биелүүлж, Монгол Цлсын Засгийн газрын 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн “Үндэсний хөтөлбөр батлах тухай” 362 дугаар тогтоолоор батлагдсан "Хоршоог хөгжүүлэх нийгмийн хэмжээний хөтөлбөр III"-ийн 4.1-т заасан Загвар хоршоо бий болгох зорилтын хүрээнд мөн журмын 5 дугаар зүйлд заасны дагуу  “Цаст сүрлэг гурван хороо” хоршоог дэмжих зорилгоор  Дэлхийн байгаль хамгаалах сан, Увс аймгийн Ховд сумын Засаг дарга, “Цаст сүрлэг гурван хороо” хоршоотой байгуулсан “Цаст сүрлэг гурван хороо хоршоонд түшиглэн арьс нэхий боловсруулах бага оврын цех байгуулах чиглэлээр хамтран ажиллах гурван талт гэрээ (1 дэх хавтаст хэргийн 117-120, 127-130 дахь тал)-г байгуулсан байна.

 

“Цаст сүрлэг гурван хороо” хоршооны улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (2 дахь хавтаст хэргийн 19 дэх тал)-аар уг хоршоо нь бүртгэлтэй 24 гишүүнтэй болох нь тогтоогдож байна.

 

“Цаст сүрлэг гурван хороо” хоршоог дэмжих зорилгоор  Дэлхийн байгаль хамгаалах сан, Увс аймгийн Ховд сумын Засаг дарга, “Цаст сүрлэг гурван хороо” хоршоотой байгуулсан “Цаст сүрлэг гурван хороо хоршоонд түшиглэн арьс нэхий боловсруулах бага оврын цех байгуулах чиглэлээр хамтран ажиллах гурван талт гэрээний дагуу “Цаст сүрлэг гурван хороо” хоршоо нэхий боловсруулах цех төслийн бичиг баримт (1 дэх хавтаст хэргийн 86-112 дахь тал)-аа хуульд заасан журмын дагуу боловсруулж, Ховд сумын Сум хөгжүүлэх сангаас 20 сая төгрөгийн зээл авахаар Ховд сумын ЗДТГ-т өгсөн байна.

Шүүгдэгч У.Т нь Ховд сумын Засаг даргын хувьд Дэлхийн байгаль хамгаалах сан, Увс аймгийн Ховд сумын Засаг дарга, “Цаст сүрлэг гурван хороо” хоршоотой байгуулсан “Цаст сүрлэг гурван хороо хоршоонд түшиглэн арьс нэхий боловсруулах бага оврын цех байгуулах чиглэлээр хамтран ажиллах гурван талт гэрээнд заасан үүргээ биелүүлж, шүүгдэгч Э.Э нь Ховд сумын Засаг даргын тамгын газарт хүнсний аюулгүй байдал, жижиг дунд үйлдвэр, хоршоо хариуцсан мэргэжилтний хувьд хоршоог дэмжиж ажиллах чиг үүргээ хэрэгжүүлж,  “Цаст сүрлэг гурван хороо” хоршооны нэхий боловсруулах төсөлд 15.000.000 /арван таван сая/ төгрөгийн зээлийг Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах чиг үүрэг бүхий орон тооны бус зөвлөлөөр хэлэлцүүлэхгүйгээр олгосон  байна.

Дээрх үйлдэл нь тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 153 дугаартай тогтоолын хавсралтаар батлагдсан “Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах, хяналт тавих журам”-ын 4.5-т “Сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах чиг үүрэг бүхий орон тооны бус зөвлөлийн шийдвэр гарснаас хойш 14 хоногийн дотор тухайн сумын Засаг дарга зээл олгох шийдвэр гаргана” гэж заасныг зөрчсөн боловч албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаагүй байна.

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч нарыг зөрчсөн гэж буруутгаж байгаа Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 153 дугаартай тогтоолын хавсралтаар батлагдсан "Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах, хяналт тавих журам"-ыг Монгол улсын засгийн газрын  2022 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн  81 дугаартай  “Хоршооны хөгжлийг дэмжих талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолоор хүчингүй болгосон нь хэргийг хянан шийдвэрлэх үед хүчин төгөлдөр болсон байна.

Шүүгдэгч У.Т, Э.Э нарын “Цаст сүрлэг гурван хороо” хоршооны нэхий боловсруулах төсөлд 15.000.000 /арван таван сая/ төгрөгийн зээлийг Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах чиг үүрэг бүхий орон тооны бус зөвлөлөөр хэлэлцүүлэхгүйгээр олгосон үйлдэл нь албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёсгүй үйлдэл хийж, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан нийтийн болон үндэсний ашиг сонирхолд хохирол учруулсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Ховд суманд “Цаст сүрлэг гурван хороо” хоршоо арьс нэхий боловсруулах бага оврын цех байгуулахад зориулж Сум хөгжүүлэх сангаас 15.000.000 төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгосон нь "Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах, хяналт тавих журам"-ын 1.2-т “Сангийн хөрөнгийг сумдад жижиг, дунд үйлдвэр шинээр байгуулах буюу үйл ажиллагааг нь өргөтгөх, шинэчлэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлж, хөнгөлөлттэй зээл олгоход зориулан зарцуулна” гэж тодорхойлсон Сум хөгжүүлэх сангийн зорилгод бүрнээ нийцсэн байна.

Ховд сумын Сум хөгжүүлэх сангаас 15.000.000 төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг тус сумын “Цаст сүрлэг гурван хороо” хоршоо арьс нэхий боловсруулах бага оврын цех /жижиг үйлдвэр/ байгуулахад зориулан олгож, уг үйлдвэрийг ажиллах нөхцөл боломжоор хангасан Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг төрөлжүүлэн хөгжүүлж, өрсөлдөх чадварыг сайжруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх, тэдгээрийн эдийн засагт эзлэх хувь оролцоог дээшлүүлэх зорилго, "Хоршоог хөгжүүлэх нийгмийн хэмжээний хөтөлбөр III"-ийн үзэл баримтлал, тухайн орон нутгийн буюу нийтийн ашиг сонирхолд нийцсэн, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан нийтийн болон үндэсний ашиг сонирхолд хохирол учруулаагүй үйлдэл байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2-т “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн шинжийг тодорхойлсон бөгөөд шүүгдэгч нарын үйлдэл нь нийгэмд аюулгүй, энэ үйлдлийн улмаас  хохирол, хор уршиг учраагүй тул тэдний үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэлээ.

Увс аймгийн Ховд сумын Засаг дарга “Цаст сүрлэг гурван хороо” хоршоотой байгуулсан Сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээ (1 дэх хавтаст хэргийн 113 дахь тал)-ний  хавсралтаар тогтоосон зээлийн эргэн төлөлтийн хуваариар “Цаст сүрлэг гурван хороо” хоршоо нь 15.000.000 төгрөгийн зээлийг 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 2023 оны 9 дүгээр сарын 29-ний хооронд жилийн 3%-ийн хүүгийн хамт 15.902.466 төгрөгийг төлөх байсан боловч 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр буюу хугацаанаас нь өмнө уг зээлийг хүүгийн хамт төлж барагдуулсан болох нь шүүгдэгч У.Тийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэгийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн 5 хуудас орлогын баримт, 1 ширхэг мөнгөн шилжүүлгийн баримтаар нотлогдож байгааг тэмдэглэж байна.

 

            Шүүгдэгч нар нь хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний хариуцагч болон шүүгдэгч нараас гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч У.Т, Э.Э, нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс хүчингүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-3, 5 дахь хэсэг, 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.9 дүгээр зүйл, 36.10  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан шүүгдэгч Б овогт Угийн Тд Эрүүгийн хэргийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, Д овогт Эгийн Эад Эрүүгийн хэргийн ерөнхий 3.5  дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хэргийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуулаас  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2135000880107 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч У.Т, Э.Э нарыг цагаатгасугай.

            2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасныг баримтлан шүүгдэгч У.Т, Э.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

            3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.7 дугаар зүйлийн 2-т  зааснаар  шүүгдэгч нар нь мөрдөгч, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлүүлэх, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эрүүл мэнд, сэтгэл санааны үр дагаврыг арилгуулах болон бусад эрх нь зөрчигдсөн гэж үзвэл нөхөн сэргээлгэхээр 10 жилийн дотор оршин суугаа газрын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг тайлбарласугай.

            4. Шүүгдэгч нар нь хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний хариуцагч болон шүүгдэгч нараас гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар цагаатгах тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

                                           

 

 

       ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Б.ГАНСҮХ