| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Маанийн Мөнхтөр |
| Хэргийн индекс | 102/2017/02454/И |
| Дугаар | 102/ШШ2017/01913 |
| Огноо | 2017-06-27 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 102/ШШ2017/01913
| 2017 оны 07 сарын 28 өдөр | Дугаар 102/ШШ2017/02132 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, Ард Аюушийн өргөн чөлөөнд байрлах “БСБ Финанс” Банк бус санхүүгийн байгууллага ХХК /РД: 5443598/-ийн нэхэмжлэлтэй
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд М.Ганхуяг, Д.Жимсээ нарыг эрэн сурвалжлуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туул оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “БСБ Финанс” банк бус санхүүгийн байгууллага ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Иргэн М.Ганхуяг, Д.Жимсээ нар нь “БСБ Финанс” банк бус санхүүгийн байгууллага ХХК-иас 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 0269 тоот барьцаат зээлийн гэрээгээр 2,489,600 төгрөгийн зээлийг сарын 3,5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар авсан. Гэтэл зээлдэгч М.Ганхуяг, Д.Жимсээ нар нь зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон боловч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зээлээ төлөөгүй. Одоо хаана амьдарч байгаа нь тодорхойгүй, олдохгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “БСБ Финанс” банк бус санхүүгийн байгууллага ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд М.Ганхуяг, Д.Жимсээ эрэн сурвалжлуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд ирээгүй, хуралдааныг өөрийн эзгүйд хийлгэх хүсэлт ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасны дагуу түүний эзгүйд хэргийг хэлэлцлээ.
М.Ганхуяг, Д.Жимсээ нар нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн бөгөөд оршин байх хаяг болох Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 8 дугаар гудамж, 8 тоот хаягт оршин суудаггүй болох нь
нэхэмжлэгчийн нэхэмжлэл, Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн Засаг даргын тодорхойлолт, 2015 оны 02 дугаар сарын 06-ний өдрийн №0269 дугаартай “Барьцаат зээлийн гэрээ”, зээлийн дансны хуулга, хэргийн материалд авагдсан бусад бичмэл нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Нэхэмжлэгч хариуцагчийн хаягийг мэдэхгүй, хаягийг тогтоох боломжгүй байгаа тул иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд М.Ганхуяг, Д.Жимсээ нарыг эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлтийг хангах үндэслэлтэй байна.
М.Ганхуяг, Д.Жимсээ нарын оршин суудаг гэх албан ёсны хаяг: Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 8 дугаар гудамж, 8 тоот, утас-88303249, 99065743 болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 дэхь хэсэгт зааснаар Боржигон овогт Мөнхдэлгэрийн Ганхуяг /РД: ТЖ78121277/, Гомбо овогт Дашнямын Жимсээ /РД: ЧЙ81022803/ нарыг эрэн сурвалжилсугай.
2. Боржигон овогт Мөнхдэлгэрийн Ганхуяг /РД: ТЖ78121277/, Гомбо овогт Дашнямын Жимсээ /РД: ЧЙ81022803/ нарыг эрэн сурвалжлах ажиллагааг Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
4. Шийдвэрийг нэхэмжлэгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР