Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 102/ШШ2017/01765

 

 

 

2017 оны 06 сарын 14 өдөр

  Дугаар 102/ШШ2017/01765

Улаанбаатар хот

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай  

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар: 

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 36/105 дугаар байр, 00 тоот хаягт байрлах, “Смарт таун” сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй,         

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 36/105 дугаар, 81 тоот хаягт оршин суух Боржигон овогт Дэмбэрэлийн Мөнх-Эрдэнэд холбогдох

 

Сууц өмчлөгчдийн холбооны үйлчилгээний төлбөрт 822,900 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Бямбадорж, хариуцагч Д.Мөнх-Эрдэнэ, нарийн бичгийн дарга Б.Жүгдэрдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Смарт таун” сууц өмчлөгчдийн холбооны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэл гаргагч “Смарт Таун” сууц өмчлөгчдийн холбоо нь 2012 онд сууц өмчлөгчдийн санаачилгаар үүсгэн байгуулагдаж холбогдох хууль, журмын дагуу зохих материалыг бүрдүүлэн эрх бүхий байгууллагуудад хүргүүлэн улмаар 2012 оны 05 дугаар сарын 03-нд дүүргийн засаг даргаас 162 дугаартай гэрчилгээг хүлээн авснаар, Монгол Улсын Иргэний хууль, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал,...Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай... хуулийн заалтыг чанд баримтлан үйл ажиллагаагаа явуулж байна. Байгуулагдсан цагаасаа өнөөдрийг хүртэл өдөр тутмын ажил үүргээ хэвийн явуулж ирэв. Сууц өмчлөгчдийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээнд төлсөн орлогоос орцны хаалганууд шинэчлэх, цоож түгжээ солих, халаалт сантехникийн шугам сүлжээний тоноглол, хаалт крант солих, цэвэр бохир усны шугам хоолой солих засварлах, орц хонгил цэвэрлэх, хог хаягдал зайлуулах арчилгаа цэвэрлэгээ, засвар үйлчилгээ зэрэг өдөр тутмын болон зайлшгүй хийх шаардлагатай ажилд зарцуулж санхүүгийн тайланд тусган, мэргэжлийн байгууллагаар аудитын дүгнэлт хийлгэн ажиллаж байна. Түүнчлэн сууц өмчлөгчдийн холбооны санхүүгийн боломж чадавхи хүрэлцдэггүй засварын ажлын/зам талбай, лифт дээвэр гм/ санхүүжилтийг шийдвэрлүүлэхээр дүүрэг, нийслэлийн холбогдох байгууллагуудад танилцуулж асуудал тавьж зохих үр дүнд хүрч байна.  Ажлын үр дүн хүрсэн түвшин ололт амжилт байгаа боловч тус сууц өмчлөгчдийн холбоонд харьяалагддаг байрнуудын зарим сууц өмчлөгчид ашиглалтын зардал, засвар үйлчилгээний төлбөрөө олон сар, жилээр төлөхгүй явж ирсэн нь нийтийн эрх ашгийг хохироож байна.Тухайлбал сууц өмчлөгчдийн санаачлагаар зохион байгуулагдан ажиллаж байгаа “Смарт Таун” сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагаа тасралтгүй хэвийн явагдахад сөргөөр нөлөөлж өдөр тутмын болон шаардлагатай их, урсгал засварын ажил саатаж болзошгүй нөхцөл үүсгэж байна. сууц өмчлөгчдийн холбооны гишүүний болон иргэний хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, элдэв шалтаг хэлж байгаа нь иргэнийхээ үүргийг шударгаар биелүүлж аюулгүй цэвэр тохилог орчинд ая тухтай амьдрах боломжоо бүрдүүлсэн олон зуун иргэдийн эрхийг ноцтой зөрчиж байна. Амин хувиа хичээж бусдын хөрөнгө мөнгө, хөдөлмөрийг завшигч энэ үйлдэл нь бусдад хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байж болдог гэсэн муу жишиг тогтоход хүргэж байна. Эдгээр иргэдэд, үүссэн өр төлбөрийг төлөх талаар маш олон удаа хэлж сануулж, мэдэгдэл өгч байсан ч өнөөг хүртэл ямар ч төлбөр хийгээгүй байгаа юм. Ийм учир шүүх байгууллагад хандан төлбөрийн асуудлыг шийдвэрлүүлэхэд хүрсэн болно. Хуулийн үндэслэл: Монгол Улсын Иргэний хэргийн 147 дугаар зүйлийн 147.1-т “Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө.” Мөн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-т “Сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох үүрэгтэй” Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т сууц өмчлөгч нь Иргэний хуулийн 148.2 болон энэ хууль, холбооны дүрмийг сахих биелүүлэх үүрэгтэй” мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-т “дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд Иргэний хуулийн 147 дугаар зүйл болон энэ хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу оролцох үүрэгтэй” гэж заасныг тус тус зөрчсөн. Баянгол дүүрэг 7 дугаар хороо, 4 дүгээр хороолол 36/105 дугаар байр, 81 тоотод оршин суугч иргэн Д.Мөнх- Эрдэнээс сууц өмчлөгчдийн холбоонд төлөх 2013 оны 06 дугаар сараас 2014, 2015, 2016, 2017 оны 1, 2 дугаар сарын төлбөр нийт 822,900 /найман зуун хорин хоёр мянга есөн зуун/ төгрөгийг тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийн хамт гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Бямбадорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчтай эвлэрч байгаа тул эвлэрлийн гэрээг баталгаажуулж өгнө үү гэв.

Хариуцагч Д.Мөнх-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид хоорондоо эвлэрч байгаа тул эвлэрлийн гэрээг баталгаажуулж өгнө үү гэв. 

 

Зохигчид шүүх хуралдаан дээр байгуулсан эвлэрлийн гэрээндээ: “Хариуцагч Д.Мөнх-Эрдэнээс сууц өмчлөгчдийн холбооны үйлчилгээний төлбөрт 822,900 төгрөг нэхэмжилснээс нэхэмжлэгч тал 100,000 төгрөгөөс татгалзаж байна. Үлдэгдэл төлбөр болох 722,900 төгрөгийг хариуцагч сар бүр 100,000 төгрөгөөр буюу 2017 оны 07 дугаар сарын 26-нд 100,000 төгрөг, 08 дугаар сарын 26-нд 100,000 төгрөг, 09 дүгээр сарын 26-нд 100,000 төгрөг, 10 дугаар сарын 26-нд 100,000 төгрөг, 11 дүгээр сарын 26-нд 100,000 төгрөг, 12 дугаар сарын 26-нд 100,000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 26-нд 122,900 төгрөгийг төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрч байна. Иймд бидний эвлэрлийн гэрээг баталгаажуулж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ. 

 ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэг “Смарт таун” сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч Д.Мөнх-Эрдэнэд холбогдуулан сууц өмчлөгчдийн холбооны үйлчилгээний төлбөрт 822,900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргажээ.

 

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх шатанд “...нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын 100,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Д.Мөнх-Эрдэнэ нь нэхэмжлэлийн шаардлагын үлдэгдэл төлбөр болох 722,900 төгрөгийг сар бүр 100,000 төгрөгөөр буюу 2017 оны 07 дугаар сарын 26-нд 100,000 төгрөг, 08 дугаар сарын 26-нд 100,000 төгрөг, 09 дүгээр сарын 26-нд 100,000 төгрөг, 10 дугаар сарын 26-нд 100,000 төгрөг, 11 дүгээр сарын 26-нд 100,000 төгрөг, 12 дугаар сарын 26-нд 100,000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 26-нд 122,900 төгрөгийг төлж барагдуулахаар” эвлэрсэн нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон тэдний шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.

 

Зохигчид эвлэрсэн нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Смарт таун” сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Мөнх-Эрдэнэд холбогдох иргэний хэргийн зохигчид “...нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын 100,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Д.Мөнх-Эрдэнэ нь нэхэмжлэлийн шаардлагын үлдэгдэл төлбөр болох 722,900 төгрөгийг сар бүр 100,000 төгрөгөөр буюу 2017 оны 07 дугаар сарын 26-нд 100,000 төгрөг, 08 дугаар сарын 26-нд 100,000 төгрөг, 09 дүгээр сарын 26-нд 100,000 төгрөг, 10 дугаар сарын 26-нд 100,000 төгрөг, 11 дүгээр сарын 26-нд 100,000 төгрөг, 12 дугаар сарын 26-нд 100,000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 26-нд 122,900 төгрөгийг төлж барагдуулахаар тохиролцож” эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.   

 

2. Монгол Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Смарт таун” сууц өмчлөгчдийн холбооны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24,299 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Мөнх-Эрдэнээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24,299 төгрөгийг тал хувь болох 12,149.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Смарт таун” сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.

 

3. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.

 

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       М.МӨНХТӨР