Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 2021/ШЦТ/31

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Анударь,

улсын яллагч Д.Ууганцэцэг,

шүүгдэгч С.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэйгээр явуулсан шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ууганцэцэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Бод холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2108 02754 1731 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1975 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Дундговь аймгийн Дэрэн суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт ............... аймгийн ............ сумын ........... дугаар багийн ............. гэх газар оршин суух бүртгэлтэй боловч, одоо ................ дүүргийн ............... дүгээр хороо, ........................... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч С.Б нь согтуурах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 11 дүгээр сарын 02-оос 03-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, ....................................... тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Л.Алтаннамарыг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 1168 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судлуулсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

Нэг. Гэм буруутайд тооцох тухай: шүүгдэгч С.Б.

Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлэн, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч оролцсон болохыг дурдаж байна.

Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч С.Б нь 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, ....................... тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Л.Алтаннамарыг архи уулгасангүй гэх шалтгаанаар нүүр хэсэгт гараа цохиж, гуяны дотор тал руу нь өвдөглөх зэргээр зодож эрүүл мэндэд хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Энэ нь хохирогч Л. “...2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, ............... тоот гэртээ байж байгаад нөхөр Б маань дүүгийнхээ машиныг хүргэж өгөх гээд явах гэхээр нь би хамт явъя гэж хэлээд Дарь эх рүү цуг явсан. Дарь эхэд очоод хэсэг юм ярьж суугаад нөхөр маань дүүтэйгээ хамт 1 шил архи хувааж уугаад дахиж нэмж архи уух гэхээр нь би болиулаад дүүгийнхээсээ гараад такси бариад гэртээ харьсан. Тэгээд бид хоёр өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, ............................ тоот гэртээ ирээд байж байтал ...нөхөр маань гэнэт над руу бага зэрэг чи айлд жоохон суулгачихгүй, дүүдээ ганц шил архи авч өгч юу нь болдоггүй юм гэхээр нь би “чи гэгээр нь гээд байсан гэгээрээгүй юм уу” гээд хэрүүл маргаан болж байтал сүүлдээ Б миний баруун нүд рүү гараараа нэг удаа цохиод миний хоёр гуяны дотор хэсэг рүү зүүн хөлөөрөө өвдөглөсөн. Тэгээд бид хоёр тухайн үедээ эв зүйгээ олчхоод бид хоёр унтаад өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх31-33/, шуурхай удирдлагын тасаг, дуудлагын лавлагааны хуудаст “...манай дүүг нөхөр нь зодоод явчихсан байна” гэсэн дуудлагын тэмдэглэл /хх3-4/, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг, хохирогчийн эрүүл мэндэд хохирол учирсныг тогтоосон шинжээчийн дүгнэлтээр тус тус нотлогдож байна.  

Мөн шүүгдэгч С.Б яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ“...Машиныг нь аваачиж өгөөд дүүгийндээ хамт бид хэд 0.75 литрийн КУЛА гэх нэртэй архи 2 шилийг хувааж уугаад, нэмж 1 шил архи ууя гэсэн чинь миний эхнэр Алтаннамар уурлаад байхаар нь болиод бид хоёр дүүгийнхээс гараад такси бариад ... гэртээ ирсэн. Гэртээ ирээд бид хоёр маргалдаж айлд байхад яах гээд байдаг юм бэ ганц шил архи аваад өгөхөд юу нь болдоггүй юм гээд хэрүүл маргаан болж байгаад би уурандаа баруун нүд рүү нэг удаа цохисон, хоёр гуяны дотор хэсэг рүү өвдгөөрөө нэг удаа өвдөглөсөн...” гэсэн /хх67-69/, шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээж байна гэсэн бөгөөд түүний мэдүүлэг нь хохирогчийн мэдүүлэгт дурдсан үйл баримттай тохирч байгааг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгчийн гэм буруугийн санаатай үйлдлийн улмаас хохирогч Л. биед “баруун доод зовхи, баруун бугалга, хэвлий, хоёр гуя, умдаг, бэлгийн их уруулд цус хуралт” бүхий эрүүл мэндийг нь түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах хохирол учирсан нь шүүх эмнэлгийн 10860 дугаар дүгнэлтээр /хх39-40/ тогтоогдсон байна.

Улсын яллагчаас шүүгдэгчийн хувьд урьд хохирогчийн эрүүл мэндэд халдсан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан нөхцөл байдал тогтоогдоогүй, гэр бүлийн гишүүдийн тухайн үед үүссэн маргаанаас шалтгаалж гэмт хэрэг гарсан гэж дүгнэн гэр бүлийн хүчирхийллийн шинжгүй гэж үзсэнийг буруутгах боломжгүй юм.  

Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч С.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

Хохирогч Л.Алтаннамар нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар мэдүүлсэн байх тул шүүгдэгч С.Быг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч С.Бод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 нэгж буюу 650.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт, санал гаргасан.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх дээрх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Иймд шүүхээс гэмт хэргийн шинж, шүүгдэгчийн гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрсөн, хувиараа хөдөлмөр эрхэлдэг нөхцөл байдлыг харгалзан торгох ялыг сонгон оногдуулах нь зүйтэй гэж дүгнэн шүүгдэгч С.Бод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 нэгж буюу 650.000 төгрөгийн торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бод 650 нэгж буюу 650.000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг  4 /дөрөв/ сарын  хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.МӨНХБААТАР