| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мижиддоржийн Мөнхбаатар |
| Хэргийн индекс | 188/2022/0021/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/32 |
| Огноо | 2021-12-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Энэрэл |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 28 өдөр
Дугаар 2021/ШЦТ/32
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Анударь,
улсын яллагч Б.Энэрэл,
шүүгдэгч Б.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэйгээр явуулсан шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Энэрэлээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Ат холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2108 00000 1461 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1984 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Ховд аймгийн Алтай суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт .................. дүүргийн ................ дүгээр хороо, ........................................... тоотод оршин суух, урьд:
- Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2003 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 8 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн,
- Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2004 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 208 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн, Д овогт Бийн А /РД:........................./,
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Б.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 9 дүгээр сарын 20-оос 21-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 5 шарын автобусны буудал дээр иргэн Б.Лувсандагвыг “чи миний нутаг дэвсгэр дээр архи шаглаж зараад байна уу” гэх шалтгаанаар маргаан үүсгэн нүүр рүү нь толгойгоороо 2 удаа мөргөх, нүүрэн тус газар нь гараараа 2-3 удаа цохих, хавирч унагаан, нүүр рүү нь хөлөөрөө өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 1193 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, хохирлын талаарх баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Нэг. Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч Б.А.
Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлэн, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч оролцсон болохыг дурдаж байна.
Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Б.А нь 2021 оны 9 дүгээ сарын 20-ны өдрөөс 21-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 5 шарын автобусны буудал дээр хохирогч Б.Лувсандагвыг “архи шаглаж зарсан” гэх шалтгаанаар түүнтэй маргаан үүсгэж, улмаар хохирогчийн нүүр рүү нь толгойгоороо мөргөх, нүүр хэсэг рүү нь гараараа цохих, газарт унаган нүүр рүү нь өшиглөх зэргээр зодож хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Энэ нь хохирогчийн “...Би Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 5 шарын автобусны буудалд өөрийн 39-13 УБО улсын дугаартай ... тээврийн хэрэгслээр хүмүүсийг ачиж нисэх, Баянгол, нарангийн гол гэх мэт газар руу хүргэж өгдөг юм. Тэгээд өнөөдөр буюу 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 00 цаг өнгөрч байхад хуурай дүү Буян-Арвижихын хамт 5 шарын автобусны буудлаас 4 хүн ачаад тахилт хүргэж өгчхөөд буцаад 5 шарын автобусны буудалд 01 цаг 30 минут болж байхад иртэл үл таних хүмүүс машины хажууд хүрч ирээд “зарах юм байна уу” гээд байхаар нь би нэг ахтай юм яриад байж байтал ...А гэх залуу над дээр ирээд “яагаад архи шаглаж зараад байна вэ” гэж дээрэнгүй хэлэхэд нь миний дургүй хүрээд би архи шагладаг хүн бишээ шагладаг хүнээ олж хэлээрэй гэх зэргээр ...маргалдсан. Тэгсэн А гэх залуу намайг барьж аваад нүүр лүү мөргөөд, гараараа нүүр лүү 2-3 удаа цохисон. Мөн хавирч унагаагаад дээрээс хөлөөрөө дэвсээд нүүр лүү өшиглөөд байсан. Ойр орчимд олон хүн явж байсан ...намайг газар хэвтэж байхад ямар ч байсан хүмүүс наад залуугаа аллаа шүү дээ болиоч гээд хашхирч байх үед үл таних өндөр залуу зодооныг салгаад ч байгаа юм шиг Атай зууралдаад байсан. Тухайн үед зодуулснаасаа болоод тэр хоёрыг нийлээд намайг зодчихлоо гэж ойлгож мэдүүлэг өгсөн...Би А гэх залуугаас хохирлоо бүрэн барагдуулж авсан тул надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх8-10, 14-15/,
Хэрэг учрал болсон тухайн газарт ТҮЦ ажиллуулдаг, болсон үйл явдлын талаар мэдүүлсэн гэрч Б.Мөнхцэцэгийн “...Манай таван шарын автобусны буудалд байх ТҮЦ ажиллуулдаг А гэх залуу манай ТҮЦ-нд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай орж ирээд “Та нар манай нутаг дэвсгэрт архи битгий зараад байгаарай” гэхээр нь би юу яриад байгаа юм. Цаагуур чинь дүүрэн архи шагладаг хүмүүс байгаа гэж хэлэхэд А манай ТҮЦ-ээс гараад явчихсан юм. Удалгүй би ТҮЦ-ээс гартал А гэх бүдүүн залуутай маргалдаад зодолдож байх шиг байсан. Би холоос харсан болохоор хэн нь хэнийгээ яаж цохисон гэдгийг нь хараагүй юм. Ямар ч байсан зодуулсан гэх залуу манай ТҮЦ-ний урдуур явахад нь хартал нүүр, нүд нь хавдчихсан байдалтай байсан...” гэсэн мэдүүлэг /хх25-26/,
Мөн гэрч Н.Жаргалын “...А гэх залуу архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай ...буудлын ойролцоо л нэг хүнийг зодоод байх шиг байсан үл таних хүмүүс тойроод зогсчихсон “Аыг наад хүнээ аллаа шүү дээ” гээд орилоод байсан. Хэсэг хугацааны дараа би буцаад ТҮЦ рүүгээ орсон юм...” гэсэн мэдүүлэг /хх28/,
Мөн гэрч Б.Бүгдмэдэхийн “...Би тус өдрийн өглөөнөөс орой хүртэл Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо 5 шарын хойд талын автобусны буудалд байрлах ТҮЦ-нд худалдагч хийсэн юм. Ямар ч байсан цаг хугацааг санахгүй байна шөнө хүн орж ирэхгүй байхаар нь дэлгүүрийн үүдэнд гартал нэг залуу автобусны буудал дээр цус нь гоожсон байдалтай нүд нь тагларсан буюу зодуулсан байхаар нь хохирогч залуугаас юу болсон талаар асуутал энэ 3 залуу зүгээр байхад зодчихлоо гэж хэлэхээр нь цагдаа дуудаач гэж хэлээд хохирогч залууг нүүр гараа угаа гэж хэлсэн юм. ... дэлгүүртэй, зүс таних намхан залуу А зогсож байсан. Мөн хажууд нь үл таних 2 залуу байсан...” гэсэн мэдүүлэг /хх77-78/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх1/, Шуурхай удирдлагын тасаг, дуудлагын лавлагааны “...зодоон болоод байна...” гэх хуудас /хх3/, хохирогчийн эрүүл мэндэд хохирол учирсныг тогтоосон шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээр тус тус нотлогдож байна.
Хохирогч Б.Лувсандагва нь эхний удаа мэдүүлэг өгөхдөө бусдад бүлэглэн зодуулсан тухай, мөн түүнтэй хамт явсан гэрч С.Буянравжих нь хохирогчийг 2 хүн ээлжилж зодсон талаар мэдүүлсэн. Гэтэл хохирогч 2 дахь удаа мэдүүлэг өгөхдөө тухайн үедээ шүүгдэгч Б.Ааас өөр хүнд зодуулаагүй, зодооныг салгаж байсан үл таних хүнийг өөрийг нь хамтран зодсон гэж буруу ойлгож мэдүүлсэн гэж урьд өгсөн мэдүүлгээ залруулан мэдүүлсэн нөхцөл байдал тогтоогдсон.
Мөн хохирогчийн 2 дахь удаагийн мэдүүлэг нь дээр дурдсан бусад гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэгтэй агуулгын хувьд нийцсэн, харилцан уялдаатайгаар нотлогдож байх ба энэ талаар улсын яллагч үндэслэл бүхий дүгнэлт хийж яллах дүгнэлтэд тусгасныг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгчийн гэм буруугийн санаатай үйлдлийн улмаас хохирогч Б.Лувсандагвын биед “тархи доргилт, хамар ясны хугарал, дух, баруун зовхи, хацар, шанаа, хамар, зүүн нүдний дотор булан, зүүн хацар, хүзүү, нуруу, баруун бугалга, сарвуунд цус хуралт, дээд уруулын дотор салстад цус хуралт, язралт, баруун өвдөгт зулгаралт” бүхий эрүүл мэндийг нь түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах хохирол учирсан нь шүүх эмнэлгийн 8955 дугаар дүгнэлтээр /хх34-35/ тогтоогдсон байна.
Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Б.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.
Шүүгдэгч Б.А нь хохирогч Б.Лувсандагвын эмчилгээний зардалд 6.000.000 төгрөг төлсөн, мөн 2.000.000 төгрөг төлөхөө илэрхийлж гэрээ байгуулсан нөхцөл байдал тогтоогдож байна. /хх136/
Хохирогч нь хохирол төлбөрийг бүрэн барагдуулж авсан, гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй талаар мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч Б.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт, санал гаргасан.
Хэрэгт авагдсан нотлох баримтаас шүүгдэгч Б.А нь хохирогчийн эрүүл мэндэд учруулсан хохирлыг нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх дээрх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Иймд шүүхээс гэмт хэргийн шинж, шүүгдэгчийн гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрч хохирогчид хохирол төлсөн, хувиараа хөдөлмөр эрхэлдэг нөхцөл байдлыг харгалзан торгох ялыг сонгон оногдуулах нь зүйтэй гэж дүгнэн шүүгдэгч Б.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгийн торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг дискийг хэрэгт хавсаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Буянхишигийн Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ат 600 нэгж буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг дискийг хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХБААТАР