Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 102/ШШ2017/01828

 

 

2017 оны 06 сарын 21 өдөр

 Дугаар 102/ШШ2017/01828

Улаанбаатар хот

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, Го парк, Энхтайвны өргөн чөлөө гудамж, 202 дугаар байр, 175 тоот хаягт оршин суух  Хиад Боржигон овгийн Батзоригтийн Болортунгалаг /РД: НФ90111906/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, Го парк, Энхтайвны өргөн чөлөө гудамж, 202 дугаар байр, 175 тоот хаягт оршин суух, Андуу тайгынхан овгийн Дэлгэрхүүгийн Мягмарсүрэн /РД УС66042611/-д холбогдох,

 

Байрны зээлийн болон хүүнд төлсөн төлбөр болох 7,658,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянаад   

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Болортунгалаг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Б.Болортунгалаг миний бие Д.Мягмарсүрэнгийн төрсөн хүү Даваанямтай 2011 онд гэр бүл болон 1 хүү төрүүлсэн бөгөөд 2015 он хүртэл 5 жил хамт амьдарч байх бүх хугацаанд ганцаараа ажил хөдөлмөр эрхэлж гэр бүл, үр хүүхдээ тэжээн тэтгэж байсан ба амьдралаа илүү тав тухтай байлгах үүднээс орон сууцны зээл авахаар хөөцөлдсөн боловч орлого хүрэхгүй гэсэн шалтгаанаар (ганц миний цалин хүрэхгүй) бүтээгүй учир тал талаасаа хамжилцаж байрны урьдчилгаа төлбөрөө бүрдүүлж (хурим хийхэд аав ээж, ах, дүү, хамаатан садан, найз нөхдийн өгсөн 10.000.000 төгрөгийг уг байрны урьдчилгаанд нэмэрлэсэн) хадам аав, ээжийн нэр дээр Голомт банкны Ипотекийн зээл хөөцөлдөж Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, Го парк Энхтайвны өргөн чөлөө гудамж 202 дугаар байр 175 тоот, 48.96м2 орон сууцыг 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 8 хувийн зээлээр авч, үндсэн зээл болон сарын хүүг эхнээс нь дан ганцаараа цалингаасаа хадам аав Д.Мягмарсүрэнгийн нэрээр Голомт банкны 1165016423 болон 2900013457 тоот дансанд өөрийн цалингаасаа тогтмол төлж тус байрандаа ам бүл гурвуулаа амьдарч байсан. Тухайн орон сууц нь хадам аав болох Д.Мягмарсүрэнгийн нэр дээр бүртгэлтэй, Голомт банкны барьцаанд байдаг хэдий ч биднийг гэр бүл болсноос хойш бий болсон, бид амьдрах гэж авсан хамтран өмчлөх дундын эд хөрөнгө юм. Миний бие Д.Мягмарсүрэнгийн төрсөн хүү, хүүхдийн минь эцэг М.Даваанямд байнга гэрээсээ хөөгдөж, зодуулж байсан шалтгааны улмаас гэр бүлээ цуцлуулж байгаа тул энэ орон сууцны зээл болон хүүнд ариун цагаан хөдөлмөрийн үр шимээрээ төлж байсан төлбөрөө ядаж гаргуулан авах хүсэлтэй байна. Иймд Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4, 126.4.5, 129 дүгээр зүйлийн 129.7, 130 дугаар зүйлийн 130.1, 130.3 дахь заалтуудыг тус тус үндэслэн байрны зээлийн болон хүүнд төлсөн төлбөр болох 7,658,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

 

Зохигчдоос шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээнд: “Д.Мягмарсүрэн миний бие Б.Болортунгалагийн нэхэмжлэлийн 5,000,000 /таван сая/ төгрөгийг хүлээн зөвшөөрч эвлэрч байна. Д.Мягмарсүрэн би энэ төлбөрийг 2017 оны 06 дугаар сараас эхлэн 2018 оны 06 дугаар сар хүртэл төлж барагдуулна. Энэ төлбөрийг  тохиролцсон цаг хугацаандаа төлөөгүй тохиолдолд хуулийн байгууллагаар шийдвэрлүүлэхэд татгалзах зүйлгүй болно” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Болортунгалаг нь хариуцагч Д.Мягмарсүрэнд холбогдуулан байрны зээлийн болон хүүнд төлсөн төлбөр болох 7,658,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл шүүхэд гаргасан байна.  

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчдоос шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээнд “нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын 2,685,000 төгрөгөөс татгалзаж хариуцагч Д.Мягмарсүрэн нь нэхэмжлэлийн шаардлагын 5,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч уг төлбөрийг 2017 оны 06 дугаар сараас эхлэн 2018 оны 06 дугаар сар хүртэл төлж барагдуулахаар харилцан тохиролцож” эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул уг гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Зохигчид эвлэрсэн нь Иргэний хуульд нийцсэнээс гадна гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийг удирдлага болгон                                                                 

 ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.Болортунгалагийн нэхэмжлэлтэй хариуцагч Д.Мягмарсүрэнд холбогдох байрны зээлийн болон хүүнд төлсөн төлбөр болох 7,658,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт “нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын 2,685,000 төгрөгөөс татгалзаж хариуцагч Д.Мягмарсүрэн нь нэхэмжлэлийн шаардлагын 5,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч уг төлбөрийг 2017 оны 06 дугаар сараас эхлэн 2018 оны 06 дугаар сар хүртэл төлж барагдуулахаар харилцан тохиролцож” эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 137,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Мягмарсүрэнгээс 68,800 төгрөг, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 68,800 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.Болортунгалагт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх учрыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны  шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                                М.МӨНХТӨР