Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/39

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Анударь,

улсын яллагч Ж.Отгончимэг /томилолтоор/,

шүүгдэгч Л.Д,

шүүгдэгч/хохирогч П.Ц нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэйгээр явуулсан шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор П.Ганбаатараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.Д, П.Ц нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2108 02369 1654 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1991 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, механик инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт .................. дүүргийн ................ дүгээр хороо, ....................... тоотод оршин суух, урьд:

- Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 155 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдэж, 2013 оны 7 дугаар сарын 09-ний өдөр эдлээгүй үлдсэн 1 жил 6 сар 12 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэн суллагдсан, Мэргэд овогт Лхагварагчаагийн Д /РД:........................../,

2. Монгол Улсын иргэн, 1998 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, эмэгтэй, 24 настай, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт ..................... дүүргийн ..................... хороо, .................... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Сайн хан овогт Пүрэвийн Ц /РД:........................../.

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Л.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороо, ................. тоот гэртээ эхнэр П.Цг хардалтын улмаас зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,

Шүүгдэгч П.Ц нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороо, ................. тоот гэртээ О.Маралтай маргалдан зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 1183 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

Нэг. Гэм буруутайд тооцох тухай: шүүгдэгч Л.Д, П.Ц нар.

1. Шүүх хуралдаанд шүүгдэгч Л.Д, П.Ц нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлэн, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч оролцсон болохыг дурдаж байна.

2. Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Л.Д, П.Ц нар нь гэр бүлийн хамаарал бүхий эхнэр нөхрийн харилцаатай хүмүүс байх ба 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороо, .................  тоот гэртээ хохирогч О.Марал, гэрч Ц.Энхцацрал, Б.Нарангэрэл нартай хамт согтууруулах ундааны зүйл уусан.

Улмаар шүүгдэгч Л.Д нь эхнэр П.Цг бусадтай хардан зодож эрүүл мэндэд нь хохирол учруулсан, мөн шүүгдэгч П.Ц нь хохирогч О.Маралтай маргалдан түүнийг зодож эрүүл мэндэд нь хохирол учруулсан үйл баримт тогтоогдлоо.

Тодруулбал, П.Ц хохирогчоор мэдүүлэг өгөхдөө “...2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 11 цагийн үед гэртээ нөхөр Д, найз Маралын хамт байж байгаад би дэлгүүр орж 2,5 литрийн Сэнгүр гэх нэртэй 3 том пиво авч ирж бид 3 уугаад байж байхад урд айлын Энхцацрал нь нөхөр Нарангэрэл 2 орж ирээд пивоноос хувааж ууцгаагаад дуусгасан. ... би Маралаатай архи ууж байгаад тасарсан байсан. Удалгүй ухаан орох үед Маралаатай хэрүүл маргаан болж үсдэлцээд байж байхад гэрээс нөхөр Д гарч ирээд бид хоёрыг салгасан. Маралаа бид хоёр зодолдохоо болиод салаад гэр рүү орцгоосон. Гэр рүү орох үед Маралаа манай нөхөрт танай эхнэр нь буудалд өөр залуутай хэвтэж байсан гээд юм ярьсан чинь манай нөхөр Д намайг үгийн зөрүүгүй цохиж зодож эхэлсэн. Д миний 2 нүд, цээж, нуруу хэсэг рүү хөл, гараараа олон цохиж зодсон. Д зодож байх үед Энхцацрал нөхөр Нарангэрэлтэй гэрт орж ирж таараад Нарангэрэл Дорждамбыг надаас салгасан...” гэсэн /хх16-17/ бол ба шүүх хуралдаанд болсон нөхцөл байдлыг үнэн зөвөөр нь мэдүүлсэн гэжээ.

Хохирогч О.Марал мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ “...тэгтэл гэнэт намайг хүн зодоод байгааг мэдээд би сэрээд уйлтал Цацаа, Ц нар намайг хоёр талаас нийлж алгадаад үсдээд байсан. Тэгээд намайг баахан зодож байхад нөхөр нь эхнэрээ салгаад чи яагаад Маралааг зодоод байгаа юм гээд салгасан. Тэгээд нөхөр нь Цг хэд цохиод байх шиг байсан...” гэсэн бол /хх10-11/,  

Ц.Энхцацрал гэрчээр мэдүүлэхдээ “...Д манай гэрт орж ирээд Ц, Марал хоёр зодолдоод байна гээд манай нөхөр Нарангэрэлийг хаашаа явсан гэж асуугаад гэрээс гараад явсан. Маралын биед учирсан гэмтлийг Ц учруулсан, намайг байхад Ц Маралын толгой руу цохиж, өшиглөж байсан. Цгийн биед учирсан гэмтлийг нөхөр Д нь учруулсан...” гэжээ. /хх19/

Мөн Б.Нарангэрэл гэрчээр мэдүүлэхдээ “...гэртээ ирээд байж байхад удалгүй Ц уйлсан байдалтай орж ирэхээр нь яасан талаар асуухад нөхөр Д зодсон талаар хэлсэн. Тэгээд эхнэр Энхцацрал бид хоёр Дорждамбын гэрт ороход эхнэрээ дахин зодох гээд байсан. Тэгсэн Ц Маралаа гэх охиныг үсдэж унагаагаад нүүр, толгой руу нь хөлөөрөө өшиглөж дэвсээд байсан. Манай эхнэр зодоонд оролцоогүй...” гэснээс /хх27-28/ үзэхэд хохирогч, гэрч нар нь болсон нөхцөл байдлын талаар харилцан зөрүүгүй байдлаар мэдүүлсэн, улсын яллагч үйл баримтыг үндэслэлтэй тогтоожээ.

Түүнчлэн шүүгдэгч Л.Д яллагдагчаар мэдүүлэхдээ “...архи уугаад унтаж байгаад сэрэхэд Ц, Марал хоёр маргалдаад үсдэлцээд байж байхаар нь салгасан. Тэгсэн Марал танай эхнэр өөр хүнтэй явдаг гэж хэлэхээр нь архи гараагүй байсан учраас уурандаа эхнэр Цгийн нүүрэн тус газар гараараа 2-3 удаа цохисон...” гэж /хх122/, шүүгдэгч П.Ц яллагдагчаар мэдүүлэхдээ “...би найз Маралаатай ямар асуудлаас болж маргалдсанаа санахгүй байна. Ухаан орох үед Маралаатай үсдэлцээд байж байхад нөхөр салгасан. Миний биед учирсан гэмтлийг нөхөр Д учруулсан, би Маралааг үсдээд нүүр лүү нь алгадаж байснаа санаж байна...” гэжээ. /хх131/

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Л.Д эхнэрээ хардалтын улмаас болж зодсоноо, шүүгдэгч П.Ц хохирогч О.Маралтай тухайн үед маргалдсанаас болж эрүүл мэндэд нь халдсанаа мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд хүлээн зөвшөөрч мэдүүлжээ.

3. Шүүх эмнэлгийн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 9282 дугаар дүгнэлтээр П.Цгийн биед “баруун, зүүн нүдний салст, зовхи, зүүн хацар, зүүн гуя, шилбэнд цус хуралт, зулгаралт, шарх, зөөлөн эдийн няцралт” бүхий гэмтэл учирсан, тухайн гэмтэл хэрэг болох хугацаанд үүсэх боломжтой, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахыг тогтоосон /хх39-40/ ба уг гэмтлийг шүүгдэгч Л.Дорждамбын гэм буруугийн санаатай хохирогчийг цохисон үйлдлийн улмаас учирсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Мөн шүүх эмнэлгийн 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 9081 дугаар дүгнэлтээр хохирогч О.Маралын биед “зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацар, чих, баруун, зүүн бугалга, зүүн гуя, баруун өвдөгний цус хуралт” бүхий шинэ гэмтэл учирсан, тухайн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахыг тогтоосон байх ба шүүгдэгч П.Цгийн хохирогчийг зодож, цохисон гэм буруугийн санаатай үйлдлийн улмаас үүсжээ. /хх32-33/

4. Шүүгдэгч Л.Дорждамбын үйлдэл нь хэдийгээр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эрүүл мэндэд халдан хохирол учруулсан байх боловч прокуророос гэр бүлийн хүчирхийллийн шинжгүй гэж үзсэнийг буруутгах үндэслэл боломжгүй байна. Учир нь шүүгдэгч хохирогчийн эрүүл мэндэд урьд халдаж зодож байсан нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн тухайн нөхцөл байдалд бусдын хэлсэн үгнээс болж хардалтын шинжтэйгээр үйлдлээ хэрэгжүүлсэн нэг удаагийн үйлдэл байх тул гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй нөхцөл байдал байхгүй үзэх үндэслэлтэй байна.

5. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Л.Д, П.Ц нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.   

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

6. Хохирогч О.Марал нар нь эрүүл мэндэд учирсан хохиролд баримтаар хохирол нэхэмжлээгүй байх ба П.Ц нь өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролд нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн болно.

Иймд шүүгдэгч нарыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэн, хохирогч О.Маралын эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой хохирлоо Иргэний хэргийн шүүхийн журмаар нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдаж байна.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

7. Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Дд 800 нэгж, П.Цд 600 нэгжээр торгох ял оногдуулах, ялыг 4 сарын хугацаанд гүйцэтгүүлэх дүгнэлт, санал гаргасан.

8. Хэрэгт авагдсан нотлох баримтаас шүүгдэгч П.Ц нар нь урьд гэмт хэрэг үйлдэж байгаагүй тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэл тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зөв байна.

Харин шүүгдэгч Л.Дорждамбын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн шүүгдэгч нарын үйлдэлд мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

9. Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх дээрх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

10. Иймд шүүхээс гэмт хэргийн шинж, шүүгдэгч нарын гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдлын хувьд бага насны 2 хүүхэдтэй, нэг гэр бүлийн хүмүүс зэргийг харгалзан торгох ялыг сонгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Дд 700 нэгж буюу 700.000 төгрөгийн, шүүгдэгч П.Цд 500 нэгж буюу 500.000 төгрөгийн торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэлээ.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

11. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, тэдгээрийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Лхагвадоржийн Д, Пүрэвийн Ц нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Дд 700 нэгж буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгийн, шүүгдэгч П.Цд 500 нэгж буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь торгох ялыг тус тус 4 /дөрөв/ сарын  хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хохирогч О.Марал нь эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой хохирлыг Иргэний хэргийн шүүхийн журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэдгээрийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.МӨНХБААТАР