Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/40

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Анударь,

улсын яллагч Д.Ганчимэг,

шүүгдэгч Г.Ж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэйгээр явуулсан шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Жд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2108 00000 1739 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1986 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт ..................... дүүргийн .......... дугаар хороо, ....................... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Самбуу овогт Ганбаатарын Ж /РД:.........................../,

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Ж нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 11 дүгээр сарын 07-оос 08-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, ....................................... тоотод Б.Батхүүтэй маргалдаж түүний толгой, нүүр хэсэгт  гараараа цохих, өшиглөх зэргээр зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 1213 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч Г.Ж.

1. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлэн, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч оролцсон болохыг дурдаж байна.

2. Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Г.Ж нь 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, ....................................... тоотод оршин суух хохирогч Б.Батхүүгийн гэрт очсон. Улмаар хохирогчтой маргаан үүсгэж, түүний толгой, нүүр хэсэг рүү нь гараараа цохих, өшиглөх зэргээр зодож хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулсан үйл баримт тогтоогдлоо.

Энэ нь хохирогч Б.Батхүүгийн “...2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр найз болох Г.Жтай муудалцсан ба над руу салаавч гаргаад нүүр рүү цохихоор нь би манай гэрт орж ирчхээд намайг цохидог хэн бэ гээд баруун гараараа дух руу нь цохисон чинь миний баруун гарын эрхий хуруу нээх сонин болсон юм. Тэгэхээр нь би Жыг өөрөөсөө холдуулаад хуруугаа харсан чинь миний эрхий хурууны яс эвгүй болсон байсан. Намайг Ж нүүр рүү 3-4 удаа цохисон гэж санаж байна. Тэрнээс миний гарын ясыг цохиогүй мөн хугалаагүй юм...” гэсэн мэдүүлэг /хх9-10/,

тухайн үйл явдал болоход хамт байсан гэрч Э.Баярмагнайн “...2021 оны 11 дүгээр сарын 07-ны 23 цаг 50 минутын үед Ж Алтангэрэлийн хамт манай гэрийн гадна такситай ирээд, Батхүүгийн гэрийг заагаад өгөөч гэхээр нь ... дагуулаад Батхүүгийн гэрт очсон. ...тэгээд Ж орны хөлд нь суугаад хоёулаа хэрэлдээд, Ж нь Батхүүгийн нүүр рүү гарын араар савахад, Батхүү чи одоо гэрт орж ирж хүн зоддог болох уу гээд заамдалцаад, Батхүү чамд зүгээр зодуулахгүй гээд нүүр рүү гараа зангидаж байгаад цохисон. Тэгэхэд Ж зөрүүлж цохиод, хоорондоо зодолдоод байсан. Ж Батхүүг түлхэж унагаагаад чих рүү нь нэг удаа өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг /хх17-18/, хохирогчийн эрүүл мэндэд хохирол учирсныг тогтоосон шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээр тус тус нотлогдож байна.

3. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 11011 дугаар дүгнэлтээр Б.Батхүүгийн биед “баруун эрхий хурууны алганы шивнүүр ясны хугарал, дээд уруулын дотор салстад шарх, зүүн чихэнд цус хуралт, духанд зөөлөн эдийн няцрал, нуруунд зулгаралт” гэмтэл тогтоогдлоо. Гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Баруун гарын эрхий хурууны алганы шивнүүр ясны хугарал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр, бусад гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг нь түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэжээ. /хх24-25/

4. Дээрх дүгнэлтэд дурдсан хохирогч Б.Батхүүгийн баруун гарын эрхий хурууны алганы шивнүүр ясны хугарал гэмтэл нь хохирогчийн өөрийнх нь шүүгдэгчийг цохисон үйлдлийн улмаас үүссэн гэж хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн зүйлчилснийг шүүхээс үндэслэлтэй гэж үзлээ. Учир нь хохирогч өөрөө шүүгдэгчийг цохисон үйлдлээ хүлээн зөвшөөрсөн, энэхүү үйлдлийн улмаас гар нь эвгүй болсон тухай мэдүүлсэн, мөн гэрч Э.Баярмагнай нь хохирогч гараа зангидаад шүүгдэгчийн нүүр лүү цохисон гэж мэдүүлсэн зэргээс хохирогчийн гарт учирсан гэмтэл нь шүүгдэгчийн үйлдэлтэй хамааралгүй, энэхүү нөхцөл байдлыг прокурор үндэслэл бүхий дүгнэжээ.

5. Харин хохирогчийн биед учирсан бусад гэмтлүүд болох дээд уруулын дотор салстад шарх, зүүн чихэнд цус хуралт, духанд зөөлөн эдийн няцрал, нуруунд зулгаралт бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгчийн гэм буруугийн санаатай үйлдлээс шалтгаалан үүссэн байна.

6. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Г.Жыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

7. Хохирогч Б.Батхүү нь хохирлын талаарх баримт гаргаж өгч хэрэгт хавсаргуулаагүй байх ба шүүгдэгчтэй эвлэрсэн, гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй талаар мэдүүлсэн /хх09/ байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

8. Улсын яллагчаас шүүгдэгч Г.Жд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгж буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт, санал гаргасан.

9. Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Г.Ж нь согтууруулах ундаа зүйл хэрэглэсэн үедээ хохирогчийн гэрийг заалган очиж, маргаан үүгсэн хохирогчийг зодсон нь хохирогч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон. Тиймээс шүүгдэгчийг зориуд энэхүү нөхцөл байдлыг үүсгэсэн гэж үзэхээр байх тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй юм.

10. Иймд шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

11. Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд согтуугаар шөнийн цагаар хохирогчийн гэрт орчин маргаан үүсгэсэн байдал, хохирогчийн биед учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх дээрх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

12. Иймд шүүхээс гэмт хэргийн шинж, шүүгдэгчийн гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрсөн, хувиараа хөдөлмөр эрхэлдэг нөхцөл байдлыг харгалзан торгох ялыг сонгон оногдуулах нь зүйтэй гэж дүгнэн шүүгдэгч Г.Жд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700  нэгж буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

13. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ганбаатарын Жыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Жд  700 нэгж буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг  3 /гурав/ сарын  хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.МӨНХБААТАР