Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 605

 

      Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

       Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр баг, 12-41 тоотод оршин суух, 1982 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар:ОО82081307, Борлууд овогт Янжаагийн Тунгалагийн нэхэмжлэлтэй,

        Хариуцагч: Увс аймгийн Цахилгаан түгээх сүлжээ ХХК-д холбогдох,

      Ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

    Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Я.Тунгалаг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Бунжаа, хариуцагч Увс аймгийн Цахилгаан түгээх сүлжээ ХХК-ийн захирал Ц.Эрдэнэбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Сувд-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

      Нэхэмжлэгч Я.Тунгалаг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би анх Цахилгаан түгээх сүлжээ ХХК-д 2011 оны 8 дугаар сард байцаагчаар ажилд орж ажиллаж байгаад албан тушаал өөрчлөгдөж, 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдөр гэрээ бичилтийн техникчээр 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл ажиллаж байтал албаны захирал Ц.Эрдэнэбаатар ямар нэгэн шалтаг шалтгаангүйгээр үндэслэлгүй миний ажлыг буруулж авлага барагдуулагчаар томилсон. Гэтэл 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 94 тоот Цахилгаан түгээх сүлжээ ХХК-ийн захирал Ц.Эрдэнэбаатар ажлаас халсан тушаал гаргасан байсан. 2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 34/03/21 тоот актаар 2.513.078 төгрөгийн санхүүгийн зөрчил гаргаж компанид хохирол учруулсан гэсэн байсан. Би Цахилгаан түгээх сүлжээ ХХК-ийн захирлын 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 94 тоот тушаалыг үндэслэлгүй гаргасан, миний эрх зүйн байрдлыг ихээхэн дордүулсан тушаал гаргасан гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Мөн надад холбогдуулж Аудитын газрын санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч У.Улаанхүүгийн 2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 34/03/21 тоот актыг мөн эс зөвшөөрч шат дараалан гомдол гаргаж түүний хариуг албан ёсоор авч хавсаргаж Аймгийн шүүхийн захиргааны хэргийн шүүхэд 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэл гаргасныг хүлээн авч ажиллагаа хийж дуусгасны эцэст 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлж Аудитын актаар тавигдсан 2.513.078 төгрөгийг үндэслэлгүй, хууль бус тавигдсан акт гэж үзэж шүүх хэрэгсэхгүй болгосон. Иймд намайг Цахилгаан түгээх сүлжээ ХХК-ийн авлага барагдуулагчийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

   Хариуцагч Цахилгаан түгээх сүлжээ ХХК-ийн захирал Ц.Эрдэнэбаатар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэн Я.Тунгалаг нь гэрээ бичилтийн техникчээр ажиллаж байхдаа аж ахуйн нэгжийн хэрэглэсэн цахилгааны төлбөрийг айл өрхийн хэрэглээний тарифаар тооцож бичиж байсныг зөвхөн 2016 оноос хойш бичсэн бичилтийг аудитын байгууллагаар шалгуулж үзэхэд компанид 2.513.078 төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдсон. Энэ нь Эрчим хүчний зохицуулах хорооны 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 201 тоот тогтоол, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13.7,-д Анхан шатны баримтын бүрдэлгүй ажил, үйлчилгээг бүртгэх, санхүүгийн тайланд тусгахыг хориглоно гэсэн заалтуудыг зөрчсөн. Увс аймгийн Санхүүгийн хяналт аудитын албанд хүсэлт гаргасны дагуу 2017 оны 01 сарын 26-ны өдрийн 34/03/21 тоот актыг Я.Тунгалагийн нэр дээр гаргаж 2.513.078 төгрөгийг нөхөн төлүүлэхээр болсон. Цахилгаан эрчим хүч гэдэг бол хүний ахуй амьдрал болон улс орны хөгжил цэцэглэлтэд чухал нөлөө үзүүлж байдаг өөр юугаар ч солишгүй үнэт эд хөрөнгө юм. Гэтэл Я.Тунгалаг нь энэ үнэт хөрөнгийг хэт үнэгүйдүүлж компаний эд хөрөнгөөс шамшигдуулж, зувчуулах боломжийг бусдад олгож байсан явдал нь эрүүгийн хэрэгт татах бүрэн үндэслэл болно гэж үзэж байна. Мөн аудитын актаар тавигдсан дээр дурдсан мөнгөн төлбөрийг барагдуулахыг удаа дараа шаардаж мэдүүлэг хүргүүлж байсан боловч төлөх талаар огт санаачлага гаргаагүй тул Монгол улсын хөдөлмөрийн тухай хуулийн дагуу ажлаас нь чөлөөлсөн билээ. Гэтэл захиргааны хэргийн шүүхээс уг актыг хүчингүй болгосон байна. Би дахин шүүхэд энэ асуудлаар хандах болно. Я.Тунгалаг нь хүнтэй харьцах харилцаа хандлага муутай, эргэх холбоогүй хүн. Иймд иргэн Я.Тунгалагийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

        Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

      Нэхэмжлэгч Я.Тунгалаг нь хариуцагч Увс аймгийн Цахилгаан түгээх сүлжээ ХХК-д холбогдуулан авлага барагдуулагчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

      Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацааны дотор ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

     Нэхэмжлэгч Я.Тунгалагийг Увс аймгийн Цахилгаан түгээх сүлжээ ХХК-ийн захирлын 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 94 тоот тушаалаар авлага барагдуулагчийн ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх үзлээ.

    Хариуцагч Увс аймгийн Цахилгаан түгээх сүлжээ ХХК-ийн захирал Ц.Эрдэнэбаатар нь авлага барагдуулагч Я.Тунгалагийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалт, Санхүүгийн хяналт, аудитын улсын байцаагчийн 2017 оны 1 дүгээр сарын 26-нй өдрийн №34/03/21 тоот акт, Хөдөлмөрийн дотоод журмын 10.2, Хөдөлмөрийн гэрээний 5.1.9 дэх заалтуудыг үндэслэн ажлаас чөлөөлсөн байна.

     Гэтэл түүнийг ажлаас чөлөөлөх үндэслэл болгосон Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн №34/03/21 тоот Цахилгааны зөрүү үнэ нөхөн төлүүлэх тухай акт хүчингүй болсон болох нь Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 39 тоот шийдвэрээр тогтоогдож байна.

    Иймд нэхэмжлэгч Я.Тунгалагийг ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн нь нотлогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар түүнийг Увс аймгийн Цахилгаан түгээх сүлжээ ХХК-ийн авлага барагдуулагчийн ажилд эгүүлэн тогтоох үндэслэлтэй гэж дүгнэв.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар Я.Тунгалаг нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч Увс аймгийн Цахилгаан түгээх сүлжээ ХХК-иас 70.200 төгрөгийг гаргуулж улсын орлогод /Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот данс/ оруулах нь зүйтэй байна.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

      1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Я.Тунгалагийг Увс аймгийн Цахилгаан түгээх сүлжээ ХХК-ийн авлага барагдуулагчийн ажилд эгүүлэн тогтоосугай.

     2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Я.Тунгалаг нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч Увс аймгийн Цахилгаан түгээх сүлжээ ХХК-иас 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          П.БОЛОР