Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/63

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Булгаа,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Х.Энхтуул,

Хохирогч: Л.Б,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Батгэрэл,

Шүүгдэгч: Ц.Ч нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргүүдэд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Цийн Чт холбогдох эрүүгийн 2235000000048 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянав.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,1995 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Увс аймгийн Баруунтуруун суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн боловсролтой, аврагч, гал сөнөөгч мэргэжилтэй, Увс аймгийн Онцгой байдлын газрын Баруунтуруун сум дахь гал унтраах, аврах 60 дугаар ангийн гал сөнөөгч, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Увс аймгийн Баруунтуруун сумын Шанд багт оршин суух, өмнө нь ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй Х овогт Цийн Ч/РД:ОА95102119/.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Ч нь 2022 оны 02 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө Увс аймгийн Баруунтуруун сумын 2 дугаар багийн нутагт байрлах өөрийн гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх дуудлагын дагуу очсон хууль сахиулагч буюу тус сумын хэсгийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Л.Быг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн улмаар биед нь халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсангэх гэмт хэргүүдэд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгч Ц.Чыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

А. Шүүгдэгч Ц.Ч нь 2022 оны 02 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө Увс аймгийн Баруунтуруун сумын 2 дугаар багийн нутагт байрлах өөрийн гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх дуудлагын дагуу очсон хууль сахиулагч буюу тус сумын хэсгийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Л.Быг зодсон болох нь:

- хохирогч Л.Бын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би 2007 онд Увс аймгийн цагдаагийн газарт хэсгийн цагдаагаар томилогдож одоог хүртэл 15 дахь жилдээ ажиллаж байна. Баруунтуруун сумын хэсгийн цагдаагаар 2018 оны 09-р сард томилогдсон. 2022 оны 02 дугаар сарын 09-ний 23 цаг өнгөрч байхад сумын олон нийтийн цагдаагийн ажилтан М над дээр ирээд "хэсгийн төлөөлөгч утсаар ярилаа, Ч гэртээ агсам согтуу тавиад байна гэсэн дуудлага ирсэн байна, та бид 2-ыг очоод шалгаад ир" гэж хэллээ гэхээр нь Чын гэр рүү хаягаар нь очсон. Тэдний хашааны гадна очсон чинь Чын эхнэр Ө гадна зогсож байсан ба нэлээн даарчихсан байдалтай байсныг дагуулаад гэррүү нь орох гэсэн чинь гэрийн хаалга нь дотроосоо цоожтой онгойлгохгүй байсан. 8-9 минут орчим хаалга онгойлго гэж хэлүүлж байж Ч онгойлгосон. Гэрт орсон чинь гэрийн багана хагарчихсан, шалаар ус асгарчихсан, сандал энд тэнд унасан байдалтай нэлээн ширүүн үйл явдал болсон юм шиг гэрийн доторх эд зүйлс эмх замбараагүй болсон байсан. Ч 2 настай хүүхэдтэйгээ цуг байсан, хүүхэд унтаж байгаад сэрж байсан ба хэвийн айсан зүйлгүй байсан. Тэгээд Би Чт хандаж "юу болоод байгаа юм бэ" гэсэн чинь Ч "чамд ямар хамаатай юм бэ" гэж хэлж уурлаж намайг үгээр эсэргүүцэж эхэлсэн. Тэхээр нь би Чт "та хувцсаа өмсчих, цагдаагийн хэсгийн байр руу явъя" гэсэн шаардлага тавьсан. Тухайн үед дуудлагаар очиход ер нь Ч согтуу байдалтай, нэлээн агсам согтуу тавьж, гэрийн эд зүйлсээ эвдэлж сүйтгэсэн, дахиад ч ийм байдал гаргахаар нөхцөл байдалтай байгаа нь биеийн байдал, үг ярианаас нь илт мэдрэгдэж байсан тул ийм байдал дахин гарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор Чт хууль ёсны шаардлага тавьж эхэлсэн нь энэ юм. Гэтэл Ч миний шаардлагыг сонссон мөчөөс эхлээд л миний шаардлагыг биелүүлэлгүй эсэргүүцэж "та нартай явж чадахгүй, би яахаараа та нартай явах ёстой юм бэ" гэж хэлж уурлаад хуулийн дагуу явуулж байгаа ажиллагаанд нь саад учруулж намайг цохих гээд дайраад дөхөөд над руу ирэнгүүт би аюулгүй байдлаа хамгаалаад баруун гараараа Чыг түлхэж өөрөөсөө холдуулсан чинь гэдрэг нэг алхаж надаас холдсоноо буцаж ирээд миний хамар хэсэгт гараараа 1 удаа цохиж халдсан. Хажууд надтай цуг явсан олон нийтийн цагдаа М Чыг надаас холдуулж татаад хойш нь орон дээр дарж хэвтүүлж тэрний хөдөлгөөнийг нь хязгаарласан. Тэгэхгүй бол дахин намайг цохих, эсвэл миний хажууд байсан эхнэр, хүүхдээ ч цохиж мэдэхээр уурлаж дайрч байсан. Ч олон нийтийн цагдаагаар даруулаад хэвтэхдээ ч гэсэн уурлаж эсэргүүцэж биеэ хүчлээд дайраад байхаар нь би бас тэр 2 дээр очоод Чыг бариад 2 гарыг ард нь гаргаж бариад гэрээс авч гарч цагдаагийн хэсэгт хүргэсэн. Цагдаагийн хэсэг рүү явах замд Ч дахиж эсэргүүцэлгүй очсон. Очоод надаас уучлалт гуйсан. Чын согтуурал шалгах багажаар үлээлгэж үзэхэд 1,12 %-ийн согтолттой байсан. Үүнээс хойш Ч тайвшраад хэвийн болсон. Би Чт цохиулснаас хамар хугарч, үүдэн нэг шүд эмтэрсэн гэмтэл учирсан. Үүнээс болж миний биед өвдөлт зовуурь ихтэй хэцүү байна. Би Чыг сумын иргэн, сумын Онцгой байдлын ажилтан гэдгээр бид 2 нэг нэгнээ албаны байр сууринаас таньж мэддэг, харьцаж байсан. тэрнээс биш бид 2 хоорондоо хэрэлдэж маргалдаж байгаагүй.Дуудлагын дагуу Чын гэрт очиход тэдний гэрийн доторх эд зүйлс эвдэрч багана хугарсан, тавилга сандал эмх замбараагүй болсон, шалаар нэг ус асгарсан байхаар нь "юу болоод байгаа юм, гэрийн эд зүйлсийг яагаад эвдэж сүйтгэсэн" талаар Чаас асуухад Ч миний урдаас тулж ирж зогсоод "чамд ямар хамаатай юм бэ" гэж уурлаж уцаарласан дууны өнгөөр хариулаад "намайг цохих" гээд гараа атгаад миний биеийн урд хэсэгт тулаад цээжээ төвийлгөөд над руу наалдаад ойртоод ирэнгүүт би өөрийн аюулгүй байдлаа хамгаалаад савхин бээлийтэй баруун гараараа Чын зүүн шанааны хэсэгт дарж хойш 1 удаа түлхэж өөрөөсөө холдуулсан чинь Ч хойш нь хагас алхаад буцаж над руу наалдаж ирээд гараараа миний хамар, нүдний хэсэгт цохисон. Энэ үед миний зүүн нүд бүрэлзэж орчин харагдахгүй болж хамраас цус гарсан. Тэр үед хажууд байсан олон нийтийн цагдаа М,Чыг тэврээд орон дээр дараад надаас холдуулаад унасан. Тухайн үед би Чыг өөрөөсөө түлхэж холдуулаагүй байсан бол намайг одоогийн учирсан гэмтлээс ч илүү их гэмтэл надад учруулж цохих боломжтой байсан. Би Чыг түлхэж холдуулчхаад өөртөө хамгаалалтын байрлал авч зогсох гэх хооронд л маш хурдтай намайг цохичихсон юм. Мөн Чыг олон нийтийн цагдаа орон дээр дараад хэвтчихсэн байхад ч гэсэн олон нийтийн цагдааг хэвтээ байдлаас цохих толгойгоороо мөргөх гээд дайраад байсан тул би хамраас гарсан цусаа хальт ширвэж арчаад Мод дэмжлэг үзүүлж Чын гарыг ард нь гаргаж аюулгүй болгоод гэрээс аваад гарсан. Тухайн үед дуудлага өгсөн Чын эхнэр Ө олон нийтийн цагдаа бид 2-ын араас гэрт орж ирсэн ба гэрийн үүдний хэсэгт миний нуруу ар талаас болж буй зүйлийг харж байсан тул намайг нөхрийнх нь нүүрлүү цохисон гэж үүдний хэсгийн зогсож байсан өнцгөөс харсан юм шиг байсан ба одоо болохоор "нөхрийг цохисон" мэтээр хэлээд байгаа юм. Би Чыг цохисон зүйл болоогүй. Өөрийгөө хамгаалж түлхэж өөрөөсөө холдуулах үйлдэл хийсэн. Ч яг л намайг цохих гээд гараа атгаад над руу цээжээ өгөөд наалдаад ирсэн тул хурдан л өөрөөсөө холдуулж хамгаалах байрлал авъя гэж түлхсэн нь Чын шанаа хэсэгт л миний гар түлхээд таарчихсан. Тэр үед би тийм ч хүчтэй түлхээгүй, зөөлнөөр өөрөөсөө тэр хүнийг холдуулж өөртөө зай гаргах л хэмжээний хүчээр түлхсэн тул тэр хүний биед ямар ч гэмтэл бэртэл учраагүй. Харин миний хамар яс хугарч, үүдэн дээд 1 шүдний паалан эмтэрч гэмтсэн. Би цагдаагийн байгууллагад сум хариуцсан хэсгийн цагдаагаар ажилладаг олон нийт, ард түмэнтэй өдөр бүр уулзаж харилцдаг ажил хийдэг. Гэтэл миний нүүр, нүдний хэсэг хөхөрсөн, хамрын хэсэгт шалбарсан байгаа нь миний өөрийн нэр хүндэд зодоон цохион хийж явдаг муу цагдаа мэтээр харагдуулж байна. мөн би хамар, шүдний гэмтэлд эмчилгээ хийлгэхээр болсон.эмчилгээ хийлгэж эрүүл мэндээ хэвийн болсны дараа гарсан зардлаа нэхэмжилж гаргуулна. Би Өын дуудлагын дагуу албаны үүргээ биелүүлсний төлөө нөхөр Чт нь цохиулж гэмтсэндээ маш их гомдолтой байна. Өын аюулгүй байдлыг хамгаалахын төлөө ажил үүргээ гүйцэтгэж байхад нөхрийг нь зодсон мэтээр ярьж, нөхрийнх нь гаргасан үйлдлийг өмгөөлж хамгаалж байгаад надад хэлэх үг олдохгүй байна, хүний мөс мөн чанар ийм муухай болсон байдаг юм байна.” гэх мэдүүлэг(хавтаст хэргийн 7, 23, 139 дахь тал),

- хохирогч Л.Бын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Ц.Ч уурлаад цээжээ түхийлгээд над руу дөхөөд ирэнгүүт нь би аюулгүй байдлаа хамгаалаад баруун гараараа Чын нүүр рүү мангасдаж түлхээд өөрөөсөө холдуулсан чинь гэдрэг нэг алхаж надаас холдсоноо буцаж ирээд миний хамар хэсэгт гараараа нэг удаа цохьсон. Би Чыг цохиогүй. Миний хамар шөнө унтахаар битүүрээд төвөгтэй байна. халуун, хүйтэн юм идэж, уухаар шүд янгинаад байгаа. Шүдээ засуулахаар судалж үзэхэд  3 сая орчим төгрөг болохоор байгаа. Шүд хийлгэхэд Ч зардлыг нь өгнө гэсэн” гэх мэдүүлэг

- гэрч Э.Мын мөрдөн байцаалтад өгсөн: “2022 оны 02 дугаар сарын 09-ний 23 цагийн үед гэртээ байж байтал хэсгийн төлөөлөгч Б над руу утсаар ярьж "Ч гэртээ агсам тавиад байгаа юм шиг байна, чи хэсгийн цагдаа Бтай цуг дуудлагаар очоод ир" гэж хэлэхээр нь би гэрээс гараад хэсгийн цагдаа Б руу очиж уулзаад бид 2 Чын гэрт очсон. Тэдний хашааны гадна очсон чинь Чын эхнэр Ө хашааны гадна зогсож байсан ба хэсгийн төлөөлөгчид дуудлага өгчхөөд цагдаа ирэхийг нь хүлээгээд зогсож байсан. Ингээд Өтай цуг хашааруу ороод гэрлүү орох гээд хаалгыг нь татсан чинь дотроос нь цоожилчихсон байсан. Гэрийн хаалгыг "онгойлго" гэж Чт хэлэхэд хаалгаа тайлахгүй хэсэг байж байгаад 10-аад минутын дараа тайлсан. Гэр рүү орсон чинь Ч хүүхэдтэйгээ унтаж байгаад босож ирээд хаалга тайлсан байдалтай харагдсан. Гэрт орсны дараа хэсгийн цагдаа Б Чт "та яагаад агсам согтуу "тавиад гэр бүлийн хүчирхийлэл үйлдээд байгаа юм бэ, бид нарыг дагаад цагдаагийн хэсэг рүү явъя" гэх зэргээр хууль ёсны шаардлагууд хэлж тавьсан чинь Ч "би явахгүй. би зөрчил гаргаагүй та нарт ямар хамаатай юм бэ" гэж хэлж цагдааг эсэргүүцэж уурлаж байснаа гэнэт хэсгийн цагдаа Бруу цохих гэж байгаа юм шиг байдалтай дайраад босоод ирэхээр нь Б болиулаад өөрөөсөө холдуулсан. Б ямар ч байсан гараараа Чыг холдуулах шиг болсон ба маш хурдан хугацаанд ингэж холдуулсан.  Чингүунбаатар хойш нэг алхсанаа буцаж эргээд Бын нүүрлүү гараараа цохисон. Би тэр 2-ын дундуур ороод Чыг дарж орон дээр унагасан чинь над руу эсэргүүцээд намайг бас цохих гээд биеэ хүчлээд дайраад байсан тул араас Б бас Чыг орон дээр надтай цуг дараад гарыг нь биеийнх нь ард нь гарж бариад хөдөлгөөнгүй болгоод гэрээс авч гараад цагдаагийн хэсэг дээр хүргэсэн. Ч гэрээсээ цагдаагийн хэсэг орох хооронд тайвшраад ямар ч эсэргүүцэлгүй болсон. Цагдаагийн хэсэг дээр очоод цагдаагийн алба хаагчдаас болсон зүйлд уучлалт гуйсан. Үүнээс хойш ямар нэгэн эсэргүүцэх зүйл болоогүй. Ө хашааны гадна зогсоод бага зэргийн даарсан бололтой зогсож байсан. Өөр анхаарал татахуйц байдал бие, хувцас нь ажиглагдаагүй. Харин тэдний гэр рүү ороход гэрийн нэг талын нь багана хугарсан байсан. бид нарыг ирэхээс өмнө Ч, Ө 2 маргалдсан юм шиг байсан ба үүнээс болж багана нь хугарсан байх гэж ойлгосон. Тэдний хүүхэд бага насны жоохон хүүхэд байдаг ба хэвийн, унтаж байгаад сэрж байсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9, 137 дэх тал),

гэрч Э.Мын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Гэрт ороод хэсгийн цагдаа Б Чт “та яагаад агсам согтуу тавиад гэр бүлийн хүчирхийлэл үйлдээд байгаа юм бэ? Бид нарыг дагаад цагдаагийн хэсэгрүү явъя” гэхэд Ч “Би яасан юм бэ? Би явахгүй. Та нарт ямар хамаатай юм бэ?” гэж хэлээд уурлаж байснаа хэсгийн цагдаа Б руу цээжээ түхийлгээд ирэхэд нь Б зүүн шанаа хавьд нь гараараа цохиод холдуулсан. Чингүунбаатар цохиулаад хойш нэг алхсанаа буцаж эргээд Бын нүүрлүү гараараа цохисон. Урд нь би албан хаагчаа хамгаалаад цохиогүй гэж мэдүүлсэн. Б баруун гараараа нэг удаа Чыг эхлээд цохьсон нь үнэн” гэх мэдүүлэг

- гэрч Б.Бын мөрдөн байцаалтад өгсөн: “2022 оны 02 дугаар сарын 09-ний шөнө 23 цаг өнгөрч байхад Баруунтуруун сумын 2-р багийн иргэн Б.Өаас "миний нөхөр Ч агсам тавиад намайг гэрээс хөөж гаргаад хүүхэд аваад үлдчихсэн, гэрийн хамаг юм эвдэлж хэмхэлж дууслаа, хурдан ирээч ээ" гэсэн дуудлага өгсөн. Иргэний дуудлагыг хүлээн авч олон нийтийн цагдаагийн ажилтан Э.М руу утсаар ярьж ирсэн дуудлагын талаар мэдээлэл өгч хэсгийн цагдаа Быг замаараа аваад тухайн дуудлагад яаралтай очихыг мэдэгдсэн. Тэр хооронд Б.Ө над руу 10-15 минутын дараа дахин утсаар ярьж "та ирж байна уу, нөхөр хүүхэд гэмтээчих байх гээд санаа зовоод байна, би гадна зогсоод хүлээж байна" гэж хэлсэн. Тэхээр нь би олон нийтийн цагдаа руу дахин залгаж хаана явж байгааг тодруулсан чинь дуудлага  өгсөн айлд оччихсон байсан. Үүнээс хойш 5-8 минутын дараа цагдаагийн хэсгийн байрны гадна машин ирэх нь сонсогдсон ба цагдаа нар холбогдогч Чыг байр руу авч орж ирсэн. Тэгтэл Бын хамраас цус гарсан, зүүн нүдний хэсэг нь бага хэмжээний хавдартай болчихсон зодуулсан байдалтай орж ирсэн. Харин Ч, М нар нь ил харагдах шарх сорвигүй хэвийн байсан ба Ч нь Мыг хэл амаар доромжилсон үйлдэл гаргаад байсан. Бас үүссэн гэмтлийн талаар асуусан чинь "Чт цохиулаад ийм болчихлоо" гэж хэлсэн. Ч гаднаасаа харагдах байдал илт согтуу байгаа нь мэдэгдэж байсан тул согтуурал шалгах багажаар үлээлгэж үзэхэд 1.12%-ийн согтолттой гэж гарсан. Ц.Ч нь эхнэр Ө 2 настай хүүгийн хамт 3-лаа хашаа, гэрт амьдардаг. Ч Онцгой байдлын 60-р ангид аврагч гал сөнөөгчөөр ажилладаг, эхнэр нь дэлгүүрт худалдагч ажилтай. Ц.Ч архи согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэх хандлагатай, ингэж ууж хэрэглэж согтсон үедээ бусадтай хэрүүл маргаан гаргаж, бусдыг хэл үгээр ихээр доромжилж дээрэлхэх зэргээр догшин ширүүн зан авиртай гаргадаг болчихдог. Эрүүлдээ үг дуу цөөнтэй даруухан залуу байдаг.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11 дэх тал),

- гэрч Б.Өын мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 11 цагаас 15 цагийн хооронд нөхөр Ч бид хоёр төрөл садны 2 айлаар орж цагаан сарын золголт хийсэн. Сүүлийн айлаас гараад би дэлгүүр рүү явсан, нөхөр гэр рүү явсан. Би дэлгүүрт зогсож худалдаа хийгээд байж байтал орой 22 цагийн үед нөхөр намайг авахаар такситай дэлгүүрийн гадна ирж аваад гэр рүү явсан. Гэртээ очоод байж байтал над руу хүн утсаар яриад "маргааш хөдөө явах гэж байна, ойр зуурын хэрэгцээний зүйл авмаар байна, та гаргаад өгөөч" гэж гуйхаар нь би нөхөрт "дэлгүүрээс хүнд юм гаргаад өгчихье" гэж хэлтэл нөхөр уурласан шинжтэй зүйл ярьж намайг явуулахгүй гэж хэлсэн. Тэхээр нь би дэлгүүр рүү явахгүй сууж байтал нөхөр өөрөө өөртэйгөө уурлаад агсам согтуу тавиад гэрийн доторх эд зүйлс өшиглөж эвдэж сүйтгэсэн. Үүнд миний уур хүрч нөхөрт "чи яагаад байгаа юм бэ, гарч зайл" гэж хэлсэн чинь нөхөр зөрүүлээд намайг гэрээс хөөж гаргахаар нь би гэрээс гараад сумын цагдаад дуудлага өгсөн. Дуудлагаар хэсгийн цагдаа Б, олон нийтийн цагдаа М 2 ирсэн. Тэр үед би цагдааг ирэхийг нь хүлээгээд хашааны гадна байсан. Цагдаатай цуг гэр рүү орох гэсэн чинь гэрийн хаалга дотроосоо цоожтой байсан. Цоожийг онгойлгуулаад гэр рүү ороход нөхөр хүү 2 унтах гэж байсан. Би гэрийн үүдний хэсэгт зогсож байсан. Нөхөр орны хажууд, Б цагдаа нөхрийн урдаас хараад зогсож байсан. Б цагдаа гэрт орж ирээд эвдэрсэн зүйлсийг харчхаад нөхрөөс “энэ юу болж байгаа юм бэ?” гэсэн чинь нөхөр “яасан юм бэ?, юу болсон юм бэ?” гээд хариулахад Б цагдаа нөхрийн нүүрлүү гараараа цохиход орон дээр уначихаад босож ирээд Бгийн нүүр лүү гараараа цохиход хамраас нь цус гарсан. Би энэ үед орон дээр байсан хүүхдээ очоод тэвэрч аваад холдсон. Энэ асуудал маш хурдан болоод өнгөрсөн. Тэгээд тэр 2 барьцалдаад авахад М салгаад манай нөхрийг аваад гарсан. Би хүүхдээ аваад айлд хонохоор явсан. Намайг дэлгүүр лүү явж хүнд бараа гаргаж өгнө гэснээс болоод явуулахгүй гэж уурлаж агсам согтуу тавьж гэрийн эд зүйлсийг эвдэж сүйтгэсэн.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13-14 дэх тал),

- гэрч А.Сын мөрдөн байцаалтад өгсөн: “Би Чтай Баруунтуруун сум дахь Онцгой байдлын 60-р ангид 2017 оноос хойш 5 дахь жилдээ цуг ажиллаж байгаа ажлын найз нөхөд юм. 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр гэртээ байж байтал орой 19 цаг өнгөрч байхад над руу Ч утсаар ярьж "танайд цагаан сар хийж очиж болох уу" гэхээр нь би "хүрээд ир" гэж хэлсэн. Ч надаас насаар 2 дүү залуу байдаг. Тэгээд би гэрт байж байтал 30-40 минутын дараа Ч хажуудаа Шонх гэх хоч нэртэй найзтайгаа цуг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн халамцуу согтуу байдалтай ирсэн. Шонх нь Чаас илүү их согтолттой илүү балай зүйл хэлээд, олон зүйл яриад их согтуу байсан. Энэ 2 хүнд би бууз жигнэж өгсөн. Шонх, Ч манайд ирэхдээ задлаад талд нь ортол уусан 0.5 литрийн хэмжээтэй "Экс" гэх архи авч ирсэн байсан тул эхлээд авч ирсэн архийг 3-лаа хувааж уусан. Уг архийг ууж дуусаж байхад Шонх хэт их согтсоноос болоод хүн дуудаж ирүүлээд гэрлүүгээ явсан. Дараа нь би манай цагаан сарын ширээ дээр байсан 0.5 литрийн хэмжээтэй "Экс" гэх архийг Чтай хувааж уусан. Уг архи ч дууссан тул Чгэрлүүгээ явна гээд манайхаас 23 цагийн үед гараад явсан. Ч манайхаас явах үед согтолтын байдал нь нэмэгдээд нэлээн согтолттой болоод явсан. Дахиж тэр орой Чтай уулзаагүй.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16 дахь тал),

- хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 24-27,28-31 дэх тал),

- Хохирогч Л.Бын амбулториор эмчлүүлэгчийн карт (хавтаст хэргийн 54-61 дэх тал),

- Шүүгдэгч Ц.Чын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр эхнэрийн хамт Баруунтуруун сумын төв хэдэн айлаар орж золголт хийсэн. Сүүлийн айлаас гараад эхнэр бид 2 тийш салж би гэр лүүгээ, эхнэр ажил руугаа явсан. Би гэрт очоод гал хөцөө түлчхээд найз С руу утсаар ярьж гэрт нь очихоор болсон. Сийн гэр лүү явахаар болоод байж байтал миний өөр нэг найз Шонх ирсэн. Тэгээд Шонх бид 2 Сийн гэрт очсон. Ингэж очихдоо манай гэрт байсан 0.5 литрийн хэмжээтэй Экс гэх задалсан архийг авч Сийнд очсон. Сийнд очоод авч очсон Экс архийг 3-лаа хувааж уусан. Уг архийг ууж дуусч байтал Шонх согтсон тул гэр рүүгээ явсан. Ард нь С бид 2 тэдний гэрт байсан задалчихсан цагаан сарын ширээний архийг хувааж уусан. Уг архийг ууж дуусгаад тэдний гэрээс гараад гэр рүүгээ явсан. Гэр рүү очих замдаа агаарт цохигдож нэлээн согтсон байсан. Гэрт очсоны дараа эхнэртэйгээ маргалдсан. Үүнээс болж эхнэр цагдаад дуудлага өгч улмаар дуудлагаар ирсэн цагдаа Бтай бас маргалдсан. Уг маргааны явцад хэсгийн цагдаа Бын нүүр лүү чиглүүлээд гараараа нэг удаа цохисон. Тухайн өдөр архи ууж согтсон байснаас болж ийм үйлдэл хийхэд хүрсэн. Би болсон зүйлд сумын хэсгийн цагдаа Л.Бас уучлалт гуйсан. Б надаас одоогоор ямар нэгэн зүйл нэхэмжлээгүй байгаа. Хохирол, гомдлоо нэхэмжилбэл төлж барагдуулахад бэлэн байгаа болно. Надад одоо ямар нэгэн санал хүсэлт гомдол байхгүй. Хэргээ хурдан боломжит богино хугацаанд шийдүүлж авмаар байна. 1995 онд Цийн 2 дахь хүү болж төрсөн, дээрээ 1 ахтай, доороо 1 дүүтэй. Манайх угийн малчин айл тул би бага насаа хөдөө малын захад өнгөрүүлсэн. Цэцэрлэгт ороогүй байж байгаад шууд сумын сургуульд 2002 онд орж суралцан 2013 онд 11-р анги төгсөж бүрэн дунд боловсрол эзэмшсэн. Сургуулиа төгссөний дараа 2013 оны 2-р ээлжээр 10-р сард цэргийн албанд татагдаж Завхан Тэсийн 0277-р ангид 1 жилийн алба хаасан. Цэргээс халагдаж ирээд гэртээ байж байгаад 2016 онд Онгой байдлын ахлагчийн сургуульд элсэн суралцаж төгсөөд Баруунтуруун суманд байгуулагдсан Гал түймэр унтраах аврах 60-р ангид гал сөнөөгчөөр ажилд орж одоог хүртэл ажиллаж байна. Эхнэр Өтай 2019 онд гэр бүл болж, нэг хүүтэй болсон. Манайх сумын төвд бусдын хашаанд өөрийн 6 ханатай гэрт амьдардаг. Мустанг маркийн 1 мотоцикл гэсэн хөрөнгөтэй, сарын цалингаараа амьдралаа авч явдаг. Эхнэр тодорхой эрхэлсэн ажилгүй.гэх мэдүүлэг,

- Шүүгдэгч Ц.Чын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Гэртээ эхнэртэйгээ маргалдсан. Үүнээс болж эхнэр цагдаад дуудлага өгч улмаар дуудлагаар ирсэн цагдаа Б, олон нийтийн цагдаа  М нар ирсэн. Цагдаа Б гэрт орж ирээд “Энд юу болоод байна?” гэхэд би “Юу болсон юм бэ? яасан юм бэ?” гэж асуухад миний зүүн шанаа хэсэг рүү гараараа цохиход нь би уначихаад босож ирээд нүүр хэсэг рүү нь гараараа нэг удаа цохиход хамраас нь цус гарсан. Тэгтэл М намайг барьж орон дээр дарж байгаад гэрээс аваад гарсан. Би цагдаагийн машин орж суугаад тайвшраад Б цагдаагаас уучлалт гуйсан. Би цагдаа Быг зодож хөнгөн гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Шүд хийлгэхэд гарах зардлыг нь өгөхөөр тохиролцсон байгаа. Би хууль сахиулагчийг эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдээгүй, цагдаа эхлээд намайг цохиход нь би уурлаад цохисон юм” гэх мэдүүлгүүдээр тогтоогдож байна.

Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 71 дугаартай шинжээчийн “Үзүүлэгч Л.Б -ын биед хамар ясны хугарал, хамрын нуруунд зулгаралт, зүүн нүдний дотно булан, доод зовхинд цус хуралт, зүүн дээд 2 дугаар шүдний сэлтрэл гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нэг хоногийн дотор үүссэн байх боломжтой. Хамар ясны хугарал, хамрын нуруунд зулгаралт, зүүн нүдний дотно булан, доод зовхинд цус хуралт гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул "Гэмтлийн зэрэг тогтоох журам" -ын 2.4.1 -д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Л.Бын биед дээрх гэмтлийн зэрэгт нөлөөлөх өөр гэмтэл тогтоогдоогүй. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 52-53 дахь тал)-ээр хохирогчийн биед учирсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь тогтоогдсон байна.

Шүүгдэгч Ц.Ч нь энэ үйлдлийг хийх зайлшгүй /гарцаагүй байдал, аргагүй хамгаалалт гэх мэт/ шаардлага бий болоогүй байхад өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдэж, хохирогчийн биед гэмтэл учруулж болохыг ухамсарлаж, зориуд цохиж байгаа санаатай үйлдэл бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирч, хохирол, хор уршигт хүргэсэн байгаа тул түүнийг санаатайгаар энэ үйлдлийг хийсэн  гэж үзнэ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол...” гэж хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг иш татаж заасан бөгөөд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.9-т “эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж үйлдсэн бол...” гэж хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг тодорхойлон заажээ.

Хохирогч Л.Б нь шүүгдэгч Ц.Чыг гэр бүлийн хүчирхийлэл үйлсэн гэх дуудлагааргэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргийг дагуу очиж, уг зөрчлийг таслан зогсоох үйл ажиллагаа явуулах үедээ шүүгдэгч Ц.Чт зодуулсан тул шүүгдэгч Ц.Чыг албан үүрэгтэй нь холбогдуулан хохирогчийг зодсон гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Ц.Чыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг албан үүрэгтэй нь холбогдуулан үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ц.Ч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.

Б. Эрүүгийн хэргийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.2 дугаар зүйлийн Тайлбарт: “Энэ хуульд заасан "хууль сахиулагч" гэж цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагч, хуулиар тусгайлан эрх олгосон эрх бүхий этгээд, байгаль хамгаалагчийг ойлгоно” гэж тодорхойлсон тул хэсгийн цагдаа Л.Б нь хууль сахиулагч мөн байна.

Гэрч Э.Мын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Гэрт ороод хэсгийн цагдаа Б Чт “та яагаад агсам согтуу тавиад гэр бүлийн хүчирхийлэл үйлдээд байгаа юм бэ? Бид нарыг дагаад цагдаагийн хэсэгрүү явъя” гэхэд Ч “Би яасан юм бэ? Би явахгүй. Та нарт ямар хамаатай юм бэ?” гэж хэлээд уурлаж байснаа хэсгийн цагдаа Б руу цээжээ түхийлгээд ирэхэд нь Б зүүн шанаа хавьд нь гараараа цохиод холдуулсан. Чингүунбаатар цохиулаад хойш нэг алхсанаа буцаж эргээд Бын нүүр лүү гараараа цохисон. Урд нь би албан хаагчаа хамгаалаад цохиогүй гэж мэдүүлсэн. Б баруун гараараа нэг удаа Чыг эхлээд цохьсон нь үнэн” гэх мэдүүлэг, гэрч Б.Өын мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Цагдаатай цуг гэр рүү орох гэсэн чинь гэрийн хаалга дотроосоо цоожтой байсан. Цоожийг онгойлгуулаад гэр рүү ороход нөхөр хүү 2 унтах гэж байсан.. Б цагдаа гэрт орж ирээд эвдэрсэн зүйлсийг харчихаад нөхрөөс “энэ юу болж байгаа юм бэ?” гэсэн чинь нөхөр “яасан юм бэ?, юу болсон юм бэ?” гээд хариулахад Б цагдаа нөхрийн нүүр лүү гараараа цохиход орон дээр уначихаад босож ирээд Бгийн нүүр лүү гараараа цохиход хамраас нь цусгарса” гэх мэдүүлэг, шүүгдэгч Ц.Чын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Цагдаа Б гэрт орж ирээд “Энд юу болоод байна?” гэхэд би “Юу болсон юм бэ? яасан юм бэ?” гэж асуухад миний зүүн шанаа хэсэг рүү гараараа цохиход нь би уначихаад босож ирээд нүүр хэсэг рүү нь гараараа нэг удаа цохиход хамраас нь цус гарсан” гэх мэдүүлгүүд нь Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 72 дугаартай шинжээчийн “Үзүүлэгч Ц.Чын биед зүүн чихний омгийн ар хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нэг хоногийн дотор үүссэн байх боломжтой. Зүүн чихний омгийн ар хэсэгт цус хуралт гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй ба алганы дүрмээр биеийн нийт гадаргуугийн нэг хувиас бага талбайг хамарч байгаа тул "Гэмтлийн зэрэг тогтоох журам" -ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэмтэл болно. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 36-37 дахь тал)-ээр давхар нотлогдож байгаа тул хохирогч Л.Б нь зөрчлийн талаарх дуудлагын дагуу очихдоо зөрчил үйлдсэн этгээд болох шүүгдэгч Ц.Чт хууль ёсны шаардлага тавихгүйгээр эхлээд биед нь халдаж цохьсон болох нь тогтоогдож байна.

 

Цагдаагийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д “Биеийн хүч хэрэглэх гэж цагдаагийн алба хаагч өөрийн бие махбод, мэргэжлийн тусгай бэлтгэлийг ашиглан бусдын хөдөлгөөнийг хязгаарлах зорилгоор биеэр хийх үйлдлийг ойлгоно” тодорхойлсон бөгөөд биеийн хүчийг хэрэглэх үндэслэлийг мөн хуулийн 49 дүгээр зүйлд нэрчлэн заасан байх бөгөөд хэсгийн цагдаа Л.Бын  дээрх үйлдэл нь үүнд хамаарахгүй байна.

Мөн эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд заасан аргагүй хамгаалалт хэрэглэх нөхцөл үүсээгүй, 4.2 дугаар зүйлд заасан Баривчлах, таслан зогсоох зорилгоор халдах нөхцөл бий болоогүй байхад бусдын биед халдсан үйлдэл нь хуулиар хүлээсэн албан үүргээ биелүүлж байсан гэж зөвтгөх үндэслэлгүй байна.

хохирогч Л.Б мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт “Би Чыг цохиогүй. “Ц.Ч уурлаад цээжээ түхийлгээд над руу дөхөөд ирэнгүүт нь би аюулгүй байдлаа хамгаалаад баруун гараараа Чын нүүр рүү мангасдаж түлхээд өөрөөсөө холдуулсан” гэж мэдүүлж байгаа боловч Гэрч Э.М, Б.Ө,  шүүгдэгч Ц.Ч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 72 дугаартай шинжээчийн “Үзүүлэгч Ц.Чын биед зүүн чихний омгийн ар хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.            Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нэг хоногийн дотор үүссэн байх боломжтой. Зүүн чихний омгийн ар хэсэгт цус хуралт гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй ба алганы дүрмээр биеийн нийт гадаргуугийн нэг хувиас бага талбайг хамарч байгаа тул “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэмтэл болно. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэх дүгнэлтээр үгүйсгэгдэж байна.

Эрүүгийн хэргийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь хууль сахиулагчийн хуульд заасан албан үүргээ зохих биелүүлэх үйл ажиллагааг хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцэхээс  хамгаалсан зохицуулалт  бөгөөд хууль сахиулагчийн хуулиар зөвшөөрөгдөөгүй үйл ажиллагаа /хүний биед халдаж цохисон/-ны  энэ зүйлээр хамгаалаагүй тул уг үйлдлийн эсрэг хийгдсэн үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй болно.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан шүүгдэгч Ц.Чт Эрүүгийн хэргийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирол, хор уршгийн талаар:

Хохирогч Л.Б нь “Сэтэрсэн шүдэндээ эмчилгээ хийлгээгүй байгаа бөгөөд  хийлгэхэд цаашид эмчилгээ хийлгэж  нөхүүлэх шаардлагатай байгаа Ч зардлыг нь өгнө гэсэн” гэж мэдүүлсэн, зардлын талаарх нотлох баримт гаргаж өгөөгүй тул нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Шүүгдэгч Ц.Ч шүүхийн хэлэлцүүлэгт “Хохирогч Л.Бтай шүд хийлгэхэд гарах зардлыг нь өгөхөөр тохиролцсон байгаа” гэсэн мэдүүлэг, Хохирогч Л.Бын “Сэтэрсэн шүдэндээ эмчилгээ хийлгэж  нөхүүлэх шаардлагатай байгаа Ч зардлыг нь өгнө гэсэн” гэх мэдүүлгүүдийг үнэлээд шүүгдэгч хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж үзлээ.

2. Шүүгдэгч Ц.Чт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч Ц.Ч нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг албан үүрэгтэй нь холбогдуулан үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ц.Ч урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах лавлагаа (хавтаст хэргийн 124 дэх тал)-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч Ц.Чын хувийн байдлын талаар гэрч М.Өын өгсөн: “Ц.Ч нь Онцгой байдлын Гал түймэр унтраах аврах 60-р ангийг анх байгуулагдахад ажиллаж эхлээд одоо 5 дахь жилдээ ажиллаж байгаа алба хаагч юм. миний удирдлагад 1,5 дахь жилдээ ажиллаж байгаа. Ц.Ч нь ажлын цаг ашиглалт муутайгаас биш ажил мэргэжил, цэрэгжилт жагсаалч байдал сайн алба хаагч юм. Хувийн зан чанар нь урдаас тайлбар ихтэй, хэрсүү, үүрэг даалгавар өгөхөөр хийхээсээ өмнө тайлбар хэлээд, няцаах гээд байдаг сул талтай. Ц.Ч нь Баруунтуруун сумын уугуул иргэн бөгөөд төрсөн сумандаа эхнэр 1 хүүхдийн хамт хашаанд гэрт амьдардаг. Гэр бүлийн харилцааг хэвийн гэж ойлгодог, гэр бүлийн харилцаатай холбоотой сөрөг зүйл ажил дээр мэдэгдэж байгаагүй. Хааяа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг. Ингэж уусан үедээ байгууллагын ажилтан, дарга нарт мэдэгдэхгүй ууж хэрэглэдэг. Би алба хаагчидтайгаа цуг архи ууж байгаагүй болохоор архи уусан үедээ ямар болдгийг нь сайн мэдэхгүй байна. гэхдээ өнгөрсөн зун Ч гадуур архи ууж ажил дээр ирчхээд тухайн үед аж ахуйн ажил хийж салааны дүү алба хаагч руу ахархах гэсэн зан байдал гаргаж байсан ба уг байдлаас Ц.Чыг архи ууж согтсон үед хүнтэй хавирах, хэл ам хэрүүл хийх, хүн өдөж хоргоох байдал гаргадаг байж магадгүй гэж бодсон.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19 дэх тал), гэрч Д.Эын өгсөн: “Нөхөр Ц бид хоёр 1992 онд гэр бүл болж 4 хүүхэдтэй болсон Ч нь миний 2 дахь хүү бөгөөд дээрээ 1 ахтай, доороо 2 дүүтэй Ч нь зөөлөн дөлгөөн зан чанартай, бусадтай эелдэг зөөлөн, эвийг нь олж харилцдаг, ажилсаг хичээнгүй, бусдад байнгын тус дэм болдог сайн чанаруудтай хүүхэд юм. Хүү маань төрснөөсөө хойш гэртээ, гэр бүлийнхэнтэйгээ өсөж торнисон. Цэцэрлэгт хүмүүжээгүй. 7 настайдаа Баруунтуруун сумын ерөнхий боловсролын сургуульд орж суралцан бүрэн дунд боловсрол эзэмшсэн. Соёл урлагийн их сургуулийн урлаг судлаачийн ангид орж дээд боловсрол эзэмшиж байгаад "хүчний байгууллагын ажилтан болно" гэж шийдээд дундаас нь гарч Хууль сахиулахын их сургуулийн Онцгой байдлын дамжаанд орж 1 жил суралцаж төгсөөд суманд шинээр байгуулагдсан Онцгой байдлын газрын 80-р ангид аврагч, гал сөнөөгчөөр ажилд орсон. Одоо бараг 5 дахь жилдээ ажиллаж байгаа ба ажилдаа маш сайн хүүхэд юм. Эхнэр Өтай гэр бүл болоод 3 жил болж байгаа, 2 настай 1 хүүхэдтэй. Гэр бүлийн харилцаа уг нь бол сайн байдаг. Хүү маань хааяа архи уучихсан байдаг ба үүнээс болж гэр бүлийн маргаан үүссэн гэж ганц 2 удаа хүнээс сонсож байсан. Би хүүгээ архи ууж эхнэртэйгээ хэрэлдэж маргалдаж байхыг нүдээр үзээгүй. 2022 оны 02-р сард хүү маань архи ууж согтсоноос болж гэр бүлийн маргаан гаргаж энэ асуудалд холбогдсон байсан. чухам юунаас, ямар шалтгааны улмаас ийм байдалд хүрснийг нь сайн мэдээгүй. Мэдээж эхнэр нь архи уулаа гэж нөхрөө загнасан байх гэж бодож байна.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 132 дахь тал), гэрч М.Жын өгсөн: “Би 2017 онд 60-р ангийн захирагчаар томилогдож одоог хүртэл ажиллаж байна. Ц.Ч 2017 онд манай ангид аврагч, гал сөнөөгчөөр томилогдож одоог хүртэл ажиллаж байна. Ч 5 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд ажилдаа сайн гэсэн дүгнэлттэй, ажлаа эзэн болж хийж чаддаг, хамт олны дунд нэр хүнд сайтай, уур амьсгал боломжийн, харилцаа хандлагатай сайн алба хаагч юм. Ажилтай, ажлын байранд архи согтууруулах ундаа хэрэглэж байгаагүй. Харин амралтын цагаар хааяа архи уусан гэж сонсож байсан. 2021 онд амралтын цагаар архи ууж маргаан гаргасан гэсэн асуудал гаргаж сахилгын шийтгэл оногдож байсан. өөр алдаа дутагдал гаргаж байгаагүй. Манай тэргүүний ажилчдын нэг юм. Эхнэр 1 хүүхдийн хамт амьдардаг. Гэр бүл болоод 3 жил болж байгаа, тусдаа гараад хашаа, гэрт амьдардаг. Гэр бүлийн хувьд амьдралаа өргөжүүлж сайхан болгох гэж хичээж байгаа залуу гэр бүл юм. Гэр бүлийн харилцаа сайн гэж би хувьдаа боддог.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 134 дэх тал)-үүд авагдсан байна.

Шүүгдэгч Ц.Ч согтуугаар гэмт хэрэг үйлдсэн болох нь согтуурал шалгасан “1.12% согтолттой байсан” гэх магадлагаа, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 86-87 дахь тал)-ээр тогтоогдсон байна.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 “...анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон. Мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинж байдал, урьд нь гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байгаагүй байдлуудыг харгалзан улсын яллагчийн гаргасан  санлын хүрээнд торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ц.Ч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шүүгдэгч Ц.Чт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэхээр тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан Увс аймгийн прокурорын газрыг хяналтын прокурор Х.Энхтуулаас  шүүгдэгч Х овогт Цийн Чт Эрүүгийн хэргийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Шүүгдэгч Х овогт Цийн Чыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг албан үүрэгтэй нь холбогдуулан үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Шүүгдэгч  Ц.Чт Эрүүгийн хуулийн тусгай ангийн11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 700  /долоон зуу/ нэгжтэй тэнцүү хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох  ял тус тус шийтгэсүгэй.

4. Ялтанторгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар тус тус солихыг дурдсугай.

5. Хохирогч Л.Б нь зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

6. Шүүгдэгч Ц.Ч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ц.Чт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасны дагуу шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                 Б.ГАНСҮХ