Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Мижиддоржийн Мөнхбаатар |
Хэргийн индекс | 188/2022/0066/Э |
Дугаар | 2022/ШЦТ/73 |
Огноо | 2022-01-12 |
Зүйл хэсэг | 17.2.2., |
Улсын яллагч | Д.Ганчимэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 2022/ШЦТ/73
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжин,
улсын яллагч Д.Ганчимэг,
шүүгдэгч Н.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэйгээр явуулсан шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Н.Год холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2108 02535 1665 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1970 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, дүүгийн хамт ............ дүүргийн .......... дугаар хороо, ............ тоотод оршин суух, урьд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 204 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 10 жил 6 сарын хорих ял шийтгүүлсэн, Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 100 дугаар захирамжаар эдлээгүй үлдсэн 2 жил 7 сар 19 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналтын хугацаа тогтоосон.
Боржигин овогт Нарангийн Г /РД:................/,
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Н.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 60 дугаар байрны орцонд 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр иргэн Ч.Бын цүнхтэй эд зүйлсийг хүч хэрэглэж авахаар довтолж бусдад 405.000 төгрөгийн хохирол учруулж дээрэмдсэн,
Мөн иргэн Ч.Бын эд хөрөнгийг дээрэмдэх явцдаа түүний нүүр хэсэгт цохиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1232 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, хохирлын талаарх баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Нэг. Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч Н.Г.
1. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлэн, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч оролцсон болохыг дурдаж байна.
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Н.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 10 дугаар сарын 07-ны оройн 22 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 60 дугаар байрны орцонд хохирогч Ч.Бын цүнхтэй эд зүйлсийг хүч хэрэглэж авахаар довтолж 405.500 төгрөгийн хохирол учруулсан,
мөн түүний хохирогчийг нүүрэн тус газарт нь цохиж унагаан эд хөрөнгийг дээрэмдэх явцдаа эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Энэ нь хохирогч Ч.Бын “...би 22 цаг 40 минутын үед ... таксинаас буугаад 60 дугаар байрны орцоор орсон. Тэгсэн намайг хатуу юмаар зүүн шанаа орчим цохих үед би манараад шатан дээр нүүрээрээ унасан. ...арай гэж 3 давхар руу алхаж, баруун гартаа барьсан тортой зүйлээ бариад гэртээ орж ирсэн. Харин гэрт орж ирэх үед зүүн гартаа барьсан байсан цүнх байхгүй байсан. ...Н.Г гэх хүн намайг цохисны улмаас миний биед хүндэвтэр гэмтэл учирсан. Цүнхэнд самсунг нөте-4 маркийн цагаан өнгийн дотроо сим картгүй гар утас, хуавей-8 маркийн шаргал өнгийн гар утас, ...................... , ...................... гэсэн дугааруудтай. Мөн утасны гэрэнд иргэний үнэмлэх, хаан банкны карт, мөн цүнхэнд тэмдэглэлийн дэвтэр, бал, 3 ширхэг амны хаалт, 1 ширхэг түлхүүр байсан... надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх19-20, 21-23/,
гэрч Д.Мятавын “...2021 оны 10 дугаар сарын 07-ны оройн 22 цаг 30 минутын орчим байх хадам ээж Б нь орцонд хүнд цохиулаад цүнхээ дээрэмдүүлчихлээ гээд орж ирсэн. Тэгэхээр нь би хувцсаа өмсөөд гэрээсээ гарсан бөгөөд гадаа гараад ажиглахад ямар нэгэн сэжигтэй зүйл харагдаагүй би буцаж орж ирээд цагдаад дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх27-28/,
гэрч Н.Ганзоригийн “...миний ах Г 23 цаг өнгөрч байсан шиг санагдаад байна гаднаас согтуу орж ирээд надад шаргал өнгийн Хятад улсад үйлдвэрлэсэн нимгэн гар утас үзүүлээд ах нь энийг олсон юм, далд хийчих гэж хэлээд өгөхөөр нь би далд хийчихсэн юм. Тэгээд сүүлд 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр ...................... гэсэн сим картыг нөгөө утсандаа хийгээд өгөөч гэхээр нь би шөнө авчирч өгсөн гар утсанд нь хийж өгсөн. Тухайн дугаар нь одоо миний төрсөн эгч Нарангийн Саранчимэгийн нэр дээр байдаг. Авчирсан гар утсыг нь одоо харвал санана, их нимгэн шаргал өнгийн хуавей ч билүү нэртэй утас байсан...” гэсэн мэдүүлэг /хх36-37/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх4-6/, “Скайтел” ХХК-ийн албан бичигт “......................... дугаарт 2021.10.07-ны өдөр ... амей кодтой утас бүртгэлтэй байна. 2021.10.26-ны өдрөөс хойш ...................... дугаарт бүртгэлтэй байна. Дугаар эзэмшигч Н.Саранчимэг...” гэж дурдсан, мөн хохирогчийн эрүүл мэндэд хохирол учирсныг тогтоосон шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээр тус тус нотлогдож байна.
3. Дээрэмдэх гэмт хэргийн хүч хэрэглэж гэдэгт: эд хөрөнгийг авахаар цохих, зодох, хоолой боох зэргээр эрүүл мэнд рүү чиглэсэн хүч хэрэглэсэн идэвхтэй үйлдлийг ойлгодог. Тиймээс шүүгдэгчийн хохирогчийн нүүрэн тус газарт цохисон, түүний цүнхийг авч явсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлттэй буюу хохирогчийн эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсноор дээрэмдэх гэмт хэргийн бүрдэл төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байгаа болохыг дурдаж байна.
4. Гэмт хэргийн улмаас алдагдсан эд зүйлийг хөрөнгийн үнэлгээ хийх эрх бүхий хуулийн этгээд болох “Тэнцвэр эстимейт” ХХК дараах байдлаар үнэлжээ. Үүнд: самсунг нөүт-4 маркийн гар утас 150.000 төгрөг, хуавей 8 маркийн гар утас 200.000 төгрөг, бусад эд зүйл 55.500 төгрөг нийт 405.500 төгрөгөөр гэжээ. /хх44-45/
Шүүхээс гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан эд хөрөнгийн хохирлын үнэлгээг үндэслэл бүхий тогтоосон гэж дүгнэн, энэхүү үнэлгээтэй талууд маргаагүйг дурдав.
5. Шүүх эмнэлгийн 9807 дугаар дүгнэлтээр /хх39-40/ хохирогч Ч.Бын биед “зүүн хацар ясны хугарал, зүүн ухархайн ар хана, зүүн гайморын урд ханын цөмөрсөн хугарал, зүүн хацарт шарх, зүүн нүдний алимны цус хуралт, нүүрний зүүн хэсэг, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий эрүүл мэндийг нь удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт гэмтэл тогтоогдсон. Уг гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой, хэрэг гарах хугацаанд үүсэх боломжтой гэж тодорхойлжээ.
Дээрх гэмтлийг шүүгдэгчийн гэм буруугийн санаатай, хохирогчийг дээрэмдэх явцдаа хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас үүсгэгдсэн хохирол гэж үзэх үндэслэл тогтоогдсон болно.
6. Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Мөн хүч хэрэглэх явцдаа хохирогчийн эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан нь тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд мөн тооцож шийдвэрлэв
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.
7. Хохирогч Ч.Баасанжаргал нь эрүүл мэндэд хохирол учирсантай холбоотой холбогдох баримтыг гаргаж өгөөгүй, тэрээр гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй талаар мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
Хэдийгээр хохирогч хохирол нэхэмжлэхгүй гэсэн боловч гэмт хэргийн улмаас эрүүл мэнд болон эд хөрөнгөд учирсан хохирлыг гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдаж шийдвэрлэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
8. Улсын яллагчаас шүүгдэгч Н.Год Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах,
Мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, мөн хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоосон 2 жил 7 сар 19 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг хугацааг тогтоож, ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлт, санал гаргасан.
9. Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, нээлттэй хорих байгууллагад ял эдлүүлж өгнө үү гэсэн болно.
10. Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч хохирогчид хохирол төлсөн нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн хохирогч хохирол нэхэмжлэхгүй гэсэн нь шүүгдэгчийг хохирол төлсөн гэж үзэх үндэслэл болохгүй юм. Мөн шүүгдэгч Н.Гын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
11. Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд согтуугаар хүч хэрэглэж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлын хувьд хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоосон хугацаанд дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалгүйг харгалзан үзлээ.
12. Иймд шүүхээс гэмт хэргийн шинж, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Н.Год Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэв.
13. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 4 жилийн хорих ял дээр 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоногоор тооцон хорих ялд шилжүүлэн нийт 3 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялын хугацааг 4 жил 3 сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэв.
14. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсан хүн хяналтын хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх эдлээгүй үлдсэн ял дээр шинээр үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан ялыг энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэмж нэгтгэнэ” гэж заасны дагуу Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 100 дугаар захирамжаар хорих ялаас хугацаанаас өмнө суллагдаж эдлээгүй үлдсэн 2 жил 7 сар 19 хоногийн хугацааны ял дээр дээр дурдсан 4 жил 3 сарын хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч Н.Гын нийт эдлэх хорих ялыг хэмжээг 6 жил 10 сар 19 хоногийн хугацаагаар тогтоов.
15. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Гын 51 настай хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
16. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.
17. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Гын цагдан хоригдсон 15 хоногийг /2021.12.28-2022.01.12/ түүний эдлэх ялд оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Нарангийн Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Н.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар,
Мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 /долоон зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Н.Год Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 4 жилийн хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг хорих ял шилжүүлэн тооцон 90 хоног /3 сар/ хорих ялыг нэмж нэгтгэн 4 жил 3 сарын хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Гын хорих ялаас хугацаанаас өмнө суллагдаж эдлээгүй үлдсэн 2 жил 7 сар 19 хоногийн хугацааны хорих ял дээр энэ тогтоолоор оногдуулсан 4 жил 3 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг хэмжээг 6 /зургаа/ жил 10 /арав/ сар 19 /арван ес/ хоногийн хугацаагаар тогтоов.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Гын цагдан хоригдсон 15 / арван тав/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
7. Хохирогч Ч.Баасанжаргал нь гэм хортой холбоотой бусад зардлыг холбогдох баримтыг бүрдүүлэн Иргэний хэргийн шүүхийн журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай.
8. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
10. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
11. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХБААТАР