| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Алтан |
| Хэргийн индекс | 177/2016/0048/э |
| Дугаар | 47 |
| Огноо | 2016-07-07 |
| Зүйл хэсэг | 096.1., 099.1., |
| Улсын яллагч | Б.Баярмагнай |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2016 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 47
Увс аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Алтан даргалж, шүүгч Б.Гансүх, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Дулмаа нарын бүрэлдэхүүнтэй,
Иргэдийн төлөөлөгч: Д.Чойжамц,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Баярмагнай,
Шүүгдэгч Б.Магсарын өмгөөлөгч: Б.Лхагважав,
Шүүгдэгч Д.Батзоригийн өмгөөлөгч: Б.Батгэрэл, Ө.Нарантуяа,
Шүүгдэгч: Б.Магсар, Д.Батзориг,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Борлууд овгийн Дорлигжавын Батзориг, 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Булгадар овгийн Баянбилэгийн Магсар нарт холбогдох 201620000062 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1996 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бага боловсролтой, малчин, ам бүл-6, аав, ээж, эгч, дүү нарын хамт Увс аймгийн Тэс сумын 10-р багт оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, РД:ОО96022616, Борлууд овгийн Дорлигжавын Батзориг.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1982 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-5, эхнэр, хүүхдүүдийн хамт Увс аймгийн Тэс сумын 10-р багт оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, РД:ОО82110670, Булгадар овгийн Баянбилэгийн Магсар.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.Магсар нь согтуугаар 2016 оны 03 дугаар сарын 18-ны өглөө тус аймгийн Тэс сумын 10 дугаар багийн нутагт оршин суух иргэн О.Баттогтохын гэрийн гадна хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Д.Батзоригтой маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар нь цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан, Д.Батзориг нь 2016 оны 03 дугаар сарын 18-ны өглөө тус аймгийн Тэс сумын 10 дугаар багийн нутагт оршин суух иргэн О.Баттогтохын гэрийн гадна хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Б.Магсартай маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар нь өшиглөж бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд :
1. Хохирогч Б.Магсарын мөрдөн байцаалтад өгсөн: "Би 2016 оны 03 дугаар сарын 17-ны шөнө гэрээсээ гараад Дорлигжавынд 12 цагийн үед очсон. Тэднийд Чойжилсүрэн, Батзориг нартай 0.75 литерийн нэг шил архи хувааж ууцгаасан. Тэгэээд тэднийхээс Чойжилсүрэн, Ц.Батзориг, Д.Батзориг бид дөрөв О.Баттогтох гэдэг айлд очсон. Хэдэн цагийн үед гэдгийг тодорхой санахгүй байна. Шөнө 02 цагийн үед очсон боловуу гэж бодож байна. Тэднийд бас 0.75 литерийн нэг шил архи уусан. Тэгээд өглөөгүүр 05 цагийн үед Дорлигжавын Батзоригтой би маргалдсан. Эхлээд Ц.Батзоригтой би бага зэрэг маргалдаад учраа олсон. Гэтэл Д.Батзориг нь "Та ер нь яадаг юм" гэж хэлээд надтай маргалдаж бид хоёр О.Баттогтохын гэрээс гарч барьцалдахад эхлээд Д.Батзориг намайг гараараа цохиод авсан. Тэр үед би түүнтэй барьцалдаж зууралдах явцад Д.Батзоригийг би мөргөсөн байж магадгүй. Тэр үед хамт байсан О.Баттогтох, Чойжилсүрэн, Ц.Батзориг гурав гэрээс гарч ирээд бид хоёрыг салгасан. Тэгээд учраа ольё гэж бодоод тайвшраад тамхи татаж байтал Д.Батзориг гэнэт миний баруун нүд рүү нэг удаа өшиглөсөн. Өшиглүүлэх үед ухаан балартаж нүдээ дараад тонгойж гараараа дараад хэсэг суутал нүднээс цус гарч эхэлсэн. Тэгээд Баттогтохын гэрт байтал Д.Батзоригийн аав Дорлигжав ирж намайг багийн төвийн эмнэлэгт хүргэсэн. Багийн эмч Булган, Одноо хоёр намайг үзсэн. Тэгээд маргааш нь аймгийн эмнэлэгт очиж 2016 оны 03 дугаар сарын 19-ний өдөр нүдний хагалгаанд орж баруун нүдний алимаа авахуулсан. Нүдний доод талд дөрвөн оёдол тавиулсан. Тухайн үед Д.Батзориг нь бага зэргийн маргаанаас болж намайг зодсон. Одоо энэ хагалгааны шарх эдгэрсний дараагаар дахин хагалгаанд орж болор суулгах хагалгаа хийх юм гэсэн. Хохирлын асуудлыг том ах Б.Чойсүрэн тооцож гаргаж өгсөн байх. Д.Батзориг бид нарын дунд урьд өмнө нь ямар нэгэн хэрүүл, маргаан болж байгаагүй. Цаашид энэ асуудлыг хуулийн дагуу шийдвэрлүүлэх хүсэлтэй байна" гэх мэдүүлэг /хх-ийн 7-8 х/,
2. Хохирогч Д.Батзоригийн мөрдөн байцаалтад өгсөн: "Би 2016 оны 03 дугаар сарын 18-ны өглөө Тэс сумын 10-р багийн нутаг "Хошит Эрэг" нэртэй газар өвөлжөөндөө байсан О.Баттогтохын гэрийн гадаа эхэлж Б.Магсарт зодуулсан. Б.Баттогтохын гэрт байхад Б.Магсар "Чи архи уухгүй байна. Та нар цэрэгт яваад их зантай болчихсон байна, та нар юу юм" гээд байсан. Б.Магсар 03 дугаар сарын 17-ны шөнө манай гэрт ирээд намайг сэрээсэн, намайг явахгүй гэсээр байхад дагуулж гэрээс гарсан. Намайг "Явахгүй" гэж хэлэхэд "Чи заавал хүргэж өг. Өмнө нь хүргэж өгөөгүй, яахаараа хүргэж өгдөггүй юм" гэж хэлээд намайг дагуулж явчихаад О.Баттогтохын гэрт очоод надтай болон хамт явсан Ц.Батзориг, Чойжилсүрэн нартай үг сөрөөд маргалдах гээд байсан. Би Магсарт хандаж "Та ч гэсэн энгэрээ задгай хаячихсан байна ш дээ" л гэж хэлсэн. Б.Магсар нь архи уучихаад Ц.Батзориг бид хоёр луу томорч дээрэнгүй зан гаргасан. Тэгээд би гэрээс түрүүлж гараад тамхи татаад сууж байтал Б.Магсар араас гарч ирээд "Чи их том болжээ, цэрэгт яваад ирэхээрээ та нар ингэдэг юм уу" гэж хэлээд намайг эхэлж мөргөсөн. Дахиад нэг зүйлээр миний хамар орчимд цохиход миний хамарнаас цус гарсан. Сүүлд миний хамар дээр үхрийн өтөг наалдсан байсныг гэрт очоод толинд хараад мэдсэн. Тэгэхээр миний хамарлуу үхрийн хөлдүү баасаар цохисон байсан. Би Б.Магсарт цохиулсныхаа дараа түүнд "Та яаж байгаа юм бэ" гэтэл тэр дахин агсарч өөрийнхөө дээлийг тайлж "Чамайг ална" гэх мэт этгээд үг хэллэгээр доромжилж агсарсан. Тэгээд Б.Магсар миний мотоциклийг өшиглөж унагаагаад надтай зууралдаад миний дээгүүр даваад унасан. Тэгээд босож ирээд миний гарнаас зууралдахад Чойжилсүрэн намайг гарнаас татаж салгах үед миний хөл савагдаж Б.Магсарын нүүрлүү өшиглөгдсөн. Би 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Б.Магсарт зодуулсанаас болж миний хамрын яс, мөгөөрс гэмтэж, хамрын савхан ясны зүүн тал нь хугарч, баруун тал цууралттай гэмтэл тогтоогдсон. Хамрын яс гэмтсэнээс болж хамар битүүрэх, үг хэлэх үед дуу авиа гуншигнах, тод хэлэгдэхгүй байх зэрэг зовиуртай байгаа ба хамраа тэгшлүүлж, цэвэрлэгээ хийлгэж, юм чихүүлж эмчилгээ хийлгэсэн. Нийт 40.000 төгрөгийн эм тарианы зардал гарсан. Одоо миний хамарт өвдөж зовоогоод байх зүйл байхгүй боловч шөнө байнга битүүрч хонодог. Би Б.Магсарт гомдолтой байгаа тул хуулийн дагуу шалгаж арга хэмжээ авч өгөхийг хүсэж байна. Би энэ хүнээс болж гэмт хэрэгт холбогдсон" гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 х/,
3. Гэрч Б.Чойсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: "Манайх Увс аймгийн Тэс сумын "Таван-Улиас" багийн төвд байдаг бөгөөд Б.Магсар нь миний төрсөн дүү юм. 2016 оны 03 дугаар сарын 17-ны шөнө миний дүү Б.Магсар нь Тэс сумын 10-р багийн харьяат Ойдов овогтой Баттогтохын гэрт байж байгаад Дорлигжавын Батзориг гэдэг залууд зодуулсан гэж сонссон. Тухайн үед би Улаангомд байсан. Маргааш нь манай дүү Улаангомд ирээд 03 дугаар сарын 19-ний өдөр цагдаагийн газарт гомдол гаргасан. Дүү маань 2016 оны 03 сарын 19-ний өдөр аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт хагалгаанд орж баруун нүдээ авахуулсан. Баруун нүдний доод талдаа оёдол тавиулсан бөгөөд мөн хамар муруйсан гэмтэл учирсан байсан. Одоо Улаанбаатар хотруу явах гэж байгаа. Юу болсон талаар Б.Магсараас асуухад "О.Баттогтохын гэрт байхдаа Д.Батзоригтой маргалдсан. Тэгээд тэдний гэрээс гарах үед Д.Батзориг нүдрүү нь өшиглөсөн" гэж хэлсэн. Б.Магсарын нүдний эвэрлэг бүрхүүл нь тасарч, нүдний болор нь унаж гээгдсэн байна гэж эмч хэлсэн. Манай дүүг зодох үед Дорждэрэмийн Чойжилсүрэн, Цогцолын Батзориг гэдэг хоёр залуу хамт байсан гэсэн. Эдгээр залуучууд бүгд Тэс сумын 10-р багийн иргэд. Харин ямар шалтгааны улмаас Б.Магсарыг зодож гэмтээсэн талаар мэдэхгүй байна. Одоо хагалгаанд орсон бөгөөд нүдний шарх нь эдгэрхээр нүдэнд нь бөөрөнхий "шаариг" хийж тэр нь эдгэрч дууссаны дараагаар дахин нүдний болор солих мэс засал хийлгэнэ гэсэн. Тэгэхээр одоо дахиад хоёр удаа хагалгаанд орох шаардлагатай болоод байгаа. Биеийн байдал нь өвчин зовиур ихтэй тааруухан байгаа. Бид маш их гомдолтой байна. Хуулийн дагуу шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Б.Магсар нь хотод эмчилгээ хийлгэж байгаад ирэх тул түүний эмчилгээний зардалд гарсан хохирлыг сүүлд нэгтгэж тооцож гаргаж өгье гэсэн хүсэлтэй байна. Ер нь бол би том ах нь учраас дүү нарынхаа асуудлыг зохицуулах нь миний үүрэг болохоор хохирлыг сүүлд тооцож гаргаж өгнө. Б.Магсарын нүд урьд өмнө нь ямар нэгэн байдлаар өвдөж байгаагүй" гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 х/,
4. Гэрч Ц.Батзоригийн мөрдөн байцаалтад өгсөн: "2016 оны 03 дугаар сарын 17-нд би Б.Магсар ахын гэрт шөнийн 22 цагийн үед Д.Чойжилсүрэнгийн хамт очсон. Тэднийд очиход Б.Магсар ах хилийн цэрэгт ажилладаг гэсэн нэг хүнтэй архи ууж байсан. Нэрийг нь Наранбаатар гэсэн байх. Д.Чойжилсүрэн бид хоёр тэдний гэрт ороод архи уугаагүй. Гэтэл Б.Магсар ах "Баяр болж байна, Дорлигжав ахын гэрт хамт очьё" гэж хэлсэн тул тэднийд шөнийн 01 цагийн үед очсон. Тэдний гэрт Д.Батдорж унтаж байсан бөгөөд Дорлигжав ах босож 0.75 литерийн "Түмний хишиг" нэртэй архи задалж уусан. Д.Чойжилсүрэн бид хоёр тэр архинаас нь уугаагүй. Тэр архийг Наранбаатар, Б.Магсар ах хоёр хувааж уусан. Тэгээд тэднийхээс гарч 03 цагийн үед О.Баттогтох ахын гэрт очсон. О.Баттогтох ахынд 0.5 литерийн нэг шил архи, мөн 0.75 литерийн Болор нэртэй архины хагасыг уусан. Тэр үед Б.Магсар ах нилээн согтчихсон байсан ба намайг "Архи уусангүй, чи яагаад архи ууддаггүй юм. Дээр нь энгэрээ задгай хаячихсан хэн бэ" гэж зандарч уурлаж надтай сөргөлдөж эхэлсэн. Тэгээд Б.Дорлигжав ахынхаас тэдний хүүхэд Д.Батдоржийн хамт Б.Магсар ахыг О.Баттогтох ахын гэрт хүргэж өгсөн. О.Баттогтох ахын гэрт очоод Б.Магсар ах надруу дахин уурлах үед Д.Батзориг "Та ч бас энгэрээ задгай хаячихсан байна ш дээ" гэж хэлсэн. Удалгүй О.Баттогтох ахын эхнэр бид нарт "Одоо та нар харьж амарцгаа" гэж хэлсэн бөгөөд бид харьж амрахаар гарахад Д.Батзориг, Б.Магсар ах хоёр дээр доороо ороод ноцолдож байсан. Намайг тэр хоёрын хажууд очих үед Д.Батзориг нь Б.Магсар ахын дээр гарчихсан байсан. Тэгээд бид нар тэр хоёрыг салгацгаасан юм. Тэгээд Д.Батзоригийг "Гэртээ харь" гэхэд тэр мотоциклоо асаагаад унаад явж байгаад гэнэт зогссон. Тэгээд бууж ирээд Б.Магсар ах тамхи татчихсан сууж байтал түүний нүүр лүү өшиглөсөн. Б.Магсар ахын хажууд О.Баттогтох ах бас тамхи татаад сууж байсан. Наранбаатар, Д.Чойжилсүрэн бид нар мотоциклийн хажууд зогсож байсан. Тэр үед өглөө болчихсон нар гарчихсан байсан ба Б.Магсар ах Д.Батзоригт өшиглүүлсэнээс болж баруун нүднээс нь цус гарч, хацар нь язарсан байсан. Тэгээд Б.Магсар ахыг О.Баттогтох, Д.Батзориг хоёр аваад Б.Дорлигжав ахын гэрлүү явсан. Д.Батзориг, Б.Магсар нарын хооронд урьд нь маргаан болж байсан эсэхийг би мэдэхгүй" гэх мэдүүлэг /хх-ийн 15-17 х/,
5. Гэрч О.Баттогтохын мөрдөн байцаалтад өгсөн: "Манайх Тэс сумын 10-р багийн нутаг "Хошит-Эрэг" нэртэй газар өвөлиж байтал 2016 оны 03 дугаар сарын 17-оос 18-нд шилжих шөнө 03 цагт манай багийн залуучууд болох Б.Магсар, Д.Батзориг, Ц.Батзориг, Д.Чойжилсүрэн болон хилийн цэргийн ажилтан Наранбаатар нар манайд ирсэн. Наранбаатар, Б.Магсар хоёр согтуу, нөгөө гурав нь эрүүл байсан. Тэгээд цэргийн баяр болж байна гээд байхаар нь би 0.5 литерийн Улаанбаатар архи задалж өгсөн. Тэр архи дуусахад өмнө нь задалчихсан байсан 0.75 литерийн Болор архины талыг уусан. Анх манайд ирэхдээ Б.Магсар "Энэ хөвгүүд их том болсон байна. Цэрэгт явж ирээд өөр болчихсон байна. Аятайхан байгаарай" гэж хэлээд хашгираад байсан. Мөн Ц.Батзоригийг "Чи нэг хундага архи ууж чадахгүй байж энгэрээ задгай хаяад битгий хэвлээд бай" гэж хэлэхэд Д.Батзориг "Та ч гэсэн энгэрээ задгай хаячихсан байгаа юм биш үү" гэж хэлээд тэрнээс болоод маргаад байсан. Гэтэл манай эхнэр "Та нар одоо харьж амарцгаа" гэж хэлэхэд тэд манайхаас бүгд гарцгаасан. Тэр үед өглөө болоод нар гарчихсан байсан. Гэтэл Д.Батзориг гэрлүү буцаж орж ирээд "Гадаа гарсан чинь Б.Магсар ах намайг мөргөлөө" гэж хэлээд 00-ын цаас асуусан. Тэгээд буцаж гэрээс гарсан ба тухайн үед би түлээ хагалах гээд сүх авч гараад түлээний хажууд очиход гэнэт Д.Батзориг, Б.Магсар хоёр зодолдоод Д.Батзориг нь Б.Магсарын дээр суучихсан байсныг салгасан. Тэгээд Б.Магсартай тамхи татаад сууж байтал Д.Батзориг явах гэж байгаад буцаж ирээд Б.Магсарын нүүрлүү нь өшиглөсөн. Гэтэл Б.Магсар нь нүдээ дараад доошоо суугаад хэсэг байтал нүднээс нь цус гарч эхэлсэн. Мөн хацар нь язарчихсан, баруун нүд нь нээгдэхгүй гэмтсэн байсан. Тэр үед Б.Магсар "Одоо харилаа" гээд байхаар нь би "Одоо харьж болохгүй. Ямарч байсан Б.Дорлигжав ахын гэрт очсон нь дээр. Наад хүнээ аваад яв" гэж хэлээд Д.Батзоригийн мотоцикльд суулгаж явуулсан. Хэн нь хэнийгээ түрүүлж цохисон гэдгийг мэдэхгүй байна. Ямар ч байсан сүүлд нь харахад Д.Батзоригийн хамар нь хавдчихсан, цохиулчихсан байсан. Би Д.Батзоригийн морийг нь хүргэж өгсөн. Б.Магсар нь өөрөөсөө болж л цохиулсан гэж бодож байна" гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 х/,
6. Гэрч Д.Чойжилсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: "...О.Баттогтох ахын гэрт байхад Б.Магсар ах Д.Батзориг, Ц.Батзориг бид гуравтай дээрэлхүү өнгөөр харьцаад байсан. Б.Магсар архи уучихсан нилээн согтуу байсан. Тэгээд Ц.Батзоригийг "Чи нэг хундага архи шингээж чадахгүй, энгэрээ задгай хаячихсан хэн болов оо" гэж уурлахад Д.Батзориг "Таны ч гэсэн энгэр чинь задгай байна" гэж хэлээд тэрнээс болж маргасан. Тэгээд нэг хэсэг гайгүй болсон. Удалгүй бид нар харихаар гэрээ гарсан бөгөөд тэр үед өглөө болж байсан. Гэтэл Б.Магсар, Д.Батзориг хоёр ноцолдоод дээр, доороо орж нэгэнтэйгээ зууралдаад зодолдоод эхэлсэн тул бид нар очиж салгасан. Уг нь шууд явцгаая гээд тус тусын мотоциклийн хажууд очоод зогсож байтал гэнэт дуу чимээ болсон.Тэгээд юу болов гэтэл Д.Батзориг нь Б.Магсарын нүд рүү өшиглөсөн байсан ба Б.Магсар ахын нүднээс цус гарч байсан. Харин Д.Батзоригийн нүүр, нүдэнд гэмтэл учирсан байсан эсэхийг би анзаарч хараагүй" гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 х/,
7. Гэрч Б.Дорлигжавын мөрдөн байцаалтад өгсөн "Манайх тухайн үед буюу 2016 оны 3 дугаар сарын 17, 18-ны үед Тэс сумын 10-р багийн нутаг "Хар-Зуух" нэртэй газар өвөлжөөндөө байсан. Шөнийн 01 цагийн үед Б.Магсар нь хилийн ажилтан Наранбаатар гэдэг залуутай хамт Д.Чойжилсүрэн, Ц.Батзориг гэдэг хоёр бага залууг дагуулчихсан манай гэрт ирсэн. Тэгээд цэргийн баяр болж байна гээд би 0.75 литерийн "Түмний хишиг" нэртэй архи задалж өгсөн. Манайд ирэхдээ Б.Магсар, Наранбаатар хоёр халамцуу байсан. Хамт ирсэн Ц.Батзориг, Д.Чойжилсүрэн хоёр эрүүл байсан. Харин задалсан архийг Наранбаатар, Б.Магсар бид гурав хувааж уусан. Тэд манайхаас 02 цаг 50 минутын үед явсан. Гэрээс гарахдаа манай хүүхдийг сэрээгээд "Хүргээд өгөөч" гэж хэлээд дагуулаад явсан. Манайд байхдаа Б.Магсар дагуулж явсан хоёр залууг босгож дуулуулаад байсан. Тэгээд гэрээс гарч яваад өглөө болж байтал Б.Магсарыг хүү Д.Батзориг дагуулчихсан О.Баттогтохтой хамт ирсэн. Б.Магсар нилээн согтуу, манай хүү Д.Батзориг эрүүл байсан. Юу болсон талаар асуухад О.Баттогтох "Наад Б.Магсар чинь хүүхдүүдтэй маргалдаад, зодолдоод ийм болчихлоо. Оёдол тавиулмаар байна" гэхээр нь би багийн төврүү утсаар ярьж асуухад "Оёдол тавьж болно" гэхээр нь Б.Магсарыг сумын төврүү биш багийн төврүү авч явсан. Тухайн үед би Б.Магсарын нүдийг нь нээж үзээгүй нүдээ аньчихсан байсан. Хацар нь язарчихсан, баруун нүд нь цохиулсан байсан. Би тухайн үед нүдийг нь тийм сүртэй гэмтсэн гэж мэдээгүй. Хацарт нь оёдол тавиулах хэрэгтэй юм байна гэж бодоод багийн эмнэлэгт хүргэж өгсөн. Гэтэл багийн эмч Одон, Булган нар цэвэрлэгээ хийж өгөөд "Ер нь сум юмуу аймаг бараадсан нь дээр" гэж хэлсэн тул тэндээс сумын төврүү явсан. Сумын төвд ирээд Янжаа эмчид үзүүлэхэд "Аймгийн төв оруулж эмнэлэгт үзүүл" гэж хэлсэн тул аймгийн төв оруулж эмнэлэгт хүргэсэн. Зодооноос болж миний хүү Д.Батзоригийн хамар муруйсан байсан. Д.Батзориг хэлэхдээ "Б.Магсар намайг эхлээд цохичихлоо" гэсэн. О.Баттогтох хэлэхдээ "Эхлээд Д.Батзориг цохиулсан" гэж байсан. Мөн Б.Магсарыг "Чамаас болсон. Чи дандаа хүнд гай болж байдаг, моринд өшиглүүлсэн гэж хэлээрэй" гэж загнаж байсан. Б.Магсар 2016 оны 03 дугаар сарын 19-нд хагалгаанд орж, нүдээ авахуулсан. Тэр үед нь би хамт байсан. Зүгээр гэртээ унтаж байсан хүүхдийг сэрээж "Хүргэж өг" гэж хэлээд дагуулж явчихаад өөрөө түрүүлж цохиод ийм зүйл болсонд гомдолтой байна. Миний хүү Д.Батзориг нь даруухан, үг дуугардаггүй, суурь хүмүүжил сайтай, багаасаа мал маллаж өссөн, хүнтэй өөрөө түрүүлж маргаж асуудал үүсгээд байдаггүй, архи тамхи хэрэглэдэггүй, тусархаг, шударга зан ааштай сайн хүү юм. Эцэг, эхийнхээ өөдөөс янз бүрийн байдлаар сөргөж ярьж байгаагүй" гэх мэдүүлэг /хх-ийн 22-24 х/,
8. Гэрч Б.Наранбаатарын мөрдөн байцаалтад өгсөн: "Би 2016 оны 03 дугаар сарын 17-ны үед 3-р заставын 1-р харуулын байранд үүрэг гүйцэтгэж байсан. Б.Магсарын гэр миний үүрэг гүйцэтгэж байгаа харуулын байрнаас 300 метрийн зайнд байдаг. 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдөр орой 19 цагийн үед мал хотолсон байхад Б.Магсарын гэрт очиход Б.Магсар нь 0.5 литерийн нэг шил архи гаргаж, тэр архийг нь бид хоёр хувааж уусан. Би тэднийд морьтой очсон. Тэр архи дуусаж байтал Ц.Батзориг, Д.Чойжилсүрэн хоёр ирсэн. Бид нар Б.Магсарын гэрээс гарч Б.Дорлигжав гэдэг айлд очсон. Цаг хэд болж байсныг мэдэхгүй байна. Б.Дорлигжавын гэрт үхрийнх нь талаар хэлж ярихаар очсон бөгөөд Б.Дорлигжав гуай бидэнд 0.75 литерийн нэг шил архи задалсныг нь бид нар хувааж уусан. Ц.Батзориг нь хааяа ганц хундага архи уугаад байсан бөгөөд харин Д.Чойжилсүрэн уухгүй байсан. Тэгээд тэднийхээс гарч О.Баттогтохыг гэрт очихоор болоход Б.Магсар Б.Дорлигжавын залуу Д.Батзоригийг дагуулж, Ц.Батзориг, Д.Чойжилсүрэн, Д.Батзориг, Б.Магсар бид 5 О.Баттогтохын гэрт очсон. О.Баттогтохынд очиход нэг шил 0.5 литерийн архи задалж өгсөнийг уугаад дээр нь Болор нэртэй архи тал шилийг гаргаж өгснийг нь мөн уусан. Маргаан юунаас болсоныг би сайн мэдэхгүй байна. Тэдний гэрээс гараад буцаж орох гэтэл тэд нар гэрийн гадна гараад ирчихсэн Б.Магсар, Д.Батзориг нар зууралдаад ноцолдож байсныг тэнд байсан хүмүүс салгасан. О.Баттогтох нь Б.Магсарлуу уурлаж "Чи манай хотонд ирэхээрээ дандаа асуудал гаргадаг" гэж хэлж байсан. Тухайн үед Д.Батзориг Б.Магсарыг яаж зодсоныг би хараагүй. Б.Магсарын баруун хацар нь язарчихсан цус гарчихсан байсан. Тэгээд Д.Батзориг, О.Баттогтох хоёр Б.Магсарыг аваад явсан. Би маргааш нь харуулын байранд үүрэг гүйцэтгэх ёстой учраас шууд ажлын байрлуугаа явсан. О.Баттогтох, Б.Магсар, Б.Дорлигжав гэх айлууд хилийн бүс орчимд ойрхон нутаглаж, өвөлждөг айлууд юм.Тэр утгаар нь ерөнхийд нь танина. Тухайн үед Д.Батзоригийн хамраас цус гарчихсан байсан" гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 х/,
9. Гэрч Б.Одонгийн мөрдөн байцаалтад өгсөн: ",,,Б.Магсар ахыг 10-р багийн харьяат О.Баттогтох, Б.Дорлигжав хоёр авч ирсэн. Тэгээд бага эмч Н.Булган бид хоёр үзлэг хийхэд баруун хацар нь язарсан, баруун нүд нь нээгдэхгүй байсан ба хацар нь хаван хавдартай, нүдний гадна салстыг нээж үзэхэд шингэн бор зүйл алимнаас гоожиж, гарсан байдалтай, мах унжсан, нүдний доторх хүүхэн хараа улааж /цус буучихсан гэмээр/ гэмтсэн байсан. Нүдний гадна арьс хөхөрсөн зүйл байгаагүй. Тэд багийн төвд өдрийн 12 цаг өнгөрч байх үед ирсэн. Урд өдөр нь архи уусан байдалтай архи үнэртэж байсан. Юу болсон талаар асуухад Б.Магсарыг авч ирсэн хоёр хүн болон өвчтөн Б.Магсар нар юу ч хэлэхгүй байсан. Харин нүдний аяган дотроос цус нилээн гарсан байсан. Тэгээд Н.Булган эмч бид хоёр үзлэг хийж дуусаад өвчин намдаах эм тариа хийж эмнэлэгийн анхны тусламж үйлчилгээг үзүүлээд "Сумын төв юм уу аймгийн эмнэлэгт яаралтай хандах нь зүйтэй" гэж хэлээд явуулсан. Хацрын язарсан шархандаа оёдол тавиулаагүй. Биеийн байдлын хувьд толгой, нүд нь өвдөж байнгын зовиуртай байсан. Түүнээс өөр бусад газарт ямар нэгэн байдлаар гэмтэл учраагүй байсан. Б.Магсарт учирсан нүдний гэмтлийг багийн төвд эмчлэх боломжгүй учир түүнийг явуулсан" гэх мэдүүлэг хх-ийн 27-28 х/,
10. Гэрч Н.Булганы мөрдөн байцаалтад өгсөн: "Миний бие Увс аймгийн Тэс сумын "Таван-Улиас" бригадын төвд бага эмчээр ажиллдаг. 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 12 цаг өнгөрч байтал 10-р багийн харьяат Б.Дорлигжав, О.Баттогтох нар Б.Магсарыг авч ирсэн. Тэгээд Б.Одон эмч бид хоёр шархыг нь цэвэрлэж өгсөн. Баруун нүдрүү нь хүн өшиглөсөн гэсэн. Үзлэгээр нүдний алимнаас нь шингэн зүйл гоожиж байсан. Цустай мах нь унжсан, баруун хацар нь гол хэсгээрээ зүсэгдсэн, битүү хавдартай, нүд нь бүлцийж юм харахгүй байсан. Нүд нь гараар сөхөгдөж байсан ба хүнд гэмтэл авсан нь тодорхой байсан учир "Аймаг болон сумын төв орж нарийн мэргэжлийн эмч нарт үзүүлэх шаардлагатай" гэж хэлээд өвчин намдаах эмчилгээ хийгээд яаралтай явуулсан. Юу болсон, хэнээр цохиулсан талаар нь асуухад юу ч хэлэхгүй ёолоод байсан. Харин сүүлд Б.Магсарыг авч ирсэн Б.Дорлигжавын хүүхэд цохисон гэж сонссон. Өвчтөн Б.Магсараас бага зэрэг архины эхүүн үнэр үнэртэж байсан. Урьд өдөр нь архи уусан байх" гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 х/,
11. Гэрч Л.Янжиндуламын мөрдөн байцаалтад өгсөн: "2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 15 цагийн үед 10-р багийн харьяат Б.Дорлигжав нь тус багийн харьяат Б.Магсарыг авч ирж үзүүлсэн. Тухайн үед Б.Магсарын шархыг цэвэрлэж өвчин намдаах эмчилгээ хийж, өвчний карт нээж, шарханд боолт хийж явуулсан. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэмээр үнэр гарч байсан. Хэнд цохиулсан, юу болсон талаар нь асуухад "Б.Дорлигжавын залуу Д.Батзориг өшиглөсөн" гэж хэлсэн. Б.Магсарын баруун нүд нь гэмтсэн байсан ба баруун хацар нь бага зэрэг нүдний доод орчимдоо шалбарсан байсан. Нүдийг нь сөхөж үзэхэд эвэрлэг бүрхүүл нь хуурч гэмтсэн, нүдний алимнаас шингэн гарч байсан. Эвэрлэг бүрхүүл нь энгийн нүдээр харахад нөжирсөн цус шиг харагддаг ба Б.Магсарынх ховхорсон байсан. Тэгээд "Нүд чинь харж байна уу" гэхэд "Юу ч харахгүй, гэрэл мэдрэхгүй" байна гэж хэлсэн. Нэгэнт нүдэнд гэмтэл учирсан нь тодорхой байсан учир шууд аймгийн эмнэлэгрүү явуулсан. Тийм төрлийн гэмтэлийг суманд эмчлэх боломжгүй, мөн нарийн мэргэжлийн эмчийн үзлэгийн тусламж үйлчилгээ шаарлагатай учир зохих журмын дагуу дараагийн шатлалд шилжүүлж аймаг явуулсан" гэх мэдүүлэг /хх-ийн 31 х/,
12. Гэрч Б.Мөнхсоёлын мөрдөн байцаалтад өгсөн: "2016 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Увс аймгийн нэгдсэн эмнэлэгт Тэс сумаас нүдэндээ гэмтэл авсан иргэн ирсэн байна гэсэн дуудлагаар ирж үзлэг хийж, маргааш нь буюу 3 дугаар сарын 19-нд Алтантуяа эмч бид хоёр хагалгаанд орсон. Өвчтөний гэмтэл нь нүдний алим хагарсан, дотор агуулагдахуун гоожсон, урагдалт ихтэй гэмтэл авсан байсан. Яаралтай хагалгаанд орж Б.Магсарын нүдийг авахаас өөр арга байгаагүй. Өвдөлт их өгсөн, халуурсан, улмаар нөгөө нүдэндээ нөлөөлж өрөвсөх магадлалтай байсан тул хагалгаа хийсэн. Хагалгаанд орж нүдний алимыг цэвэрлэхэд нүдний болор нь байгаагүй. Нүдний аяганы доторх эдүүд холилдсон байсан. Нүдний гэмтлийн талаар асуухад бусдад өшиглүүлсэн гэсэн мэдээлэл өгсөн. Харин хэн гэдэг хүн зодсон, түүний олж тогтоох нь бидний үүрэг биш юм. Зөвхөн өвчтөнд эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх үүрэгтэй. Б.Магсар зайлшгүй дахин хагалгаанд орж нүдний алиманд шаариг суулгах протец хийлгэх шаардлагатай. Манай аймагт энэ төрлийн эмчилгээ хийгддэг боловч тухайн үед материал дутуу учир хийгдэх боломж байгаагүй. Гэхдээ бусад эмчилгээ бүрэн хийгдсэн. Ер нь бол өвчтөн эрхтнээсээ салж, нэг нүд нь бүрэн хараагүй болсон. Энэ нь ямар нэгэн өөрөөр хэлбэл мэс заслын болон бусад аргаар хараа орох ямар ч боломжгүй юм. Гоо зүйн талаасаа хиймэл нүд суулгах боломжтой. Түүний хараа алдалтын талаар Шүүхийн шинжилгээний мэргэжлийн байгууллагын шинжээч эмч тогтоох зүйл юм. Харин манайх хөдөлмөрийн чадвар алдалтыг 50 хувиар буюу Хөдөлмөрийн чадвар алдагдалтын тухай заавар журмын 5.1 дэх заалтаар тогтоосон" гэх мэдүүлэг /хх-ийн 41 х/,
13. Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн ?143 дугаартай шинжээч эмчийн: "Үзүүлэгч Б.Магсарын биед гэмтэл учирсан байна. Баруун нүдний алимны нэвт гэмтэл, баруун нүдний алимны дотор хэсгийг авах мэс заслын дараах байдал, хамар ясны хугарал, муруйлт, баруун хацарт шарх, дух, хамрын нуруунд зулгаралт, баруун нүдний дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан байна. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тогтоолд заасан болсон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.7.31.1-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрх гэмтэл нь эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт удаан хугацаагаар нөлөөлнө" гэх дүгнэлт /хх-ийн 45 х/,
14. Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн ?144 дугаартай шинжээч эмчийн: "Үзүүлэгч Д.Батзоригийн биед гэмтэл учирсан байна. Хамрын ясны хугарал, муруйлт гэмтэл учирсан байна. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь тогтоолд заасан болсон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрх гэмтэл нь эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт тодорхой хугацаанд нөлөөлнө" гэх дүгнэлт /хх-ийн 51 х/,
15. Шүүгдэгч Б.Магсарын өвчний түүх /хх-ийн 57-64 х/,
16. Монгол Улсын Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн ?581 дугаартай шинжээч эмч нарын: "Увс аймгийн ШША-ны шинжээч эмч Н.Одбаярын гаргасан ?143 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. Б.Магсарын биед баруун нүдний алимны нэвт гэмтэл, баруун нүдний алимны дотор хэсгийн авах мэс заслын дараах байдал, хамар яс, баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, таславчийн муруйлт, баруун хацрын шарх, дух, хамрын нуруунд зулгаралт, баруун нүдний дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтэлүүд байна. Дээрх баруун нүдний алимны нэвт гэмтэл, баруун нүдний алим авагдсан, баруун нүдний хараагүй гэмтэл нь цаашид эмчилгээ хийгдсэн ч нүдний хараа сэргэхгүй болно. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.7.31.1-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг 65 хувиар тогтонги алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна" гэх дүгнэлт /хх-ийн 73-74 х/,
17. Увс аймгийн Тэс сумын Булгийн Өндөр багийн засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр гаргасан 40 тоот Тодорхойлолт, Д.Батзоригийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 129, 132 х/,
18. Увс аймгийн Тэс сумын Булгийн Өндөр багийн засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр гаргасан 41 тоот Тодорхойлолт, Б.Магсарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 137, 138 х/,
19. Шүүгдэгч Б.Магсарын эмчилгээ хийлгэх явцад гарсан зардал, хохирлын тооцоо, баримтууд /хх-ийн 160-192 х/,
20. Шүүгдэгч Д.Батзоригийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: "Би 2016 оны 03 дугаар сарын 17-ны орой гэртээ амарч байтал манай гэрт гаднаас 4 хүн орж ирсэн. Аав маань цэргийн баяр болж байна гээд тэдэнд архи задалж өгсөн ба намайг Б.Магсар "Гэрт хүргэж өг" гэж хэлсэн. Тэгээд би түүнийг дагуулж гэрлүү нь явах гэсэн боловч замдаа О.Баттогтох гэдэг айлын гэрт очиж архи задлуулж ууж байгаад бид хоорондоо маргалдаж Б.Магсарын нүдэнд гэмтэл учруулсандаа гэмшиж байна. Намайг Б.Магсар эхэлж цохиж миний хамранд гэмтэл учруулсан. Би Б.Магсарт 3.050.000 төгрөгийн хохирол төлж барагдуулсан бөгөөд Б.Магсар надад 40.000 төгрөг өгсөн. Гэхдээ гэртээ унтаж байгаад хэрэгт холбогдсондоо гомдолтой байна" гэх мэдүүлэг,
21. Шүүгдэгч Б.Магсарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: "2016 оны 03 дугаар сарын 17-ны орой гэрээс гарч Б.Дорлигжавын гэрт очоод 1 шил архи уусан. Б.Дорлигжавын гэрт ороход түүний хүү Д.Батзориг унтаж байсныг сэрээж "Намайг хүргэж өг" гэж хэлсэн гэж худал хэлж байна. Түүний 2 найз нь ирж түүнийг сэрээж бид нар хамтдаа О.Баттогтохын гэрт очиж архи ууж байхдаа Ц.Батзориг бид хоёрын дунд маргаан болсон боловч удалгүй маргаан намдсан. Тэгээд бид гадна гарч тамхи татсан бөгөөд би тамхи татаад доошоо хараад сууж байтал гэнэт Д.Батзориг миний нүдрүү өшиглөсөн. Миний нүдрүү өшиглөхөөс өмнө түүнтэй маргасан бөгөөд намайг Д.Батзориг цохих үед би биеэ хамгаалах гэж түүнийг цохиж хөнгөн гэмтэл учруулсан байх. Гэрт унтаж амарсан хүнийг авч явсан гэж хэлдэг. Надад тийм зүйл байхгүй. Энэ айлд ирээд буцаад явна гэж байсан. Батзоригийн хоёр найз түүнийг сэрээж хамт явсан. Тэнд очоод архи уугаагүй гэж хэлдэг. Адилхан архи ууж байсан. Намайг баасаар цохисон гэдэг. Би тийм үйлдэл гаргаагүй. Мотоцикль дээгүүр давж миний хөл савж ирээд өшиглөсөн гэж хэлдэг. Би сууж байтал миний хажууд хүн байхад өшиглөсөн. Мотоцикль түлхэж унгаагаад татаж босгож байтал миний хөл очиж өшиглөсөн болохоос би өшиглөөгүй, зодоогүй гэж хэлдэг. Намайг хотоос ирэхэд Д.Батзориг "Би таны хохирлыг арилгаж өгнө. Арай хэцүү юм боллоо, би танд зовж байна" гэж хэлж байсан. Уржигдар Д.Батзориг утсаар "Хохирол одоо дуусаж байгаа юу" гэж хэлсэн. Тантай уулзана гэж хэлдэг боловч уулзсан удаа байхгүй. Хэн юу гэж ярьж өгөөд байгааг ойлгож мэдэхгүй байна. Би 34 настай залуугаараа байна. Амьдарлыг нэг нүдээрээ хардаг болсон. Цаашид нэг нүд ямар зовиуртай байгааг мэдэхгүй. Нүд байнга нуух гойжиж байдаг. Баруун нүд цус, нуух гарч байнга арчиж цэвэрлэж байдаг. Жил бүр ирж үзүүл, эмчийн хяналтад байх шаардлагатай, 2 жил тутам шаариг солиулах ёстой гэдэг. Хүн харахад хүний нүдтэй адил бор өнгийн зүйлийг наасан байгаа. Мэдэхгүй хүн харахад сайхан нүдтэй, нүдний шил зүүсэн хүн байгаа. Хүний нэг нүдийг авсан байхад ямар харагдах вэ? Надад гомдол их байна. Эцэг эхээс бүрэн бүтэн эрхтэн заяасан боловч зуурдаар хүний залуугаар ийм болгуулаад цаашид амьдрахад үнэн хэцүү байна. Д.Батзоригийн өмгөөлөгчид Б.Магсар эхэлж зодоон хийж хэрэг гарсан гэж хэлж байна. Д.Батзориг гэрлэхэд саад болж байна гэдэг. Би 4 хүүхэдтэй өрх толгойлж амьдрал авч явж байна. Надад ямар асуудал байгааг биеэр үзээгүй хүн мэдэхгүй байх. Байр түрээслэсэн, машинаар үйлчлүүлсэн гэдгийг үгүйсгэж байна. Хотод миний хүргэн дүү байдаг бөгөөд хотод очоод 103 хоносон. Намайг эмчилгээнд очиход миний дүү надтай хамт байр хөлсөлж намайг асарсан. Энэ байранд 2 сар болоод ирсэн. Тэгтэл Дорлигжав гэдэг хүн хүргэнийхээ гэрт байж байгаад ирсэн, байр хөлсөлсөн гэж худал хэлж байна гэж хэлдэг. Энэ хүн намайг хотод байхад очиж үзэж харсан юм уу. Нотлох баримт гаргасан юм уу?. Машины үйлчилгээ үзүүлсэн гэж хэлдэг. Би газар мэдэхгүй хүн байнга такси барьж яаж явах вэ? Тодорхойлолт гаргасан хүнтэй гэрээ байгуулж эмнэлэгт өөрөө хүнээр хөтлүүлж очдог байсан. Одоо замаа алдаг оног хараад явж байна. Шатаар буухдаа бууж чаддаггүй, хөл энэ тэнд гишгэж алдагдаж байсан тул унааны туслалцаа авч явж байсан. Миний дүү намайг авахаар 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатараас ирэхдээ орон сууц хөлслөх гэрээ байгуулсан байсан. Би дүүгээрээ асруулж Улаанбаатар хотод эмчлүүлсэн. Д.Батзоригт "Чи миний хохирол барагдуулчих, чамаас их мөнгө нэхэмжлэхгүй" гэж хэлсэн. Д.Батзориг "Тэгнэ та надад гомдолгүй хэлж өг" гэж байсан. Манай аав, ээж хоёр Дорлигжавыг уучлалт гуйгаагүй, биднийг үл тоосон үйлдэл гаргаж байна гэж ойлгож байгаа. Хэрэг гарснаас хойш манай аавтай очиж уулзаагүй. Намайг хотруу явахад утсаар огт залгаагүй, хүнийг хүндэлдэг сэтгэл огт байхгүй. Д.Батзориг надад өнөөдрийн байдлаар нийт 3.050.000 төгрөгний хохирлыг төлж барагдуулсан. Би Д.Батзоригийн нэхэмжилсэн эмчилгээний зардал 40.000 төгрөгийг төлж өгсөн. Би Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна" гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтууд болно.
Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл: Шүүгдэгч Б.Магсар, Д.Батзориг нар согтуугаар 2016 оны 03 дугаар сарын 18-ны өглөө Увс аймгийн Тэс сумын 10 дугаар багийн нутагт оршин суух иргэн О.Баттогтохын гэрийн гадна хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар харилцан зодолдож, Д.Батзоригийн бие махбодид хөнгөн гэмтэл, Б.Магсарын бие махбодид хүнд гэмтэл учирсан болох нь хохирогч Ц.Батзориг, Б.Магсар, гэрч Ц.Батзориг, О.Баттогтох, Д.Чойжилсүрэн, Б.Наранбаатар нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн ?143, 144 дугаартай шинжээч эмчийн дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон байна.
Шүүгдэгч Б.Магсар нь хохирогч Д.Батзоригийн бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан, шүүгдэгч Д.Батзориг нь хохирогч Б.Магсарын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан дээрхи нотлогдож тогтоогдсон , мөрдөн байцаалт болон прокурорын хяналтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн ноцтой зөрчил гараагүй, хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Д.Батзоригт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д заасан гэмт хэрэг, шүүгдэгч Б.Магсарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Д.Батзоригийн үйлдлийн улмаас хохирогч Б.Магсарт биед баруун нүдний алимны нэвт гэмтэл буюу баруун нүд хараагүй болсон, хамар яс, баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, таславчийн муруйлт гэмтлүүд учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд хохирогч Б.Магсар нь дээрхи гэмтлийн улмаас УБ хот уруу оношлогоо, шинжилгээ, эмчилгээнд явсан, цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байх тул нэхэмжилсэн хохирлыг хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн дараах байдлаар шийдвэрлэх нь зүйтэй байна. Үүнд:
1.Эмнэлгийн зардал /үзлэг, оношлогоо , шинжилгээ, эмчилгээ, ор хоног/
Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн ор хоногийн төлбөр, Улаанбаатар хотод 2 удаа шинжилгээ хийлгэсний төлбөр, хиймэл нүд суулгах мэс заслын төлбөр зэрэгт нийтдээ 1.262.200 төгрөгийн зардал баримтаар тогтоогдож байна.
2.Эм, тариа, тарилгын хэрэгслийн, хиймэл нүд авах зэрэг зардалд нийт 358.420 төгрөг зарцуулсан нь тогтоогдсон байна.
3.Тээврийн зардалд нийт 995.700 төгрөг гаргуулах үндэслэлтэй. Үүнд Увс аймгаас 2016 оны 03 дугаар сарын 24-нд дүү Б.Батбаярын хамт онгоцоор ниссэн зардал, 2016 оны 05 дугаарын сарын 19-нд өөрөө буцаж ирсэн зардал, эхнэр, хүүхдүүд нь Тэс сумаас ирж уулзахад гарсан зардал орсон болно. Б.Магсарыг Улаанбаатар хотод байх хугацаанд машинаар үйлчилгээ үзүүлсний хөлс болон бусад зардалд 500.000 төгрөг авсан гэх Д.Нямжаргалын тодорхойлолт нь бусад нотлох баримтаар нотлогдоогүй, хэдий хугацаанд ямар үйлчилгээ үзүүлсэн болон бусад зардалд гэдэгт юуг тооцсон нь тодорхойгүй байгаа тул гаргуулах боломжгүй.
4. Бусад зардал
Хохирогч Б.Магсар нь 2016 оны 03 дугаар сарын 24-өөс 2016 оны 05 дугаар сарын 19-ний хооронд Улаанбаатар хотод байж эмчилгээ, оношилгоонд хамрагдсан байна. Энэ хугацаанд байр түрээслэн амьдарсан болох нь "Орон сууц түрээслэх гэрээ" /хх-ийн 175-р тал/-ээр нотлогдож байна. Мөн гэрээний 4.5-д зааснаар цахилгааны төлбөрийг 2 удаа төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа тул эдгээр зардалд 1.156.656 төгрөг гаргуулах үндэслэлтэй байна. Харин Магсар нь хохирогч болон шүүгдэгчийн хувьд өмгөөлөгч авсан байх бөгөөд өмгөөлөгчийн хөлсөнд 700.000 төгрөг төлсөн нь өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалуулах зорилгоор өөрийн хүсэлтээрээ өмгөөлөгч авсан тул түүнтэй холбоотой гарсан зардлыг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлгүй юм.
Нийтдээ энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Магсарт 3.772.976 төгрөгийн шууд хохирол учирснаас 3.050.000 төгрөгийг шүүгдэгч Д.Батзориг төлж барагдуулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтууд болон шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр нотлогдож байна.
Хохирогч Б.Магсар нь 5.799.526 төгрөг нэхэмжилснээс 3.772.976 төгрөгийн шууд хохирол учирсан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байгаагаас 3.050.000 төгрөгийг шүүгдэгч Д.Батзориг төлж барагдуулсан байх ба одоо төлбөл зохих 722.976 төгрөгийг шүүгдэгч Д.Батзоригоос гаргуулж хохирогч Б.Магсарт олгох үндэслэлтэй байна.. Харин нэхэмжлэлээс үлдэх 2.026.650 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.Магсар нь хохирогч Д.Батзоригт учирсан гэм хорын хохирлыг төлж барагдуулсан болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр нотлогдож байх тул шүүгдэгч Б.Магсараас гаргуулах хохирол төлбөргүй гэж үзнэ.
Шүүгдэгч Б.Магсарт оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд тэрээр согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсон болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Д.Батзоригийн хувийн байдал, хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг тус тус харгалзан хорих ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар эрэгтэйчүүдийн жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх боломжтой гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.Магсарт өмнө авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэж, шүүгдэгч Д.Батзоригт хорих ял оногдуулсан тул урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорихоор шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.Батзориг, Б.Магсар нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 284 дүгээр зүйлийн 284.1, 286 дугаар зүйлийн 286.1, 294 дүгээр зүйлийн 294.2, 295, 296, 297 дугаар зїйлийн 297.1-5дахь хэсэг, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Булгадар овгийн Баянбилэгийн Магсарыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан, Борлууд овгийн Дорлигжавын Батзоригийг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар шүүгдэгч Б.Магсарт хөдөлмөрийн хєлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 960.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Д.Батзоригт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар 5 жил 5 хоног хорих ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-д заасныг баримтлан мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Д.Батзоригт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр тогтоосугай.
4. Шүүгдэгч Б.Магсар, Д.Батзориг нар энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгч Б.Магсараас гаргуулах хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3-д зааснаар шүүгдэгч Б.Магсар нь торгох ял эдлэхээс санаатайгаар зайлсхийвэл хорих ялаар сольж болохыг дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Д.Батзоригоос 722.976 төгрөг гаргуулж хохирогч Б.Магсарт олгож, нэхэмжлэлээс үлдэх 2.026.550 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хохирогч Б.Магсар нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дїгээр зүйлийн 134.1-д зааснаар шүүгдэгч Д.Батзоригийн дундын эзэмшлийн УАЗ-31512 маркийн 11-22 УВА улсын дугаартай автомашин битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуустал хэвээр үлдээсүгэй.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 65 дугаар зїйлийн 65.1, 70 дугаар зүйлийн 70.1-д зааснаар шүүгдэгч Б.Магсарт өмнө авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэж, шүүгдэгч Д.Батзоригт өмнө авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зїйлийн 303.1, 304 дүгээр зүлийн 304.1-д зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРЄНХИЙ ШЇЇГЧ Л.АЛТАН
ШЇЇГЧИД Т. БАЙГОНАК
Э.ДУЛМАА