Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2016/0067

 

"Б Э Б Э" ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.З, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, гуравдагч этгээдийн төлөөлөгч А.З, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 681 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор "Б Э Б Э" ХХК-ийн нэхэмжлэлтэй, Батлан хамгаалах яамны Тендерийн үнэлгээний хороонд холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Батлан хамгаалах яамны Тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгуулж, дахин зарлахыг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартааТус яамнаас Батлан хамгаалах салбар Энхийг дэмжих ажиллагааны 2015 оны хэрэгцээт бараа материал нийлүүлэх ЗХХС-2015-02 дугаартай тендерийн зарласан бөгөөд энэхүү ажиллагааг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хүрээнд зохион байгуулж ажилласан.

... Сангийн яам "Б Э Б Э" ХХК-ийн гаргасан гомдлыг хянан үзээд 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 6/3362 дугаар албан бичгээр Батлан хамгаалах яамны үнэлгээний хорооны шийдвэр үндэслэлгүй байх тул дахин үнэлгээ хийх нь зүйтэй байна гэсэн хариуг ирүүлсний дагуу Үнэлгээний хороо яаралтай хуралдаж, хуралдаанаас гаргасан шийдвэрийг "Б Э Б Э" ХХК-д хүргүүлсэн.

Учир нь Энхийг сахиулах ажиллагааны Афганистан улсад үүрэг гүйцэтгэх 120 цэргийн албан хаагчдын /биеийн тамирын хэрэглэл/ хүн нэг бүрийн ачаа тээшийг 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдөр тээшинд өгч, 2015 оны 06 дугаар сарын 13-ны өдөр цэргийн бүрэлдэхүүн замд гарах байсан тул манай байгууллагад хугацаа бага байсан мөн Сангийн яамны хариу ирүүлэх Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55.2-т заасан 14 хоногийн хугацаа хэтэрсэн /3 хоног/ зэрэг хүчин зүйлүүд нөлөөлж байсан.

Үнэлгээний хорооны хуралд 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн хуралд нийт 7 гишүүдийн 6 гишүүн нь оролцсон. Үнэлгээний хорооны хуралд оролцсон 6 гишүүн 100 хувийн саналтайгаар "Б Э Б Э" ХХК-ийн тендерээс татгалзах шийдвэр гаргасан. Батлан хамгаалах яамыг төлөөлж яамны Төрийн нарийн бичгийн даргын тус гэрээнд гарын үсэг зурсан хугацаа 2015 оны 06 дугаар сарын 09-ний өдөр бөгөөд Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга 2015 оны 06 дугаар сарын 09-ний өдөр гарын үсэг зурсан нь гэрээний хугацаа эхэлсэн буюу хүчин төгөлдөр болсон гэж үзэх үндэстэй байна.

Энхийг дэмжих ажиллагааны 2015 оны хэрэгцээт бараа, материал нийлүүлэх ЗХХС-2015-02 дугаартай тендерийн бичиг баримтын тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 18.4-т дотоодын давуу эрх тооцох буюу хуулийн 10.2, 28.7.2-т дотоодын давуу эрх олгохоор тендерийн бичиг баримтад заасан бол бараанд 10 хувь бууруулан харьцуулах үнэд тооцох тухай заасан байдаг тул "Б Аз" ХХК-ий ирүүлсэн үнийн санал харьцуулах бага үнэтэй тендер байсан.

Мөн "Б Э Б Э" ХХК-ий ирүүлсэн тендерийн материалд тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 11.1-д заасан тендерийн хэл нь Монгол хэл дээр байна гэдэг заалтын дагуу Хятад хэл дээрх бичгийг орчуулан ирүүлээгүй, тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 18.1(а)-д үйлдвэрлэгчийн зөвшөөрөл ирүүлнэ гэж заасан байтал тендерийн бичиг баримтад заасны дагуу ирүүлээгүй байсан зэргийг үнэлгээний хорооны гишүүд хэлэлцэж татгалзсан. Иймд дээрх нөхцөл байдлыг үнэлж тендерийн үнэлгээний хороо зохих шийдвэр гаргасан гэж үзэж байгаа тул нэхэмжлэгч "Б Э Б Э" ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд "Б-А" ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Манай байгууллага нь Батлан Хамгаалах Яамнаас зарласан Энхийг дэмжих ажиллагааны хувцас, хэрэглэл нийлүүлэх ЗХХС-2015-02 дугаартай тендерийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт оролцсон. Уг тендерт бараа бүтээгдэхүүнээ дотоодод үйлдвэрлэн нийлүүлэх тухайгаа тендерийн бичиг баримтад хавсаргасан нь бусад тендерт оролцож буй компаниудын хувьд дотоодын давуу эрх тооцуулан 28 дугаар зүйлийн 28.7.3, 28.7.4-д үндэслэн тендерт шалгарсан болно. Ийнхүү тухайн байгууллагатай гэрээ хэлэлцээрээ хийн бараа, бүтээгдэхүүнээ нийлүүлэн одоогийн байдлаар уг гэрээ дуусгавар болсон.

Тухайн "Б Э Б Э" компани Батлан хамгаалах яамны Тендерийн үнэлгээний хороонд тендерийн материалаа бүрэн гүйцэт бүрдүүлж өгөөгүйгээс үүссэн нэхэмжлэх нь манай байгууллагатай ямар ч хамааралгүй гэж үзэж байна. Иймд манай байгууллага дээрх нэхэмжлэлийн шаардлагад гуравдагч этгээдээр оролцох үндэслэлгүй болно гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 681 дүгээр шийдвэрээр: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 28 дугаар зүйлийн 28.3 дахь хэсэгт заасныг баримтлан Батлан хамгаалах яамны Тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгуулж, дахин зарлахыг даалгуулах тухай "Б Э Б Э" ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б давж заалдах гомдолдоо: Манай компани нь Батлан хамгаалах яамнаас зарласан Энхийг дэмжих ажиллагааны хувцас хэрэглэл нийлүүлэх ЗХХС-2015-02 дугаартай тендерийн гүйцэтгэгч сонгон шалгаруулах тендерт оролцсон. Гэтэл тендерийн үнэлгээний хорооны 2015 оны 05 дугаар сарын 12 ны өдрийн хуралдааны шийдвэр, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйл, захиалагчийн тендерийн баримт бичгийн 7.3, 13.1, 18, 21, 31 дүгээр зүйлүүдийн дагуу тендерийг хянан үзэхэд 2012 оны санхүүгийн тайлан алдагдалтай ажилласан, үнийн хуваарь шаардлагад нийцээгүй гэсэн үндэслэлээр танай тендерээс татгалзсан болохыг үүгээр мэдэгдэж байна гэсэн хариуг өгсөн.

Бид энэ хариуг хүлээн аваад 2015 оны 05 дугаар сарын 18 ны өдрийн 132 дугаар албан бичгээр гомдол гаргахад Сангийн яам 2015 оны 06 дугаар сарын 03 ны өдрийн 6/3362 дугаар албан бичгээр Танай байгууллагаас зарласан Энхийг дэмжих ажиллагааны хувцас хэрэглэл нийлүүлэх ЗХХС-2015-02 дугаартай гүйцэтгэгч сонгон шалгаруулах тендерийн 5 дугаар багцад оролцогч "Б Э Б Э" ХХК-аас гаргасан гомдлыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т заасны дагуу хянан үзэхэд захиалагчийн зүгээс 2012 оны санхүүгийн тайлан алдагдалтай ажилласан, үнийн хуваарь шаардлагад нийцээгүй гэж тус тендерт оролцсон "Б Э Б Э" ХХК-ийн ирүүлсэн тендерээс татгалзсан нь үндэслэлгүй байна. Иймд тендер шалгаруулалтын үнэлгээг хууль, журамд нийцүүлэн хийх нь зүйтэй байна гэсэн хариуг өгсөн.

Гэтэл Батлан хамгаалах яамны үнэлгээний хорооны 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн хуралдааны шийдвэр болон төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн захиалагчийн ЗХХС-2015-02 дугаар бүхий Энхийг дэмжих ажиллагааны хувцас хэрэглэл худалдан авах тендерийн 7.3, 13.1, 18, 21, 31 дүгээр зүйлүүд, Сангийн яамны 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 6/3362 дугаар албан бичгийн дагуу хянан үзээд 5 дугаар багцад дахин үнэлгээ хийсэн болгож баримт бүрдүүлэн, танай байгууллагын ирүүлсэн тендерийг хянан үзээд үнийн хуваарьт санал болгосон барааг импортоор оруулж ирнэ гэсэн байгаа нь давуу эрхийн хөнгөлөлт тооцохгүй, Сангийн сайдын баталсан үнийн хуваарийн хүснэгтийг дутуу бөглөсөн, үйлдвэрлэгчийн зөвшөөрөл монгол хэл дээр ирүүлээгүй буюу ТОӨЗ 18.1 (а) хангаагүй, мөн тендерт шалгарсан "Б-А" ХХК-ийн дотоодын давуу эрх тооцсон үнийн саналтай харьцуулахад өндөр байсан тул татгалзсан гэсэн хариу гарсан боловч бидэнд өгөлгүй дахин дахин шаардуулсны дагуу 2015 оны 06 дугаар сарын 11-ны өдрийн 7/2028 дугаар албан бичгээр хариуг өгсөн.

Манай компанийн хувьд Сангийн яамнаас 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 6/3362 дугаар албан бичгээр тендерийн.үнэлгээг дахин хуульд нийцүүлэн хийх нь зүйтэй гэсэн байхад үнэлгээг дахин хийлгүйгээр 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдрөө "Б-А" ХХК-тай Батлан хамгаалах яамны 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 7/1676 дугаар зөвлөмжийг үндэслэн гэрээ байгуулсан нь хуульд нийцээгүй ноцтой алдаа гэж үзэж байна.

Мөн Батлан хамгаалах яамны Тендерийн үнэлгээний хороо нь "Б-А" ХХК-ийн доорх зөрчлүүдийг мэдсээр байж хамгийн сайн тендерээр шалгаруулсан байна. Үүнд:

1.  "Б-А" ХХК-ийн тендерийн бичиг баримтыг үзэхэд тухайн компанийн гэрчилгээнд гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гэсэн байхад дотоодын үйлдвэрлэгч гэж үзэн давуу эрх олгож үнийн харьцуулалт хийсэн.

2.  Тендерийн бичиг баримт бүрдүүлэхдээ захиргааны хэргийн анхан шатны шүүхийн болон Нийгмийн даатгалын тодорхойлолт ирүүлээгүй, компанийн танилцуулга байхгүй.

3.  ТОӨЗ ны 18.2(в)-д гэрээг гүйцэтгэхэд зайлшгүй шаардлагатай үндсэн тоног төхөөрөмжийн жагсаалт ирүүлээгүй /заавал ирүүлэх шаардлагатай/

4.  ТОӨЗ ны 18.1(г)-д ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын мэдээлэл ирүүлэх 3 жил гэсэн байхад хувийн компанитай хийсэн 2 гэрээ л байгаа бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2, 16.1.3-д зааснаар сүүлийн 5 жилийн хугацаанд гүйцэтгэсэн ижил төстэй ажлын өртөг, хугацаа, байршил, бүрэн гүйцэтгэсэн болохыг өмнөх үйлчлүүлэгчийн тодорхойлолт ирүүлэх шаардлагыг биелүүлээгүй

5. "Б-А" ХХК-ийн өөрийн харилцагч банк болох Төрийн банкнаас хугацаа хэтэрсэн зээл болон зээлийн өртэй эсэх тодорхойлолт аваагүй.

6. Тендерийн бичиг баримтын 19.1 /тендерт оролцогч, түүний нийлүүлэх бараа нь захиалагчийн шаардсан техникийн тодорхойлолт болон стандартад нийцэж буйг нотлох баримтыг тусгайлан бэлтгэж тендерт ирүүлнэ/ гэж заасан байхад бүтээгдэхүүний талаар ямар нэгэн мэргэжлийн байгууллагын лабораторийн дүгнэлт ирүүлээгүй.

7. "Б-А" ХХК нь Монгол Улсын гадна үйлдвэрлэгдсэн импортоор орж ирэх барааны үнийн хуваарийг бөглөж ирүүлэхдээ биеийн тамирын гутал гэж бичээгүй биеийн тамирын хослол гэж санаатай буруу бөглөж ирүүлсэн байхад дотоодын давуу эрх олгосон байна.

8. Тендерийн урилгад заасан Тендерт ирүүлсэн санхүүгийн тайлангийн 3 жилийн борлуулалтын орлогын аль нэг жилийн дүн тендерт санал болгосон үнийн дүнгээс багагүй байна гэсэн заалтыг "Б-А" ХХК хангаж байгаа эсэхийг нь хянаж үзээгүй зэрэг олон зөрчил байсаар байхад шалгаруулсан.

9. Манай компанийг дотоодын үйлдвэрлэгч гэж үзээгүй атлаа ямар үндэслэлээр "Б-А" ХХК-ийг дотоодын үйлдвэрлэгч гэж үзэн давуу эрх олгож байгаа нь тодорхойгүй байхад хамгийн сайн тендер ирүүлсэн гэж үнэлж гэрээ байгуулсан.

Нөгөө талаар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан аваад уншиж үзэхэд шүүх хуралдаан дээр уншиж тайлбарласан шийдвэрээс тэс өөр байдлаар бичигдсэн байна. Учир нь анхан шатны шүүхийн шүүгч тендерийн үнэлгээг дахин хийхдээ хуульд нийцээгүй, дахин үнэлгээг огт хийгээгүй, тендер шалгаруулахдаа хууль болон холбогдох журмыг зөрчсөн нь илт байгаа боловч нэгэнт гэрээ хийгдээд бараа бүтээгдэхүүнээ нийлүүлээд дуусчихсан, үр дагавар нь болоод өнгөрчихсөн байна. Одоо энэ тендерийг хүчингүй болгоод нэгэнт нийлүүлэгдээд, өмсөөд хэрэглээд явж байгаа хувцсыг буцаан авч дахин тендер шалгаруулах боломжгүй тул нэхэмжлэлийг хангах боломжгүй юм гэсэн дүгнэлт хийсэн. Энэ талаараа шийдвэртээ дурдана гэсэн боловч дурдаагүй, нэг талыг баримталсан байна. Манай компанийн зүгээс тухайн тендерийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.3-д заасныг үнэлгээний хороо зөрчсөн байна гэж нэхэмжлэл гаргасан болохоос тендерийн үр дагавар ямар болсон эсэх талаар нэхэмжлэл гаргаагүй байхад шүүх нэхэмжлэлийн хүрээнд бус гүйцэтгэгч байгууллагын бараа бүтээгдэхүүнээ нийлүүлээд дуусгасан, тендерийн үр дагаварт дүгнэлт хийсэн нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дүгнэлт хийлгүйгээр шийдвэр гаргасан гэж үзэж байх тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 681 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч "Б Э Б Э" ХХК-аас Батлан хамгаалах яамны Тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгуулж, дахин зарлахыг даалгуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 6/3362 дугаар албан бичгээр Энхийг дэмжих ажиллагааны хувцас, хэрэглэл худалдан авах тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийхийг мэдэгдсэний дагуу Батлан хамгаалах яамны Тендерийн үнэлгээний хороо 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдөр тендерийн 5 дугаар багцад дахин үнэлгээ хийж, "Б Э Б Э" ХХК-ийн ирүүлсэн тендерээс татгалзаж, "Б-А" ХХК-ийг шалгаруулжээ.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 /Тендерт оролцогчийн техникийн чадавхи, туршлагыг ажил, бараа, үйлчилгээний агуулга, онцлог, тоо хэмжээг харгалзан дараахь үзүүлэлтийн аль нэгийг үндэслэн тогтооно/, 16.2 /Энэ хуулийн 16.1-д заасан баримт бичгээс тухайн тендер шалгаруулалтад ирүүлэх шаардлагатай баримт бичиг, тэдгээрт тавигдах шаардлагыг тендерийн баримт бичигт заана/-д гэсний дагуу захиалагч Батлан хамгаалах яам Энхийг дэмжих ажиллагааны бараа нийлүүлэлтийн тендерийн бичиг баримтыг батлахдаа тендерт оролцогч нь ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын мэдээллийг 3 жилээр, борлуулалтын орлого нь тендерт санал болгосон үнийн дүнгээс багагүй байх, гэрээг гүйцэтгэхэд зайлшгүй шаардлагатай тоног төхөөрөмжийн жагсаалт зэргийг ирүүлэхийг тусгаснаас бус тухайн оролцогч аж ахуйн нэгжийг оёдлын үйлдвэр буюу улсын бүртгэлийн гэрчилгээнд заасан үйл ажиллагааны чиглэлийнхээ дагуу үйл ажиллагаа явуулж байгаа гэх шаардлагыг тухайлан заагаагүй байна.

Гуравдагч этгээд "Б-А" ХХК-ийн хувьд тендерийн бичиг баримтдаа дээрх шаардлагыг хангасан бичиг баримтуудыг, тухайлбал, ажиллах хүчний чадавхи, тоног төхөөрөмжийн байдлыг харуулсан жагсаалт, зураг, урд нь ижил төрлийн ажил гэрээгээр гүйцэтгэсэнтэй холбоотой баримтуудыг хавсарган ирүүлжээ.

Нэхэмжлэгч "Б Э Б Э" ХХК, гуравдагч этгээд "Б-А" ХХК-ийн тендерийн бичиг баримтуудаас үзвэл тендерийн дагуу нийлүүлэх барааны тухайд нэхэмжлэгч бүгдийг нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас импортолж, нийт 174.536.560 төгрөгөөр, гуравдагч этгээдийн тухайд биеийн тамирын хослол, шорт, фудболкыг өөрөө оёж үйлдвэрлэн 168.673.000 төгрөгөөр, гутлыг Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас импортолж, 13.857.200 төгрөгөөр нийлүүлэхээр үнийн санал ирүүлсэн, үүнтэй нь холбогдуулж Тендерийн үнэлгээний хороо Засгийн газрын 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 18 дугаар тогтоолд заасны дагуу "Б-А" ХХК-ийн 168.673.000 төгрөгт давуу эрхийг 10 хувиар хийсвэрээр бууруулан тооцож, уг компанийн тендерийн үнийг 165.662.900 төгрөг гэж үзэн "Б Э Б Э" ХХК-аас бага үнийн санал ирүүлсэн гэж тооцсон нь үндэслэлтэй.

Өөрөөр хэлбэл, "Б-А" ХХК-ийг шалгаруулсан үйл ажиллагаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1 /Монгол Улсын гарал үүсэлтэй бараа нийлүүлэх тендер ирүүлсэн этгээд/, 10.5 /Давуу эрх олгох аргачлал, зааврыг төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална/, 28 дугаар зүйлийн 28.7.3 /бүх тендерийг бага харьцуулах үнэтэйгээс их харьцуулах үнэтэй рүү нь эрэмбэлж хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг сонгоно/, 28.7.4 /хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж үзнэ/-д заасантай нийцсэн байна.

Нэхэмжлэгч "Б Э Б Э" ХХК-ийн тендерийн баримт бичгийн зарим хэсэг Тендерт оролцогчид өгөх зааварчилгааны 11.1-д ... бүх баримт бичиг нь Монгол хэл дээр байна гэж заасныг зөрчсөнөөс гадна тухайн компаниас "Б-А" ХХК-ийн дотоодын давуу эрх тооцсон үнийн саналтай харьцуулахад өндөр санал ирүүлжээ.

Үүнээс гадна тендерээр нийлүүлэх бүхий л барааг гадаадаас Монгол Улсад импортолж нийлүүлэх тохиолдолд хэдийгээр Монгол Улсын хуулийн этгээд ч гэсэн нэхэмжлэгч компанид Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1-д заасны дагуу давуу эрх олгох боломжгүй.

Тиймээс шалгарсан "Б-А" ХХК-ийн захиралтай 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдөр гарын үсэг зурсан Бараа материал бэлтгэн нийлүүлэх гэрээ-г тендерийн үнэлгээний хорооноос дахин үнэлгээ хийсний дараа 2015 оны 06 дугаар сарын 09-ний өдөр баталгаажуулан тухайн өдрөөс тендерийн бараа нийлүүлэлтийг эхлүүлэхээр шийдвэрлэсэн Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын үйл ажиллагааг буруутгах үндэслэлгүй.

Мөн тухайн гэрээндээ Тендерийн үнэлгээний хорооны 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн зөвлөмжийг бус 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 7/1676 дугаар зөвлөмжийг үндэслэн гэж тусгасан нь дангаараа тендерийг хүчингүй болгох үндэслэл болохгүй.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэл болон давж заалдах гомдлыг хангах боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 681 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.  Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР

ШҮҮГЧ Д.БАТБААТАР