Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 2022/ШЦТ/155

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Анударь,

улсын яллагч Г.Ууганбаатар,

шүүгдэгч А.Ч,Т.Б, тэдгээрийн өмгөөлөгч О.Даваажаргал /ШТЭҮД-2726/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэйгээр явуулсан шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Ууганбаатараас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Ч, Т.Б нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2102 00443 0304 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, программист мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эцгийн хамт .......... дүүргийн ........ дүгээр хороо, .......... тоотод оршин суух, урьд Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 431 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 214 дүгээр зүйлийн 214.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,  Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 657 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар оногдуулсан хорих ялыг мөн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох эрх хязгаарлах арга хэмжээ авч шийдвэрлэсэн, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 245 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, Баянзүрх дүүргийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 21/334 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан, Тайж овогт Ан Ч /РД:.............../,

2. Монгол Улсын иргэн, 1981 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, зураач мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт ............. дүүргийн .......... дугаар хороо, ........... тоотод оршин суух, урьд Чингэлтэй дүүргийн шүүхийн 1998 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 600 дугаар шийтгэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 20.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн,  Сүлдэн овогт Тын Б /РД:............/.

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч А.Ч, Т.Б нар нь 2021 оны 10 дугаар сарын 06-аас 07-нд шилжих шөнө Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан, хориглосон “дэльта-9 тетрагидроканнабинол” /delta-9 tethrahydrocannabinol/-ын агууламжтай гялгар уутны хамтаар 923.7 грамм жинтэй өвс гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт ........... улсын дугаартай Ниссан Дацун /Nissan Datsun/ загварын тээврийн хэрэгсэлд хадгалсан, мөн бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 275 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгч нарын  хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан бол,

Шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс: /давхцаагүй байдлаар/ гэрч Т.Баттулгын мэдүүлэг /хх25/, гэрч А.Чийн мэдүүлэг /хх26/, шүүгдэгч нарын хувийн байдлын талаар мэдүүлсэн гэрч Э.Одбаяр, Б.Тунгалаг, А.Одмаа нарын мэдүүлэг /хх31-35/, Т.Баттулгын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх118/, шүүгдэгч А.Чийн хувийн байдлын талаарх нотлох баримтууд /хх155-164/, шүүгдэгч Т.Баттулгын эцэг, эхийн хамт амьдардаг болохыг тодорхойлсон тодорхойлолт /хх165х/, А.Чийн эцгийн хамт амьдардаг болохыг тодорхойлсон тодорхойлолт /хх166/, Т.Бтай байгуулсан ахмад настай, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг асрах гэрээ /хх176/, Баянзүрх дүүргийн халамжийн мэргэжилтний тодорхойлолт /хх177/, Байнгын асаргаа шаардлагатай иргэний тодорхойлолт /хх178/, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны засаг даргын тодорхойлолт, хар тамхи, сэтгэцэд нөлөөт бодисын хор хөнөөлийн талаар сургалт явуулъя гэсэн хүсэлтийн хариу, сургалт семинар явуулсан талаарх тодорхойлолт, Т.Б, А.Ч нарын Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны засаг даргад гаргасан өргөдөл, “Бат тулах” ТББ-н гэрчилгээ, дүрэм, Төрийн сангийн 1009 0000 5407 дугаар дансанд улсын орлого болгохоор 6.545.201 төгрөг байршуулсан банкны мөнгөн шилжүүлгийн баримт, мөн шүүхэд шинээр гаргаж өгсөн А.Чийн эрүүл мэндийн байдалтай холбоотой 7 хуудас баримтууд зэргийг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч А.Ч, Т.Б нар.

1. Шүүх хуралдаанд шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлэн, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч оролцсон бол тэдгээрийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр сууринаас оролцсон болохыг дурдаж байна.

2. Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд нь шүүгдэгч А.Ч, Т.Б нар нь 2021 оны 10 дугаар сарын 06-аас 07-нд шилжих шөнө Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан, хориглосон дэльта-9 тетрагидроканнабинол /delta-9 tethrahydrocannabinol/-ын агууламжтай гялгар уутны хамтаар 923.7 грамм жинтэй өвс гэх нэршилтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг олж аван, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт ........... улсын дугаартай Ниссан Дацун /Nissan Datsun/ загварын тээврийн хэрэгсэлд хадгалж байсан нь цагдаагийн эрх бүхий албан хаагч нарын шалгалтаар илэрсэн үйл баримт тогтоогдож байна.

Энэ нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх2/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлд “...О.Б нь миний унаж явсан ........... улсын дугаартай Ниссан Тацун маркийн тээврийн хэрэгсэлд хар тамхи мансууруулах бодис байгаа гээд өөрийн тээврийн хэрэгслийг онгойлгож хойд талын баруун хаалгыг онгойлгож хар өнгийн цүнхнээс цагаан өнгийн гялгар ууттай дотроо ногоон өнгийн ургамал мэт зүйл байсныг харуулж, өөр миний машинд хууль бус зүйл байхгүй гэснээр түүний гаргаж ирсэн гялгар ууттай өвс мэт зүйлсийг №1 гэж дугаарлан албаны цахилгаан жин дээр жинлэж үзэхэд гялгар уутны хамт 986.9 грамм гэж байсныг гэрэл зургаар бэхжүүлэн авч шинжилгээнд хүргүүлэхээр тогтов...” гэж тусган гэрэл зургийн үзүүлэлтийг хэрэгт хавсаргасан. /хх6-12/,

Мөн А.Ч, Т.Б нарын биед үзлэг хийсэн, тэдгээрийн биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл үйлдэн, гэрэл зургийн үзүүлэлтийг хэрэгт хавсаргасан /хх13-22/, улмаар дээрх ажиллагааг дүрс бичлэгээр баталгаажуулсан /хх23/, хуульд заасан хугацаанд прокуророор хүчинтэйд тооцуулсан /хх04/, шүүгдэгч нарын шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тус тус нотлогдож байна.

Түүнчлэн Т.Б яллагдагчаар мэдүүлсэн “...хийсэн хэрэгтээ гэмшиж байна, миний аав одоо 75 настай, ясны тулгуур эрхтний өвчтэй, ээж 74 настай нуруу нугасны өвчтэй хүмүүс байдаг, би өөрийн эцэг, эхээ асарч байгаа” гэсэн мэдүүлэг /хх92/, А.Чийн яллагдагчаар мэдүүлсэн “...өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, дахиж ийм хэрэгт холбогдохгүй байж чадна, мансууруулах үйлчилгээтэй ургамлыг Төв аймгийн Борнуур сумаас түүж ирсэн, түүсэн газраа зааж өгч чадна. Би одоо өөрийн эцэг 68 настай Андрейн хамт амьдарч байгаа...” гэсэн мэдүүлгээс /хх104/ шүүгдэгч нар нь анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн гэж үзэхээр байна.

3. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалтад "мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис" гэж донтуулах болон сэтгэцэд бусад хүчтэй нөлөөлөл үзүүлдэг, "Мансууруулах эмийн тухай" 1961 оны НҮБ-ын Конвенци, "Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай" 1971 оны НҮБ-ын Конвенцийн жагсаалтад заасан, хууль тогтоомжийн дагуу Монгол Улсад хяналтад байлгавал зохих эм, байгалийн болон нийлэгжүүлсэн бэлдмэлийг ойлгохоор заасан.

4. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийхэд хураагдсан, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон гялгар ууттай өвс мэт зүйлд шинжилгээ хийсэн шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 14-ны өдрийн шинжээчийн 4627 дугаар дүгнэлтээр “...Шинжилгээнд ирүүлсэн дээж нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. Гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tethrahydrocannabinol/ илэрсэн. Илэрсэн бодис нь “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг болно. Гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 923,7 гр байна...” гэж тодорхойлжээ.  /хх57-58/

5. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр бэлтгэсэн, бусдад өгсөн, олж авсан, хадгалсан тохиолдолд гэмт хэрэгт тооцохоор, харин худалдаалах зорилгоор үйлдсэн бол гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнд хамааруулахаар заасан буюу шүүгдэгч нар нь хуулиар хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авсан, хадгалсан үйлдэл тогтоогдож байна.

6. Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч нарын хориглосон сэтгэцэд нөлөөлөх бодис олж авсан, хадгалсан үйлдэлд худалдаалах зорилготой байсан гэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй, прокуророос гэмт хэргийн шинжийг тодорхойлохдоо худалдаалах зорилгогүйгээр гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ”, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж заасан.

8. Шүүгдэгч нарын хувьд гэм буруугийн санаатай хэлбэрээр, хуулиар хориглосон сэтгэцэд нөлөөлөх бодисыг олж авсан, тээврийн хэрэгсэлд хадгалсан байх бөгөөд гэмт хэргийг үйлдэхэд санаатай нэгдэж, бүлэглэн үйлдсэн гэж дүгнэсэн нь хуулийг зөв хэрэглэжээ.

9. Мөн шүүгдэгч А.Ч, Т.Б нараас авсан шээсний дээжид хийсэн шинжилгээнд тухайн “дельта-9 тетрагидроканнабинол” бодис илэрсэн болох нь шинжээчийн 4624, 4625, 4626 дугаар дүгнэлтүүдээр тогтоогдсон болохыг дурдах нь зүйтэй.

10. Тиймээс улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч А.Ч, Т.Б нарын бүлэглэн сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр олж авсан, хадгалсан үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

11. Гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол, төлбөр байхгүйг дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

12. Улсын яллагчаас шүүгдэгч А.Чт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял,

Шүүгдэгч Т.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал, дүгнэлт гаргасан.

13. Шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс:  шүүгдэгч нар нь гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрсөн, гэм буруугаа ойлгож байгаа байдал, тэдгээрийн хувийн байдлын хувьд цаашид энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор төрийн бус байгууллага байгуулан ажиллаж байгаа, эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх зорилгын хүрээнд ялын сонголт төрөл болох зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэлийн сонгон оногдуулах. Шүүгдэгч Т.Баттулгын хувьд байнгын асаргаа шаардлагатай төрсөн эхээ харж ханддаг, шүүгдэгч А.Чийн хувьд өндөр настай эцэгтэйгээ хамт амьдардаг, эрүүл мэндийн байдлын хувьд эмчилгээ хийлгэх шаардлагатай зэргийг харгалзан зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах дүгнэлтийг гаргасан.

14. Шүүгдэгч нар нь хууль бусаар сэтгэцэд нөлөөт бодисыг олж аван, хадгалж байсан үйлдэл нь урьдаас төлөвлөсөн шинжтэй үйлдэл тул тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал байхгүй, харин 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 заалтад заасан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн үндэслэлээр эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна.

15. Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэгт оролцсон оролцоо, гэмт хэргийн олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

16. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглахтай холбоотой гэмт хэрэг нь олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт үйлдэлд хамаарах буюу тэр дундаа залуу үеийн эрүүл мэнд, хүмүүжил, оюун санаанд хортойгоор нөлөөлдөг учраас энэ төрлийн гэмт хэргийг нийгмийн хор аюулын шинж ихтэйд тооцон үздэг.

17. Мөн шүүгдэгч А.Ч нь хувийн байдлын хувьд “F12.25 буюу Каннабинойдын шалтгаант хараат байдал эмгэгтэй” нь шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлтээр тогтоогдсон /хх63-65/, тэрээр 2017 онд энэ төрлийн гэмт хэрэгт 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг хугацааг тэнсэж шийдвэрлэсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан зорчих эрхийг хязгаарлах ял сонгон оногдуулах боломжгүй гэж дүгнэв.

18. Харин шүүгдэгч Т.Б нь энэ төрлийн гэмт хэрэгт анх удаа холбогдсон, түүнийг мансуурах дон эсхүл мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тогтоогдоогүй болохыг шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлтээр тогтоосон /хх70-71/, хувийн байдлын хувьд байнгын асаргаа шаардлагатай ахмад настай төрсөн эхээ асардаг /хх176-177/ нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгчийг нийгмээс тусгаарлан нийгэмшүүлэх шаардлагагүй буюу хуульд зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял сонгон оногдуулах боломжтой гэж үзлээ.

19. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Бүлэглэн гүйцэтгэсэн гэмт хэргийг гүйцэтгэгчдийн үйлдлийг нэгтгэн зүйлчилж гүйцэтгэгч тус бүрийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулна.” гэж зааснаар шүүгдэгч А.Чийн сэтгэцэд нөлөөт бодис олж авах санааг өөрийгөө гаргасан гэх мэдүүлэг, түүний энэ төрлийн бодисын хамааралт шинж тогтоогдсон болон тэдгээрийн хувийн байдлыг харгалзан ялыг ялгамжтай оногдуулах шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

20.  Иймд шүүгдэгч А.Чийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, холбогдсон гэмт хэргийн ангиллын хувьд хөнгөн, хувийн эрүүл мэндийн байдал, ахмад настай төрсөн эцгийн хамт амьдардаг зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 02 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хувийн байдлыг нь харгалзан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,

Шүүгдэгч Т.Баттулгын дээр дурдсан хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, энэ төрлийн гэмт хэрэгт ял шийтгэгдэж байгаагүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих” үүрэг хүлээлгэж зорчих эрхийг хязгаарлаж шийдвэрлэв.

21. Шүүгдэгч нарын хувьд гэмт хэрэг үйлдэхдээ 74-29  УББ улсын дугаартай, “Nissan Datsun” маркийн “Стартелеком” ХХК-ийн эзэмшлийн /хх81/ тээврийн хэрэгслийг ашиглан сэтгэцэд нөлөөх бодисыг олж авсан, түүнд хадгалсан үйлдэл тогтоогдсон. Тухайн тээврийн хэрэгсэл бусдын өмчлөлд байх тул тухайн тээврийн хэрэгслийн үнэ болох “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд 6.545.201 төгрөгөөр үнэлэгдсэн /хх74-79/ мөнгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын төсөвт шилжүүлж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт заасанд нийцэж байна.

22. Шүүгдэгч нарын хувьд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 6.545.201 төгрөгийг улсын төсөвт шилжүүлэхээ зөвшөөрөн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын барьцаа байршуулах Төрийн сангийн 1009 0000 5407 дугаар дансанд урьдчилан байршуулсан байна.

Иймд тогтоол хүчин төгөлдөр болсны дараа улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй байна.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

23. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа гялгар уутны хамтаар нийт 923.7 грамм жинтэй өвс гэх нэршилтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг зохих журмын дагуу устгахыг Хар тамхитай тэмцэх газарт даалгаж шийдвэрлэв.

24. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, мөрдөн шалгах ажиллагааны үр дүнг дүрс бичлэгээр баталгаажуулсан 1 ширхэг дискийг хэргийн хамт хадгалж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ан Ч, Тын Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хориглосон сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Чт 1 /нэг/ жил 02 /хоёр/ сарын хугацаагаар хорих ял,

шүүгдэгч Т.Бд 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Чт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бд “Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих” үүрэг хүлээлгэж зорчих эрхийг хязгаарласугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бд зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ч, Т.Б нараас 6.545.201 /зургаан сая, таван зуун дөчин таван мянга, хоёр зуун нэг/ төгрөгийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын барьцаа байршуулах 100900005407 дугаар дансанд байршуулсныг улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа гялгар уутны хамтаар нийт 923.7 грамм жинтэй өвс гэх нэршилтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг зохих журмын дагуу устгахыг Хар тамхитай тэмцэх газарт даалгасугай.

8. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, мөрдөн шалгах ажиллагааны үр дүнг дүрс бичлэгээр баталгаажуулсан 1 ширхэг дискийг хэргийн хамт хадгалж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч А.Чт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн түүнийг цагдан хорьж, шүүгдэгч Т.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

11. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Бд авсан хувийн баталгаа гаргах, шүүгдэгч А.Чт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.МӨНХБААТАР