Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/158

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Анударь,

улсын яллагч Т.Мижиддорж,

шүүгдэгч П.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэйгээр явуулсан шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Мижиддоржоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар П.Гт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2108 00000 1664 дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1975 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 46 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүлэмжийн технологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт ............ дүүргийн ........ дугаар хороо, ........... тоотод оршин суух, урьд:

- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 791 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн, 

- Мөн шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 596 дугаар шийтгэх тогтоолоор тэнссэн шийдвэрийг хүчингүй болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар нийт 1 жил 8 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдан суллагдсан.

Боржигон овогт Пын Г /РД:.................. /,

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч П.Г нь 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Минжит тохой” дэлгүүрийн урд Л.Нтай зогсоолын асуудлаас болж маргалдан нүүрэн тус газарт нь гараараа цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2022 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 1181 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.   

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч П.Г.

1. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлэн оролцсон болно.

2. Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд нь шүүгдэгч П.Г нь 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Минжит тохой” дэлгүүрийн гадаа хохирогч Л.Нтай хувиараа такси үйлчилгээ үзүүлэх зогсоол булаацалдан маргалдан, улмаар түүний нүүр лүү нь гараараа цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдлоо.  

Энэ нь хохирогч Л.Нын “...Тэгээд би 19 цагийн орчимд тухайн дэлгүүрийн гадна тээврийн хэрэгслээ байрлуулчхаад байж байтал тухайн газарт өмнө нь харж байгаагүй нэг эрэгтэй хүн байсан ба тухайн хүн нь надтай хамт хүн зөөдөг жолооч Мөнхбаяртай маргалдаад хэрэлдээд зогсоод байсан. Тэгээд би тухайн залууд хандаж “чи зогсоолоос машинаа гарга. Манай энд явдаг машинууд багтахгүй байна.” гэж хэлсэн. Тэгтэл нөгөө залуу “чамд ямар хамаатай юм, чи энд хүн зөөдөг юм бол бичиг баримтаа үзүүлж харуул” гээд байсан. Тэгээд нөгөө залуу машинаас буугаад ирэхээр нь би тэр залууд хандаж “чи холдуулж чадахгүй бол би холдуулчихъя” гээд нөгөө залуугийн машин руу ойртсон. Гэтэл нөгөө залуу намайг хэл амаар доромжлоод хараагаад над руу дайрч дашлаад чичлээд байхаар нь би айж сандарсандаа тухайн залуугийн нүүр рүү түлхчихсэн. Гэтэл нөгөө залуу учир зүггүй миний нүүр хэсэгт 1 удаа баруун гараа атгаж байгаад хүчтэй цохисон. Тухайн үед миний зүүж явсан нүдний шил хагарч унаад миний зүүн нүд хэсгээс маш их цус гоожсон...миний эмчилгээний зардалд 1.500.000 төгрөг бэлнээр өгсөн, одоо сорви арилгах мөнгөө нэхэмжлэх болно...” гэсэн мэдүүлэг /хх12-13/,

үйл явдал болоход хажууд нь байсан гэрч Д.Баянмөнхийн “...Минжит тохой дэлгүүрийн гадна хүн авах гээд ирэхэд манай танил Нэмэхээ гэх эмэгтэй үл таних нэг залуутай маргалдаад зогсож байсан. Тухайн үед Нэмэхээ нүүр хэсэгт нь түлхчихсэн. Тэгтэл нөгөө залуу үг хэлэлгүй Нэмэхээгийн нүүр хэсэгт баруун гараа атгаж байгаад цохисон...” гэсэн мэдүүлэг /хх42-44/, мөн гэрч Б.Мөнхбаярын дээрхтэй харилцан зөрүүгүй мэдүүлсэн мэдүүлэг /хх51-52/,          

шүүгдэгч М.Эрдэнэхүүгийн яллагдагчаар өгсөн “...Тухайн үед 19 цаг өнгөрч байсан байх. Би сайн санахгүй байна. Тэгээд зогсож байтал үл таних залуу ирээд намайг хөөгөөд тухайн залуу уурлаад “эндээс хүн авахгүй шүү, чи зайл” гээд намайг хөөгөөд байсан. Тэгээд би тухайн залууд юм хэлээгүй байж байтал приус маркийн автомашинтай нэг эмэгтэй ирээд “чи одоо зайлаач ээ” гээд намайг хараагаад байсан ба би тухайн үед тэр эмэгтэйд хандаж “чи хүн хөөдөг хэн бэ, чи энд явдаг гэсэн бичиг баримт байдаг бол түүнийгээ үзүүлчих, би өмнө энд чинь явдаг байсан” гэхэд нөгөө эмэгтэй бууж ирээд “чиний ямбийг холдуулна” гээд байхаар нь би холдохгүй гээд байж байсан ба түүний дараа нөгөө эмэгтэй миний нүүр хэсэгт баруун гараараа нэг удаа мангасдаад түлхэхээр нь би түүний нүүр хэсэгт баруун гараа зангидаж байгаад нэг удаа цохисон...” гэсэн мэдүүлэг /хх101-102/, хохирогчийн эрүүл мэндэд хохирол учирсныг тогтоосон шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээр тус тус нотлогдож байна.

3. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 10803 дугаар дүгнэлтээр Л.Нын биед “зүүн нүдний зовхинд цус хуралт, зүүн хөмсөг, зүүн нүдний зовхинд шарх” гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо болон ирмэг бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэжээ. /хх62-63/

4. Хохирогчийн биед учирсан дээрх хөнгөн хохирол нь шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэрээр хохирогчийн нүүрэн тус газарт цохисон үйлдлээс шалтгаалан үүсгэгдсэн нөхцөл байдал тогтоогдож байна.

5. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч П.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

6. Хохирогч Л.Н нь эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардалд 1.500.000 төгрөг авсан, мөн цаашид сорви арилгах зардлыг нэхэмжилнэ гэжээ.

7. Иймд шүүгдэгч П.Гийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэн, хохирогчийг эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой хохирлоо Иргэний хэргийн шүүхийн журмаар нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдаж байна.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

8. Улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч үүнтэй холбоотой тайлбар хэлээгүй болно.

9. Шүүгдэгч П.Г нь хохирогчид  эрүүл мэндэд учруулсан хохирлыг төлсөн, мөн хохирогч нь зогсоолоос болж шүүгдэгчтэй маргаан үүсгэсэн, шүүгдэгчийн нүүр лүү түрүүлж түлхсэн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

10. Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлын хувьд хувиараа хөдөлмөр эрхэлдэг, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх дээрх нөхцөл байдалтай зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.

11. Иймд шүүхээс гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогчид хохирол төлсөн, хувийн байдлын хувьд урьд 2 удаа ял шийтгэгдсэн нөхцөл байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон оногдуулах нь зүйтэй гэж дүгнэн шүүгдэгч П.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

12. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Пүрэвжавын Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Гт 350 /гурван зуун тавь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хохирогч Л.Н нь эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой хохирлоо Иргэний хэргийн шүүхийн журмаар нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.МӨНХБААТАР