Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/159

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Анударь,

улсын яллагч Н.Улсболд,

шүүгдэгч С.Э нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Улсболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Эд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208 00000 0030 дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1987 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Улаанбаатар хотын Рашаант суманд төрсөн, 35 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт, ............... аймгийн ....... сумын ......... дугаар баг, .................... тоотод оршин суух хаягтай, одоо ......... дүүргийн ......... дугаар хороо, ................... оршин суудаг, урьд:

- Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 12 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн,

Пүрэв овогт Сумъяагийн Э /РД:.............../.

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч С.Э нь 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Чандмань” нэртэй зочид буудалд үйлчлүүлж байхдаа Н.Оюунбилэгт байсан хохирогч Б.Эрдэнэбатын эзэмшлийн 660.000 төгрөгийн үнэ бүхий алтан бөгжийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 12 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Нэг. Гэм буруутайд тооцох тухай: шүүгдэгч С.Э:

1. Шүүх хуралдаанд шүүгдэгч С.Э нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болно.

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын мэдүүлэг, тайлбар, дүгнэлт хийж үзэхэд дараах үйл баримт тогтоогдож байна.

Үүнд: Хохирогч Б.Эрдэнэбат нь 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр өөрийн найз гэрч Н.Оюунбилэгээр барьцаалан зээлдүүлэх газарт барьцаанд байсан “алтан бөгж”-ийг авхуулсан.

Н.Оюунбилэг нь хамт ажилладаг С.Этай тухайн бөгжийг очиж авсан, мөн Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Чандмань” нэртэй зочид буудалд согтууруулах ундааны зүйл ууж хоноцгоосон. Улмаар шүүгдэгч С.Э нь Н.Оюунбилэгийг согтуурсан байдлыг далимдуулан түүний халаасанд байсан алтан бөгжийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авсан нь нотлогдож байна.

Энэ нь хохирогч Б.Эрдэнэбатын “...2021 оны 11 дүгээр сард надад мөнгөний хэрэг гараад би өөрийн эзэмшлийн 999 сорьцтой, 3 грамм алтан бөгжөө барьцаалан зээлдүүлэх газарт тавьж мөнгө авах гэтэл иргэний үнэмлэхгүй байсан болохоор үерхдэг найз охин болох Оюунбилэгийг гуйгаад Оюунбилэгийн нэр дээр өөрийн алтан бөгжөө Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сайн ломбард”-д тавьсан. Тэгтэл барьцаалан зээлдүүлэх газрын хугацаа дуусах гээд байхаар нь би өөрийн найз Оюунбилэгт мөнгө шилжүүлж “чи очоод миний бөгжийг авчих. Би ажилтай байна” гэж хэлсэн. Тэгээд манай найз охин миний бөгжийг аваад найзуудтайгаа хамт байж байгаад хулгайд алдсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх11-12/,

гэрч Н.Оюунбилэгийн “...Тэгээд 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Эрдэнэбат над руу залгаад мөнгөө явуулаад миний бөгжийг авчхаарай гэж хэлсэн. Тэгээд би тухайн өдөр ажлын газрын Э, түүний нөхөр Одбаатар, миний найз залуу Мягмарсүрэн нарын хамт орой 21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сайн ломбард”-аас очиж авсан. ...Тэгээд шөнө 00 өнгөрч байхад Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Чандмань зочид буудалд орсон. Тэгээд бид нар тухайн буудалд ороод хоёр шил архи уусан. Би анх Ломбардаас Эрдэнэбатын бөгжийг авахдаа куртикнийхээ баруун талын халаасанд иргэний үнэмлэхийн хамт хийсэн. ...Тухайн үед би Эгийн өмдний халаасыг нь үзэхэд миний иргэний үнэмлэх гарч ирсэн. Тэгээд би үргэлжлүүлэн үзэх гэхэд урдаас хэрүүл хийгээд байхаар нь би үзээгүй. Тэгээд цагдаа дуудаад цагдаа нар ирээд Эг аваад явсан...” гэсэн мэдүүлэг /хх22-23/,

мөн Н.Оюунбилэгээс 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр гаргасан алтан бөгж алдсан гэх зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх2/,

уг мэдээллийн дагуу дуудлага өгсөн газарт очиж шалгасан цагдаагийн эргүүлийн офицер Б.Мэндбаярын гэрчээр өгсөн “...Оюунбилэг гэх хүн нь миний алтан бөгж алга болчихлоо. Би хамт хоносон Эг сэжиглэж байна гэж хэлсэн. Тэгээд би Э гэх эмэгтэйг саатуулах гээд машиндаа суулгаад байж байтал Э нь куртикний зүүн талын халааснаасаа бөгжийг гаргаж ирээд миний халаасны цоорхой руу орчихсон байсан гэж хэлсэн, тухайн бөгж шаргал өнгөтэй, сайн ломбард гэсэн бичиглэлтэй олон оронтой тоотой, гадуураа жижиг ууттай байсан...” гэсэн мэдүүлэг /хх25-26/,

түүнчлэн эргүүлийн цагдаа Н.Энхсаруулын гэрчээр өгсөн “...офицер бид Э гэх эмэгтэйг саатуулах гээд аваад явж байхад ... тухайн эмэгтэй удалгүй куртикний халааснаасаа шаргал өнгийн бөгжийг гаргаж ирээд өгөхөөр нь би офицер Мэндбаярт мэдэгдэж хүлээлгэн өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх28-29/, эд зүйл түр хураан авсан, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх5-6/ зэргээр нотлогдон тогтоогдож байна.

3. Шүүгдэгч С.Э нь яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө бөгж алга болсон гэж цагдаа дуудсан, цагдаад халааснаасаа бөгжийг гаргаж өгсөн, эрүүлжүүлэгдсэн тухай мэдүүлсэн, мөн өөрийгөө хулгай хийгээгүй гэсэн байх боловч шүүх хуралдаанд бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар авснаа хүлээн зөвшөөрч оролцсон болно.

4. Дээрх баримтаар мөн хохирогч Б.Эрдэнэбат нь өөрийн бөгжийг авах барьцаалан зээлдүүлэх газраас итгэмжлэн авах эрхийг Н.Оюунбилэгт олгосон, Н.Оюунбилэг нь шүүгдэгч С.Эд тухайн бөгжийг өгөөгүй, шүүгдэгч нь цагдаагийн эрх бүхий албан хаагчид шалгуулахаар явж байхдаа бөгжийг гаргаж өгсөн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдож байна.

5. “Тэнцвэр Эстимэйт” ХХК-йн хөрөнгийн үнэлгээний тайланд 3 грамм алтан бөгжийг 660.000 төгрөгөө үнэлсэн байх ба гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлын үнийн дүн бага хэмжээнээс дээш байгааг дурдах нь зүйтэй. 

6. Хулгайлах гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлттэйгээр буюу өөрт ашигтай байдал бий болгох зорилгоор бусдын өмчлөх эрхэд халдан, эд хөрөнгийг хууль бусаар, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авснаар төгсдөг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг болно.

7. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч С.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.

8. Хохирогч Б.Эрдэнэбат нь эд зүйлийг нь биет байдлаар буцаан олгосон байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

9. Улсын яллагчаас шүүгдэгч С.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх  ял оногдуулах санал, дүгнэлт гаргасан.

10. Хулгайлах гэмт хэрэг нь шунахайн сэдэлттэйгээр үйлдэгддэг тул тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх боломжгүй. Улмаар шүүгдэгч С.Эгийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.  

11. Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид эд зүйлийг буцаан олгогдсон, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг харгалзан үзлээ.

12. Иймд шүүгдэгчийн хувийн байдлын хувьд одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдэн шүүхээс шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж байсныг харгалзан нийтэд тустай ажил хийлэх ялыг сонгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Эд 350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж шийдвэрлэв.  

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

13. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Сумъяагийн Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Эд 350 /гурван зуун тавь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      М.МӨНХБААТАР